Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 64

 

 

 

 Г.Гд холбогдох хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай
шүүгчийн захирамжийн тухай  
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

прокурор Ө.М
Өмгөөлөгч Т.С
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 82 дугаар шүүгчийн захирамжтай, Г.Гд холбогдох 1 хавтас 71 хуудас бүхий шүүгчийн захирамжтай материалыг Г.Гийн гомдлоор давж заалдах шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ялтан: Г.Гд холбогдуулан хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай Говьсүмбэр аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн саналыг Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан  хэлэлцжээ.

Г.Г нь хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд Захиргааны хариуцлагын тухай хуулийг зөрчин 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар жижгээр танхайрсан зөрчилд 15000 төгрөгөөр торгох шийтгэл, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар уулзвар буюу явган хүний гарц нэвтрэх журам зөрчсөн зөрчилд 9600 төгрөгөөр торгох шийтгэл, 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд 384000 төгрөгөөр торгох, 6 сарын хугацаагаар эрхийг хасах шийтгэл, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар жижгээр танхайрсан зөрчилд 10000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээжээ.     

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 26 дугаар магадлалаар 2 жил 7 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсаныг хүчингүй болгож, Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан 2 жил 7 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйлийн 330.2-т зааснаар ялтныг нэн даруй ял эдлүүлэх байгууллагад хүлээлгэн өгөхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгаж,

Прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
 
Ялтан Г.Г давж заалдсан гомдолдоо: 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 82 дугаар шүүгчийн захирамж нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна. Үүнд: Цагдан хоригдсон 54 хоногийг биеэр эдэлсэн хугацаанд оруулсангүй. Миний эрх зүйн байдлыг дордуулж шүүгчийн захирамж гаргахдаа ялыг давхардуулан оногдуулж хэт нэг талыг барьж ажилласан. Ар гэрийн нөхцөл байдал болон эрүүл мэндийн байдлыг минь огт харгалзан үзээгүй. Иймд ерөнхий шүүгчийн 2016 оны 9 сарын 06-ны өдрийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

Прокурор Ө.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Говьсүмбэр аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хорих ялыг биечлэн эдлүүлэх хүрээнд гарсан болохоос энэ ялаас цагдан хоригдсон хоног юм уу, өмнөх шүүхийн тогтоолоор гарсан бусад заалтын хүрээнд гараагүй тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Г.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Ялтны өмгөөлөгч Т.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г нь 82 дугаар шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж гомдол гаргасан. Учир нь захирамжинд ялтан болон өмгөөлөгчийн гомдол гаргах эрхийг дурдаагүй, зөвхөн прокурор эсэргүүцэл бичих эрхтэй гэж бичсэн байдаг. Хуульд зааснаар энэ нь гомдол гаргах эрхтэй захирамж учраас хуулийн заалтыг нь хэлж байж гомдлоо шүүхэд өгсөн. Гийг 4 удаагийн зөрчил гаргасан гэсэн байгаа. Гэтэл энэ нь замын хөдөлгөөний дүрэм зөрчин 9600 төгрөгөөр оргуулсан, мөн утсаар ярьж байхад нь хажуу айлынх нь агсам тавиад байна гэж дуудлага өгөөд 10000 төгрөгөөр торгуулсан гэх мэтийн зөрчлүүд байдаг. Үүнийг захиргааны ноцтой зөрчилд тооцох юм уу, үгүй юу, анхаарах хэрэгтэй. Ер нь Гд сар болгон дуудаж зөвлөгөө өгөөгүй юм байна гэж би ойлгосон. Мөн эрэн сурвалжилсан гэсэн баримт хийсэн байна лээ. Баянзүрх дүүргийн хүнийг яагаад Говьсүмбэр аймагт хориод байгаа юм бэ гэсэн гомдлыг тавьдаг. Давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл 54 хоног байгаа. Хоногийг бүрэн оруулаагүй. Магадлалд хугацааны талаар тусгаагүй, зөвхөн тэнсэж хянан харгалзсан гэсэн байдаг. Захирамж нь ялтны эрхийг зөрчиж байгаа учраас миний хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул 82 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Ялтан Г.Гд Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр шийтгэх
 тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 7 сарын хорих ял оногдуулж, Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 26 дугаар магадлалаар уг 2 жил 7 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэжээ.

Ялтан Г.Г нь хэргийг тэнсэж хянан харгалзсан хугацаанд 4 удаа буюу 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар жижгээр танхайрсан зөрчилд 15000 төгрөгөөр торгох шийтгэл, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан уулзвар буюу явган хүний гарц нэвтрэх журам зөрчсөн зөрчилд 9600 төгрөгөөр торгох шийтгэл, 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд 384000 төгрөгөөр торгож, 6 сарын хугацаагаар эрх хасах шийтгэл,  2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар жижгээр танхайрсан зөрчилд 10000 төгрөгөөр торгох шийтгэл тус тус хүлээсэн болох нь материалд авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 7 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 82 дугаар шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Харин анхан шатны шүүх хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 26 дугаар магадлалаар 2 жил 7 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсаныг хүчингүй болгож гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх ба давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр магадлалыг анхан шатны шүүхийн шүүгч захирамж гаргаж, хүчингүй болгох эрх хэмжээ байхгүй болно.


Ялтан Г.Гийн давж заалдсан гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцвэл анхан шатны шүүх шүүгчийн захирамж гаргахдаа ялтны давж заалдах гомдол гаргах эрхийг орхигдуулсан нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байгаа боловч ялтны шүүгчийн захирамжийг зөвшөөрөхгүй байгаа гомдлыг анхан шатны шүүх хүлээн авч давж заалдах шатны шүүх рүү хүргүүлсэн, давж заалдах шатны шүүх гомдлыг нь хуралдаанаараа хэлэлцэж байгаа учир түүний Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлд заасан эрх хангагдсан гэж үзэж шүүгчийн захирамжинд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсан өөрчлөлтийг заавал оруулах шаардлагагүй гэж үзлээ.

Харин Г.Гийн цагдан хоригдсон 54 хоногийг Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 он 04 дүгээр сарын 06-ны өдрийн 26 дугаар магадлалаар тооцсон нь тогтоогдож байгаа ба уг 54 хоногийг биеэр эдэлсэн хугацаанд оруулан тооцоогүй гэх гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж, энэ үндэслэлээр шүүгчийн захирамжинд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
    
    Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 82 дугаар шүүгчийн захирамжинд дараах өөрчлөлтийг өөрчлөн найруулж болон нэмж  оруулсугай.

а/ Шүүгчийн захирамжийн 1 дүгээр заалт дахь “магадлалаар 2 жил 7 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсаныг хүчингүй болгож” гэснийг өөрчилж “Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны 14 тоот шийтгэх тогтоолоор ялтан Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 7 сарын хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй” гэж өөрчлөн найруулсугай.
 
б/ “Ялтан Г.Гийн урьдчилан цагдан хоригдсон 54 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай “ гэснийг 2 дахь заалтад шинээр өөрчилж оруулсугай.

 2. Шүүгчийн захирамжийн 2-3-р заалтын дугаарлалтыг 3-4-р заалт болгон шинээр дугаарласугай.

3. Энэхүү магадлалд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг тус тус дурьдсугай.


                        

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Н.БОЛОРМАА

         ШҮҮГЧИД                               Г.ТЭГШСУУРЬ

                                                      А.САЙНТӨГС