Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 647

 

 

 

 

 

 

 

 

 

С.Эрдэнээд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Ж.Батхуяг,

Ялтан С.Эрдэнээ,

Хохирогч Ё.Ариунтунгалаг,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ё.Ариунтунгалагийн гаргасан давж заалдах гомдлоор С.Эрдэнээд холбогдох 201626030970 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигин овгийн Санжийн Эрдэнээ, 1966 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдлын технологич мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр, охины хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 28 дугаар байрны 5 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “И Тэ Жүн” цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд түр оршин суух,

2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 150,000 төгрөгийн торгох  ялаар шийтгүүлсэн, /РД:ЦД66052904/,

 

С.Эрдэнээ нь 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И Тэ Жүн” цэцэрлэгт хүрээлэнд Ё.Ариунтунгалагтай цэцэрлэгт хүрээлэнгийн зүлгэн дээр гишгэлээ гэх шалтгаанаар маргалдаж, улмаар С.Эрдэнээ нь Ё.Ариунтунгалагийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.Эрдэнээд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Эрдэнээг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, С.Эрдэнээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг сануулж, С.Эрдэнээ нь хохирогч Ё.Ариунтунгалагт 184.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Ё.Ариунтунгалаг нь гэмт хэргийн улмаас бие махбодид учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу С.Эрдэнээгээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, С.Эрдэнээ нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр хүрээтэй харааны нүдний шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ё.Ариунтунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Эрдэнээ нь гэмт хэрэг үйлдсэн өдрөө намайг цагдаад согтуу эмэгтэй гэж гүтгэн 1-2 цаг саалтуулсан бөгөөд миний зөвшөөрөлгүйгээр уйлж буй бичлэг хийж иргэн миний эрхэд халдсан явдлыг хуулийн үүднээс авч үзэн хэлэлцэж, тохирох шийтгэлийг өгч чадаагүй гэж үзэж байна.
  2. Өөрийн биеэ барих чадваргүйгээр уур хүрсэний улмаас 2004, 2016 онуудад удаа дараа хүний биед халдаж торгуулийн арга хэмжээ авагдсан хүнд дахин торгуулийн арга хэмжээ авах шийдвэр гаргасанд гомдолтой байна.
  3. Миний эрүүл мэнд, гоо сайханд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр бүрэн төлж барагдуулаагүйгээс хамрын гэмтлийн мэс засалд орж чадахгүй сэтгэл санаа, эд хөрөнгө, бие эрхтнээрээ хохирч хагалгаанд орох хугацаа алдаж үүнээс үүдэн нүүрний баруун тал бага хэмжээгээр булчингийн үйл ажиллагаа суларсан болно. Өөрт учирсан хохирол, эмчилгээний зардал, цаашид хийгдэх нөхөн сэргээх эмчилгээний зардал болон 2.486.000 төгрөгийг нэхэмжилж байна…” гэв.

 

            Ялтан С.Эрдэнээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Намайг тухайн үед согтуу байсан, уйлж, орилж байхад миний зөвшөөрөлгүй бичлэг хийсэн гэж ярьж байна. Хэрэг гарсан газар би ажил үүргээ гүйцэтгэж байсан. Би ажил үүргийнхээ дагуу хохирогч Ё.Ариунтунгалагт шаардлага тавьсан. Харин миний шаардлагыг хүлээж авалгүй “хар царайтай, халтар, боловсролгүй, мэдлэггүй” гэж доромжилсон. Тухайн үед би дуугүй гэртээ орсон. Ё.Ариунтунгалаг нь манай гэрт орж ирээд янз бүрийн юм яриад, миний хэлснийг ойлгохгүй болохоор нь би “чи согтуу юм уу” гэж хэлсэн нь үнэн. Согтуу болохоор миний шаардлагыг хүлээж авахгүй байна гэж ойлгосон. Цагдаагийн байгууллагад дуудлага өгөхдөө би “нэг эмэгтэйтэй ойлголцохгүй маргалдаж байгаад нэг эмэгтэйг цохичихлоо, тийм учраас та нар яаралтай ирэх хэрэгтэй байна” гэж дуудлага өгсөн болохоос энд “согтуу эмэгтэй байна” гэж хэлээгүй. Урьд нь намайг торгуулийн ял шийтгэлтэй байсан учраас дахин торгуулийн ял оноосон нь үндэслэлгүй гэж ярьж байна. Тэр асуудал нь манай гэр бүлийн маргаантай асуудлаас болсон. Тэр үед би 1 нас өнгөрч байсан бага насны хүүхэдтэй байсан учраас шүүхээс надад торгуулийн ял оноосон. Энэ хэрэг нь 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гарсан бөгөөд “АСЕМ”, Сонгууль өнгөрсний дараа буюу 7 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст анх удаа дуудагдан очсон. Тэгээд 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хэрэг прокурорт шилжсэн. Энэ 7 хоногийн хугацаанд л надаас 2,670,000 төгрөг нэхэмжилж байна гэдгийг мэдэгдсэн. Иймд тухайн цаг хугацаанд нь хохирол барагдуулах боломжгүй байсан. Би тухайн компанийн албан ёсны ажилтан нь биш гэдгээ хэлсэн. Би “ямар нэгэн байдлаар эвлэрэх боломж байна уу” гэж өмгөөлөгчөө хохирогчтой уулзуулсан боловч хохирогч “боломжгүй” гэсэн. Энэ хэрэг маш богино хугацаанд шийдвэрлэгдсэн болохоор хохирлыг барагдуулж амжаагүй. Бодит гарсан зардлыг үүргийнхээ дагуу төлсөн…” гэв.

