Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 670

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Даваахүүд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

ялтан Д.Даваахүү /Цагдан хорих 461 дүгээр ангиас цахим сүлжээгээр оролцов/, түүний өмгөөлөгч Э.Ганбат,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэлмэг даргалж, шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Даваахүү, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.Даваахүүд холбогдох эрүүгийн 201601080163 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Доржжодовын Даваахүү, 1972 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хөнгөн хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 14 дүгээр байрны 54 тоотод оршин суух бүртгэлтэй,

Дархан-Уул аймгийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 12 дугаар сарын 1-нд Баянзүрх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 278 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан, /РД:ТА72101677/,   

          Д.Даваахүү нь ялтай байх хугацаа дуусаагүй байхдаа буюу 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 9 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжид “Бугын хонхор” гэх газарт барилгын ажил гүйцэтгэж байхдаа П.Дорждэрэмийг өглөө босгож ажилд нь гаргах гэснээс болж маргалдаж П.Дорждэрэм түүний нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиход Д.Даваахүү П.Дорждэрэмийн цээжин тус газарт нь 1 удаа хутгалж амь биед нь аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: Д.Даваахүүд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Даваахүүг ялтай байхдаа бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Даваахүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сарын хугацаатай хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Д.Даваахүүд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Д.Даваахүү нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгө байхгүй бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр иштэй хутга болон галын хайч зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Д.Даваахүүд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Д.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Налайх дүүргийн 6 дугаар хороо, Бугын хонхор гэдэг газар барилгын бригадыг ахлан ажиллаж байх үедээ 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өглөө  П.Дорждэрэмийг ажилд гаргах гэж хүмүүс явуулахад унтаад босохгүй болохоор нь өөрөө очиж П.Дорждэрэмийн хөнжлийг сөхөөд “Ажил хүлээгээд хэцүүдлээ хурдан эхлүүлэх хэрэгтэй байна, чи бос” гээд гутлыг нь ойртуулж өгтөл “Чи юу хуцаад байгаа юм, надад ажил заадаг хэн бэ чи” гэж уурлаад, босч ирэнгүүтээ миний шанаа руу 2 удаа цохиод, намайг зууралдах үед үүрээд унагахад нь би боолтонд орсон байсан. Сэргээд босонгуут П.Дорждэрэм хувцасаа өмсчихсөн галын хайч бариад намайг цохих үед би цочирдон балмагдаж өөртөө хяналт тавих чадвараа алдсанаар нэг мэдэхэд түүнийг хутгалчихсан байснаа сүүлд мэдсэн. Би П.Дорждэрэмийг сэрээхдээ элдэв хараалын үг хэрэглээгүй, түүний толгой руу гутал шидээгүй, түүнийг ална гэж заналхийлээгүй зэргийг П.Ганпүрэв болон хамт байсан хүмүүс гэрчилнэ. Би түүнийг санаатай хутгалаагүй, П.Дорждэрэмтэй урьд нь өс хонзон, ямар нэгэн тооцоо, өр авлага, зөрчил байгаагүй. П.Дорждэрэм урьд шөнө согтотлоо архи уусан байсан тул хэрэг болсон өглөөний тухай айж сандраад өөрийгөө зөвтгөх үүднээс миний эсрэг мэдүүлэг өгсөн гэж ойлгож байна. Би цочирдон балмагдсаны улмаас П.Дорждэрэмийг хутгалснаа хүлээн зөвшөөрч, түүнээс уучлалт гуйж байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Ялтан Д.Даваахүүгийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороонд барилгын ажил гүйцэтгэх асуудлаар хохирогч П.Дорждэрэмийг босч ажилдаа гар гэсэн зүй ёсны шаардлагыг Д.Даваахүү удаа дараа тавьсан үед П.Дорждэрэм нь түүний халдашгүй байдал, эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг 3 удаагийн үйлдэл хийсэн нь нотлох баримтаар тогтоогдсон. 1. П.Дорждэрэм босч ирээд Д.Даваахүүгийн нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон. 2. Д.Даваахүүгийн дээлний захаар боож газар унагаж, боох үйлдлийг үргэлжлүүлсэн хийсэн. 3. Галын хайчаар толгой руу цохиод Д.Даваахүү бултаж, дахин цохих гэхэд нь П.Дорждэрэмийг нэг удаа цээжинд нь хутгалсан. Дээрх үйл явдалд эрх зүйн дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлтэй. Д.Даваахүү нь П.Дорждэрэмийн хүч хэрэглэсэн довтолгоо хийх явцад өөрийн эрх чөлөө, эрүүл мэндээ хамгаалахын тулд ойр байсан хутгыг авч нэг удаа хатгасан болохыг гэрч Ганпүрэв/хх-ийн 22/, гэрч Отгонбаатарын мэдүүлгүүдээр нотлогдсон. Д.Даваахүү нь хэдийгээр ялтай байхдаа дээрх үйлдлийг хийсэн боловч аргагүй хамгаалалт хийх эрх нь хязгаарлагдах учиргүй. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйл, 24.1.1, 208 дугаар зүйлүүдийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

