Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 66

 


 
Ж.Б, Ж.Г, Х нарт холбогдох
 эрүүгийн хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

прокурор Д.Д 
шүүгдэгч Ж.Б
шүүгдэгчийн өмгөөлөгч н.Г
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнхандын шийдвэрлэсэн, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 191 дүгээр шүүгчийн захирамжтай, яллагдагч Ж.Б, Ж.Г, Х нарт холбогдох 2 хавтас 435 хуудас бүхий эрүүгийн 201601000015 дугаартай хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Б ,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, Х, Г нарт холбогдуулан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Яллагдагч Ж.Б, БНХАУ-ын иргэн Х нар нь бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор 18-19 дүгээр зууны үед хамаарах бурханы зурмал зураг 38 ширхэг, дөрвөлжин модон бар 1 ширхэг, мөнгөн цөгц 1 ширхэг, цагаан өнгийн дун 1 ширхэг, жижиг хайрцаг бүхий бурхан 11 ширхэг, хайрцаггүй жижиг бурхан 1 ширхэг, хөх өнгийн бөөрөнхий дүрстэй доороо суурь бүхий зүйл 1 ширхэг, суурьтай хүрд 1 ширхэг, шар болон цайвар өнгийн очир 2 ширхэг, Нацагдорж бурхан 1 ширхэг зэрэг түүх соёлын дурсгалт зүйлийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
Мөн яллагдагч Ж.Б, Ж.Г, БНХАУ-ын иргэн Х нар нь бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 18-19 дүгээр зууны үед хамаарах шар өнгийн сууж буй дүртэй Мэнтүг гэх бурхан 1 ширхэг, очир бариултай металл хонх 19 ширхэг зэрэг түүх соёлын дурсгалт зүйлийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Б, Ж.Г, Х нарт холбогдох 20161000015 тоот хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Прокурорын газарт буцааж,
Хэргийг Прокурорт очтол шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн сууж буй дүртэй Мэнтүг бурхан 1 ширхэг, металл хонх 19 ширхэг, зурмал бурхан 38 ширхэг, модон бар 1 ширхэг, мөнгөн цөгц 1 ширхэг, цагаан өнгийн дун 1 ширхэг, жижиг хайрцаг бүхий бурхан 11 ширхэг, хайрцаггүй жижиг бурхан 1 ширхэг, шар өнгийн Нацагдорж бурхан 1 ширхэг, хөх өнгийн бөөрөнхий дүрстэй дороо суурь бүхий зүйл 1 ширхэг, суурьтай хүрд 1 ширхэг, шар болон цайвар өнгийн очир 2 ширхэг буюу нийт 12 төрлийн 78 ширхэг түүх соёлын дурсгалт зүйл, Ж.Гын Samsung galaxy J1 ACE маркийн гар утас 1 ширхэг, Coolpad маркийн Хятад улсын дугаартай гар утас 1 ширхэг, Ж.Бгийн China mobile 3G маркийн гар утас 1 ширхэг зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлж,
Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Прокурор С.Амарсанаа эсэргүүцэлдээ: Шүүгчийн захирамжийн 1 дэх заалтын тухайд:  Улсын Дээд шүүхийн /2003.07.09-24/ тогтоолд хориглосон эд зүйл, хязгаарласан эд зүйл гэдгийг тодорхой тайлбарласан, мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлд соёлын өв, биет өв, биет бус өв, түүх соёлын үл хөдлөх, хөдлөх дурсгалт зүйл, дурсгалт газар гэх зэргийг тайлбарласан. БСШУЯ-ны Соёлын өвийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Урантөгсийн 03 дугаартай дүгнэлтээр “шар өнгийн сууж буй дүртэй Мэнтүг бурхан 1 ширхэг, металл хонх 19 ширхэг, зурмал бурхан 38 ширхэг, модон бар 1 ширхэг, мөнгөн цөгц 1 ширхэг, цагаан өнгийн дун 1 ширхэг, жижиг хайрцаг бүхий бурхан 11 ширхэг, хайрцаггүй жижиг бурхан 1 ширхэг, шар өнгийн Нацагдорж 1 ширхэг, хөх өнгийн бөөрөнхий дүрстэй дороо суурь бүхий зүйл 1 ширхэг, суурьтай хүрд 1 ширхэг, шар болон цайвар өнгийн очир 2 ширхэг нь түүх соёлын дурсгалт зүйлс болохыг тодорхойлов” гэж дүгнэсэн болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. 
2 дахь заалтын тухайд: Мөрдөн байцаалтын явцад ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтсээс 2016.01.13-ны өдөр шинжилгээ хийлгэх тогтоол үйлдэж зах зээлийн үнэлгээний талаар асуулт тавихад Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны дэргэдэх Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн 2016.01.14-ний өдрийн хурлаар хэлэлцэгдэж БСШУ-ны яамны Соёлын өвийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Урантөгсийн 03 дугаартай дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэнд үнэлгээг тусгай зөвшөөрөлтэй үнэлгээний мэргэжлийн байгууллагаар үнэлүүлэх гэсний дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус үнэлгээ тогтоох комиссоос үнэлгээ тогтоосон байдаг тул шүүгчийн захирамжийн 2 дахь заалт үндэслэлгүй юм. 
УДШүүхийн /2003.07.09-24/ тайлбарт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт заасан “түүх соёлын дурсгалт зүйл”... гэдэгт Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан эд зүйлсийг хамааруулан ойлгохын гадна эдгээр эд зүйлсийг хууль бусаар хил нэвтрүүлэх нь тухайн нэрлэсэн зүйлийн тоо, хэмжээ, үнийн дүнгээс үл хамааран гэмт хэрэгт тооцогдоно гэж ойлговол зохино” гэж тайлбарласнаас үзвэл түүх соёлын дурсгалт зүйлийн үнийн дүнгээс шалтгаалж хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй ба Эрүүгийн хуулийн 175.2-т заасан гэмт хэрэг нь хохирол шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна гэсэн байдаг. Иймд шинжилгээ болон бусад байцаан шийтгэх ажиллагаа явуулах замаар нотлох  баримтыг цуглуулах заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. БСШУЯ-ны Соёлын өвийн хэлтсээс шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу ирүүлсэн 01/460 дугаартай албан бичгийг үндэслэж үнэлгээг тогтоолгосон тул шүүхээс дүгнэлт гараагүй байхад үнэлгээ хийлгэсэн, үнэлгээ тогтоохдоо түүх соёлын дурсгалт зүйл үнэлж байгаа талаараа мэдсэн эсэх нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн “үнэлгээг тогтоохдоо зах зээлийн жиших аргыг бодит байдлаар хэрэглэж үнэлгээ тогтоосон нь эргэлзээтэй” гэсэн нь гэрч Х.Дашхорлоогийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа болно. 
Шүүгчийн захирамжийн 3 дахь заалтын тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175.2 дахь хэсэгт “түүх соёлын дурсгалт зүйл” гэдгийг тухайлан зааж өгсөн ба үүнд хосгүй үнэт, үнэт гэсэн зэрэглэлийн аль аль нь хамаарахаар зохицуулагдсан байна. Иймд хосгүй үнэт, үнэт гэсэн зэрэглэлийг тодорхойлох нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм. 
Шүүгчийн захирамжийн 4 дэх заалтын тухайд: Гаалийн улсын байцаагч Б.Уугантуяаг Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж шалгаад, түүнд холбогдох хэргийг 2016.05.18-ны өдөр хэргийг тусгаарлан, 201610010058 дугаартай хэрэгт нэгтгэн шалгаж байгаа тул тусгаарласан тогтоолыг хэрэгт хавсаргасан байхад Б.Урантуяад холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 
Шүүгчийн захирамжийн 5 дахь заалтын тухайд: Шүүх яллагдагч нарын хамтран оролцсон хэлбэрийг тогтоох шаардлагатай гэж үзвэл эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг сонгон хэрэглэхдээ оролцогч бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэрэглэх боломжтой гэж үзэж байна. 
Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 191 дүгээр шүүгчийн захирамжийг дээрх үндэслэлүүдээр зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Прокурор Д.Ддавж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нийслэлийн прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна, эсэргүүцэл үндэслэлтэй байх тул Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016.08.05-ны өдрийн 191 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч н.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна.  Хязгаарласан буюу хориглосон эд зүйл гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйл дээр тодорхой заагаад өгчихсөн байгаа. Хориглосон буюу хязгаарласан эд зүйл гэдгийг тогтоох ажиллагаа дутуу хийгдсэн гэснийг дэмжиж байна. 2 дахь заалтын тухайд түүх соёлын дурсгал зүйл мөн үү, биш үү, үнийг эргэлзээтэй тогтоосон нь гэм буруу нь тогтоогдоогүй этгээдийн эрх зүйн байдлыг дордуулах уу, дээрдүүлэх үү гэдэг тал дээр ач холбогдолтой учраас энэ заалтыг мөн дэмжиж байна. Энэ үнэлгээ чинь эргэлзээтэй тогтоогдсон байна гэдгийг хэлж байгаа юм. Гол нь үнэлгээг мэргэжлийн зөвлөл тогтооно, гэтэл мэргэжлийн зөвлөлөөр орсон нэг ч акт байхгүй. Энэ талаар анхан шатны шүүхийн шүүгч зөв дүгнэсэн. Уг хэрэг дээр Б.Урантуяа гэж байгаа. Энэ бол техникийн алдаа. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч захирамжин дээр Урантуяа, Уугантуяа гэдэг дээр ач холбогдол өгөөгүй. Прокурор тусгаарласан гэж хэлж байгаа ч энэ талаар хэрэгт авагдаагүй байна. Хамтран оролцогчийг заавал тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 4, 6, 10 дугаар зүйлд заасан зарчим үндэслэлүүдийг харгалзаж үзэхэд зайлшгүй шаардлагатай. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар хэргийг талаар нотлогдох асуудал дутуу хийгдсэн байхад шууд нотлох баримтаар нотлогдож байна гэж үзээд өөрсдийн ажлаа хамгаалж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.


ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амарсанаагийн эсэргүүцлийн дагуу хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл яллагдагч Ж.Б,  БНХАУ-ын иргэн Х нарыг бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Замын-Үүд сум дахь Төмөр замын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор 18-19 дүгээр зууны үед хамаарах бурханы зурмал зураг 38 ширхэг дөрвөлжин модон бар 1ш, мөнгөн цөгц 1ш, цагаан өнгийн дун 1ш, жижиг хайрцаг бүхий бурхан 11ш, хайрцаггүй жижиг бурхан 1ш, хөх өнгийн бөөрөнхий дүрстэй доороо суурь бүхий зүйл 1 ш, суурьтай хүрд 1ш, шар болон цайвар өнгийн очир 2 ш, нацагдорж 1ш зэрэг түүх соёлын дурсгалт зүйлийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, мөн яллагдагч Б, БНХАУ-ын иргэн Х, Ж.Г нарыг бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Автозамын шалган нэвтрүүлэх хилийн боомтоор 18-19 дүгээр зууны үед хамаарах шар өнгийн сууж буй дүртэй Мэнтүг гэх бурхан 1 ш, очир бариултай металл хонх 19 ш зэрэг түүх соёлын дурсгалт зүйлийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар яллуулахаар шүүхэд шилжүүлснийг Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх хэргийг шүүхэд шилжүүлэлгүйгээр шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаасан нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйл нь хориглосон буюу хязгаарласан эд зүйлийг хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн байхыг шаарддаг ба хориглосон буюу хязгаарласан бараа, түүхий эд,  эд зүйлсийн ангиллыг  олон улсын гэрээ, Монгол Улсын хууль тогтоомж,  Засгийн газрын шийдвэрээр тогтоох ба ингэхдээ Монгол улсын хилээр оруулах, гаргах, эсхүл зөвхөн гаргахыг буюу оруулахыг, түүнчлэн дамжин өнгөрүүлэхийг хориглосон эсхүл  Монгол Улсын хилээр тарифын болон тарифын бус аргаар хязгаарласан эсэхийн аль нь болохыг холбогдох нотлох баримтаар заавал тогтоосон байх ёстой. Иймд  түүх соёлын дурсгалт зүйл нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эсхүл хязгаарласан эд зүйлсийн аль нь болохыг холбогдох нотлох баримтаар тогтоох нь зүйтэй юм.
Яллагдагч Ж.Б, Х нар нь  яллагдагч Ж.Гтой бүлэглэн Замын-Үүдийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор түүх соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэдгийг бүрэн шалгаж тогтоогоогүй, хууль бусаар нэвтрүүлсэн гэсэн эд зүйлс нь Монгол Улсын хилээр нэвтэрч гарчихаад буцаад 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсын хилээр орж ирж байхдаа гаалийн хяналт шалгалтаар илэрсэн нь гэрч Ш.Сүхбаатарын мэдүүлэг /хх-ийн 140-141/,  Тагнуулын Ерөнхий газрын ажилтан Энхтулгын автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-25/ зэргээр тогтоогдож байна. 

Иймд 18-19 дүгээр зууны үед хамаарах шар өнгийн сууж буй дүртэй Мэнтүг гэх бурхан 1ш, очир бариултай металл хонх 19 ш зэрэг түүх соёлын дурсгалт зүйлийг Монгол Улсын хилээр хэдийд, хэн нэвтрүүлснийг шалгаж тогтоох шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хийгдэх нэмэлт мөрдөн байцаалтын  ажиллагаан дээр нэмж шалгах шаардлагатай байна.

 Мөрдөн байцаагч шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур буюу БСШУЯ-ны түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлөөр шинжилгээ, үнэлгээ хийлгэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  шаардлагыг хангаж ажиллаагүй байна.

  Хавтаст хэрэгт авагдсан мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэлд энэ гэмт хэргийн эд мөрийн баримт болох эд зүйлсүүдийг хэлэлцсэн тухай огт тусгагдаагүй, эдгээр эд зүйлсүүдийн ямар шинж тэмдэгүүдэд үндэслэж 18-19 дүгээр зууны түүхэн орон зай, цаг үеийг төлөөлж чадаж байна гэж үзэж түүх соёлын дурсгалт зүйл гэж үзсэн нь ойлгомжгүй болсон, мөн эдгээр эд зүйлс нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3-т зааснаар түүх соёлын хосгүй үнэт, үнэт, дурсгалт зүйлсийн аль зэрэглэлд нь хамаарахыг зайлшгүй тогтоох шаардлагатай ба зэрэглэлээс хамаарч  эдгээр зүйлсийн үнэлгээг энэ мэргэжлийн зөвлөл Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар тогтоох нь зөв юм.

Энэ хэрэгт хамааралтай Гаалийн улсын байцаагч Б.Уугантуяа гэгчийг албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах буюу Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.1-т зааснаар сэжигтэн, яллагдагчаар татсан боловч түүнд холбогдох хэргийг тусгаарласан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг мөн анхаарах шаардлагатай байна.

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна гэж үзэж анхан шатны шүүхийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 191 тоот шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Нийслэлийн хяналтын прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Энэхүү магадлалд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг тус тус дурьдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БОЛОРМАА

                      ШҮҮГЧИД                                      Г.ТЭГШСУУРЬ

                                                                        А.САЙНТӨГС