Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 104

 

 

 

 

М.Буянжаргалд холбогдох эрүүгийн

хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Б.Сүхгомбо, А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Намуунзул,

Прокурор Ц.Цэен-Ойдов /онлайнаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү /онлайнаар/ нар оролцов.

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзоригийн мөрдөн байцаалтад буцаасан 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 161 дүгээр захирамжийг эс зөвшөөрч, прокурор Ц.Цэен-Ойдовын бичсэн эсэргүүцлээр М.Буянжаргалд холбогдох эрүүгийн 201523000211 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Энхбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 онд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Алтайн 8-220 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Мандалын Буянжаргал /РД – СЮ78021914/.

М.Буянжаргал нь 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Чингис хот руу орох хаалганы баруун талд “Ниссан Тида” маркийн 12-98 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж “Тоёото Прадо” маркийн 07-73 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Г.Нэргүй, Б.Ганболд нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 161 дүгээр захирамжаар: Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн “Хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах тухай” хүсэлтийг хангаж, М.Буянжаргалд холбогдох 201523000211 дугаартай эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээ зэргийг хэргийн хамт прокурорт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч М.Буянжаргалд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Цэен-Ойдов эсэргүүцэлдээ: Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 161 дүгээр захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна. Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 05 дугаар магадлалд шинжээчдийн бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээ хийх шаардлагатай гэж заасны дагуу мөрдөн байцаагч 2016.02.01-нд 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулахаар тогтоол үйлдсэн байна. Тогтоолыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн хүлээн авч 7 шинжээч эрх үүрэгтэйгээ танилцаж гарын үсгээ зурсан бөгөөд зарим шинжээч нь гарын үсгийн тайлалаа бичээгүй байгаа нь хэргийг шийдвэрлэхэд ямар нэг нөлөөгүй, хууль зөрчиж бүрдүүлсэн нотлох баримт биш юм. Мөн яллагдагч М.Буянжаргал, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх боломжтой тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх нотлох баримтыг шалгах, үнэлэх талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журам, шаардлагыг ханган мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар “...Шүүгдэгчийн хувьд түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэх боломжтой” байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

М.Буянжаргалд холбогдох хэргийн байцаан шийтгэх ажиллагаанаас татгалзан гарах тухай шүүгч Л.Уянгын хүсэлтийг /хэргийн 3 дугаар хавтасны 1 дүгээр хуудас/ анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн атлаа  мөн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 121 дүгээр захирамжаар түүнийг шүүх бүрэлдэхүүнд дахин томилсон нь хуульд нийцэхгүй байгааг анхаарах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.1, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 161 дүгээр захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн 0071158 дугаартай жолооны үнэмлэх, АЯ-0377143 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ТА-0547116 дугаартай татварын гэрчилгээ, 0635704 дугаартай татварын гэрчилгээг тус тус  хэргийн хамт буцаан хүргүүлсүгэй.

3. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч М.Буянжаргалд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлэх ба магадлалд  гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

                                                         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.НАРАНБАЯР                        

                     ШҮҮГЧИД                                       Б.СҮХГОМБО

                                                                                    А.ЭНХБААТАР