Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 650

 

 

 

 

 

 

 

 

 

     Н.Баяр, Э.Энхтулга нарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Оргил-Очир,

ялтан Н.Баяр, Э.Энхтулга,

ялтан Н.Баярын өмгөөлөгч Г.Батбаяр, Ц.Цэцэгсүрэн,

ялтан Э.Энхтулгын өмгөөлөгч П.Амгаланбаатар, Ж.Яринпил,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Энхтулга, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар, ялтан Н.Баяр, түүний өмгөөлөгч А.Нарантуяа, П.Отгонбаяр, Ц.Цэцэгсүрэн, Г.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Н.Баяр, Э.Энхтулга нарт холбогдох 201525010414 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Тэгш овгийн Нацагийн Баяр, 1965 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн даргаар ажиллаж байсан, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамжны 36-5 тоотод оршин суух, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одонтой, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЕП65070611/

 

2. Жинст овгийн Эрдэнэболдын Энхтулга, 1984 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 11-1 тоотод оршин албан ёсны хаягтай, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 55-85 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЦЖ84021478/

 

Н.Баяр нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Амгалан дулааны станц” барих газрыг чөлөөлөх ажлыг гүйцэтгэх явцдаа албан тушаалын байдлаа ашиглан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 дугаар гудамжны 1 тоот, Г.Түмэнжаргалын өмчлөлийн газар болон барилгын нөхөн олговрыг 550,000,000 төгрөгөөр тохиролцон 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Иргэдийн өмчийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай” гэрээг байгуулахдаа “газраа бүрэн чөлөөлсөн тул 100 хувь олгохоор тохиролцов” гэж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Г.Түмэнжаргалыг газраа чөлөөлөөгүй байхад түүний ашиг сонирхлын дагуу 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Чөлөөлсөн газрыг хүлээлцсэн акт”-д гарын үсэг зурж, өөрийн албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, Г.Түмэнжаргалыг хээл хахууль өгөхийг тулган шаардаж, хясан боогдуулах замаар 2015 оны 1 дүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 30,000,000 төгрөг буюу их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэгт,

 

Э.Энхтулга нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Амгалан дулааны станц” барих газрыг чөлөөлөх ажлыг гүйцэтгэх явцдаа албан тушаалын байдлаа ашиглан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 дугаар гудамжны 1 тоотод оршин суух Г.Түмэнжаргалын өмчлөлийн газар болон барилгын нөхөн олговрыг 550,000,000 төгрөгөөр тохиролцон 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Иргэдийн өмчийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай” гэрээг байгуулахдаа “газраа бүрэн чөлөөлсөн тул 100 хувь олгохоор тохиролцов” гэж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Г.Түмэнжаргалыг газраа чөлөөлөөгүй байхад түүний ашиг сонирхлын дагуу 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр газраа бүрэн чөлөөлсөн гэх “Чөлөөлсөн газрыг хүлээлцсэн акт”-д гарын үсэг зурж, өөрийн албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, Г.Түмэнжаргалыг хээл хахууль өгөхийг удаа дараа тулган шаардаж хясан боогдуулах замаар 2014 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 30,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн Прокурорын газраас Н.Баяр, Э.Энхтулга нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Баяр, Э.Энхтулга нарыг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй, хясан боогдуулж их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар Н.Баярт 1,000,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 2 сар хорих ял, Э.Энхтулгад 1,000,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Н.Баярын цагдан хоригдсон 78 хоног, Э.Энхтулгын цагдан хоригдсон 28 хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Н.Баяр, Э.Энхтулга нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, хэрэгт битүүмжилсэн Н.Баярын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 143056/0081 нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газар, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамжны 36-5 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг, Э.Энхтулгын өмч болох 1,100,000 төгрөгийн үнэлгээ бүхий шүүгээ, 650,000 төгрөгийн үнэлгээ бүхий хувцасны шүүгээ, 2,975,000 төгрөгийн үнэлгээ бүхий гал тогооны тавилга, 850,000 төгрөгийн үнэлгээ бүхий ор, 2,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий буйдан зэргийг тус тус буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан Авлигатай тэмцэх газрын Төрийн банк дахь 900033401 дугаар дансанд байршуулсан 60,000,000 төгрөгийг төрийн өмчлөлд шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Ялтан Э.Энхтулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх Авлигатай тэмцэх газрын ахлах комиссар Бат-Олзвой нь намайг сэжигтнээр татаж мэдүүлэг авахад иргэн Г.Түмэнжаргалын Баяр даргад өгсөн мөнгийг алдчихсан гэж мэдүүлсэн юм. Үүнээс болоод 1 жил 5 сарын турш шалгагдаж байна. Шүүх хуралдаануудад миний бие газар чөлөөлөх хэлтсийн хамт олноо өмөөрч хамгаалах, зорилгоор зориуд болсон жинхэнэ үйл явдлаас өөрөөр мэдүүлэг өгч, бодит үнэнийг нуусан юм. Уг болсон явдлыг одоо нуух шаардлагагүй болсон гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Манай газар чөлөөлөх хэлтсийн хамт олон 2014 оны 11 дүгээр сард Сингапур, Малайз улсаар 7 хоногийн аялал хийхээр төлөвлөж, аялалд явах хүн бүрээс 1,000,000 төгрөгийг гаргуулан нийт 14,000,000 төгрөг болсон. Ингээд “Хонгор тур” гэх аяллын компаниар зуучлуулахаар болж урьдчилгаа 14,000,000 төгрөгийг өгөөд үлдсэн мөнгийг ирээд өгөхөөр тохиролцсон. Бид 2014 оны 12 дугаар сарын 13-наас 19-нийг хүртэл 7 хоног аялалд явсан. Ирээд Баяр даргад үлдэгдэл төлбөрөө төлөхийг сануулсан. Хэд хоногийн дараа Түмэнжаргал над руу залгаад “Баяр дарга чамд нэг юм өгчих гэсэн юм” гээд 30,000,000 төгрөг өгсөн. Би маргааш нь Баяр даргад өгөхөд “аяллын үлдэгдэл төлбөрт 20,000,000 төгрөгийг аваачиж өг, үлдсэн мөнгийг тэгж байгаад авна” гэсэн. Үүнээс хойш 10 орчим хоногийн дараа 5 боодол 20,000 төгрөг хар уутанд хийж Баяр даргын өрөөнд оруулж өгсөн. Энэ бол болсон бодит зүйл юм. Мөрдөн байцаалтад Баяр дарга “чи анхнаасаа алдсан гэсэн юм чинь алдсанаараа дуус, олон хүн энэ хэрэгт чирээд яах вэ” гэж хэлж байсан учир хэлэлгүй одоог хүрч байна.

Иймээс манай хэлтсээс гадаад улс руу аялалд явсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч, холбогдох баримтыг гаргуулж, үнэн бодит байдлыг тогтоож өгөхийг хүсч байна. Тухайн аялалд манай хэлтсээс Баяр дарга, Н.Мөнхбаяр, Э.Энхтулга би, Бат-Ундрах, Сугар, Энхтуяа, Уянга, Сэргэлэн, Ариунсоёл, Гантогтох, Батжавхлан, Ууганбаяр, Ичинноров, Ариунжаргал нарын хүмүүс явсан.

... Намайг мөрдөн байцаалтын шатанд Г.Түмэнжаргал нь удаа дараа утсаар ярьж дарамталж байсан гэж мэдүүлсэн байдаг. Миний зүгээс түүнийг дарамтлах ямар ч шалтгаан, нөхцөл байхгүй. Харин би өөрийн ажлын чиг үүргийн дагуу газар чөлөөлүүлэх талаар шаардлага тавьж ярьсан. Г.Түмэнжаргал нь өөрөө болон түүний эхнэр нь илт хуйвалдсан худал мэдүүлэг өгсөнд гомдолтой байна.

“Амгалан” дулаан станцын ерөнхий инженер Цогтсайханыг гэрчээр асууж газар чөлөөлсөн акт, протокол зэргийн талаар тайлбар авч тодруулахыг хүсч байна. Энэ нь Г.Түмэнжаргал өөрөө газар чөлөөлөх тухай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж газрын албаны ажилтан удаа дараа дарамталсан, мөнгө төгрөг нэхсэн мэтээр худал мэдүүлэг өгч, өөрөө Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан болохыг харгалзан үзнэ гэдэгт итгэлтэй байна. Иймд хэргийг дахин мөрдөн байцаалтын ажиллагаанд буцааж дээрх нөхцөл байдлуудыг шалгаж, хэргийн бодит үнэнийг тогтоож өгнө үү.” гэв.

 

Ялтан Э.Энхтулгын өмгөөлөгч П.Амгаланбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хавтаст хэргээс харахад бусдыг хясан боогдуулсан, их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан гэх баримт байхгүй. “Хясан боогдуулах” гэдгийг хүнд тохиолдсон аливаа шаардлага, тулгамдсан хэрэгцээ, үүссэн нөхцөл байдлыг ашиглах замаар хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгох, эсхүл хээл хахууль өгөхийг тулган шаардахыг хэлнэ гэж тайлбарласан. Үүнээс харахад миний үйлчлүүлэгчид ийм нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Н.Баяр нь газар чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байхдаа иргэн Түмэнжаргалын объектын нөхөн олговрыг 550,000,000 төгрөгөөр тохирч гэрээ байгуулсан нь нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна.

Миний үйлчлүүлэгчийн давж заалдах гомдлоос харахад мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгч байсан мэдүүлгүүд нь хамт олноо бодож үнэнийг нуун, хамгаалж хээл хахуульд авсан гэх 30,000,000 төгрөгийг хэн яаж авсан, үүнийг хэрхэн зарцуулсан тухай хэлж мэдүүлж байсан нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл 30,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг хамт олноороо буюу нийт 14 хүн “Хонгор тур” ХХК-аар зуучлуулан “Сингапур”, “Малайз” улсуудад аялал хийж үлдэгдэл 10,000,000 төгрөгийг Н.Баярт өгсөн тухай дурдагдсан байна. Энэ тухай урьд дурдагдаж байгаагүй учраас нотлох баримт цуглуулах болон гэрчүүдийг асууж тодруулан байцаалт авах нэн шаардлагатай зүйл болж байгаа учир энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

 

Ялтан Э.Энхтулгын өмгөөлөгч Ж.Яринпил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ялтан Н.Баяр, Э.Энхтулга нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан. Ялтан Э.Энхтулгын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Үүний дагуу би ялтан Э.Энхтулгатай 3 удаа уулзахдаа “анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нөхцөл байдлаар гомдол гаргасан байна, энэ чинь үнэн үү” гэж асуусан. Харин Э.Энхтулгын ярьсан, бичсэн зүйл маргашгүй үнэн. Э.Энхтулгын алдаа бол мөрдөн байцаалт, шүүхийн шатанд үнэнээ хэлээгүйд байна. Яагаад гэхээр байгууллага хамт олондоо төвөгтэй байдал үүсгэхгүй, тэдний нэр хүндэд халдахгүй гэж бодсон. 12 дугаар сарын 24-ний өдөр Н.Баяр даргад өгөөрэй гэсэн 30,000,000 төгрөгийг автомашиндаа орхиод алдчихсан гэж буруу ярьсанд хамаг учир нь байна. Үүний хор уршгийг маш сайн мэдэрч байгаа учраас үнэнээ хэлэх ёстой гэж бодоод давж заалдах гомдол гаргасан. 30,000,000 төгрөгийг Н.Баяр даргад өгөөрэй гээд Э.Энхтулгад өгсөн нь үнэн. Маргааш нь 20,000,000 төгрөгийг аяллын компанид өгөөд үлдсэн 10,000,000 төгрөгийг нь Н.Баяр даргад өгсөн. Харин 30,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг Э.Энхтулга аваагүй. Хээл хахууль авах ямар ч үндэслэл байхгүй. Түмэнжаргал мөнгө орсноос хойш утсаар мөнгө өг гэж дарамтласан гэдэг. Хээл, хахууль өгч авна гэж ярилцаагүй. Харин “байраа чөлөөлж өг” гэж удаа дараа утсаар ярьсан гэдэг. Түмэнжаргал цагаан сарын дараа байраа хүлээлгэж өгөөгүй байсан. Түмэнжаргалын мэдүүлгийг нотолсон ямар баримт хавтаст хэрэгт байхгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Ялтан Н.Баяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна.

