Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 610

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болдбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч Б.Болдбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Өлзийсайхан,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ж.Энх-Амгалангийн бичсэн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 14 тоот улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Болдбаатарт холбогдох эрүүгийн 201626011087 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Их Өөлд овогт Бямбажавын Болдбаатар, 1972 оны 1 дүгээр сарын 16-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 57-31 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: /ДЭ72011616/.

 

Б.Болдбаатар нь давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 51-37 тоот хашааны гадна хохирогч Б.Оюунчимэг, Д.Оюунтүлхүүр нарыг "батарей хулгайллаа" гэх шалтгаанаар зодож, хохирогч Б.Оюунчимэгийн бие махбодид “духанд зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэлэнд цус хуралт, дагз, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл, хохирогч Д.Оюунтүлхүүрийн бие махбодид “дээд уруулын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Болдбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Их Өөлд овгийн Бямбажавын Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, Б.Болдбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтлүүдийг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар "хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн" гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Болдбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,  Б.Болдбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэг эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ж.Энх-Амгалан бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Болдбаатар нь давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 51-37 тоот хашааны гадна хохирогч Б.Оюунчимэг, Д.Оюунтүлхүүр нарыг "батерей хулгайллаа" гэх шалтгаанаар зодож, хохирогч Б.Оюунчимэгийн бие махбодид "духанд зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэлэнд цус хуралт, дагз, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн гэмтэл, хохирогч Д.Оюунтүлхүүрийн бие махбодид "дээд уруулын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулсан болох нь хохирогч Б.Оюунчимэгийн "...Оюунтүлхүүрийг заамдаад цохиод байх шиг байсан. Би яг хаана нь яаж цохьсныг хараагүй. Заамдаад барьцалдаад байхаар нь би салгах гээд очтол Болдбаатар ах миний үснээс зулгааж, баруун талын хацар луу гараараа 2 удаа алгадаж, баруун талын хөл рүү нэг удаа өшиглөсөн юм" гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/, хохирогч Д.Оюунтүлхүүрийн "...Болдбаатар миний нүүрэн тус газар нэг удаа гараараа цохиж заамдаад байсан. Оюунчимэгийг салгах гэтэл Оюунчимэгийг үсдэж алгадаж, цохиод байсан" гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 5000 тоот дүгнэлтэнд "...Б.Оюунчимэгийн биед духанд зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэлэнд цус хуралт, дагз, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ..." гэсэн дүгнэлт /хх-ийн 25 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4993 тоот дүгнэлтэнд "...Оюунтүлхүүрийн биед дээд уруулын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. ..." гэсэн дүгнэлт /хх-ийн 30 хуудас/, сэжигтэн Б.Болдбаатарын "...би Оюунтүлхүүр гэдэг залуугийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон юм. Оюунчимэг намайг боль гээд хажуугаар оролцоод байхаар нь би Оюунчимэгийн үснээс зулгааж, хөл рүү нь нэг удаа өшиглөж, нуруунд нь 2-3 удаа гараараа цохисон юм" гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Гэтэл шүүх Б.Болдбаатар нь нэг цаг хугацаанд хохирогч Б.Оюунчимэг, Д.Оюунтүлхүүр нарын биед хөнгөн гэмтлүүдийг учруулахын тулд нэг төрлийн үйлдлүүдийг тасралтгүй хэрэгжүүлсэн байх ба түүний дээрх үйлдлийн эхлэл нь нэг зорилгод хүрэх зорилгоор хийгдсэн, анхны үйлдлийн төгсгөл нь сүүлчийн үйлдэл байсан учраас түүний үйлдлийг давтан гэмт хэрэг биш гэж шүүхээс дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүгдэгч Б.Болдбаатар нь дээрх хэргийг үргэлжилсэн үйлдлээр бус харин хоёр өөр объектод халдах байдлаар 2 хүний бие эрхтэнд, өөр өөр аргаар тус бүрд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан "Энэ хуулийн нэг зүйл хэсэгт гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг давтан гэмт хэрэг гэнэ" гэсэн давтан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэргээс ялгаж гэмт хэргийг зүйлчилсэн байхад шүүх гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Оюунчимэг нь миний дүү. Намайг ирэхэд Д.Оюунтүлхүүр нь манай гэрийн гадаа зогсож байсан. Манай дүү өөрөө энд тэнд худлаа яриад гэрийнхээ эд зүйлийг зараад байдаг сул талтай. Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Болдбаатарын өмгөөлөгч Д.Өлзийсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Болдбаатарын үйлдсэн гэмт хэргийг прокурорын зүгээс давтан гэмт хэрэг гэж эсэргүүцэл бичсэн. Энэ хэрэг нэг цаг хугацаанд эхлээд дууссан үргэлжилсэн үйлдэлтэй. Тухайн хугацаандаа хоёр хүний биед гэмтэл учруулсан үйлдэл. Тэгэхээр үүнийг давтан үйлдэл байх ёстой гэсэн прокурорын эсэргүүцлийг эсэргүүцэж байна. Шүүгдэгчийн санаа зорилгыг маш сайн тодорхойлох ёстой. Хохирогч нарт нэг санаа зорилгоор гэмтэл учруулсан. Ийм учраас давтан үйлдэл гэх үндэслэлээр зүйлчлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Прокурор эсэргүүцэлдээ нэг зорилгод хүрэх зорилгоор хийгдсэн гэж бичсэн байна. Ингэж бичсэн мөртлөө энэ гэмт хэрэг үргэлжилсэн үйлдэл биш давтан гэмт хэрэг гэж бичсэн нь үндэслэлгүй учраас эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Анхан шатны шүүхээс “…Б.Болдбаатар нь нэг цаг хугацаанд хохирогч Б.Оюунчимэг, Д.Оюунтүлхүүр нарын биед хөнгөн гэмтлүүдийг учруулахын тулд нэг төрлийн үйлдлүүдийг тасралтгүй хэрэгжүүлсэн байх бөгөөд түүний дээрх үйлдлийн эхлэл нь нэг зорилгод хүрэх зорилгоор хийгдсэн, анхны үйлдэл төгсгөл нь сүүлчийн үйлдэл байсан учраас шүүх түүний үйлдлийг давтан гэмт хэрэг биш…” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

            Хохирогч Б.Оюунчимэг, Д.Оюунтүлхүүр нарын болон шүүгдэгч Б.Болдбаатарын мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлгээс үзэхэд Б.Болдбаатар нь эхэлж Д.Оюунтүхүүрийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, уг үйлдлийг таслан зогсоох гэсэн Б.Оюунчимэгийг эсэргүүцэн зодсон үйл баримт тогтоогджээ.

 

            Өөрөөр хэлбэл, хоёр хохирогчийг зодох болсон сэдэлт, санаа зорилго нь тус тусдаа үүссэн гэж дүгнэхээр байна.

 

Эрүүгийн хуулийн зорилт нь хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалахад оршдог бөгөөд хүн бүр халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Энэ хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг давтан гэмт хэрэг гэнэ. Энэ хуулийн тусгай ангийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдэх нь зөвхөн тусгай ангид заасан тохиолдолд давтан гэмт хэрэгт тооцогдоно” гэжээ. 

 

            Дээрх зохицуулалтын агуулга, Эрүүгийн хуулийн зорилтын үүднээс авч үзвэл нэг үйлдлийн эхлэл, төгсгөлийн хооронд завсарлагагүй байх шинж нь нэг объектод, нэг хохирогчид халдсан үед хамаарахаар байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.3 дахь хэсэгт зааснаар хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгон хэрэглэж, үндэслэлгүйгээр Б.Болдбаатарт холбогдох хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн байна.

 

Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Болдбаатарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

               

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Болдбаатарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.Болдбаатарт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй  болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                         

ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

           

 Т.ӨСӨХБАЯР