Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 625

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Долгорсүрэнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Б.Зориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор Д.Цолмон,

          Ялтан Б.Долгорсүрэн /онлайн/, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

          Хохирогч А.Амаржаргал, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

          Иргэний нэхэмжлэгч Б.Ариунзаяа, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Х.Оюунсүрэн,

          Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, С.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Долгорсүрэн, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, иргэний нэхэмжлэгч Б.Ариунзаяа, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Долгорсүрэнд холбогдох эрүүгийн 2015 2501 1546 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол овгийн Базарваанийн Долгорсүрэн, 1960 оны 12 дугаар сарын 2-нд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, группт байдаг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 1-64 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХК60120205/,

 

Б.Долгорсүрэн нь 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын хооронд хохирогч А.Амаржаргалаас 2012 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчдад зориулан баригдсан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөөний гудамжны 106/8 дугаар байрнаас 51.21 м.кв байрыг 1 м.кв-ыг 1.000.000 төгрөгөөр захиалан авч өгнө гэж итгэл эвдэх аргаар байрны төлбөр болон гражийн мөнгө гэж 63.600.000 төгрөг, байрны засвар болон засварын ажлын хөлс гэж 8.850.000 төгрөг, нийт 72.450.000 төгрөгийг залилан мэхлэж авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Долгорсүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Долгорсүрэнг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Долгорсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөг хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар, ялтан Б.Долгорсүрэнд оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Б.Долгорсүрэнд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.Долгорсүрэн нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт битүүмжилсэн Баянзүрх дүүргийн 22 дугаар дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 106/8 дугаар байрын 21 тоот орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжилсэн ялтан Б.Долгорсүрэнгийн Жи Мобайлын “Hisense” загварын 1 ширхэг гар утсыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Баянзүрх дүүргийн 22 дугаар дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 106/8 дугаар байрны 21 тоот орон сууцыг хохирогч А.Амаржаргалд олгож, иргэний нэхэмжлэгч Б.Ариунзаяа нь энэ хэргийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Б.Долгорсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие өөрийн танил А.Амаржаргалаас 2012 оны 2 дугаар сард 20.000.000 төгрөг, 8 дугаар сард 10.000.000 төгрөг, 10 дугаар сард 5.000.000 төгрөгөөр цувуулан авч нийт 35.000.000 төгрөг зээлж авсан бөгөөд хүү, алдангийг тооцон нийт 77.000.000 төгрөг болсон тухай хэлж “өөрийн нөхрөөсөө айгаад байна, та надад ийм хэмжээний мөнгө төлнө гэсэн баримт дээр зураад өгчих, би нөхөртөө л үзүүлэх гэсэн юм” гэж хуурч, худал хэлэн, зээл авснаас хойш 3 жилийн дараа надаар гарын үсэг зуруулж авснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж, онц их хэмжээний хохирол учруулсан гэж анхан шатны шүүхээс 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэсэнд маш их гомдож байгаа тул давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Миний хүү Э.Халиун нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст ажилладаг байсан тул 2011 оноос эхэлж баригдсан Цагдаагийн ажилчдын орон сууцанд захиалга өгөх боломжтой байсан юм. 2012 онд захиалга авч баригдаж эхэлсэн 2 дугаар байранд би 2 өрөө байр авахаар захиалгаа өгөөд урьдчилгаа төлсөн байсан боловч үлдэх мөнгийг графикийн дагуу төлж чадахгүй болсон тул 3 дугаар байрнаас байр захиалах бодолтойгоор уг мөнгөө буцаан авсан юм.

А.Амаржаргал нь тэр үед Кино үйлдвэрийн хажууд баар ажиллуулдаг, тэр нь байнга цаг хэтрүүлдэг гэх мэтээр маш их хэл амтай, цагдаагаар явдаг байсан. Би барилга дээр ажилладаг хоригдлуудын хоолыг хийдэг байсан тул өдөр бүр цагдаагаар орж хоолны мөнгө авдаг, дэд даргатай нь уулздаг зэргээр А.Амаржаргалтай танилцаж, сүүлдээ бүр дотно харьцаатай болсон. Энэ үед А.Амаржаргал нь цагдаагийн хэлтсийн дарга Ядамдорж хурандаад мөнгө өгсөн, дотно харьцаатай гэж ярьж байсан, ийм байдлаа ашиглан 2 дугаар байрнаас 1 давхрын 3 тоот 3 өрөө байрыг цагдаагийн алба хаагчдын хямдруулсан үнээр худалдаж авсан юм. Захиалсан байрны дотор заслыг алба хаагчид өөрсдөө хийдэг байсан тул А.Амаржаргал уг байрныхаа дотор заслыг өөрийн хөрөнгө, материалаар хийлгэсэн. Бааранд ажилладаг, дүүргийн цагдаагаар байнгын хэл амтай байдаг, даргатай нь холбоотой гэдгээр болон гадны хүн байр авлаа гэдэг хэл аманд орохгүйн тулд заслын материалаа ажилчдаараа зөөлгөж, надаар зарим нэг материалаа авахуулж байсан нь үнэн юм.

Энэ талаар цагдаагийн алба хаагчид ялангуяа барилгыг хариуцан бариулж байсан хурандаа Алтанцэцэг, дэд хурандаа Арсланхуяг, А.Амаржаргалын байрны дотор заслыг хийж байсан бүх хүмүүс сайн мэднэ. Энэ 3 өрөө байраа нөхөр О.Намжинбаатарын нэр дээр ордерыг нь бичүүлж аваад хүнд түрээсэлж байгаад хожим нь зарсан, тийм учраас А.Амаржаргал нь цагдаагийн ажилчдын орон сууцны үнэ, дараа нь зарагдаж байсан зах зээлийн үнийг сайн мэднэ. Өөрөөр хэлбэл би уг байрнаас 2 өрөө байр захиалахад А.Амаржаргалаас 77.000.000 төгрөг авах ямар ч үндэсгүй, 1 м.кв-ийн үнийг хэдээр бодож яаж тооцох, дотор засалд ямар хэмжээний материал орохыг энэ хүн өөрөө сайн мэдэж байгаа. Би Амаржаргалаас 35.000.000 төгрөг зээлж аваад мөнгө авсан өдрөө цагдаагийн хэлтэст бэлнээр тушаасан, энэ талаар хурандаа Алтанцэцэгийн мэдүүлэг, цагдаагийн байгууллагатай байр захиалахаар хийсэн гэрээ зэргээс тодорхой харагдана.

 2. А.Амаржаргал бидний хооронд мөнгө өгч авсан баримт, гарын үсэг байдаггүй, цэвэр итгэлцлийн үндсэн дээр яриад “та ямар ч байсан байраа аваадах, ийм хямд байр хэзээ ч олдохгүй, дараа нь болох биз” гээд байхаар нь би түүний сайхан сэтгэлд баярлаж, зээлүүлсэн 35.0 сая төгрөгийг нь шууд тушааж гэрээ ордероо өөрийн нэр дээр бичүүлж авсан. Барилга баригдах хугацаанд би А.Амаржаргалын авсан байрны засвар тохижилтын ажилд туслаад явж байсан, мөн түүний ажиллуулдаг “Лидер” бааранд, баяр ёслолын үеэр болон олон хүн хүлээн авах үеэр бүх хоол ундыг нь хийгээд цалин хөлсөө аваад явж байсан. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, өөр газруудаар А.Амаржаргалын зааж хэлсэн хүмүүстэй нь уулзаж өр авлагыг нь нэхээд, зарим нэгээс нь авч өгөөд явж байсан. Тэр утгаараа А.Амаржаргалын ажлын газраар байнга л очдог, мөнгө төгрөгний тооцоо хийгээд явж байсан. Гэтэл А.Амаржаргал нь нэг гэр бүлийн ээж хүү, бэр гурваар гэрч татаж, ямар ч гарын үсэггүй, баримтгүй, гар тэмдэглэл гэж өөрсдийн сүүлд хуурамчаар үйлдсэн тооцооны дэвтэр гэх зүйлийг нотлох баримт болгож, 3 жилийн хугацааны хүү алданги тооцсон асар их хэмжээний мөнгө залилан авсан гэж гүтгэж байгаад маш их гомдолтой байна.

Намайг уг бааранд цагаар ажилладаг, хоол хийдэг, А.Амаржаргалаас хэдийд яаж мөнгө авч байсан, авсан өгсөн мөнгөний тухай бид нар юу гэж ярьж байсныг баарны ажилчид сайн мэднэ.

3. Би А.Амаржаргалаас 35.000.000 төгрөг зээлж авсан, түүний өөрийнх нь хэлснээр 77.000.000 төгрөг авсан гэж нотариат дээр гарын үсэг зурж, нөхөр загнаад байна гэхээр нь цагдаа дээр түүний зааж өгснөөр худал мэдүүлэг өгсөн.

А.Амаржаргал болон түүний гэрч нарын хэлснээр надад 2012 оны 8 дугаар сарын 24-өөс 2013 оны 4 дүгээр сарын хооронд 51.21 м.кв байрны 1м.кв-ыг нь 1.000.000 төгрөгөөр захиалж, гражийн үнэ 9.000.000 төгрөг, засварын ажлын хөлс гэж 8.850.000 төг өгсөн гэж байгаа боловч тухайн үед уг байрны м.кв-ийн зах зээлийн үнэ 1.800.000-2.100.000 төгрөгийн хооронд байсан, олон ч хүн ийм үнээр байраа зарж байсан, А.Амаржаргал ч 3 өрөө байраа ийм үнээр зарсан, би зарж ашиг олох байсан бол А.Амаржаргалд м.кв-ыг 1.000.000 төгрөгөөр хэзээ ч зарахгүй, нөгөө талаар би түүнээс зээлсэн мөнгийг тэр дор нь цагдаад тушааж байсныг өөрөө сайн мэдэж байсан учир надаас баримт, гарын үсэг авч байгаагүй юм. Дулаан зогсоолыг би захиалах боломж ч байгаагүй, захиалж өгөх тухай огт яригдаагүй бөгөөд энэ талаар А.Амаржаргал “та өөрийн нэр дээр ганц граж захиалаад өгөөч” гэхэд нь би “ёстой чадахгүй” гэж хэлж байсан. Тэгэхээр А.Амаржаргалын надад мөнгө өгсөн гээд байгаа хугацаа нь мөнгө тушаасан хугацаанаас өөр, түүний хамгийн сүүлд мөнгө өгсөн гэх 2013 оны 4 дүгээр сард уг байр нь улсын комисст орж, ордер гэрээ бичигдсэн байсан. Байрны ордер миний нэр дээр гарсныг ч А.Амаржаргал сайн мэднэ. Би зээлээ төлж чадахгүй бол байраа зараад өгнө гэж ярьж тохиролцож байсан, дүү Ариунаагаас авсан байрны мөнгөө хаяж гээгдүүлснээс болоод А.Амаржаргалд мөнгөө өгч чадахгүй байсныг ч мэднэ.

Тийм болохоор энэ хугацааны хүү алдангиа тооцоод нөхөртөө л үзүүлэх гэсэн юм гэж хэлж байгаад надаар гарын үсэг зуруулсан. А.Амаржаргал нь авто ломбард ажиллуулдаг, байнга хүмүүст хүүтэй зээл олгодог. Тийм учраас хүү алдангийг маш сайн тооцдог. Миний хувьд зээлсэн мөнгөө юунд зарцуулсан, хэдийд яаж ордер гэрээгээ авсан, хэдийд хэний нэр дээр шилжүүлсэн зэргийг сайн мэдэж байсан учир хүү алдангиа авна гэдгээ ярьж нөхөртөө ч тэгж ойлгуулсан гэж байсан. Мөнгө зээлснээс хойш 3 жилийн дараа нөхөр загнаад байна, нөхөртөө үзүүлэх гэсэн юм гэхээр нь би ямар ч юм бодоогүй гарын үсэг зураад өгсөн. Цагдаад өргөдөл өгсөн байна гэж ярихад “нөхөр өгчихсөн байна лээ, миний хэлснийг л хэлчих, би буцаагаад авчихна” гэхээр нь итгээд мөнгөний дүн болон бусад зүйлийг өөрийнх нь хэл гэснээр хэлсэн.

