Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 00139

 

Э.Оюунсүрэнд  холбогдох

захиргааны зөрчлийн тухай

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:

 

        Зөрчил гаргагч                                Э.Оюунсүрэн

        Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 320 дугаар шийтгэвэртэй Э.Оюунсүрэнд холбогдох захиргааны зөрчлийг зөрчил гаргагч Э.Оюунсүрэнгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 04-нд Завхан аймагт төрсөн, 23 настай, эмэгтэй, бурэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу баг 14-01 тоотод оршин суух, ИР93050408 регистрийн дугаартай, Сартуул овогт Эрдэнээгийн Оюунсүрэн.

 

Орхон аймгийн Цагдаагийн газраас:

 

...Э.Оюунсүрэн нь архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлдсэн зөрчил гаргасан байх тул захиргааны арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 320 дугаар шийтгэврээр:

 

Монгол Улсын Захиргааны Хариуцлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар Э.Оюунсүрэнд 14 / арван дөрөв/ хоног баривчлах шийтгэл ногдуулж, энэ материалд хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт байхгүй, зөрчил гаргагчид шийтгэврийн хувийг гардуулж, шийтгэвэрт зөрчил гаргасан этгээд, хохирогч, өмгөөлөгч шийтгэврийн хувийг хүлээн авсанаас хойш 10 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Зөрчил гаргагч Э.Оюунсүрэн давж заалдах гомдолдоо:

 

Миний бие Эрдэнээ овогтой Оюунсүрэн 23 настай. 2016 оны 10 дугаар сарын 10-нд бусадтай муудалцан 14 хоногийн цагдан хорих арга хэмжээ ногдуулсан. Миний бие муу тархи өвчтэй зүүн хөл хугаралттай гадуур эмчлүүлэх болсон тул би энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

                              ТОДОРХОЙЛОХ НЬ

 

Зөрчил гаргагч Э.Оюунсүрэн нь архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдсэн зөрчил гаргасан болох нь зөрчил гаргагчийн тайлбар, 2016 оны 10 дугаар сарын 3, 10 дугаар сарын 9-ний өдрүүдэд эрүүлжүүлэгдсэн тухай бүртгэл, захиргааны зөрчлийн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

Анхан шатны шүүх зөрчил гаргагч Э.Оюунсүрэнд Монгол улсын захиргааны хариуцлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан арга хэмжээг авсан  байна.

Гэвч зөрчил гаргагчийн биеийн эрүүл мэндийн байдлыг тухайлбал хөлөө хугалж гипсдүүлсэн , хоёр суга таягтай байгаа байдлыг харгалзан үзээд түүнд оногдуулсан баривчлах шийтгэлийн хоногийг хасаж хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1,,31 дүгээр зүйлийн 3.2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1 Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 320 дугаар шийтгэврийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “14 хоногийн” гэснийг “7 хоногийн” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

2. Магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ТУЯА

 

ШҮҮГЧИД                                                                 З.ХОСБАЯР

 

                                                                                    С.ЦЭЦЭГМАА