| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2502000000055 |
| Дугаар | 2025/ДШМ/667 |
| Огноо | 2025-05-29 |
| Зүйл хэсэг | 18.3.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/667
2025 05 29 2025/ДШМ/667
Д.Т-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Очгэрэл,
яллагдагч Д.Т,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/2691 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Очгэрэлийн бичсэн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 37 дугаар эсэргүүцлийг үндэслэн Д.Т-т холбогдох эрүүгийн 2502000000055 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Д-ийн Т-, **** оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “***** ****” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ****** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ***-р байр ** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:*********/;
Нийслэлийн прокурорын газраас: Д.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “... шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс ... 1. Хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын агуулга нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг сайтар шалган тогтоосон, хэргийг хэлэлцэх нотолгооны хүрэлцээтэй байдал хангалттай байх шаардлага тавигддаг. Д.*****настын гэрчээр өгсөн “...” гэсэн мэдүүлэг, хавтаст хэргийн 97 дугаар талд “...” гэсэн баримт авагдсан зэргээс үзвэл, “***** Х” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын татварын тайланг засварлаж илгээсэн эсэх, хэрэв тайланг засварласан тохиолдолд ямар шалтгааны улмаас засварласан зэрэг нөхцөл байдлыг тодруулах нь гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр, сэдэлтийг тогтоох ёстой.
Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно” гэж, мөн зүйлийн 31.2-д “хэрэв татвар төлөгч татварын тайлангийн ногдлыг бууруулах залруулга хийх бол уг залруулгыг нотлох анхан шатны болон холбогдох бичиг баримтын хамт залруулсан тайланг ирүүлнэ” гэж тус тус хуульчилсан бөгөөд хууль тогтоогч татвар төлөгчийг татварын тайланг залруулах боломжийг олгосон зэрэг байдлаас харвал, хуулийн дээрх шаардлагын хүрээнд “***** Х” ХХК-ийн 2022 оны эхний хагас жилийн анхны илгээсэн болон залруулга хийсэн тайлан, түүнчлэн эдгээртэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа хийх нь яллагдагчийн гэмт хэрэгтээ хандсан гэм буруугийн хэлбэр, сэдэлтийг тогтоох боломжтой, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийх нь зүйтэй гэж үзлээ.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийн иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” Гэж зааснаар яллагдагч Д.Т-ийг 100,000,000 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэж яллах ба хохирлыг хариуцвал зохих этгээдийг хариуцагчаар татаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна. Тухайлбал, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж зохицуулсан бөгөөд хариуцагчаар “***** Х” ХХК-ийг татаж, түүний хууль ёсны төлөөлөгчийг томилж, түүнд эрх, үүргийг тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэлх хоногийн хугацаагаар хойшлуулж, шийдвэрлэх боломжгүй. Тухайлбал, хуулийн дээрх зохицуулалтад мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт хуульд заасан журмыг зөрчсөн, эсхүл хэргийн оролцогчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрхийг хязгаарласан, түүнчлэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх бол гэж хуульчилсан ба шүүх мөрдөх ажиллагаа явуулахгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасантай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэмт хэргийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход мөрдөгч, прокурор нотлох үүрэг хүлээж, хуульд заасан бүх арга хэмжээг авч, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоодог тул хуулийн дээрх зохицуулалтаар мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг нэг мөр шалгах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Очгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэгт Татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийн тоо хэмжээг бууруулсан гэж татвар ногдох орлого, орлогоос бусад хуульд заасан зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, тайлан мэдээ, орлого, татвар тодорхойлох хуудсанд багасган тусгах, орлогоо багасгаж харуулахын тулд засварлах замаар хуурамч баримт бичиг үйлдэх, зардлаа хуурамчаар өсгөх буюу орлогоо зохиомлоор багасгах үйлдлийг ойлгох ба энэ гэмт хэрэг нь татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нь татварын байгууллагад тухайн тайланг илгээснээр гэмт хэрэг төгссөнд тооцогдоно.
Харин Татварын ерөнхий хуулийн 16 дугаар зүйл “Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм”-д заасны дагуу тухайн татварын тайланд залруулга хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарахгүй. Мөн “***** Х” ХХК нь татварын байгууллагад тухайн тайлант хугацаанд илгээсэн тайланг залруулсан талаарх баримт хэрэгт хавсаргасныг яллах дүгнэлтийн хавсралтад Татварын ерөнхий газарт тухайн жилийн тайланг залруулсан. Одоо Татварын ерөнхий газарт өр үүссэн...” талаар дурдсан болно.
Хоёр. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийг “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол... ” гэж тухайн гэмт хэргийг үйлдэгч этгээд буюу субъектийг татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан байхаар шууд, тусгайлан заасан байна.
Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татварын алба болон бүртгэх эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн, татварын ерөнхий хууль болон тухайн төрлийн татварын хуулиар татвар төлөгч байгууллага гэж тодорхойлсон аж ахуйн нэгж, байгууллага, сангийн удирдах болон тухайн ажил хариуцсан гүйцэтгэх ажилтныг ойлгоно. Харин Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна.”, 59.2 дахь хэсэгт “Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ” гэж, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна” гэж, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцоог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж тус тус заажээ.
Компанийн тухай хуулийн дээрх заалтууд болон хэрэгт авагдсан улсын бүртгэлийн лавлагаа, бусад баримтуудаар “***** Х” ХХК-ны гүйцэтгэх захирал буюу удирдах албан тушаалтан, “***** Х” ХХК-ны бүрэн эрхийг шууд хэрэгжүүлж байгаа этгээд нь энэ хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Т- өөрөө байна.
Иймд “***** Х” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах шаардлагагүй бөгөөд дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэргийн яллагдагч өөрөө шууд хариуцах этгээд мөн байх тул шүүгчийн захирамжид ”...дээрх гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хариуцвал зохих этгээд гэж “***** Х” ХХК хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ” гэж дүгнэсэн заалт үндэслэлгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийн талаар нотолбол зохих байдлыг гагцхүү хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд бус шүүх хуралдааны явцад нотолж болохоор зохицуулсан тул мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, улмаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэхэд нотлох баримт хүрэлцээтэй буюу эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
Иймд шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн...” гэв.
Яллагдагч Д.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хос бэрс худалдааны төвийн гаднаас түлш авсан, уг компанийн үйл ажиллагаа дутуу гэдгийг мэдээгүй. Тухайн үед нэмэгдсэн өртгийн албан татварын баримттай юу гэхэд, “тийм” гэж хэлсэн учраас худалдан авалт хийсэн. Ковидын үе байсан учраас түлш нөөцлөх шаардлага үүссэн. Энэ талаар татварын улсын байцаагч залруулга хийхийг шаардсан тухайн үед нь залруулга хийсэн. Миний хувьд мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах журмаар гаргасан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
1. Хэргийн бодит байдлыг мөрдөн шалгах нэмэлт ажиллагааны хүрээнд нэг мөр, эргэлзээгүй, бодит байдлаар тогтоох үндэслэл, шаардлага үүссэн байна.
1.1. Татвар төлөхөөс зайлсхийсэн гэх “***** Х” ХХК-нд залруулгыг хэн, хэрхэн хийсэн, энэ нь холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл, журамд нийцсэн эсэхэд хамаарах тусгай мэдлэгийн болон бусад нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж бэхжүүлэх, хянан шалгахгүйгээр таамаглах байдлаар үйл баримтын дүгнэлтийг шүүхээс хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Прокурорын эсэргүүцэлд: Татварын ерөнхий хуулийн 16 дугаар зүйлд заасан “Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм”-д заасны дагуу тухайн татварын тайланд залруулга хийсэн...” гэж бичсэн байх ба тус залруулгатай холбоотой хууль ёсны баримтгүй байна.
Хэрэв “Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм”-ийг хэрэглэсэн бол Татварын ерөнхий хуулийн 16 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу хийгдсэн дараах процесс ажиллагааны нотлох баримтуудыг тус эрүүгийн хэрэгт цуглуулж, бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай. Тухайлбал,
А. Татварын хяналт шалгалт явуулснаар: татвар төлөгч нь дангаараа, эсхүл бусад этгээдтэй хамтран татварын схем зохион байгуулсан; улмаар
- татварын схемийн хүрээнд тухайн татвар төлөгч татвараас зайлсхийх замаар татварын ашиг хүртсэн болохыг нотолсон байхаас гадна
Б. Татварын схем зохион байгуулж, энэ хүрээнд ашиг хүртсэн тохиолдолд “хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэн татварыг нөхөн ногдуулах боломжгүй” бол Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрмийг хэрэгжүүлэх эсэхийг “Эрсдэлийн удирдлагын хороо”-шийдвэрлэх бөгөөд хэрхэн яаж хэрэгжүүлэх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлан мөрдөхөөр зохицуулагдсан байна.
Түүнчлэн өөр бусад байдлаар буюу татварын тайланд залруулга хийсэн бол энэ талаарх хууль ёсны нотлох баримтыг хэрэгт цуглуулж, бэхжүүлэх, тусгай мэдлэгт хамаарах тодорхойгүй зарим асуудлыг тогтоосон байхаас гадна тус залруулга нь холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл, журамд нийцсэн эсэхийг хамаарах үйл баримтын хүрээнд шалгаж, дүгнэх зайлшгүй шаардлагатай болно.
1.2. “Залруулга” хийгдсэнээр татварын ерөнхий газарт “өр” үүссэн нь баримттай эсэх, ямар хэмжээний өртэй эсэхийг нотлохгүйгээр алданги, бусад хор уршгийг төлүүлэх эсэхийг шийдвэрлэх боломжгүй.
Яллах дүгнэлтийн хавсралт, прокурорын эсэргүүцэлд “...татварын өр...” үүссэн талаар дурдсан /хх-142, 184/ байна.
2. “***** Х” ХХК татвараас зайлсхийсэн гэх хугацааны дотор “*********” ХХК ба ”Хос бэрс худалдааны төв” тус бүрийн эрх бүхий болон бусад этгээд хоорондын харилцаа хамаарал, тэдгээрийн хооронд мөнгөн гүйлгээ хийгдсэн эсэх, мөн “***** Х” ХХК-ийн захирал Д.*****гэрэл нь 1 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэх хугацааны дотор түлш шатахууны зориулалтаар тухайн компанийхаа данснаас ямар хэмжээний мөнгө бэлнээр авсан, мөн бусад этгээд рүү шилжүүлсэн эсэхийг нягтлан шалгаж, баримтжуулах нь зүйтэй.
Энэ нь яллагдагчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг батлах эсхүл үгүйсгэн няцаахад хамааралтай болно.
3. Зөвхөн зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тогтоолыг хавсаргах бус тусгаарлагдсан гэх бусад этгээдэд холбогдуулсан зарим гэмт хэрэгт хамтран оролцоогүй эсэхэд хамаарах нотлох баримтуудыг тус эрүүгийн хэрэгт бүрэн цуглуулж, бэхжүүлэн хавсаргахгүйгээр гэмт хэргийг зөв тусгаарласан эсэх зэрэг асуудлын талаар бодит дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн байгааг анхаарч, дутуу ажиллагааг нөхөн гүйцэтгэх нь зүйтэй.
Тухайлбал, 25.926.902.263 төгрөгийн үнэ бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын падаан буюу санхүүгийн анхан шатны баримтыг хуурамчаар үйлдэн 216 аж ахуй нэгж, иргэнд худалдсан гэх Д.Б, Г.Б, Х.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1, 18.7 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /42-47, 53-63/ байх боловч тэдгээрээс яллагдагчид Д.Т-т холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох үндэслэлээр тусгаарлах тухай тогтоол үйлдсэн /хх-84-85/, харин хэргийн бодит байдлыг тогтоох болон тийнхүү хэргийг тусгаарлахад саад болохгүй эсэх зэрэгт хамаарах ажиллагааг хэрэгжүүлсэн гэх баримтгүй байх тул хангалтгүй гэж үзнэ.
4. Яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч баримт байж болохгүй.
Дээр дурдсанаар, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй тухайн тохиолдолд зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцааснаар буюу мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгүүлснээр шийдвэрлэгдэх үндэслэлтэй, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан “шүүх хуралдаанаас зарим ажиллагааг нэмж явуулахыг прокурорт даалгах үндэслэл, журам”-д хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Мөн прокуророос шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт : “...шаардлагатай тохиолдолд А нарыг гэм буруугийн шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах, мөн магадлагаа гаргасан мөрдөгч Э-г шүүх хуралдаанд оролцуулж, зарим асуудлыг асууж тодруулах” тухай санал гаргасан нь үндэслэлгүйг тэмдэглэж байна. Учир нь, хэрэг нь тусгаарлагдсан яллагдагч этгээдийг шүүх хуралдаанд гэрчээр татан оролцуулах боломжгүй, түүнчлэн хэргийн бодит байдлыг нотлох үүрэг бүхий бөгөөд магадлагаа гаргасан мөрдөгчийг шүүх хуралдаанд оролцуулах үндэслэлгүй болно.
Иймд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд ноцтой зөрчил үүсгэхгүйн тулд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/2691 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Яллагдагч Д.Т-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/2691 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР