Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 687

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Базаррагчаад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Р.Батнасан,

Ялтан Х.Базаррагчаа /цахим сүлжээгээ/, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулж,

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Х.Идэр, Ү.Түмэнжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Х.Базаррагчаа, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, хохирогч П.Батчулуун нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Базаррагчаад холбогдох 201525022682 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Хүрэлбаатарын Базаррагчаа, 1980 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байрны цагдаа ажилтай, цагдаагийн ахлах, ахлагч цолтой, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 75-128 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЧЕ80102970/,

 

Х.Базаррагчаа нь 2015 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байрны гадна иргэн П.Батчулууныг тамхины иш өөдөөс шидлээ гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж унагаан бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Х.Базаррагчаагийн үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Базаррагчааг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6, 52.10 дахь хэсэгт зааснаар Х.Базаррагчаагийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хэрэгт хавсаргаж, Х.Базаррагчаа нь цагдан хоригдсон хоноггүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Х.Базаррагчаагаас 2.224.580 төгрөг гаргуулан хохирогч П.Батчулуунд олгож, нэхэмжлэлээс 2.434.420 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, охин Б.Уянгын өвчтэй хүн асарсан хугацааны цалин болон цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Х.Базаррагчаад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Х.Базаррагчаа гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байрны цагдаагаар ажиллаж байхдаа буюу 2015 оны 12 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс дуудлагаар авсан 5 иргэнийг саатуулах байранд оруулах гэж байх үед иргэн П.Батчулуун нь агсам тавьж, өөдөөс татаж байсан тамхины ишээ нүүр лүү шидэхэд нь би зөрүүлж өчин хойш нь унагасан юм. Энэ үед Батчулуун нь босохгүй хэвтэж байгаад 5 минутын дараа өөрөө босож саатуулах байр руу орсон. Агсам тавиад эмчид огт үзүүлээгүй тул гутал, цамцыг нь тайлж камерт хийсэн. Камерт 2 цаг орчим агсам тавьж орилж байгаад унтсан. Өглөө 5 цагт хөдлөхгүй болохоор нь 103 дуудаж үзүүлэн, Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Батчулууныг цохиогүй, тамхины иш нүүр рүү шидэхэд нь зүүн мөр рүү нь түлхсэн. Батчулууны эхнэр анх гэрт нь очиж уулзахад урьд нь гэмтэлтэй байсан талаар дуудлагаар очсон цагдаад хэлж байсныг цуг очсон Өнөрнасан бид хоёрт хэлж байсан. Гэмтлийн эмнэлгийг анхны томограф зурагт хуучин гэмтэлтэй талаар тусгасан байсан. Батчулуун нь байнгын ар гэртээ агсам тавьж, хүчирхийллийн судалгаанд байдаг. Анхны шинжээчийн дүгнэлтээр нүүрэн тус газар болон дух, зүүн чамархайд гэмтэлтэй гэсэн. Би нүүрэнд нь огт цохиогүй. Мөрдөн байцаагч ахмад Л.Энхзаяа нь хэтэрхий нэг талыг барьж шалгасан. Тухайн үед цуг эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс нэг ч тайлбар аваагүй. Мөн камерийн бичлэгийг бүрэн хуулж аваагүй. Камерт хүнд цохиулж, унаж толгойгоороо камер мөргөж байгаа талаар бичлэг нь байна гэж хэлсээр байхад бичлэгийг хуулж аваагүй. Гэмтлийг өмнө нь авсан байж болох талаар шинжээч эмч дүгнэлтдээ тусгасан байхад шүүхээс нарийвчлан шалгахыг даалгаагүй...” гэжээ.

