Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 626

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Ш.Мөнх-Ертөнцөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

хохирогч Б.Ууганбаяр, О.Сайханцэцэг,

ялтан Ш.Мөнх-Ертөнц, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч С.Батжаргал, шүүгч Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ш.Мөнх-Ертөнцийн гаргасан давж заалдах гомдлоор Ш.Мөнх-Ертөнцөд холбогдох 201625030760 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Шинэбаярын Мөнх-Ертөнц, 1994 оны 6 дугаар сарын 13-нд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 17 дугаар гудамжны 479 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ТЕ94061312/;

 

Ш.Мөнх-Ертөнц нь 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд Б.Ууганбаяраас “манай багш Гэгээнсүрэнгийн ээжийнх нь эмчилгээний зардалд өгөх гэсэн юм” гэж хэлэн 3,750,000 төгрөг, “бөөгийн онгод шүтээнээс үлдээсэн өв хөрөнгийг авах гэсэн юм” гэж хэлэн 34,100,000 төгрөг, нийт 37,850,000 төгрөгийг нь залилан мэхэлж авсан,

2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд О.Сайханцэцэгээс “манай багш Гэгээнсүрэнгийн ээжийнх эмчилгээний зардалд өгөх гэсэн юм” гэж хэлэн 2,400,000 төгрөг, “бөөгийн онгод шүтээнээс үлдээсэн өв хөрөнгийг авах гэсэн юм” гэж хэлэн 875,000 төгрөг, нийт 3,275,500 төгрөгийг нь залилан мэхэлж авсан,

2015 оны 6 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Б.Төгсбаяраас “манай багш Гэгээнсүрэнгийн ээжийнх эмчилгээний зардалд өгөх гэсэн юм” гэж хэлэн 1,700,000 төгрөгийг нь тус тус хуурч мэхлэх аргаар залилан авч бусдад нийт 42,825,500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин мөрдөн байцаалтын шатанд буюу 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Ш.Мөнх-Ертөнцөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Шинэбаярын Мөнх-Ертөнцийг бусдыг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Ш.Мөнх-Ертөнцөөс 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Ш.Мөнх-Ертөнцөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгийг эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг бүхэлд нь багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сарын сарын хугацаагаар хорихоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мөнх-Ертөнцийн цагдан хоригдсон 64 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ш.Мөнх-Ертөнцөөс 42,825,500 төгрөгийн гаргуулж хохирогч Б.Ууганбаярт 37,850,000 төгрөг, хохирогч О.Сайханцэцэгт 3,275,500 төгрөг, хохирогч Б.Төгсбаярт 1,700,000 төгрөгийг тус тус олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Ялтан Ш.Мөнх-Ертөнц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2012 онд Дархан-Уул аймагт 11 дүгээр анги төгсөж хотод сургуульд сурахаар ирэхэд хохирогч Б.Ууганбаяр, О.Сайханцэцэг нарын хамаатны хүмүүс намайг манай удмын онгод тэнгэр байна, 18 настай хүүхэд олж ир гэсэн тэгээд чамаас өөр нас нь таарч байгаа хүүхэд алга гээд Гэгээнсүрэн багш дээр дагуулан очсон. Намайг бөө болох ёстой, хамаатан саданд чинь аюул тохиолдоод байна гэж хэлсэн. Б.Ууганбаяр, О.Сайханцэцэг нар болон бусад хамаатнууд намайг бөө болж чадна, заавал бөө болох ёстой гэхээр нь би зөвшөөрсөн. Гэгээнсүрэн багш болон онгод тэнгэр “Та нарт үлдээсэн их өв хөрөнгө байгаа, цаг нь болохоор хэлнэ” гэж байсан. 2012 оноос жил болгон Завхан аймаг руу уул ус, овоо тахихаар хамаатнуудтайгаа явдаг байсан. 2015 онд Завхан аймаг руу яваагүй. Архангай аймгийн Эрдэнэмандал сум руу Б.Ууганбаяр, О.Сайханцэцэг, Бямбасүрэн, Отгонжаргал нарын хамт 2012 онд үлдээсэн их өв хөрөнгийг манаж, харж байгаа хүмүүсийг олсон гээд уулзахаар хамт явсан юм. Тухайн үед өв хөрөнгө манадаг, хардаг хүмүүсээс юмаа авахын тулд мөнгө өгөх хэрэгтэй болсон. Энэ талаар хохирогч Б.Ууганбаяр, О.Сайханцэцэг нар мэдэж байсан. 2016 оны 2 дугаар сард шинийн 15-ны өдөр уулзахаар болсон. 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Ард кино театрын урд байрлах Хаан банк дээр Б.Ууганбаяр, О.Сайханцэцэг, Бямбасүрэн нартай уулзаж дансаар 29,100,000 төгрөгийг хүлээж авсан. Би уг мөнгийг өв хөрөнгө үлдээх гэж байгаа хүмүүст өгнө гэж хэлж аваагүй байтал Б.Ууганбаяр эгч өв хөрөнгө үлдээсэн хүмүүст өгнө гэж авсан талаар анх өргөдөл дээрээ мэдүүлсэн байсан. Тухайн үед өв хөрөнгө авах болон тухайн хүмүүст мөнгө өгөх талаар уулзаж ярилцаж байснаас биш өгч авах дээрээ тулаагүй байсан. 2015 оны 4 дүгээр сард манай багш Гэгээнсүрэнгийн ээжийнх нь эмчилгээний зардалд мөнгө өгнө гэж Б.Ууганбаяр, О.Сайханцэцэг, Б.Төгсбаяр нараас удаа дараа худал хэлж мөнгө нэхэж авсан талаар мэдүүлсэн байсан. Гэгээнсүрэн багшийн ээжийнх нь бие муу байгаа. Гэгээнсүрэн багшид боломжоороо мөнгө цуглуулж өгье гэж ярьсан. Гэгээнсүрэн багшид мөнгө өгөөгүй худал хэлж мөнгө авсан талаар гомдол гаргасан. Гэгээнсүрэн багшаас мэдүүлэг авахад мөнгө аваагүй гэж мэдүүлсэнд гомдолтой байна. Б.Ууганбаяр, О.Сайханцэцэг, Б.Төгсбаяр нараас гадна манай хамаатны хүмүүс болох Ж.Баасанжаргал, О.Батчулуун, О.Чулуунцэцэг нар болон бусад хүмүүс бүгд мөнгө цуглуулж өгч байсан. Гэтэл энэ хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй. 2012 оноос хойш жил болгон Завхан аймаг явахдаа манай хамаатнууд нийлж хуримтлал үүсгэж, мөнгө цуглуулж хохирогч Б.Ууганбаяр, О.Сайханцэцэг нарт өгдөг байсан. 2015 онд Архангай аймгийн Эрдэнэ мандал сум руу явахад мөн адил мөнгө цуглуулж Б.Ууганбаяр, О.Сайханцэцэг нарт өгч байсан. Гэтэл О.Сайханцэцэг, Б.Ууганбаяр нар нь намайг эргүүлж өгнө гэж мөнгө авсан талаар мэдүүлсэн байсан. О.Сайханцэцэг надад 2,400,000 төгрөгийг бэлнээр өгсөн талаар мэдүүлсэн. Би мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэхдээ Б.Ууганбаяр, О.Сайханцэцэг нараас яг хэдэн төгрөг авсан талаар санахгүй байна. Тэгэхдээ би эргүүлж өгнө гэж мөнгө зээлж байгаагүй талаар мэдүүлсэн. Мөн Гэгээнсүрэн багшийн ээжийнх нь эмчилгээний зардалд мөнгө цуглуулж өгч байсан. О.Сайханцэцэгээс 2,400,000 төгрөгийг бэлнээр авч байгаагүй. Ямар ч нотлох баримтгүй мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна. Би үнэхээр үндэслэлгүй худал хэлж, хуурч мэхэлж, залилж аваагүй. Эмчилгээний зардалд өгсөн мөнгөний үнэн учрыг шалган тогтоож өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2016 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр бусдын батлан даалтад гарсан. Тухайн үед хотод амьдрах газар байгаагүй тул мөрдөн байцаагчид хэлж Дархан-Уул аймагт руу явсан. Би бусдын батлан даалтад байх хугацаандаа утсаа унтраагаагүй мөрдөн байцаагчтай холбоотой байсан. Мөрдөн байцаагч 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр маргааш 10 цагт ирээрэй гэсэн. Би маргааш нь 10 цагт хотод ирж амжаагүй, өдөр ирээд Б.Ууганбаяр, О.Сайханцэцэг, Бямбасүрэн нартай уулзаж Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хамт очсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

