Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02132

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02132

 

 

Есөн шижир ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 181/ШШ2018/01685 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Есөн шижир ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Мөнхсолонгод холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 320 465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Ганбилэг

нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Баясгалан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ууганбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Есөн шижир ХХК-ийн захирал М.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

Зээлдэгч Г.Мөнхсолонго нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр манай компанитай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр 1 400 000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, Isuzu Bigborn маркийн автомашины эзэмших эрхийг манай компанид шилжүүлэн зээлдэгч унах нөхцөлтэйгөөр зээлсэн. Зээлдэгчийг зээлийн төлбөр болон хүүгээ төлөхийг удаа дараа шаардсан боловч удахгүй төлнө гэж явсаар хугацааг 303 хоногоор хэтрүүлсэн. Зээлдэгч нь 1 400 000 төгрөгөөс огт төлөлт хийгээгүй, үндсэн хүү 494 900 төгрөгийг огт төлөөгүй тул хугацаа хэтрүүлсний алданги 425 565 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд Г.Мөнхсолонгоос нийт 2 320 465 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Мөнхсолонго шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр буцаан төлөлтийг хийсэн байхад одоо мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Зээлийг авсан тухайн өдрөө буцааж төлөөд зээлийг хаасан тул талуудын хооронд өр, зээлийн асуудал байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Мөнхсолонгоос 1 729 882 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Есөн шижир ХХК-д олгож, үлдсэн 590 582 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Есөн шижир ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 077 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Мөнхсолонгоосулсын тэмдэгтийн хураамжид 42 628 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Есөн шижир ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Есөн шижир ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранчимэг давж заалдах гомдолдоо:

... Зээлдэгч Г.Мөнхсолонго нь 2017 оны 8 дугаар сарын 22-ноос 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх буюу 303 хоногийн үндсэн хүү 494 900 төгрөгийг төлөх байтал шүүгч тооцооллын алдаа гаргаж 165 018 төгрөгийн хүүг хассан. Зээлдэгч сар бүр төлөлт хийхээр гэрээ байгуулсан бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тул гэрээний 3.4-т зааснаар 0,3 хувийн алданги тооцсон. Шүүхийн дүгнэсэн шиг хүүгээс анз тооцоогүй болно. Шүүгч шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 282, 222 дугаар зүйлийн 222.1, 222.5, 222.7 дахь заалтыг хэрэглээгүйн улмаас гэрээний үүргийн харилцааг орхигдуулж нэхэмжлэлийн шаардлагаас 590 582 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Мөнхсолонго давж заалдах гомдолдоо:

... Миний биё "Есөн шижир" ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 1 400 000 төгрөгийг зээлэхээр болсон ба "Есөн шижир" ХХК дээрх мөнгийг миний Хаан банкны 5016408154 тоот данс руу 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн. Гэтэл тухайн үед өөр эх үүсвэрээс мөнгө олсон тул "Есөн шижир" ХХК-аас зээлсэн 1 400 000 төгрөгийг буцаан төлж, зээлийг хаасан. Ингэхдээ 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн барьцааны гэрээгээр барьцаалсан байсан Исузу маркийн Бигхорн маркийн 77-79 УБТ улсын дугаартай автомашины улсын дугаарыг бичиж зээл хаав гэсэн утгаар шилжүүлсэн. Гэтэл "Есөн шижир" ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн зээлийг буцаан төлсөн төлөлтийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 3 500 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцон авсан гэсэн тайлбарыг үндэслэн шүүх шийдвэр гаргасан. Миний бие урьд нь "Есөн шижир" ХХК-тай 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 3 500 000 төгрөгийг зээлж байсан бөгөөд тухайн зээлийг бүрэн төлж барагдуулсан. Тухайн үед мөн дээрх автомашиныг барьцаалж байсан. Хэрэв нэхэмжлэгч 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1 400 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн төлөлтийг өмнөх буюу 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний үлдэгдлийг төлсөн гэж маргаж байгаа тохиолдолд үүнийгээ нотлох үүрэгтэй юм. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага зөвхөн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1 400 000 төгрөгний үнийн дүн бүхий зээлийн гэрээний үүргийн биелэлттэй холбогдох шаардлага гарган талууд маргасан. Өмнөх зээлийн үлдэгдэл нэхэмжлэгчийн тайлбарласнаар 1 400 000 төгрөг байсан талаарх баримт хэрэгт байхгүй байхад зөвхөн автомашиныг өмнөх барьцааны гэрээнээс суллан аваагүй явж байсныг үндэслэн өмнөх зээлийн төлөлт хийсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Өмнөх зээлийн харилцаа дуусгавар болсон ч миний бие анхнаасаа автомашиныг өөрөө эзэмшиж байсан учир шилжүүлэн авч амжаагүй явсан. Мөн өмнөх зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон гэдэг нь өмнөх зээлийн барьцаанд бүртгэлтэй байсан автомашиныг барьцаанаас суллан шинээр байгуулсан гэрээгээр барьцаалсан үйлдэл юм. Мөн шүүх Г.Мөнхсолонгын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1 400 000 төгрөгийн төлөлтийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний дагуу төлсөн төлөлт бөгөөд гагцхүү гэрээнд заасан хугацаанаас өмнө буцаан төлөлт хийхдээ үүрэг гүйцэттүүлэгчийн хугацаанаас өмнө үүрэг гүйцэтгэж болох зөвшөөрлийг аваагүй гэж үзсэн атлаа тогтоох хэсэгтээ дээрх төлөлтийг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй 2012 оны гэрээний төлөлт гэж үзсэн нь ойлгомжгүй буюу шүүхийн шийдвэр эргэлзээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн шийдвэр болсон байна. Иймд "Есөн шижир" ХХК-иас 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээний Хаан банкны 5016408154 тоот данс руу 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шилжиж орж ирсэн 1 400 000 төгрөгийг мөнгө зээлэх шаардлагагүй болсон тул тэр даруй буцаан шилжүүлж зээлийг хаасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Есөн шижир ХХК нь хариуцагч Г.Мөнхсолонгод холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл, зээлийн хүү, мөн алдангид нийт 2 320 465 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагчтай 2017 оны 8 дугаар сарын 22 өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 1 400 000 төгрөгийг зээлүүлсэн, уг мөнгөөр хариуцагч өмнөх зээлийн гэрээ буюу 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр авсан 3 500 000 төгрөгийн зээлийн үүргийг төлж дуусгасан гэсэн, хариуцагч Г.Мөнхсолонго ...2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр авсан зээлийн мөнгөн хөрөнгийг мөнгөний шаардлагагүй болсон учраас тухайн өдрөө буцаан шилжүүлсэн гэсэн зөрүүтэй тайлбаруудыг гаргаж маргасан байна.

 

Зохигчид зээлийн гэрээний үүрэг болон барьцаа хөрөнгийн талаар өөр өөр үндэслэл заан маргаж байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нарийвчлан тодруулаагүй, дээрх гэрээнүүдтэй холбоотой ямар үүрэг үүссэн, үүргийн талаар талуудыг мэтгэлцүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг зөрчжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нарийвчлан тодруулснаар 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой эсэх, уг үүргүүдийг хэрхэн тооцох талаар хуулийг зөв тайлбарлан хэрэглэх боломж бүрдэх юм. Түүнчлэн 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр бодитой байсан эсэх, үлдэгдэл төлбөр байгаа тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан эсэх, хэрвээ нэхэмжлэгч 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан дуусгавар болоогүй зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа зэрэг нь ойлгомжгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүйгээс хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцээх боломжгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 181/ШШ2018/01685 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Есөн шижир ХХК-ийн төлсөн 18 367 төгрөг, хариуцагч Г.Мөнхсолонгийн төлсөн 43 000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ш.ОЮУНХАНД

  ШҮҮГЧИД                           Т.ТУЯА

                                                   Ц.ИЧИНХОРЛОО