 

Ялтан Х.Базаррагчаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо дэмжиж байна, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 

Хохирогч П.Батчулуун гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2015 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд хүргэгдэн очоод албан үүргээ гүйцэтгэж байсан Х.Базаррагчаа нь намайг хүчтэй цохиж унаган надад тархи, нугасны гэмтэл санаатай учруулснаас хүнд гэмтэл авч Гэмтлийн эмнэлэгт 9 хоног ухаангүй байж байгаад тархины хагалгаанд орж сайн эмч нарын хүчээр хагалгаа маань амжилттай болсон. Одоогоор хөдөлмөрийн чадвараа алдаж, байнгын эмчилгээ шаардлагатай унаж, татдаг нэгэн болж амьдарч байна. Үүнээс хойш 3 удаа эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн боловч биеийн байдал маань муу, үг хэлж чадахгүй ээрч, муурч, гацаж мөн толгой байнга өвддөг. Цаашид яс нөхөх хагалгаанд орох шаардлагатай байгаа. Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд Х.Базаррагчаа нь нэг ч удаа ирж уулзаагүй. Мөн намайг Гэмтлийн эмнэлэг хүргэж өгөхдөө ар гэр, гэрийн хаяг, ажлын газар хаана ч мэдүүлээгүй хаясанд иргэн хүний хувьд маш их гомдолтой байна. Ар гэрийнхэн маань эрж явж байж 3 дугаар давхараас ухаангүй байхад нь олж авсан. Үүнээс хойш үргэлж эмнэлгээр үйлчлүүлэн амьд байх эсэх нь тодорхойгүй нэгэн боллоо. Өдөр болгон толгой тархины эм, тариа байнга хэрэглэж байна. Эмчилгээний зардал бүрэн төлж дуусаагүй юм. Эрүүл мэнд, сэтгэл санаа, ажил хөдөлмөр, амьдрал ахуйгаараа хохирсонд маш их гомдолтой байна. Иймд эмчилгээний зардал мөнгийг олгож өгнө үү...” гэжээ.  

 

