Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 665

 

                                                                У.Эрдэнэбаатарт холбогдох эрүүгийн

                                                                                    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Мөнхтуяа,

ялтан У.Эрдэнэбаатарын өмгөөлөгч М.Ариунболд,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан У.Эрдэнэбаатарын өмгөөлөгч М.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлоор У.Эрдэнэбаатарт холбогдох эрүүгийн 201626020099 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овогт Ухнайгийн Эрдэнэбаатар, 1971 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Нуурын 5 дугаар гудамжны 3 тоотод оршин суух,

- 1999 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14, 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, нийт 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /РД:ЖЭ71031511/,

У.Эрдэнэбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны 3 тоотод иргэн Б.Сайнбаттай “Түлхүүр, гар утас хулгайлж авсан” гэж хэллээ гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зодож санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: У.Эрдэнэбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У.Эрдэнэбаатарыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, У.Эрдэнэбаатарын цагдан хоригдсон 249 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхзаяа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, У.Эрдэнэбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан У.Эрдэнэбаатарын өмгөөлөгч М.Ариунболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.1.5-д тус тус зааснаар гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэдийд яаж үйлдсэн, үхэлд хүргэсэн гэмтлийг хэн, ямар нөхцөл байдалтайгаар учруулсан болох нь эргэлзээтэй, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нарийн тогтоогоогүй, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу амь хохирогчийн хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлийг авч үзээгүй байна.

1. Энэ хэрэгт шалгагдаж байсан С.Гантулга нь ялтан У.Эрдэнэбаатартай харилцан эсрэг ашиг сонирхолтой байх магадлалтай бөгөөд хэргийг шийдвэрлэхдээ түүний  мэдүүлэг, мөн С.Гантулгын Н.Лувсаншарав, Б.Даваадорж нарт хэлсэн дамжмал үгийг гэрчийн мэдүүлэгт тооцон хэрэгт ач холбогдолтойгоор үнэлэн хэргийг шийдвэрлэсэн нь эргэлзээ төрүүлж байна.

2. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 161 тоот дүгнэлтийн 3-т “Б.Сайнбат нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан” гэж байгаа хэдий ч учирсан гэмтлүүдийн аль нь яг гавал тархины гэмтэл болохыг нарийн тогтоогоогүй.

3. Талийгаачийн үхлийн шалтгаан нь гавал тархины хүнд гэмтэл. Шүүх эмнэлгийн магадлагаа явуулсан 624 тоот дүгнэлтийн 1-д “...зүүн нүдний зовхи, зүүн хацрын цус нь үхэлд нөлөөлөөгүй, хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэсэн нь үхлийн шалтгаан болсон гэмтлийг нарийн тогтоох буюу ялгах, улмаар хохирогчид учруулсан үхэлд хүргэсэн гэмтлийг У.Эрдэнэбаатарын үйлдлээс болсон эсэхэд эргэлзээтэй байна.

4. Шинжээч эмч Ц.Ганболд, Ж.Ганцэнгэл нарын “...үхэлд хүргэсэн гэмтэл нь талийгаачийн биед учирсанаас хойш талийгаач амьд явах боломжтой, мөн 6-7 цаг идэвхтэй үйлдэл хийнэ, хэдэн сар ч амьд явж болно...” гэсэн мэдүүлгээс үзэхэд амь хохирогчид яаралтай түргэн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байсан эсэх, хэрэв амь насыг аварсан бол тухайн үед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн ямар зэрэгт хамаарахыг тогтоох шаардлагатай тул дахин шинжээч томилох шаардлагатай байна.

5. Ялтан У.Эрдэнэбаатарын мэдүүлэгт “Б.Сайнбаттай муудалцаад түүний утас, түлхүүрийг өөрөөс нь олж өгөөд тэдний байрнаас гараад явсан” гэдэг. Үүнийг тогтоохын тулд тухайн байранд болон орчин тойронд камер байсан болон камерт бичигдсэн эсэх, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш Б.Сайнбаттай уулзалдаагүй хүмүүсээс мэдүүлэг авч хэргийг тал бүрээс нь шалгах буюу цагаатгах талын нотлох баримтуудыг цуглуулаагүй, бэхжүүлээгүй байна.

