Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 606

 

 

 

 

 

 

 

                    

Ю.Батзориг, Б.Цацрал нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мягмаржав, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Л.Мажигсүрэн,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Н.Баярмаа, С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ш.Одонсүрэнгийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Ю.Батзориг, Б.Цацрал нарт холбогдох эрүүгийн 20840094 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Хорь овогт Батаагийн Цацрал, 1965 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Дорнод аймаг, Хэрлэн сумын 2 дугаар баг, Тээвэрчдийн 2-3 тоотод оршин сууж байсан, Одоо Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 427 дугаар ангид ял эдэлж байгаа,  

- 1999 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 105 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123 дугаар зүйлийн 123.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгүүдэд зааснаар 2 жил хорих ял оногдуулж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.5 дахь хэсгүүдэд зааснаар 2 жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан,  

- 1999 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хан-дүүргийн шүүхийн 261 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн бүгд 3 жил хорих ялаар шийтгүүлсэн,

- 2000 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 237 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жил хорих ял шийтгэж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн 2 жил 3 сар 3 хоногоос 2 жилийг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

- 2010 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон,  /РД: ЖЖ 65082911/,

2. Чонос овогт Юндэнгийн Батзориг, 1960 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 56 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 33 дугаар байр, 95 тоотод оршин сууж байсан, Одоо Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 409 дүгээр ангид ял эдэлж байгаа,

-Баянгол дүүргийн шүүхийн 2010  оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ялаар шийтгүүлсэн, /РД: СЩ 60011012/,

            Ялтан Ю.Батзориг, Б.Цацрал нар нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэн анхан шатны шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 142 тоот шийтгэх тогтоол гарахаас өмнө бүлэглэн 2007 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Баасансүхээс “нөхрийг чинь Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж 1.052.720 төгрөг, Я.Бурмаагаас 2007 оны 11-12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд “Өөрийг чинь болон дүү нарыг чинь Солонгос улс руу явуулна, виз гаргаж өгнө" гэж 11.225.289 төгрөг, иргэн Ч.Галбадрахаас "Эрдэнэтээс баяжмал авч өгнө" гэж 5.000.000 төгрөг тус тус хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар давтан үйлдлээр залилан авч бусдад нийт 17.278.009 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Б.Цацрал, Ю.Батзориг нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ю.Батзориг, Б.Цацрал нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар давтан үйлдлээр залилан мэхлэж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар Б.Цацралаас 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулж 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Ю.Батзоригт холбогдох хэргийг өршөөн хэтрүүлж, Ю.Батзоригт өмнөх Баянгол дүүргийн 2010 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 142 дугаартай тогтоолоор оногдуулсан 11 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 1 cap 20 хоногийн ялыг эдлэхийг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Цацралд энэ тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг Баянгол дүүргийн 2010 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 142 дугаартай тогтоолоор Б.Цацралд оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 2 cap 12 хоногийн ялд багтааж эдлэх ялыг 3 жил 2 cap 12 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Цацралд оногдуулсан 3 жил 2 cap 12 хоногийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ю.Батзориг, Б.Цацрал нарын энэ хэрэгт цагдан хоригдсон 113 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ю.Батзоригоос 8.639.004 төгрөг, Б.Цацралаас 8.639.004 төгрөг, нийт 17.278.009 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Баасансүхэд 1.052.720 төгрөг, Я.Бурмаад 11.225.289 төгрөг, хохирогч Ч.Галбадрахад 5.000.000 төгрөгийг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, эдлэх ялыг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тооцож, Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ю.Батзориг, Б.Цацрал нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Ш.Одонсүрэн бичсэн эсэргүүцэлд: “...Анхан шатны шүүхийн шийдвэрт “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн ялаас өршөөн хасах, ялаас өршөөн хэлтрүүлэх, зарим хугацааг хэрэгсэхгүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгох гэсэн үндсэн зарчим үндэслэлтэй хэрэгжээгүй, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчин ял оногдуулах нийтлэг зарчмын хүрээнд Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн гэж үзэж шүүхийн шийтгэх тогтоолыг эсэргүүцэж байна. Үүнд:

1. Шүүгдэгч нар нь адилхан 2010 онд ял шийтгүүлэн ял эдэлж байгаа бөгөөд 2007 онд хамтран үйлдсэн гэмт хэрэгт нь ял шийтгэл оногдуулахдаа Ю.Батзоригийн 2007 оны үйлдэлд нь дүгнэлт хийж “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамааруулаад, Б.Цацралын 2010 онд ял шийтгүүлсэн, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон байдалд нь дүгнэлт хийж ял оногдуулсан нь ойлгомжгүй, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдохоос өмнөх үйлдэл байхад онц аюултай гэмт хэрэгтэн одоо байгаа гэж дүгнэлт хийсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

2. Шүүгдэгч нарын өмнө үйлдсэн үйлдэл нь шийтгэх тогтоол гарсны дараа
илэрч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт
зааснаар 2010 онд шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар
зүйлийн 148.4 дэх хэсэгт нь багтаан эсхүл нэмж нэгтгэн ял оногдуулж тухайн
шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд “Өршөөл үзүүлэх тухай
хууль”-д хамаарагдахгүй болно.

3. Шүүгдэгч Ю.Батзоригийн 2007 онд үйлдсэн хэргийг “Өршөөл үзүүлэх тухай
хууль”-д хамааруулан хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн бол 2009 оны
Өршөөлийн хуулийг хэрэглэх бөгөөд 2015, 2009 оны Өршөөлийн хуулиуд нь
хоорондоо хамрах хүрээ, үйлчлэх цаг хугацаа, үзэл баримтлалын хувьд ялгаатай
бөгөөд “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийг алгасаж хэрэглэх үндэслэлгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 2 дугаар зүйлд “Өршөөл үзүүлэх тухай хууль” тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, энэ хуулиас бүрдэнэ гэж тодорхойлон заасан болно.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор Л.Мажигсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй. Прокурор Ш.Одонсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Иймд Ю.Батзориг, Б.Цацрал нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанд дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай…” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь “Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр захирамжаар Б.Цацрал, Ю.Батзориг нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Баярмаа, Б.Халиун, С.Батгэрэл нарыг томилсон байна.

Гэтэл 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар эрүүгийн хэргийг шүүгч Б.Мөнхбаяр, Н.Баярмаа, С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцсан байх ба шүүх хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн байна.

Мөн давж заалдах шатны шүүх Ю.Батзориг, Б.Цацрал нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.1 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж үзэхэд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх ба прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.  

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ю.Батзориг, Б.Цацрал нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол Ю.Батзориг, Б.Цацрал нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохгүйг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.ОЧ

                     ШҮҮГЧИД                                                             Д.МЯГМАРЖАВ

                                                                                                   Д.ОЮУНЧУЛУУН