 

Ялтан Ш.Мөнх-Ертөнцийн өмгөөлөгч Ц.Дарьжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.Мөнх-Ертөнцийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийг шалгаж, шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан нотолбол зохих асуудлуудыг нотлоогүй гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хор хохирлын хэмжээ, шинж чанарыг заавал тогтоох ёстой. Хохирогч нарын хохирлыг давхардуулж шийдвэрлэсэн. Рина гэгчийн данснаас Мөнх-Ертөнцийн данс руу хийгдсэн бичлэгтэй 2 сая төгрөг, мөн байрыг нь барьцаалж авсан гэх 29,100,000 төгрөгийн асуудлаар Ууганбаярын хадам эх болох Ринагаас тодруулан асууж, хохирогчийг зөв тогтоох ёстой. Мөн Батчулууны Мөнх-Ертөнцөд өгсөн 650,000 төгрөгийг Ууганбаяр нэхэмжлэх эрхгүй. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн. Учир  нь Ш.Мөнх-Ертөнцийн эх хэлгүй, дүлий, хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг. Түүнийг гэрчээр байцаахдаа дохионы хэлний шинжээч томилж, гэрчээр мэдүүлэг өгөх боломжтой гэсэн дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтийг хийхдээ шинжээчийг томилсон тогтоолгүй. Мөнхтуяагаас байцаалт авахдаа дохионы хэлний хэлмэрч оролцуулахдаа хууль сануулаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг Мөнхтуяад сануулаагүй. Ш.Мөнх-Ертөнц нь бусдын батлан даалтад байхдаа “мөрдөн байцаагч Батзаяатай байнга утсаар холбогдож, хаана байгаагаа хэлж байсан” гэж мэдүүлсэн. Мөрдөн байцаагч маргааш ирээрэй гэж хэлэхэд нь Дарханаас ирсэн. Ш.Мөнх-Ертөнцийг хэлгүй, дүлий хөгжлийн бэрхшээлтэй Мөнхтуяагийн батлан даалтад өгснийг батлан даалтад өгөх таслах сэргийлэх арга хэмжээ авагдсан гэж үзэхгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлд “хоёроос доошгүй батлан даах чадвар бүхий этгээдэд хариуцуулна” гэж заасан. Хуулийн энэ зөрчлөөс болж Мөнхтуяа батлан даалтын үр дагаварыг ойлгосон эсэх нь тодорхойгүй, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэж үзэх үндэслэлгүй юм. Ш.Мөнх-Ертөнцийн тухай үед хэрэглэж байсан гар утасны биллийг шалгах ёстой. Ш.Мөнх-Ертөнц мөрдөн байцаагчтай байнга холбоотой байсан бол оргон зайлсан гэж үзэхгүй. Хэргийг эцэслэн шалгаж хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Б.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаагч хохирогчоор олон хүн тогтоохгүй гээд О.Сайханцэцэг бид хоёрыг тогтоосон. Хохирлыг давхардуулж тооцсон байгаа. Төгсбаярын 1,700,000 төгрөг, Батчулууны 650,000 төгрөг хасагдах зөв...” гэв.

 

Хохирогч О.Сайханцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би дансаар 875,000 төгрөг, бэлнээр 2,400,000 төгрөг өгсөн. Надаас багшийнхаа ээжийн эмчилгээнд зарцуулна гэж мөнгө аваад, тэр мөнгөө бөөгийн зан үйл хийгээд төлнө гэж авсан. Тэгсэн мөртлөө, багшдаа ч өгөлгүй худлаа хэлсэн учир залилчихлаа гээд цагдаад өгсөн. Тиймээс бид нар Мөнх-Ертөнцийг залилан хийчихлээ гэж үзэж байгаа...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

 Ш.Мөнх-Ертөнц нь:

1. 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд Б.Ууганбаяраас “манай багш Гэгээнсүрэнгийн ээжийнх нь эмчилгээний зардалд өгөх гэсэн юм” гэж хэлэн 1,400,000 төгрөг, “бөөгийн онгод шүтээнээс үлдээсэн өв хөрөнгийг авахад хэрэглэнэ” гэж хэлэн 34,100,000 төгрөг, нийт 35,500,000 төгрөгийг нь залилан мэхэлж авсан,

2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд О.Сайханцэцэгээс “манай багш Гэгээнсүрэнгийн ээжийнх эмчилгээний зардалд өгөх гэсэн юм” гэж хэлэн 2,400,000 төгрөг, “бөөгийн онгод шүтээнээс үлдээсэн өв хөрөнгийг авах гэсэн юм” гэж хэлэн 875,000 төгрөг, нийт 3,275,500 төгрөгийг нь залилан мэхэлж авсан,

2015 оны 6 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Б.Төгсбаяраас “манай багш Гэгээнсүрэнгийн ээжийнх эмчилгээний зардалд өгөх гэсэн юм” гэж хэлэн 1,700,000 төгрөгийг нь тус тус хуурч мэхлэх аргаар залилан авч, бусдад нийт 40,475,500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Ууганбаярын “...Шинэбаярын Мөнх-Ертөнц нь манай өвөө Очирбатын төрсөн дүү Содномын охин Мөнхтуяагийн хүү юм. Мөнх-Ертөнц нь бөө юм. 2015 оны 10 дугаар сард манай нөхөр бид хоёр уулзаад манай дээд тэнгэр өвөг дээдэс маань хойч үедээ өв хөрөнгө үлдээсэн байсан юм байна. Тэр хөрөнгө нь өөр хүнд үе дамжин хадгалагдаж байсан юм байна. Тэр хөрөнгөө авах гэсэн юм. Гэхдээ тэр хөрөнгөө авахад тухайн хадгалж байсан хүмүүст гарын цайлгаж юм өгөх хэрэгтэй байна, та хоёр надад 30 сая төгрөг зээлж тус болооч гэсэн. Тэгээд нөхөр бид хоёр Мөнх-Ертөнцийг бөө болохоор хааяа очиж юм асууж үзүүлж харуулж байсан учир мөн хамаатан садангийн холбоотой учир нэг удаа тус болъё гэж бодоод эхний ээлжинд 1,100,000 төгрөг бэлнээр өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр “Тэрх капитал” ББСБ-д манай нөхөр Бямбасүрэнгийн эх Х.Ринагийн нэр дээр байдаг Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 15 дугаар хороолол 37-Б-39 тоот 2 өрөө байрыг барьцаанд тавьж 40 сая төгрөг зээлж авсан юм. 40 сая төгрөг зээлсэн учир нь өмнө тус байрыг манай дүү Булганбат нь Солонгос улс руу явах гээд өөр ББСБ-д барьцаанд тавьчихсан Солонгосоос мөнгө явуулж төлдөг байсан юм. Тэгээд тэр зээлийн үлдэгдэл нь 7,900,000 төгрөг болсон байсан. Тэгээд нөхөр бид хоёр хувь хүнээс мөнгө зээлж тухайн 7,900,000 төгрөгийн зээлийг нь дарж чөлөөлөөд “Тэрх капитал” ББСБ-д тавьсан юм. Тэгээд илүү гарсан 10 сая төгрөгөөр хувь хүнээс зээлсэн өрөө дарсан. Мөн зээлийн шимтгэл гэх мэт бас бус зардлуудад зарцуулагдсан. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 9-ний орой 19 цагийн үед хуучнаар Ард кино театрын урд байх Хаан банкинд очиж Мөнх-Ертөнцтэй уулзаж Мөнх-Ертөнцийн 5429234528 тоот дансанд 29,100,000 төгрөгийг хийсэн. Тэгээд Мөнх-Ертөнц нь бид нарт хэлэхдээ тэр хөрөнгөө 4 сарын дараа сайн өдөр харж байж авна. Тэгэхээр зээлийг 4 сарын дараа мөнгийг ББСБ-ын хүүтэй нь төлнө гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Мөнх-Ертөнц залгаад нөгөө хөрөнгөө авах гэтэл 40 ширхэг хайрцаг хэрэгтэй боллоо нэг хайрцаг хийлгэхэд 100,000 төгрөг болдог юм байна. Та хоёр эхнээс нь тус болсон юм чинь нэг мөсөн тус болчих гэж гуйсан. Тэгээд нөхөр бид хоёроос 4 сая төгрөг зээлэхээр болоод нөхөр бид хоёр хадам ээжийн данснаас 2 сая төгрөгийг нь шилжүүлээд эгч Сайханцэцэгийн данснаас 2 сая төгрөг Мөнх-Ертөнцийн данс руу хийлгэсэн юм. Нөхөр бид хоёр ээж, эгч хоёрт буцааж мөнгийг нь өгөх ёстой. Тэгээд 4 сарын дараа 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ББСБ-ын зээлийн хугацаа дуусаад Мөнх-Ертөнцтэй холбогдоход арай болоогүй байна хэд хоног хүлээгээч би бүх гарсан зардлыг бүрэн төлнө гэж хэлсэн. Тэгээд 3 дугаар сарын 9-ний өдөр Мөнх-Ертөнц манай гэрт ирээд маргааш мөнгөө аваад ирье та машинаа өгчих гээд манай нөхрийн 80-61 УНҮ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Соната-6” загварын автомашиныг аваад явсан. Тэгээд сүүлдээ Мөнх-Ертөнц нь одоо юм аа авчихлаа би Төв аймагт жаахан ажилтай байна та нар санаа зоволтгүй шүү дүү нь мөнгө төгрөгөө аваад очно гээд худлаа яриад өнөөдрийг хүрсэн. Одоо бүр утсаа салгаад алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14 тал/ ,

