Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 635

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Алтанцэцэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор У.Солонго,

Ялтан Г.Алтанцэцэгийн өмгөөлөгч Б.Дашдорж,

Хохирогч Н.Амарзаяа, түүний өмгөөлөгч Н.Болормаа,

Нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Алтанцэцэгт холбогдох 201626010423 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Дархчин овогт Ганхуягийн Алтанцэцэг, 1979 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй,  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Эрдэнэт телевизэд сэтгүүлч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг, 3 дугаар хорооллын 50 дугаар байрны 16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: /ГЭ79111408/.

 

Г.Алтанцэцэг нь 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айсмарк” ХХК-д 4.800 кг чацаргана жимсийг нэг килограммыг нь 4000 төгрөгөөр зарж өгнө гэж иргэн Н.Амарзаяад худал хэлж, улмаар тээвэрлэн хүргүүлж 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийн нэр дээр гэрээ хийж, 3600 төгрөгөөр борлуулан 19200000 төгрөгийг авч ашиглан, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Алтанцэцэгт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Алтанцэцэгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлснээс үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Г.Алтанцэцэгт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Алтанцэцэгт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Г.Алтанцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Алтанцэцэгээс 18.843.600 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Амарзаяад олгож, Г.Алтанцэцэгт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Г.Алтанцэцэг гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би хийсэн үйлдэлдээ ихэд гэмшиж, гэм буруугаа сайтар ойлгож, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хүндрэл учруулж болохгүйг ухамсарлан, өөрийн зүгээс хамаарах мэдүүлэгт бүх үнэнээ үнэн зөвөөр хүлээж өгсөн. … Өөрийн хариуцлагагүй болчимгүй байдлаас болж анх удаа ийм асуудалд орж, сэтгэл санаа ихээхэн цочирдож, гүнээ харамсаж байна. Би 2-14 насны 3 хүүхэдтэй ба миний бага охин Ц.Сорхугтани төрөлхийн тархины саажилт өвчтэй, сууж, явж чаддаггүй, байнгын асаргаанд гараар хооллохоос гадна хүндээр ч өөрөөрөө бие засаж чаддаггүй, клизм тавьж бие нь хөнгөрдөг хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй юм. Хүүхдүүдийн эцэг бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, ирэн очин байдаг зэргээс шалтгаалан 3 хүүхдийн минь хувь заяа надаас шалтгаалдаг. … Хэдийгээр бяцхан охин минь эдгэшгүй хүнд өвчтэй ч охиныхоо гэрэл гэгээ, амь нь би учраас хүнлэг энэрэнгүй хандаж, анх удаа гэмт хэрэгт холбогдож, учруулсан хохирлоо барагдуулж байгаа зэргийг харгалзан үзэж, надад оногдуулсан ял шийтгэлийг хойшлуулж өгнө үү” гэжээ.

 

Ялтан Г.Алтанцэцэгийн өмгөөлөгч Б.Дашдорж гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт “...шүүгдэгч Г.Алтанцэцэгт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэжээ. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэнтэй маргаагүй бөгөөд Г.Алтанцэцэг нь бага насны 2-4 насны 3 хүүхэдтэй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр оногдуулсан ял шийтгэлийг хойшлуулах саналтай оролцсон. Анхан шатны шүүхээс Г.Алтанцэцэгт 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд хүндэдсэн гэж үзэж байна. Иймд ялтан Г.Алтанцэцэг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны 3 хүүхэдтэй зэрэг байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар хойшлуулж өгнө үү” гэв.

 

Хохирогч Н.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр барагдуулсан тул гомдол саналгүй. Ялтны өмгөөлөгчийн гаргасан Г.Алтанцэцэгт оногдуулсан ялыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг дэмжиж байна” гэв.

 

Хохирогч Н.Амарзаяагийн өмгөөлөгч Н.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн саналыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдаанаар тогтоосон хохирлыг ялтан бүрэн төлж барагдуулсан тул гомдол саналгүй. Ялтны өмгөөлөгчийн гаргасан ял хойшлуулах саналыг дэмжиж байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар Г.Алтанцэцэгт холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Г.Алтанцэцэг нь 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айсмарк” ХХК-д 4800 кг чацаргана жимсийг нэг килограммыг нь 4000 төгрөгөөр зарж өгнө гэж иргэн Н.Амарзаяад худал хэлж, улмаар тээвэрлэн хүргүүлж 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийн нэр дээр гэрээ хийж, 3600 төгрөгөөр борлуулан 18843600 төгрөгийг авч ашиглан, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Н.Амарзаяагийн “...Би Г.Ганболд гэх хүнтэй хамтарч, Хан-Уул дүүргийн 12 хороо, Биокомбинатын малчны гудамжинд байршилтай газарт чацарганы тариалалт эрхэлсэн. 2015 оны намар чацаргана хураагаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нарантуул захын орчимд хөргүүр түрээслэж хадгалсан. ...Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ганболд надтай уулзаад “манай аавын түрүүчийн гэр бүлийнх нь охин болох Алтанцэцэг гэгч Эрдэнэтээс манайд ирсэн. Тэгээд намайг чацаргана борлуулж байгааг мэдээд "ТЕСО" ХХК-ийн "Айсмарк" зайрмагийн үйлдвэрт үлдсэн чацарганыг чинь борлуулж өгье гэнэ, 4000 төгрөгөөр бидэнтэй тооцоо хийгээд өөрөө цааш нь 4500 төгрөгөөр зарж, 500 төгрөгийнх нь ашгийг авъя гэнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би боломжийн санал санагдаад Алтанцэцэг гэх эмэгтэйтэй уулзсан. Тэгэхэд тэрээр "Айсмарк" үйлдвэрийн Бадам гэх захирлыг таньдаг, түүнд хэлээд зарж өгье, 4500 төгрөгөөр зараад 500 төгрөгийнх нь ашгийг авъя” гэхээр нь хүлээн зөвшөөрч, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр над руу утасдаж яриад “чацаргана ачаад аваад ир, би өөрөө “Айсмарк” үйлдвэр дээр яваад очьё, захиралтай нь ярьчихсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ганболдтой хамт машин хөлсөлж, 4800 килограмм чацаргана ачиж тус үйлдвэр дээр ирэхэд нярав гэх хүн Алтанцэцэгтэй хамт хүлээж байсан. Тэгээд няравт нь хүлээлгэж өгөхөд Алтанцэцэг “нэг дэх өдөр болъё” гээд явсан. 28-ны өдөр Алтанцэцэгтэй уулзаад “Айсмарк руу цуг очиж нэхэмжлэлээ хамт өгье” гэхэд Алтанцэцэг “та оролцсоны хэрэггүй ээ, та харин нэхэмжлэлээ надад бичээд өгчих, дансны дугаараа надад өгчих” гээд үйлдвэр лүү очуулаагүй. Тэгээд тэр өдрөө над руу утасдаж “жилийн эцсийн тайлан мэдээ гээд завгүй байна, он гараад мөнгийг чинь гаргая гэж хэлсэн байна” гэж хэлсэн. Тэгээд баярын амралтын өдрүүд байсан учраас “тэгээ тэг” гэж хэлээд өнгөрсөн. 1 дүгээр сарын 4-ний өдөр болоод залгаж ярихад “Бадам захирал гадагшаа явчихсан байна, удахгүй ирнэ гэнэ, утас нь холбогдохгүй байна, түр хүлээж бай” гэсэн. Ингээд утсаар хүлээж бай гэсээр 1 дүгээр сарын 20-ны өдөр "Айсмарк" ХХК дээр ирж уулзахад “Алтанцэцэг гэдэг хүн чинь гэрээ хийгээд 1 дүгээр сарын 5-ны өдөр мөнгөө аваад явчихсан шүү дээ, бид нар тэр хүнийх л” гэж ойлгосон гэж хэлсэн. Тэгээд л бид нар Алтанцэцэгтэй ярих гэхэд 95341230 дугаарын утас нь холбогдохгүй байсан. Хааяа утсаа нээсэн боловч авахгүй байсан. Тэгэхээр нь мессеж бичиж орхихоор “удахгүй өгнө, тендерт оролцож байна, тендерийн мөнгөнд оруулчихсан юм” гэх зэргээр худлаа хэлж бичиж байсан. Мөн “чи 3800 төгрөгөөр зарсан байна, анхнаасаа худлаа хэлсэн” гэж хандахад “2 янзын гэрээ байгаа, энэ гэрээ биш нөгөө гэрээгээр нь тооцоо хийсэн” гэх зэргээр худлаа хэлж байсан. ... Би 4800 килограмм чацарганы нэг килограммыг нь 4000 төгрөгөөр тооцоод 19.200.000 төгрөгөөр үнэлж байна. Алтанцэцэгийн байгуулсан гэрээг харахад 4800 килограмм чацаргана тушаасан байсан боловч аж ахуйн нэгж учраас хорогдлыг нь хасаж тооцоо хийсэн байдалтай байна. ...” /хх-ийн 5-7/,

гэрч Г.Ганболдын “...Ганхуягийн Алтанцэцэг нь миний аавын түрүүчийн гэр бүлийнх  охин нь байгаа юм. ... Би 2015 онд Амарзаяа гэдэг эгчтэй нийлж, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны мод үржүүлгийн 18 га газарт чацарганы мод тарьж ургуулсан. ... 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Алтэнцэцэг эгч манай гэрт ирсэн. ... Тэрээр аавтай уулзангаа манайд ирсэн бөгөөд намайг “юу хийж байна” гэж асуухаар нь “хүнтэй чацаргана нийлж тариад түүнийгээ зарж борлуулаад байж байна” гэсэн. Тэгэхэд “эгч нь түүнийг чинь ашиг гаргаад зарж өгч болох уу, хэдээр зарж байгаа вэ” гэхэд нь “4000 төгрөгөөр 1 килограммыг нь зарж байгаа, бөөний үнэ нь тийм байгаа” гэж хэлсэн. Тэгэхэд Алтанцэцэг эгч “би “ТЭСО” ХХК-ийн хүмүүстэй ярьж байгаад 4500 төгрөгөөр зарж өгье, 500 төгрөгийг нь би авъя” гэхээр нь би Амарзаяа эгчтэй уулзаж хэлсэн. Тэгээд тэр хоёрыг ч гэсэн уулзуулсан. Амарзаяа эгч бид хоёр түүний саналыг зөвшөөрсөн. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн агуулахаас 4800 килограмм чацарганыг хөлсний унаанд ачаад авчирч өгсөн. Үдээс хойш 16-17 цагийн орчим оруулж тушаасан. Тэр өдөр хагас сайн өдөр байсан бөгөөд Алтанцэцэг эгч орж уулзаад байсан. Амарзая эгч бид хоёр цуг байсан. Алтанцэцэг эгч “хагас сайн өдөр учир нягтлан бодогч нь байхгүй байна, нэг дэх өдөр болъё” гэж хэлээд бид хоёр тийм л юм байлгүй гээд яваад өгсөн. Нэг дэх өдөр нь буюу 28-ны өдөр Алтанцэцэг эгч рүү залгахад “жилийн эцсийн тайлан” гээд “ажил ихтэй байна, он гараад 1 дүгээр сарын 4-ний өдөр мөнгө хийе” гэсэн гэж хэлсэн. Тэгээд Амарзаяа эгч бид хоёр 4-ний өдрийг нь хүлээсэн. 4-ний өдөр Алтанцэцэг эгч рүү залгахад “Бадам захирал нь гадагшаа гадаад улс руу явчихсан байна, удахгүй ирнэ, энэ долоо хоногтоо багтаад ирчих байх” гэсэн. Тэгээд түүнээс хойш Алтанцэцэг эгчтэй яриад л яваад байсан. Тэрээр “дарга нь ирээгүй байна” гээд л хойшлуулаад байсан. 20-ны өдөр “ТЭСО” ХХК дээр Амарзаяа эгч бид хоёр ирж “Айсмарк” ХХК-ийн нягтлан бодогчтой нь уулзахад “Алтанцэцэг гэдэг хүн чинь 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр гэрээгээ хийгээд мөнгөө авчихсан ш дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь Алтанцэцэг эгч рүү ярихад “эгч нь тендерт оруулчихсан байгаа удахгүй өгнө” гэсэн. Тэгээд л хэд хоног хүлээж байгаад Амарзаяа эгч Алтанцэцэг эгчийг надтай холбоотой хүн учраас гомдол гарга гээд би арга буюу гомдол гаргасан юм. ...” /хх-ийн 13-14/,