Иймээс хэргийг тал бүрээс нь бодитойгоор шалгах үүднээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Прокурор Д.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүрэн шалгасан. Анхан шатны шүүх ялтан У.Эрдэнэбаатарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Амь хохирогч Б.Сайнбат нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш буюу У.Эрдэнэбаатарт зодуулсанаас хойш хэнтэй ч уулзалдаагүй, утсаар холбогдоогүй болох нь шалгалтаар тогтоогдсон. Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг дахин шалгах шаардлагагүй. Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, У.Эрдэнэбаатар нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны 3 тоотод иргэн Б.Сайнбатын /түр оршин суух/ гэрт бусадтай нийлэн архидан согтуурч, улмаар Б.Сайнбаттай хамт үлдсэн үедээ түүнийг “Гэрийн түлхүүр, гар утас хулгайлж авсан” гэж хэллээ гэх асуудлаар хоорондоо маргалдаж, түүний зүүн шанаа хэсэгт гараараа цохиж, унаган гэрээс нь гарч явсан байх ба энэ үеэс хойш амь хохирогч Б.Сайнбат нь бусадтай харилцах, орон байрнаасаа орж гарсан үйлдэл хийгээгүй, бусдад харагдаагүй, орцны жижүүрийн цэвэрлэгээ хийх зэрэг үүрэгт ажлыг огт хийгээгүй мөн бусдын тусламж дэмжлэг авч чадалгүй 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр гэртээ гадны нөлөөтэйгээр нас барсан байдалтайгаар олдсон үйл баримт тогтоогдож байна.

Хавтаст хэргийг бүхэлд хянаж, дүн шинжилгээ хийж, цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхзаяагийн “...би ажиллаж байсан Солонгос компанийнхаа даргатай яриад ах Б.Сайнбатыгаа байрных нь нэг давхарт амьдруулж, тус байрны цэвэрлэгээ үйлчилгээг хийлгүүлж байхаар болсон. Манай ах ... архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Гэхдээ ажлаа алдаж уудаггүй, тааруулаад л уудаг. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш түүнтэй холбоо барих гэсэн боловч утсаа авахгүй, сүүлдээ утас нь холбогдохоо байсан. Тэгээд уг байрны эзэн Солонгос улсын иргэн Лим Нонг нутгаасаа ирээд 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 15 цагийн үед над руу залгаад “Ахын чинь утас холбогдохгүй байна, яасан юм бол” гэж асуухаар нь би “Харин тиймээ, та өөрөө очоод үзээч” гэж хэлсэн. Лим Нонг тэр өдрийн 16 цагийн үед над руу залгаад “Би түлхүүрээрээ онгойлгоод ортол ах чинь … сонин болчихсон байна” гэж хэлэхээр нь би ахынхаа байгаа газар руу очиход цагдаа нар ирчихсэн байсан. Ах маань тэр байранд амьдарч байх үед тухайн байрны оршин суугч нараас над руу олон удаа утасдаж хэлж байсан. Тэгэхэд нь би ахдаа “Архи битгий уугаад бай, ямар хүмүүстэй уугаад байгаа юм бэ” гэхэд “Энэ хавийн гудамжны хүмүүстэй ууж байгаа, намайг амраахаа болилоо, ууя гээд хүрээд ирэх юм” гэж хэлж байсан...” /1хх-54-55/,

- гэрч Н.Саранхүүгийн “...нэг давхарт талийгаач Б.Сайнбат нь ганцаараа амьдардаг, ... манай орцны жижүүр байсан. Би түүнтэй хамгийн сүүлд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагийн үед орцондоо тааралдаад ... тэр өдрөөс хойш хараагүй. 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 14-15 цагийн үед байрны эзэн Лим Нонг байрны төлбөрийн асуудлаар манай гэрт орж ирсэн... би Лим Нонгтой хамт жижүүр ахын байр луу ороход жижүүр ах дээшээ харчихсан, царай нь хөхөрчихсөн байсан. Тэгээд дүү Б.Мөнхзаяад нь мэдэгдсэн. Талийгаач байнга согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явдаг байсан...” /1хх-56/,

