Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 68

 

 

Х.Мод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн 
прокурор Д.Д 
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж шийдвэрлэсэн, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.Мод холбогдох 1 хавтас, 180 хуудас бүхий, эрүүгийн 201610000136 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жы гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв. 
 

Шүүгдэгч: М -д холбогдуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 
Шүүгдэгч Х.М нь 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр тус аймгийн Айраг сумын 4 дүгээр баг, Цагаан дөрвөлжийн 1-1 тоотод иргэн А.Нтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Мыг бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 5511 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мыг 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэж, 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар Х.Мод оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,
Шүүгдэгч Х.М нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 23 см урттай, улаан хүрэн өнгийн модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мын цагдан хоригдсон 29 хоногийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
Шийтгэх  тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж нь давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдсан гол үндэслэл нь гэм буруугийн сэдэлт, санаа зорилго бүрэн хэмжээгээр нотлогдож чадаагүй байхад хэргийг шийдвэрлэж, ял оногдуулсан. Яллагдагч гэм буруугаа хүлээсэн нь бусад нотлох баримтаар нотлогдвол яллагдах үндэслэл болно. Гэтэл үүнийг нотлох нотолгоо хавтаст хэрэгт эргэлзээтэй байдаг. Гол нотолгоо болох хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудсанд авагдсан хохирогч А.Нын мэдүүлэг, мөн 27-р хуудсанд А.Н нь “би бодоход хутгатай түмпэнтэй махан дээрээс унаад нуруундаа гэмтэл авсан байхаа, хэн гэмтэл учруулсныг мэдэхгүй байна, санаж байгаагаар Х.Мтой маргалдаад байсан, өөр юм болоогүй” гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. Гэтэл энэ хоёрын үйлдлийг харсан 

хөндлөнгийн гэрч байдаггүй. Насанд хүрээгүй хүүхдүүд болон гэрч Баярсайхан нар яг хэрэг болох үед хамт байгаагүй, хэрэг болсны дараа орж ирсэн байдаг. Ийм учраас гэм буруугийн сэдэл санаа зорилго, улмаар гэмт хэргийн шалтгаан нөхцөл тогтоогдож чадаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа тул  Х.Мод холбогдох  хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Прокурор Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Х.Мын үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогддог. Яг тухайн үед хамт гэрч байгаагүй ч гэсэн хамт байж байгаад гараад явсан гэрчүүд тэднийг хоёулахнаа үлдсэн гэдгийг гэрчилдэг. Х.М анх “би тухайн үед түлхчихсэн юм, давхралдаад хамтдаа уначихсан, босоод ирсэн чинь ар нуруунд нь хутга байсан” гэж ярьдаг байснаа сүүлд мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхдөө “би Ныг түлхсэн чинь босоод ирэхдээ ар нуруунд нь хутга зоогдоод босоод ирсэн, би хутгыг авчихсан гэж худлаа мэдүүлэг өгч байсан харин одоо үнэн зөв мэдүүлгээ өгье” гээд хэргээ хүлээн мэдүүлдэг. Энэ нь бусад нотлох баримтаар нотлогдож байгаа. Хүнийг санаандгүй, болгоомжгүй байдлаар хутгалж байгаа бол 3 удаа хутгална гэж байхгүй шүү дээ. Тийм учраас хавтаст хэрэгт авагдсан хангалттай нотлох баримт болон тухайн үед гаднаас орж ирсэн гэрчүүд “М хутга гартаа барьчихсан байсан. А.Н нь намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд хутгыг булааж авсан” гэж мэдүүлдэг. Үүнд насанд хүрээгүй 2 гэрчийн мэдүүлэг байдаг учраас хангалттай нотлогдож тогтоогдож байдаг. Мөн шинжээчийн дүгнэлтээр 3 удаагийн хурц, хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна гэсэн шинжээчийн дүгнэлт гардаг. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэж үзэж байгаа тул  өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:


Шүүгдэгч Х.Мыг хохирогч А.Нт санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551.1-г журамлан мөн хуулийн тусгай ангийн  96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулсан Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016-09-13-ны 82 тоот шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд зааснаар хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба эдгээр нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байна. 


Шүүгдэгч Х.Мын өмгөөлөгч Ж.Жы давж заалдсан гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцвэл шүүгдэгч Х.М эхнэр Ариунтуяатайгаа муудалцахад хохирогч А.Н нь хажуунаас нь оролцож Х.Мтой хэрэлдэж зодолдож, хохирогч А.Нын биед цээжний зүүн талд суганы арын шугамаар 1.5-2 см орчим гүн нэвтэрсэн шарх, зүүн даланд 1 см орчим шарх, зүүн бугалганд өнгөц зүсэгдсэн шарх бүхий амь насанд нь аюултай хүнд болон хөнгөн зэргийн гэмтлүүд учирсан байна. Эдгээр гэмтлүүдийг шүүгдэгч Х.М учруулсан болох нь хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон 107 /хх-ийн 64/, нэмэлт үзлэг хийсэн 132 /хх-ийн 66/ тоот шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байгаа ба уг гэмтлийг шүүгдэгч Х.М учруулсан болох нь гэрч С.Баярсайхан,  Т.Мөрөн, насанд хүрээгүй гэрч А.Азжаргал, У.Тэлмэн нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа болно. 
Шүүгдэгчийн гэм буруутайг зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгээр дүгнэж байна гэх өмгөөлөгчийн гомдлын тухайд гэвэл харин дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна гэж үзэхээр байна. Хохирогч хутгалагдах агшинд шүүгдэгч, хохирогч нараас өөр хүн байгаагүй боловч гэмт хэрэг гарахын өмнө байсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр шүүгдэгч нь эхнэрээ хохирогч А.Нтай хардаж зодож байсан, улмаар хохирогч хутгалагдсаны дараа гэрчүүд ирэхэд шүүгдэгчийн гарт хутга байсан, хохирогч нь М намайг хутгалчихлаа гэдгийг тухайн цаг мөчид хэлж байсан нь гэрч С.Баярсайханы мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг санаатайгаар хохирогчийг хутгалж, биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэж анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн санаа зорилгыг зөв тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 5 сарын хорих ялыг оногдуулсан нь үндэслэлтэй болсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирогчид учирсан эмчилгээний зардлыг төлж барагдуулсан байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан хуулинд зааснаас доогуур ял шийтгэлийг оногдуулж,  хорих ял эдлэх дэглэмийг бууруулж жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул шүүгдэгчийн ял шийтгэлийг дахин хөнгөрүүлж, ашигтай байдлаар шийдвэрлэх боломжгүй юм.
Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн санаа зорилгыг бүрэн тогтоож чадаагүй тул шүүгдэгчид Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар түүнд ашигтай байдлаар шийдвэрлэж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 82 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн  өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БОЛОРМАА
 ШҮҮГЧИД                                                 Г.ТЭГШСУУРЬ
                                                                А.САЙНТӨГС