Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 008

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Аманжол нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй, улсын яллагч Х.Өрен, шүүгдэгч Ш.Аманжол, Д.Нурболат, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, Х.Зулхаш, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.Айдынгүл  нар оролцов.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолтой, Ш.Аманжол, Д.Нурболат  нарт холбогдох эрүүгийн 201604000001 дугаартай хэргийг шүүгдэгч Д.Нурболатын давж заалдах гомдлыг  үндэслэн, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 25 настай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Жадих овогт Шаяхметийн Аманжол нь 2015 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнийн 02 цагийн үед Өлгий сумын 5 дугаар багийн нутагт байрлах Думан бааранд К.Бахбергентэй үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож цохих үед тэднийг салгаж, Ш.Аманжолын үйлдлийг эсэргүүцсэн Д.Нурболаттай харилцан зодолдож, Д.Нурболатын нүүрэн тус газарт нь архины шилээр зүсэж, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэрэгт,

 

Бүгд найрамдах Казакстан улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 27 настай, Казакстан улсын Алмата хот, Узын агаш жастар гудамж 21-01 тоотод байнга оршин суух, одоо Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт түр оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Ители овогт Даутханы Нурболат нь 2015 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнийн 02 цагийн үед Өлгий сумын 5 дугаар багийн нутагт байрлах Думан бааранд Ш.Аманжол нь К.Бахбергентэй үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож цохих үед  Д.Нурболат тэднийг салгаж, Ш.Аманжолтой харилцан зодолдож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “1. Шүүгдэгч Жадик овогт Шаяхметийн Аманжол, Ители овогт Даутханы Нурболат нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.  2. Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Аманжол, Д.Нурболат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Аманжол, Д.Нурболат нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.  4. Шүүгдэгч Ш.Аманжол, Д.Нурболат нар нь урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах  байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нурболат нь цаашид гарах хохирол төлбөр байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.” гэж  шийдвэрлэжээ.

 

Шүүгчдэгч Д.Нурболат нь шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Эрүүгийн 201604000001 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ители овогт Даутханы Нурболат би Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүгдэгч Ш.Аманжол нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шөнө 02 цагийн үед согтуурлын байдалтай, байрны эзний зөвшөөрөлгүйгээр гаднаас дайрч орж ирсэн. Думан бааранд миний үеийн 16 хүн шинэ жилийн баяр тэмдэглэж байсан. Ш.Аманжол нь тэнд байсан К.Бахберген гэх залууд агсам тавьж, түүний нүүрэн тус газарт цохиж, ухаан алдуулсан. Тэр үед түүнтэй хамт архи ууж байсан мөрдөн байцаагч С.Ерболат, Х.Хажыгали нар гаднаас дайрч орж ирэн түүний танхайрсан гэмт үйлдлийг дэмжин зориуд Думан бааранд зодоон үүсгэсэн. Ш.Аманжол нь тэнд зочноор байсан олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн агсам тавьж, зассан ширээг эвдэж, хоол ундыг асгаж, баарны ширээ сандал, шил толийг хагалж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, баарны эзэн А.Адилбект сая гаруй төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2 дахь зүйл ангиар зүйлчлэгдэх үндэслэлтэй байна.

Тэнд байсан хүмүүс Ш.Аманжолын үйлдлийг эсэргүүцэж, түнийг хүчээр түлхэж, гадагш гаргахад Ш.Аманжол дахин орж ирж, К.Бахбергений нүүр, толгойн тус газарт дахин цохиж, түүний дэрээс нь дарж, хацрыг нь хазаж гэмтэл учруулж, дахин догшин авирлаж танхайрсан.

Хэсэг хугацааны дараа Ш.Аманжол нь 3 дахь удаагаа гаднаас архины шилийг хайж олж, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэхээр засч тохируулан бэлтгэж орж ирээд түүний үйлдлийг таслан зогсоохоор дөхөж очсон надруу дайрч, зүүн гараараа намайг үсдэж, баруун гартаа далдлан нуун барьсан архины шилээр миний хамар, дух, нүд, нүүрэн тус газарт 5-6 удаа  цохиж, харгис хэрцгий аргаар зодож их хэмжээний цус алдуулж, шархдуулсан. Энэ үйлдэл нь мөн олон нийтийн газарт нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, иргэн Д.Нурболат миний халдашгүй чөлөөтэй байх, амьд явах, амгалан тайван амьдрах эрхэд халдаж, архины хагалсан шилийг зэвсгийн чанартай хэрэглэж, хамрын яс, таславчийг хагалж, тархины доргилт нүүрний сорви үүсгэж, эрүүл мэндээр хохироосон.

Ш.Аманжол нь хамгийн сүүлд өөрийн хамт ирсэн М.Сериктэй хэрэлдэж, түүний баруун гарын шууны дотор талд 20 см орчим газар намайг зодсон архины шилээр зүсч шархдуулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх танхайн гэмт хэрэг үйлдсэнийг нотлох баримтад тооцогдоно. Ш.Аманжол нь согтуурлын байдалд танхайн хэргийг 3 удаа давтан үйлдаж, нийт 4 удаагийн үйлдлээрээ 3 хүний биед гэмтэл учруулсан. 

Шүүгдэгч Ш.Аманжол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан танхайн гэмт хэрэг үйлдснийг нотлох хавтаст хэрэгт авагдсан Думан бааранд үйлдсэн мөрдөн байцаагчийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, байрны эзэн А.Адалбекийн цагдаад өгсөн мэдүүлэг, байцаалтын тэмдэглэл, Думан баарны камерийн CD-нд буулгасан бичлэг, Ш.Аманжолын зэвсгийн чанараар хэрэглэсэн архины шилний хагархай, тухайн үед байсан 16 хүний гарын үсгээр баталгаажуулсан гомдол, тэдгээрийн мэдүүлэг,байцаалтын тэмдэглэл, тухайн үед миний өмсөж байсан хувцас, миний эрүүл мэндээр хохирч эмчилгээ хийлгэсэн нотлох баримтууд, танхайн гэмт хэргийн улмаас миний нүүрэнд үүссэн шарх, сорви, түүний гэрэл зураг, шинжээчийн дүгнэлт, Е.Бахберген болон бусад гэрч нарын мэдүүлэг, байцаалтын тэмдэглэл, Ш.Аманжолын гараас архины шилний хагархайг хүчээр салгаж авсан  Ш.Олжас, С.Алибек нарын мэдүүлэг, байцаалтын тэмдэглэл,  Д.Нурболат миний хамар амьсгалын замын гэмтэл, үрэвслийн хүндэрлээс тоос, шороотой нөхцөлд 4 сарын хугацаанд ажиллах боломжгүйг тодорхойлсон эмч нарын дүгнэлт, нүүрний сорвийг хаана, яаж эмчлүүлэх талаар ЭМЯ, ЭМЯ-ны арьс, гоо заслын мэргэжлийн алба, зөвлөлөөс ирүүлсэн албан бичиг, Ш.Аманжолын согтуурлын байдлыг тогтоосон цагдаагийн байгууллагын холбогдох баримтууд, дээрх үйлдлээ мөрдөн байцаалтын явцад өөрөө хүлээн зөвшөөрсөн Ш.Аманжолын мэдүүлэг, мөрдөн байцаалтын тэмдэглэл, яллагдагч хэрэг үйлдсэнийг  нотлож тогтооход үндэслэл болсон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг ач холбогдолтой, хэрэгт хамааралтай, үнэн зөв талаас нь бүхэлд нь үнэлж чадаагүй бөгөөд шинжээчийн дүгнэлтээс  бусад нотлох баримтуудыг хэргийг хэлэлцүүлэхэд үнэн зөв талаас нь үнэлэхгүйгээр орхигдуулсан, улсын яллагчийн санаатай үгүйсгэн үйлдсэн, хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, үндэслэлгүй яллах дүгнэлтийг үндэслэн хэргийг буруу зүйлчилж, яллагдагчийн танхайн хэргийг нуун дарагдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн хэрэгт байгаа дээрх баримтад үндэслэгдээгүй шийтгэх тогтоол гаргасныг Д.Нурболат би хүлээн зөвшөөрөхгүй байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Д.Нурболат намайг дахин шинжилгээ хийлгүүлэх хүсэлт, гомдол гаргаагүй байхад тус аймгийн Прокурорын газраас дахин шинжилгээ явуулах ажиллагааг зориуд зохион байгуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх хугацааг 50 хоногоор хойшлуулсан. Аймгийн Прокурор Т.Батсүх яллагдагч Ш.Аманжолд хилийн хориг тавих арга хэмжээ аваагүй бөгөөд хүнд гэмт хэрэг үйлдсэн Ш.Аманжолд улсын хилээр гарах зөвшөөрөл олгосон. Гэмт хэрэг гарснаас хойш 5 сар өнгөрсний дараа Ш.Аманжолыг хохирогч болгож, Д.Нурболат надад зохиомол хэрэг үүсгэж, үндэслэлгүй хэрэгт татаж, дарамт шахалт үзүүлж, Ш.Аманжолын танхайн гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж, нуун дарагдуулсан.

Аймгийн Прокурор Т.Батсүх, хяналтын прокурор Х.Өрен нар нь Ш.Аманжолын үйлдсэн танхайн гэмт хэргийг буруу зүйлчлэх аргаар нуун дарагдуулсан үйлдлээрээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шударгаар хэрэгжүүлэх үүргээ зөрчиж, албаны эрх мэдлээ хувийн ашиг сонирхолд урвуулан ашиглаж, авилгатай шууд холбоотой ашиг сонирхлын зөрчил гаргасан.

Шүүгдэгч Ш.Аманжолд Турк улс явах зөвшөөрөл яагаад өгсөн талаар аймгийн Прокурор Т.Батсүхээс тодруулахад “Миний найз С.Шаяхметийн төлөө би хүн чанар гаргаж, Ш.Аманжолд Турк улс явах зөвшөөрлийг өөрөө олгосон, асуудал гарвал би өөрөө хариуцна” гэж өөрийн ашиг сонирхлын ноцтой зөрчлийг “хүн чанар” гаргаж байгаа мэтээр худлаа тайлбарлаж, хариу өгсөн.

Шүүгдэгч Ш.Аманжол нь мөрдөн байцаалтын явцад эрүүл саруул байсан байхад түүний аав хөдөлмөрийн чадвар алдалтын магадлах комиссын дарга С.Шаяхмет “Миний хүүг олон хүн бүлэглэн зодсон байна” гэсэн яриаг эмч нарын дунд тарааж, өөрийн сайн танил шинжээч эмч К.Хайратаар үндэслэлгүй худлаа дүгнэлт гаргуулсан.

Миний бие аймгийн прокурорын хууль зөрчсөн үйлдлийн талаар УЕП-ын газарт 2 удаа гомдол гаргасан боловч уг гомдлын дагуу огт шалгаагүй, зөрчлийг арилгах тодорхой арга хэмжээ аваагүй.

Хохирогч Д.Нурболат надад гэмт хэргийн улмаас бодитоор учирсан  хохирол 2,080,000 төгрөг, хэрэгт хавсаргасан иргэний нэхэмжлэлийн дагуу нэхэмжилсэн нүүрний сорви арилгах мэс заслын эмчилгээ хийлгэх зардал 740,000 рубль, хөдөлмөрийн чадвар алдсаны хохирол 4,800,000 төгрөгийг огт төлж барагдуулаагүйд гомдолтой байна.

Шүүгч А.Дауренбек  нь хохирогч миний Ш.Аманжолыг саатуулахыг оролдсон гэм буруугүй үйлдлийг би эхэлж зодоон үүсгэсэн мэтээр буруу тайлбарлаж, Ш.Аманжол нь үүнээс өмнө 1 цагийн турш Х.Бахбергенд агсам тавьж, түүнийг 2 удаа  давтан зодож, танхайрсан үйлдлээрээ хэрүүл маргааныг эхэлсэн байхад түүний гэм буруутай үйлдлийг огт үгүйсгэж, үүнийг нотлох баримтуудыг нотлох баримтаар огт үнэлэхгүй орхигдуулсан дүгнэлтийг буруу зүйлчлэх үндэслэл болгосон шүүгчийн хууль зөрчсөн үйлдэлд давж заалдах шатны шүүхээс үнэн зөв үнэлгээ өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Энэ хэргийг танхайн гэмт хэргээр зүйлчлэх ямар нэгэн нотлох баримт мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Я.Сьезд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ зодолдсон  хүмүүс дандаа дарга нарын хүүхдүүд. Жирийн нэг малчны хүүхэд бааранд ирж ийм зодоон үүсгэвэл эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлээр ял шийтгүүлээд явах байсан.  Энэ хэрэг нь танхайн гэмт хэргээр зүйлчлэгдэх ёстой байсан. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүсэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч талын давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ хэрэг бол танхайн гэмт хэрэг биш. К.Бахберген Ш.Аманжол нарын хооронд тухайн өдрийн дуудлага худалдааны ажиллагаанаас болж таарамжгүй харьцаа бий болоод Бахбергенийг зодох, түүнтэй зодолдох зорилгоор Думан бааранд Ш.Аманжол зориуд очсон байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна. Тухайн үед бодит учирсан хохирлыг төлж өгсөн. Ирээдүйд тийм хохирол учирч магадгүй гэж магадлалын онолоор хохирол нэхэмжилсэн байна. Ингэж зөгнөх хэлбэрээр бичсэнийг төлөх боломж байхгүй. Үүнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Шүүгдэгч Ш.Аманжол нь 2015 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнийн 02 цагийн үед Өлгий сумын 5 дугаар багийн нутагт байрлах Думан бааранд К.Бахбергентэй үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож цохих үед тэднийг салгаж, Ш.Аманжолын үйлдлийг эсэргүүцсэн Д.Нурболаттай харилцан зодолдож, Д.Нурболатын нүүрэн тус газарт нь архины шилээр зүсэж, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Нурболат нь Ш.Аманжолтой харилцан зодолдож, түүний биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Аманжол, Д.Нурболат нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Аманжол, Д.Нурболат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Аманжол, Д.Нурболат нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Ш.Аманжол, Д.Нурболат нар урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах  байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нурболат нь цаашид гарах хохирол төлбөр байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

 

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болсон байна.

 

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Нурболатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Нурболатын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

 

                        ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

 

                                                                                                Д.КӨБЕШ