Учир нь А.Амаржаргал зээлдэгч болон өөрийн ажилчдаа яг ийм байдлаар цагдаад өгч зээлсэн мөнгөө маш их өсгөж авдгийг олон хүн мэднэ. Зөвхөн 2015 онд А.Амаржаргал зээлдэгч нарын талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 22 өргөдөл өгсөн гэж байсан. Энэ нь баримтаар нотлогдоно. Одоо энэ ломбардны ажилчин С.Хулан А.Амаржаргалаас 20.000.000 төгрөг авсан байхад 50.000.000 төгрөг гэж бичүүлэх гээд зөвшөөрөөгүй учраас эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж байгаа, мөн ажилчин Ариунжаргал нь 18.000.000 төгрөг авсан байхад 41.000.000 төгрөг өгнө гэж бичүүлээд төлбөрөө төлөх нөхцөлтэй ажлаа хийж байгаа зэргийг А.Амаржаргалын компанийн бүх ажилчид ярьдаг. Ийм байдлаар бусдад өгсөн мөнгөний дүнгээ өсгөж, цагдаа, шоронгоор айлган их хэмжээний хүү алданги тооцож авдаг нь намайг өнөөдөр ийм хүнд ял авахад хүргэлээ.

4. А.Амаржаргал нь өөрийн захиалсан байрандаа дотор заслын материал, элс цемент, обой бүх л зүйлийг гаднаас зөөлгөн ажилчдаа явуулж байсан. Зарим нэгийг нь надаар авахуулж заслынханд өгч байсан. Миний захиалсан байр баригдах хугацаанд Амгаланд 48 айлын нийтийн байр барьж тэр байрандаа вакум цонхноос эхлээд бүх л засварын материалуудыг Эрээн хотоос надаар авчруулж байсан. Энэ талаар холбогдох падан, хилээр давуулсан бичиг, тээвэрлэсэн компаниас нь падан баримтыг нь аваад ирье гэхэд мөрдөн байцаагч зөвшөөрөөгүй. Харин ч намайг улсын хилээр гаргахгүй гэж хориг тавиулсан. Эдгээр бараа материалын баримтыг тэр үедээ би бараа материалтай нь тулгаад А.Амаржаргалд өгч байсан тул өөртөө авч үлдээгүй юм. Гэтэл одоо энэ асуудлыг гуйвуулан ажилчдаараа миний байрны дотор засалд мөнгө өгч байсан мэтээр мэдүүлэг өгүүлж байна. Энэ гэрч нар хэзээ ч баримт үйлдэж, тооцооны дэвтэрт бичилт хийж байгаагүй, Амаржаргал ломбард ажиллуулсны орлогыг татвараас зайлсхийж, ихэнх мөнгөө хувийн данснаасаа гаргадаг байсан, надтай ярилцаад, хүү тэд боллоо шүү гээд хэлээд явдаг байсан.

Иймд дээрх байдлуудыг үндэслэн миний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, А.Амаржаргалаас хэдийд хэдэн төгрөг, ямар хугацаатай зээлсэн, надад хүмүүсээр дамжуулж өөрийн байрны засварт өгсөн мөнгөө миний захиалсан байранд өгсөн мэтээр худал ярьж байгааг байр ашиглалтанд орсон, засвар хийсэн, улсын комисст өгсөн цаг хугацаагаар тогтоон, банкнаас мөнгө авсан гэх баримтуудыг шалгаж хохирлын хэмжээг үнэн зөв бодитой тогтоож өгнө үү...” гэв.

 

Ялтан Б.Долгорсүрэнгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох талаар тодорхой заасан байдаг. Анхан шатны шүүх Б.Долгорсүрэнд холбогдох хэргийг хэлэлцэх явцад нотолгооны дараах байдлуудыг харгалзан үзсэнгүй гэж өмгөөлөгчийн байр суурьнаас хандаж байна. Хохирогч А.Амаржаргал нь Б.Долгорсүрэнд 77.000.000 төгрөг өгсөн эсхүл 35.000.000 төгрөг зээлүүлсэн асуудал буюу энэ хэрэгт нотлогдвол зохих нөхцөл байдлын нэг болох хохирлын хэмжээ тодорхойгүй байхад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хохирогч А.Амаржаргал Б.Долгорсүрэнтэй 2015 оны 7 дугаар сард уулзаж “миний нөхөр танд мөнгө өгсөн гэж уурлаад байна, нөхөртөй үзүүлэх нэг баримттай болъё” гэж хэлээд ноториатч дээр өмгөөлөгчийнхөө хамт дагуулж очоод 35.000.000 төгрөгийн алданги тооцож 77.000.000 төгрөг гэж бичүүлээд төлбөр барагдуулах гэрээг байгуулснаас хойш 3 хоногийн дараа бусдад мөнгөө залилуусан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан үйл баримт нь хэрэгт авагдсан байна. Дээрх үйлдлийг хохирогчийн зүгээс гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлж түүнийг гэрээний нөгөө тал зөвшөөрч алданги, анз, хүү зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах хуульд заасан арга хэрэгслээ илэрхийлснээр А.Амаржаргал Б.Долгорсүрэн хоёрын хооронд иргэний харилцааны үндсэн шинж болох “харилцан тохиролцсон"-үүргийн эрх зүйн харилцаа үүссэн нь талуудын хооронд байгуулсан “төлбөр барагдуулах” гэрээнээс тодорхой харагдаж байна. Гэтэл энэхүү гэрээг хууль ёсны хүчин төгөлдөр эсэхийг нотариатын үйлдлийг нарийвчлан тогтоолгүй хохирлын хэмжээг тогтсон гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Хэрэв энэхүү талуудын хүсэл зоригоо илэрхийлсэн гэрээ хууль ёсны байсан юм бол Б.Долгосүрэнгийн үйлдэл үүргийн шинжтэй иргэний харилцаа болох нь ойлгомжтой байна. Нөгөө талаар нөхөртөө үзүүлэх баримттай болох зорилгоор төлбөр барагдуулах гэрээ байгуулсан бол Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан “Бусдыг хууран мэхлэж хийсэн хүчин төгөлдөр бус” хэлцлийн шинжтэй болж 77.000.000 төгрөг авсан эсхүл өгсөн үйлдэл тодорхойгүй болж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч нарын өгч байгаа мэдүүлгүүд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ цаг хугацаа, нөхцөл байдлын талаар илт зөрүүтэй худал мэдүүлэгч өгч байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байж болохыг үгүйсгэхгүй бөгөөд эдгээр гэрч О.Наранбаатар, Ч.Одгэрэл нар нь хохирогч А.Амаржаргалын компанид олон жил ажилласан үйлчилгээний ажилтан ямар нэгэн байдлаар хувийн сонирхлын үүднээс дээрх зөрүүтэй мэдүүлгийг өгч байна гэж үзэж байна.

Хохирогч А.Амаржаргал нь Б.Долгорсүрэнд хэзээ ямар баримтаар хэдэн төгрөг өгсөнийг тодорхой тогтоолгүй А.Амаржаргал өмгөөлөгчийн хамтаар нөхөртөө үзүүлэх гэж байгаа юм гэж хууран мэхлэж хийсэн мөнгө авсан баримтыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлсэн бөгөөд Б.Долгорсүрэнгээс 2015 оны 5 дугаар сард зээлж авсан 35.000.000 төгрөгнөөс А.Амаржаргалын дансанд шилжүүлсэн 8.000.000 төгрөгийг ч хохирлын хэмжээнээс хасч тооцсонгүй.

Хэргийн жинхэнэ байдлыг тогтоох яллах, цагаатгах нотлох баримтыг адил хэмжээнд цуглуулах шалгах үнэлэх нь хэргийн бодит үнэнийг тогтооход чухал ач холбогдолтой хуулийн зарчим бөгөөд шүүх давж заалдах гомдлоор хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэх учраас өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авагч ялтан Б.Долгорсүрэнгийн үйлдэл нь иргэний эрх зүйн харилцаанаас бий болсон гэрээний үүргийн гүйцэтгэлийн шинжтэй маргаан гэж үзэж байгаа бөгөөд Б.Долгорсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Ариунзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл бид орон сууцныхаа шударга өмчлөгчид юм. А.Амаржаргал нь урьдаас өөрийн өмгөөлөгчтэй нарийн төлөвлөн бэлтгэж, хууль эрх зүйн мэдлэггүй, тархины хорт хавдар, хүнд хэлбэрийн сахарын шижин өвчтэй Б.Долгорсүрэн эгчийг өөрийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий дээр дагуулан очиход өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нь “тэр гэрээгээ нөхөж хий, яагаад хүний мөнгийг өгдөггүй юм бэ” гэж Б.Долгорсүрэнг загнаж, сэтгэл зүйд нь маш хүнд дарамт өгч, тухайн үед А.Амаржаргал нь Б.Долгорсүрэнг хуурч мэхлэх аргаар буюу “дүү нь нөхөр Лутаадаа л үзүүлэх баримттай болохгүй бол цаад Лутаа чинь уурлаад байна” гэж Б.Долгорсүрэнд итгүүлж шахамдуулан, шахаанд оруулж, зээлдүүлсэн 35.000.000 төгрөгнөөсөө 1 дахин илүү буюу 79.000.000 төгрөгийн мөнгөн дүн бичүүлж, байр захиалсан мэт болгон харагдуулж, гэрээ нөхөж хийсэн байдаг. Энэ талаар Б.Долгорсүрэн эгч өөрөө хэлж байсан.

А.Амаржаргал гэх эмэгтэй нь Б.Долгорсүрэн эгчид “Мөрдөн байцаагчид мэдүүлэг өгөхдөө намайг таньд байр захиалсан л гэж хэлэхгүй бол дүү нь нөхөр Лутаатай том асуудал үүсэх гээд байна” гэж зальт арга хэрэглэн мэхлэж, Б.Долгорсүрэн эгч тэр А.Амаржаргал гэдэг хүүхний үгэнд маш ихээр итгэсний улмаас түүний хэлснээр мэдүүлэг өгч, надад хүртэл “энэ миний хуурай дүү А.Амаржаргалд хэрэгтэй тул чи яг миний хэлснээр мэдүүлэг өгөөч” гэж гуйгаад байсан. Би өөрөө учрыг нь сайн ойлгоогүй бөгөөд Б.Долгорсүрэн эгчийн гуйсны дагуу мэдүүлэг өгч байсан. Тэр нь эцэст нь миний болон аав, ээжийн минь, мөн хань нөхрийн минь шударга хөдөлмөрөөр олсон мөнгөөр босгосон орон сууцыг маань заль хэрэглэн булаан авах гэсэн өмхий санаа байсныг нь мэдээгүй, зөвхөн тэр эмэгтэйд нь туслаад өгье, нөхөр хань нь загнаад хэцүү байгаа юм байна гэж бодож байсан. Гэтэл худлаа байсан байна. Ер нь бид тэр эмэгтэйгээс хамаагүй түрүүнд бараг 2 жилийн өмнөөс Б.Долгорсүрэн эгч Халиуны нэр дээр захиалж буй байрыг та нар ав гээд, бид зөвшөөрч захиалж авахаар тохиролцсон байсан. Энэ талаараа Англи улсад амьдардаг эгчдээ хэлж, түүнээс мөнгө хүртэл зээлж байсан. Бид Долгорсүрэн эгчийг “Ооёоо” гэж авгайлж дууддаг, яг тэр нэрээрээ байгаа. Тэр нь миний цахим шуудангийн архив дотор тэр үеийн хугацаагаараа хадгалагдсан байгааг анхаарч үзээгүй. Би үнэхээр их гомдолтой байна. Шийдвэрээ дахин харж үзэж, зөвтгөн шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Ариунзаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.2 дахь хэсэгт заасныг үндэслэн, энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Тус шийтгэх тогтоол нь иргэний нэхэмжлэгч Б.Ариунзаяа, түүний гэр бүлийн 4 гишүүний хууль ёсны өмчлөх эрхийг бүдүүлгээр зөрчсөн, өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэх заалт, Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэх заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

2. Б.Ариунзаяа нь тус хэрэгт хохирогчоор тогтоогдсон А.Амаржаргалын зүгээс   Б.Долгорсүрэнд анх мөнгө зээлдүүлсэн гэх хугацаанаас илтэд өмнө буюу бүтэн 1 жил 6 сарын өмнө буюу 2011 оны 2 дугаар сард Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтан, албан хаагчдад барьж буй орон сууцнаас Долгорсүрэнгийн хүү Халиуны нэр дээр орон сууц захиалахаар тохиролцож, мөнгөө төлж эхлэн, түүнээс хойш ямар эх үүсвэрээр хэрхэн яаж, тасралтгүй төлж дуусган, орон сууцаа худалдах-худалдан авах гэрээгээр өөрсдийн нэр дээр шилжүүлэн авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, илтэд буруу дүгнэлт гаргаж шйидвэрлэсэнд гомдолтой байна.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан “хэргийн талаар нотолбол зохих асуудал”-ыг бүрэн нотолж чадаагүй. Б.Ариунзаяаг хохирогчоор тогтоогоогүй орхигдуулсан, хохирогчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгүүд бүгд асар их зөрүүтэй, хэн нь жинхнээсээ их ашиг олох гэж шунахайн сэдэлтээр баримт бүрдүүлээд байгааг тогтоогоогүй.

4. А.Амаржаргал, Б.Долгорсүрэн хоёрын хооронд сүүлд нөхөж байгуулсан гэрээг гэрчилсэн нотариатчаас мэдүүлгээр тодруулах зүйлүүд маш их байсныг хийж гүйцэтгэлгүй орхигдуулсан байдаг.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна. Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ. Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ” гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан боловч одоо давж заалдах гомдлоо өөрчилж байна.

Миний үйлчлүүлэгч 2011 оны 2 дугаар сараас эхлээд байрны мөнгийг төлж эхэлсэн нотлох баримтууд байдаг. Хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 12 дугаар талд Б.Ариунзаяа нь өөрийн Англи улсад амьдардаг эгчтэйгээ “танай нөгөө байр юу болж байна вэ, Б.Долгорсүрэн дахиж мөнгө нэхсэн үү, 8 дугаар сард ашиглалтад орно гэсэн. Б.Долгорсүрэн эгч мөнгө нэхэж л байгаа” зэргээр харилцсан нотлох баримт хавтаст хэрэгт байгаа. А.Амаржаргал мөнгөө өгөхөөс өмнө буюу 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдөр байрны урьдчилгаа 20.000.000 төгрөгийг төлсөн байсан. А.Амаржаргалын Б.Долгорсүрэнд байр захиалах гэж мөнгө өгсөн гэх нотлох баримт хавтаст хэрэгт огт байхгүй. Зөвхөн сүүлд нөхөж хийсэн гэрээ л байдаг. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Ариунзаяагийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Б.Долгорсүрэнд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Б.Ариунзаяагийн хууль ёсны эрхийг нь зөрчсөн. Шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. А.Амаржаргал нь Б.Долгорсүрэнд байр захиалаад залилуулчихлаа гээд гомдол гаргаж нотлох баримтаа бүрдүүлсний дагуу шинжлэн судалсан. Б.Ариунзаяа ч мөн адил Б.Долгорсүрэнд байр захиалахаар өгсөн мөнгөнийхөө эх үүсвэр, нотлох баримтуудыг бүрдүүлэн өгснөөр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан. Гэтэл шүүх Б.Ариунзаяагийн нотлох баримтуудыг үгүйсгээд зөвхөн А.Амаржаргалыг хохирсон гэж үзээд дүгнэлт гаргасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх Б.Ариунзаяагийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэлгүйгээр үгүйсгэж, битүү дүгнэлт хийсэн. Хавтаст хэргийн 15 дугаар талд А.Амаржаргалын тэмдэглэлийн дэвтэр дээр гараараа бичиж тэмдэглэсэн нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг шүүх үндэслээд шийдвэр гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Ариунзаяа нь байрны шударга өмчлөгч мөн болох нь нотлогдож тогтоогддог. Ямар үндэслэлээр А.Амаржаргалын нотлох баримтуудыг үндэслээд, Б.Ариунзаяагийн нотлох баримтыг ямар үндэслэлээр үнэлэхгүй байгаа талаар шүүх дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна...” гэв.

Хохирогч А.Амаржаргалын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолд “Б.Долгорсүрэн нь 2012 онд А.Амаржаргалаас 35.000.000 төгрөг зээлж авсан боловч хүү алданг тооцоод 77.000.000 төгрөг болгож гэрээ байгуулаад онц их хэмжээний хохирол учруулсан болгож ял оногдуулсан нь үндэслэлгүй” гэж байна. Б.Долгорсүрэн нь А.Амаржаргалыг “Цагдаагийн албан хаагч нарт зориулан баригдаж байгаа байрнаас 51.2 м.кв байрыг гражийн хамт өөрийн нэр дээр захиалаад аваад өгье” гэж гуйж, ятгаж байгаад 2012 оны 8 дугаар сараас 2013 оны 4 дүгээр сарыг хүртэл нийт 72.450.000 төгрөг авсан. Орон сууц баригдаж дуусахад “дотор заслыг өөрсдөө хийх юм байна” гэж Б.Долгорсүрэнг хэлсний дагуу А.Амаржаргал материал авч ажилчдад нь хүргэж өгсөн. Гэтэл байр ашиглалтад ороод үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахад Б.Долгорсүрэн нь шилжүүлэхгүй байсаар байгаад 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төрөл садангийн холбоотой Б.Ариунзаяагийн нэр дээр шилжүүлсэн. Б.Долгорсүрэнгийн гэмт үйлдэл нь А.Амаржаргалын гомдол, мэдүүлгүүд, Б.Долгорсүрэнд мөнгө өгч байсан хувийн тэмдэглэл, зээл өгсөн баримт, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан  77.000.000 төгрөгийн дүнтэй төлбөр барагдуулах гэрээ, А.Амаржаргалын дансны орлого, зарлагын баримт хуулга зэргээр нотлогддог. Мөн давж заалдах гомдолд “хэргийг тал бүрээс нь бүрэн шалгаж тогтоогоогүй” гэж байгаа нь үндэслэлгүй. Харин өмчлөлийн асуудлыг зохицуулалгүйгээр шийдвэрлэсэн нь дутагдалтай байна. Б.Ариунзаяа нь тухайн байрыг гэмт хэргийн замаар олж авсан гэдгийг нь мэдсээр байж өөрийн нэр дээр шилжүүлсэн тул эрүүгийн хариуцлагад татах үндэслэлтэй. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна...” гэв.  

 

Хохирогч А.Амаржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би мөнгө өгөхдөө Б.Долгорсүрэнгээс гарын үсэг аваагүй нь миний буруу. Б.Долгорсүрэн нь надаас 72.450.000 төгрөг авчихаад 35.000.000 төгрөг авсан гээд байгаад гомдолтой байна. Би 55 настай хүнд 35.000.000 төгрөг зээлдүүлчихээд 3 жилийн дараа 77.000.000 төгрөг нэхэх хүн биш...” гэв.

 

Прокурор Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. А.Амаржаргал, Б.Долгорсүрэн нар нь иргэний журмаар зээлсэн 10.000.000 төгрөгийн үлдэгдэл болон хүү мөнгийг бодит хохирол дээр нэмээд нийт 77.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан байснаас анхан шатны шүүх бодит хохирлыг 72.450.000 төгрөг гэж тооцсон. Хэрэгт эрс зөрүүтэй гэрчийн мэдүүлгүүд байхгүй. Гэрч нар эхлээд мөнгөө бага багаар зөөж өгсөн талаар мэдүүлж байгаад шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “мөрдөн байцаалтын шатанд олон жилийн өмнө болсон хэргийн хугацааг сайн санахгүй байсан боловч архивын баримтаас хугацааг тодорхой харлаа” гээд хэдний өдөр хэдэн төгрөг өгсөн болохыг нарийн хэлсэн. Гэрээг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хийсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42, 43 дугаар зүйлд иргэний нэхэмжлэгч, хохирогчийн талаар заасан байдаг. Б.Ариунзаяа нь удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгч, хэрэгт сэжигтнээр татагдаж шалгагдаж байсан. Б.Ариунзаяа нь хавтаст хэрэгт бусдаас мөнгө зээлсэн тухай нотлох баримт гаргаж өгсөн ч зээлж авсан мөнгөө Б.Долгорсүрэнд өгсөн гэх баримт байдаггүй. 2015 оны 3 дугаар сард байр ашиглалтад ороод гэрчилгээ нь Б.Долгорсүрэнгийн нэр дээр гарсан боловч тэр дор нь А.Амаржаргалд шилжүүлж өгөлгүйгээр аргалж байгаад Банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад барьцаанд тавьсан байсан. Авсан зээлээ төлж чадахгүй байдалд ороод Б.Долгорсүрэн нь Б.Ариунзаяад хандаж зээлийн үлдэгдэл 4.500.000 төгрөгөө төлүүлээд нэр дээр нь шилжүүлсэн. Энэ байдлаас харахад Б.Ариунзаяа нь хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй гээд үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

                                                ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд “саад болох эсхүл тогтоол гарахад нөлөөлж болохуйц” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан “заавал нотолбол” зохих асуудлуудыг мөрдөн байцаалт болон прокурорын шатанд нотолж ирүүлээгүй байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангаагүй шийтгэх тогтоол гаргаж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Дараах зүйлийг нотолж ирүүлэх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан бодит үнэнийг тогтоох зарчимд нийцнэ гэж үзнэ. Үүнд:

 

            1 дүгээр хавтаст хэргийн 31-33 дугаар талд хохирогч А.Амаржаргал мэдүүлэхдээ “... “Хаан” банк дээр дагуулж очоод 50.000.000 төгрөгийг бэлнээр авч өгсөн, ...түүний дараа 9.000.000 төгрөгийг гражийн мөнгө, дараа нь засварын, ажлын хөлсний мөнгө гэж цувуулсаар байгаад нийт 77.000.000 төгрөгийг надаас авсан байсан ...”,

            1 дүгээр хавтаст хэргийн 34-37 дугаар талд хохирогч А.Амаржаргал дахин мэдүүлэхдээ “... өөрийн ажил дээр байдаг сэйфнээс 345.000 төгрөгийг аваад Жуковт байрлах “Хаан” банк орж данснаасаа 20.000.000 төгрөгийг аваад гэрт нь аваачиж өгсөн. Түүнээс хойш дахиад удаагүй данснаас 10.000.000 төгрөг бэлнээр, 600.000 төгрөгийг нийлүүлээд Б.Долгорсүрэнгийн гэрт нь аваачиж өгсөн, ... цахилгаан шатны хажууд гарч байгаа жижиг өрөөг айлуудад харанхуй өрөө болгож өгнө гэхээр нь би эхлээд 2.000.000 төгрөгийг өгсөн. Дараа нь Б.Долгорсүрэн “1.655.000 төгрөг өгөх ёстой гэнээ” гээд ажил дээр ирээд бэлнээр аваад явсан, ... 9.000.000 төгрөгийг нь би баригдаж байгаа барилга дээр нь бэлнээр аваачиж өгсөн, ... засварын мөнгө гэж 2.000.000 төгрөг, засварын ажлын хөлс гэж 1.500.000 төгрөгийг урдьчилгаа болгож бэлнээр авсан, ...хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд ажлын хөлсний мөнгөнөөс нэмж 600.000 төгрөг авсан. Сүүлд нь засвар хийж байх явцад обойны 1.100.000 төгрөг, засварын ажилчдын хоолны мөнгө 100.000 төгрөг, сангийн хэрэглэл худалдаж авна гэж 500.000 төгрөг, 400.000 төгрөг, сүүлд нь 250.000 төгрөг авсан. Хамгийн сүүлд засварын ажил дуусаад ажлын хөлс болох үлдэгдэл 1.500.000 төгрөгийг аваад явсан, ... Эрээн явсны буудал болон замын зардал зэргийн мөнгийг авна гээд 900.000 төгрөгийг аваад явсан, ...ингээд бодоод үзэхээр байрны мөнгө нийт 70.950.000 төгрөг болж байгаа ба түүн дээр сүүлийн 10.000.000 төгрөгийн үлдэгдэл 2.100.000 төгрөг нэмэгдэнэ, тэгээд 73.050.000 төгрөг болж байгаа...”,

             1 дүгээр хавтаст хэргийн 207-209 дүгээр талд хохирогч А.Амаржаргал дахин мэдүүлэхдээ “... тооцоо гаргая гэвэл Б.Долгорсүрэнтэй хамгийн анх байрны 1 м.кв-ийг 1.000.000 төгрөгөөр бодож авна гэж тохирсон. Тэгэхээр 51.210.000 төгрөг болно гэсэн үг юм. Түүн дээр Б.Долгорсүрэн граж захиалж аваад өгье гээд 9.000.000 төгрөг авсан. Тэгэхээр нь 51.210.000 төгрөг дээр 9.000.000 төгрөгийг нэмэхээр 60.210.000 төгрөг болно. Харанхуй өрөөний мөнгө гэж 3.500.000 төгрөгийг өгөхөөр тохироод 2.000.000 төгрөгийг ажил дээр ирээд авсан. Дараа нь үлдэгдэл 1.500.000 төгрөг өгөх ёстой байснаас Б.Долгорсүрэн өөрөө 1.655.000 төгрөг өгөх хэрэгтэй байна гэж хэлээд ажил дээр ирээд аваад явсан. Дараа нь дотор заслын ажлын барааны мөнгө гэж 2.000.000 төгрөг аваад Эрээн рүү явсан. Засварын ажилчдын хөлс гэж 1.500.000 төгрөг авсан. Обойны мөнгө болох 1.100.000 төгрөгийг Б.Долгорсүрэн ажил дээр ирээд аваад явсан. Засвар хийж байгаа хүмүүсийн хоолны мөнгө гэж 100.000 төгрөгийг барилга дээр би өөрөө аваачиж өгсөн. Сангийн материалын мөнгө 500.000 төгрөгийг, дараа нь 400.000 төгрөгийг, 250.000 төгрөгийг Одгэрэлээр гэр лүү нь өгүүлэхээр явуулсан. Засварын ажил дуусаад ажилчдын хөлс гэж үлдэгдэл 1.500.000 төгрөгийг ажил дээр ирээд аваад явсан. Эрээн рүү явсан буудал, хоол, замын зардлын мөнгө нэмж авна гээд 900.000 төгрөгийг ажил дээр ирээд тооцоо нийлээд аваад явсан ...”,

            2 дугаар хавтаст хэргийн 76-77 дугаар талд хохирогч А.Амаржаргал дахин мэдүүлэхдээ “...байрны 1 м.кв-ийг 1.000.000 төгрөгөөр бодож авна гэж тохирсон. Тэгэхээр 51.210.000 төгрөг болж байгаа. Түүн дээр Долгорсүрэн надаас граж захиалж өгнө гэж 9.000.000 төгрөгийг авсан. Ингэхээр 60.210.000 төгрөг болж байгаа. Харанхуй өрөөний мөнгө гэж 3.500.000 төгрөгийг өгөхөөр тохироод 2.000.000 төгрөгийг нь ажил дээр ирээд аваад явсан. Дараа нь 1.655.000 төгрөгийг аваад явсан. Дотор заслын барааны мөнгө гэж 2.000.000 төгрөгийг аваад Эрээн рүү явсан. Засварын ажлын хөлс гэж урьдчилгаа 1.500.000 төгрөгийг авсан. Обойны мөнгө гэж 1.100.000 төгрөгийг ажил дээр ирээд аваад явсан. Засвар хийж байгаа хүмүүсийн хоолны мөнгө гэж 100.000 төгрөгийг баригдаж байгаа барилгын үүдэнд очиж өгсөн. Сангийн материалын мөнгө гэж 500.000 төгрөгийг, 400.000 төгрөгийг, 250.000 төгрөгийг өгч явуулсан. Байрны ажил дуусаад 1.500.000 төгрөгийг аваад явсан. Хамгийн сүүлд 900.000 төгрөг аваад явсан ...” гэх мэдүүлгүүд,

 

            1 дүгээр хавтаст хэргийн 117 дугаар талд 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр А.Амаржаргал, Б.Долгорсүрэн нарын хооронд “Төлбөр барагдуулах гэрээ” зэрэг нотлох баримтуудын эх сурвалжийг үнэн бодитой эсэхийг шалгахаар цуглуулсан хохирогч А.Амаржаргалын нөхөр О.Намжинбаатарын мэдүүлгэн нотлох баримтад “... манай эхнэр өөрийнхөө данснаасаа Долгорсүрэн гэх эмэгтэйд 50.000.000 төгрөг бэлнээр өгсөн гэдгээ хэлж байсан ...“ гэж мэдүүлсэн нь дээрх прокуророос тогтоогдсон гэж үзсэн үйл баримтын нотлох баримтуудад эргэлзээ төрж байна.

 

            Үүнээс гадна, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Долгорсүрэн нь “... Амаржаргалаас 20.000.000 төгрөгийг зээлсэн, ... тэгээд бага багаар цувуулсаар байгаад миний тооцоогоор 69.000.000 төгрөгийг төлөх ёстой, Амаржаргал надаас 77.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа, ... тухайн үед би байрны мөнгө болон 69.000.000 төгрөг дээр зээлүүлсэн 10.000.000 төгрөгийн үлдэгдэл болон хүүг нь нэмлээ гэж бодсон, мөнгө авахдаа нэг ч удаа баримт үйлдэж байгаагүй  ...” /1-р хх 59-61/,

            “... А.Амаржаргалаас “байрны захиалга өгөх гэсэн чинь урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна, мөнгө байвал зээлээч” гээд эхлээд 20.000.000 төгрөгийг хүү энэ тэр яриагүй зээлсэн, ...үндсэндээ А.Амаржаргалаас байрны захиалгын мөнгө болох 37.500.000 төгрөг, гражийн 9.000.000 төгрөг, үлдэгдэл мөнгө нь байрны дотор засварын мөнгө гэж авсан. Миний тооцоогоор 68.000.000 төгрөгийн тооцоо гарч байгаа, ... ингээд 2012 оны 12 сар шиг санаж байна, би хамаатны дүү Б.Ариунзаяагаас 40.000.000 төгрөгийг зээлээд А.Амаржаргалд өгөх гэж байгаад хаалганыхаа хажууд мөнгөө тавиад алга болсон байсан. ...байрны захиалгын үнэ 37.500.000 төгрөг болж байсан учраас 35.000.000 төгрөгийг А.Амаржаргалаас цувуулж зээлж авсан. Би А.Амаржаргалд “граж захиалмаар байна” гэсэн чинь “надад нэгийг аваад өгөөч, Алтанцэцэг дарга таньд өгнө шүү дээ” гэсэн. Тэгээд Амаржаргал 9.000.000 төгрөгийг “граж аваад өгөөрэй” гээд өгсөн. Харин А.Амаржаргалын надаас нэхэмжилж байгаа засварын мөнгө болох 9.000.000 орчим төгрөг, засварын ажилчдын хөлс болох 2.300.000 төгрөгийг би А.Амаржаргалаас аваагүй, 10.000.000 төгрөгийг тусдаа хүү Халиун байр авах гээд байрны урьдчилгаа болгож гэрээ хийж зээлж аваад түүнээс 8.000.000 төгрөгийг нь буцаан төлсөн. Тэгэхээр миний тооцоогоор 44.000.000 төгрөг А.Амаржаргалаас авсан байж болох юм...” /1-р хх 63-65/,

           

            “...Би А.Амаржаргалаас “байр захиалах гэсэн юм аа” гэсэн чинь “за за” гэсэн. Ямар нэг хүү яриагүй, надад өөрт байсан 4.800.000 төгрөг дээрээ А.Амаржаргалаас 20.000.000 төгрөгийг зээлээд Баянзүрх дүүргийн цагдаад тушаасан, ...2012 оны 2 дугаар сард эхний 20.000.000 төгрөгийг А.Амаржаргалаас аваад тушаасан, уг мөнгийг А.Амаржаргал манай гэрт бэлнээр авчирч өгсөн шиг санаж байна. Дараагийнх нь 7.500.000 төгрөгийг 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр тушаасан. 9.000.000 төгрөгийг А.Амаржаргал надад “граж захиалаад өгөөч” гэж гуйгаад өгсөн. ...А.Амаржаргал хамгийн сүүлд 2015 оны 7 дугаар сард надтай уулзаад “нөхөр Лутаа уурлаад байна, нөхөртөө үзүүлэх юм хэрэгтэй байна, та мөнгө авсан гээд бичээд өгөөч” гэж гуйхаар нь би бичээд нотариатаар гэрчлүүлсэн...” /1-р хх 234-236/,

            “...Би А.Амаржаргалаас байр захиална гэж 77.000.000 төгрөг аваагүй, би А.Амаржаргалаас 40.000.000 орчим төгрөгийг өөртөө байр захиална гэж зээлж авсан. 2, 3 удаагийн давтамжтай хувааж авсан. Намайг Эрээн рүү наймаанд явахад А.Амаржаргал надад хэд хэдэн удаа мөнгө өгч, барилгын материал захиж байсан. Яагаад гэхээр А.Амаржаргал нь 2013 онд Амгаланд сэндвичний үйлдвэр байгуулсан, түүнийхээ цонх, сангийн материал зэргийг захиж байсан. Тэрнийхээ мөнгийг оруулж тооцож бодоод байна гэж би ойлгож байна. Миний хувьд А.Амаржаргалаас 69.000.000 төгрөг авсан зүйл байхгүй, миний тооцоогоор 40.000.000 төгрөг авсан...” /2-р хх 79-80/,

 

            “...Миний хувьд мөнгө зээлсэн бөгөөд зээлэхдээ 35.000.000 төгрөгийг зээлсэн, би анхнаасаа өөртөө байр захиална гэж А.Амаржаргалаас мөнгө зээлсэн, ...ингэхээр би А.Амаржаргалаас нийт 45.000.000 төгрөгийг зээлээд 8.000.000 төгрөгийг буцаан өгсөн. Тэгэхээр 37.000.000 төгрөгийг би А.Амаржаргалд төлөх ёстой гэж үзэж байна...” /2-р хх 133-134/ гэж тус тус мэдүүлж байгааг бусад нотлох баримтуудтай харьцуулах, эх сурвалжийг магадлах аргаар тогтоох шаардлагатай.

 

             Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Долгорсүрэн, хохирогч А.Амаржаргал нарын өгсөн дээрх мэдүүлгүүд нь цаг хугацааны хувьд болон мөнгөний дүн зөрүүтэй, тэдгээрийн хооронд хийгдсэн төлбөр барагдуулах гэрээ зэргээс дүгнэн үзэхэд

- А.Амаржаргал нь Б.Долгорсүрэнд нийт хэдэн төгрөг өгсөн,

            - Б.Долгорсүрэн залилан мэхлэх гэмт хэргийн арга болох хуурч мэхлэх, итгэл эвдэх аргын алинаар А.Амаржаргалаас хэдэн төгрөг авсан,

            - тэдний мэдүүлгийн эх сурвалж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82, 83 дугаар зүйлүүдэд зааснаар бусад нотлох баримтаар хэрхэн батлагдаж байгаа, хэрхэн зөрж байгаа,

            - хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжаа шууд заасан гэж үзвэл, тэрхүү заасан эх сурвалжийг үнэн бодит эсэхийг шалгахын тулд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлд заасан аль аргачлалыг хэрхэн ашиглах, түүнийг үнэлэх, эсхүл няцаах зэрэг ажиллагаа хийлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

            Дээрх асуудлууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн байцаалт прокурорын шатанд заавал хийгдвэл зохих Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.5 дахь хэсэгт заасан нөхцлүүд байгаа бөгөөд уг нотлох баримтуудын эргэлзээг арилгах бүрэн боломжтой гэж үзэв.

 

            Түүнчлэн Эрүүгийн эрх зүй дэх өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх зарчим нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрх хэдий ч аливаа этгээдийн энэхүү эрхээ хэрэгжүүлэх агуулга нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд санаатай саад учруулах, эсхүл худал мэдүүлэг өгөх зэрэг үйлдлийг зөвтгөх ойлголт биш юм. Өөрөөр хэлбэл тухайн этгээд дээрх эрхийг эдлэхийг хүссэн тохиолдлыг “мэдүүлэг өгөхгүй байх эрх”, эсхүл “дуугүй байх эрх” гэж үзэж хангах ёстой бөгөөд харин мэдүүлэг өгөхөөр зөвшөөрсөн тохиолдолд зөвхөн үнэн зөв мэдүүлэг өгөх ёстой. Харин үнэн зөв мэдүүлэг өгөхгүй бол энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байгаа үйлдэл болохыг анхаарч мөрдөн байцаалтын ажиллагааг явуулбал зохино.

 

            Иймд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээрх байдлын улмаас давж заалдах шатны шүүх иргэний нэхэмжлэгч Б.Ариунзаяа, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан гомдлуудыг энэ удаа эцэслэн шийдвэрлэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Долгорсүрэнд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулж, Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

            2. Хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт очтол Б.Долгорсүрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ГАНСҮХ

 

                        ШҮҮГЧИД                                                        Б.ЗОРИГ

 

                                                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