2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн “...Ууган-с...” гэсэн гүйлгээний утгатайгаар 29,100,000 төгрөгийн орлогыг Ш.Мөнх-Ертөнцийн Хаан банкны 5429234528 дугаарын данс руу хийсэн Хаан банкны баримт /хх-ийн 101 тал/,

хохирогч О.Сайханцэцэгийн “...Бид нар Гэгээнсүрэнтэй уулзахад Мөнх-Ертөнцийг улаач мөн байна гээд 2 талын ах дүү нар ярилцаад мөн Мөнх-Ертөнцөд өөрт нь бас сайн хэлээд өөрөөс нь чи бөө болж чадах уу бөө болох хатуу олон хүний зовлон үүрнэ гэж хэлэхэд Мөнх-Ертөнц би бөө болж чадна гэж сайн дурын үндсэн дээр ах дүү нар нь зөвшөөрөөд бөө болгохоор болсон. 2012 онд бөө болсон эхний 2 жил их сайн бөөлж байхдаа манай онгод тэнгэр Цэвээнравдан өвөө маань миний амьд байхдаа хэрэглэж байсан өв хөрөнгө байгаа, гэхдээ авах хугацаа болоогүй байгаа гэж хэлж байсан. Гэтэл сүүлийн 2 жил нь Мөнх-Ертөнц худлаа бөөлж 2015 оны 6 дугаар сард өвөөгийн өв хөрөнгө авах хугацаа болчихлоо гээд ах дүү нараас мөнгө татаж бөөгийн үйл хийсэн. Бөөгийн үйл хийх нэрээр 2015 оны 6 дугаар сарын 11-нд надаас 520,000 төгрөг нэхэхээр нь би 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 50,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 50,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 90,000, 30,000, 50,000 төгрөгөөр, нийт 520,000 төгрөгийг Мөнх-Ертөнцөд Хаан банкны 5429234528 тоот данс руу шилжүүлж өгсөн. Энэ мөнгөө 8 сард буцааж өгнө гэж надад Мөнх-Ертөнц хэлж байсан боловч өгөөгүй. Тэгсэн дахин Мөнх-Ертөнцийн данс руу 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 20,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 35,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 150,000 төгрөг, нийт 205,000 төгрөгийг хийсэн. Тэгж байгаад 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 150,500 төгрөгийг өгсөн. ...Харин би 875,000 төгрөг дээр нэмээд 2015 оны 4 дүгээр сард Мөнх-Ертөнц Гэгээнсүрэн багшийн ээжийн эмчилгээний зардалд надаас 2,400,000 төгрөгийг бэлнээр авсан юм. Уг мөнгийг өгөхдөө ямар нэг баримт бичиг үйлдэж аваагүй бөгөөд дансаар шилжүүлээгүй учир бичиг гэх зүйл алга. Гэхдээ уг мөнгийг нэхэмжилнэ...” /хх-ийн 16-17 тал/,

хохирогч Б.Төгсбаярын “...Миний хувьд Мөнх-Ертөнцөд 2012 оны зунаас эхэлж үзүүлж засал хийлгэдэг байсан юм. Мөнх-Ертөнцийг бөөгийн зан үйл хийх гэж байна гэхэд нь хааяа нэг очиход манай удмын сахиус Цэвээнравдан өвөөг буулгаад хамаатан садан маань асуух зүйлээ асууж, үйл хэргээ засуулдаг байсан. Гэтэл 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Мөнх-Ертөнцтэй уулзсан чинь манай багш Гэгээнсүрэнгийн ээжийнх нь бие нь тааруу болчихоод байна, эмчилгээнд нь мөнгө хандивлаач гэхээр нь за би чадах чинээгээрээ хичээе гэж хэлээд өнгөрсөн. Ингээд 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 100,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 400,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 200,000 төгрөгийг Мөнх-Ертөнцийн Хаан банкны 5429234518 тоот данс руу хийсэн. Гэтэл бүр сүүлд нь буюу 2016 оны 4 дүгээр сард манай эгч Ууганбаяр гэнэт байраа барьцаанд тавьж Мөнх-Ертөнцөд мөнгө өгсөн талаарх яриа эхлэх үед нь асууж сурсан чинь надаас авсан мөнгөө Гэгээнсүрэн багшийн эмчилгээний зардалд огт өгөөгүй байсан. Гэхдээ би 1,700,000 төгрөгийг Мөнх-Ертөнцөөс нэхэмжлэхгүй гэж бодож байна. Учир нь Мөнх-Ертөнцөөр засал ном хийлгэж байсан удаа байгаа...” /хх 18-19 тал/,

