Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 604

 

 

 

 

 

 

 

 

Ө.Батмагнай холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мягмаржав, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Э.Оюунтунгалаг,

ялтан Ө.Батмагнай,

хохирогч Даттогтох,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Баттогтохын гаргасан давж заалдах гомдлоор Ө.Батмагнайд холбогдох эрүүгийн 201525012932 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

             Бат овогт Өлзийжаргалын Батмагнай, 1984 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Визардконстракшн” ХХК-д инженер ажилтай, ам бүл 4; эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Санрайс таун” хотхоны 40А байр 20 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЧЗ 84090418/,

          Ялтан Ө.Батмагнай нь 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Визардконстракшн" ХХК-ны барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссын хурлын тэмдэглэл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүний саналын хуудас зэрэгт "Гадна фасадыг дахин шинээр хийх, хөөсөнцрийн нягт шаардлага хангахгүй байна” гэснийг “Гадна фасадыг дахин шинээр хийх, шаардлага хангахгүй байна” гэж өөрчилж, хурлын тэмдэглэлд бичигдсэн Ж.Мөнх-Эрдэнэ, М.Дунгармаа нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, "Үндэсний төв архив, хуулбар үнэн" гэсэн тэмдэгний дардас зэргийг компьютер, техник ашиглан хуурамчаар үйлдэж нотлох баримтаар бүрдүүлж өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Ө.Батмагнайн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ө.Батмагнайг Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч шүүхэд нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар Ө.Батмагнайг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох буюу 192.000x51=9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Ө.Батмагнай нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг сануулж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ө.Батмагнай нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Д.Баттогтохыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөн байцаагчийн тогтоолыг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Баттогтох давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Прокурорын шийдвэрийн талаар би дээд шатны прокурорт гомдол гаргасан байхад гомдлыг шийдвэрлэлгүй хэргийг шүүхэд шилжүүлж, процессын алдаа гаргасан. Ялтан Ө.Батмагнайн давтан үйлдлийг нь шүүх болон прокурорын шатанд хянан хэлэлцээгүй. Мөн ялтан Ө.Батмагнайн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаагүй. Ө.Батмагнай болон "Визардконстракшн" ХХК-ийн захирал Цогоо нар намайг гэрээний аргаар залилан мэхлэж ажлын хөлс өгөхгүй байгаа гэж үзэж байна. Мөн мөрдөн байцаалтын шатанд Ө.Батмагнайг хуурамч бичиг баримт удаа дараа санаатайгаар буюу 2 удаагийн давтан үйлдлээр үйлдсэн, нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн, тамга тэмдэг хуурамчаар үйлдсэн үйлдэлд нь арга хэмжээ авалгүй зөвхөн нэг удаагийн үйлдлийг нь шалгасан. Энэ талаар би удаа дараа шат шатанд гомдол гаргаж байсан боловч хүлээн авч шийдвэрлээгүй. Миний тавьсан шаардлага бол тус тусдаа юм. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин шалгуулж өгнө үү” гэв.

  Ялтан Ө.Батмагнай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Энэ хэрэгт "Визардконстракшн" ХХК ямар ч холбоогүй. Би уг хэргийг хэн нэг хүний дарамт шахалтаар хийгээгүй. Тухайн үед би "Фотошоп" гэдэг компьютерийн программыг суралцаж байхдаа сонирхоод шүүхэд өгсөн материалыг дуурайлгаж хийсэн юм. Тэгтэл эх материалтай андуураад дуурайлгаж хийснийгээ шүүхэд нотлох баримт болгон өгсөн байсан. Би мөрдөн байцаалтын эхний өдөр хэргээ хүлээсэн. Хэрэг ийм байдалд хүрнэ гэж бодоогүй…” гэв.

Прокурор Э.Оюунтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Хохирогч Д.Баттогтох нь 7 дугаар сарын 7-ны өдөр гомдол гаргасан. Би хэргийг 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр шүүхэд шилжүүлсэн юм. Учир нь манай байгууллагын аргачилсан заавраар яллах дүгнэлт үйлдсэнээс хойш 3 хоногийн дотор шүүхэд хэргийг шилжүүлэх заавартай байдаг. Прокуророос ялтан Ө.Батмагнайн үйлдлийг үндсэн нэг л зорилготой үргэлжилсэн үйлдэл гэж үзсэн тул давтан үйлдэл гэж үзээгүй. Иймд Эрүүгийн тусгай ангийн 253 дугаар зүйлээр хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн. Хохирогчийн зүгээс мөрдөн байцаалт, прокурорын шатанд "Ө.Батмагнайг анхнаасаа залилангийн гэмт хэрэг үйлдсэн байхад шалгах тогтоох ажиллагаа хийгээгүй" гэдэг байдлаар гомдол гаргадаг. Гомдлын дагуу гэрээг үзэхэд гэрээний урьдчилгаа төлбөрөө өгчихсөн бөгөөд үлдэгдэл 62.000.000 төгрөгийг өгөөгүй байдлаас болж энэ асуудал үүссэн байдаг. Ө.Батмагнайн үйлдэлд залилангийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаагүй учраас хэн нэгэнд холбогдуулж шалгаагүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна…” гэв.

ХЯНАВАЛ:      

              Ө.Батмагнайд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотолж тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэснээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоол нь  хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна.  

Хэргийн материалыг судалж үзэхэд хохирогч Д.Баттогтох нь анх Цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа хууль зөрчсөн хэд хэдэн асуудлуудыг шалгуулах, тухайлбал “...хуурамч бичиг баримт үйлдэн гэрээний аргаар залилан 62.950.00 төгрөгийн хохирол учруулсан, 174 сая төгрөгийг залилан мэхэлж авах гэмт санаа зорилгоор хуурамч бичиг баримт үйлдсэн...” талаар шалгуулахаар дурдсан байхад мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу ажиллагаа хийлгүйгээр орхигдуулж, байцаан шийтгэх ажиллагааг гүйцэд биш хийж, хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект нь иргэний болон захиргааны хэргийн шүүн таслах ажиллагаанд оролцогч байхыг шаарддаг. Гэтэл хавтаст хэрэгт Ө.Батмагнайг иргэний хэргийн оролцогч мөн эсэхийг нотлох баримт байхгүй, түүнд иргэний шүүн таслах ажиллагаанд оролцох итгэмжлэл олгогдсон эсэх нь тодорхойгүй байна.

 Үүний зэрэгцээ “Визардконстракшн" ХХК болон түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны аль үед шатанд, хариу тайлбар гаргахдаа хуурамчаар нотлох баримт бүрдүүлж өгсөн үү, аль эсвэл сөрөг нэхэмжлэл гаргахдаа хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн эсэх нь тодорхойгүй энэхүү үйлдэл нь цаг хугацааны хувьд болоод тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тогтооход чухал ач холбогдолтой ба хэрэгт зайлшгүй хийгдэх ёстой ажиллагаа тул иргэний хэргийн материалаас үзлэг хийх замаар нотлох баримтыг бүрдүүлж авах шаардлагатай байна.    

Түүнчлэн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх гэмт хэргийн объект нь шүүн таслах байгууллагын хэвийн ажиллагаа байхын зэрэгцээ хуурамчаар бүрдүүлсэн нотлох баримтын улмаас хохирч байгаа хүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, эрх эрх чөлөө хохирч байдгаараа давхар объекттой гэмт хэрэг байхад анхан шатны шүүхээс хохирогч Д.Баттогтохыг мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. 

 Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг бүрэн гүйцэд шалгасны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул хохирогч Д.Баттогтохын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Батмагнайд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраар дамжуулан нэмэлт мөрдөн байцаалтад буцаасугай.

            2. Хэрэг прокурорт очтол Ө.Батмагнайд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.     

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ОЧ

                                ШҮҮГЧИД                                                     Д.МЯГМАРЖАВ

                                                                                                       Д.ОЮУНЧУЛУУН