Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 652

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор Б.Алтанцэцэг,                                          

          Шүүгдэгч Б.Оюунсүрэнгийн өмгөөлөгч Т.Амгаланбат,

          Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 130 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Улсын яллагч Б.Алтанцэцэгийн бичсэн 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлээр 2016 0107 0133 дугаартай Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Харчууд овгийн Баасанбатын Оюунсүрэн, 1980 оны 12 дугаар сарын 4-нд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрчим хүчний инженер мэргэжилтэй, “Доун” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 6 дугаар байрны 16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УГ80120403/,

 

2. Боржигон овгийн Мягмарын Өлзийбаяр, 1973 оны 11 дүгээр сарын 3-нд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын 2 дугаар байрны 2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ВБ73110387/,

 

3. Боржигон овгийн Цэнгэлсайханы Урангэрэл, 1981 оны 3 дугаар сарын 1-нд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгч ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, 30 дугаар байрны 12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УЮ81030101/.

 

Б.Оюунсүрэн нь Ц.Урангэрэл, М.Өлзийбаяр нартай бүлэглэн хохирогч Э.Соёл-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг маажиж самардан, дээрээс нь өшиглөж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

Ц.Урангэрэл нь Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр нартай бүлэглэн хохирогч Э.Соёл-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг маажиж самардан, үснээс нь зулгааж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

М.Өлзийбаяр нь Б.Оюунсүрэн, Ц.Урангэрэл нартай бүлэглэн хохирогч Э.Соёл-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг маажиж самардан, толгой, нүүрний орчимд цохиж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Багануур дүүргийн прокурорын газраас: Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргийг хэлэлцэхэд уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Ц.Урангэрэлийн гар утсан дахь бичлэг болон шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийн дагуу хохирогч Э.Соёл-Эрдэнийн нөхрийн найз гэх хүнийг гэрчээр асуулгах зэрэг ажиллагаануудыг хийсний дараа нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар бусад нотлох баримтуудтай харьцуулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь тухай хэрэгт ач холбогдолтой гэж үзлээ.

Мөн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 09 ШЭ/229 дугаартай болон 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1083 дугаартай дүгнэлтүүдийг нэг шинжээч эмч гаргасан байх бөгөөд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох зайлшгүй шаардлагатай гэж шүүх дүгнэв.

Иймд хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн байх тул мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

            Улсын яллагч Б.Алтанцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцээд гаргасан 130 дугаартай шүүгчийн захирамжид дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хэт нэг талыг барьсан, түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн гэж үзэж байна. Үндэслэл нь:

1. Шүүгдэгч Ц.Урангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...М.Өлзийбаяр, Б.Оюунсүрэн бид гурав хохирогч Э.Соёл-Эрдэнэтэй “Хар хорин” бааранд уулзах үеэрээ би утсаараа бичлэг хийсэн. Тэр үед Соёл-Эрдэнэ нь “бид гурав өөрийг нь маажиж, цохисон талаар яриагүй, харин Өлзийбаярыг үсдсэн талаар ярьсан. Тухайн үед Соёл-Эрдэнэ бас бичлэг хийсэн юм билээ. Прокурор Э.Соёл-Эрдэнийн утасны бичлэгийг авчихаад миний утсанд байгаа бичлэгийг аваагүй. Э.Соёл-Эрдэнэ хэргийн талаар ярьж байсан бичлэг одоо миний утсанд байна. Энэ бичлэгийг шалгуулж, эд мөрийн баримт болгож өгөхийг хүсч байна” гэсэн мэдүүлэгт дурдсан гар утасны бичлэг нь хэргийн бодит байдлыг шууд нотлох баримт болохгүй, яллагдагч Б.Оюунсүрэн, Ц.Урангэрэл, М.Өлзийбаяр нар нь хохирогч Э.Соёл-Эрдэнээс уучлал гуйж, эвлэрэх талаар ярилцсан бичлэг бөгөөд хохирогч Э.Соёл-Эрдэнийн зүгээс хэргийн талаар яриагүй, яллагдагч нарын асуусан асуултад хариулах байдлаар бичигдсэн бичлэг байдаг. Тухайн бичлэг хийх хугацаанд яллагдагч Ц.Урангэрэл болон хохирогч Э.Соёл-Эрдэнэ нар өөрсдийн гар утсаар бичлэг хийсэн бөгөөд хохирогчийн утсанд бичсэн бичлэгийг мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Батсайхан мөрдөн байцаалтын шатанд хуулбарлан авч, эд мөрийн баримтаар тооцсон байдаг. 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхэд тухайн бичлэгийг шаардлага хангахгүй /олон нийтийн газар буюу чимээ ихтэй газар бичигдсэн/ гэж үзэж хэлэлцүүлээгүй, шаардлагатай гэж үзвэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт тухайн бичлэгийг дахин хэлэлцүүлэх боломжтой юм.

2. Шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийн дагуу хохирогч Э.Соёл-Эрдэнийн нөхрийн найз гэх хүнийг гэрчээр асуулгах гэж захирамжийн нэг үндэслэл болгож хэргийг шүүхээс буцаасан. Гэвч хохирогч Э.Соёл-Эрдэнийн нөхрийн найз гэх хүн хэрэг болох цаг хугацаанд хэргийн газарт байгаагүй, тухайн хэргийн нөхцөл байдлыг хараагүй тул шууд нотлох баримт гаргаж өгөх боломжгүй юм. Харин хэрэгт хохирогч Э.Соёл-Эрдэнэ яллагдагч нарт зодуулсны дараа ямар байдалтай байсныг нотлох баримт хангалттай цугларсан байдаг. Үүнд:

Хохирогчийн зүгээс цагдаагийн хэлтэст дуудлага өгөхөд, дуудлага мэдээллийн дагуу мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Батсайхан хохирогч Э.Соёл-Эрдэнийн гэрт очиж мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай хийж, хохирогч Э.Соёл-Эрдэнийг цагдаагийн хэлтэст авч ирж тайлбар авч, криминаслистикийн шинжээчээр хохирогчийн биед гарсан ил харагдах гэмтлийн зургийг авахуулсан байдаг. Уг зургийг хавтаст хэрэгт хавсаргасан.

Шүүгчийн захирамжид хохирогч Э.Соёл-Эрдэнэ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Бараг цагдаатай зэрэгцээд манай нөхөр найзтайгаа ороод ирсэн. Нөхрийнхөө найзын машинаар би эмнэлэг хүргүүлсэн...” гэсэн байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Соёл-Эрдэнийн зүгээс энэ талаар яриагүй байхад шүүгчийн захирамжид ийм мэдүүлэг өгсөн болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн байна.

3. Шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 09шэ/229 дугаартай болон 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1083 дугаартай дүгнэлтүүдийг нэг шинжээч эмч гаргасан байх бөгөөд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох зайлшгүй шаардлагатай гэж шүүх дүгнэжээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан “Нэмэлт шинжилгээг энэ хуулийн 19.1 дэх хэсэгт заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчээр хийлгэж болно” гэсэн заалтын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгэ дүгнэлтийг гаргасан нь хууль зөрчөөгүй, үндэслэлтэй дүгнэлт гэж үзэж байна.

Учир нь анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Б.Оюунсүрэн нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Цэцэгээгийн гаргасан хүсэлт, гаргаж өгсөн асуултын дагуу шинжээч томилж, шүүх хуралдааныг хойшлуулахдаа “Шинжээч томилж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамж гаргаж, уг захирамждаа Б.Оюунсүрэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт шинжилгээ хийлгэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийг томилсон байдаг бөгөөд уг захирамжийн дагуу шинжээч эмч Т.Сэлэнгэ тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжээчид тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд дүгнэлт гаргаж ирүүлсэн байдаг.

Шинжээчид тавьсан асуулт:

1. Хохирогч Э.Соёл-Эрдэнийн биед үүсгэгдсэн олон тооны зураасан сорви нь
хүний гарын хумсаар эсвэл гадны биетээр үүсгэгдсэний аль нь болохыг тогтоох
/хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд болон
хохирогчийн биед үлдсэн сорвины үлдэцийг харьцуулж тогтоох/,

Шинжээчийн дүгнэлт: Э.Соёл-Эрдэнийн биед тухайн үед учирсан их бие, дээд мөчний зөөлөн эдийн өнгөц зулгаралт, гэмтэл нь хүний гарын хумсны үзүүрээр маажигдах үед үүсэх боломжтой.

2. Нэг хүний биед хоёр хүн нэгэн зэрэг үйлдлээр тасралтгүй зураасаар нь
солбисон тууш маажилт үүсгэх боломжтой эсэх,

Шинжээчийн дүгнэлт: Уг гэмтлийг хоёр хүн нэгэн зэрэг үйлдлээр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй.

3. Хохирогчийн биед 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр үүссэн гэх сорви
хэрвээ хумсны сорви мөн бол ямар хугацааны дараа бүдгэрч арилах,

Шинжээчийн дүгнэлт: 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр учирсан өнгөц зулгаралт гэмтэл нь тодорхой хугацааны дараа бүдгэрч арилна.

4. Хохирогч өөрөө өөртөө гэмтэл учруулах боломжтой эсэх,

Шинжээчийн дүгнэлт: Уг гэмтэл нь өөрийн гараар болон бусдын гараар аль алины үед үүсэх боломжтой. Нарийвчлан ялгаж тогтоохгүй гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр шинжээчид тавьсан асуулт бүрэн хариулагдсан гэж үзэж байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар “Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ” гэж заасан. Гэтэл шүүхийн захирамжид шинжээч эмчийн №09шэ/229 дугаартай дүгнэлт, 1083 дугаартай дүгнэлтүүдийг нэг шинжээч эмч гаргасан байх бөгөөд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох зайлшгүй шаардлагатай гэсэн шүүхийн дүгнэлт нь хуульд заасан “дахин шинжилгээ хийлгэх” үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Шүүх дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхдээ хэт нэг талыг барьж, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт өгсөн гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Шүүгдэгч Б.Оюунсүрэнгийн өмгөөлөгч Т.Амгаланбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокуророос хэрэгт цугларсан нотлох баримтыг цуглуулж, үнэлэхдээ хуульд заасан шаардлагын хэмжээнд үнэлж чадаагүй. Учир нь тухайн гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдоогүй, хохирогчийн өгсөн мэдүүлгийг шалгаагүй. Хохирогчийн мэдүүлэг байнга зөрдөг. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна... гэв.

                                                               

ХЯНАВАЛ:

 

Б.Оюунсүрэн, Ц.Урангэрэл, М.Өлзийбаяр нарт холбогдох хэрэгт хийгдвэл зохих мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн байна. 

 

Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нарт холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй.

 

Иймд Б.Оюунсүрэн, Ц.Урангэрэл, М.Өлзийбаяр нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 130 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

            2. Хэргийг шүүхэд очтол Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нарт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

           3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