Ш.Мөнх-Ертөнцийн сэжигтнээр мэдүүлсэн “...2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хамаатны эгч Ууганбаяр болон түүний нөхөр Бямбасүрэн нараас 29,100,000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан. Би тэр хоёроос мөнгө авахдаа миний бөөгийн зан үйлд хэрэг болоод байна, хасаг түрэг манадаг ах эгч хоёрт мөнгө өгнө гэж хэлж авсан. Тэгээд мөнгөөрөө хувиараа юм хийнэ гэж бодоод тэр өдрөө 25-47 УБИ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын автомашиныг 11,900,000 төгрөгөөр авсан. Тэгээд Хонгонк улсаас хувцас оруулж ирж заръя гэтэл миний мөнгө арай хүрэхгүй байсан. Үлдсэн мөнгөөрөө машиндаа бензин хийж, өөрийн сурдаг “Сити” дээд сургуулийн төлбөрийг хийсэн. Мөн найзаасаа 300,000 төгрөгөөр “Acer” загварын суурин компьютер, Тэди төвөөс блэкберри гар утас 200,000 төгрөг, Дархан хотод байдаг найз Батхуягт авсан гуталны үнэ 250,000 төгрөг, машиндаа өвлийн дугуй 450,000 төгрөгөөр авч тавьсан. Тос маслыг нь солиулсан. Ээж Мөнхтуяад “Самсунг Эс 4” утас 250,000 төгрөгөөр авч өгсөн. Би Эс Би дэлгүүрээс 32 инчийн Сони брэндийн зурагт 550,000 төгрөгөөр, зах дээрээс 150,000 төгрөгөөр угаалгын машин авсан. ...Сүүлд цагаан сарын үеэр Ууганбаяр эгчээс бөөгийн холбоотой 40 ширхэг цүнх хийлгүүлэх гэж байгаа юм гээд 3 сая төгрөг авсан. Нйит 32,100,000 төгрөг авсан Цагаан сараар ээждээ 500,000 төгрөг өгсөн. Машинаа нэг залууд 8,500,000 төгрөгөөр зарсан. Найз охин Халиунаагийн ломбарданд тавьсан утас, ээмэг, бөгж, гинжийг 840,000 төгрөгөөр авсан. Мөн өөрийн цагийн ломбарднаас 380,000 төгрөгөөр авсан...” /хх-ийн ... тал/,

иргэний нэхэмжлэгч Г.Чойдогнамнангийн “...2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр манай эгч Баярмаа интернэтээр зар үзэж байсан чинь 2008 оны хар өнгөтэй, “Приус 20” загварын автомашиныг зарна гэсэн зарын дагуу утас руу нь залгахад эрэгтэй хүн аваад би машинаа зарна, яаралтай мөнгө хэрэг болчихоод хямдхан зарж байна, авахаар бол ирж үзэж болно, 8,500,000 төгрөг гэхээр нь би 19 дүгээр хорооллын тэнд очиж машиныг нь үзэхэд 25-47 УБИ улсын дугаартай, хар өнгөтэй, 2008 оны “Приус 20” загварын автомашин байхаар нь үзэж харчихаад эргээд холбогдоё гэж хэлээд явсан. Ингээд хэд хоногийн дараа нөгөө утас руу нь дахиж залгаад автомашиныг худалдан авья гэж хэлээд 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр шиг санагдаж байна автомашиныг би Ш.Мөнх-Ертөнцөөс 8,500,000 төгрөгөөр худалдан авсан. Уг автомашиныг худалдаж авахад эзэмшигчийн нэр нь Шинэбаяр овогтой Мөнх-Ертөнцийн нэр дээр байсан ба тухайн өдөр би 8,500,000 төгрөгийг өгөөд, тээврийн эзэмшигчийн нэрийг өөрийн нэр дээр шилжүүлж аваад явсан...” /хх-ийн 21 тал/,

