Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 00138

 

П.Бүрнээд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                       Хэргийн индекс 142/2016/0108/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

           Прокурор                                           Б.Бүжинлхам

            Ялтан                                     П.Бүрнээ

            Ялтны өмгөөлөгч                            П.Ган-Очир

            Хохирогч                                           Ц.Цэрэндэжид

            Хохирогчийн өмгөөлөгч               Г.Цагаан

            Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолтой П.Бүрнээд холбогдох, 201614000210 дугаартай, эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгч Д.Дарьбазар, П.Ган-Очир нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1964-05-10-нд Булган аймгийн Булган суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механик мэргэжилтэй, “Анаг” ХХК-ны захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-8-13 тоотод оршин суух, урьд 1984 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86-б-д зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэгдэж 1986 оны 09 дүгээр сарын 08-нд тэнсэн суллагдаж байсан, ГВ64051019 регистрийн дугаартай, Хусан бүрд овогт Пүрвээгийн Бүрнээ.

 

Шүүгдэгч П.Бүрнээ нь 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-8-13 тоотод эхнэр Ц.Цэрэндэжидийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Хусан бүрд овгийн Пүрвээгийн Бүрнээг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1.т зааснаар шүүгдэгч П.Бүрнээг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч П.Бүрнээгийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

 

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжилдсэн хөрөнгөгүйг дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Д.Дарьбазар давж заалдах гомдолдоо:

 

П.Бүрнээ 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-8-13 тоотод эхнэр Ц.Цэрэндэжидийг зодож бие мах бодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

 

Анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1.т зааснаар П.Бүрнээг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. П.Бүрнээ нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн харъяа машины гражийн 210 хүнийг өдөр тутмын хоол хүнсээр ханган ажилладаг. Тус хоолны газрыг ажиллуулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэр, материал бусад эд зүйл нь “Анаг” ХХК-ийн захирлын гарын үсэгтэйгээр бүтэж хэвийн үйл ажиллагаа явуулж ирсэн. П.Бүрнээ хорих ялаар шийтгүүлснээр тус хоолны газар ажиллаж чадахгүйд хүрээд байна.

 

П.Бүрнээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1.д заасан хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч П.Ган-Очир давж заалдах гомдолдоо:

 

Шүүгдэгч П.Бүрнээ нь холбогдсон хэргийнхээ талаар анхнаасаа үнэн зөв мэдүүлэн хохирогч Ц.Цэрэндэжидээс уучлалт гуйсан. П.Бүрнээ, Ц.Цэрэндэжид нар нь амьдралынхаа бүх зүйлийг хамтран хийж ирсэн гэр бүлийн хүмүүс. П.Бүрнээ 2003 оноос одоо хүртэл “Анаг” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаа. Ажиллах хугацаандаа иргэд, олон нийтийн болон төрийн байгууллагад ямар нэгэн зөрчил дутагдал, гомдол саналгүйгээр ажиллаж ирсэн. Холбогдох материалууд хавтаст хэрэгт байгаа.

 

. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байх тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулсаны эцэст шийдвэрлүүлэх шаардлагатай байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Бүжинлхам дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                                 

ХЯНАВАЛ:

 

Орхон аймгийн Прокурорын газраас П.Бүрнээг 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-8-13 тоотод эхнэр Ц.Цэрэндэжидийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулж ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Ялтан П.Бүрнээгийн үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох:

 

- Ялтан П.Бүрнээгийн өөрийнх нь :

 

...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэр Ц.Цэрэндэжидийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь үнэн. ...Гэр бүлийн асуудлаас болоод эхнэр бид хоёр 2015 оны 09 дүгээр сараас хойш тус тусдаа амьдарч байсан..., 2016-04-10-ны орой эхнэр Цэрэндэжид Улаанбаатар хотоос Эрдэнэт рүү гарлаа гэсэн ба би гэртээ хоол унд бэлдээд хүлээгээд ирэхгүй удаад байхаар нь "Хүрхрээ" нэртэй пивоны газарт орж 2 лааз пиво авч уугаад гарч яваад эхнэрийн машин явж байхыг хараад араас нь дагаж Дэнж багт очоод зогсохоор нь эхнэрийн машины түлхүүрийг булааж авсан…,