“Амгалан дулааны станц” барих газрыг чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байхад иргэн Түмэнжаргалын өмчлөлийн газар, түүн дээрх барилга хамрагдсан учир зохих журмын дагуу үнэлгээг хийлгэж, газар чөлөөлөх мэдэгдлийг хуулийн дагуу хийж гүйцэтгэсэн. Манайхаас тогтоосон нөхөн олговрын үнэлгээ 252,677,113 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байсан нь газар чөлөөлөх ажлыг удаашруулах шалтгаан болсон. Түмэнжаргал нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний газраар үнэлүүлж 680,000,000 орчим төгрөгөөр үнэлүүлсэн байсан. Энэ үнийн дүнг тухайн үеийн удирдлагууд хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан юм. Нийслэлийн удирдлагуудад Нийслэлийн өмчийн харилцааны газрын үнэлгээ, хувийн үнэлгээ хоёрыг удаа дараа танилцуулсны үр дүнд иргэнтэй тодорхой хэмжээгээр мөнгөн дүнг тохирох боломжтой болсон. Ингээд иргэн Түмэнжаргалтай харилцан тохиролцож нөхөн олговрын мөнгөн дүнг 550,000,000 төгрөгөөр тохирон 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулсан. Нөхөн олговор нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн Түмэнжаргалын данс руу шилжсэн байдаг. Цаг үеийн тулгамдсан нөхцөл байдал, төрийн сангийн жилийн эцсийн хамгийн сүүлчийн санхүүжилт байсан тул мөнгийг 100 хувь шилжүүлсэн юм.

Түмэнжаргалын нөхөн олговрын асуудал дууссанаас хойш сарын дараа манай гэр бүлийн хүн Канад улсад эмчилгээнд явахаар болж мөнгөний хэрэгцээ гарсан. Танил тал ах дүүсээсээ тодорхой хэмжээний мөнгө цуглуулсан боловч мөнгөний шаардлага их байсан учраас Түмэнжаргалаас 30,000,000 төгрөг зээлээч гэж гуйсан. Түмэнжаргалтай уулзахад Энхтулга түүнээс урьд нь мөнгө авсан талаар мэдсэн. Би Түмэнжаргалтай зээлийн гэрээ хийхээр тохирсон боловч “дараа болъё” гэж хойшлуулсан. Энэ асуудлыг өөрт нь хэлэхэд “би өөрөө хэцүү байдалд байна” гээд утсаа тасалсан. /Цагдаа, Авлигатай тэмцэх газрын хүмүүстэй архидаж байгаад ярьсан юм билээ/ Энэ хүмүүс нь “Энхтулгатай уулзаж мөнгө өг, тэгэхгүй бол эрүү үүсгэнэ” гэж ярьсан байдаг. Анхан шатны шүүх хурал дээр Түмэнжаргал “Авлигатай тэмцэх газар өргөдөл бичиж гарын үсэг зуруулсан” гэж ярьдаг. Мөн “дарамталж, эрүүл мэндийн байдлыг нь далимдуулан хүчээр мэдүүлэг авсан” гэж ярьдаг. Энэхүү өргөдлийг Түмэнжаргал бичээгүй. Харин хэн гэдэг хүний хувийн сонирхол байгааг шалгаж өгөхийг хүсч байна.

Иргэн Түмэнжаргалтай тохиролцож газрыг нөхөн олговортой эргүүлэн авах гэрээг байгуулахдаа ямар нэг шан харамж нэхэмжлээгүй, хүсээгүй, шаардаагүй бөгөөд зөвхөн зохих журмын дагуу түргэн хугацаанд хийж гүйцэтгэсэн юм. Энэ нь Түмэнжаргалтай байгуулсан гэрээ, түүний дансны хуулга, гэрч Отгончимэг, Алтансүх, С.Ариунжаргал, М.Болормаа, Х.Энхтунгалаг нарын мэдүүлгээр нотлогдоно.

Мөрдөн байцаалтыг зөвхөн яллах талыг баримтлан явуулсан бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор дараах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай байна. Үүнд:

- Түмэнжаргал газраа 100 хувь чөлөөлсөн гэсэн акт дээр ямар учраас гарын үсэг зурсан шалтгаан нөхцөл,

- Түмэнжаргал сэжигтнээр мэдүүлэхдээ “2015 он гаргаад удаагүй байхад Баяр дарга над руу залгаад ирж уулз гэсэн. Баяр даргатай би уулзсан” гэж мэдүүлсэн байхад гэрч Р.Отгончимэг “2015 он гаргаад 1 дүгээр сарын эхээр дахиад 30,000,000 төгрөг Баяр дарга гэх хүнд өгсөн... Манай нөхөр Түмэнжаргал “Энхтулга, Баяр хоёр мөнгө нэхээд залгаад ёстой дарамттай юм гэж надад хэлж байсан” гэх мэдүүлгүүд зөрүүтэй байгааг,

- Түмэнжаргал сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “Н.Баяр мөнгө өг, би шийдвэр гаргасан хүн, зогсоож чадна шүү гэж загнаад байсан” гэж мэдүүлсэн. Гэтэл уулзсан гэх тэр үед нь бүх мөнгөө авсан байдаг. Надад мөнгө өгөх шаардлага байгаагүй. Яагаад гэвэл бүх ажиллагаа дууссан байсан. Мөн мэдүүлэгт дурдсан нөхцөл байдал үүсэх боломжгүй гэдэг нь илэрхий байтал мөрдөн байцаалт болон хавтаст хэрэгт тусгаагүй зэргийг шалгах шаардлагатай.

- Шүүгдэгч Баяр би Түмэнжаргалаас зээлсэн мөнгөө бүрэн төлж барагдуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Ялтан Н.Баярын өмгөөлөгч А.Нарантуяа давж заалдах гомдолдоо: “... Н.Баяр нарыг эрүүгийн хүнд гэмт хэрэгт холбогдуулж хатуу чанга ял шийтгэхдээ энэ хэргийн эх үүсвэр, үндэслэлийг анх тавьсан Г.Түмэнжаргал нь өнөөдөр ямар нэг оролцоогүй, гэрч хохирогчоор оролцож хэнд нь хэдэн төгрөгийг, ямар зорилгоор, хэзээ өгсөн зэрэг олон асуудал тодруулалгүй Н.Баярыг хясан боогдуулах замаар хээл хахууль авсан гэж хүнд ял оногдуулсан нь хэт шударга бус, тулган хүлээлгэж эргэлзээ бүхий өргөдөл мэдүүлгийг үндэслэн шийдлээ гэж үзэж байна. Иймд Г.Түмэнжаргалыг энэ асуудалд гэрчээр татан оролцуулж дээрх нөхцөл байдлыг тодруулж шийдвэрлэх нь шударга ёсонд нийцнэ.

Н.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн бүрдэлт нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байна. Үүнд: Н.Баяр, Г.Түмэнжаргал нарыг хээл хахууль өгч, авсан гэж үзэж байгаа нөхцөлд эдгээрийн хооронд зуучилсан Т.Батбилэг гэгч хүний үйлдлийг шалгаагүй, гэрчийн мэдүүлгээр хязгаарласан нь хээл хахууль зуучилсан гэмт хэргийг үйлдсэн гэмт этгээдэд хууль зөрчиж, ял завших нөхцөл бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Н.Баяр, Э.Энхтулга нарын хооронд хөөрөгний асуудал байнга яригдаж, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд 10,000,000 төгрөгийн үнийн зөрүүтэй мэдүүлэг болон Э.Энхтулга нь Г.Түмэнжаргалаас 30,000,000 төгрөгийг авч автомашинаасаа хулгайд алдсан, өөрөөсөө 10,000,000 төгрөг гаргаж Н.Баярт өгсөн гэх бүдэг бадаг мэдүүлгийг тодруулж шалгаж өгөхийг удаа дараа хүсч байгаа болохыг анхаарч үзнэ үү. Уг хөөрөг нь одоо Э.Энхтулгад байгаа гэх тул хэрэгт эд мөрийн баримтаар авч, үнэлгээ хийж шийдвэрлэж өгнө үү.

Н.Баяр нь хясан боогдуулах ямар ч үйлдэл хийгээгүй, Г.Түмэнжаргалын нөхөн олговрыг шийдвэрлэхдээ боож хааж, хясаж, мөнгө өгөхгүй л бол асуудлыг нь шийдвэрлэхгүй гэсэн ямар ч нөхцөл тавиагүй болно. Г.Түмэнжаргал нь нөхөн олговрын мөнгөө 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр авсан, Н.Баярт өгсөн гэх 30,000,000 төгрөгийг 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн байдаг юм. Энэхүү нөхцөл байдлыг цаг хугацааны хувьд дүгнэж Н.Баярыг хясан боогдуулах замаар хээл хахууль авсан гэж үзэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байгаа болохыг анхаарч үзнэ үү. Г.Түмэнжаргал нь Н.Баярт дээрх мөнгийг өгөхгүй байх бүрэн боломжтой байсан болно. Иймд дээрх нөхцөл байдлыг тодруулж шалгуулж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Н.Баярын өмгөөлөгч П.Отгонбаяр давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхээс Н.Баярт 1,000,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, чанга дэглэмтэй хорих ангид 5 жил 2 сар хорих ял шийтгэсэнд гомдолтой байна. Н.Баяр нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, анх удаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдсоор байтал анхан шатны шүүх энэхүү байдлыг анхаарч үзээгүйд гомдолтой байна. Хуульд заасан дээрх хөнгөрүүлэн үзвэл зохих нөхцөл байдлуудыг болон миний үйлчлүүлэгчийн бие эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Н.Баярын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Г.Батбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Н.Баярын албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, Г.Түмэнжаргалыг хээл хахууль өгөхийг тулган шаардаж буюу хясан боогдуулах замаар 2015 оны 1 дүгээр сард 30,000,000 төгрөгийн хээл хахууль авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь:

1. Г.Түмэнжаргалын өмчийн үнэлгээ тухайн үед 600,000,000 гаруй
төгрөг болохыг эрх бүхий үнэлгээний компани баримтаар тогтоосон байдаг. Н.Баяр албан үүргээ гүйцэтгэж байхдаа уг үнэлгээг бууруулж 550,000,000 төгрөгөөр гэрээ байгуулсан. Мөн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “иргэдийн өмчийн газрыг нөхөн олговортой эргүүлэн авах тухай” гэрээ байгуулж, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “ХААН” банкны дансанд шилжиж орсноор албан тушаалтнуудын гүйцэтгэх үүрэг төгссөн. Өөрөөр хэлбэл Г.Түмэнжаргалын дансанд мөнгө орсноор хэн нэгэн этгээд уг гэрээг хүчингүй болгох, иргэний дансанд орсон мөнгийг эргүүлэн авах эрхгүй болсон учир Н.Баярыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.

2. Н.Баяр мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “... 2015 оны 1 дүгээр сард миний эхнэр өвчний учир Тайвань улс руу эмчилгээнд явах шаардлагатай болсон. Тухайн үед би олон хүнээс мөнгө асуусан боловч мөнгө зээлүүлэх хүн олдоогүй. Тэгээд мөнгөтэй байх боломжтой хүн нь Г.Түмэнжаргал гэж бодогдсон учраас гуйсан юм. Миний хүсэлтийг Түмэнжаргал зөвшөөрч надад 2 сарын хугацаатай хүүгүй, 30,000,000 төгрөг зээлсэн. Уг мөнгийг төлөх зорилгоор ажил дээрээ 4 хөөрөг аваачиж хүмүүст сонирхуулахад Энхтулга нэг хөөргийг 13,000,000 төгрөгөөр худалдаж аваад 10,000,000 төгрөгийг нь өгсөн. Одоо хагас мөнгөө аваагүй байгаа...” гэж, Э.Энхтулга “... Би Баяраас хөөрөг авсан, мөнгө нь дутуу...” гэж мэдүүлсээр байхад анхан шатны шүүх энэ талаар
анхаарч үзээгүй, мөрдөн байцаалтын шатанд үүнийг шалгалгүй орхигдуулсан.

3. Г.Түмэнжаргал нь кирилл үсгээр уншиж, бичиж чадахгүй гэдгийг эхнэр Р.Отгончимэг нь гэрчилсэн. Гэтэл мөрдөн байцаалт болон шүүхэд “бүрэн дунд боловсролтой” гэж биеийн байцаалтаа худал мэдүүлсэн. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн материалтай танилцаж санал хүсэлтээ бичсэн бичгийн хэв нь өргөдөл бичсэн бичгийн хэвнээс эрс зөрүүтэй байх тул өргөдлийг өөрийн хүсэл зорилгоор бичээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл сэжигтэн, яллагдагч, гэрчээр мэдүүлэхдээ болсон үйл баримтыг өөрийн үгээр мэдүүлсэн эсэх, мөрдөн байцаалтын ажиллагаа үнэн зөв явагдсан эсэх нь эргэлзээтэй байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Н.Баярын өмгөөлөгч Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэгт Н.Баярыг 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн үйлдэлд холбож, хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэж үзсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хэргийн нөхцөл байдлыг тогтоохын оронд дутуу үнэлж Түмэнжаргал, Энхтулга нарын мэдүүлгээр энэ гэмт хэргийг тогтоосон. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт сэжигтэн, яллагдагч хэргийн бусад нөхцөл байдлыг мэдүүлгээрээ нотлох үүрэг хүлээхгүй гэж заасан. Харин энэ мэдүүлгээрээ бие биенийхээ эсрэг мэдүүлэг өгч байна гэж шүүх үзэж хууль зүйн дүгнэлт өгсөн. Гэхдээ энэ дүгнэлтийг өгөхдөө дутуу өгсөн. Н.Баяр 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “тухайн айлыг нүүлгэн шилжүүлсэн учраас мөнгө авна шүү” гэж тохиролцсон нэг ч үг, өгүүлбэр байхгүй, нотлогдоогүй. Энэ талаар Түмэнжаргал адил зүйл хэлдэг. Мөн Түмэнжаргал нь 12, 4 дүгээр сард нүүх яг адилхан байсан. Н.Баяр даргад 550,000,000 төгрөг авах юм бол нүүнэ гэж хэлсэн. Харин ч манаачийн зардлыг хэмнэж өгсөн байдаг. Энэ нөхцөл байдлаас 4 сарын хугацаанд байлгасан юм чинь Түмэнжаргалд ашигтай нөхцөл байдал үүссэн гэж яриад байдаг. Гэтэл Түмэнжаргалд 4 сар тухайн газарт байснаар ямар ч ашигтай нөхцөл үүсээгүй. Үүнийг шүүх үнэлж дүгнээгүй. 4 сарын хугацаанд тухайн газраас Түмэнжаргал нүүгээгүй нь Н.Баярын буруутай үйлдэл гэж дүгнэсэн. Энэ нь хийх ёсгүй үйлдэл байсан гэдэг. Иргэний харилцаанд оролцож байгаа этгээдүүд бие биедээ харилцан нэг хүсэл зоригоо илэрхийлэхэд нөгөө тал нь хүлээн авснаар хэлцэл байгуулагдсанд тооцогддог. 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Н.Баяр, Түмэнжаргалыг айлган сүрдүүлж байгаад мөнгө авсан гэж мэдүүлдэг. Үнэхээр айлган сүрдүүлсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг ижил төсөөтэй хэрэглэхийг хориглоно гэсэн заалтын хүрээнд нийцүүлэн шүүх өөр зүйл ангиар зүйлчилж болох байсан боловч албан тушаалтай нь нийцүүлэн хэрэглэсэн. Н.Баяр бусдаас мөнгө зээлэх, ямар нэгэн байдлаар ашигтай хүн юм шиг байдал үзүүлж байгаад ямар нэгэн мөнгийг өөртөө авах эрх нь байгаа. Тэгэхэд мөнгө авах эрхгүй гэж тайлбарласан. Тийм учраас Н.Баярын үйлдэл, түүний шалтгаант холбоог нэг бүрчлэн нарийвчлан тогтоосны үндсэн дээр ял шийтгэх нь зүйтэй гэж үзэж байгаа тул оногдуулсан ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

 Ялтан Н.Баярын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Н.Баярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү.

Авлигатай тэмцэх газарт Түмэнжаргалын өмнөөс өргөдөл бичсэн байдаг. Яагаад Түмэнжаргалын өмнөөс бичсэн өргөдөл гэж байгаа юм бэ гэхээр өргөдөлд “газрын албаны мэргэжилтэн  Э.Энхтулга удаа дараа утсаар ярьж, дарга Н.Баяр нь 60,000,000 төгрөг өг гэж шаардсан. Би уг мөнгийг улсад буцаан олгож байгаа болон бусдад өгч байгаа аль нь болохыг ойлголгүйгээр 2 таслан Э.Энхтулга, Н.Баярт бэлнээр өгсөн. Иймд дээрх мөнгийг хэрхэн яаж ашигласныг тогтоож өгнө үү” гэж бичсэн байдаг. Энэ өргөдлийнх нь дагуу Түмэнжаргалаас “танай газрыг ийм өндөр үнээр үнэлэхгүй. Би хөөцөлдөж байж 550,000,000 төгрөгөөр үнэлсэн учраас мөнгө өг гэж тулган шаардаж, хясан боогдуулсан үйлдэл хийсэн үү. Та хэдэн төгрөг өгөхөөр тохиролцож тухайн газар болон объектыг 550,000,000 төгрөгөөр үнэлүүлсэн юм бэ” гэдэг асуултыг тавьсан. Түмэнжаргал “манай газар 800,000,000 гаруй төгрөгийн үнэтэй. Харин одоо 550,000,000 төгрөгөөр үнэлнэ гэсэн. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгээд байгаа тогтоолд тулган шаардаж байгаа үйлдэл нь Түмэнжаргалд ашигтай биш хувилбар болоод байна. Яагаад гэвэл Түмэнжаргал 800,000,000 гаруй төгрөгөөр үнэлэгдэж байсан газар болон объектоо ядаж 600,000,000 гаруй төгрөгөөр үнэлүүлэх байсан. Гэтэл энэ хүмүүс 550,000,000 төгрөгөөр миний газрыг үнэлсэн гэх зүйл ярьдаг. Тэгэхээр Н.Баярыг буруутгаад байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлд нийцэж байна гэсэн. Өөрөөр хэлбэл албан тушаалтанд хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхыг заасан. Н.Баяр яагаад хэрэгжүүлээгүй вэ, Э.Энхтулга яагаад хэрэгжүүлээгүй юм бэ гэдэгт эргэлзээ төрсөн. Гүйцэтгэх ёсгүй үйлдлээ хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр бусдаар дамжуулан хээл хахууль авсан уу гэдэгт анхаарлаа хандуулаач гэж хүсч байна. Э.Энхтунгалагийн “нөхөн олговрыг 100 хувь олгох боллоо... Энэ барилгыг буулгахгүйгээр станцын барилгын ажлыг гүйцэтгэгч ажилчдыг байрлуулна” гэж хэлэхэд нь Энхтунгалаг “протокол нь хаана байгаа юм бэ” гэж асуугаад протоколыг нь авч хавсаргасан гэх мэдүүлэг байдаг.

Н.Баяр ямар хийх ёсгүй үйлдэл хийсэн гэхээр станцын барилгын ажлыг гүйцэтгэх гэж байгаа ажилчдыг байрлуулах гэж байгаад өнөөдөр энэ гэмт хэрэгт холбогдсон. Э.Бат-Үүл даргын сайшааж байсан талаарх гэрчийн мэдүүлэг хэрэгт байдаг. Хэрвээ Н.Баярыг хийх ёсгүй ажлаа гүйцэтгэсэн гэж үзсэн бол Н.Баярыг Э.Бат-Үүл дарга яагаад сайшаасан юм бэ. Тухайн үед албан үүрэгтээ хайнга хандсан гээд захиргааны журмаар зөрчилд тооцох ёстой байсан. Яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Гэтэл яллах дүгнэлт бичээд байгаа нотлох баримт нь шаардлага хангахгүй байна гэж үзсэн. Түмэнжаргалыг бичиг үсэг мэддэггүй талаар гэрч нар хэлсэн.

Гэрч Р.Отгончимэг “Түмэнжаргал гэдэг хүн кирилл үсэг мэддэггүй. Уншиж чаддаг, бичиж чаддаггүй гэж хэлдэг. Гэтэл өргөдлийг хэн бичсэн юм бэ гэхэд Авлигатай тэмцэх газрын байцаагч Энхболд гэх хүн хэлж өгөөд Түмэнжаргалын ах нь бичсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан зүйл ангиар Н.Баярыг ялласан зүйл анги нь хүнд гэмт хэрэгт ордог шүү дээ. Тиймээс нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учраас нотлох баримтаас хасуулах хүсэлтэй байна. “Би ямар нэгэн мөнгө өгөхөөр амлаагүй, хэлцэл хийгээгүй” гэж Түмэнжаргалын хохирогчоор өгсөн мэдүүлэг байдаг. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хээл хахууль өгч, авсан уу гэдгийг тогтоогоод өгөөч гэж хэлсэн. Шүүхийн тогтоолд яллагдагч Н.Баяр, мэргэжилтэн Э.Энхтулгаас авсан 10,000,000 төгрөгийг  2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн банкны 9000334001 дансанд байршуул гэж тушаасан. Үүнийг нь Гэрэлмаа гэх хүн тушаагаад төрийн өмчлөлд шилжүүлсэн. Хавтаст хэргийн 200 хуудаст байгаа энэ тогтоолд яллагдагч Н.Баяр мэргэжилтэн Э.Энхтулгаас авсан 10,000,000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн банкны дансанд байршуул гэж тушаасан. Энэ нь Н.Баяр, Түмэнжаргалаас хээл хахуульд авсан 30,000,000 төгрөгийг Э.Энхтулга, Түмэнжаргалаас хээл хахуульд авсан 20,000,000 төгрөгийг Төрийн банкны энэ дансанд тушаасан. Гэтэл Э.Энхтулгаас авсан 10,000,000 төгрөгийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлд зааснаар төрийн өмчлөлд шилжүүлсэн нь процессын алдаа болсон гэж үзэж байна. Харин Э.Энхтулгаас авсан мөнгө нь хөөрөгний мөнгө байсан учраас хээл хахууль авах үйлдэл болоогүй. Хэрэв Н.Баяр, Э.Энхтулга нар 550,000,000 төгрөгөөр уг объект, газрыг тохиролцсон нь буруу гэж үзэж байгаа бол энэ үнээр үнэлэхийн тулд хээл хахууль өгч, авсан үйлдэл байна гэж үзэж байгаа бол хэдэн төгрөгөөр үнэлэх гэж байсныг шалгаагүй.

Яагаад 550,000,000 төгрөгөөр тухайн объект, газрыг үнэлсэн юм бэ, хэд орчим төгрөгөөр үнэлэх ёстой байсан гэх дүгнэлтийг аль ч тал хийгээгүй. Тэгэхээр энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж хангагдахгүй гэж үзсэн. Хэрвээ Түмэнжаргал 550,000,000 төгрөгөөр үнэлүүлэхгүй гэсэн бол гомдлоо гаргах байсан. Түмэнжаргал өмнө тухайн газрын үнэлгээг зөвшөөрөхгүй гээд байсан. Тэгэхээр хясан боогдуулах ямар үйлдэл хийсэн талаар хууль зүйн үнэлэлт, дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Түмэнжаргалын “ХААН” банкны дансанд 550,000,000 төгрөг орж ирээд, 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Н.Баяр, Түмэнжаргалаас мөнгө зээлсэн. Зээлсэн гэх үгийг миний үйлчлүүлэгч хэлдэг. Хэдийгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй ч гэсэн энэ нь үндэслэлтэй зүйл гэж бодож байна. Түмэнжаргал яагаад энэ талаар өөрөө очоод амаараа мэдүүлээгүй юм бэ. Энэ үйл явц болж байхад болсон зүйлийн талаар тодорхой хэмжээний зүйл огт мэдүүлдэггүй. Н.Баяр зээлсэн мөнгөө эргүүлж төлөхийн тулд ажил дээрээ 4-5 хөөрөг авчирч, 13,000,000 төгрөгөөр Э.Энхтулгад нэг хөөрөг зарсан.

Р.Отгончимэгийн мэдүүлэгт “Төрийн сангийн Ганхүү” гэх хүний нэр гараад байсан. “Ганхүү дарга мөнгө аваад ир” гээд байна гэдэг. Түмэнжаргал руу тухайн үед 9911 дугаараас Э.Энхтулга удаа дараа залгаад авахгүй болохоор нь өөр дугаараас залгасан. Эдгээр утасны ярианы баримтуудыг шалгаагүй. Гэтэл үүний цаана жинхэнэ мөнгө нэхээд байсан Төрийн сангийн Ганхүү гэх хүн үлдээд байгаа юм биш үү. Ийм учраас эдгээр ажиллагаануудыг мөрдөн байцаалтын шатанд зайлшгүй хийх шаардлагатай учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

 

Прокурор Т.Оргил-Очир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ялтан Э.Энхтулга 30,000,000 төгрөгийн 20,000,000 төгрөгийг хэлтсийнхээ 14 ажилтантай хамтарч аялалд явахдаа хэрэглэсэн гэх гомдол гаргажээ. Энэ асуудал нь 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 19-ний өдрүүдэд юм шиг байна. Өөрөөр хэлбэл хээл, хахууль өгч авах гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө болсон. Энэхүү аялалд явсан гэх 14 ажилтан хэрэгт ямар ч оролцоогүй болох нь мөрдөн байцаалтын ажиллагаанд хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн тогтоогдсон. Хэрвээ 14 ажилтан Э.Энхтулгыг Түмэнжаргалаас 30,000,000 төгрөг хээл хахуульд авсан гэдгийг мэдсээр байж түүнээс 20,000,000 төгрөгийг хамт зарцуулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байж болох юм.

Н.Баяр, Э.Энхтулга нарын “чөлөөлсөн газрыг хүлээлцсэн акт” дээр Цэвэлдорж нарын иргэд гарын үсэг зурсан учраас эдгээр хүмүүсийг яагаад шалгаагүй юм бэ гэж ярьдаг. Хээл хахууль өгөх гэмт хэрэгт эдгээр иргэд нь ямар ч хамааралгүй. Газрыг 100 хувь чөлөөлсөн гэсэн актад гарын үсэг зурснаар хээл хахууль авах нөхцөл байдал үүсч, албан үүргээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэснийг хэлнэ. 550,000,000 төгрөгөөр тохирсон асуудалд прокуророос хууль бус гэж үзээгүй, үүгээр яллаагүй. Харин хээл хахууль өгөгч Түмэнжаргалыг газраа чөлөөлөөгүй байхад нь газраа 100 хувь бүрэн чөлөөлсөн тул мөнгийг 100 хувь олгоно, мөн чөлөөлсөн акт дээр гарын үсэг зурсан үйлдэл нь гүйцэтгэх ёсгүй үйлдлээ гүйцэтгэсэн, албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэсэн. Улсын Дээд шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 23 тоот тогтоолоор албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх гэдэг нь хууль тогтоомж буюу эрх бүхий байгууллага албан тушаалтны гаргасан шийдвэр, гэрээний дагуу өөрт нь олгогдсон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг санаатай огт биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байхыг хэлнэ гэж тайлбарласнаар няцааж байна.

Түмэнжаргал нь хээл хахууль өгсөн атлаа ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа нь шударга бус гэжээ. Түмэнжаргалын хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болсон. Н.Баяр,  Э.Энхтулга нар дансанд орсон мөнгийг гацаах эрх байхгүй ч хээл хахууль авахын тулд Түмэнжаргалаас тулган шаардсан болох нь нотлогдон, тогтоогдсон. Н.Баяр Түмэнжаргалаас мөнгө зээлж авсан гэх асуудал яригдаж байна. Энэ нь үндэслэлгүй, мөрдөн байцаалт, хэрэгт цугларсан нотлох баримтад ийм зүйл тогтоогдоогүй. Прокурорын яллах дүгнэлтэд Түмэнжаргалын Авилгатай тэмцэх газарт гаргасан өргөдлийн талаар тусгаагүй. Харин гэмт хэргийн талаарх мэдээлэл Авлигатай тэмцэх газарт ирж, Түмэнжаргалын өргөдлөөр баримтжуулагдсан. Яллах нотлох баримт болгож огт заагаагүйг дурьдаж байна.

Түмэнжаргал бичиг үсэг мэддэг гэж гэрч Отгончимэг мэдүүлдэг. Харин Түмэнжаргал бичиг, үсэг мэддэггүй асуудал нь дараах байдлаар няцаагддаг. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч Батболд 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Түмэнжаргалаас авсан тайлбарын тэмдэглэлд “өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэснээр тайлбарыг дуусгаж, Түмэнжаргалд уншуулан гарын үсэг зуруулав” гэж бичсэн. Түмэнжаргалын сэжигтнээр өгсөн тэмдэглэлд “Байцаалтыг дуусгаж өөрт нь уншуулан гарын үсэг зуруулав” гэж тус тус дурдсан байх бөгөөд “уг ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний зүгээс бусдад авилга өгсөн зүйл байхгүй” гэж, Түмэнжаргалыг яллагдагчаар татах тогтоолд “Уг ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж,  хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “хэргийн материалтай танилцлаа, миний зүгээс бусдад авлига өгсөн зүйл байхгүй. Миний гэм буруугүйг тогтоож өгнө үү” гэж тус тус өөрийн гараар бичсэн нь Түмэнжаргалыг монгол хэл, бичиг мэдэхгүй гэх үндэслэлийг няцааж байна. Иймд ялтнууд болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Н.Баяр нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн даргын албан тушаалын байдлаа ашиглан “Амгалан дулааны станц” барих газрыг чөлөөлөх ажлыг гүйцэтгэх явцдаа Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 дугаар гудамжны 1 тоот, Г.Түмэнжаргалын өмчлөлийн газар болон түүнд дээрх барилгын нөхөн олговрын хэмжээг тохиролцон, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Иргэдийн өмчийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай” гэрээг байгуулахдаа Г.Түмэнжаргалын ашиг сонирхлын үүднээс газраа чөлөөлөөгүй байхад нь “газраа бүрэн чөлөөлсөн тул 100 хувь олгохоор тохиролцов” гэсэн заалт оруулж, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Чөлөөлсөн газрыг хүлээлцсэн акт”-д гарын үсэг зурснаар нөхөн олговрыг 100 хувь шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Г.Түмэнжаргалаас хээл хахууль өгөхийг тулган шаардаж хясан боогдуулах замаар 2015 оны 1 дүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 30,000,000 төгрөг буюу их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэргийг,

 

Э.Энхтулга нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалын байдлаа ашиглан “Амгалан дулааны станц” барих газрыг чөлөөлөх ажлыг гүйцэтгэх явцдаа Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 дугаар гудамжны 1 тоотод оршин суух Г.Түмэнжаргалыг газраа чөлөөлөөгүй байхад нь түүний ашиг сонирхлын дагуу 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Иргэдийн өмчийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай” гэрээг байгуулахдаа “газраа бүрэн чөлөөлсөн тул 100 хувь олгохоор тохиролцов” гэсэн заалт оруулж, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Чөлөөлсөн газрыг хүлээлцсэн акт”-д гарын үсэг зурснаар нөхөн олговрын мөнгө 100 хувь шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Г.Түмэнжаргалыг хээл хахууль өгөхийг удаа дараа тулган шаардаж хясан боогдуулах замаар 2014 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 30,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

- гэрч Р.Отгончимэгийн: “... 2013 оны хавраас манай хашаа, байшин газарт орох талаар мэдэгдэл ирэх болсон. Хашаа, байшингаа үнэлүүлж нөхөн олговорт хамрагдахаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. Манай нөхөр энэ бүх ажлыг хөөцөлдсөн... Хашаа, байшин, өмчилсөн газартайгаа 800,000,000 гаруй төгрөгөөр хөрөнгийн үнэлгээний компани үнэлсэн боловч газрын алба хүлээн зөвшөөрөхгүй нилээд удсан. Сүүлдээ 550,000,000 төгрөгөөр тохирсон гэж Түмэнжаргал хэлж байсан. 2014 оны 12 дугаар сарын сүүлээр мөнгө нь нөхрийн дансанд орж ирснээс хойш Энхтулга гэж ажилтан нь залгаад мөнгө нэхдэг болсон... би эхэндээ энэ тухай мэддэггүй байсан. Дуудлага ирэхэд нөхөр утсаа авахгүй байдаг болохоор нь би “хэн залгаад, чи авдаггүй юм” гэж асуухад “Энхтулга ахлах мэргэжилтэн нь мөнгө нэхээд байдаг юм аа” гэж хэлж байсан. Би залгахад нь “утсаа аваад чанга дээр нь тавиад ярь, юу гээд байгаа юм” гэж нөхрөө утсыг нь авхуулахад тэр хүн “төрийн сангийн дарга нь мөнгө нэхээд байна. 40,000,000 төгрөг өг” гэж шаардаад байсан. Үүнээс хойш дахин дахин залгадаг байсан. Сүүлд он гарснаас хойш нөхөр Түмэнжаргал тэр хүнд 30,000,000 төгрөг өгснийг нь мэдсэн. 2015 он гараад 1 дүгээр сарын эхээр дахиад 30,000,000 төгрөгийг дарга Баяр гэх хүнд өгсөн гэдгийг Түмэнжаргалаас сонссон...” /2-р хх-32-33, 3-р хх-177/,

- гэрч Т.Батбилэгийн: “... 2013 онд тодорхой хугацааг санахгүй байна, Түмэнжаргалтай уулзахад “Амгалан дулааны станц” баригдах газарт манай хашаа, байшин орсон. Одоо яах уу гэсэн. Тэгэхээр нь танай хашаа, байшин үнэхээр трасст орсон юм бол улсын ажил гацааж болохгүй, газраа чөлөөлж өг, үнэ төлбөрөө тохир гэсэн. 2014 он гараад Түмэнжаргал Нийслэлийн өмчийн харилцааны газарт бичиг баримтаа бүрдүүлээд өгсөн, таних хүн байна уу гэсэн. Би нэг хүнээс асууж өгье гээд Баяр даргатай уулзахад Баяр дарга “хөрөнгө, мөнгө байхгүй дараа жилээс л шийдэх байх” гэсэн. Баяр даргатай ингэж л 2014 оны 5 дугаар сард Түмэнжаргалын асуудлаар уулзсан. Энэ асуудлаар хэн хэн нь надтай дахин ярилцаагүй... Хэдний өдөр байсныг санахгүй байна. Нийслэлийн өмчийн харилцааны газар орж явтал /манай ажил болон Нийслэлийн өмчийн харилцааны газар нэг байранд байрладаг/ Түмэнжаргал болон түүний эхнэр Чимгээ нартай таарсан. Тэд “манай үнэлгээг Нийслэлийн өмчийн харилцааны газраас доошоо хийгээд байна, чи таних хүндээ хэлээд тодруулаад өгөөч” гэсэн. Би тэр хоёрыг дагуулаад Баяр дарга руу орж “манай энэ найзын асуудлыг нааштайгаар шийдвэрлээд өгөөч, үнэлгээ нь ингэж 2 янз гардаг юм уу, ямар учиртай юм, үнэлгээний хүнтэйгээ уулзуулаад, тайлбарлуулаад өгөөч” гэж гуйсан юм. Тэгээд би гарсан... Үүнээс хойш 2014 оны 11 дүгээр сарын 20-д гарсан байхад Түмэнжаргал над руу яриад Баяр даргатай би тохирчихлоо гэж хэлж байсан ба Баяр дарга ч над руу утасдаад “танай найзын асуудал болохоор болсон шүү” гэж хэлж байсан. Үүнээс хойш энэ асуудлаар хэнтэй нь ч уулзаагүй. 2014 оны 12 дугаар cap гарсан байхад Түмэнжаргал над руу утасдаад “Баяр дарга байнга утасдаад байх юм, тодорхой хэмжээний юм өгөхгүй бол болохгүй байна. Яах уу” гэхээр нь “би яаж мэдэх вэ, та нарын хоорондын асуудал” гэж байсан юм. Тэгээд 2015 оны 1 дүгээр cap гарсан байхад Түмэнжаргалтай утсаар ярихад “Баяр даргад нэхээд байсан мөнгийг нь өгчихлөө” гэсэн. Ингэж хэлэхдээ тодорхой мөнгөн дүн хэлээгүй...” /1-р хх-174, 2-р хх-1-2/,

- гэрч, Нийслэлийн өмчийн харилцааны газрын өмчийн хөдөлгөөн, хувьчлалын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Ариунжаргалын: “... Манай хэлтэс 2009 онд Хөрөнгө оруулалтын хэлтэс гэж шинээр байгуулагдан Нийслэлийн өмчийн бүртгэл хийдэг болсон. 2013 онд Өмчийн газар, Газрын алба нэгдээд манай хэлтсийн чиг үүрэг өөрчлөгдөн өмчийн хөдөлгөөн, хувьчлалын хэлтэс гэж нэртэй болсон... Миний хувьд Нийслэлийн өмчийн бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилладаг... Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ус-15 1-1 тоот оршин суух иргэн Г.Түмэнжаргал гэж айлын үнэлгээ 2014 оны 11 дүгээр сард манай хэлтэст ирсэн. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ус-15 1-1 тоот оршин суух иргэн Г.Түмэнжаргалын үнэлгээг мэргэжилтэн Болормаа хийсэн байна. Миний хувьд ахлах мэргэжилтэн учир хийсэн үнэлгээнд оролцож гарын үсэг зурсан. Энэ айлын хувьд тухайн газартаа 16 өрөө бүхий нийтийн байртай, 2 ширхэг амины орон сууцтай, 3 автомашины гражтай байсан. Өртгийн хандлагаар нөхөн сэргээх зардал тооцоод 252,677,113 төгрөгийн үнэлгээг хийсэн байна... Бид үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Олон улсын үнэлгээний стандартыг баримтлан хийдэг. Энэхүү хуулиар хөрөнгийн үнэлгээг 3 хандлагаар хийхийг заасан ба өртгийн арга, зах зээлийн арга, орлогын арга гэсэн хандлага байдаг...” /2-р хх-3-4/,

- гэрч, Нийслэлийн өмчийн харилцааны газрын санхүүгийн хэлтсийн нягтлан бодогч Х.Энхтунгалагийн: “... Би газар чөлөөлөх, хөрөнгө оруулалт хариуцсан нягтлан бодогчоор ажилладаг... Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/1038 дугаартай захирамжид заасны дагуу иргэн Ганпүрэвийн Түмэнжаргалд 550,000,000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр түүний “ХААН” банк дахь дансанд шилжүүлэн олгосон байна. Энэхүү гүйлгээг хийхээс өмнө Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл нь газар чөлөөлөх хэлтсээс тухайн хариуцсан мэргэжилтэн нь үйлдээд Нийслэлийн Засаг даргын тамгын газарт өгдөг. Тэндээсээ тамгын газрын эрх бүхий албан тушаалтан нар хянаж танилцан гарын үсэг зурагдсаны дараа Нийслэлийн Засаг даргын захирамж гардаг. Энэхүү захирамж нь надад ирсний дараа би хариуцсан мэргэжилтнээс захирамжид дурдсан хувь хүн, албан байгууллагын холбогдох бичиг баримт, материалыг шаардан бүрдүүлж авсны дараа Нийслэлийн төрийн сангийн мэргэжилтнүүдээр хянуулаад зөвшөөрүүлсний дараа гүйлгээг хийдэг юм... Эхлээд урьдчилгаа өгөх ёстой. Энэ айлын тохиолдолд нөхөн олговрыг 100 хувь олгосон байсан... Энхтулга нэг удаа “Түмэнжаргалын мөнгө хэзээ орох гэж байна” гэж асууж байсан. Тэгж асуухад нь би 19-ний өдөр шилжүүлнэ гэсэн байх...” /2-р хх-12-13, 19/,

- гэрч, Нийслэлийн өмчийн харилцааны газрын хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Алтансүхийн: “... Өмчийн харилцааны хэлтсээс хийсэн үнэлгээг иргэн зөвшөөрөхгүй бол хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэдэг. Ингээд хоёр өөр үнэлгээ гарсан тохиолдолд Газар чөлөөлөх хэлтсээс иргэдтэй тохиролцох ажиллагаа хийнэ. Тохиролцсон тохиолдолд гэрээ байгуулж захирамжийн төсөл боловсруулан холбогдох бүх баримтуудыг хавсарган санал авах хуудсыг Өмчийн харилцааны газрын Санхүү, Захиргаа удирдлага, Хуулийн хэлтэс, орлогч дарга, газрын даргад танилцуулан санал авч гарын үсэг зуруулсны дараа Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт очиж санал авч бүгд зөвшөөрч гарын үсэг зурагдсан тохиолдолд Нийслэлийн Засаг даргын захирамж гарч төрийн сангаас манай Өмчийн харилцааны газар руу мөнгө шилжиж манай байгууллагаас тухайн иргэнд мөнгийг шилжүүлдэг... Газрыг чөлөөлөөгүй байхад нөхөн олговрыг 100 хувь өгдөг тохиолдол байхгүй байх. Учир нь газрыг чөлөөлүүлэхийн тулд нөхөн олговрын мөнгийг хувааж өгч түүгээр хөшүүргийн арга болгож ажлыг хурдан явуулдаг... Тохиролцох талаар газар чөлөөлөх хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн болон тус хэлтсийн мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтод тусгаж өгсний дагуу тухайн субъект энэхүү ажлыг зохион байгуулдаг...” /З-р хх-185-186/,

- гэрч, Нийслэлийн өмчийн харилцааны газрын газар чөлөөлөх хэлтэст гэрээт ажилтнаар ажиллаж байсан Э.Цэвэлдоржийн: “... айл өрх, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн холбогдох бичиг баримтуудыг би хянаж бүрдэл хангасан бол өмч хувьчлалын хэлтэст үнэлгээ хийлгүүлэхээр хүргүүлдэг. Ингээд тэндээс гарсан үнэлгээг тухайн айл өрхүүдэд танилцуулж, хэрэв зөвшөөрөхгүй бол өөрсдөө хувийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж, үүний дараа газар чөлөөлөх хэлтсийн дарга Баяр болон ахлах мэргэжилтэн Энхтулга нарын хамт тухайн айл өрхийн төлөөлөгчийг байлцуулан үнэлгээг тохиролцон тэмдэглэл үйлддэг. Ингээд тохирсон үнэ дээрээ хоёр талаасаа гарын үсэг зурж баталгаажуулсны үндсэн дээр нөхөн олговор олгох тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл оруулж, захирамж гаргуулдаг. Энэхүү захирамжийн төслийг хариуцаж байгаа мэргэжилтэн хийдэг. Ингээд төслийг ахлах мэргэжилтэн Энхтулга аваад хэлтсийн дарга Баяр, хууль хэлтсийн дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга нарт танилцуулан гарын үсэг зуруулаад Нийслэлийн Засаг даргын тамгын газрын холбогдох хэлтсийн дарга нарт танилцуулан гарын үсэг зуруулсны дараа захирамж гардаг юм...

Би үнэлгээнд материалыг нь явуулахын тулд Түмэнжаргалтай уулзаж хөрөнгийн тодорхойлолтыг нь гарган авч гарын үсэг зуруулж үнэлгээний хэлтэст материалыг нь 2014 оны 11  дүгээр сарын сүүлээр өгч байсан... Манайхаас гаргасан үнэлгээ болох 252,000,000 төгрөгийг иргэн Г.Түмэнжаргал зөвшөөрөхгүй гэсэн. Ингээд Түмэнжаргал өөрөө хувийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэж 600,000,000 гаруй төгрөг байсан... Үнэ тохирох хурлыг Баяр даргын өрөөнд 2014 оны 12 дугаар сард хийсэн. Энэ хурлаар 550,000,000 төгрөгийг Г.Түмэнжаргалд олгохоор тохирч хуралд оролцогч нар гарын үсэг зурсан. Би энэ хурлын протоколыг бичээгүй, хуралд нь ороогүй. Ахлах мэргэжилтэн Энхтулга хурлын протокол гээд надаар сүүлд нь гарын үсэг зуруулж байсан юм. Ер нь ахлах мэргэжилтэн Энхтулга иргэн Г.Түмэнжаргалын материалыг өөрөө л хийж хянаж явсан. Хурал хийсэн, би байсан гэж айж сандарсандаа, нөхөж гарын үсэг зурсандаа бантаад худал мэдүүлсэн. Түмэнжаргалынх бүрэн гүйцэд нүүсэн тохиолдолд нөхөн олговрыг өгөх ёстой. 2014 оны 12 дугаар сарын 22-ны байдлаар Түмэнжаргалынх нүүгээгүй байх, би очиж үзээгүй. Энхтулга ахлах газар чөлөөлсөн актад надаар нөхөж гарын үсэг зуруулсан. Оны эцэс болоод төрийн сан төсвөө буцаан татах гээд 100 хувь олгосон юм шиг байна лээ. Энхтулга ахлах надад тэгж хэлсэн. ” /2-р хх-20-21/,

- гэрч, “Амгалан дулааны станц”-ын төслийн нэгжийн ерөнхий инженер Ч.Цогтсайханы: “... Энэхүү ажлыг эхлүүлэх ганц том ажил бол станцыг барьж байгуулах газарт байрлаж байгаа айл өрх, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэх ажил байсан. Энэ үүргийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын газар чөлөөлөх хэлтсийн дарга Баяр, ахлах мэргэжилтэн Энхтулга нар, мөн дүүрэг хариуцсан мэргэжилтэн нар хэрэгжүүлж байсан. Би нүүлгэх ажилд оролцдоггүй. Харин чөлөөлсөн газрыг хүлээн авдаг байсан. Чөлөөлсөн газрыг хүлээн авсан талаар бичиг хийж өгдөг. Манайхаас авсан тэр бичгийг үндэслэн нөхөн олговрыг өгдөг байх.

... Түмэнжаргалынх газраа чөлөөлж өгөхгүй, барилгын ажил явагдахаар орц, гарц хаалаа гээд графикт ажил зогсоогоод байдаг хүн. 2014 оны 12 дугаар сард газраа хүлээлгэн өгснийг мэдэхгүй. Хүйтний улиралд нүүлгэдэггүй. Би Түмэнжаргалд “манай гүйцэтгэгч хятад ажилчид 4 дүгээр сарын 1-ний өдөр гэхэд ирнэ. Чи 4 дүгээр сарын 1-ний өдөр гэхэд газраа өгөөрэй” гэж хэлж байсан. Энэ айл сая 2015 оны 3 дугаар сард нүүж, 4 дүгээр сард манайд газраа хүлээлгэн өгч баримт үйлдсэн...” /2-р хх-35-36/,

- гэрч, Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөрийн: “... БНХАУ-ын Засгийн газраас концессын гэрээгээр “Амгалан дулааны  станц” барих болсон...” /2-р хх-45/,

- гэрч, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатарын: “... газар чөлөөлөх ажлыг Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр удирдаж, мэргэжилтэн Энхтулга нар гүйцэтгэсэн. Хоёр талын үнэлгээг зөвшөөрөхгүй тохиолдолд харилцан тохиролцох талаар газар чөлөөлөхтэй холбоотой журамд тусгасан байдаг. Харилцан зөвшилцөх ажлыг хэлтсийн дарга Баяр, хариуцсан мэргэжилтний хамт хийнэ. Өөр албан тушаалтан байхгүй...” /2-р хх-46/,

- гэрч С.Намнансүрэнгийн: “... Түмэнжаргалтай хамт явж байхад газрын албаны нэг хүн утсаар залгаад “мөнгөө авъя” гэж ярьж байсан нь надад сонсогдсон. Би ярьж дууссаны дараа нь “юун мөнгө яриад байгаа” юм гэхэд Түмэнжаргал “газрын албаны нэг нөхөр мөнгө нэхээд дарамтлаад байх юм, байнга л ярих юм” гэхээр нь би “улсаас газрыг чинь авч байхад тэр хүн яасан гэж мөнгө нэхдэг юм, битгий өг” гэж хэлж байсан юм...” /2-р хх-34/,

- гэрч Б.Галсайханы: “... Би 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 3 дугаар сар хүртэл “Наран молл” их дэлгүүрийн 3 дугаар давхарт байрлах “Шибуяа” нэртэй япон хоолны газарт тогоочоор ажиллаж байсан. 2015 оны 1 дүгээр сард Г.Түмэнжаргал нь “Шибуяа” япон хоолны газарт ирж хооллосон. Түмэнжаргал над руу залгаад “найз нь 2 хүнтэй танайх руу очлоо, чи сул ширээ байлгаж байгаарай” гэсэн. Тэгээд удаагүй Түмэнжаргал 2 эрэгтэй хүний хамт ирсэн. Нэг нь бүдүүндүү, настай, нүдний шилтэй хүн байсан. Нөгөө нь залуу хүн байсан. Тэр гурав хоол захиалж идэж яриад л сууцгаасан... Газрын албаны хүмүүс гэж хэлж байсан...” /2-р хх-23/,

- Г.Түмэнжаргалын яллагдагчаар өгсөн: “... 550,000,000 төгрөгийг зөвшөөрч, үнэ тохирсон баримтад гарын үсэг зурсан. Баяр даргын өрөөнөөс гарахад Энхтулга “одоо олон баримт бичиг бүрдүүлнэ” гэсэн. Би хэлсэн баримт бичгийг нь бүрдүүлээд маргааш нь Энхтулгад өгсөн. Маргааш дахин ирээрэй гэсний дагуу яваад очиход Энхтулга “чиний асуудал төрийн сан руу шилжсэн захирамж гарна, төрийн сан дээр мөнгө нэхвэл өгөөрэй” гэсэн. Би “ямар учиртай, юун мөнгө юм” гэхэд Энхтулга “хүлээж бай” гээд явсан. Хэсэг хугацааны дараа ирээд “төрийн сан дээр 20,000,000 төгрөгөөр гарын үсэг зурууллаа. Чи энэ мөнгийг өгнө үү” гэсэн. Үүнээс хойш 10 гаран хоногийн дараа Энхтулга утсаар залгаад “дансанд чинь мөнгө орчихсон байгаа, чи 40,000,000 төгрөг өг, ажил чинь бүтчихээд байхад мөнгө авчирч өг” гээд байсан. Ингээд би 2014 оны 12 дугаар сарын сүүлээр 30,000,000 төгрөгийг Баянмонгол хорооллын автомашины зогсоолд автомашин дотор Энхтулгад өгсөн. Дахин 10,000,000 төгрөг нэхэхээр нь чадахгүй гэдгээ хэлэхэд буухдаа 8,000,000 төгрөг нэхсэн. 2-3 хоногийн дараа Энхтулга залгаад нөгөө мөнгөө нэхээд байхаар нь заримдаа утсаа аваагүй юм. 2015 оны 1 дүгээр сард Баяр дарга утсаар залгаад мөнгөө аваад хүрээд ир гэсэн. Энхтулга надаас 30,000,000 төгрөг аваад буухдаа Баяр даргад мөнгө өгөөрэй гэж хэлээд буусан юм. Ингээд Баяр дарга дуудаад байхаар нь өөрт байсан 24,000,000 төгрөгөө аваад Тагнуулын газрын зүүн талаас Баяр даргыг аваад циркийн хажуугийн зогсоол дээр зогссон. Баяр дарга мөнгөө нэхэхээр нь Энхтулга утсаар дарамталж байгаад 30,000,000 төгрөг авсан гэдгийг хэлсэн. Баяр дарга “тийм юм байхгүй, яахаараа чи тэдэнд мөнгө өгдөг юм, надад өгнө” гээд байхаар нь авч явсан 24,000,000 төгрөгөө өгөхөд “ийм юм авахгүй, нэмж өг” гээд Энхтулгыг дуудсан. Энхтулга ирээд надаас мөнгө аваагүй гээд бид маргалдсан. Энхтулга, Баяр хоёр автомашинаас бууж уулзаж байгаад Энхтулга намайг дуудаж, Баяр зөрөөд суусан. Энхтулга “чи яагаад новшроод, мөнгө авсныг хэлж байгаа юм, би ажилгүй боллоо” гэж над руу дайраад “дарга бид хоёрыг нэг газар оруулаадах” гэсэн. Би найз Галсайханы хоолны газарт дагуулж очсон... Баяр дарга үүн дээрээ мөнгө нэмж 30,000,000 төгрөг болгож өг гэхээр нь гэрээсээ 6,000,000 төгрөг авчирч өгсөн.

Энхтулга мөнгө орсны дараа ажлыг чинь бүтээж өгсөн гэж шахаж шаардаж байгаад авсан. ..” /байцаалтад өмгөөлөгч Ц.Цэрэннямыг оролцуулсан 2-р хх-117-119/,

- Н.Баярын яллагдагчаар өгсөн: “... үнэ тохироод 550,000,000 төгрөгийг Г.Түмэнжаргал өөрөө хэлж, үүнээсээ 50,000,000 төгрөгийг надад өгөхөөр болсон. Ингээд  2014 оны 12 дугаар сард Түмэнжаргалын нөхөн олговор шилжиж орсон байх. 2015 он гараад Түмэнжаргалтай Тагнуулын ерөнхий газрын өмнөх зогсоол дээр уулзаж автомашинтай нь циркийн тэнд очсон. Түмэнжаргал надад 24,000,000 төгрөг өгөөд Энхтулга 30,000,000 төгрөг авсан гэж хэлсэн. Би Энхтулгыг дуудаж бид гурвын хооронд үл ойлголцол гарсан. Тэгээд бид гурав “Наран их” дэлгүүрийн 3 давхарт байрладаг япон хоолны газарт очсон. Энхтулга 30,000,000 төгрөг авснаа хэлэхгүй байсан. Хэсэг хугацааны дараа Түмэнжаргал 6,000,000 төгрөг надад нэмж өгсөн. Би Энхтулгад авсан мөнгөнөөсөө өгөөч гэж хэлээд 10,000,000 төгрөг авсан. 30,000,000 төгрөг нь байгаа...” /2-р хх-127-128/,

- Э.Энхтулгын сэжигтнээр өгсөн: “... Нийслэлийн Засаг даргын нөхөн олговрын захирамжийн төслийг бэлдэж байтал Баяр дарга “Түмэнжаргалын нөхөн олговрыг 550,000,000 төгрөг гээд оруулчихаарай” гэж хэлсний дагуу энэ мөнгөн дүнгээр нь оруулсан... Үнэндээ мөнгийг Түмэнжаргалаас авсан... Баяр дарга надад Түмэнжаргалыг шахаж шаард гэдэг байсан. Би захирангуй хандаж ярьсан зүйл байгаа.

2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дараа л чөлөөлсөн газрыг хүлээлцсэн акт, өмчилсөн газрыг нөхөн олговортойгоор буцаан авах гэрээ, хурлын протокол зэргийг би нэг өдөрт багтаан бүгдийг нь үйлдсэн. Уг нь нөхөн олговрын мөнгийг өгөхдөө 40, 60 хувиар өгдөг. Айл нь нүүсэн үед үлдэгдлийг нь өгнө. Баяр дарга л “оноос өмнө мөнгө татагдах гээд байна, чи үнэ тохирсон хурлын протоколд 100 хувь олгохоор шийдвэрлэв гэж бичээрэй” гэсэн. Оны өмнө л нөхөн олговрыг оруулах гээд ийм зүйл хийсэн байх...” /2-р хх-131-135/  гэх мэдүүлгүүд,

- Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 126 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг худалдан авах болон нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих” тухай журам /1-р хх-64, 65-78/,

- Г.Түмэнжаргалд нөхөх олговор олгохтой холбоотой бичиг баримтууд, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-98-123, 2-р хх-8-11, 14-18, 115/,

- Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ус-15 дугаар гудамжны 1 тоот газар, түүн дээр баригдсан барилгуудад үнэлгээ хийсэн “Тэгш сонголт Эстимэйт” ХХК-ийн үнэлгээ /1-р хх-125-132/,

- 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан “Иргэний өмчийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай” гэрээ /1-р хх-103-104/,

- Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Нөхөх олговор олгох тухай” А/1038 дугаар захирамж /1-р хх-108/,  

- Нийслэлийн өмчийн харилцааны газраас Г.Түмэнжаргалд мөнгө шилжүүлэх хүсэлт /1-р хх-99/,

- 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Г.Түмэнжаргалын “ХААН” банкны дансанд 550,000,000 төгрөгийн орлого орсон дансны хуулга /1-р хх-5-6/,

- Н.Баярыг Газар чөлөөлөх хэлтсийн даргаар томилсон Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Б/07 дугаар тушаал /3-р хх-1/,

- Э.Энхтулгыг Газар чөлөөлөх хэлтсийн ахлах мэргэжилтнээр томилсон Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Б/102 дугаар тушаал /3-р хх-5-7/,

- Нийслэлийн өмчийн харилцааны газрын газар чөлөөлөх хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн нарын ажлын байрны тодорхойлолт /2-р хх-207-213/,

- Н.Баяр, Э.Энхтулга нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаагаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлуудыг шалгаж, тогтоосон байна.

 

Анхан шатны шүүхээс Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Баяр, тус хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Э.Энхтулга нарыг Г.Түмэнжаргалын ашиг сонирхлын үүднээс хясан боогдуулах замаар их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн талаар хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна гэж үзэв.

 

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын дулааны хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангах зорилгоор “Амгалан дулааны станц”-ыг шинээр барьж байгуулахаар шийдвэрлэжээ. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт станцын барилгын ажил явагдах газрыг иргэдээс нөхөн олговортойгоор эргүүлэн авч, газар чөлөөлөх ажлыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтэс хариуцан гүйцэтгэсэн байна.

 

Н.Баяр нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Б/07 тоот тушаалаар Газар чөлөөлөх хэлтсийн даргаар, Э.Энхтулга нь 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/102 тоот тушаалаар тус хэлтсийн ахлах мэргэжилтнээр тус тус томилогдож /3-р хх 1-3/, ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу Улаанбаатар хотод баригдах барилга, авто зам, инженерийн шугам сүлжээний газрыг чөлөөлж, холбогдох газруудад хүлээлгэн өгөх, газар өмчлөгчтэй гэрээ байгуулах, нөхөх олговор олгох үүрэгтэй /2-р хх 207-213/ ажиллаж байсны хувьд “Амгалан дулааны станц”-ын барилгын бүсэд орсон газрыг чөлөөлөх ажил албан үүрэгт нь хамаарч байжээ.

 

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 дугаар гудамжны 1 тоот Г.Түмэнжаргалын хувьчилж авсан газар, түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгөнүүд нь шинээр баригдах “Амгалан дулааны станц”-ын дулаан дамжуулах хос шугам, үерийн ус, бохир ус зайлуулах шугамын барилгын талбайд орсон тул улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор газрыг эргүүлэн авах үндэслэл бүрдэж, нэг талаас газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг төлөөлж Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, нөгөө талаас газар өмчлөгч Г.Түмэнжаргал нар нөхөн олговрын хэмжээг 550,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож, үүний дагуу олгогдсон болох нь “Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ”, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Нөхөх олговор олгох тухай” А/1038 дугаар захирамж, “ХААН” банкны дансны хуулга, гэрч Р.Отгончимэг, Т.Батбилэг, Х.Энхтунгалаг, Э.Цэвэлдорж нарын мэдүүлэг болон Г.Түмэнжаргал, Н.Баяр, Э.Энхтулга нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасны дагуу иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор эргүүлэн авахдаа газрын үнэ, тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэ, өмчлөгчөөс уг газарт зарцуулсан хөрөнгө, улсын тусгай хэрэгцээнд авснаас өмчлөгчид учрах хохирлын асуудлаар газар өмчлөгчтэй урьдчилан тохиролцох эрх, үүрэг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад олгогджээ.

    

Тухайн үед иргэний өмчийн газар, түүн дээр баригдсан хөрөнгөд үнэлгээ хийх, нөхөх олговрын хэмжээг урьдчилан тохиролцох ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 126 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг худалдан авах болон нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих журам”-ыг дагаж мөрдөж байсан байна.

 

Нийслэлийн өмчийн харилцааны газраас Г.Түмэнжаргалын газрыг 95,100,000 төгрөгөөр, түүн дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг 252,677,113 төгрөгөөр буюу нийт 347,777,113 төгрөгөөр үнэлсэн /1-р хх 111-112/ бол өмчлөгчийн хүсэлтийн дагуу хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий “Тэгш сонголт эстимэйт” ХХК нь газрын үнийг оруулалгүй, зөвхөн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 680,832,600 төгрөгөөр үнэлсэн /1-р хх 125-132/-ээр харилцан зөрүүтэй үнэлгээнүүд хийгджээ.

 

Нийслэлийн өмчийн харилцааны газар үнэлгээг хийхдээ өртгийн хандлагын аргаар буюу тухайн үл хөдлөх хөрөнгийг барьж босгоход гарах зардлыг үндэслэсэн болох нь үнэлгээ хийсэн Нийслэлийн өмчийн харилцааны газрын өмчийн хөдөлгөөн хувьчлалын хэлтсийн мэргэжилтэн С.Ариунжаргалын мэдүүлгээр нотлогдсон. /2-р хх 3-4/

 

“Тэгш сонголт эстимэйт” ХХК-ийн хийсэн үнэлгээ нь өртгийн аргаас гадна эрхэлж байсан үйл ажиллагааны онцлогоос хамааран олох орлогыг тооцож, газрын үнийг оролцуулахгүйгээр зөвхөн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хийсэн тухайгаа үнэлгээний тайландаа тусгасан байна. /1-р хх 125-132/

 

Хэрэв талуудын хийсэн үнэлгээ зөрүүтэй гарсан тохиолдолд дээрх журмын 2.31 дэх хэсэгт “Энэ журмын 2.30-д заасан хоёр үнэлгээний зөрүү нь бага дүн бүхий үнэлгээний 10 хувиас хэтэрсэн тохиолдолд магадлан үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 25.2-т заасан Мэргэжлийн зөвлөлөөр хийлгэж болно.” гэж, 2.32 дахь хэсэгт “Мэргэжлийн зөвлөлийн хийсэн магадлан үнэлгээ нь талуудын хувьд үл маргалдах эцсийн үнэлгээ байна” гэсэн зохицуулалтыг хэрэгжүүлэхээр байжээ.

 

Гэвч журмын энэхүү заалтуудад нөхөх олговрын хэмжээний талаар талуудын харилцан тохиролцоог 10 хувиар хязгаарлаж, хэтэрсэн тохиолдолд Мэргэжлийн зөвлөлийг оролцуулах, түүний шийдвэр эцсийнх байхаар зохицуулсан нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэгт “Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай асуудлыг энэ хуулийн 32.4, 32.5-д заасны дагуу тохиролцож чадаагүй бол маргааныг шүүх шийдвэрлэнэ.” гэж заасантай нийцэхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл талууд тохиролцоонд хүрээгүй нөхцөлд маргааныг шүүх шийдвэрлэхээр хуульд тодорхой заасан байхад төрийн байгууллага үүнээс өөр журам тогтоож, өмчлөгчийн эрхийг хязгаарласан, шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь ноцтой зөрчсөн байх тул нөхөх олговрын үнэлгээг тохиролцохдоо журмын дээрх зохицуулалтыг хэрэгжүүлээгүй гэж буруутгах аргагүй юм.

 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль болон “Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг худалдан авах болон нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих журам”-д зааснаар газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь газрын өмчлөгчтэй нөхөх олговрын хэмжээг харилцан тохиролцохоор зохицуулсны дээр журмын нэгдүгээр бүлгийн 1.2.3 дахь хэсэгт “... олгох нөхөх олговор... нь газар өмчлөгч, эзэмшигчийн эрх ашигт нийцсэн, тэдэнд хохирол учруулахааргүй байна.” гэж заасан байх тул талуудын хийсэн үнэлгээнүүдийн хүрээнд нөхөх олговрыг 550,000,000 төгрөгөөр тохиролцсоныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Харин Н.Баяр, Э.Энхтулга нар Г.Түмэнжаргалыг газраа чөлөөлж өгөөгүй гэдгийг мэдсээр байж 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Иргэний өмчийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай” гэрээ байгуулахдаа “... 550,000,000 төгрөгийг газраа бүрэн чөлөөлсөн тул 100 хувь олгохоор шийдвэрлэв...” гэсэн заалт оруулж, мөн өдөр “Чөлөөлсөн газрыг хүлээлцсэн акт” үйлдэж гарын үсэг зуржээ. Тэдний үйлдсэн эдгээр баримт бичиг нь нөхөн олговрын мөнгө болох 550,000,000 төгрөгийг Г.Түмэнжаргалын “ХААН” банкны дансанд бүрэн шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн болох нь гэрч Х.Энхтунгалаг, Э.Цэвэлдорж, яллагдагч Н.Баяр, Э.Энхтулга нарын мэдүүлэг болон гэрээ, төлбөрийн даалгавар, “ХААН” банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.   

 

Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг худалдан авах болон нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих журмын 5.2 дахь хэсэгт “Газар чөлөөлөх, нөхөх олговор олгох тухай гэрээнд газар өмчлөгч, эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээ, газар чөлөөлөх хугацаа, газар, барилга, байгууламж, үл хөдлөх хөрөнгийн эрхийг шилжүүлэх асуудал, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тусгана” гэж, 5.5 дахь хэсэгт “Нөхөх олговрын 60 хувийг газар өмчлөгч, эзэмшигчтэй газар чөлөөлөх гэрээ байгуулснаар, үлдэгдэл 40 хувийг гэрээний үүргээ биелүүлж газраа чөлөөлсний дараа олгохоор газар чөлөөлөх, нөхөх олговор олгох тухай гэрээнд тусгаж байна.” гэж, 5.7 дахь хэсэгт “... гэрээгээр тохиролцсон хугацаанд газар өмчлөгч, эзэмшигчийн чөлөөлж дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлсэн газрыг дүүргийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохих ангиллын дагуу бүртгэж, хүлээн авна” гэж тус тус заасан байна.

 

Г.Түмэнжаргалыг газраа чөлөөлж өгөөгүй байхад нь чөлөөлсөн мэтээр гэрээ, акт үйлдэж, тэр даруй нөхөх олговрын мөнгө шилжсэн хэргийн нөхцөл байдлаас дүгнэж үзвэл Н.Баяр, Э.Энхтулга нь хээл хахууль өгөгч Г.Түмэнжаргалын ашиг сонирхлын үүднээс  журмын дээрх заалтуудын дагуу гүйцэтгэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдов.

 

Н.Баяр, Э.Энхтулга нар нөхөх олговрыг эцэслэн шийдвэрлэх эрх бүхий хүмүүс биш боловч албан үүрэгт нь “... нөхөх олговрыг урьдчилан тохиролцох, гэрээ байгуулах, газар чөлөөлөх, хүлээлцэх, нөхөх олговор олгох тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл боловсруулах зэрэг үйл ажиллагаанууд...” хамаардаг бөгөөд тэдний шийдвэр нь нөхөх олговрыг өмчлөгчид шилжүүлэх үндэслэл болдог болох нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын ажилтнууд болох Ш.Төмөрбаатар, Б.Алтансүх, Х.Энхтунгалаг, Э.Цэвэлдорж нарын мэдүүлгүүд, тэдний ажлын байрны тодорхойлолтуудаар нотлогдсон учраас Н.Баяр, Э.Энхтулга нарыг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай” гэрээнд газар чөлөөлөх хугацаа, нөхцөл, нөхөх олговор олгох болзлын талаар тусгах үүргээ хэрэгжүүлээгүй, газраа чөлөөлөөгүй болохыг мэдсээр байж 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Чөлөөлсөн газрыг хүлээлцсэн акт” үйлдэж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэж дүгнэлээ.   

 

Нөхөх олговрын мөнгө болох 550,000,000 төгрөг 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Г.Түмэнжаргалын “ХААН” банкны дансанд шилжин орохоос өмнө болон хойно Э.Энхтулга, Н.Баяр нар “ажлыг чинь бүтээж өгсөн учраас мөнгө өг” гэж удаа дараа хээл хахууль өгөхийг тулган шаардаж тус бүр 30,000,000 төгрөг авсан болох нь Г.Түмэнжаргал, Н.Баяр, Э.Энхтулга нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон Г.Түмэнжаргалын эхнэр Р.Отгончимэг, найз Б.Галсайхан, Т.Батбилэг нарын мэдүүлгээр хөдөлбөргүй нотлогдож байна.

 

Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан “хясан боогдуулах” гэдгийг “тухайн хүнд тохиолдсон аливаа шаардлага, тулгамдсан хэрэгцээ, үүссэн нөхцөл байдлыг ашиглах замаар хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгох, эсхүл хээл хахууль өгөхийг тулган шаардахыг хэлнэ” гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Н.Баяр, Э.Энхтулга нар хээл хахууль өгөхийг удаа дараа шаардаж байсан нөхцөл байдал тогтоогдсон, тухайлбал: “... Г.Түмэнжаргалаас мөнгө авсан. Н.Баяр дарга шахаж шаард гэдэг байсны дагуу захирангуй хандаж ярьсан зүйл байгаа...” гэж Э.Энхтулга сэжигтнээр мэдүүлсэн /2-р хх 131-135/-ээс гадна нөхөх олговрыг 550,000,000 төгрөгөөр тохиролцсон үеэс эхлэн мөнгө өгөхийг сануулж, мөнгө өгөхгүй бол санхүүжилтыг гацаана гэх зэргээр дарамт үзүүлж байсан гэж яллагдагч Г.Түмэнжаргал тодорхой мэдүүлсэн байх тул Н.Баяр, Э.Энхтулга нарын үйлдэл, дээр тайлбарласан “хясан боогдуулах замаар хээл хахууль авах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж үзэв. 

 

Н.Баяр, Э.Энхтулга нарын үйлдсэн хээл хахууль авах гэмт хэрэгт Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн ажилтнууд хамтран оролцсон гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүйн гадна Э.Энхтулга нь хээл хахуульд авсан мөнгөө юунд зарцуулсан нь түүний гэм бурууг хэлэлцэхэд онцын ач холбогдолгүй учраас “Н.Баяр даргад өгөх ёстой 20,000,000 төгрөгийг тус хэлтсийн ажилтнуудын гадаад аялалд зарцуулсныг шалгуулах” гэсэн ялтан Э.Энхтулга, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар нарын давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн “... Н.Баяр нь Г.Түмэнжаргалаас хээл хахууль аваагүй, харин 30,000,000 төгрөг зээлсэн...” гэх гомдол нь удаа дараа шахаж шаардан байж хээл хахууль авсан талаар Г.Түмэнжаргалын мэдүүлэг, түүний эхнэр Р.Отгончимэг, найз Б.Галсайхан нарын мэдүүлэг, Н.Баярын яллагдагчаар байцаагдахдаа өгсөн мэдүүлэг зэргээр,

“Амгалан дулааны станц”-ын барилгын ажилчдыг Г.Түмэнжаргалын байшинд байрлуулахаар тохиролцсон учраас чөлөөлүүлээгүй” гэсэн гомдол нь гэрч, “Амгалан дулааны станц”-ын төслийн нэгжийн ерөнхий инженер Ч.Цогтсайханы “... Түмэнжаргал нь газраа чөлөөлж өгөхгүй, барилгын ажил явагдахаар орц, гарц хаалаа гээд графикт ажил зогсоогоод байдаг хүн. 2014 оны 12 дугаар сард газраа хүлээлгэн өгснийг мэдэхгүй. Би Түмэнжаргалд “манай гүйцэтгэгч хятад ажилчид 4 дүгээр сарын 1-ний өдөр гэхэд ирнэ. Чи 4 дүгээр сарын 1-ний өдөр гэхэд газраа өгөөрэй” гэж хэлж байсан. Энэ айл сая 2015 оны 3 дугаар сард нүүж, 4 дүгээр сард манайд газраа хүлээлгэн өгч, баримт үйлдсэн...” /2-р хх 35-36/ гэх мэдүүлгээр,

“... Э.Энхтулгын өгсөн 10,000,000 төгрөг нь худалдаж авсан хөөрөгний үнэ байсан тул энэ асуудлыг шалгуулах ...” гэсэн өмгөөлөгч А.Нарантуяа, Ц.Цэцэгсүрэн, Г.Батбаяр нарын гомдол нь Н.Баярын “... Би Энхтулгад авсан мөнгөнөөсөө өгөөч гэж хэлээд 10,000,000 төгрөг авсан. 30,000,000 төгрөг нь байгаа...” /2-р хх 127-128/ гэх мэдүүлгээр тус тус няцаагдсан болно.

 

Г.Түмэнжаргалын Авилгатай тэмцэх газарт хандаж гаргасан өргөдөлд дурьдсан үйл баримт нь мөрдөн байцаалтаар батлагдаж, Н.Баяр, Э.Энхтулга нар хээл хахууль авсан гэм буруутай нь тогтоогдсон учир уг өргөдлийг өөрийн гараар бичсэн эсэхийг шалгах шаардлагагүй. Хэрэв тэрээр хөндлөнгийн дарамт шахалтаар уг өргөдлийг бичсэн гэх үндэслэл бүхий нотолгоо байгаа бол энэ асуудлаар прокурорт хандах эрх нээлттэй байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэх явцдаа байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын эрхийг бүрэн хангасан, шүүх хэргийг хянан хэлэлцэхэд саад болох ноцтой зөрчил гараагүй.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүхээс оногдуулсан ял шийтгэл Н.Баяр, Э.Энхтулга нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.  

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “ял хөнгөрүүлэх” талаар ялтан Н.Баярын өмгөөлөгч П.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлыг, “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” талаар ялтан Э.Энхтулга, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар, ялтан Н.Баяр, түүний өмгөөлөгч А.Нарантуяа болон ялтан Н.Баярын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Г.Батбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Э.Энхтулга, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар, ялтан Н.Баяр, түүний өмгөөлөгч А.Нарантуяа, П.Отгонбаяр, Ц.Цэцэгсүрэн, Г.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                                   

 

 

           

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

                                                ШҮҮГЧИД                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                                                        М.ПҮРЭВСҮРЭН