           

            Прокурор Ж.Батхуяг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүх С.Эрдэнээд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн эсэх, хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг оноосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. С.Эрдэнээ нь урьд Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгуулах ял шийтгэсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэгт зааснаар ялгүйд тооцох хугацаа дууссан. Иймд шүүгдэгч нь хохирогч Ё.Ариунтунгалагийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг анх удаа гэмт хэрэг үйлдсэнээр тооцогдож байна. Мөн шүүгдэгч хохирогчийн эмчилгээний зардлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд бүрэн төлсөн бөгөөд шүүхээс гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Ариунтунгалагийн биед учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарах зардлыг иргэний хэргийн журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Иймд хохирогч Ё.Ариунтунгалагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна…” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

С.Эрдэнээ нь 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И Тэ Жүн” цэцэрлэгт хүрээлэнд Ё.Ариунтунгалагтай цэцэрлэгт хүрээлэнгийн зүлгэн дээр гишгэлээ гэх шалтгаанаар маргалдаж, улмаар С.Эрдэнээ нь Ё.Ариунтунгалагийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

ялтан С.Эрдэнээгийн хэрэг бүртгэлтийн шатанд: “...2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн орчим би гэртээ байж байгаад цэцэрлэгт хүрээлэнгээ шалгах гээд гэрээсээ гараад харахад цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон зүлгэн дээр улаан платтай эмэгтэй зогсож байхаар нь “хөөе” гэж дуудсан чинь над руу харахаар нь би гараараа “талбайгаас гар” гэж дохьсон. Тэр эмэгтэй “би юу” гэж өөр рүүгээ гараараа заахаар нь “тийм” гэж хэлсэн чинь улаан даашинзтай эмэгтэй надад чанга дуугаар “чи яагаад намайг хөөгөөд байгаа юм, хэн нь ч мэдэгдэхгүй хар авгай яагаад хүн загнаад байгаа юм, би өөрийнхөө эрхийг эдэлж байна, хөдөөнөөс ирсэн хаяггүй, мэдлэг боловсролгүй халтайсан хар авгай” гээд хэл амаар доромжлоод байхаар нь “чи наад талбайгаасаа гарчих, өнөөдөр наад зүлгийг чинь тэгшилсэн байгаа чамайг зүлгэн дээр яваад байхаар хүмүүс дагаад зүлгэн дээр яваад байдаг юм” гэж хэлсэн чинь миний үгийг хүлээж авахгүй байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө гэр рүү орсон чинь улаан даашинзтай эмэгтэй миний хойноос гэрийн үүдэнд ирээд “хөөе муу хар авгай минь бичиг баримтаа шалгуул” гэхээр нь “гэр оронд хэрүүл хийхгүй шүү” гэж хэлээд гэрээсээ гараад тэр эмэгтэйг жаахан холдуулсан чинь “тэнэг гичий чамайг чамтай адилхан тэнэг гичий төрүүлсэн байх” гэж хэлэхээр нь миний уур хүрээд гараараа нэг удаа нүүрэн тус газар нь нэг удаа савж цохисон. Тэгсэн тэр эмэгтэй газар хөлөө жийгээд суучихаад “намайг зодчихлоо” гээд орилоод байхаар нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэр эмэгтэйг цохисны дараа хамрынх нь баруун орчим нь шалбарсан байдалтай байсан. ...Улаан даашинзтай эмэгтэй бид хоёр хоёулаа эрүүл байсан. Намайг улаан даашинзтай эмэгтэйтэй маргалдаж байхад цэцэрлэгт хүрээлэнд хүмүүс зугаалж байсан, тэр хүмүүсийг би танихгүй…” /хх-ийн 26-27/,

