Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 645

 

Ц.Гангаад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Уранчимэг,

хохирогч Д.Төрмөнх, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн,

ялтан Ц.Гангаа,  түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Н.Баярмаа, С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Д.Төрмөнхийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Гангаад холбогдох эрүүгийн 201625030088 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Шангас овогт Цэвээний Гангаа, 1975 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Увс аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, “Алтан ураг” хамтлагт хөгжимчин ажилтай, ам бүл 2; хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 4 дүгээр гудамжны 113 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД: ОЭ75021610/,

Ц.Гангаа нь 2015 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 23 цагаас 00 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны подвалд үйл ажиллагаа явуулдаг “М” рекордс дуу бичлэгийн студийн байранд бусадтай архидан согтуурсан байхдаа, иргэн Д.Төрмөнхийг үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн зодож, улмаар түүний төмсөг тус газарт нь өшиглөж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Ц.Гангаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Гангаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Ц.Гангааг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Ц.Гангаагийн цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хохирогч Д.Төрмөнхийн олох ёстой орлого, түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 20.910.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэн авах эрхтэйг дурдаж, Ц.Гангаад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Төрмөнх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтан Ц.Гангаа нь намайг ажлын байран дээрээ ажлаа хийж байхад согтуугаар танхайран, шалтаг шалтгаангүй зодож, эр хүний амьдралыг бүрмөсөн сүйтгэж хохироочихоод эмчилгээний зардлыг гаргаж өгөхгүй байгаад маш гомдолтой байна. Би цаашид Солонгос Улсад явж эмчилгээ хийлгэх, мэс засалд ороход 22.000.000 вон шаардлагатай байгаа. Энэ хохирлыг бүрэн барагдуулж авах хүсэлтэй байна. Ялтан Ц.Гангаагийн найз гэх гэрчээс мэдүүлэхдээ намайг “…ариун цэврийн өрөөнд ялтан Ц.Гангааг элдэв үгээр харааж, түлхсэн" гэж худал мэдүүлэг өгсөн. Би ариун цэврийн өрөөнд бие засчихаад гарч байсан болохоос бусдыг хэл амаар доромжилж хэрүүл маргаан эхлүүлээгүй юм. Гэтэл анхан шатны шүүхээс гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иймээс энэ хэргийг дахин хэлэлцэж, хуулийн дагуу надад учруулсан гэм хорыг буруутай этгээдээр арилгуулж өгнө үү. Би бие эрхтэндээ сэргээн засварлах эмчилгээ хийлгэхгүй бол удах тусам засрал авах  найдлагагүй болох магадлалтай байна.” гэв.  

Хохирогч Д.Төрмөнхийн өмгөөлөгч Х.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Д.Төрмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хавтаст хэрэгт эмчилгээний зардлын нотлох баримт бүрдсэн, одоо өгөх гэж байна. Прокурорын яллах  дүгнэлтэд ялтан Ц.Гангаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж байсан нь түүний үйлдсэн хэрэг, хувийн байдалд нь тохирсон. Гэтэл анхан шатны шүүх гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзээд зүйлчлэл хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй юм. Хэдийгээр хохирогч амьд байгаа боловч амьдралын гол зорилго болох үр хүүхэдтэй болж чадахгүй, бэлгийн харьцаанд орж чадахгүй болсон. Үүнээс болоод гэр бүлийн харилцаанд нь өөрчлөлт орсон. Тус хэрэг гарснаас хойш 1 жил болох гэж байгаа боловч хохирогч эмчилгээгээ  тууштай хийлгэж чадахгүй байгаа. Хохирогч ажлаа хийж байхдаа сард доод тал нь 2.000.000 төгрөгийн гэрээт ажил хийдэг, баяр ёслолын үеэр үүнээс ч илүү орлоготой байсан. Гэтэл Ц.Гангаагийн үйлдлээс болж миний үйлчлүүлэгч ажлаа хийж, олох ёстой байсан орлогоо ч олж чадахгүй болсон. Хэрэг гарах үед миний үйлчлүүлэгч 2.900.000 төгрөгийн гэрээт ажил хийх гээд ажил дээрээ байж байгаад зодуулсан тул олох ёстой байсан орлогыг нэхэмжилсэн. Д.Төрмөнхөд учирсан гэмтлийг Монгол Улсад эмчилж чадахгүй, дэлхийн улс орнуудад ч хийх боломж бага байдаг. Сайтар судалж явсны эцэст Солонгос улсад эмчилгээ хийлгэх боломжтойг олж мэдээд Солонгос Улсын “Хюндай” эмнэлэгтэй холбоо тогтооход "эмчилгээг хийхийн тулд урьдчилан шинжилгээ өгч, эмнэлэгт хэвтэх шаардлагатай. Мөн хагалгааны зардал, орчуулга зэрэг багтаад энэ төрлийн хагалгааны жишиг үнэ 22.000.000 вон болно" гэсэн хариу өгсөн боловч санхүүгийн боломжгүй байдлаас болж эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд эх нь элэгний цирриоз өвчтэй, өөрийн төрсөн хүүхэдгүй, эхнэр, 2 дагавар хүүхдийн хамт амьдардаг. Өнгөрсөн 10 дугаар сард гэр нь шатсан тул айлд хоног төөрүүлж амьдарч байна. Иргэний хууль болон Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолд гэм хорыг арилгах тухай заасан байдаг. Мөн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт "зайлшгүй шаардлагатай эмчилгээний төлбөрийг урьдчилан шаардаж  гаргуулах  эрхтэй" гэсэн  байдаг. Иймд дээрх заалтуудын дагуу зайлшгүй шаардлагатай байгаа хохирлын 22.000.000 воныг ялтан Ц.Гангаагаас гаргуулж өгнө үү…” гэв.

