Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноопын Болормаа |
Хэргийн индекс | 137/2016/0091/Э |
Дугаар | 67 |
Огноо | 2016-10-14 |
Зүйл хэсэг | 099.2., |
Улсын яллагч | Б.Батбаяр |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 67
Б.Наранбаатар, Ч.Наранболд, П.Батхүрэл нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Н.Болормаа, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
прокурор Б.Батбаяр
шүүгдэгч П.Батхүрэлийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж шийдвэрлэсэн, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Наранбаатар, Ч.Наранболд, П.Батхүрэл нарт холбогдох 1 хавтас 185 хуудас бүхий эрүүгийн 201610010106 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Наранбаатар, Ч.Наранболд, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг нарын давж заалдсан гомдлоор давж заалдах шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын Иргэн, 1973 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг, 1-88 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Лувсандорж овогт Базаррагчаагийн Наранбаатар /ЕО73042471/,
Монгол Улсын иргэн, 1968 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Заын-Үүд сумын Сүлд багийн 139-55 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Лувсандорж овогт Чулууны Наранболд/ЕО68052070/ нарт холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар,
Монгол Улсын иргэн, 1974 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 19-1 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Жанцан овогт Пүгүүгийн Батхүрэл/ОК74041618/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Б.Наранбаатар, Ч.Наранболд нар бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Мобикомын гудамжинд хувийн таарамжгүй харьцааны улмаас П.Батхүрэлийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
шүүгдэгч П.Батхүрэл нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Мобикомын гудамжинд хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Наранбаатартай маргалдаж, улмаар толгойн тус газарт нь төмрөөр цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Батхүрэлийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг, Б.Наранбаатар, Ч.Наранболд нарыг бүлэглэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч П.Батхүрэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 960000 төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч Б.Наранбаатар, Ч.Наранболд нарыг 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,
Монгол Улсын Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч П.Батхүрэлд оногдуулсан торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг хорих ялаар солихыг дурдаж,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч Б.Наранбаатар, Ч.Наранболд нар нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг дурдаж,
шүүгдэгч П.Батхүрэл, Б.Наранбаатагр, Ч.Батхүрэл нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч П.Батхүрэлийн 32 инчийн зурагтуудыг битүүмжилсэн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож,
Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгч П.Батхүрэлээс 534750 төгрөг гаргуулан хохирогч Б.Наранбаатарт олгохоор, шүүгдэгч Б.Наранбаатар, Ч.Наранболд нараас тус бүр 212850 төгрөгийг гаргуулан хохирогч П.Батхүрэлд олгож,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Наранбаатар давж заалдсан гомдолдоо: “...Миний хувьд уг гэмт хэргийг үйлдээгүй, хохирогч П.Батхүрэлийн биед хөнгөн гэмтэл учруулаагүй, харин өөрийгөө хамгаалах зорилгоор түүнийг түлхсэн талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлсэн боловч шүүхээс ...бусдын биед хэн нь гэмтэл учруулсан байх нь хамааралгүй, үйлдлээрээ нэгдэж бүлэглэсэн гэж үзэж ял шийтгэл оногдуулсан нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйл ангийн үндсэн бүрэлдэхүүн нь ...бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан байх нөхцөл, харин 99.2-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн нь ... энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нөхцөл болно. Иймд тухайн зүйл ангийн үндсэн бүрэлдэхүүн хангагдаагүй байхад шүүх шууд хүндрүүлэх бүрэлдэхүүнийг дүгнэж бусдад ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэл байхгүй. шүүх зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэн надад ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Шүүх хуралдааны явцад хохирогч П.