гэрч Э.Даваахүүгийн “...Манай компани нь төрөл бүрийн жимсээр зайрмагаа үйлдвэрлэдэг. ... 8-12 дугаар сар хүртэл чацаргана, нэрс жимсийг зах зээлийн ханшаар нийлүүлэгч нартай гэрээ хийж авдаг. 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болов уу өдрийг санахгүй байна, Алтанцэцэг гэдэг хүн чацаргана нийлүүлье гэж ирж уулзсан. Тэрнийх нь дагуу 2 удаа уулзсан санагдаж байна. Тэрээр анх ирж уулзаад 4 тонн жимс зарах гэсэн юм гэж уулзаад миний хувьд компанид авах шаардлагатай байсан учраас зөвшөөрч тэрээр 26-ны өдөр болов уу компани дээр ирээд нярав Б.Алтмаад хүлээлгэж өгсөн. Түүний дараа 28-ны өдөр “гэрээгээ бэлэн болгоод гэрээгээ хийе” гэж Алтанцэцэг рүү олон удаа залгаж ярьсан. Тэгэхэд тэр “би Эрдэнэт хотод байна, очиж амжихгүй байна, би дүүгээ иргэний үнэмлэхтэйгээ явуулчихъя” гээд Алтангэрэл гэх овог, нэр нь ижил залуу ирж түүний өмнөөс болон өөрөө гарын үсгээ зураад явсан. Чацарганыг нь хүлээж аваад лабораторийн шинжилгээ 3 хоногийн дотор хийгддэг бөгөөд шинжилгээний хариу гарахад нь гэрээ хийсэн. Тэгээд гэрээнд тусгагдсан Алтанцэцэгийн өөрийнх нь дансанд мөнгийг 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр шилжүүлсэн. Ганхуягийн Алтанцэцэг гэдэг хүний 5091157222 дугаартай Хаан банкны дансанд 15.417.490 төгрөгийг шилжүүлсэн. ... Тэр Алтанцэцэг гэдэг эмэгтэй өөрийнхөө л юмыг зарж байгаа байдлаар хандаж байсан. Манай компани нь өөрсдийн тогтоосон үнээр л чацарганыг авч байсан бөгөөд Алтанцэцэгт анхнаасаа 1 кг чацарганыг 3600 төгрөгөөр авна гэдгээ хэлсэн. ... Гэрээг ч энэ үнээр хийсэн. Алтанцэцэг гэдэг хүнтэй хувийн журмаар болон ямар нэгэн танилын холбоо байхгүй. Манай компанийн ресепшнтэй холбогдож мэдээлэл авч надтай уулзсан. Авчирсан чацарганыг манайх өөрсдийн баталгаат жин дээр жинлэж нярав хүлээж авсан. Нийт 4710 килограмм байсан бөгөөд үүнийг нэг килограммыг нь 3600 төгрөгөөр тооцож 10 хувийн шимтгэлээ суутгаж зөрүү 15.417.490 төгрөгийг шилжүүлсэн. Ганболд, Амарзаяа гэх хүмүүс надтай уулзаж гэрээ хийж байгаагүй. Энэ хүмүүсийн хоорондын хэлцэл тохиролцоо нь ямар байсан талаар мэдэх зүйл байхгүй...” /хх-ийн 17-20/,

гэрч Б.Алтмаагийн “..."Айсмарк" ХХК-д түүхий эд материалын нярав ажилтай. ...2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Алтанцэцэг гэж өөрийгөө хэлсэн эмэгтэй 05-53 УНБ улсын дугаартай ачааны машинаар чацаргана ачиж ирсэн. ...Түүнтэй бас нэг хүүхэн, мөн жолооч нь бололтой нэг залуу явж байсан, ... тушааж байгаа хүүхнээс чацарганыг нь авч байхдаа ярианы далимд нь хаанаас авч ирж байгаа чацаргана вэ гэхэд Эрдэнэтээс гэж хэлсэн. Тухайн үед цэргийн саванд хийчихсэн байхаар нь “энэ юун сав юм бэ” гэхэд “Эрдэнэтийн цэргийн ангийн сав байдаг ш дээ” гэсэн утгатай юм хэлж байсан. ... Би 109 шуудайтай бохир жингээр 4765,4 кг чацаргана, цэвэр жин 4710,9 кг чацаргана хүлээж авсан. ...Миний хувьд хэний түүхий эд болох, хэн тушааж байгаа талаар сайн мэдэх зүйл байхгүй. Хувийн хар дэвтэртээ тулгаж бичээд орлогын дэвтэртээ бичээд өгчихдөг л юм. ...Тэр гурван хүнээс Алтанцэцэг гэж нэрээ хэлсэн эмэгтэй л чацарганаа өөрийнх гэж тушаасан. Нөгөө хоёрыг нь цуг явж байгаа гэж л ойлгосон...” /хх-ийн 21-22/,

Г.Алтанцэцэгийн сэжигтнээр өгсөн “...2015 оны 12 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод ажлаар очсон, тэгээд аавтайгаа уулзахаар очоод байхад “Ганболд чацаргана тариад хурааж аваад борлуулж байгаа, бөөнөөр нь зармаар байна, таньдаг мэддэг хүн байвал хэлж ярьж өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би асууж өгье” гээд "ТЕСО" ХХК-д авдаг гэхээр нь тийшээгээ хүнээр дамжуулж захирал Бадамаа гэдэг хүнтэй холбогдсон. Цэвэр жингээр 4710 кг чацаргана жимсийг “ТЭСО” ХХК-ийн харьяа “Айсмарк” ХХК-д нийлүүлсэн. Анх "ТЕСО" ХХК-ийн захирал Бадамаа гэдэг хүнтэй давхар хүнээр яриулж, утсаар чацаргана өгөх талаар ярьсан. Тэгэхэд би 4500 төгрөгөөр зарна гэж хэлэхэд 4000 төгрөгөөр авна гэж хэлсэн. Би дүү Ганболдтой анх тохирохдоо “4500 төгрөгөөр зарж өгөөд 500 төгрөгийг өөрөө авъя, 4000 төгрөгөөр та нартай тооцоо хийе” гэж тохирсон. Тэгээд би “чацарганыг нь 4000 төгрөгөөр өгье” гээд аваачуулсан бөгөөд аваачуулснаас хойш “4000 төгрөгөөр авч чадахгүй, 3750 төгрөгөөр хуучин авч байсан, гэхдээ одоо 3600 төгрөгнөөс хэтрүүлэхгүй” гэж хэлсэн. Би Ганболдод нь “4500 төгрөгөөр зарж чадахгүй, 3600 төгрөгнөөс дээш авч чадахгүй боллоо” гэж Бадамаа захирлын хэлснийг дүү Ганболдод болон түүний хамтран ажиллаж байсан Н.Амарзаяа нарт хэлээгүй. Тэгээд 3600 төгрөгөөр нэг килограммыг нь тооцож "ТЕСО" ХХК-иас 5091157222 дугаартай ХААН банкны дансаар НӨАТ-ын 10 хувийг нь хасаад 15417490 төгрөгийг хүлээн авсан. Би энэ мөнгөнөөс 3.000.000 төгрөгийг нь өрөндөө өгсөн. Үлдсэн мөнгийг нь манай багш Цогзолмаа нь зээлээд авсан. Одоо надад өгнө гэсэн. Би “Айсмарк” ХХК-ийн үйлдвэрийн дарга ажилтай Даваахүү гэдэг хүнтэй гэрээ хийсэн. ... Алтангэрэлийн хувьд нарийн ширийн зүйл юу ч мэдэхгүй, миний гуйлтаар очиж л гарын үсэг зурсан. ...” /хх-ийн 84-88/ гэх мэдүүлгүүд,

Бараа бүтээгдэхүүн /чацаргана жимс/ худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 27-29/, Хураан авах тогтоол /хх-ийн 72/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 62/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 125/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Г.Алтанцэцэг нь Н.Амарзаяа, Г.Ганболд нарын өмчлөлийн 4800 кг чацаргана жимсийг “Айсмарк” ХХК-д нэг килограммыг нь 4500 төгрөгөөр худалдаж өгнө гэж тэднийг хууран мэхлэж, улмаар “Айсмарк” ХХК-д тээвэрлэн хүргүүлж, 4710 килограмм чацаргана жимс буюу нэг килограммыг жимсийг 3600 төгрөг худалдаж, өөрийн “Хаан банк”-ны 5091157222 тоот дансаар 15417490 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Хохирогч Н.Амарзаяа, гэрч Э.Даваахүү, Г.Ганболд нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаас үзэхэд Г.Алтанцэцэг нь чацаргана жимсний нэг килограммыг нь 4000 төгрөгөөр буюу хохирогч Н.Амарзаяад хэлсэн үнээс доогуур өгсөн тохиолдолд /3600 төгрөг/ худалдан борлуулахгүйгээр уг бараа бүтээгдэхүүнийг өмчлөгч нарт буцаан өгөх боломжтой байсаар байтал уг мөнгийг өөрөө авч ашиглах зорилгоор хямдхан худалдаж, мөнгийг нь авч ашигласан үйлдлийг залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзнэ.

Анхан шатны шүүх 4710 килограмм чацаргана жимсний нэг килограммыг нь 4000 төгрөгөөр тооцож, хохирогчид 18843600 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг энэ үнийн дүнгээр тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Г.Алтанцэцэгт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүх гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгасан, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Г.Алтанцэцэгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин Г.Алтанцэцэг нь 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр төрсөн 2 нас 8 сартай нялх хүүхэдтэй болох нь төрсний гэрчилгээгээр /хх 142/ тогтоогдож байх бөгөөд түүний анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоолд дурдсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар “хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд ялтан Г.Алтанцэцэг болон түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Г.Алтанцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын цагдаагийн хэлтэст даалгасугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Г.Алтанцэцэгийг нэн даруй сулласугай.

4. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        

                               ШҮҮГЧИД                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                          

                                                                Т.ӨСӨХБАЯР