Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 605

 

 

 

 

 

 

                    

Т.Баярдалайд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мягмаржав, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор В.Төгсбаяр,

ялтан Т.Баярдалайн өмгөөлөгч Б.Уранчимэг,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Т.Баярдалайгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201626010488 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Түмэнбодисын Баярдалай, 1991 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3,  эх, ах нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сум, 13 дугаар багийн 41 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,   Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй,  

-Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 1 сарын 17-ны өдөр 1 жил 1 cap 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД: РЮ 91062015/,

            Ялтан Т.Баярдалай нь ялтай байдал дуусаагүй байхдаа буюу 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 5 дугаар байрны 2 дугаар орцонд иргэн М.Ганзоригийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн толгойн тус газар нь тоосгоор цохиж, толгой, хэвлийн тус газар хутгалж, амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулан, гар утас, бэлэн мөнгө зэрэг эд хөрөнгийг нь дээрэмдэж, 206.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Т.Баярдалайгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь
хэсэгт  зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн,  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ялтан Т.Баярдалайг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар Т.Баярдалайгаас 100.000 төгрөг хурааж 11  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Т.Баярдалайг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар Т.Баярдалайд оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар түүний цагдан хоригдсон 168 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Баярдалайгаас 376.253 төгрөг гаргуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 0 тоотод оршин суух Бургасан овогт Магсарсүрэнгийн Ганзориг /РД: ИЦ 78020334/-т олгож, хохирогч бусад зардлын нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж, Т.Баярдалайгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бариул хэсгийг цагаан өнгийн нарийн уяагаар ороосон 13 см урттай 2 см орчим өргөнтэй хутга 1 ширхэг, цэнхэр өнгийн хүрэм 1 ширхэг /цэнхэр өнгийн жинсэн яак/ зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

            Ялтан Т.Баярдалай гаргасан давж заалдах гомдолдоо: “…Би эх Гантуяагийн хамт байдаг. Бидэнд өөрсдийн гэсэн орон гэр, хамаатан садан, ах дүүс ч байхгүй. Миний эх Сонгинохайрхан дүүрэгт орцны жижүүр хийдэг. Би хар багаасаа хог ухаж, шил лааз түүж, ариун хөдөлмөрөөрөө амьдарсаар эрийн цээнд хүрсэн. Би гэмт хэрэг үйлдэж хөгшин эхийгээ зовоох болгондоо маш их харамсаж, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Иймд эрхэм шүүгч та бүхэн өчүүхэн миний амьдралын байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, дэглэмийг бууруулж өгнө үү” гэжээ.  

            Ялтан Т.Баярдалайн өмгөөлөгч Б.Уранчимэгээс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн хувьд Т.Баярдалайгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт зааснаар  түүний ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

            Прокурор В.Төгсбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Ялтан Т.Баярдалай нь хохирогчид хохирол төлбөр барагдуулаагүй. Иймд ялтны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна…” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

          Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангажээ.

          Ялтан Т.Баярдалай нь ялтай байдал дуусаагүй байхдаа 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 5 дугаар байрны 2 дугаар орцонд иргэн М.Ганзоригийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн толгойн тус газар нь тоосгоор цохиж, толгой, хэвлийн тус газар хутгалж, амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулан, гар утас, бэлэн мөнгө зэрэг эд хөрөнгийг нь дээрэмдэж, 206.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          хохирогч М.Ганзоригийн “…Тэгээд бид хоёр 21 дүгээр хорооллын нэг байранд очоод подвалд орж архиа хувааж уусан. Архи ууж дуусаад тэр залуу зүгээр сууж байснаа гэнэтхэн тоосго аваад миний толгой руу цохиж унагаад миний толгойн оройн хэсэг, өгзөг рүү хутгалчхаад “чамайг ална, өөртөө байгаа бүх мөнгөө гаргаж өг, мөн дансандаа байгаа мөнгөө бүгдийг нь гаргаж өг” гэж шаардан миний бүх хувцсыг тайлаад зарим хувцсыг хутгаар зүсэж тайлаад намайг бүр нүцгэлсэн. Намайг тэр залуу толгой, чихний ар хэсэгт, хэвлий, гэдэс, хонгонд зүсэж хутгалсан. Тэгж байгаад гараад зугтаад явчихсан, би өөрөө босож явж чадахгүй байсан учраас тэр хавиас мод, турба зэрэг зүйл олж аваад паар нүдэж байтал орцны жижүүр эмэгтэй орж ирээд намайг чи юун хүн бэ гээд уурлаад байсан ба тэр үед өөр хүмүүс ч орж ирсэн, тэгээд цагдаа дуудсан.” гэсэн /хх 22/,

          гэрч Д.Гантуяагийн “…орцны үүдний хогийг жаахан хамж байгаад жижүүрийнхээ өрөө рүү ороход миний төрсөн дүү Ганбат, Баярдалай хоёр хоёулханаа байсан өөр хүн байгаагүй, харин Ганбатыг манай хүү Баярдалай зодоод нүд, нүүр нь хөхөрчихсөн хэвтэж байсан, намайг яваад ороход Баярдалай зөрөөд гараад явсан эргэж ирээгүй. …тэгээд 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 7 цагийн үед миний жижүүр хийж байгаа байрны оршин суугч доор нэг юм цохиод нүдээд байна гэж хэлэхээр нь би яваад ортол подвалд ямар ч хувцасгүй нүцгэн эрэгтэй хүн хоёр хөлөө жийгээд суучихсан, гартаа мод барьчихсан, дулааны шугам төмөрийг турбагаар цохиод байж байсан ба тэр хавьд нь цус болчихсон харагдсан. Тэгтэл цагдаа нар их хурдан ирчихсэн байсан…” гэсэн /хх 23/,

          гэрч С.Сайнбаярын “…мөн тэр үед Т.Баярдалай нэг цус болсон хувцас барьчихсан өмсөж явсан хувцас нь нимгэн зутруу харагдаад байхаар нь өөрийнхөө өмсөж явсан малгайтай хар ногоон өнгийн зузаан куртикийг өгч барьж явсан /хөх өнгийн жинсэн яак/ хувцсыг нь угаагаад өгье гэж хэлээд авч гэртээ оруулсан. Гэтэл Т.Баярдалайн өмсөж явсан хүрэмний халаасанд гутлын үдээсээр ороочихсон хутга байсан” гэсэн /хх 25/,

          гэрч Д.Ганбатын “…2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр айлд ажил хийж өгөөд тэр өдөр архи уучхаад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 5 дугаар байрны 3, 4 дүгээр орцонд жижүүр хийдэг эгч Д.Гантуяа дээрээ ирсэн. …би тал шил архиа аваад түрүүлээд гарсан ба эгчийн жижүүр хийдэг байрны орц руу орж жижүүрийн өрөөнд ороход манай эгчийн хүү Баярдалай байж байсан, тэр үед цаг 23 цаг өнгөрч байсан байх. …би Баярдалайтай муудалцаж, янз бүрээр хэлээд зодуулсан гэсэн. Би өөрөө түүнийгээ мэдэхгүй байна. Маргааш нь буюу 2016 оны 2 дугаар сарын 16-ны өглөө 7 цагийн үед эгч Д.Гантуяагийн жижүүр хийдэг байрны орцонд ямар ч хувцасгүй нүцгэн эрэгтэй хүн байсан мөн цагдаа нар ирсэн байсан…” гэсэн /хх 26,

          гэрч М.Батцэнгэлийн “…Би хүүхдээ харуулахаар төрсөн дүү М.Ганзоригийг хөдөөнөөс дуудаж хотод 2016 оны 1 дүгээр сарын 10-ны үед ирүүлсэн. …2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр байхаа манай хоёр хүүхдийг сургуулиас нь авч гэр хүргэж өгөөд орой 18 цагийн үед би гадуур гарчихаад ирье гэж хэлээд явсан байсан. …Тэгтэл 2016 оны 2 дугаар сарын 15-ны орой 22-23 цагийн орчимд манай хөдөө байдаг эрэгтэй дүү над руу залгаж М.Ганзориг ах над руу залгасан байна. Би эргээд залгасан чинь утас нь холбогдохгүй байна яасан юм бол гэж асуухаар нь би “М.Ганзориг гэрт байхгүй байна, орой гараад явсан” гэж хэлээд Ганзоригийн утас руу залгахад холбогдохгүй байсан. Түүнээс хойш хэн ч холбоо барьж чадаагүй. Тэгтэл маргааш өглөө нь 2016 оны 2 дугаар сарын 16-ны өглөө 8 цаг өнгөрч байхад Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс нэг цагдаа ярьж “та М.Ганзоригийн эгч мөн үү, М.Ганзориг гэдэг хүн бусдад дээрэмдүүлэн хутгалуулсан, биедээ гэмтэл авсан байна. Та өмсөх хувцас аваад ир” гэж хэлэхээр нь би ГССҮТ эмнэлэгт очиход М.Ганзоригийн шарх гэмтэлд нь цэвэрлэгээ хийгээд оёдол тавиулсан байсан. Өөрөөс нь юу болсон талаар асуухад юм ярьж чадахгүй байсан. Намайг харахад М.Ганзориг нь толгойдоо битүү боолттой, гар нь бас битүү боолттой харагдсан. Тэрээр толгой, гар, өгзөг, нуруу, ууц, хэвлийдээ тус тус хутгалуулсан шархтай байсан…” гэсэн /хх 28/,

          ялтан Т.Баярдалай сэжигтнээр “…Би тэнд Д.Ганбат ахыг цохиж зодчихоод шууд гараад явсан. Би гарч яваад С, Цамбагарав орсон, тэнд явж байтал нэг танихгүй ах надаас тамхи асуухаар нь тамхи гаргаж өгөөд тамхилтал тэр ах намайг хоёулаа танилцъя сайхан ах дүүс болъё гэж хэлээд бид хоёр танилцаж нэрээ мэдэлцсэн, тэр ах надад нэрээ хэлэхдээ Д.Ганзориг гэж хэлсэн. Бид хоёр танилцаад “Саппоро” явсан, тэгж явах замдаа Ганзориг "шаах хүүхэн байна уу" гэж асуухаар нь та уух юмаа авчихвал болно гэж хэлээд “Саппоро” орж замын эсрэг талын буудлаас 1 шил 750 граммын хараа архи аваад хамт ажилладаг хүмүүс дээрээ очихоор гурвалжин гүүр ортол намайг байрандаа оруулаагүй учраас би Ганзоригийг дагуулаад буцаад яваад бид хоёр такси барьж Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороололд ээж Д.Гантуяагийн ажилладаг байрны доод подвалд орж авсан архиа уусан. …бид хоёр баахан шорон орон ярьж байгаад муудалцаж би Ганзоригийг толгойн ар дагз хэсэгт нь уусан архиныхаа шилээр 1 удаа цохисон. Тэгтэл тал Ганзориг тоосго барьж ирээд миний нуруу хавьд 3-4 удаа цохисон. Би тухайн үед зузаан хувцастай байсан учраас ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Тухайн үед миний биед хутга байсан учраас би хутгаараа Ганзоригийн бөгсөнд нь нэг удаа, гуяд нь нэг удаа ямар ч байсан хутгалсан бусдыг сайн санахгүй байна. Ганзориг миний араас хөөх байх гэж бодоод хувцсыг нь хутгаар зүсэж бүх хувцсыг тайлаад, Ганзоригийг байрны подвалд тэнд нь хаяад зугтсан. Би зугтаж яваад гадуур алхаж яваад өглөө болгосон. Ер нь Ганзоригийг хутгалаад гараад явж байхад үүр цайж өглөө болж байсан. Хэдэн цаг болж байсан гэдгийг мэдэхгүй байна. Намайг Д.Ганзоригийг хутгалж муудах үед бид хоёртой ямар хүн хамт байгаагүй. Зөвхөн Д.Ганзориг бид хоёр хамт байсан. …Би тухайн үед Ганзоригоос 7000 төгрөг авсан, 5000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 1000 төгрөг 1 ширхэг, 500 төгрөг 2 ширхэг байсан...” /хх 54/, яллагдагчаар “…би хүн хутгалчхаад балмагдаад утсыг нь аваад явсан минь үнэн...” /хх 101/ гэсэн мэдүүлгүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-5/,

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “…Ганзоригийн биед хэвлийн өмнөд ханын хэвлийн хөндийд нэвтэрч элэг гэмтээсэн шарх, духны баруун тал, дагзны зүүн хуйх, зүүн чихний ар хэсэгт 2 ширхэг, зүүн хонгоны дээд, дунд хэсэгт 2 ширхэг хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гарын алганд зүсэгдсэн шарх, баруун, зүүн сарвууны ард зулгаралт, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хэвлийн өмнөд ханын хэвлийн хөндийд нэвтэрч элэг гэмтээсэн шарх, духны баруун тал, дагзны зүүн хуйх, зүүн чихний ар хэсэгт 2 ширхэг, зүүн хонгоны дээд, дунд хэсэгт 2 ширхэг хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гарын алганд зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, баруун, зүүн сарвууны ард зулгаралт, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэвлийн өмнөд ханын хэвлийн хөндийд нэвтэрч элэг гэмтээсэн шарх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Духны баруун тал, дагзны зүүн хуйх, зүүн чихний ар хэсэгт 2 ширхэг, зүүн хонгоны дээд, дунд хэсэгт 2 ширхэг хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гарын алганд зүсэгдсэн шарх, баруун, зүүн сарвууны ард зулгаралт, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна…” /хх 32/ гэх 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн ¹2456 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Т.Баярдалайд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

            Анхан шатны шүүхээс Т.Баярдалайд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ, ял эдлэх дэглэм нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, ялтны хувийн байдал, гэм бурууд тохирсон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.  

                Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ялтан Т.Баярдалай нь өмнө нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан онц хүнд гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж, хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.5 дахь хэсэгт заасан ялтай байдал нь дуусаагүй байхад дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон нь зөв байна.

            Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт “хоёр ба түүнээс дээш удаа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн буюу онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон эрэгтэй ялтны хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ гэж хуульчилсан бөгөөд анхан шатны шүүхээс ялтан Т.Баярдалайд оногдуулсан 11 жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй тул түүний ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

                 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  ялтан Т.Баярдалайгийн гаргасан “…оногдуулсан ялыг хөнгөрүүлж, дэглэмийг бууруулж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Т.Баярдалaйгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                       

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.ОЧ

                ШҮҮГЧИД                                                             Д.МЯГМАРЖАВ

                                                                                              Д.ОЮУНЧУЛУУН