Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

 

 

 

 

П.Мягмарбаяр нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор П.Удвал, ялтан, М.Дашбаяр, П.Мягмарбаяр, Д.Мэндбаяр, ялтны өмгөөлөгч Ө.Нарантуяа, нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолтой, П.Мягмарбаяр нарт холбогдох эрүүгийн 201620000133 дугаартай хэргийг ялтан М.Дашбаярын давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багт оршин суудаг, ял шийтгэлгүй,  Бух овогт Долгорсүрэнгийн Мэндбаяр нь бүлэглэн, машин механизм ашиглан 2016 оны 05 дугаар сарын 16-ны шөнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын төвд байх М.Лхагважавын хашаанаас хохирогч Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн, улаан өнгийн, Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 1395000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багт оршин суудаг, ял шийтгэлгүй, Бух овогт Пүрэвжавын Мягмарбаяр нь бүлэглэн, машин механизм ашиглан 2016 оны 05 дугаар сарын 16-ны шөнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын төвд байх М.Лхагважавын хашаанаас хохирогч Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн, улаан өнгийн, Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 1395000 төгрөгийн хохирол учруулсан, машин механизм ашиглан, бусдын орон байр агуулах саванд нэвтэрч 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багийн нутагт орших иргэн Т.Батболдын хашаан дотор байрлах амбаараас хохирогч М.Нямсүрэнгийн улсын дугааргүй, Хятад улсад үйлдвэрлэсэн, цэнхэр өнгийн, Мустанг-5 маркийн мотоциклийн эд анги болох хойд урд амартизатор 4 ширхэг, хойд урд дугуй обудтайгаа, 4 ширхэг гэрлэн дохио, тормозны пидал, бөгсний улаан гэрэл, хянах самбар, их гэрэл, ачааны даруулга, хойд дөрөө, маниул, хаазны тросс, консны тросс, карбиратор, нугасан ховоо, 2 талын хацарны таг, өвдөгний хамгаалалт, суудал, банк, аккумлятор зэргийг хулгайлж 569.500 төгрөгийн, мөн тус хашаанд байх хохирогч Т.Батболдын байшингаас мотоциклийн карбиратор , бөгсний гэрэл, хойд талын хоёр ширхэг дохио, урд талын дөрөө, данхраад, урд талын дугуй обудтайгаа, 2 талын хацар гинж зэрэг эд зүйл хулгайлж 198.000 төгрөгийн, мөн тус хашаанд байх хохирогч Т.Мөнхдэлгэрийн гэрээс ямааны мах 50 кг, бугын эвэр 2 ширхэг, 7000 төгрөг бэлнээр, мотоциклийн дугуй 1 ширхэгийг хулгайлж, нийт 497.000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Цагаанхайрхан сумын Ар булаг багийн нутаг Улаан чулууны булаг нэртэй газарт хохирогч Б.Отгонбаатарыг бүлэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт оршин суудаг, ял шийтгэлгүй,  Зургаадай овогт Магнайбаярын Дашбаяр нь бүлэглэн, машин механизм ашиглан, бусдын орон байр агуулах саванд нэвтэрч 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багийн нутагт орших иргэн Т.Батболдын хашаан дотор байрлах амбаараас хохирогч М.Нямсүрэнгийн улсын дугааргүй, Хятад улсад үйлдвэрлэсэн, цэнхэр өнгийн, Мустанг-5 маркийн мотоциклийн эд анги болох хойд урд амартизатор 4 ширхэг, хойд урд дугуй обудтайгаа, 4 ширхэг гэрлэн дохио, тормозны пидал, бөгсний улаан гэрэл, хянах самбар, их гэрэл, ачааны даруулга, хойд дөрөө, маниул, хаазны тросс, консны тросс, карбиратор, нугасан ховоо, 2 талын хацарны таг, өвдөгний хамгаалалт, суудал, банк, аккумлятор зэргийг хулгайлж 569.500 төгрөгийн, мөн тус хашаанд байх хохирогч Т.Батболдын байшингаас мотоциклийн карбиратор, бөгсний гэрэл, хойд талын хоёр ширхэг дохио, урд талын дөрөө, данхраад, урд талын дугуй обудтайгаа, 2 талын хацар гинж зэрэг эд зүйл хулгайлж 198.000 төгрөгийн, мөн тус хашаанд байх хохирогч Т.Мөнхдэлгэрийн гэрээс ямааны мах 50 кг, бугын эвэр 2 ширхэг, 7000 төгрөг бэлнээр, мотоциклийн дугуй 1 ширхэгийг хулгайлж, нийт 497.000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг Дунд булаг гэх газраас хохирогч Т.Ариунболдын нас гүйцсэн хонь 6, нас гүйцсэн эр ямаа 2-ыг хулгайлж 840.000 төгрөгнийн хохирол учруулсан, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Цагаанхайрхан сумын Ар булаг багийн нутаг Улаан чулууны булаг нэртэй газарт хохирогч Б.Отгонбаатарыг бүлэглэн зодож  биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багт оршин суудаг, ял шийтгэлгүй, Зургаадай овогт Гэлэгжамцын Рэнчинлхүндэв нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Цагаанхайрхан сумын Ар булаг багийн нутаг Улаан чулууны булаг нэртэй газарт хохирогч Б.Отгонбаатарыг бүлэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багт оршин суудаг, ял шийтгэлгүй, Бууч овогт Мянганлангийн Бат-Эрдэнэ нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Цагаанхайрхан сумын Ар булаг багийн нутаг Улаан чулууны булаг нэртэй газарт хохирогч Б.Отгонбаатарыг бүлэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багт оршин суудаг, ял шийтгэлгүй, Бууч овогт Пүрэвсүрэнгийн Ууганбаяр нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Цагаанхайрхан сумын Ар булаг багийн нутаг Улаан чулууны булаг нэртэй газарт хохирогч Б.Отгонбаатарыг бүлэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт оршин суудаг, ял шийтгэлгүй, Шарилж овогт Батсайханы Отгонбаяр нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Цагаанхайрхан сумын Ар булаг багийн нутаг Улаан чулууны булаг нэртэй газарт хохирогч Б.Отгонбаатарыг бүлэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “1. Шүүгдэгч Бух овгийн Пүрэвжавын Мягмарбаяр, Зургаадай овгийн Магнайбаярын Дашбаяр нарыг бүлэглэн, орон байр, агуулах саванд нэвтэрч, машин механизм хэрэглэж, давтан үйлдлээр бусдын эд зүйл хулгайлсан гэмт хэрэг, бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, шүүгдэгч Бух овгийн Долгорсүрэнгийн Мэндбаярыг бүлэглэн, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгө хулгайлсан, Бууч овгийн Пүрэвсүрэнгийн Ууганбаяр, Бууч овгийн Мянганлангийн Бат-Эрдэнэ, Зургаадай овгийн Гэлэгжамцын Рэнчинлхүндэв, Шарилж овгийн Батсайханы Отгонбаяр нарыг бүлэглэн бусдын бие махбидид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч П.Мягмарбаяр, М.Дашбаяр нарт тус тус эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар тус бүрт 300 цаг албадан ажил хийлгэх ял, шүүгдэгч Д.Мэндбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар, 1 хоног баривчлах ял, шүүгдэгч П.Ууганбаяр, М.Бат-Эрдэнэ, Г.Рэнчинлхүндэв, Б.Отгонбаяр нарт тус тус 300 цаг албадан ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан шүүгдэгч П.Мягмарбаяр, М.Дашбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар оногдуулсан 300 цаг албадан ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах ялд тус тус багтааж, тус тус эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах ял эдлүүлэхээр тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч П.Мягмарбаяр, М.Дашбаяр, Д.Мэндбаяр нарт оногдуулсан баривчлах ялыг тус тус тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч П.Ууганбаяр, М.Бат-Эрдэнэ, Г.Рэнчинлхүндэв, Б.Отгонбаяр нар албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч П.Мягмарбаярын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мотоциклийн үнэ 460.000 төгрөг, М.Дашбаяраас гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн нас гүйцсэн морины үнэ 750.000 төгрөг, мотоциклийн үнэ 460.000 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3-д зааснаар хохирогч Б.Отгонбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч П.Мягмарбаярын 24 инчийн өнгөт зурагт, Д.Мэндбаярын 5 тооны эм ямаа, М.Дашбаярын 13 настай морь, М.Бат-Эрдэнийн 14-94 УВЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоцикль, П.Ууганбаярын улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоцикль, Б.Отгонбаярын улсын дугааргүй, улаан өнгөтэй, Мустанг-5 маркийн мотоцикль, Г.Рэнчинлхүндэвийн улсын дугааргүй, шар өнгөтэй, Мустанг-5 маркийн мотоцикль битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 68 дугаар зүйлийн 68.6, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч П.Мягмарбаяр, М.Дашбаяр, Д.Мэндбаяр нарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Отгонбаяр, П.Ууганбаяр, М.Бат-Эрдэнэ, Г.Рэнчинлхүндэв нарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.

 

Ялтан М.Дашбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Дашбаяр надад  анхан шатны шүүх 5 сар баривчлах ял өгсөн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа,  дахин гэмт хэрэг үйлдэхгүй, миний ээж эрүүл мэнд тааруу хүн байдаг. Би анх удаа гэмт хэрэгт болчимгүй, гэнэн  зангаасаа болж холбогдож ял авсан. Иймд миний хэргийг хэлэлцэж, баривчлах ялын хуацааг багасгаж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны  шүүхийн  шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр  үлдээж өгнө үү. гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

П.Мягмарбаяр, Д.Мэндбаяр нар бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 16-ны шөнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багийн төвд оршин суух М.Лхагважавын хашаан дотроос хохирогч Б.Бат-Эрдэнийн мустанг-5 маркийн, улсын дугааргүй мотоцикль хулгайлж 1395000 төгрөгийн хохирол учруулсан,

П.Мягмарбаяр, М.Дашбаяр нар бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 18-ны шөнө  Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багийн төвд байх Т.Батболдын амбаараас хохирогч М.Нямсүрэнгийн улсын дугааргүй, цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийн эд анги болох хойд, урд амартизатор 4 ширхэг, хойд урд дугуй обудтайгаа, 4 ширхэг гэрлэн дохио, тормозны пидал, бөгсний улаан гэрэл, хянах самбар, их гэрэл, ачааны даруулга, хойд дөрөө, маниул, хаазны тросс, консны тросс, карбирюатор, нугасан холбоо, 2 талын хацарны таг, өвдөгний хамгаалалт, суудал, банк, аккумлятор зэргийг хулгайлж 569.500 төгрөгийн, мөн тус хашаанд байх Т.Батболдын байшингаас мотоциклийн карбиратор, бөгсний гэрэл, хойд талын хоёр ширхэг дохио, урд талын дөрөө, данхраад, урд талын дугуй обудтайгаа, 2 талын хацар гинж зэрэг эд зүйл хулгайлж 198.000 төгрөгийн, мөн тус хашаанд байх Т.Мөнхдэлгэрийн гэрээс ямааны 50 килограмм мах, бугын эвэр 2 ширхэг, 7000 төгрөг бэлнээр, мотоциклийн дугуй 1 ширхэгийг хулгайлж нийт 497.000 төгрөгийн хохирол учруулсан,  

М.Дашбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг “Дунд булаг” гэх газраас хохирогч Т.Ариунболдын нас гүйцсэн эр хонь 6, нас гүйцсэн эр ямаа 2-ыг хулгайлж 840.000 төгрөгний хохирол учруулсан,

Мягмарбаяр, М.Дашбаяр, Б.Отгонбаяр, П.Ууганбаяр, М.Бат-Эрдэнэ, Г.Рэнчинлхүндэв нар бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Цагаанхайрхан сумын Ар булаг багийн нутаг “Улаан чулууны булаг” нэртэй газарт хохирогч Б.Отгонбаатарыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хохирогч Б.Бат-Эрдэнэ, М.Нямсүрэн, Т.Мөнхдэлгэр, Т.Батболд, Б.Отгонбаатар, Т.Ариунболд, гэрч М.Болормаа, Л.Биндэръяа, М.Лхагважав, Б.Жавхлантөгс, Г.Төөрүүл, Ц.Сарантуяа, Ц.Мөнхжаргал, П.Ууганбаяр, П.Даваабаяр, Я.Сугардорж, Г.Алдрай, Б.Мартбаяр, Э.Алтанбулаг, Л.Солонго, Анхцэцэг нарын мэдүүлэг, мотоциклийн үнэлгээ тогтоосон дүгнэлт,  Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 дугаартай шинжээчийн дүгнэлт,  “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт, “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 239 тоот Малын үнэлгээ тогтоосон тухай тайлан болон шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болсон байна.

Шүүгдэгч М.Дашбаяр нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд тухайлбал, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, сэдэлт, гэм буруугийн хэлбэр шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг шалгаж тогтоосон, шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгч М.Дашбаярын “...шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх гомдлын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл:

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон ба шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь тэдгээрийн гэм бурууд тохирсон байна.

М.Дашбаярын  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх хуульзүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Дашбаярын  давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                           Д.КӨБЕШ

 

Н.МӨНХЖАРГАЛ