 

хохирогч Ё.Ариунтунгалагийн хэрэг бүртгэлтийн шатанд: “...2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Анагаах ухааны их сургуульд нийгийн эрүүл мэндийн олон улсын сургалтанд суугаад 17 цагт тарсан. Тэгээд такси бариад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан скуэрын нэг давхраас гоо сайхны бараа худалдан авалт хийхээр очоод буцаад гарч яваад такси бариад явах гэсэн чинь такси олдохгүй, дээр нь өсгийтэй гуталтай болохоор хөл өвдөөд байхаар нь Цэцэрлэгт хүрээлэн орж сандал дээр сууж гутлаа тайлаад зүлгэн дээр гишгээд явж байсан чинь хар фудволктой эмэгтэй орилоод байсан. Тэгэхээр нь би гайхаад “намайг хэлж байгаа юм уу” гэж асуусан чинь намайг гар, зайл гэж хэлэхээр нь яагаад хөөж байгаа юм гэж асуусан чинь “чи зүлгэн дээр гишгэлээ, гар зайл гичий” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Би өөрийгөө нийтийн бүсэд явж байгаа болохоор яагаад хөөгөөд байгааг ойлгоогүй. Би тэр эмэгтэйгээс “намайг яагаад хөөж байгаа юм” гэж асуухад “би энд ажилладаг хүн” гэж хэлэхээр нь “танд ажлын хувцас байхгүй байна, ажлын үнэмлэхээ үзүүлээч” гэсэн чинь үзүүлэхгүй намайг хэл амаар доромжилж байгаад цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд 4 ханатай гэр рүү орчихсон. Тухайн үед тэр эмэгтэйг хашгирахад цэцэрлэгт хүрээлэнд байсан хүмүүс хүүхдээ дагуулаад бүгд гараад явчихсан. Би цэцэрлэгт хүрээлэн рүү орохдоо цэцэрлэгт хүрээлэнд байсан тайлбарыг уншихад “нийтийн эзэмшлийн Солонгос улсын хөрөнгө оруулалттай цэцэрлэгт хүрээлэнд тавтай морил, амарч зугаалж болно” гэсэн утгатай бичиг байсан. Тэр эмэгтэйгээс ажлын үнэмлэх асуухад чамд үзүүлэх албагүй гээд татгалзаад гэр рүүгээ орчихоор нь би гэрийнх нь хаалган дээр дөхөж очоод хаалганы завсраар нь “гараад ир, ажлын үнэмлэхээ үзүүл” гэж хэлсэн чинь тэр эмэгтэй аймар ууртай хаалгаа хүчтэй савж онгойлгож гэрээсээ гарч ирээд надтай маргалдаж байснаа гэнэт зүүн гараараа миний нүүр рүү нэг удаа хүчтэй цохиход нь би газар унасан. Тэгсэн миний хамарнаас цус гараад нүд бүрэлзээд байсан. Тэгээд би цүнхнээсээ сальфетка гаргаж ирээд өөрийнхөө хамарнаас гарсан цусыг арчаад “та яагаад ингэж зодож байгаа юм” гэж асуусан чинь “хохь чинь, би чиний хохирлыг нөхөн төлчихнө” гэж хэлээд зөвшөөрөлгүйгээр миний бичлэгийг хийгээд байсан. Тэгэхээр нь би “102 руу дуудлага өгсөн” чинь тэр эмэгтэй Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү “согтуу эмэгтэй байна” гээд дуудлага өгөөд байсан. Тухайн үед тэр эмэгтэй нилээн ууртай байсан уураа барьж чадахгүй байсан. Тэр эмэгтэйгийн 4 настай хүүхэд хэлэхдээ “манай аав ээжээс салсан урт үстэй гоё эмэгтэй харахаар уур нь хүрээд байдаг” гэж хэлсэн болохоор гэр бүлийн маргаанаа бусдад гаргасан байх гэж бодож байна. Тэр эмэгтэй надад гар хүрсэн, миний зөвшөөрөлгүй өөрийнхөө утсан дээр бичлэг хийсэн. Мөн Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст “согтуу” гэж дуудлага өгч, миний гоо сайханд халдсан. Бид хоёр хоёулаа эрүүл байсан. Тэр эмэгтэй их л бухимдалтай байсан. Анх тэр эмэгтэй намайг цэцэрлэгт хүрээлэнгээс хөөхөд уг цэцэрлэгт хүрээлэнд 10 гаруй эцэг эх, нийт 20 орчим хүн байсан. Тэр хүмүүс бүгд гараад явсан. Бид хоёр л байсан. Цэцэрлэгт хүрээлэнд 60 орчим насны нэг эмэгтэй, нэг эрэгтэй хоёр цэцэрлэгт хүрээлэнгийн ариун цэврийн өрөө орчихоод гараад явж байхдаа харсан. Би хамрын ясны хагалгаанд орох гэж байгаа. Тэр зардал нь 1,500,000 төгрөг, мөн нүдний шилний үнэ 145,000 төгрөг, бусад зардалтайгаа нийлээд нийт 2,670,000 төгрөгийг тэр эмэгтэйгээс нэхэмжилж байна. Мөн цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанд гомдолтой байна, зөвшөөрөлгүй ажилд албан ёсоор аваагүй хүнийг цэцэрлэгт хүрээлэнд гэр оронтой нь байрлуулж, энгийн нэг иргэнийг нийтийн бүсэд амарч зугаалж байхад гэмтэх нөхцөлийг бүрдүүлсэн тул хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Би гомдолтой байна...” /хх-ийн 12-13/,

гэрч Ц.Элдэвийн хэрэг бүртгэлтийн шатанд: “...2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн орчим би хүнтэй уулзах гээд гадуур явж байгаад оройн 20 цагийн орчим гэртээ ирэхэд манай эхнэр С.Эрдэнээ надад нэг эмэгтэй цэцэрлэгт хүрээлэнгийн зүлгэн дээр яваад байхаар нь “гарчих” гэсэн чинь хэл амаар доромжилж, шаардлага тавихад биелүүлэхгүй байсан. Тэгээд би гэртээ орж ирээд байж байтал зүлгэн дээр явсан эмэгтэй гэрт орж ирээд “ажлын бичиг баримтаа шалгуул, хаана байдаг юм” гээд загнаад байхаар нь би гэрээсээ гарсан чинь тэр эмэгтэй намайг дагаж яваад “чам шиг гичийг чамтай адилхан гичий төрүүлсэн байх” гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд би алгадчихсан. Тэгсэн тэр эмэгтэй газар суучихаад уйлаад суугаад байхаар нь цагдаа дуудсан гэж хэлсэн...” /хх-ийн 14-16/,

гэрч Э.Пүрэвдуламын хэрэг бүртгэлийн шатанд: “...Би Цагдаагийн байгууллага дээр очсоны дараа ээжээсээ юу болсон талаар асуухад нэг эмэгтэй цэцэрлэгт хүрээлэнд зүлгэн дээр гишгээд болихгүй байхаар нь шаардлага тавихад ээжийг нь хэл амаар доромжлоод байсан тул тэр эмэгтэйг алгадсан гэж ярьсан. Ээж намайг жирэмсэн болохоор санаа зовно гээд хэлээгүй байсан. Би болсон зүйлийг нь хараагүй болохоор сайн мэдэхгүй байна...” /хх-ийн 17-18/ гэж тус тус мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “…Ё.Ариунтунгалагийн биед тархи доргилт, хамарт зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамрын таславчийн хугарал бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл…” болохыг тогтоосон шинжээчийн 8943 тоот дүгнэлт /хх-ийн 20/, “И Тэ Жүн” дурсгалт цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлага, үйл ажиллагааны журам /хх-ийн 54/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ. 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс С.Эрдэнээг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, хуульд заасан торгуулийн ял оногдуулсан байх ба хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхэд хохирогч Ё.Ариунтунгалагийн гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

