Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 00137

 

                      Б.Мөнхнасан, Ц.Олдохбаяр, Б.Эрдэнэдаваа

                         нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                

 

                                                                      Хэргийн индекс 142/2015/0117/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

           Прокурор                                           Б.Бүжинлхам

            Шүүгдэгч                                           Б.Мөнхнасан

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                 П.Ган-Очир, Х.Оюунбат

           Нарийн бичгийн дарга                  Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 79А дугаар шийтгэх тогтоолтой, Б.Мөнхнасан, Ц.Олдохбаяр, Б.Эрдэнэдаваа нарт холбогдох, 201514000108 дугаартай, эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Мөнхнасангийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

-Монгол Улсын иргэн, 1989-06-12-нд Булган аймгийн  Сэлэнгэ суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Хабитатын 6-б-13 тоотод оршин суух, урьд нь 2014-03-24-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ГИ89061219 регистрийн дугаартай, Боржигон овогт Батбаярын Мөнхнасан,

 

-Монгол Улсын иргэн, 1995-06-19-нд Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Хабитатын 6-б-13 тоотод оршин суух, урьд 2014-03-24-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ФЖ95061911 регистрийн дугаартай, Дэлсэг овогт Бадрахын Эрдэнэдаваа,

 

-Монгол Улсын иргэн, 1997-10-03-нд Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, хүргэн ах, нагац эгч, тэдний охин, хүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баян цагаан багийн Шинэ тосгоны 9-01 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ГИ97100314 регистрийн дугаартай, Халх овогт Цогтбаярын Олдохбаяр.

 

-Шүүгдэгч Ц.Олдохбаяр нь ганцаараа 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын  Баянцагаан багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй М.Отгонбаярыг хичээлээ тараад гэртээ харихаар явж байхад нь самсунг эс-3 маркийн гар утсыг нь хүч хэрэглэн дээрэмдэж 183.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

- Шүүгдэгч Ц.Олдохбаяр нь ганцаараа 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байх Эрдэм ахлах сургуулийн ойролцоо тус сургуулийн сурагч Б.Энхцогтын Самсунг маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж 30.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

-Шүүгдэгч Б.Мөнхнасан, Ц.Олдохбаяр нар нь бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-19 дүгээр байрны баруун талын зам дээр Д.Шинэбаярын LGF-120 маркийн гар утсыг дээрэмдэн 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

- Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа, Ц.Олдохбаяр нар нь бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Эрдэм ахлах сургуулийн сурагч Б.Буянбатын Т-мобайл маркийн гар утас, Б.Дүүрэнбуянгийн Нөт-1 маркийн гар утас, 3.000 төгрөг, О.Жамъяандоржийн Эль жи прадо маркийн гар утас, Б.Цогтбаярын бэлэн 60.000 төгрөг, З.Анхмөрөнгийн Самсунг эс-2 маркийн гар утас зэргийг дээрэмдэн 775.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 79А дугаар шийтгэх тогтоолоор :

 

Шүүгдэгч Боржигон овогтой Батбаярын Мөнхнасан, Халх овогтой  Цогтбаярын Олдохбаяр нарыг бүлэглэн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Дэлсэг овогтой Бадрахын Эрдэнэдавааг  бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.д зааснаар шүүгдэгч Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа нарыг эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 5 /тав/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551.зүйлийн 551.1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.д зааснаар шүүгдэгч Ц.Олдохбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар тус тус шийтгэж,  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1.д зааснаар  Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тус бүрийн 05 жил 01 хоногийн хорих ялд Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 03 сарын 24-ний өдрийн 20  дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан тус бүрийн 02 жил 06 сарын хорих ялаас 01 сар хорих ялыг нэмж тэдний эдлэх ялыг тус бүр 05 /тав/ жил 01 /нэг/ сар 01 /нэг/ хоногоор тогтоож,  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1., Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.д зааснаар шүүгдэгч Б.Мөнхнасанд оногдуулсан 5 жил 1 сар 1 хоног, Б.Эрдэнэдаваад оногдуулсан 05 жил 01 сар 01 хоногийн хорих ялаас тус бүр 2 жилийг, Ц.Олдохбаярт оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хасч,  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа нарт оногдуулсан 3 жил 1 сар 1 хоног, шүүгдэгч Ц.Олдохбаярт оногдуулсан 1 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч Б.Мөнхнасангийн цагдан хоригдсон 463 хоног, Б. Эрдэнэдаваагийн цагдан хоригдсон 526 хоног, Ц. Олдохбаярын цагдан хоригдсон 297 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7.д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацааг дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэдаваа, Б.Мөнхнасан, Ц.Олдохбаяр нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Мөнхнасан давж заалдах гомдолдоо:

 

Батбаяр овогтой Мөнхнасан миний бие 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.т зааснаар Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 3 жил 1 сар 1 хоногийн хорих ялыг жирийн дэглэмд эдлүүлэхээр шийтгүүлсэн.

 

Ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Болор-Эрдэнэ ажилгүй, том хүү Анхбаяр 4 дүгээр ангид сурдаг, бага охин Мөнхнаран энэ жил 3 настай. Ар гэрийн санхүүгийн байдлаас болж цэцэрлэгт оруулж чадаагүй. Миний ээж Наранцэцэг нь бие муутай 2016 оны 2 дугаар сард тархиндаа цус харван Улаанбаатар хотод тархины маш хүнд хагалгаанд орсон. Хагалгаанд орсноос хойш биеийн байдал нь сайжрахгүй муу байх болсон. Би эхнэр, хүүхэд, аав, ээжийгээ хувиараа ажил хийж амжиргааг нь залгуулдаг байсан.

 

Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, хохирлоо төлж барагдуулсан, ар гэрийн энэ байдлыг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил 1 сар 1 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.д заасныг журамлан ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Бүжинлхам  дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Орхон аймгийн Прокурорын газраас Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа, Ц.Олдохбаяр нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, бүлэглэж дээрэмдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзвэл:  

 

            а./ Шүүгдэгч Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа, Ц.Олдохбаяр нар нь бүлэглэн 2015-02-23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг “Эрдэм” ахлах сургуулийн сурагчдыг хичээл тараад явж байхад нь айлган сүрдүүлж Б.Дүүрэнбуянгийн “Нөт-1” маркийн гар утсыг, Б.Буянбатын “Т-мобайл” маркийн гар утас, О.Жамъяандоржийн “Эл-Жи прадо” маркийн гар утас, Б.Цогтбаярын 60.000 төгрөг, З.Анхмөрөнгийн “Самсунг-Эс-2” маркийн гар утсыг тус тус дээрэмдэн авч тэдэнд 775.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

           б./ Шүүгдэгч Б.Мөнхнасан, Ц.Олдохбаяр нар нь бүлэглэн 2015-02-20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-19 дүгээр байрны баруун талаар явж байсан насанд хүрээгүй Д.Шинэбаярын “LGF-120” маркийн гар утсыг дээрэмдэн 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          в./Шүүгдэгч Ц.Олдохбаяр нь ганцаараа 2015-02-10-ны өдөр Баян-Өндөр сумын Баянцагаан сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй М.Отгонбаярыг хичээл тараад гэртээ харихаар явж байхад нь “С-3” маркийн гар утсыг нь дээрэмдэн 183.000 төгрөгийн хохирол, мөн 2015-02-18-ны өдөр Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Б.Энхцогтыг мөн хичээл тараад явж байхад нь “Самсунг” маркийн гар утсыг нь дээрэмдэж 30.000 төгрөгийн хохирол тус тус учруулан, Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа нар нь бүлэглэж давтан үйлдлээр, Ц.Олдохбаяр нь бүлэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон, тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

                                                                                                    

            Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа эрүүгийн хуулийг  жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн байх тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

 

            Хэргээс үзвэл шүүгдэгч Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа нар нь урьд нь хулгайн гэмт хэрэг бүлэглэн үйлдэж 2014-03-24-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар тус бүр 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан бөгөөд тэд энэ хугацаанд буюу 2015 оны 2 дугаар сард дээрх гэмт хэргийг үйлджээ.

 

            Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа нарын тэнсэж хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай  хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2.д зааснаар хэрэгсэхгүй болсон учраас тэднийг  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

            Иймд тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.д заасан ял оногдуулж, ялыг дээрх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан “...Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал...” гэсэн заалтад ороогүй байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохих хэсэгт хамааруулах, мөн шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулах боломжтой байх тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаан хийх хүртэл буюу 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл шүүгдэгч Б.Мөнхнасан 493 хоног, Б.Эрдэнэдаваа 556 хоног, Ц.Олдохбаяр 327 хоног  цагдан хоригджээ. 

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4., 321 дүгээр зүйлийн 321.1.3., 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 79А дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2,4,5  дугаар заалтыг:

 

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.д зааснаар шүүгдэгч Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа, Ц.Олдохбаяр нарыг тус тус эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сар 1 хоногийн  хорих ялаар шийтгэсүгэй гэж.,

 

- Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.д зааснаар шүүгдэгч Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа, Ц.Олдохбаяр нарт тус бүрт оногдуулсан 3 жил 4 сар 1 хоног хорих ялаас тус тус 2 жилийг өршөөн хасаж тус бүрийн үлдэх 1 жил 4 сар 1 хоногийн  хорих ялыг эдлүүлсүгэй гэж.,  

 

            - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар  зүйлийн 52.5.д заасныг баримтлан  шүүгдэгч Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа, Ц.Олдохбаяр нарын  эдлэх   1 жил 4 сар 1 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй гэж., тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч Б.Мөнхнасан  493 хоног, Б.Эрдэнэдаваа 556 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, тэд  шүүхээс оногдуулсан 1 жил 4 сар 1 хоногийн хорих ялыг эдэлж дууссан байх тул Б.Мөнхнасан, Б.Эрдэнэдаваа нарыг сулласугай.

3.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын  шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          З.ХОСБАЯР

 

            ШҮҮГЧИД                                                                             С.ЦЭЦЭГМАА                                                                                                                                                                                                                                         

 

                                                                                                            Ц.ТУЯА