Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 651

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Батсүхэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Улсын яллагч Н.Мөнхцэцэг,                                          

          Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 198 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Улсын яллагч Н.Мөнхцэцэгийн бичсэн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцлээр 2016 2602 1506 дугаартай Н.Батсүхэд холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хөвхийнхөн овгийн Нинагийн Батсүх, 1979 оны 3 дугаар сарын 19-нд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны менежер мэргэжилтэй, Ерөнхий боловсролын 19 дүгээр сургуульд нийгмийн ажилтан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ 4-ийн 60 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ВП79031936/,

 

Н.Батсүх нь 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 11 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 19 дүгээр дунд сургуулийн 9А ангийн сурагч, насанд хүрээгүй буюу 15 настай иргэн С.Алтангэрэлийг тус сургуулийн 108 тоот хичээлийн танхимд “хүүхэд зодлоо” гэх шалтгаанаар хацар луу нь алгадаж, цээж болон төмсөг рүү нь өшиглөх зэргээр зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Батсүхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Батсүхийг 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 11 цагийн орчимд Нийслэлийн ерөнхий боловсролын 19 дүгээр дунд сургуулийн 9А ангийн сурагч, насанд хүрээгүй 15 настай хохирогч С.Алтангэрэлийг хацар луу нь алгадаж, цээж болон төмсөг рүү нь өшиглөх зэргээр зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

1. Шүүгдэгч Н.Батсүх би хохирогчтой хувийн харилцаа байхгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, тэр 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 11 цагийн үед олон нийтийн газар буюу Нийслэлийн ерөнхий боловсролын 19 дүгээр дунд сургуулийн 9А ангийн сургалтын үйл ажиллагаа явагдаж байсан 108 тоот хичээлийн танхимд насанд хүрээгүй хохирогч С.Алтангэрэлийг ангийн хамт олных нь өмнө “хүүхэд зодлоо” гэж үл ялих зүйлээр шалтаглан, хүч хэрэглэн зодож, хөнгөн гэмтэл учруулсан байхад энэ талаар сурагчдаас асууж, тодруулахгүйгээр түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, сэжигтнийг яллагдагчаар татсан нь хэргийн үйл баримттай тохирохгүй байна.

2. 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр насанд хүрээгүй хохирогч С.Алтангэрэл хагалгаанд орсон нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 007593 тоот өвчний түүхээр тогтоогдож байна.

С.Алтангэрэлийн биед зүүн төмсөг дайврын зөөлөн эдийн няцрал, судасны өргөсөлт, уйланхай гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 6541 тоот дүгнэлтээр тогтоогдож, С.Алтангэрэлийн биед зүүн төмсөгний дайврын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан, С.Алтангэрэлийн зүүн талын төмсөгний судасны өргөсөл, уйланхай өвчин нь төрөлхийн шалтгаантай бөгөөд гэмтэлтэй шалтгаант холбоогүй гэж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 890 тоот дүгнэлтээр тогтоож, шинжээч Т.Чимэд-Очир нь “С.Алтангэрэлийн биед учирсан зүүн төмсөгний дайврын зөөлөн эдийн няцрал  гэмтэл нь зүүн талын төмсөгний судасны өргөсөл, уйланхай зэрэг өвчинд нөлөөлөхгүй. Зүүн талын төмсөгний судасны өргөсөл, уйланхай зэрэг өвчин нь төрөлхийн шалтгаантай, биеэ даасан өвчин гэж хэрэг бүртгэлтэд мэдүүлжээ.

Үүнээс дүгнэлт хийхэд дээрх 2 дүгнэлтийн аль нь үндэстэй эсэх талаар дахин шинжээч томилон, хохирогчид учирсан гэмтлийг зөв тогтоох шаардлагатай.

Хохирогчийн зүүн төмсөгний дайврын зөөлөн эдийн няцралаас зүүн төмсөгний судасны өргөсөл, уйланхай үүссэн, эсхүл тэр төмсөг рүүгээ цохиулахаас өмнө зүүн талын төмсөгний судасны өргөсөл, уйланхай өвчин төрөлхийн байсан, ямар шатандаа байсан эсэхийг шалгаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг нарийн шалгаж тогтоогоогүй” гэж үзэх үндэслэлтэй болж байна.