Ялтан Ц.Гангаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Би тухайн үед согтуу байсан. Хэргийн талаар өөрөө мэдэхгүй байгаа. Хамт байсан хүмүүсээсээ тухайн үед болсон асуудлын талаар сонсож мэдсэн. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө  …” гэв.

Ялтан Ц.Гангаагийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Хохирогчийн өмгөөлөгч ялтан Ц.Гангаад холбогдох хэргийн зүйлчлэл тохироогүй гэж хэллээ. Урьд нь анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа "процессын алдаа гарсан, гэмт хэргийн зүйлчлэлийг анхаарах, Ц.Гангаагийн бага насны хүүхдэд асран хамгаалагч тогтоох" зэрэг үндэслэлүүдийг заасан байсан. Ингээд хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн, хүүхдийг ээжийх нь асрамжинд өгч шийдвэрлэсэн. Харин мөрдөн байцаалтын шатанд нэмэлт ажиллагаа бүрэн хийгдээгүй. Гэрч Анхбаяраас мэдүүлэг авахдаа юунаас болж зодоон эхэлснийг огт асуулгүйгээр зөвхөн хэн цохисон эсэхийг л асуусан байдаг. Ц.Гангаа нь бие засах гээд ариун цэврийн өрөөний хаалгыг тогшиход хохирогч хэл амаар доромжилж, түлхсэн тул зөрүүлээд цохисон гэдэг. Миний үйлчлүүлэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулна гэдгээ хэлдэг. Гэхдээ өөрөө цагдан хоригдож байгаа, ар гэр нь хохирол төлөх боломжгүй хэцүү байгаа. Нотлох баримтаар тогтоогдсон хохирлын хэмжээ 2.600.000 төгрөг байгаа боловч Ц.Гангаагийн зүгээс 2.500.000 төгрөг илүү төлсөн. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү…” гэв.

Прокурор Б.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Прокуророос ялтан Ц.Гангаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж дүгнээд зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Мөн шийтгэх тогтоолд хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсан байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна…” гэв.

ХЯНАВАЛ:

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Ц.Гангаа нь 2015 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 23 цагаас 00 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны подвалд үйл ажиллагаа явуулдаг “М рекордс” дуу бичлэгийн студийн байранд очиж, Бэхбаатар, Мөнхбаяр нартай хамт 1 шил архи хувааж уугаад, хэсэг хугацаанд унтсан. Сэрээд босч 00-ийн өрөөнд орохоор очиж хаалгыг нь тогшсон, “хүн байна уу” гээд хэд хэдэн удаа тогшиход нь иргэн Д.Төрмөнх нь 00 дотроос “хүнтэй байна ш дээ пизда минь, аятайхан бие засуулаач” гэж хэлснээ, гарч ирээд маргалдаж, Ц.Гангааг түлхэхэд нь зөрүүлж цохисон. Ц.Гангаа студийн өрөөндөө орж ирээд “нэг залуутай ам мурийчихлаа” нь гээд хаалгаа бариад зогсож байхад нь араас нь хохирогч орж ирэн дахин маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа төмсөг тус газар өшиглөж, бие махбодид нь “...зүүн төмсөг, дайвар авахуулах, зүүн төмсөгний бяцрал, зөөлөн эдийн няцрал, хуйхнагын цус хуралт үүссэн...” үлдэц уршиг бүхий  хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:

хохирогч Д.Төрмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны доод давхарын подвалд нэг өрөө түрээслэн “Мөнх” фото зургийн студи ажиллуулдаг юм. 2015 оны 12 сарын 22-ны өдөр 23 цагийн үед уг подвалын ариун цэврийн өрөөнд бие засаж байхад нэг залуу хаалга нүдээд “хүн байна уу” гэхээр нь би “байна” гэж хариултал сонсоогүй юм шиг 2-3 удаа дахин асуусан. Тэгээд удалгүй би гартал намайг гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би “чи яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэсэн чинь “пизда минь чамайг ална” гээд дайраад байсан. Хажууд нь нэг залуу тэр залууг болиулах гээд хорьж байсан. Тэгсэн шууд миний эмзэг эрхтэн рүү өшиглөчихсөн. Тэгсэн хориглоод байсан залуу Гангаа гэх залууг аваад өрөө рүүгээ явсан. Тэгэхээр нь би өрөө рүүгээ ороод манайд захиалгат ажил хийлгэж байсан эмэгтэйд “би зодуулчихлаа” гэж хэлээд гадуур хувцсаа өмсөөд гарч цагдаад дуудлага  өгсөн... Тэгээд би буцаад ажил руу орох гэтэл манай өрөөний хаалганы үүдэнд  Гангаа өөр хоёр хүнтэй хамт зогсож байснаа над руу “ална” гээд дайрахад нь түрүүн нь хориглоод байсан залуу /Анхбаяр/ хориглоод шилийг нь авч байсан. Тэгсэн нэг туранхай залуу ирээд “Чи яагаад байгаа юм хохино шүү. Ална шүү…” гэх зэргээр биеэрээ намайг түлхээд, гараараа чичлээд зогсож байтал Мөөгий гэх залуу хажуунаас “Бэхээг цохих юм бол би чамайг ална шүү” гээд байсан. Тэгтэл Гангаа гэгч тэр хүмүүсийн дундуур орж ирээд нэгээс хоёр удаа миний хөл рүү өшиглөөд, гараараа 2-3 удаа цохисон.” /хх-12, 13/,

гэрч Б.Анхбаярын: “...Гаднаас Гангаа ах архи уучихсан орж ирсэн. Алтансэлэм гэх дуучин залуу Гангаа ахад 1 шил “Болор” архи авчирч өгснийг Гангаа, Мөнхбаяр, Бэхбаатар нар хувааж уусан.  Гангаа ах сандал дээр хэсэг хугацаанд унтаж байгаад босоод гараад явчихаар нь араас нь гарсан чинь ариун цэврийн өрөөний үүдэнд оччихсон "хүн байна уу" гээд хаалгыг нь цохиод зогсож байсан. …Гангаа ах "хүн байна уу" гээд хаалгыг хэд хэдэн удаа тогшсон. Тэгээд дахиад тогшсон чинь "Хүн бие засаж байна шүү дээ пизда минь аятайхан “бие засуулсчихаач” гэсэн чинь Гангаа ах "хэн бэ чи" гэсэн чинь хажуу талын зургийн студийн залуу гарч ирээд Гангаа ахтай хэрэлдсэн. Тэгэхээр нь би ариун цэврийн өрөө орж бие зассан юм. Намайг бие засаж байхад коридорт Гангаа ах зургийн студийн залуутай зодолдох чимээ гарахаар нь гарч очоод салгасан. Тэгээд Гангаа ахыг аваад өрөө рүүгээ ороод хаалга түгжсэн. Тэгсэн зургийн студийн залуу хаалга татаад байсан чинь Мөнхбаяр "наадах чинь хэн юм бэ. Юу болсон юм" гэж асуусан чинь Гангаа ах “байж бай” гээд хаалга онгойлгоод гарахаар нь би дахиад зодолдож магадгүй гээд хамт гарсан чинь тэр  хоёр хоорондоо “чи намайг цохидог нь яаж байгаа юм бэ” гэх зэргээр маргалдаж би “яг одоо энд арми буулгана” гэсэн чинь Гангаа ах уучлалт гуйж байснаа уурлаад "Чи ингэж ярьж байгаа бол” гээд гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд хоорондоо зодолдчихсон. Тэгсэн зургийн студийн залуу намайг дуудаад "чи хэн юм бэ” гэхээр нь би "энэ студид ажилладаг" гэсэн чинь "би чамайг харж байгаагүй юм байна" гэсэн. Тэгсэн араас Мөнхбаяр ах гарч ирээд "яасан юу болоод байгаа юм" гээд дахиад асуухаар нь би "зүгээрээ" гэж хэлээд буцаад дагуулаад орсон.  Тэгээд Мөнхбаяр ах бид хоёрыг ороход Гангаа ах “Бэхээ хаачсан юм" гэж асуухаар нь би "гадаа зургийн студийн залуутай юм яриад үлдсэн" гэсэн чинь "Би гараад Бэхээг дагуулаад ороод ирье" гээд гараад явсан... Би араас нь гарсан. Тэгсэн Гангаа ах зургийн студийн залуутай маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би голд нь зогсоод салгаж байхад тэр залуу Гангаа ахыг гараараа нэг удаа цохиод авсан. Тэгсэн Гангаа ах намайг түлхээд тэр залуутай зодолдсон. Тэгэхээр нь би Гангаа ахыг салгаад өрөө рүүгээ орсон.  3 удаа маргалдсан. Эхний удаа 00-с гарч ирээд, дараа нь студийн өрөөнд, тэгээд гадаа маргалдсан...” /хх-14-15, 221/,

гэрч Б.Мөнхбаярын: “...Би тэр өдөр өөрийн ажил болох “М рекордс” дуу бичлэгийн студидээ байж байхад 19 цагийн үед Гангаа, Анхбаяр хоёр ирсэн. Гангаа бага зэрэг архи үнэртүүлчихсэн байсан. Тэгээд Гангаа бид хоёр 0.75 граммын архи хувааж уусан. Тэгээд сууж байхад Гангаа угаалгын өрөө орно гээд Анхбаярыг дагуулаад гарсан. Тэгээд удалгүй Гангаа, Анхбаяр хоёр орж ирээд Гангаа “нэг хүнтэй муудалцчихлаа” гээд хаалга дотроос нь хаагаад бариад зогсоод байсан юм. Тэгтэл гаднаас нь манай хажуу талд зурагчин хийдэг Төрөө гэх залуу орж ирээд яаж байгаа юм бэ гээд байснаа Гангаатай барьцалдаад гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гараад тэр хоёрыг салгаад Төрөөг ажил руу нь дагуулж орсон. Тэгээд Гангааг дагуулаад эргээд ажил руугаа орсон чинь Гангаа бас дахиад гараад явчихсан. Тэгэхээр нь би дахиад араас нь гарахад Анхбаяр, Гангаа, Төрөө гурав зогсож байсан. Анхбаяр нь Гангаа, Төрөө хоёрын голоор орчихсон салгаад байж байсан. Тухайн үед хажууд нь нэг эмэгтэй хүн зогсож байсан. Тэгээд удалгүй цагдаа хүрээд ирсэн...” /хх-54/,

гэрч Д.Баярцэцэгийн: “…2015 оны 12 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед Төрмөнхийн ажлын байр болох “Гандирс” гэдэг байрны доод давхарт байрлах зургийн студи дээр очсон. Намайг ороход Төрмөнх ганцаараа сууж байсан. Түүний хажуугийн өрөөнд хүмүүс юм яриад чимээтэй байсан. Тэгээд шөнийн 00 цаг хүртэл Төрмөнх бид ажлаа дуусаад гарцгаах гэж байтал Төрмөнх угаалгын өрөө ороод ирье гээд гарсан. Удалгүй хаалганы гадна чимээ шуугиан хэрүүл болоод байх шиг байсан. Би эхэндээ тоохгүй байсан чинь Төрмөнхийг орж ирэхгүй болохоор нь гараад хартал 3 залуу гараад ирчихсэн Төрмөнхтэй маргалдаад зогсож байсан. Төрмөнх цохиулчихсан байх шиг байхаар нь би очоод “болиоч” гээд салгах гэтэл үс сахал ихтэй нэг залуу нь намайг хэл амаар доромжлоод байсан. Тэнд тэр согтуу залуугийн нэг найз нь эрүүл байсан учир салгаад гүйгээд байсан. Тэр үед Төрмөнх гараад явчихсан. Тэгээд нөгөө согтуу сахалтай залуу нь студи рүү орно гээд дайраад байхаар нь би оруулаагүй юм. Тэгж байтал нэг харахад Төрмөнх ороод ирчихсэн байсан... Тэгээд би тэр хоёрын голоор ороод салгаж байтал миний араар сахалтай залуу Төрмөнхийг өшиглөчих шиг болсон. Төрмөнх “ёо ёо өшиглөчихлөө” гээд байсан. Төрмөнх намайг op ор гээд би студи рүү орчихсон юм. Тэгээд гэмтлийн эмнэлэг рүү хамт явсан…” /хх-55/,

ялтан Ц.Гангаагийн яллагдагчаар өгсөн: “…Тухайн маргаан нь би “М Рекордс”-ийн ариун цэврийн өрөө орох гээд очоод хүн байна уу гээд 2-3 удаа асуусан. Тэгэхэд ерөөсөө хүн дугараагүй. Тэгээд би хүнтэй байна гэж бодоод буцаад явах гэж байтал Анхбаяр “энэ  хаалга гацсан юм биш үү” гэж хэлээд хаалгыг татсан. Тэгээд би буцаж очоод дахиад хаалга татахад “пизда минь аятайхан бие засуулчих гээд дотроос орилсон. Тэгээд би “Чи хэн бэ” гээд хоёр талаасаа хэрэлдэж байхад Төрмөнх ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд намайг түлхсэн. Тэгэхээр нь би зөрүүлж цохисон. Тэгээд Анхбаярыг ариун цэврийн өрөөнд орохоор нь бид хоёр зодолдсон. Анхбаяр гарч ирээд бид хоёрыг салгахаар нь “уучлаарай,   миний буруу боллоо” гэж хэлээд өрөө өрөө рүүгээ орсон. Тэгээд өрөөндөө ороод байж байхад 5-10 минутын дараа Төрмөнх ирж хаалга татахад би дотор талаасаа татаж байсан.   Төрмөнх хаалга угз татаж орж ирээд намайг цохисон. Бид хоёр дахин зодолдоход Анхбаяр салгаж намайг өрөө рүү оруулсан. Тэгээд Төрмөнх цагдаа дуудсан байна лээ...” /хх-152/ гэх мэдүүлгүүд,

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: “…Д.Төрмөнхийн биед зүүн төмсөг, дайвар авахуулах мэс заслын дараах байдал, зүүн төмсөгний бяцрал, зөөлөн эдийн няцрал, хуйхнагны цус хуралдалт, гадна бэлэг эрхтэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, өшиглөх хүчний үйлчлэлээр 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.2-д зааснаар үлдэц уршиг бүхий гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” /хх-28, 29/ гэх 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн ¹172 тоот дүгнэлтүүд зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Ц.Гангаад холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй.  

             Прокуророос ялтан Ц.Гангаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүхээс мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

             Учир нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүд болон хэргийн үйл явцыг дүгнэж үзэхэд  Ц.Гангаагийн үйлдэлд үл ялих зүйлээр шалтаглан танхайрсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ОО-ийн өрөөнд бие засах гэж орохдоо хохирогч Төрмөнхтэй үл ойлголцон харилцан маргалдсан, хохирогчийн зүй бус ажиллагаанаас үүссэн сэдэлттэй гэж үзэх  үндэслэл байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлт хийлээ.

             Шүүхээс Ц.Гангаад Эрүүгийн хуулийн 96 дугаар зйүлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугцаагаар хорих ял оногдуулсан нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм бурууд нь тохирсон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

            Хохирогч Д.Төрмөнхөөс “...анхан шатны шүүхээс гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэсэнд гомдолтой. Миний бие энэ хэргийн улмаас эрүүл мэндээрээ асар их хохирсон. Гэтэл ялтны зүгээс хохирлыг бүрэн барагдуулаагүй. Иймд одоо Солонгос Улсад зайлшгүй эмчилгээ хийлгэхэд шаардлагатай байгаа 22.000.000 воныг ялтнаас гаргуулах хүсэлтэй байна...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

                Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.Төрмөнх нь Солонгос Улсад 22.000.000 воны эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх нотлох баримтыг  хэрэгт ирүүлээгүй  байх ба  Шийтгэх тогтоолд хохирогч Д.Төрмөнхийн цаашид гарах эмчилгээний зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь үндэслэлтэй байна.

             Иймд хохирогч Д.Төрмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Төрмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧИД                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН