Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 634

 

 

 

 

 

 

 

 

 

С.Отгонбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Д.Нямсүрэн,

Ялтан С.Отгонбаярын өмгөөлөгч М.Алтанцэцэг,

Хохирогч О.Халиун, түүний хууль ёсны төлөөлөгч А.Түвшинжаргал нарын өмгөөлөгч А.Сандагдулам,

Нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдол болон улсын яллагч Н.Алтантүлхүүрийн бичсэн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 25 тоот эсэргүүцлээр С.Отгонбаярт холбогдох 201625030151 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хонхот арслан овогт Самбуугийн Отгонбаяр, 1972 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамжны 251 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: /РЮ 72101911/.

 

С.Отгонбаяр нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний орой 21-22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамжны 251 тоотод байрлах гэртээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин “мөнгө өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогч О.Халиун руу варений шил шидэж, түүний бие махбодид нь тархи доргилт, баруун хацрын хууларсан шарх, үүдэн 1 шүдний хугарал, 1 шүдний паалангийн эмтрэл бүхий хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Отгонбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Отгонбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар С.Отгонбаярт 3 жил 5 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар С.Отгонбаярт оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар С.Отгонбаярын цагдан хоригдсон 20 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, С.Отгонбаяр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч Н.Алтантүлхүүр бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-д "Шүүгдэгч Хонхот арслан овогт Самбуугийн Отгонбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай" гэжээ. Мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Халиун, түүний хууль ёсны төлөөлөгч А.Түвшинжаргал, насанд хүрээгүй гэрч О.Эрдэнэбаяр, гэрч Л.Тайван, шинжээч эмч М.Энхтайван, ялтан С.Отгонбаяр нарын мэдүүлгүүд болон шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1028 тоот дүгнэлт зэргээр С.Отгонбаяр нь варений шилийг зэвсгийн чанартай хэрэглэн шидэж, хохирогч О.Халиуны бие махбодид нь тархи доргилт, баруун хацрын хууларсан шарх, үүдэн 1 шүдний хугарал, 1 шүдний паалангийн эмтрэл бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан нь тогтоогдсон. Гэтэл шүүхээс шийтгэх тогтоолыг уншиж танилцуулахдаа болон шүүх хурлын тэмдэглэлд С.Отгонбаярыг танхайрах гэмт хэргийг варений шилийг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан гэж түүний гэм буруутай үйлдэлд хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлтийг хийж, ял шийтгэл оногдуулсан боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-д "С.Отгонбаярыг танхайрах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан "зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн" гэсэн танхайрах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг дурдалгүй орхигдуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтанд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

Прокурор Д.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “С.Отгонбаяр нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамжны 251 тоотод байрлах гэртээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хохирогч О.Халиуныг  “мөнгө өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан варений шилийг зэвсгийн чанартай хэрэглэн шидэж, түүний бие махбодид нь тархи доргилт, баруун хацрын хууларсан шарх, үүдэн 1 шүдний хугарал, 1 шүдний паалангийн эмтрэл бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгтээ шүүгдэгчийг зэвсгийн чанартай зүйл буюу варений шилийг ашиглаж, бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэж дүгнэсэн боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж болох зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэж заахыг орхигдуулж, шүүгдэгч нь бусдыг илтэд үл хүндэтгэн, догшин авирлаж танхайрч бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэж тогтоох хэсэгтээ заасан байгаа учраас үүнд зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, эсхүл варений шилийг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан гэж тогтоох хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулуулахаар эсэргүүцэл бичсэн” гэв.

Ялтны өмгөөлөгч М.Алтанцэцэг гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх С.Отгонбаярыг "согтуугаар бие муутай охиндоо 5000 төгрөг байгааг мэдэх үүднээс тамхины мөнгө нэхэж, үг хэлээр доромжилж, амгалан тайван байдлыг нь удаан хугацаагаар алдагдуулж, эцэст нь нүүр лүү нь варианы шил шидэж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь зэвсгийн чанартай зүйл ашиглаж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна" гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй буюу хувийн сэдэлтээр бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэж маргаж байгаа болно. Насанд хүрээгүй гэрч О.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт "Эгч муухай чанга орилоод байсан, аав эгчээс гуйгаад байсан" гэж мэдүүлдэг. /хх-ийн 21 дэх тал/ Хэргийн нөхцөл байдлыг харахад гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго нь хувийн сэдэлтэй, хувийн таарамжгүй харилцааны улмаас үүссэн гэмт хэрэг болох нь тодорхой харагдана. Миний үйлчлүүлэгч С.Отгонбаяр нь өдөр архи уугаад гэртээ ирж унтаад орой сэрсэн /7 цагт сэрсэн/ гэдэг бөгөөд энэ байдал нь түүнийг согтуу биш архины нөлөө нь гарсан болохыг харж болно. Хамгийн гол нь хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Учир нь энэхүү хэрэг гарах болсон шалтгаан нь "аав нь охиноосоо тамхины мөнгө нэхсэн" асуудлаас л үүссэн буюу гэр бүлийн хувийн харилцаанаас үүдэлтэй. Мөнгө бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулсан бүхий л үйлдэл нь өөрөө "догшин авирласан"-ны үндсэн дээр үүссэний улмаас бий болдог бөгөөд энэхүү шинжийг гол үндэслэл болгож С.Отгонбаярыг "танхайн" гэмт хэргээр зүйлчилж буй нь үндэслэлгүй болно. Мөн анхан шатны шүүхээс "бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн" гэж дүгнэсэн. С.Отгонбаяр нь олон нийтийн дунд биш /нийгэмд биш/ нийгмийн орчноос гадна гэр бүлийн орчинд энэхүү үйлдлийг гаргасан. Мөн бусдыг буюу олон нийтийг илтэд үл хүндэтгэсэн гэж үздэг. Гэтэл "бусад буюу олон нийтийг" биш буюу гэр бүлийн гишүүд дунд л энэхүү харилцаа үүссэн болохоос бусад хөндлөнгийн этгээдүүд дунд үүсээгүй болохыг анхаарч үзнэ үү. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү” гэв.

Хохирогч О.Халиун, түүний хууль ёсны төлөөлөгч А.Түвшинжаргал нарын өмгөөлөгч А.Сандагдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Ялтны өмгөөлөгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч нь ялтан С.Отгонбаярын уур уцаарыг хүргэсэн, биед нь гэмтэл учруулсан үйлдэл хийгээгүй. Мөн түүнийг өдөөн хоргоож, өөрийнх нь эсрэг байх ямар нэг үйлдэл гаргаагүй. Харин аав нь мөнгө гуйхад “Би эм авна” гээд мөнгө өгөхгүй шалтгаанаа хэлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хүндрүүлэх нөхцлийг дурдаагүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Хонхот арслан овогт Самбуугийн Отгонбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай" гэжээ.

 

Прокуророос С.Отгонбаярыг варений шилийг зэвсгийн чанартай хэрэглэсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлджээ.

Анхан шатны шүүх С.Отгонбаярыг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжээр гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан нь хууль хэрэглээний хувьд зөрчилтэй байдлыг үүсгэсэн байна.

 

Шүүх ямар гэмт хэрэгт гэм буруутайд тооцож байгаагаас хамаарч тухайн шинжийг тодорхойлж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах нь зүйтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэсэн зарчимд нийцэх учиртай.

 

Мөн анхан шатны шүүх С.Отгонбаярт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан байх боловч уг хуулийн зүйл, заалтыг хэрэглэх болсон хууль зүйн үндэслэлээ шийтгэх тогтоолд дүгнээгүй,

түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж буюу чангаруулан өөрчилж болно. Ийнхүү шийдвэрлэсэн шалтгааныг шийтгэх тогтоолд заана.” гэж заасны дагуу шийтгэх тогтоолд С.Отгонбаярын ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн шалтгааныг тодорхой заагаагүй байна.

 

Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Отгонбаярт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар эцэслэн дүгнэлт хийгээгүй тул ялтны өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхив.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Отгонбаярт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол С.Отгонбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй  болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ОЧ

                         

ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

           

  Т.ӨСӨХБАЯР