гэрч А.Халиунаагийн “...2015 оны 11 дүгээр сарын орчим байх тодорхой сайн санахгүй байна Мөнх-Ертөнц надад мөнгөний хэрэг гараад байна, мөнгө байна уу гэхээр нь би яах гэж байгаа юм бэ, надад чамд өгөх мөнгө байхгүй, яаж чамд туслах юм бэ гэж хэлсэн чинь Мөнх-Ертөнц харин мөнгөний хэрэг гараад байна, чиний утас, ээмэг, гинж зэргийг чинь түр хугацаанд ломбарданд тавьчихья гэхээр нь би за за чи тэгвэл хурдан авч өгөөрэй гэж хэлээд “Ай фоне 6” загварын саарал өнгөтэй гар утас 1 ширхэг, монетон хос ээмэг 1 ширхэг, монетон гинж 1 ширхэгийг нийлүүлээд 850,000 төгрөгөнд бодож хорооллын прадоксын хажуу талд байсан ломбарданд Мөнх-Ертөнц өөрийнхөө нэр дээр тавьсан юм. Тэгээд 850,000 төгрөгийг Мөнх-Ертөнц өөрөө аваад би нэг ажил хийх гээд байгаа юм гэж хэлж байсан. Яг ямар учиртай ажилд зарцуулах гэж байгааг нь огт мэдээгүй. Тухайн үедээ би Мөнх-Ертөнцийн хамаатныхаа эгчээс мөнгө авсан талаар огт мэдээгүй байсан болохоор ажлын хэрэгцээ гарсан юм байх гэж бодсон. Тэгээд нэг их удаагүй шиг санагдаж байна 1 сарын дотор буцаагаад ээмэг, гинжийг авч өгсөн. Гэхдээ буцааж авч өгсөн 850,000 төгрөгийг хэнээс хаанаас олж ломбарднаас эд зүйлийг маань авч өгсөн талаар огт асууж сонирхоогүй...” /хх-ийн 22-25 тал/,

гэрч Н.Гэгээнсүрэнгийн “...Би 2009 оноос эхэлж бөөгийн зан үйл хийдэг болсон юм. Ингээд Ш.Мөнх-Ертөнцтэй 2012 онд Ууганбаяр эгчээр нь дамжуулж таньдаг болсон. Учир нь Ууганбаяр эгч надад үзүүлж, бөөгийн зан үйл хийлгэдэг байсан бөгөөд Ууганбаяр эгчийн хамаатан саданд зовлон тохиолдож байсан учир миний дээд тэнгэр надаар дамжуулан тэдний хамаатан садан дундаас 18 настай эрэгтэй хүүхдийг бөө болгох хүн гарах ёстой, ингэж тухайн хүүхэд бөө болсноор тэдний хамаатан садны гай барцад арилах ёстой гэж дамжуулсан юм. Ингээд би энэ тухай Ууганбаяр эгчид хэлэхэд хэд хэдэн удаа хамаатныхаа хүүхдүүдийг дагуулж ирж байсан боловч тухайн хүүхдүүд нь бөө болох сонгогдсон хүүхдүүд биш болохыг онгод сахиус надаар дамжуулан хэлж байсан юм. Гэтэл хэдэн сарын дараа тодорхой цаг хугацааг нь санахгүй байна Ууганбаяр эгч хамаатныхаа Мөнх-Ертөнц гэх 18 настай эрэгтэй хүүхдийг дагуулж ирсэн. Ингээд Мөнх-Ертөнцийг ямар учраас бөө болох ёстой, мөн тухайн яриад байгаа хүүхэд нь Мөнх-Ертөнц эсэхийг мэдэхгүй бөгөөд сахиус буухдаа надаар дамжуулж мөн гэж хэлсэн юм. Би Мөнх-Ертөнцийг танидаг байгаагүй бөгөөд анх удаа дагуулж ирэхэд нь танилцаж байсан ба Мөнх-Ертөнц миний шавь болж бөөгийн зан үйл хийдэг болсон юм. Би огт хүмүүсээс мөнгө авч бөөгийнхөө зан үйлийг үйлддэг бөө биш. Ш.Мөнх-Ертөнцөд би хүмүүсээс мөнгө авч үйл хийж болохгүй тухай захиж байсан ба зарим тохиолдолд буюу хатуу засал /хараал арилгах, лус аргадах, овоо тахих/ зэрэг үйлд тодорхой хэмжээний тогтсон мөнгө заагаагүй ойролцоогоор сая орчим төгрөг болдог юм. Гэхдээ үзүүлж байгаа хүн нь өөрөө намайг хүндэлж сүсэг бишрэлээрээ хэдэн төгрөг өгнө тэр мөнгийг нь авдаг учиртай. Гэтэл Мөнх-Ертөнц нь шашны зан үйл хийх нэрийдлээр хүнээс их хэмжээний мөнгө авсныг би их гайхаж байна. Энэ явдлыг энгийн үгээр тайлбарлахын бол би болон бусад бөө нар онгод тэнгэртэй сүнсээр холбогдож, хийх зан үйлээ сонсож мэдэж авдаг бөгөөд онгод шүтээн бол ямар нэг байдлаар үзүүлж байгаа хүнээс бид нараар дамжуулан мөнгө шаарддаггүй. Тийм учраас Мөнх-Ертөнц нь бүрэн гүйцэд сүнс, онгод шүтээнтэйгээ холбогдоогүй байж үзүүлж байгаа хүнээсээ их хэмжээний мөнгө авсан нь талаар мэдэхгүй. Уг мөнгийг хэрхэн юунд зарцуулсан талаар нь ч мэдэхгүй. Манай ээж Дүзиймаа нь нойр булчирхайн хорт хавдрын улмаас бие нь муудаж 2015 оны 12 дугаар сард нас барсан. Гэхдээ би Мөнх-Ертөнцөөс ээжийн бие муу байна, мөнгө олоод өг эсвэл зээлээч гэж хэлж нэг ч төгрөг аваагүй...” /хх-ийн 26-27 тал/,

гэрч Д.Бямбасүрэнгийн “...2015 оны 9 сарын дундуур бөөлөхөд нь очсон чинь Мөнх-Ертөнцийн биед буусан өвөөгийн сүнс “хайж байсан хүмүүсээ олчихлоо, Архангай аймаг ба Завханаар явж байгаад олчихсон байна. Тэр хоёр хүний нэгэнд нь 10 сая төгрөг, нөгөөд нь 20 сая төгрөг өгөх хэрэгтэй боллоо. Та нар арга бодооч” гэхээр нь бид нар итгээд Мөнх-Ертөнцийг биднийг хуурч байна гэж бодолгүй би өөрийн ээж Ринагийн нэр дээр байдаг 2 өрөө орон сууцыг 40 сая төгрөгөнд барьцаалаад 29,100,000 төгрөгийг дансаар шилжүүлж, манай эхнэр Ууганбаяр бэлэн болон бэлэн бусаар нийт 37,950,000 төгрөг өгсөн....” /хх-ийн 33-34 тал/,

гэрч Л.Батхуягийн “...2015 оны 10 сарын орчим Мөнх-Ертөнц Дархан-Уул аймагт ирэхдээ “Би Улаанбаатар хотоос ирж байна. Хонгонкоос хувцас оруулж ирж зараад мөнгө олох гэж байгаа, олсон мөнгөөрөө энэ машиныг авсан. Би чамд пүүзний чинь мөнгийг өгөхөөр ирлээ” гээд 180,000 төгрөг өгөөд явсан...” /хх-ийн 28 тал/ гэх мэдүүлгүүд,

“...Ш.Мөнх-Ертөнц менежмент 3 курс, сургалтын төлбөр 2,100,000 төгрөг...” гэх 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сити” ДС-ийн кассын орлогын ордер /хх-ийн 102 тал/,

2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Ш.Мөнх-Ертөнцийн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулсан баримт /хх-ийн 108-110 тал/,

“5024428331 данснаас 04/06/2015-ууганаа-100,000, 10/09/2015-ууганаа-с 29,100,000, 11/27/2015-ууганаагаас-700,000,  5024428331 данснаас 12/24/2015-500,000, 5024428331 данснаас 01/05/2016-ууганаа-500,000, 5024428331 данснаас 01/11/2016-ууганаа-5,000, 5020206955 данснаас 01/20/2016-2,000,000,

06/03/2015- төгсбаяраас- 100,000, 06/03/2015-төгсбаяраас 1,000,000, 0006/03/2015-төгсбаяраас-400,000, 06/04/2015-төгсбаяраас-200,000,

5055033128 данснаас 04/28/2015-сайхнаа-20,000, 06/11/2015-сайхнаа-50,000, 06/12/2015-Сайханцэцэг-50,000, 06/20/2015-сайхнаа-500,000, 06/29/2015-сайхнаа-270,000, 06/29/2015-сайхнаа-80,000, 07/06/2015-сайханцэцэг-350,000, 07/12/2015-сайхнаа-20,000, 07/13/2015-сайхнаа-35,000, 07/14/2014-сайхнаа-150,000, 08/19/2015-сайхнаа-10,000, 09/24/2015-сайхнаа-1,000,000, 10/12/2015-сайхнаа-150,500, 10/29/2015-сайхнаа-20,000, 01/18/2015-сайхнаа-1,000,000, 01/18/2016-сайхнаа-10,000...” гэсэн Хаан банкны Ш.Мөнх-Ертөнцийн 5429234528 дугаарын дансны хуулга /96-99 тал/ зэргээр,

 

2. 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн болох нь:

сэжигтнээр Ш.Мөнх-Ертөнц “...би өөрийн буруутай үйлдлээс болж 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс хойш дуудсан цагт ирээгүй мөрдөн байцаалтын шатанд саад учруулснаа ойлгож хүлээн зөвшөөрч байна. Батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоолтой танилцсан. Би мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлснаа хүлээн зөвшөөрч байна. Би оргон зайлах хугацаандаа батлан даалтад авсан найз охин Халиунаатай 2016 оны 5 дугаар сарын эхээр уулзсан, харин ээж Мөнхтуяатай уулзаж, утсаар холбогдож байсан...” ,

гэрч А.Халиунаагийн “...Намайг 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр сургууль дээрээ байж байсан чинь Ш.Мөнх-Ертөнц гараад ир гэхээр нь хичээлийнхээ завсарлагаанаар гарч уулзсан. Тэгэхэд Ш.Мөнх-Ертөнц би цагдаагийн байгууллага дээр байнга уулзаж дуудсан цагт нь бэлэн байгаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь би чи дуудсан цагт очихгүй бол би батлан даалтад авсан учир хариуцлага тооцогдоно шүү гэж хэлэхэд Ш.Мөнх-Ертөнц би ойлгож байна гэж хэлж байсан. Надад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу хүлээлгэх хариуцлагаас татгалзах шалтгаан байхгүйг ойлгож байна. Батлан даалтад авахдаа уг зүйл заалтын талаар уншиж танилцсан. Яг одоо Мөнх-Ертөнцийг хаана байгааг мэдэхгүй байна, бас Улаанбаатар хотод хаана оршин суудаг талаар нь мэдэхгүй байна. Аав, ээж нь хэл ярианы сонсголын бэрхшээлтэй хүмүүс байдаг болохоор сонсож, ярьж чаддаггүй юм. Найз нөхдийн талаар нь мэдэхгүй...” /хх-ийн 24 тал/ гэх мэдүүлгүүд,

2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Ш.Мөнх-Ертөнцийг А.Халиунаа, Х.Мөнхтуяа нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-ийн 60 тал/, зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой нотлох баримтуул хэрэгт хангалттай цугларсан байна.

 

Ш.Мөнх-Ертөнцийн:

 Б.Ууганбаяр, О.Сайханцэцэг, Б.Төгсбаярт нарын өөрт нь итгэсэн сүсэг бишрэлийг ашиглан “багш Гэгээнсүрэнгийн ээжийнх нь эмчилгээний зардалд өгөх гэсэн юм”, “бөөгийн онгод шүтээнээс үлдээсэн өв хөрөнгийг авахад хэрэгтэй” гэх мэтээр тэднийг залилан мэхлэж, Б.Ууганбаяраас нийт 35,500,000 төгрөгийг, О.Сайханцэцэгээс нийт 3,275,500 төгрөгийг, Б.Төгсбаяраас 1,700,000 төгрөгийг нь авч, бусдад нийт 40,475,500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас ...онц их хэмжээний хохирол учирсан...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг,

бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа уг арга хэмжээг зөрчин 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд дуудсан цагт ирээгүй, хаягандаа байхгүй болж эрэн сурвалжлагдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан “таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ...сэжигтэн, яллагдагч ...прокурорын хяналт, ...мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн бол...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тус тус бүрэн агуулсан байх тул ялтан Ш.Мөнх-Ертөнцийн “...гэмт хэрэг үйлдээгүй...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Анхан шатны шүүх Ш.Мөнх-Ертөнцийн үйлдсэн гэмт хэргүүдийг зөв зүйлчилсэн, түүнд оногдуулсан хорих ялын хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэм бурууд бүрэн тохирсон байх ба Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Харин анхан шатны шүүх хохирогч Б.Төгсбаярт учруулсан 1,700,000 төгрөгийн хохирлыг Б.Ууганбаярын хохиролд давхардуулан тооцсон, Э.Батчулууны Ш.Мөнх-Ертөнцийн данс руу шилжүүлсэн 650,000 төгрөгийг мөн Б.Ууганбаярын хохиролд оруулан тооцсон /хх-ийн 96 тал/ байх тул Б.Ууганбаярт учирсан хохирлоос 2,350,000 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож, Ш.Мөнх-Ертөнцөөс гаргуулан хохирогч нарт олгох хохирлын хэмжээнд зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй байна.

 

Ш.Мөнх-Ертөнцийн анх удаа ял шийтгүүлж буй хувийн байдлыг харгалзан түүний ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн жирийн дэглэмд ял эдлүүлэхээр, Ш.Мөнх-Ертөнцийн  2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 11 хоног, 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 68 хоног нийт 79 хоног цагдан хоригдсоныг анхан шатны шүүх буруу тооцсон байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар, хохирогч Б.Төгсбаяр “...1,700,000 төгрөгөө Мөнх-Ертөнцөөс нэхэмжлэхгүй...” /хх-ийн 18, 142 тал/ гэсэн байх тул хохирлыг гаргуулах шаардлагагүй гэж тус тус давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Ш.Мөнх-Ертөнцөд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн  болох нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 80 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 196 тал/, “...10 жил 1 сар чанга дэглэмтэй хорих ялаар шийтгэгдсэн...” гэсэн Ш.Мөнх-Ертөнцийн давж заалдах гомдол /хх-ийн 212 тал/ зэргээр нотлогдож байх атал  шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгтээ ял эдлэх дэглэмийг “...жирийн дэглэмд...” гэж илт хайхрамжгүй алдаа гаргасан байгааг анхан шатны шүүхэд анхааруулан тэмдэглэж байна.

 

Мөрдөн байцаалтад Ш.Мөнх-Ертөнцийн эх сонсголын бэрхшээлтэй Х.Мөнхтуяаг гэрчээр хэлмэрч оролцуулан байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 47 дугаар зүйлд заасан хэлмэрчийг байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах шаардлагыг хангаагүй байх тул Ш.Мөнхтуяагийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлгийг давж заалдах шатны шүүх үнэлээгүй болно. 

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 80 дугаар Шийтгэх тогтоолын:

 

            тогтоох хэсэгт “...Ш.Мөнх-Ертөнцийн Б.Ууганбаярын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан учруулсан хохирлоос 2,350,000 төгрөгийг залилан мэхлэж авсан гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай...”, “...хохирогч Б.Төгсбаяр нь Ш.Мөнх-Ертөнцөөс 1,700,000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай...” гэсэн нэмэлт заалтууд оруулж,

           

            тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ш.Мөнх-Ертөнцөд оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Ш.Мөнх-Ертөнцөд оногдуулсан 10 жил 1 сар /арван жил нэг сар/-ын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй...” гэж өөрчилж,

 

            тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...цагдан хоригдсон 64 хоногийг...” гэсэн хэсгийг “...цагдан хоригдсон 79 хоногийг...” гэж өөрчилж,

 

            тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ш.Мөнх-Ертөнцөөс 42,825,500 төгрөгийн гаргуулж хохирогч Б.Ууганбаярт 37,850,000 төгрөг, хохирогч О.Сайханцэцэгт 3,275,500 төгрөг, хохирогч Б.Төгсбаярт1,700,000 төгрөгийг тус тус олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ш.Мөнх-Ертөнцөөс 38,775,500 /гучин найман сая долоон зуун далан таван мянга таван зуу/  төгрөгийн гаргуулж хохирогч Батжаргалын Ууганбаяр /РД:ТИ81060161/-т 35,500,000 төгрөгийг, хохирогч Очирбатын Сайханцэцэг /РД:ТИ75050463/-т 3,275,500 төгрөгийг тус тус олгосугай...” гэж өөрчилж,

 

тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Ялтан Ш.Мөнх-Ертөнцийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНСҮХ

 

                        ШҮҮГЧИД                                                           Б.ЗОРИГ

 

                                                                                                    Д.ОЧМАНДАХ