Ялтан Х.Базаррагчаагийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт шүүгдэгчийн гэм бурууг нотолсон гол нотлох баримтаар 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрны гадна камерийн бичлэгийг авсан байх бөгөөд уг камерийн бичлэгт 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-28/ нь дангаараа нотлох баримт болохгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.2 дахь хэсэгт бие махбодид учирсан гэмтлийн зэрэг, шинж байдлыг тогтооход шинжилгээ заавал хийлгэхээр заасан бөгөөд энэ ойлголтод Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр гарч буй гэмтлийн зэргээс гадна уг гэмтэл учирсан байж болох шалтгаан нөхцлийг тогтооход зайлшгүй ач холбогдол бүхий камерийн бичлэгийг шинжилгээний байгууллага буюу Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний төвийн шинжээч техник хэрэгсэл ашиглан шинжилгээ хийж үндэслэл бүхий дүгнэлтээр хэрэгт ач холбогдолтой шинж байдал, нөхцлийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар тогтоох ёстой. Энгийн нүдээр харж тэмдэглэл үйлдсэн нь хэрэгт авагдсан байх боловч уг хэрэгт хохирогч П.Батчулууныг цохисон, эсвэл түлхсэн талаар шууд харсан гэрч байхгүй /ийм мэдүүлэг хэрэгт авагдаагүй/ бөгөөд жинхэнэ бодит байдлыг уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэгийг үндэслэн тогтоохоос өөр аргагүй тул энэ байдлыг тогтооход энгийн нүдээр харсан байдал нь ялтны гэм бурууг нотлох эргэлзээгүй нотлох баримт болохгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг техник хэрэгсэл ашиглан нарийвчилсан байдлаар нотлох шаардлагатай байсныг анхан шатны шүүх орхигдуулсан. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг шинжлэн судлахад эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх хуулийн заалтыг баримтлаагүй зөрчсөн буюу орхисон, мөн хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.2 дахь хэсэгт заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхааран үзэлгүй орхигдуулсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзнэ. Дээрх нөхцөл байдлыг анхааран үзэлгүй орхигдуулснаас шалтгаалан анхан шатны шүүхээс хийсэн ялтны гэм буруугийн талаарх дүгнэлтүүд эргэлзээтэй болох шууд нөхцөл бүрдсэн байна. Тухайлбал, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 406 тоот дүгнэлтэд дурдсан Батчулууны биед учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн эсэхэд шууд эргэлзээ бий болсон буюу шүүгдэгч Х.Базаррагчаагийн түлхсэн эсвэл цохисон үйлдлээс болж үүссэн, унах үед үүссэнээс гадна хэрэг учрал болохоос өмнө бий болсон гэмтлүүд байж болох нотлох баримтыг орхигдуулсан. П.Батчулууны биед 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хийсэн томографын зурагт гаргасан оношоор ...хамар болон зүүн нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай... гэж оношилсон нь ноцтой эргэлзээ бий болгож 406 тоот дүгнэлтэд “...хамар яс, зүүн ухархайн дотор хананы хугарал” гэмтэл тусгагдсан, үүнийг 940 тоот дүгнэлтийн 5 гэмтэл учирсан цаг хугацаа нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхэд шууд эргэлзээ бий болгож байна. Мөн шинжээч эмч Б.Ариунзул шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт “...биеийн олон хэсэгт хүч үйлчилсэн гэмтлүүд байсан учир 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэж үзсэн.” гэж шууд дүгнэлт өгөхөд хүндрэлтэй мэдүүлэг өгсөн байна. Олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлийг шүүгдэгч дангаараа учруулсан эсэхэд шууд эргэлзээ бий болох хангалттай үндэслэл үүссэн, үүнийг нарийвчлан тогтоох шаардлагатай, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзнэ. Анхан шатны шүүх энэ тохиолдолд хуучин болон шинэ гэмтлүүдийн ялгааг заавал тогтоолгох шаардлагатай. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан нотолбол зохих “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ” нотлогдоогүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт заасан үндэслэл үүссэн гэж үзнэ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Базаррагчаа болон хууль сануулан мэдүүлэг өгсөн гэрч Э.Пүрэвбаатар нар мэдүүлэхдээ “Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс бичлэг авсан байсан. Бичлэг авснаас хойш арваад хоногийн дараа бид нар бичлэгийг үзэхэд П.Батчулуун төмөр хаалга мөргөөд арагшаа савж унаж байгаа бичлэг бичигдсэн байсан.” гэж мэдүүсэн бөгөөд хууль сануулан авсан гэрчийн мэдүүлэгт хэрэгт онц ач холбогдол бүхий нөхцөл байдал дурдагдаж байгаагийн эсрэг анхан шатны шүүх дүгнэхдээ “Хэрвээ түүний хүсэлтийг мөрдөн байцаагч хүлээж аваагүй бол прокурорт хүсэлтээ гаргах боломжтой байсан боловч гаргаагүй, өмгөөлөгч удаа, дараа хүсэлт гаргахдаа энэ талаар дурдаагүй байна.” гэж дүгнэсэн нь эрүүгийн байцаан шийтгэх ажилгааны аль ч шатанд /үүнд шүүхийн шүүн таслах ажиллагаа мөн хамаарна./ хүсэлт гомдол гаргах эрх нь яллагдагч, шүүгдэгчийн хувьд нээлттэй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.7 дахь хэсэгт заасан яллагдагчийн эрхийг анхан шатны шүүх хангаагүй, зөрчсөн гэж үзнэ. Шүүгдэгчийн уг эрхийг хангаагүйгээс улбаалж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалт мөн л хангагдалгүй орхигдсон байна. Яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдож, эх сурвалж нь шууд тодорхой байгаа нөхцөлд энэ байдлыг заавал шалгаж тогтоох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.1.3, 80.1.4, 80.1.5 дахь заалтуудыг хангах онц чухал ач холбогдолтой үйл баримт бөгөөд мөрдөн байцаалтын шатанд эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэг бүрэн гүйцэд эсэхэд ноцтой эргэлзээ бий болж, мөрдөн байцаагчийн үйл ажиллагаанд хууль зөрчигдсөн эсэхийг албаны шалгалтаар тогтоох шаардлага үүсэхээс гадна гомдлын эхний хэсэгт дурдсан криминалистикийн шинжилгээг заавал хийлгэх шаардлага зайлшгүй бий болсныг шүүх орхигдуулсан. Уг үйл баримт, бодит байдалтай уялдаж /шалтгаант холбоотойгоор/ шүүгдэгчийн гэм бурууд ноцтой эргэлзээ бий болж болзошгүй буюу мөрдөн байцаалтаар заавал шалган тогтоож, мухарлавал зохих ноцтой эргэлзээ үндэслэл бий болж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.2 дахь хэсэгт заасан үндэслэл үүссэн гэж үзнэ.

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн гомдолд дурдсан үндэслэлүүдийг шалган тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Прокурор Р.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Саатуулах байрны цагдаа Э.Пүрэвбаатар, Өнөрнасан нар анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн асуудлуудыг мөрдөн байцаалтын шатанд огт ярьж байгаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч болон гэрч нар “хэрэг гарсанаас хойш 10 хоногийн дараа камерийн бичлэгийг үзэхэд хохирогч П.Батчулуун нь өөрөө камерийн хаалгыг мөргөөд унаж байгаа юм шиг байсан” гэж мэдүүлсэн. Гэтэл Э.Пүрэвбаатар, Өнөрнасан нарыг хэрэг гарсанаас хойш 15 орчим хоногийн дараа буюу камерийн бичлэг үзсэнээс хойш байцаахад хохирогчийн бусдад зодуулсан, камерийн хаалга мөргөж унасан зэргийг огт хэлээгүй тул гэрч нарын анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлэг нь хөдөлбөргүй үнэн гэж үзэхэд эргэлзээ төрж байна. Шинжээчийн 406 дугаар тогтоолоор хохирогч П.Батчулууны биед тогтоогдсон гэмтлийн аль нь хуучин, аль нь шинэ болохыг тогтоосон байдаг. Анхан шатны шүүх шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу дахин шинжээч томилоход “406 дугаар шинжээчийн дүгнэлтэд заагдсан гэмтэлүүд нь хуучин гэмтэлүүд. Хүнд зэргийн гэмтэлтэй ямар нэг холбоогүй” гэх дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч эмч “хуучин гэмтэлээс шалтгаалаад хүнд зэргийн гэмтэл учрах боломжгүй” гэж мэдүүлсэн байдаг. Мөн шинжээч эмчээс “нүүрний баруун, зүүн талд хүч үйлчилсэн тохиолдолд эдгээр гэмтэлүүд учирах боломжтой юу?” гэж асуухад “учирсан гэмтлийн байдлаас харахад нүүрний зүүн талд хүч үйлчилсэнээс уг гэмтэл үүсэх боломжтой. Уг гэмтэлийг цохиулсанаас болж үүссэн үү эсхүл савж унасанаас болж үүссэн үү гэдгийг тогтоох боломжгүй” гэж хариулсан. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг шалгаад хэргийг харъялалын дагуу шилжүүлэхэд камерийн бичлэг анх хуулж авсан байдлаараа хавсрагдаж ирсэн. Өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн өөрийн үйлчлүүлэгчийн ярьж байгаагаар тайлбарлаад байна. Мөрдөн байцаагчид Х.Базаррагчаагийн эрх зүйн байдлыг дордуулах шаардлага байхгүй. Гэрч болон шүүгдэгч нарын мэдүүлэгт дурдагдсан “хохирогч саатуулах байрны хаалгыг мөргөж унасан, камерт байхдаа хамт байгаа хүмүүстэй маргалдаж зодуулсан” асуудал мөрдөн байцаалтын шатанд огт яригдаж байгаагүй. Хэрэг прокурорын хяналтад ирэхэд хохирогч тал “хохирлын мөнгийг хангалттай өгчихвөл гомдол саналгүй” гэж ярьж байсан. Мөн Х.Базаррагчаа болон түүний өмгөөлөгч камерийн бичлэг бүрэн бус байна гэх гомдлыг огт гаргаж байгаагүй. Жижүүрийн цагдаа, гэрч Ганболд “Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст П.Батчулууныг хүлээж аваад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүргэх хугацаанд хэн нэгэнтэй маргалдаж, зодолдсон зүйлгүй” гэж мэдүүлсэн. Мөн гэрч Өнөрнасан, Э.Пүрэвбаатар нар “саатуулах байранд орж ирсэнээс нь хойш П.Батчулууныг хэн нэгэн цохиж, зодоогүй” гэж мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэр П.Батчулуун саатуулах байранд орсоноос хойш ямар нэг зодоон болоогүй гэж хэлсэн байдаг. Мөн давж заалдах гомдолд хохирогч нартай нэг өрөөнд эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс мэдүүлэг аваагүй гэсэн байна. Мөрдөн байцаалтын шатанд хамт эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс тодорхой хэмжээнд мэдүүлэг аваад. Үүнээс гадна саатуулах байрны хэвийн үйл ажиллагаанд хяналт тавьж байсан цагдаа нараас мэдүүлэг авсан боловч гэрч нар анхан шатны шүүх хуралдаанд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлж, давж заалдах шатны шүүхэд тайлбар гаргасан байна. Өмгөөлөгч “кримналисткын шинжээч томилж Х.Базаррагчаа нь хохирогчийг түлхсэн үү, эсхүл цохисон уу гэдгийг тогтоох хэрэгтэй” гэж байна. Кримналистакийн шинжилгээ хийлгэхэд тухайн бичлэгийг тусгай багаж хэрэгсэлээр шалгахгүй бидэнтэй л адил энгийн нүдээр харна. Бичлэгийг шалгадаг тусгай техник хэрэгсэл байхгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус бүхэлд нь хянаж үзлээ.

 

Х.Базаррагчаад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэт хийгээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангагдаагүй байна.

 

Шүүх хэргийн талаар дүгнэлт хийхдээ уг дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг анхааран үзэлгүй орхигдуулсан, хэрэгт онцгой ач холбогдол бүхий гэрчийн мэдүүлэг, камерийн бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл нэг бүрийг хэргийн бусад нотлох баримттай нарийвчлан харьцуулан зөрүүтэй байгаа эсэхийг нягтлан хянаж, улмаар хэргийн нөхцөл байдлаас зөрүүтэй мэдүүлэг ямар нотлох баримтаар няцаагдаж байгаа талаар тодорхой эх сурвалж болох баримтыг шийтгэх тогтоолдоо заагаагүй байна.  Тухайлбал:

 

            1. Гэрч Э.Пүрэвбаатарын “...жолооч цагдаа ахлах ахлагч Б.Өнөрнасан, ахлах ахлагч Х.Базаррагчаа нар албаны 30-21 дугаарын “Фургон” машинтай 23 цаг өнгөрч байхад эрүүлжүүлэх 5 хүнтэй ирсэн бөгөөд 4 хүнийг нь саатуулах байр луу оруулж ирсэн ба “нэг хүнийг яасан” гэж асуухад Базаррагчаа “урдаас тамхины иш шидэхээр нь түлхэсэн чинь хэвтчихээд босож ирэхгүй байна” гэсэн. ...Тэгээд тэр сүүлд орж ирсэн хүнийг “драгир үлээчих” гэсэн чинь “үлээхгүй наадахыг чинь үлээхгүй” гэж хэлээд орилоод байсан бөгөөд саатуулах байрны эмч тэр хүний даралтыг үзэх гэтэл мөн л эсэргүйцээд даралтаа үзүүлэхгүй байсан. ...Саатуулах байранд орж ирсэнээс хойш Батчулууныг хэн нэгэн цохиж зодоогүй...” /1-р хх-ийн 90-92/, мөн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд “…Би тухайн үед камерийн хяналтын цагдаагаар ажиллаж байсан. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсний дараа камерийн бичлэгийг шүүж үзэхэд Батчулуун нь хүний нөмөрч байсан адейлыг авахад нөгөө хүн нь цээжин тус газар нь цохиж байгаа харагдсан. Шөнө 02 цагийн үед эмч Нарандэлгэр “Батчулууныг үзье, хувцасыг нь өмсгөөд гаргаад ир” гэхээр нь хувцас солих өрөөний хаалгыг онгойлгочихоод эргээд харахад Батчулуун газар унасан байхаар нь босгох гэтэл “босохгүй, үзүүлэхгүй” гээд байсан. Тэгээд сүүлд камерийн бичлэг үзэхэд Батчулуун нь явж байхдаа нааранд тээглээд камерийн төмөр торон хаалга мөргөөд хойшоогоо унасан байсан. …камерын бичлэгийг 2 долоо хоногийн дараа үзсэн… ” гэж тус тус мэдүүлсэн байна.