 

Эхнэр 2016 оны 9 дүгээр сард гэрээсээ яваад ирэхгүй байж байгаад ирсэн болохоор уүр хүрээд Ц.Цэрэндэжидийн гуя, мөр, гэдэс гар, хөл рүү нь гараараа цохьсон… үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна... гэсэн мэдүүлэг,  

 

 - Хохирогч Ц.Цэрэндэжидийн :

 

Би 1998 онд П.Бүрнээтэй гэр бүл болж "Анаг" ХХК-ийн захирлаар нөхөр Бүрнээг тавьсан. Аавыг минь нас барснаас хойш Бүрнээ намайг байнгын дарамтанд байлгах болсон..., Бүрнээд гомдолтой байна..., Ер нь бол намайг хардаж чамайг ална гээд аавын минь Бүрнээд бэлэглэсэн бууг машиндаа хийгээд намайг ууланд модтой газар аваачаад буудна гэдэг..., Бидний хооронд олон удаа маргаан гарч байсан бөгөөд би түүнийг засрах байх гэж бодоод олон удаа уучилж байсан ...,

 

 Хамгийн сүүлд 2016-04-10-ны өдөр Улаанбаатар хотоос өөрийнхөө машинаар Булган аймгийн Булган суманд байдаг "Анаг" ХХК-ны ерөнхий тогооч Сарантуяа болон өмнө таньдаг байсан Омбойдоо, Оюун-Эрдэнэ нарыг хүүхдийнх нь хамт аваад Орхон аймагт 23 цаг өнгөрөөд ирсэн..., Тэгээд Дэнж багт очих гээд явж байхад нөхөр Бүрнээ танихгүй машинаар зам таглаж зогсоод Омбойдоог миний машиныг унаж байгааг хараад чи яагаад миний машиныг унаж явдаг юм бэ? гээд хашгираад хувцаснаас нь зуурахад Омбоодой би танай эхнэрийн машинд хотоос эхнэр хүүхдийнхээ хамт дайгдаж ирсэн, ямар ч холбоо байхгүй гэхэд эхнэр Оюун-Эрдэнэ нь та яагаад манай нөхөр лүү уурлаад байгаа юм бэ гэж хэлэхэд арай зөөлрөөд намайг машин руу чирээд оруулах гэхэд Сарантуяа, Оюун-Эрдэнэ, Омбоодой нар салгах гэхэд миний хоёр хөл болон давсаг руу өшиглөсөн...,  

 

 Одоо миний эрхий хуруу хөдлөхдөө муу, юм хийж болохгүй зовиуртай байгаа. Үр хүүхдээ бодоод өнөөдрийг хүртэл энэ хүний дарамт, хүчирхийлэлд байсан. Нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуулийн дагуу л шийднэ биз дээ. Би бол их гомдолтой байгаа гэсэн… мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний албаны 2016-04-14-ний өдрийн 294 дугаартай:

 

...Ц.Цэрэндэжидийн биед зүүн сарвууны эрхий хурууны шивнүүр ясны далд хугарал, зүүн сарвуу, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүссэн..., энэ  гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн..., Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

 

Зүүн сарвууны эрхий хурууны шивнүүр ясны далд хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1.д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1.д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

 

Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт / х.хийн 32.р хуудас/ зэргээр нотлогдож тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүхийн шүүгдэгчид оногдуулсан ял түүний гэм бурууд тохирсон байна.

 

           Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан П.Бүрнээгийн өмгөөлөгч Д.Дарьбазарын “...шүүгдэгчид оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэсэн, өмгөөлөгч П.Ган-Очирын “...хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлоосоо татгалзаж байна... харин шүүгдэгчид оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзана уу...” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлээж, ялтан П.Бүрнээгийн өмгөөлөгч Д.Дарьбазар, П.Ган-Очир нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                       

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              З.ХОСБАЯР                                                                                            

 

                        ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА                                                                                                                                                                                                                                                                                          Ц.ТУЯА