Түүнчлэн С.Алтангэрэлийн бие махбодид учирсан гэмтэл, хагалгаанд орсон нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэх.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт “гэмтэл түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж заажээ. Гэтэл хохирогчид учирсан гэмтэл нь өнөөдрийг хүртэл хугацаанд бүрэн эдгэрээгүй, төмсөг хавдаж, хөндүүрлэн зовиуртай байгаа гэж хохирогч мэдүүлж байгааг анхаарах нь зүйтэй.

Дээр дурдсан байдлыг шалгаж тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэжээ.

 

            Улсын яллагч Н.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд: 1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч С.Алтангэрэл, насанд хүрээгүй гэрч А.Төртүшиг, гэрч Г.Алагчулуун нарын мэдүүлэг, Н.Батсүхийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 6541 тоот дүгнэлт, түүнийг эс зөвшөөрч хохирогчоос дахин дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасны дагуу хавтаст хэргийн материалаар шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 890 тоот дүгнэлт, гаргасан дүгнэлттэйгээ холбогдуулан шинжээч эмч Т.Чимэд-Очирын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэн нотлох баримтыг үнэлж дүгнэн үзээгүй ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна”, 284.3 дахь хэсэгт заасан “шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Баянгол дүүргийн 19 дүгээр сургуульд шинээр шилжин ирж суралцаж байсан сурагч А.Төртүшигийг хуучин сурагч С.Алтангэрэл нь хэрүүл өдөн зодсон асуудалд А.Төртүшигийн аав Г.Алагчулуун 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр ирж гомдол гаргасны дагуу сургуулийн нийгмийн ажилтан Н.Батсүх нь бусад сурагчдын өмнө С.Алтангэрэлийг “хүүхэд зодлоо” гэх шалтгаанаар хацар луу нь алгадах, төмсөг рүү нь өшиглөх үйлдлийг хийсэн болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогддог.

Хэргийн үйл явдал, баримтын талаар хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас эрс зөрүүтэй мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт байхгүй, шүүх хуралдааны шинэчилсэн хэлэлцүүлэгт хохирогч С.Алтангэрэл, Н.Батсүх нар дахин тогтвортойгоор мэдүүлсэн нь тодорхой сэдэлттэйгээр уг гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаант холбоотой байхад энэ талаар ангийн сурагчдаас асууж тодруулах нь хэрэгт ач холбогдолгүй ба тэдгээр нь зайлшгүй шаардлагатай гэрч биш юм.

Түүнчлэн шүүх Н.Батсүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн дан ганц мэдүүлгээр “үл ялих зүйлээр шалтаглан С.Алтангэрэлийг хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан байхад” гэж урьдчилан дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэгт заасан “...шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй...” гэх заалтыг зөрчсөн байна.

2. Н.Батсүхийн үйлдлийн улмаас С.Алтангэрэлийн биед учирсан “зүүн төмсөгний дайврын зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 6541 тоот, хавтаст хэргийн материалаар шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 890 тоот дүгнэлтүүдээр тогтоогдсон.

Харин С.Алтангэрэл нь зүүн талын төмсөгний судасны өргөсөл, уйланхай өвчинтэй байсан бөгөөд уг өвчин нь төрөлхийн шалтгаантай болох нь хавтаст хэрэгт авагдсан ЭХЭМҮТөвд С.Алтангэрэлийн хэвтэн эмчлүүлсэн 007593 тоот өвчний түүх, мэс заслын тэмдэглэл, 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 890 тоот хавтаст хэргийн материалаар шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон.

Шүүх хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бүрэн хянаж үзээгүй. Учир нь С.Алтангэрэлийн биед учирсан гэмтлийг анх удаа гаргасан шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 6541 тоот дүгнэлт нь шүүх эмнэлгийн эмчийн С.Алтангэрэлийн биед хэсэг газарт хийсэн үзлэг, 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн ЭХО-д үзүүлсэн үзлэгийн тэмдэглэлээр гаргасан ба 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хавтаст хэргийн материалаар гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 890 тоот дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 6541 тоот дүгнэлт, ЭХЭМҮТөвийн 007593 тоот 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр нээж 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гарсан өвчний түүх, 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн мэс заслын тэмдэглэлээс болон С.Алтангэрэлийн биед 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хэсэг газарт хийсэн үзлэг зэргийг үндэслэн гаргасныг нягталж үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Өөрөөр хэлбэл, Н.Батсүхийн үйлдлийн улмаас С.Алтангэрэлийн биед учирсан гэмтэлд мэс засал хийгдээгүй бөгөөд түүний биед төрөлхийн өвчин болох зүүн талын төмсөгний судасны өргөсөл, уйланхай авах мэс засал хийгдсэн байгаа нь тогтоогдож байна. Гаргасан дүгнэлттэйгээ холбогдуулан шинжээч эмч Т.Чимэд-Очироос “Алтангэрэлийн биед учирсан зүүн төмсөгний дайврын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь зүүн талын төмсөгний судасны өргөсөл, уйланхай зэрэг өвчинд нөлөөлөхгүй. Зүүн талын төмсөгний судасны өргөсөл, уйланхай зэрэг өвчин нь төрөлхийн шалтгаантай, биеэ даасан өвчин юм.

Энэ өвчин нь удаан хугацааны туршид илэрч мэдэгддэггүй, өөрөөр хэлбэл дөнгөж төрсөн хүүхдэд мэдэгдэх боломжгүй, яваандаа өсөж томрох тусам мэдэгдэж зовиур нь илэрдэг өвчин байгаа юм. Зүүн төмсөгний дайврын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, дангаараа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа гэмтэл болно. Өвчин нь илрээгүй байсан байх боломжтой. Уг өвчин нь тухайн хүнийхээ биеийн онцлогоос хамаарч мэдэгдэхгүй байсан байж болно. Зүүн төмсөгний дайврын зөөлөн эдийн няцрал гэмтлээс болж хагалгаанд ороогүй. Зүүн төмсөгний судасны өргөсөл, уйланхай өвчнийг эмчлэх зорилгоор хагалгаа хийсэн байна. Дээрх хагалгаа нь гэмтэлтэй холбоогүй хийгдсэн байна” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэргээр С.Алтангэрэлийн биед учирсан гэмтлийг дахин гаргуулах шаардлагагүй болохыг харуулж байна.

Иймд Н.Батсүхэд холбогдох хэргийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа бүрэн дүүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүний шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасны дагуу шүүх хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

Түүнчлэн анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж хүргүүлснийг “нэмэлт мөрдөн байцаалтад” буцаахаар зааж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.3, 180 дугаар зүйлийн 180.3. 180.4 дэх хэсэгт заасныг тус тус ноцтой зөрчсөн байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

ХЯНАВАЛ:

           

            Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэмжээ”-г шалгаж тогтоогоогүй байна гэсэн үндэслэлээр Н.Батсүхэд холбогдох хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

            Энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна.

            Харин С.Алтангэрэлийг ангийн хамт олны өмнө зодсон Н.Батсүхийн үйлдлийг ангийн сурагчдаас асууж тодруулах шаардлагагүй тул шүүгчийн захирамжид энэ талаар дурдсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийн 1 дэх заалтыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

 

            Иймд улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1 дэх хэсэгт дурдсан үндэслэлээр Н.Батсүхэд холбогдох хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтэд буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн гэмт хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 177 дугаар зүйлд заасан “харъяаллын дагуу хэрэг бүртгэлт явуулна” гэсэн заалтыг зөрчиж, хэргийг мөрдөн байцаалтад буцааж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн болохыг дурдвал зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 198 дугаар шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Улсын яллагчийн эсэргүүцлийн 1 дэх заалтыг хүлээн авч, 2 дахь заалтыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Хэрэг прокурорт очтол Н.Батсүхэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

            4. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧИД                                              Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