 

          Дээрх мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэж үзвэл гэрч Э.Пүрэвбаатар мөрдөн байцаалтын шатанд “Саатуулах байранд орж ирсэнээс хойш Батчулууныг хэн нэгэн цохиж зодоогүй” гэж мэдүүлсэн атлаа анхан шатны шүүх хуралдаанд “Батчулуун нь хүний нөмөрч байсан адейлыг авахад нөгөө хүн нь цээжин тус газар нь цохиж байгаа харагдсан. …Тэгээд сүүлд камерийн бичлэг үзэхэд Батчулуун нь явж байхдаа нааранд тээглээд камерийн төмөр торон хаалга мөргөөд хойшоогоо унасан байсан” гэх мэт харилцан зөрүүтэй мэдүүлэг өгсөн бөгөөд дээрх мэдүүлгийн аль мэдүүлэг үнэн зөв болохыг лавлан тодруулж, чухам ямар шалтгааны улмаас зөрүүтэй мэдүүлэг өгсөн болохыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан бүхий л арга хэрэгслийг ашиглан тогтоож, тэдгээрийн зөрүүг арилгах, мөн Э.Пүрэвбаатарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйл, 255 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэхийг мөрдөн байцаалтын шатанд тодруулах шаардлагатай.

 

2. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байрны өрөөнд /камерт/ П.Батчулууныг оруулснаас хойш гарах хүртэлх хяналтын камерийн бичлэгийг бүрэн шалгаж, үзлэг хийн бэхжүүлж хэрэгт хавсаргах.

 

            3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Иргэний хариуцагчаар насанд хүрээгүй яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг татан оролцуулж болно.” гэж хуульчилсан бөгөөд Х.Базаррагчаа нь ажил үүргээ гүйцэтгэх явцад дээрх гэмт хэрэгт холбогдсон байх тул Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийг уг хэрэгт иргэний хариуцагчаар татаж, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах эсэхийг тогтоох нь зүйтэй.

           

            4. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Э.Пүрэвбаатарын өгсөн мэдүүлэгт “камерийн бичлэгийг шүүж үзэхэд П.Батчулуун нь хүний нөмөрч байсан адейлыг авахад нөгөө хүн нь цээжин тус газар нь цохиж байгаа харагдсан” гэсэн байх бөгөөд мэдүүлэгт дурдагдсан этгээд хэн болохыг тогтоож, уг этгээдийн цохилтоос болж хохирогчид гэмтэл учирсан эсэхийг шалгаж тодруулах.

 

Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулж, бусад шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа Х.Базаррагчаагийн гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул давж заалдах шатны шүүх ялтан Х.Базаррагчаа, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан “хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь үндэслэлтэй гэж үзэв.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ магадлалд заасан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Үүнээс гадна анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6, 52.10-д зааснаар Х.Базаррагчаагийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэж Эрүүгийн хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул цаашид онцгойлон анхаарвал зохино.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: