Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/02310

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/02310

 

 

Ориг трэйвэл ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 184/ШШ2018/02437 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ориг трэйвэл ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Тэмүүжинд холбогдох

 

-               Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 970 500 төгрөг гаргуулах тухай үндсэн,

-               Аялал жуучлалын гэрээний хохиролд 1 762 311 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Энхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Ориг трэйвэл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ориг трэйвэл ХХК нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд Э.Тэмүүжинтэй 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулж, Э.Тэмүүжин болон түүний гэр бүлийг 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Оросын Холбооны Улсын Сочи хотод болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзүүлэхээр тохиролцож, гэрээний хавсралт болох аяллын хөтөлбөртэй танилцуулж гарын үсэг зуруулсан. Үйлчлүүлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг 40 минутад Москва-Улаан-Үүд чиглэлд нисэх хуваарьтай байсан ба Ориг трэйвэл ХХК-ийн хөтөч Москвагийн нисэх буудал дээр 20 цаг 00 минутад хүргэж өгсөн. Гэвч үйлчлүүлэгч нь өөрийн хайхрамжгүй буруутай үйлдлээс болж онгоцноосоо хоцорсон ба билет авах мөнгөгүй болчихлоо, очоод өгье, билет захиалаад өгөөч гэсний дагуу 2 970 500 төгрөгийг түүнд шилжүүлсэн. Үйлчлүүлэгчийг Улаанбаатар хотод ирсний дараа удаа дараа уулзсан боловч уг мөнгийг өгөөгүй. Иймд 2 970 500 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэж үзэж байгаа тул зээлийн төлбөрийг Э.Тэмүүжингээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Тэмүүжин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ориг трэйвэл ХХК-ийн нэхэмжилсэн 2 970 500 төгрөгийг манай гэр бүл төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Миний хувьд гадаад улс оронд зорчиж үзээгүй, хэл мэдэхгүй, анх удаагаа онгоцоор аялж байгаа учир аяллыг сайн мэдэхгүй гэдгээ хэлж, 2018 оны 4 дүгээр сараас эхлээд Ориг трэйвэл ХХК-ийн хүмүүстэй уулзаж ярьсан. Гэр бүлтэйгээ анх удаа гадаадад аялж байгаа учир өөрийн нөхцөл байдлаа сайн ойлгуулсан бөгөөд Ориг трэйвэл ХХК нь энэ талаар мэдэж байгаа. Улмаар аяллын багцыг сонгож үнийг нь бүрэн төлсөн. Гэтэл аяллын компани гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, бидэнд маш их чирэгдэл учруулсан. Ямар ч аяллын талаар зөвлөгөө өгөөгүй, хөтөч байхгүй, Ориг трэйвэл ХХК-ийн захирал н.Дөлгөөн нь халамцуу, өөрөө биднийг нисэх буудал хүргэж өгөөд хаясан. Миний бие болон манай гэр бүлийн хувьд анх удаа гадаад улс оронд зорчиж байгаа, хэл мэдэхгүй, онгоцоор явж байгаагүй хүмүүс. Захирал н.Дөлгөөн нь биднийг 20 цаг 00 минутад нисэх онгоцны буудалд хүргэж өгсөн ба онгоцоо олоод суух гэтэл 20 цаг 15 минутад сүүлчийн зорчигчоо авсан байсан бөгөөд бид онгоцноосоо хоцорсон. Мөн захирал н.Дөлгөөн ч мөн адил онгоцноосоо хоцорсон байсан. Бид үйлчилгээний хөлсийг бүрэн төлсөн, онгоцноос хоцорсон нь Ориг трэйвэл ХХК-ийн буруу тул бид нэмж мөнгө төлөх ёсгүй. Мөн Ориг трэйвэл ХХК-иас мөнгө зээлээгүй, тэд өөрийн буруугаас нэмэлт зардал гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Тэмүүжин шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие гэрээ байгуулахаас өмнө болон гэрээ байгуулж байхдаа бид өмнө нь гадаад улс руу аялж байгаагүй, онгоцоор нисэж үзээгүй гэдгээ маш тодорхой хэлж, тайлбарласан. Үйлчилгээ үзүүлэх гэрээний 3.7-д зааснаар үйлчилгээг үзүүлэх үүргийг хариуцаж, эдгээр үйлчилгээний төлбөр нь гэрээний төлбөрт багтахаар харилцан тохиролцсон. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Улаан-Үүд хотод автобусаар ирж бууснаас хойш Ориг трэйвэл ХХК-ийн амласан үйлчилгээ байхгүй болохыг мэдэрч эхэлсэн. Улаан-Үүд хотод хөтөч биднийг тосч буудалд хүргэж өгөх байсан боловч тосч аваагүй. Бид Улаан-Үүдийн авто вокзал дээр 2 цаг гаруй хүлээсний дараа хөтчөөс өөр хүн ирж тоссон боловч буудал захиалагдаагүй байсан. Бид шөнөжингөө буудал хайж, өөрсдөө 1500 рубль буюу 60 675 төгрөг төлж буудалд хоносон. Энэ тухайгаа Ориг трэйвэл ХХК-ийн ажилтан н.Ариунбаярт утсаар мэдэгдэж, туслалцаа хүсч байсан бөгөөд уг ажилтан өөрсдөө буруугаа хүлээн Улаанбаатар хотод ирэхээр буудлын мөнгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө гэж амласан. Маргааш өглөө нь мөн хөтөч ирээгүй урд өдрийн тосч авсан хүнээрээ хоорондоо тохиролцож нисэх онгоцны буудал хүргүүлсэн. Ингээд 6 дугаар сарын 22-ны өдөр Москва хотын нисэх буудалд буухад мөн хөтөч тосч аваагүй, оюутан охиноор газарчлуулж онгоцны буудлаас гарсан. Улмаар хөтөч биднийг тухайн өдрийн 00 цаг 34 минутаас Москва-Сочи орох галт тэргэнд суулгаж өгөх байсан боловч хөтөч ч байхгүй, тасалбар ч байхгүй орхиод явсан. Бид 3 яаж суухаа мэдэхгүй байсан тул ахиж эргэж ярьж суулгаж өгөхийг шаардсаны дагуу бас л танихгүй өөр хүн ирж галт тэргэнд суулгаж өгсөн. Гэрээгээр Премиум ангиллын галт тэргэнд захиалга өгөхөөр тохиролцсон боловч энгийн галт тэргээр 00-ийн өрөөний хажууд маш тухгүй бүтэн 1 өдөр, 14 цаг явсан. Москва хотод буцаж ирээд 6 дугаар сарын 26-ны өдөр бидний байрласан буудалд хөтөч ирж, Внуково онгоцны буудалд хүргэж өгөхөөр тохиролцсон боловч Ориг трэйвэл ХХК-ийн захирал н.Дөлгөөн нь 19 цагийн орчимд ирээд, би та нарыг замаараа хүргэж өгье гээд яаравчлан явсан боловч 20 цаг 00 минутад онгоцны буудлын гадна буулгаад, өөрөө нислэгтэй гээд биднийг хаяад явсан. Бид өөрсдөө хүн гуйж зам заалгасаар онгоцны бүртгэл, шалган нэвтрүүлэхээр гүйсээр 20 цаг 24 минутад онгоцонд суух гарах хаалганд очсон боловч оруулаагүй, онгоцноос хоцорсон. Ингээд Ориг трэйвэл ХХК-ийн хүмүүст хандаж, энэ тухайгаа хэлж, Москвад дахин нэг өдөр буудалд хонож, 88.187 рубль буюу 3 538 944 төгрөгөөр Москвагаас Эрхүү орох онгоцны тасалбар авсан. Үүнийг авахын тулд бидэнд мөнгө байхгүй байсан учир компанид хэлж, уг компаниас 2 970.500 төгрөг авч, үлдэгдэл 568 444 төгрөгийг өөрт байсан рублийг шавхаж төлсөн. Онгоцноос хоцорсны улмаас Улаан-Үүд-Улаанбаатарын чиглэлд явах галт тэрэгний билет мөн хүчингүй болсон. Бид 6 дугаар сарын 27-нд Эрхүүд ирээд Ориг трэйвэл ХХК-ийн ямар ч хүнтэй холбогдоогүй, бид Эрхүү хотоос Улаан-Үүд хүртэл хувийн автобусаар, Улаан-Үүд хотоос Монгол Улсын Алтанбулаг боомт хүртэл хувийн машинаар, Алтанбулгаас Улаанбаатар хот хүртэл бас хувийн хөлсний машинаар дамжиж явсан. Энэ хугацаанд биднээс Эрхүү-Улаан-Үүд 121 440 төгрөг, Улаан-Үүд-Алтанбулаг 97 152 төгрөг, Алтанбулаг-Улаанбаатар 105 000 төгрөг буюу нийт 393 592 төгрөгийн зардал гарсан. Аялал жуулчлалын компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул ОХУ-ын Улаан-Үүд хотод хоносон төлбөр 60 675 төгрөг, онгоцноос хоцроод Москвад хоносон төлбөр 809 600 төгрөг, Москва-Эрхүүгийн онгоцны тасалбарын зөрүүд төлсөн 568 444 төгрөг, Эрхүү-Улаанбаатар хүртэлх замын зардал 323 592 төгрөг, нийт 1 762 311 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ориг трэйвэл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үйлчилгээ үзүүлэх гэрээтэй хамааралгүй бөгөөд харин өөрийнх нь буруутай үйлдлийн улмаас үүсч гарсан зардал гэж үзэж байна. Учир нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг 40 минутад Э.Тэмүүжин гэр бүлийн хамтаар Москва-Улаан-Үүдийн чиглэлийн онгоцонд суух хуваарьтай байсан бөгөөд Ориг трэйвэл ХХК-ийн захирал Дөлгөөний хамтаар тус өдрийн 19 цаг 00 минутад Москвагийн нисэх буудал дээр очсон бөгөөд Э.Тэмүүжин нь өөрийн ачаа тээшийг онгоцонд өгсөн байдаг. Хариуцагчийн зүгээс онгоцондоо 20 цаг 40 минутад суух ёстой гэдгийг мэдэж байсан төдийгүй талуудын хооронд байгуулсан гэрээ, мөн тус өдрийн онгоцны билет дээр маш тодорхой харагдаж байгаа. Харин Э.Тэмүүжин нь буудлын ойролцоох дэлгүүр хэсч яваад өөрийн буруугаас онгоцноосоо хоцорсон байдаг. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь өөрийн хайхрамжгүй үйлдлээс үүдсэн, мөн баримтаар тогтоогдоогүй, үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 370 дугаар зүйлийн 370.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан Э.Тэмүүжингээс 2 970 500 төгрөг гаргуулах тухай Ориг трэйвэл ХХК-ийн нэхэмжлэл болон Ориг трэйвэл ХХК-иас 1 762 311 төгрөг гаргуулах тухай Э.Тэмүүжингийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 486 төгрөгийг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43 150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэрэгт хамааралгүй үйл баримтад дүгнэлт өгсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргасан байна. Нэхэмжлэгч талаас нэхэмлэлийн шаардлагаа Э.Тэмүүжингийн зээлж авсан 2 970 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх эргэлзээгүй тогтоогдсон үйл баримтыг үнэлэх учиртай. Иймд "мөнгө зээлэх хүсэлгүй байсан", "Монгол улсад очоод гэрээг дахин үнэлэх бодолтой байсан" гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжтой байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон. Учир нь хариуцагч Э.Тэмүүжин нь билетийн мөнгө явуулаач, очоод тооцоо хийнэ, шууд гаргаад өгнө гэх тайлбараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэхүү тайлбараа няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Э.Тэмүүжингийн эзэмшлийн банкны карт руу мөнгө шилжүүлсэн тухай төлбөрийн баримт хэрэгт авагдсан атал уг баримтыг үнэлээгүй, хүний бодол санаа болох хийсвэр зүйлийг нотлох баримт гэж үзэж, хариуцагчийн гаргасан тайлбарыг хүлээн авсан нь учир дутагдалтай болсон. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "талууд мөнгө зээлэхээр харилцан тохиролцох үед Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцааны суурь зарчмууд зөрчигдсөн байх тул "зээлийн гэрээ"-г хууль зөрчиж байгуулсан хэлцэл гэж үзнэ. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах эрхтэй боловч нэхэмжлэгчээс авсан 2 970 500 төгрөгийг хариуцагч нь аялал жуулчлал зохион байгуулагчийн хүлээсэн үүргийн зөрчлийг арилгахад зарцуулсан байх тул түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй юм гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Э.Тэмүүжингийн өөрийнх нь буруутай үйлдлийн улмаас онгоцноос хоцорч, нэхэмжлэгч компаниас зээлж авсан мөнгөө буцаан гаргуулах гэж тодорхойлсон атал шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэгтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаас хальж, хариуцагч талд ашигтай дүгнэлт хийсэн. Хариуцагч талаас Монгол улсад ирснээс хойш нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаатай холбогдуулан хүсэлт, гомдол гаргаагүй болно. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн атал шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 281.1, 370 дугаар зүйлийн 370.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгааг хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Ориг трэйвэл ХХК нь хариуцагч Э.Тэмүүжинд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 970 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гарсан зардалд 1 762 311 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нь манай байгууллагаас аялал жуулчлалын гэрээтэй холбоогүйгээр 2 971 000 төгрөгийг зээлсэн гэж тайлбарлажээ.

Зохигчид 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ориг трэйвэл ХХК нь хариуцагч Э.Тэмүүжинг Оросын Холбооны улсын Сочи хотод болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэхэд тасалбар захиалга хийх, зөвлөгөө өгөх, тээвэр болон буудал захиалга, хөтөчийн үйлчилгээ үзүүлэх, онгоц болох галт тэрэгний буудлаас угтах болон үдэн гаргах, тоглолт болох ордонд хүргэж өгөх үйлчилгээгээр хангах, үйлчлүүлэгч нь 7 410 000 төгрөгийн хөлсийг төлөхөөр тохирсон байна. Дээрх гэрээний дагуу хариуцагч Э.Тэмүүжинг үйлчилгээний хөлс болох 7 410 000 төгрөгийг төлсөн асуудлаар зохигчид маргаагүй болно. /хх-ийн 8-10 тал/

Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт Аялал жуулчлалын гэрээгээр аялал жуулчлал зохион байгуулагч нь жуулчинд хэлэлцэн тохиролцсон үйлчилгээ үзүүлэх, жуулчин нь ийнхүү үйлчилгээ үзүүлсний төлөө хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд аялал жуулчлалын гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Зохигчид Москвагаас Улаан-Үүд хот хүрэх онгоцноос хоцорсон, онгоцны билет дахин худалдаж авахад шилжүүлсэн 2 970 500 төгрөгийн асуудлаар маргаж зөрүүтэй тайлбаруудыг гаргасан байна.

 

Тухайлбал, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...хариуцагчийг нисэх онгоцны буудал дээр хүргэж өгсөн боловч өөрийн буруугаас /дэлгүүрээр яваад/ онгоцноос хоцорсон, аялал жуулчлалын асуудалтай холбоогүйгээр биднээс мөнгө зээлсэн гэж,

хариуцагч Э.Тэмүүжин ...Ориг трейвэл ХХК-ийн захирал биднийг 20.00 цагт нисэх онгоцны буудлын гадаа хаалган дээр дөхүүлж буулгаад өөрөө нислэгтэй гээд явсан. Бид хүн гуйж зам заалган гүйсээр онгоцны бүртгэл шалган нэвтрүүлэхэд 20.24 минутад очиход хоцорсон гээд онгоцонд оруулаагүй, хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнөөс онгоцноос хоцорсон тул онгоцны билет авахад шилжүүлсэн мөнгийг буцаан төлөхгүй гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ориг трэйвэл ХХК-ийн зүгээс үйлчлүүлэгчийг Москвагаас Улаан-Үүдийн чиглэлд явах нисэх онгоцны буудалд хүргэж өгсөн тухай тайлбартаа хүргэж өгсөн цагаа 1900, 2000 гэж өөр өөрөөр тодорхойлсон байгаагаас гадна нэхэмжлэгч байгууллага гэрээний 3.7-д Гүйцэтгэгч нь үйлчилүүлэгчийг онгоц болон галт тэрэгнээс угтах болон үдэн гаргах, тоглолт болох ордонд хүргэж өгөх үйлчилгээгээр хангах үүрэг хүлээнэ гэж заасан аяллын явцад угтах, үдэх, буудалд буулгах явцад хөтөч ажиллуулж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэх байдлаа нотолсон, хариуцагчийн тайлбарыг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 372 дугаар зүйлийн 372.1 дэх хэсэгт зааснаар аялал жуулчлал зохион байгуулагч нь аливаа доголдлыг гаргахгүйгээр аяллыг зохион байгуулах үүрэг хүлээсэн байдаг. Анхан шатны шүүх Ориг трэйвэл ХХК нь үйлчилгээ үзүүлэх гэрээгээ зөрчсөн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

Иймд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсч хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагаас 2 970 500 төгрөгийг зээлсэн гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 372 дугаар зүйлийн 372.2 дахь хэсэгт зааснаар аялал зохион байгуулагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд жуулчин уг доголдлыг арилгахыг шаардах эрхтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Тэмүүжин өөрт учирсан хохирлоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээдэг. Харин хариуцагч Э.Тэмүүжин өөрт учирсан хохиролд 1 762 311 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардаж байгаа шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 184/ШШ2018/02437 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Ц.ИЧИНХОРЛОО