Батхүрэл нь намайг цохисон гэж мэдүүлж байснаа сүүлдээ Ч.Наранболд бид хоёрын хэн нь цохисныг мэдэхгүй гэж мэдүүлсэн, энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй гэж зааснаар намайг яллах гол нотлох баримт болохгүй. Түүнчлэн П.Батхүрэлийн биед зөвхөн тархи доргилт гэсэн хөнгөн гэмтэл учирсан, харин миний биед зүүн хөмсөгний сүүл хэсэгт язарсан шарх, толгойн оройн хэсэгт язарсан шарх гэмтлүүд учирсан. Энэ байдлаас үзэхэд бид хоёр харилцан зодолдсон эсэх талаар дүгнэлт хийж болохоор байна. Нөгөөтэйгүүр П.Батхүрэл нь намайг өөрийнхөө биед гэмтэл учруулсан үйлдлийн талаар мэдүүлсэн мэдүүлгийг, миний биед гэмтэл учруулсан өөрийнхөө үйлдлийн талаар мэдүүлсэн мэдүүлэгтэй харьцуулан хэн нь үнэн зөв ярьж байгааг дүгнэж үзэх боломжтой. Мөн тархи доргилт гэдэг гэмтэл нь битүү гэмтэл бөгөөд хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх талаар шинжээч мэдүүлсэн. Гэтэл Ч.Наранболдын зүгээс нэг л удаа түүнийг галын хайчаар толгойд нь цохисон байхад энэ гэмтэл үүсэх үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. П.Батхүрэлийн хувьд тухайн хэрэг гарахаас өмнө маш олон хоногоор архи уусан байсан бөгөөд шинжээчийн зүгээс толгой өвдөөд байна гэж өөрийнх нь хэлсэн үгээр нь гэмтлийн зэргийг тогтоосон гэж миний хувьд үзэж байгаа. Энэ нь тархинд ямар нэгэн гэмтэл байхгүй гэсэн тархины зургаар ч харагдаж байгаа. Иймд надад холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Ч.Наранболд давж заалдсан гомдолдоо: “...Миний хувьд П.Батхүрэлийн толгойд нэг удаа галын хайчаар цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхэдэ шүүх хэргийг шийдвэрлэхдээ яагаад цохих болсон учир шалтгааныг харгалзан үзэх ёстой. Тухайн үед П.Батхүрэл миний дүү Б.Наранбаатарыг зодож толгой, хөмсөгнийх нь дээд талаас цус гарсан байдалтай зууралдаад салахгүй байхаар нь би салгах гэж нэг л удаа цохисон. Мөн биднийг Чулууны шээснүүд гэх мэтээр миний 80 гарсан ээжийг минь оролцуулж доромжилсон учраас цохих шалтгаан болсон. Тэрнээс надад П.Батхүрэлтэй муудалцсан асуудал байхгүй. Энгийн үедээ бид жирийн ах дүү, садан төрлийн харилцаатай. Шүүх Б.Наранбаатар бид хоёрыг үйлдлээрээ нэгдэж бүлэглэсэн гэж үзэхдээ яагаад санаа зорилгоороо П.Батхүрэлийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулахаар нэгдэх болсон гэдгийг дүгнэж үзэх ёстой. Б.Наранбаатар бол П.Батхүрэлийг зодоод цохиод байсныг би хараагүй, харин П.Батхүрэл Б.Наранбаатарын толгой, нүүрэнд төмрөөр цохиж цус гаргасан, мөн зуурчихаад салахгүй байсан болохоор надад ингэж салгахаас өөр арга байгаагүй. Тиймээс би өөрийгөө Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын үйлдлийг хийсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл би дүүгээ өмөөрч, мөн хөгшин настай ээжийг минь оролцуулж намайг хүртэл доромжилсон учраас би П.Батхүрэлийг цохиж гэмтээсэн учир надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...93 тоот шийтгэх тогтоолоор П.Батхүрэлийг гэм буруутайд тооцож торгуулийн ял оногдуулсныг огт хүлээн зөвшөөрөхгүй. Болсон хэрэг явдлаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Наранбаатар, Ч.Наранболд нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас П.Батхүрэлийг бүлэглэн зодсоны улмаас П.Батхүрэлийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь нотлогдож хөтөлбөргүй тогтоогдсон байна. Шүүгдэгч П.Батхүрэл нь тухайн үед өөрийгөө хамгаалах үүднээс л газраас төмөр авч түүгээрээ Б.Наранбаатарын толгойн тус газар цохисон нь гэмт хэргийн шинжийг ялимгүй төдий агуулсан, мөн дээрх довтолгооноос гэмт хэргээс учирч болох аюулыг өөр аргаар зайлуулах боломжгүй байсан байна. Өөрөөр хэлбэл төрсөн ах дүү хоёр нэг нь галын хайч, нөгөө нь дорцов барьчихсан довтолж байхад П.Батхүрэл өөрийгөө хамгаалахгүй зүгээр л зогсож байх ёстой байсан юм уу. Иймд П.Батхүрэлийн уруулсан гэх хохирол нь учирч болох байсан тухайн нөхцөл байдалд өөр аргаар зайлуулах боломжгүй байсан бол уг үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж байгаа. Энэ гэмт хэрэг анхнаасаа хохирогчийн буруутай үйлдлээс болсон гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа. Б.Наранбаатар нь Замын-Үүд сумын эмийн сангийн баримт дээр 7 хоноод 300000 гаруй мянган төгрөгийн эм авсан зэргийг шүүх хангаж шийдсэн байдаг. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б.Наранбаатарын ярьсан мэдүүлэг нь Нарангэрэлийн ярьсан мэдүүлэгтэй маш зөрүүтэй байна гэж П.Батхүрэл бас мэдүүлдэг. Гэтэл хэрэгт Нарангэрэлийн мэдүүлэг байхгүй байна. Б.Наранбаатар гэмтсэн гэх боловч эрүүл мэндийн картаа мөрдөн байцаагчид өгсөн чинь хэрэгт байхгүй байна гэсэн мэдүүлэг байдаг. Б.Наранбаатар мэдүүлэг өгөхдөө миний урд өгсөн мэдүүлгийг хуулбарлаад бичдэг юм билээ. Би тухайн үед хэлсэн чинь хурдан гарын үсгээ зур гээд зуруулсан гэсэн мэдүүлэг зэргээс харахад ийм байдлаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж байгаа эдгээр зөрчлүүдийг арилгасны эцэст энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзэж байгаа тул давж заалдах гомдол гаргахдаа П.Батхүрэлд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдлоо дээр дурдсан үндэслэлээр өөрчилж байна, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.
Улсын яллагч Э.Болор давж заалдах гомдолтой холбогдуулж гаргасан тайлбартаа: П.Батхүрэлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлд заасан гарцаагүй байдал гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь аргагүй хамгаалалтын довтолгоон нь бодитой, өөрөөр хэлбэл нэгэнт эхэлсэн, дуусаагүй байхад үйлдлээ хийсэн байхыг шаарддаг. Гэтэл П.Батхүрэл нь Ч.Наранболдыг галын хайчаар цохиж үйлдэл дууссаны дараа газраас машины багаж авч Б.Наранбаатарыг цохиж байгаа үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй. П.Батхүрэл нь ... Б.Наранбаатартай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар толгой тус газар нь төмрөөр цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь П.Батхүрэлийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг, Б.Наранбаатар, гэрч Ч.Наранжаргал нарын мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 6 сарын 6-ны өдрийн 243 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэжээ.
Прокурор Б.Батбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Б.Наранбаатар, П.Батхүрэл нар нь харилцан зодолдсон. Б.Наранбаатар гомдолдоо би огт цохиогүй гэж байна. Энэ асуудал анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд маш тодорхой байгаа. Ч.Наранболд П.Батхүрэл хоёр салахгүй болохоор нь цохисон гэдэг, энэ нь бүлэглэж зодож байгаа асуудал юм. Түүнээс биш нэг нэгээрээ өөр, өөр газар зодсон асуудал биш юм. Ч.Наранболдын нэмж зодож байгаа энэ асуудал нь хүч нэмэгдүүлж байгаа асуудал юм. 2 хүн 1 хүнийг зодож байгаа нь яалт ч үгүй бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг гэдэг нь харагдаж байгаа юм. Ч.Наранболдын үйлдлийг аргагүй хамгаалалт гэх ямар ч боломжгүй байна. Хоорондоо зодолдож байхад хажуунаас нь өөр хүч ирээд зодож байгааг аргагүй хамгаалалт гэж үзэх ямар ч боломж байхгүй. Тийм учраас Ч.Наранболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох ямар ч үндэслэл байхгүй юм. Б.Наранбаатар П.Батхүрэлийн биед хөнгөн гэмтэл бүлэглэн учруулаагүй гэдэг асуудал яригдаж байна. Энэ 2 хүний үйлдлээс болж П.Батхүрэлийн биед гэмтэл учирсан нь шинжээч эмчийн дүгнэлтээр хангалттай нотлогддог. Шинжээч эмчийн дүгнэлтээр Б.Наранбаатарт учруулсан гэмтлүүдийг хэн учруулсан юм бэ гэхээр нь П.Батхүрэл л ганц Наранбаатартай зодолдсон байдаг учраас П.Батхүрэл учруулсан болох нь нотлогдож байгаа юм. Өмгөөлөгч нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгэмд аюулгүй гэдэг зүйлийг ярьж байна. Гэтэл толгойн оройн хэсэг язарч оёдол тавиулах хэмжээний шарх бий болсон. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох заавар дээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг. Аюулыг өөр аргаар зайлуулж болох боломж байгаагүй гэж байгаа нь бас үндэслэлгүй, өөр аргаар зайлуулах боломж байсан. Мөн мэдүүлгийг хуулбарласан гэсэн. Энэ талаар ямар нэгэн гомдол санал гараагүй, шүүгдэгч юу ч гэж ярьж болно, хэрвээ тийм байгаа бол гомдлоо гаргаад шийдвэрлүүлж болно. Нарангэрэлийг гэрчээр асуусан талаар хэрэгт байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэх асуудал огт байхгүй. Иймд П.Батхүрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй юм гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Тодруулбал шүүгдэгч Б.Наранбаатар, Ч.Наранболд нар бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Мобикомын гудамжинд, хувийн таарамжгүй харьцааны улмаас П.Батхүрэлтэй маргалдаж улмаар гар болон машины түлхүүр, галын хайчаар толгой руу нь цохиж, түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг,
шүүгдэгч П.Батхүрэл нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Мобикомын гудамжинд хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Наранбаатартай маргалдаж, толгойн тус газарт гараар болон машины түлхүүрээр цохиж, түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч, шүүгдэгч П.Батхүрэл, Б.Наранбаатар, шүүгдэгч Ч.Наранболд нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Навчаа, Ч.Наранжаргал, шинжээч эмч П.Гаваасүрэн нарын мэдүүлэг, шинжээчийн 235, 243 дугаар дүгнэлт зэрэг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн, хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогджээ.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих асуудлууд бүрэн тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, шүүгдэгч нарт оногдуулсан ял, шийтгэл тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Б.Наранбаатарын “...би уг хэргийг үйлдээгүй, хохирогч П.Батхүрэлийн биед хөнгөн гэмтэл учруулаагүй учир надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг, мөн шүүгдэгч Ч.Наранболдын “...би өөрийгөө Эрүүгийн хуульд заасан аргагүй хамгаалалтын үйлдлийг хийсэн гэж үзэж байна, би дүүгээ өмөөрч, мөн ээжийг минь оролцуулж намайг хүртэл доромжилсон учраас би П.Батхүрэлийг цохиж гэмтээсэн учир надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг, шүүгдэгч П.Батхүрэлийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, дүгнэж үзэхэд шүүгдэгч Б.Наранбаатар, Ч.Наранболд нарыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэргийг, шүүгдэгч П.Батхүрэлийг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг “үйлдээгүй” гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан, дээр дурдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх ба хохирогч П.Батхүрэл, хохирогч Б.Наранбаатар болон гэрчүүд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүхээс тэдгээрийн мэдүүлгийг үнэн зөв гэж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлж, шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэдийгээр шүүгдэгч Б.Наранбаатар, Ч.Наранболд нар бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцоогүй байх боловч хохирогч П.Батхүрэлийн толгой руу шүүгдэгч Б.Наранбаатар гараар болон машины түлхүүрээр, шүүгдэгч Ч.Наранболд галын хайчаар тус тус цохисон нөхцөл байдал, үйлдлээс тэдгээрийг уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, гэмт хэрэгт хамтран оролцсон, гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн гэж үзнэ.
Түүнчлэн шүүгдэгч Ч.Наранболдыг “хуулиар хамгаалагдсан өөрийн болон бусад хүмүүсийн амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхийг шүүгдэгч П.Батхүрэлийн нийгэмд аюултай халдлагаас хамгаалж, аргагүй хамгаалалт” хийсэн гэж үзэх үндэслэлгүй байх буюу шүүгдэгч П.Батхүрэлийн зүгээс шүүгдэгч Ч.Наранболдын эрх, эрх чөлөөнд хохирол учруулахаар, бодитой заналхийлсэн үйлдэл, халдлага хийсэн гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдохгүй байна.
Харин анхан шатны шүүхээс, хохирогч Б.Наранбаатар /шүүгдэгч/, хохирогч П.Батхүрэл /шүүгдэгч/ нарын авч хэрэглэсэн эмийн баримтыг үнэлж, үнийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх ба шинжээчийн дүгнэлтээр тэдний биед хөнгөн гэмтэл учирсны улмаас эм, тариа болон эмнэлгийн үйлчилгээ авсан нь шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Наранбаатар, Ч.Наранболд, шүүгдэгч П.Батхүрэлийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Наранбаатар, шүүгдэгч Ч.Наранболд, шүүгдэгч П.Батхүрэлийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ
ШҮҮГЧ Н.БОЛОРМАА