                                                              ХЯНАВАЛ:

Д.Даваахүү нь 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 9 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжид “Бугын хонхор” гэх газарт барилгын ажил гүйцэтгэж байхдаа, эрт босож ажилд гарсангүй гэж маргалдан улмаар П.Дорждэрэм нь Д.Даваахүүгийн нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиход Д.Даваахүү нь түүний цээжин тус газарт нь 1 удаа хутгалж амь биед нь аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч П.Дорждэрэмийн: “...2016 оны 4 дүгээр сарын 10-ны өглөө 8-9 цагийн үед би Тэрэлжид ажиллаж байсан газрынхаа амралтын гэрт унтаж байхад Д.Даваахүү ирээд бос гээд дуудаад байсан. ...Би жаахан байж байгаад босно гэж хэлтэл тэр хүн чамайг хүлээгээд бид нар ажлаа алдаад байна гэж хэлэхээр нь би амралтын өдрөөр босохгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь ирээд чамайг бос гэж байна гээд миний хөнжлийг хуу татсан. ...Тэгэхээр нь би хөнжлөө буцааж татаж нөмрөөд зүгээр байгаарай пизда минь гэж хэлээд хэвтээд өгсөн. Тэгсэн миний гутлыг аваад миний толгой руу шидсэн. Би хувцасаа өмсөлгүйгээр уурлан босож иртэл Д.Даваахүү миний урдаас далайгаад хүрээд ирэхээр нь Д.Даваахүүг барьж аваад газар унагаасан. Газар унагаагаад 2 удаа нүүр лүү нь чиглүүлж цохисон. Намайг цохих үед гараараа хаагаад байсан. ...Би Д.Даваахүүг дээлнийх нь захаар боосон. Тэр үед бас миний футболкны захаар намайг боогоод байсан. Тэгээд бид хоёр салаад би гэрийн зүүн талд зогсож байсан чинь Д.Даваахүү ...хаалга руу явж байхдаа буцаж эргэж хараад ширээн дээр байсан хутгыг аваад шууд ирээд миний зүүн гарыг дайруулаад цээжний зүүн талд намайг нэг удаа хутгалсан...Галын хайчаар цохисон зүйл байхгүй.” /хх-ийн 19-20, 57/,

гэрч П.Ганпүрэвийн: “...2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 8 цагийн үед намайг унтаж байхад хамт ажилладаг Наранхүү ах орж ирээд П.Дорждэрэмийг ажилдаа гар гэж хэлсэн. Тэгсэн чинь П.Дорждэрэм шөнөжингөө архи уучихсан болохоор босохгүй байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Хуягаа ах орж бас босгох гээд сэрээж дийлээгүй. Тэрнээс хойш 9-10 цагийн үед манай бригадын дарга Д.Даваахүү орж ирээд П.Дорждэрэмийг дуудсан боловч сэрэхгүй байсан. Тэгэхээр нь Д.Даваахүү “10 цаг болж байна, хамаг ажил хойшлогдчихлоо, хүмүүсийн ажил алдагдаад байна” гэж хэлсэн чинь П.Дорждэрэм “би оройны 10 цагт гараад хийчихнэ, чамаар ажил хийлгэхээ заалгахгүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь Д.Даваахүү “чи юу яриад байгаа юм бэ” гээд хөнжлийг нь сөхөөд “энэ гутлаа өмс” гэж хэлсэн. Тэгтэл П.Дорждэрэм босч ирээд Д.Даваахүү ахыг 2-3 нүүр лүү нь цохиод, боогоод унагаасан. Боож унагахаар нь Отгонбаатар, Оогаа, Дашпүрэв, Боёо, Хуягаа ах бид нар салгасан. Салгачихаад байж байтал П.Дорждэрэм хувцасаа өмсөөд галын хайч барьж аваад Д.Даваахүү ахыг цохисон. Хаашаа нь цохисныг мэдэхгүй байна. Тэгээд цохихоор нь дахиад хүмүүс болиулаад би дөнгөж орноосоо боссон байсан болохоор хувцасаа өмсөөд эргээд хартал П.Дорждэрэм зүүн талын хавиргаа дараад доошоо сууж байсан. Гараараа дарсан газраас нь цус гарч байсан. Тэгснээ Д.Даваахүү ахыг хутгалчихлаа гэж П.Дорждэрэм хэлсэн...” /хх-ийн 23-24/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/196 дугаар дүгнэлтэд: “...Д.Дорждэрэмийн биед цээжний зүүн талд нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндийд шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” /хх-ийн 33/ гэх шинжээчийн дүгнэлт,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5/, эд мөрийн баримтаар хураагдсан хутга болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгасан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, Д.Даваахүүгийн гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл, дэглэм оногдуулсан, мөрдөн байцаалтын болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Ялтан Д.Даваахүү “цочирдон балмагдсаны улмаас хэрэг үйлдсэн”, ялтны өмгөөлөгч өмгөөлөгч Э.Ганбат “Д.Даваахүүгийн үйлдэл нь П.Дорждэрэмийн үйлдлийн эсрэг аргагүй хамгаалалт хийгдсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Ялтан Д.Даваахүү яллагдагчаар өгсөн “П.Дорждэрэм гараараа намайг 2-3 удаа цохисон. Хөмөрч унагаагаад цээжин дээр дараад боосон. Галын хайчаар намайг цохиогүй” /хх-ийн 52/, хохирогч П.Дорждэрэмийн “Д.Даваахүү миний урдаас далайгаад хүрээд ирэхээр нь Д.Даваахүүг барьж аваад газар унагаасан. Газар унагаагаад 2 удаа нүүр лүү нь чиглүүлж цохисон. Намайг цохих үед гараараа хаагаад байсан. ...Би Д.Даваахүүг дээлнийх нь захаар боосон. Тэр үед бас миний футболкны захаар намайг боогоод байсан. Тэгээд бид хоёр салаад би гэрийн зүүн талд зогсож байсан чинь Д.Даваахүү ...хаалга руу явж байхдаа буцаж эргэж хараад ширээн дээр байсан хутгыг аваад шууд ирээд миний зүүн гарыг дайруулаад цээжний зүүн талд намайг нэг удаа хутгалсан. ...Галын хайчаар цохисон зүйл байхгүй.” /хх-ийн 19-20, 57/ гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд Д.Даваахүү, П.Дорждэрэм нар нь хоорондоо маргалдаж П.Дорждэрэм нь Д.Даваахүүг гараараа цохисон, хоорондоо ноцолдсон болох нь тогтоогджээ.

 П.Дорждэрэмийн Д.Даваахүүтэй зодолдсон үйлдэл нь амь биед аюултай довтолгоон гэж шууд дүгнэх боломжгүй бөгөөд П.Дорждэрэм нь энэ үйлдэлдээ Эрүүгийн хуулийн  99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэгдэж мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “хохирогч яллагдагчтай эвлэрсэн” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд Д.Даваахүү нь “П.Дорждэрэмийн цохисон үйлдэл дууссан”-аас хойш хаалга руу эргээд явж байхдаа ширээн дээр байсан хутгыг авч гэрийн зүүн талд зогсож байсан хохирогч П.Дорждэрэмийн цээжин тус газар хутгалсан болох нь тогтоогдож байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан аргагүй хамгаалалт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд ялтан Д.Даваахүү, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Д.Даваахүүг “ялтай байхдаа” бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж ялтан Д.Даваахүүгийн эрх зүйн байдлыг хэт дордуулсан байдлаар гэм бурууг тооцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх заалтад ялтай байдлыг зүйлчлэлд хүндрүүлэх заалт болгон оруулаагүй бөгөөд энэ тохиолдолд Д.Даваахүүгийн ялтай эсэх нь ял шийтгэл оногдуулахад, Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэж болох эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх нөхцөл байдал юм.

Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн  315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн:

1 дэх заалтын: “...ялтай байхдаа...” гэснийг хасч, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан Д.Даваахүү, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                               

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХТУУЛ                                                            ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

                                                                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