- гэрч С.Гантулгын “...У.Эрдэнэбаатартай тааралдахад “Би өнгөрсөн шөнө чамайг гарч явсны дараа Б.Сайнбаттай маргалдсан. Б.Сайнбат над руу миний гар утас, гэрийн түлхүүр хоёр алга болсон байна гэж дайраад байхаар нь би өмнөөс нь “Би чиний гэрийн түлхүүр, гар утсаар чинь яах юм” гээд 2-3 удаа цохиж авсан” гэж надад хэлсэн. Өөрөө хэлэхдээ нүүрэн тус газарт цохисон гэж хэлж байсан...” /1хх-57-58/,

- гэрч Н.Лувсаншаравын “...У.Эрдэнэбаатартай байрныхаа гадаа тааралдахад “Би чамайг явсны дараа Б.Сайнбатынд очиж хамт архи ууцгаасан. Тэгээд Сайнбат надаас гар утсаа нэхээд байхаар нь би аваагүй болохоор уурлаад өмсөж байсан жинсэн яакных нь халааснаас нь гар утсыг нь гаргаж өгөөд түлхсэн” гэж хэлсэн. Мөн тэр үед тэр хоёроос өөр хүн байгаагүй, ... Сайнбат согтчихоод уурлаад тэд нарыг одоо манайхаас зайл гэж хөөгөөд гаргасан гэж хэлж байсан...” /1хх-59/,

- гэрч Лим Нонгийн “...манай компанийн орчуулагч эмэгтэй Заяагийн ах Б.Сайнбатыг 2015 оны 9 сараас байрны орц, үүдний орчимд цэвэрлэгээ хийх ажлыг хийлгээд сарын 100.000 төгрөг өгөхөөр, мөн 1 дүгээр давхрын 3 тоотод сул 2 өрөө байранд амьдруулахаар болсон... би 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Монгол улсад буцаж ирээд ... Сайнбатын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. Маргааш өглөө нь манай байранд амьдардаг Билгээ гэдэг хүнтэй утсаар ярихад “...Сайнбат сүүлийн үед огт харагдахгүй байгаа, цэвэрлэгээ ч хийхгүй байгаа” гэж хэлсэн... бас 1 тоотын эмэгтэй над руу яриад “Жижүүр чинь байхгүй байна, цэвэрлэгээгээ яагаад хийхгүй байгаа юм бэ” гэхэд нь би “Хаалгыг нь цохиод үз, дотроо байгаа байлгүй дээ” гэхэд “Цохиод хүн гарч ирэхгүй байна, танд түлхүүр нь байдаг бол ирж үзээч” гэхээр нь би 15 цагийн үед очоод 3 тоотын түлхүүрийг нь олж онгойлгон дотогш ороход, ... баруун талын хана хэсэгт тулган тавьсан гудас хөнжил дээр хөндлөн буюу толгой хэсэг нь баруун тийшээ хана тал руу, их бие нь зүүн тийшээ чиглэн дээш харан хэвтсэн байдалтай хөдөлгөөнгүй хүн байсан. Уг хүн нас барсан бололтой, Сайнбат мөн юм шиг байсан...” /1хх-62-63/,

- шинжээч эмч Ц.Ганболдын “...энэ гэмтэл талийгаачийн биед учирсан даруйд нас барахгүй. Учирснаас хойш амьд явах боломжтой ба 6-7 цагийн хугацаанд идэвхтэй үйлдэл хийх боломжтой...” /1хх-165/,

- шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн “...тархины судас гэмтсэнээс цус шүүрээд цусны хураа үүсээд тархи дарагдах хүртлээ амьд байх боломжтой. Тэгэхээр энэ үйл явц нь хэдэн цагийн хооронд ч явагдана, хэдэн сар ч амьд явж болно. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна...” /1хх-168/,

- ялтан У.Эрдэнэбаатарын яллагдагчаар өгсөн “...2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Б.Сайнбатынх руу дөрөвүүлээ орсон. Бид нар архиа ууж дуусаад байж байтал Сайнбат нь С.Гантулга, Н.Лувсаншарав, түлхүүр хочтой Ганбаа бид дөрөвт “Та нар одоо эндээс гарцгаа, зайлцгаа” гэж хэлсэн. Түлхүүр хочтой Ганбаа, Лувсаншарав нар ... гараад явсан. Ингээд Сайнбат, Гантулга бид гурав үлдсэн. Тэгтэл Сайнбат гэнэт босож ирээд миний энгэрээс заамдаж аваад цээж рүү цохиод “Миний гэрийн түлхүүр, гар утас хоёр байхгүй байна, чи авсан” гээд над руу дайраад байхаар нь би түүнд “Чи наад халаасандаа үз л дээ” гэж хэлэхэд тоосон шинжгүй дайраад байсан. Тэгэхээр нь би Сайнбатын зүүн шанаа хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохиход тэр газар байсан дэвсгэр дээр унасан... түүний халаасыг нь үзтэл түлхүүр, гар утас нь байхаар нь өөрт нь “Энэ л байна шүү дээ” гэж хэлээд дахин нэг удаа нүүрэн тус газар нь алгадаад, баруун гуя руу өшиглөсөн. Энэ үед Гантулга нь бид хоёрыг больцгоо, одоо гарцгаая гээд байсан...” /1хх179-180/,

- ялтан У.Эрдэнэбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Б.Сайнбат нь “Миний гар утас, гэрийн түлхүүр хоёр байхгүй байна, чи авсан байна” гэж хэлээд намайг заамдаж аваад цээж рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би өөрийнхөө халаасанд үзээч гэж хэлсэн чинь миний хамар руу нэг удаа хүчтэй цохисон. Миний уур хүрээд зүүн шанаа хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь ард байсан дэвсгэрт тээглээд бөгсөн биеэрээ арагшаа сууж унасан. Тэгтэл түүний өмсөж байсан жинсэн яакны энгэрийнх нь халааснаас гар утас, түлхүүр хоёр нь гарч ирсэн. Харин өөр байдлаар маргалдаж зодолдсон зүйл байхгүй. Сайнбат бид гурав хамт гэрээс гарцгаасан ба Гантулга бид хоёр цааш хамт явсан. Түүнээс хойш Сайнбаттай дахиж уулзалдаагүй...” /1хх-228/ гэсэн мэдүүлгүүд,

- мөн хэргийн газарт болон цогцосны гадна байдалд, хувцас, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр /1хх-17-45/ ялтан У.Эрдэнэбаатар нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хохирогч Б.Сайнбатын гэрт түүнийг зодож толгойн зүүн хэсэгт цохиж унаган зодсон болох нь тогтоогдсон ба харин энэ үйл баримтаас өмнө бөгөөд нас барах хүртлээ Б.Сайнбат нь өөр бусадтай маргасан, цохиулж, зодуулсан  нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Талийгаач Б.Сайнбатын цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 161 тоот, шинжээчийн давтан 624 тоот дүгнэлтүүдэд  “...талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, баруун тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэнг хамарсан /200 гр/ цусан хураа, тархи дарагдалт, баруун тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, дагзны баруун доод хэсгийн хуйхан доорх цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хацрыг нилэнхүйд нь хамарсан цус хуралт, дээд уруулын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдсон ... талийгаачийн тархины баруун тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэнг хамарсан хатуу хальсан доорх цусан хурааг 24-48 цагийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Б.Сайнбат нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Учирсан гэмтэл нь нас барахаас өмнө үүсчээ. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ. Нас бараад 24 цагаас дээш болсон байна. Б.Сайнбатын цогцосноос авсан гэх цусанд 2.6 промилли, шээсэнд 4.1 промилли спиртийн агууламж илэрсэн байна...” /1хх-106-107, 109/ гэх дүгнэлтүүдээс үзэхэд, хохирогч Б.Сайнбатын биед үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл нь У.Эрдэнэбаатарын цохих үйлдлээс үүссэн гэж үзэх үндэслэлтэй, хохирогч нь хамт архи уусан найз нараа гэрээсээ хөөсөн, У.Эрдэнэбаатар эд зүйл хулгайлсан гэж маргасан талаар шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлгээс үзэхэд амь хохирогч Б.Сайнбат нь гэмт хэрэг үйлдэгдэх үед архидан согтуурсаны улмаас биеэ хамгаалах чадваргүй болсон байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх У.Эрдэнэбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны 3 тоотод иргэн Б.Сайнбаттай “Түлхүүр, гар утас хулгайлж авсан” гэж хэллээ гэх шалтгаанаар маргалдаж, түүнийг зодсоны улмаас бие махбодид нь гавал тархины битүү гэмтэл, баруун тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэнг хамарсан /200 гр/ цусан хураа, тархи дарагдалт, баруун тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, дагзны баруун доод хэсгийн хуйхан доорх цус хуралт ... бүхий гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хуульд нийцсэн, шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.

У.Эрдэнэбаатар нь архины хараат байдлын хам шинж эмгэг өвчтэй ба хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 310 тоот дүгнэлт байна. /1хх-158/,

Шүүх дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хуульд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулж, ял эдлэх дэглэмийг тогтоосон нь хууль ёсны болжээ.

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар шалгавал зохих байдлуудыг бүрэн  шалгасан ба хэргийг шалгах, шийдвэрлэх явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан “...төлбөрийн чадваргүй ... сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид … өмгөөлөгч томилж, заавал оролцуулах тухай…” заалтыг, мөн байцаан шийтгэх ажиллагаанд гэрч Лим Нонг-д Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 47 дугаар зүйлд заасан “...Монгол хэл мэддэггүй бол өөрийн эх буюу мэддэг хэл, бичгээр ... орчуулагчийн тусламжтайгаар мэдүүлэг өгөх, гомдол гаргах ... хэргийн холбогдох бүх материалтай бүрэн танилцах эрхээр хангагдах, ... орчуулагч хийх, мэдлэг чадвартай хүнийг орчуулагчаар томилох...” гэсэн заалтуудыг хэрэгжүүлсэн байна. 

Шүүхийн тогтоолын үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо ноцтой зөрчилдөөгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Иймээс мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй гэж үзлээ.

Ялтан У.Эрдэнэбаатарын өмгөөлөгч М.Ариунболд давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...У.Эрдэнэбаатарын үйлдэл нь хохирогчийн үхэлд хамааралгүй … нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай” гэсэн ба магадлалд дурдсан үндэслэлүүд, мөн талийгаач Б.Сайнбатын төрсөн дүү Б.Мөнхзаяа нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш ахын гар утас нь холбогдохоо байсан гэж, 57 дугаар байрны оршин суугч Н.Саранхүү, В.Жаргал, Н.Цэнгэнжаргал болон талийгаачтай архи уух үед хамт байсан С.Гантулга, Н.Лувсаншарав, Б.Даваадорж, У.Эрдэнэбаатар нар нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш талийгаачийг олж хараагүй, байрныхаа цэвэрлэгээг хийхээ больсон гэж тус тус мэдүүлсэнээс үзэхэд талийгаач Б.Сайнбат нь уг өдрөөс хойш бусадтай харилцах, гэрээсээ гарах зэрэг идэвхтэй үйлдлүүдийг хийгээгүй нь давж заалдах гомдлын үндэслэлийг няцааж байна.

Иймд ялтан У.Эрдэнэбаатарын өмгөөлөгч М.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан У.Эрдэнэбаатарын өмгөөлөгч М.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТСАЙХАН

                                           ШҮҮГЧИД                                                  Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                                              Д.МӨНХТУУЛ