Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 684

 

С.Даваанямд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул даргалж, Ш.Бат-Эрдэнэ, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

ялтан С.Даваанямын өмгөөлөгч Ч.Наранцэцэг, Ж.Хандсүрэн,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч Ч.Наранцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор С.Даваанямд холбогдох 2016 2400 0467 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ончуул овогт Санжмятавын Давааням, 1987 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Нутгийн буян” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 44 дүгээр байрны 48А тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй, /РД:ДИ87122831/;

С.Давааням нь 2016 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 4 цагийн орчим Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг Буянт-Ухаа 1 хорооллын урд талын замд 01-42 УНЯ улсын дугаартай “Sinotruk” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа унадаг дугуйтай зорчигч С.Отгоныг мөргөж амь насыг нь хохироон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх в/ зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан Цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: С.Даваанямд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ончуул овогт Санжмятавын Даваанямыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар Ончуул овогт Санжмятавын Даваанямыг 1 жил 2 сарын /нэг жил хоёр сар/ хугацаагаар хорих ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар түүнд оногдуулсан 1 жил 2 сарын /нэг жил хоёр сар/ хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар С.Даваанямын цагдан хоригдсон 05 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 825661 дугаартай ВС ангиллын жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч С.Даваанямд буцаан олгох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн 1 уут өөх мэт зүйл, ногоон өнгийн хуванцар 9 ширхэг, хар өнгийн хуванцар 5 ширхэг, саарал өнгийн хуванцар 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч С.Даваанямын Хаан банкны 53 2402 3718, 53 2404 1364, Төрийн банкны 2409 0003 0823 тоот дансны зарлагын гүйлгээг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгож, С.Давааням нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, С.Даваанямд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 Ялтны өмгөөлөгч Ч.Наранцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Даваанямд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 1 жил 2 сарын хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэн хорихоос өөр төрлийн ял оногдуулж, тэнсэж хянан харгалзаж өгнө үү. С.Давааням нь үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. С.Давааням нь хэргийн газрыг санаатай орхиж зугтааж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдсан.

С.Давааням нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид талийгаачийн оршуулгын зардалд баримтаар 10.000.000 төгрөг, өмгөөлөгчийн болон бусад зардалд баримтгүй 5.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пүрэвхүү, түүний өмгөөлөгч Б.Уранцэцэг нар “гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй, С.Даваанямд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэж бичсэн хүсэлтээ албан ёсоор ирүүлсэн байгаа.С.Давааням нь бага насны 2 хүүхэдтэй бөгөөд эхнэр нь ажилгүй эрхэлдэггүй. С.Даваанямын бага хүүхэд болох Аззаяа нь 1 ой 11 сартай бөгөөд С.Даваанямын хэрэг анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байх үед ханиад хүрч, тархинд нь гэмтэл учирсны улмаас татаж унадаг өвчтэй болсон талаарх эмнэлгийн магадлагааг хавтаст хэрэгт нэмж өгье. С.Даваанямын хувийн байдал, хохирол төлбөрөө барагдуулсан, хохирогч гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэв.

Ялтан С.Даваасүрэнгийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт би давж заалдах шатны шүүх хуралдаанд нэмэлт өмгөөлөгчөөр оролцож байна. С.Даваанямд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн хэрэг Буянт-Ухаагийн замд гарсан. Ослын улмаас хүний амь нас хохирсонд С.Давааням гэм буруугүй нь тогтоогдсон бөгөөд зөвхөн хэргийн газрыг орхиж зугтаасан нь түүний буруу юм. Энэ буруугаа С.Давааням ойлгож, гэмшиж байгаа. Оршуулгын зардлыг хуулиар гэм буруугүй этгээд төлөх ёсгүй байдаг ч С.Давааням нь хохирогчид баримттай 10.000.000 төгрөг, баримтгүй 5.000.000 төгрөг төлсөн. Хохирогч тал гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэдэг хүсэлтийг хавтаст хэрэгт бичгээр өгсөн. С.Давааням 2 бага насны хүүхэдтэй, түүний эцэг эх өндөр настай, тэрээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм хорын хохирлоо арилгасан, өөрөө маш их гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг баримтлан тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэргийг анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагад хангаагүй байна.

Учир нь, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалт зөрчсөн хохирогч С.Отгон, шүүгдэгч С.Давааням нарын чухам хэнийх нь гэм буруугаас зам тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын … журам зөрчсөн нь Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Техникийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 396 дугаар дүгнэлтээр бүрэн тогтоогдоогүй байна. Тухайлбал, жолооч С.Даваанямын гэм буруутай эсэхэд шинжээчийн дүгнэлтээр бүрэн дүүрэн хариу аваагүй байхад түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Тээврийн прокурорын газрын 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 13 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Энэхүү нөхцөл байдал нь  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан хэсгийн бүх шаардлагыг хангаагүй тул мөрдөн байцаалтын шатанд бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт гаргуулах шаардлагатай.

Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж, шүүгдэгч С.Даваанямд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Наранцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг энэ удаа хянан хэлэлцэхгүй орхисныг дурдах нь зүйтэй.