Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 631

 

 

Ж.Сүхбатад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

ялтан Ж.Сүхбат, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ж.Сүхбатын өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.Сүхбатад холбогдох эрүүгийн 201625030469 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.  

            Боржигон овогт Жаргалсайханы Сүхбат, 1991 оны 6 дугаар сарын 29-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, "Хандгай Зоо" ХХК-д туслах ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сум, 1 дүгээр баг, Мандал үйлдвэрийн 1 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:НБ91062914/,

            Ж.Сүхбат нь 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хэрэмлэг” гэх хамгаалалтын бүсийн ойгоос 1.8 м3 хэмжээтэй шинэс модыг хууль бусаар бэлтгэж, 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн 23-64 УБН улсын дугаартай, “Mitsubishi Delica” загварын автомашинаар тээвэрлэн байгаль орчинд 281.313 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Ж.Сүхбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Сүхбатыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд шинэс модыг хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Сүхбатаас нийт 281.313 төгрөгийг гаргуулж, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газарт олгож, Ж.Сүхбат нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн Ж.Сүхбатын эзэмшлийн /№00612772 тээврийн хэрэгслийн гэрчилгээний дугаартай, P35W0704857 арлын дугаартай/, “Mitsubishi Delica” загварын, 23-64 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, мөн 54 ширхэг 1.8 м3 хэмжээтэй шинэс модыг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэн улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хөрөөг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Ж.Сүхбатад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж шийдвэрлэжээ.  

Ялтан Ж.Сүхбатын өмгөөлөгч Д.Энхцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…ялтан Ж.Сүхбат нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан. Тэрээр 1 нас 4 сартай хүүхэд, жирэмсэн эхнэрийн хамт амьдардаг ба ганцаараа хөдөлмөр эрхэлж ар гэрээ тэжээн тэтгэдэг. Өчигдөр эхнэр нь нярайлсан. Иймээс дээрх нөхцөл байдлуудыг болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Ялтан Ж.Сүхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангасан байна.

Ж.Сүхбат нь 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хэрэмлэг” гэх хамгаалалтын бүсийн ойгоос 1.8 м3 хэмжээтэй шинэс модыг хууль бусаар бэлтгэж, 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн 23-64 УБН улсын дугаартай, “Mitsubishi Delica” загварын автомашинаар тээвэрлэн байгаль орчинд 281.313 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуягийн “...манай байгууллага нь нийслэлийн ногоон бүсийг хариуцан ажилладаг бөгөөд ойд учирсан хохирлын тооцоог нь гаргаж, зохих арга хэмжээг тооцдог. Ж.Сүхбат нь зохих зөвшөөрөлгүйгээр 1.8 м3 мод тээвэрлэж явсан байна. Эдгээр модыг бэлтгэсэн газар нь Нийслэлийн ногоон хамгаалалтын бүсийн ойд хамаардаг бөгөөд экологи, эдийн засгийн үнэлгээг тогтооход 281.313 төгрөгийн хохирлыг улсын ойн санд учруулсан байна. Уг моднууд нь шинэсийн төрлийн хуурай мод байсан. Нийслэлийн ногоон бүсийн ашиглалт хамгаалалтын тухай журамд Нийслэлийн ногоон бүсийн байнгын оршин суугч иргэдэд түлшний зориулалтаар мод бэлтгэх эрхийн дагуу бэлтгүүлдэг. Уг бэлтгэсэн модыг Улаанбаатар хот руу тээвэрлэхийг хориглосон байдаг. Мөн хамгаалалтын бүсийн ойд зам гүүр барих, ус эрчим хүч, холбооны шугам татах болон түүнээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргээлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялагийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байдаг. Иймд хэрэглээний модыг бэлтгэх нь хууль бусаар бэлтгэсэн гэж үзнэ...” /хх-42-43/,

гэрч Ш.Цогтбаярын “...манай ойн сангийн хувьд түлшний мод бэлтгэхдээ орон нутгийн байгаль хамгаалагчаас зөвшөөрөл авч мод бэлтгэнэ. Тухайн зөвшөөрлийн бичигт мод бэлтгэх талбайн нэрийг зааж өгдөг. Манай ойн сангаас бэлтгэсэн модыг Улаанбаатар хот руу тээвэрлэх тохиолдолд манай байгууллагаас гарал үүслийн гэрчилгээ авна. Гэхдээ уг гэрчилгээг зөвхөн аж ахуй нэгжид олгоно. Хувь хүнд олгохыг хориглосон байдаг. Ойн байгаль хамгаалагч нь түлээний мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг олгохдоо зөвшөөрлийн бичигтээ хаанаас бэлтгэх, модны хэмжээ, төрөл, зориулалтыг бичиж, хянаж шалгаж явуулах үүрэгтэй...” /хх-50-51/,

гэрч О.Гансүхийн “...2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн иргэн Ж.Сүхбат нь галын түлээний мод бэлтгэх гэсэн юм гэж хэлж орж ирсэн. Тэгээд Ж.Сүхбат нь бүхээгтэй “M.Delica” загварын автомашинаар модоо тээвэрлэнэ гэсэн тул би 2 м3 хэмжээтэй мод бэлтгэх эрхийн бичиг олгоод тус сумын 3 дугаар багийн Хэрэмлэг гэх газраас 1 метр хэмжээтэй унанги мод бэлтгэхийг хэлсэн. Тэгээд орой буцаад модоо тээвэрлэж ирэхдээ шалгуулж явахыг сануулсан боловч надад шалгуулаагүй явсан байсан. 1 м урттай унанги мод бэлтгэх байтал 2 м урттай мод бэлтгэсэн нь Мод бэлтгэх эрхийн бичгийн дээд хэсэгт гадагш тээвэрлэж болохгүй тухай зааж өгсөн байдаг ба уг эрхийн бичгээр түлээний модны зөвшөөрөл олгож байгаа тул  учир тээвэрлэх ёсгүй байсан, ...” /хх-56-57/,

гэрч Н.Уранбилгүүний “...манай нөхөр Ж.Гомбодорж надад хэлэхдээ “Дүү Ж.Сүхбатыг Улаанбаатар хот руу орж явахад нь тосож аваад хамт явж байгаад цагдаад баригдсан” гэсэн. Тухайн үед Ж.Сүхбат мод ачаад явж байсан гэж ярьсан...” /хх-52/,

гэрч С.Төвшинтөгсийн “...23 цаг өнгөрч байхад сэжиг бүхий цагаан өнгийн 23-64 УНБ улсын дугаартай, “Mitsubishi Delica” загварын автомашиныг зогсоож шалгахад Ж.Сүхбат гэх эрэгтэй, мод тээвэрлэж явсан. Тэрээр жолоочийн үнэмлэхгүй явж байсан ба автомашины бүхээгт ачсан модны гарал үүслийн бичгийг асуухад байхгүй байсан. Тухайн үед гадаа харанхуй байсан учир гар чийдэн тусгаж харахад автомашины бүхээг дүүрэн, 2 метр орчим урттай нарийн моднуудыг ачсан байсан. Тэгээд хууль бусаар мод тээвэрлэж байж болзошгүй байсан учир жолооч болон тээврийн хэрэгслийн хамт жижүүрийн ахлах офицерт хүлээлгэж өгсөн...” /хх-53/,

ялтан Ж.Сүхбатын яллагдагчаар өгсөн “...цасны дээрх хэсгээр харагдаж байсан унанги болон босоо хуурай модыг би өөрийнхөө цахилгаан хөрөөгөөр автомашиныхаа кабины уртын хэмжээнд буюу 2 метрээр тайрч бэлтгэсэн. Тэгээд би гэртээ очоод хашаандаа уг модоо буулгасан. 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот орж автомашинаа засуулах далимдаа бэлтгэсэн модоо зараад мөнгө болгочихъё гэж бодоод уг модоо ачаад Батсүмбэр сумаас гарсан. Би модыг Улаанбаатар хот руу зөөвөрлөхдөө ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Би мод бэлтгэчихээд буцаад явахдаа ойн байцаагчид шалгуулаагүй...” /хх-74-75/ гэсэн мэдүүлгүүд,

Гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж явсан 23-64 УБН улсын дугаартай,  “Mitsubishi Delica” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургаар бэхжүүлсэн үзүүлэлтүүд /хх-7-10/, Модны экологи, эдийн засгийн үнэлгээ /хх-24-26/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-27-31/, Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг, “Хэрэмлэг” гэх газраас бэлтгэсэн мод, уг модыг бэлтгэхэд хэрэглэсэн хөрөөг хураан тус тус авч, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тэдгээрийг нотлох баримтын ач холбогдолтой гэж эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-32-35/, мод бэлтгэх эрхийн бичиг /хх-113/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгажээ.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн ялтан Ж.Сүхбатыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд шинэс модыг хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс ялтанд хуульд заасан ял шийтгэл оногдуулж, гэмт хэргийг үйлдэж олсон эд зүйл, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл зэргийг хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан заалтад нийцсэн байх тул шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзлээ.

Харин шүүх байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ илүү нарийвчилсан зохицуулалттай “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн зохих зүйл, заалтыг баримтлаагүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад нэмэлт оруулж зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Ялтан Ж.Сүхбатын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хүндэвтэр төрлийн гэмт хэрэг бөгөөд өөрийн гэм буруугаа ойлгож гэмшсэн, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд 283.320 төгрөг төлөгдсөн зэргийг үндэслэн, ялтны хувийн болон гэр бүлийн хүн нь 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр нярайлсан ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой байна.

Иймд ялтан Ж.Сүхбатын өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан “…ялтанд оногдуулсан хорих ялыг тэнсэн, хянан харгалзаж өгөхийг…” хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авч, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Ж.Сүхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай…”  гэсэн нэмэлт оруулсугай.  

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Сүхбатаас нийт 281.313 төгрөгийг гаргуулж, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газарт олгосугай” гэснийг  “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Сүхбатаас 281.313 төгрөг гаргуулж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харъяа Байгаль хамгаалах санд олгосугай” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Ялтан Ж.Сүхбат нь 50 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, нэн даруй сулласугай.

4. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

                ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                        Д.ОЮУНЧУЛУУН