Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 653

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Очирбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор Б.Уранчимэг,                                        

          Ялтан Т.Очирбаатарын өмгөөлөгч Ч.Тунгалаг,

          Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

         

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч С.Батжаргал, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Т.Очирбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Т.Очирбаатарт холбогдох эрүүгийн 2015 2500 02249 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Аргалжин овгийн Түмэнжаргалын Очирбаатар, 1989 оны 10 дугаар сарын 16-нд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 2 дугаар гудамжны 1-17 тоотод оршин суух,  

2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн  491 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан/РД:УБ89101611/;

 

Т.Очирбаатар нь 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Баярсайханы жолоодож явсан 20-08 УБӨ улсын дугаартай “Тоёота Карина” загварын автомашинаас хохирогч Б.Жаргалсайханы 1.000.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси Эс-6 загварын гар утсыг хулгайлсан,

давтан үйлдлээр 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 44-53 тоот, хохирогч Дэ Груут Ламбертусын гэрээс 1250 евро, 1500 рубль, 1100 ам.доллар, 1.300.000 төгрөгийг хулгайлсан, 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Тэгшээгийн цүнхнээс бэлнээр 2.500.000 төгрөг хулгайлж, бусдад нийт 9.816.693.5 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, мөн хуурч мэхлэх аргаар, давтан үйлдлээр,

2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудлын авто зогсоолд хохирогч Б.Бадамцэцэгт автомашиныг нь худалдаж авна гэж уулзаж улмаар “эгчид мөнгө хэрэгтэй, машины мөнгө дээр нэмээд өгье” гэж хуурч мэхлэн бэлнээр 150.000 төрөг, “өвөөтэй холбогдох хэрэгтэй байна” гэж 180.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне-4 эс загварын гар утас зэргийг залилсан,

2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн орчим “гар утсаа түр өгч байгаач” гэж хуурч мэхлэн хохирогч Г.Бямбасүрэнгийн 300.000 төгрөгийн үнэ бүхий Ю-6 загварын гар утсыг залилсан,

2015 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “утсаа өгч байгаач, хүн дуудах гэсэн юм” гэж хуурч мэхлэн хохирогч Н.Баясгалангийн 450.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс-4 загварын гар утсыг залилсан,

2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “утсаа өгч байгаач, хүн дуудах гэсэн юм” гэх хуурч мэхлэн хохирогч Д.Должинсүрэнгийн 800.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс-5 загварын гар утсыг залилж, бусдад нийт 1.880.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Сарангуад хүч хэрэглэн заналхийлж, 100.000 төгрөгийн үнэ бүхий МП5 тоглуулагч, бэлнээр 10.000 төгрөгийг дээрэмдсэн,

2015 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро төвийн дэргэдэх автобусны буудлын орчимд хохирогч А.Мижиддоржид амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн, Скай загварын гар утсыг 80.000 төгрөгөөр барьцаанд тавиулж, уг мөнгийг дээрэмдсэн,

2015 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 9-21 тоотод хохирогч Ж.Гандорж, Ш.Ундраа нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн бэлнээр 150.000 төгрөг, 240.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг эс-3 загварын гар утас зэргийг дээрэмдсэн,

2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 9-21 тоотод хохирогч Ж.Гандоржийн 150.000 төгрөгийн үнэ бүхий Скай загварын гар утсыг дээрэмдсэн,

Мөн 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Худалдаа хөгжлийн банкны салбар дотор хохирогч Б.Энхтүвшингээс “найз охин Отгонбаярыг чинь зодно” хэмээн хүч хэрэглэхээр заналхийлж, 600.000 төгрөг авсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Т.Очирбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2, 147 дугаар зүйлийн 147.2, 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар  тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Очирбаатарыг бусдын эд хөрөнгийг давтан, орон байранд нэвтэрч хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг давтан дээрэмдсэн, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн давтан залилж бага бус хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Очирбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Т.Очирбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 7 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Очирбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 7 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тус тус багтаан, биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 7 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Т.Очирбаатарт оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Т.Очирбаатарын цагдан хоригдсон 284 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Очирбаатараас нийт 13.026.379 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Жаргалсайханд 1.000.000 төгрөг, хохирогч Дэ Груут Ламбертусд 6.316.379 төгрөг, хохирогч Ч.Тэгшээд 2.500.000 төгрөг, хохирогч Б.Бадамцэцэгт 330.000 төгрөг, хохирогч Г.Бямбасүрэнд 300.000 төгрөг, хохирогч Н.Баясгаланд 450.000 төгрөг, хохирогч Д.Должинсүрэнд 800.000 төгрөг, хохирогч Б.Сарангуад 110.000 төгрөг, хохирогч А.Мижиддоржид 80.000 төгрөг, хохирогч Ж.Гандоржид 390.000 төгрөг, хохирогч, Ш.Ундраад 150.000 төгрөг, хохирогч Б.Энхтүвшинд “600.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Т.Очирбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би сонсохгүй, дүлий, эхнэр бас сонсголгүй, дүлий, хоёр хүүхэдтэй. Би одоо маш ихээр харамсаж байна. Миний хүсэлтийг харгалзан нааштайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Т.Очирбаатарын өмгөөлөгч Ч.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Гандоржийн “...2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 141 дүгээр цэцэрлэгийн хажууд Т.Очирбаатартай тааралдсан. Тэр миний цээж рүү мөргөж, хиймэл шүд хугалж, нүд рүү цохиж, халаасанд байсан 22.000 төгрөгийн үнэтэй гар утсыг авсан. Мөн Англи хэлний толь бичгийг авч ломбардад тавиад авч өгөөгүй. “Samsung S2” загварын гар утсыг аваад дотор нь байсан симийг гаргаж ирээд зажилж хаясан. Халаасанд байсан “Sky” загварын гар утсыг аваад зугтаасан. Би араас нь хөөгөөд гүйцээгүй” гэх мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 49-51 дүгээр хуудсанд авагдсан бөгөөд Гандоржийн гэрт ирж хоёр удаагийн үйлдлээр эд зүйл авсан байдаг. Дээрх үйлдлүүд шийдвэрлэгдэж, дахин шийтгэх тогтоол гарах юм бол миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордох тул эдгээр үйлдлүүдийг уг хэрэгт нэгтгэн шалгах нь зүйтэй...” гэв.

 

Прокурор Б.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Т.Очирбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан, түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү…” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох зарим зүйлийг мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй, мөрдөн байцаалт гүйцэд биш хийгдсэнийг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан “…гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ…”-г нотолж, гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлыг зөв тогтоож чадаагүй байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч Ж.Гандорж нь хохирогчоор мэдүүлэхдээ “... “Гүүд” нэртэй ломбардад очоод би нөүтбүүкээ /notebook/ 120.000 төгрөгөөр тавьсан. Т.Очирбаатар надаас 100.000 төгрөгийг аваад халаасандаа хийчихсэн. ...гэрт “Самсунг эс 2” /Samsung S2/ загварын гар утсаа цэнэглэж байсан чинь Т.Очирбаатар “тэр утсыг өгч бай, хүнтэй камераар ярих хэрэгтэй байна” гэж хэлээд авсан. Би Т.Очирбаатараас “чи надаас зун авсан хар диск, англи хэлний толь бичгээ яасан бэ” гэсэн чинь “би 1 дүгээр хороололд ломбардад тавьчихсан” гэсэн. ...Т.Очирбаатар миний утасны симийг гаргаж ирээд шүдээрээ зажилсан бөгөөд миний гар утсыг өгөхгүй, миний халаасанд байсан “Скай”/Sky/ загварын гар утсыг гаргаж ирээд булаагаад зугтаачихсан. ...2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “манай эхнэр Сарангоогоос гэр бүл цуцлуулж өгнө, шүүхийн зардлын мөнгө” гээд 220.000 төгрөгийг надаас авсан. Т.Очирбаатарт “Ипсон” /Epson/ нэртэй 360.000 төгрөгөөр худалдаж авч байсан нөүтбүүк/notebook/ өгсөн. Манай найз Ундраагаас “Самсунг Дьюс”/Samsung Duos/  загварын гар утсыг бас худлаа хэлээд авчихсан байсан. 2014 оны 6 дугаар сарын 20-ны үед Т.Очирбаатар нь эхнэр болон эхнэрийнхээ 2 эмэгтэй найзтай 4-үүлээ явж байхдаа 141 дүгээр цэцэрлэгийн хажууд надтай таарсан. Тэр үед миний нүүр лүү мөргөөд миний хиймэл шүдийг хугалж, нүд хөхрүүлж, гар хөлөөрөө цохиж зодсон. Намайг зодож байхдаа миний халаасанд байсан “Нокио”/Nokio/ загварын гар утсыг аваад явчихсан. Тэр утас 22.000 төгрөгийн үнэтэй байсан. Гомдолтой байна, алдсан эд зүйлээ нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх 49-51/, эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ /2-р хх 122/ тус тус хэрэгт авагджээ.

 

Мөрдөн байцаалтын явцад ялтан Т.Очирбаатараас сэжигтэн, яллагдагчаар байцаалт авахдаа хохирогч Ж.Гандоржид учирсан дээрх хохирлын талаар мэдүүлэг аваагүй, шалгах ажиллагаа хийлгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж чадаагүй, энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, яллах дүгнэлтийг хуульд заасан шаардлагад нийцүүлэн үйлдүүлэх, хэрэгт шалгавал зохих асуудлуудыг нэг мөр эцэслэн шалгасны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

            Өөрөөр хэлбэл, хохирогч Ж.Гандорж нь Т.Очирбаатарын гэм буруутай үйлдлийн улмаас 2014 оны 5 дугаар сарын 20-нд, 2015 оны 3 дугаар сарын 12-нд, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрүүдэд тус тус хохирсоор байхад энэ талаар мөрдөн байцаалтын ажиллагааг явуулаагүй атлаа зөвхөн 2015 оны 10 дугаар сарын 2, 2015 оны 10 дугаар сарын 18-нд /2-р хх 32-33/ хохирсон үйлдлүүдтэй нь холбогдуулан хохирогчоор тогтоож, дээрх үйлдлийг орхигдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан “заавал нотолбол зохих” асуудлуудыг мөрдөн байцаалт болон прокурорын шатанд нотолж ирүүлээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх тул дээрх асуудлыг нэг мөр шалган тогтоож, хохирол тус бүрийн эд зүйлийн үнэлгээг дахин гаргуулж, дээрх үйлдлүүдэд Т.Очирбаатарын гэм буруу байгаа эсэх, хэрэв гэмт хэргийн шинжтэй бол Эрүүгийн хуулийн ямар зүйл, заалтаар зүйлчлэгдэх эсэхийг эцэслэж шалгах шаардлагатай гэж үзэв.

            Түүнчлэн 1 дүгээр хавтаст хэргийн 185-186 дугаар талд хохирогч Ч.Тэгшээ нь “...машинаас 2.3 сая төгрөг алдсан...”, 251-252 дугаар талд хохирогч Б.Жаргалсайханы хулгайд алдсан “Самсунг галакси Эс 6”/Samsung Galaxy S6/ загварын гар утсыг эд зүйлийн үнэлгээгээр 900.000 төгрөгөөр /1-р хх 165/ үнэлж, хохирлын хэмжээг тогтоосон байхад прокурор яллах дүгнэлтдээ зөрүүтэй буруу бичсэн байгааг анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн байгааг анхаарвал зохино. 

            Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Очирбаатарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

           2. Хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт очтол Т.Очирбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧИД                                              Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