Хохирогч Ё.Ариунтунгалагийн “…Миний эрүүл мэнд, гоо сайханд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр бүрэн төлж барагдуулаагүйгээс хамрын гэмтлийн мэс засалд орж чадахгүй сэтгэл санаа, эд хөрөнгө, бие эрхтнээрээ хохирч хагалгаанд орох хугацаа алдаж, үүнээс үүдэн нүүрний баруун тал бага хэмжээгээр булчингийн үйл ажиллагаа суларсан болно. Өөрт учирсан хохирол, эмчилгээний зардал, цаашид хийгдэх нөхөн сэргээх эмчилгээний зардал болон 2.486.000 төгрөгийг нэхэмжилж байна...”  гэсэн утга агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Учир нь, анхан шатны шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан ялтан С.Эрдэнээд ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн түүний хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болон хэргийн нөхцөл байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, хуульд заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг сануулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ё.Ариунтунгалаг, бусад гэрч, шинжээч эмч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан “...ялтан С.Эрдэнээ нь хохирогч Ё.Ариунтунгалагтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулжээ...” гэсэн дүгнэлт хийх бүрэн боломжтой байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, С.Эрдэнээ Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 383 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 150,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь заалтад заасан хугацаа дуусч түүний ялтай байдал арилсан талаар зөв дүгнэлт хийжээ.

 

Нөгөөтэйгүүр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хэрэг бүртгэх шатанд уг хэргийн сэдэлт, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг гарсан байдал, түүний улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэрэг хэрэгт хийгдвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн, анхан шатны шүүх гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн ялтан С.Эрдэнээгийн мэдүүлгийг үндэслэл болгоогүй, түүний мэдүүлгээс гадна дээр дурдсан хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч нарын шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримттай нийцэж байгаа мэдүүлгийг үнэлж, тэдгээрт зөв хууль зүйн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзнэ.

 

Хавтаст хэрэгт авагдсан гэрч Ц.Элдэвийн “...Би “И Тэ Жүн” цэцэрлэгт хүрээлэнд сахиулын ажил хийж, манай эхнэр надад туслаад уг цэцэрлэгт хүрээлэнд цэцэрлэгч болон цэвэрлэгчийн ажил хийдэг. Гэхдээ цалин гэж авдаггүй, орон тооны бус ажилчин. Байгууллагаас С.Эрдэнээг цэцэрлэгч болон цэвэрлэгч хийсний төлөө миний цалин дээр нэмж 200.000 төгрөг өгдөг...” /хх-ийн 14-16/ гэх мэдүүлгүүд болон Монголд суугаа Солонгос иргэдийн нийгэмлэгийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 0727-1 тоот “…Санж овогтой Эрдэнээ нь /РД: ЦД66052904/ тус цэцэрлэг хүрээлэнд туслах ажлыг гүйцэтгэдэг бөгөөд Элдэвийн үндсэн цалингын 40 хувьтай тэнцэх 200,000 төгрөгийг олгодог Элдэв нь сард 700,000 төгрөгийн цалин авдаг болно.” гэсэн албан бичиг /хх-ийн 46/ зэргээс үзвэл ялтан С.Эрдэнээ нь тус нийгэмлэгийн “И Тэ Жүн” цэцэрлэгт хүрээлэнд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хэдий ч туслах ажил хийж гүйцэтгэдэг болох нь тогтоогдож байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Иргэний хариуцагчаар насанд хүрээгүй яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг татан оролцуулж болно.” гэж заажээ.

 

Эдгээр байдлаас дүгнэхэд, С.Эрдэнээд холбогдох хэрэгт иргэний хариуцагчаар Монголд суугаа Солонгос иргэдийн нийгэмлэгийг татаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах ёстой эсэхийг нэг мөр шийдвэрлэх боломжтой байхад хохирогч Ё.Ариунтунгалагийн гэмт хэргийн улмаас бие махбодид учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг нэхэмжлэх эрхийг зөвхөн С.Эрдэнээгээс нэхэмжлэх эрхтэй гэж анхан шатны шүүх дурдсан нь дээрх байдалд нийцэхгүй байх тул уг заалтыг зөвтгөх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зорилт, зарчимд нийцэх юм.

 

Гэвч ялтан С.Эрдэнээ нь гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Ариунтунгалагт учирсан гэм хорыг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд нөхөн төлсөн, хохирлыг талаарх баримтаа хохирогч гаргаагүй байх тул шүүх энэ хэрэгт иргэний хариуцагч татах нь ач холбогдолгүй байжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Ё.Ариунтунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: