Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 020

 

О.Амарбаясгаланд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2016/0158/Э/

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч З.Хосбаяр, шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

           Ялтан: О.Амарбаясгалан,

Ялтны өмгөөлөгч: Г.Баярдаваа,  

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолтой ялтан О.Амарбаясгаланд холбогдох 201622000157 дугаартай эрүүгийн хэргийг ялтны давж заалдах гомдлыг үндэслэн  2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 21-нд төрсөн, 28 настай, эрэгтэй, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Бөхчүүд овогт Осоржингийн Амарбаясгалан /Регистрийн дугаар РЕ88072198/.

О.Амарбаясгалан нь 2015 оны 07 дугаар сард Жаргалант сумын 5 дугаар баг, Элсэн тасархай гэх газар иргэн Ц.Нарангэрэлийн гэрт тотгоор нь нэвтрэн орж 42 инчийн LG маркийн зурагт, тоон системийн станц, үсний индүү зэрэг эд зүйл хулгайлан авч 955000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 07-ны хооронд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт  холбогджээ.

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Бөхчүүд овогт Осоржингийн Амарбаясгаланг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн, яллагдагч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч О.Амарбаясгаланг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар шүүгдэгч О.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялд багтааж түүний биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын  хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч О.Амарбаясгаланд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч О.Амарбаясгалангийн цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч О.Амарбаясгалангаас 955000 /есөн зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Нарангэрэлд олгож, Эрүүгийн 201622000157 дугаар хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч О.Амарбаясгаланд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэжээ.

 

Ялтан О.Амарбаясгалан давж заалдах гомдолдоо: ... Би 2015 онд иргэн Нарангэрэлийн гэрээс эд зүйлс авч 955.000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ хохирлыг би өөрөө төлж хохиролгүй болгоно. Би мөрдөн байцаалтын шатанд байхдаа ахмад Шижирээс хувийн шалтгаанаар 7 хоногийн чөлөө авч Жаргал суманд суух эгч дүү нар дээрээ очиж байж байгаад чөлөөний хугацааг 7 хоногоор хэтрүүлж өөрийн буруугаас болж Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар шийтгүүлсэн. Надад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргох ямар нэгэн санаа зорилго байгаагүй ба ахмад Шижирийн итгэл найдварыг алдаж чөлөөний хугацаа хэтрүүлсэн. Иймд миний ар гэрийн байдал болон хувийн байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг өөр төрлийн хөнгөн ялаар сольж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

О.Амарбаясгалан нь 2015 оны 07 дугаар сард Жаргалант сумын 5 дугаар баг, Элсэн тасархай гэх газар иргэн Ц.Нарангэрэлийн гэрт тотгоор нь нэвтрэн орж 42 инчийн LG маркийн зурагт, тоон системийн станц, үсний индүү зэрэг эд зүйл хулгайлж,   955000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан  нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

О.Амарбаясгалан нь бусдын эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан боловч уг хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн тул түүний үйлдлийг  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилсэн нь зөв байна.

Харин О.Амарбаясгаланг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийн 4-р зүйлд заасан “Гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” зарчим, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй” байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Учир нь мөрдөн байцаагч нь  О.Амарбаясгаланг 2016 оны  03 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор сэжигтнээр тооцож, сэжигтэн байцаасан тэмдэглэл, 5-р сарын 26-ны өдрийн тогтоолоор яллагдагчаар татаж, яллагдагчийг байцаасан тэмдэглэл үйлдэж, дээрх тэмдэглэлүүдэд О.Амарбаясгалангийн байнга оршин суух хаягийг  “Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг Тосон гэдэг газарт оршин суудаг” гэж тэмдэглэсэн байх ба яллагдагч дээрх хаягтаа байсан нь гэрч Ц.Амартүвшин, Л.Түвшинбаяр, Ц.Ундрахжаргал нарын мэдүүлэг /хх-ийн 71-75-р хуудас/-ээр нотлогджээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.5.1-д зааснаар яллагдагч нь “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхээс дуудсан цагт хүрэлцэн ирэх” үүрэг хүлээх бөгөөд ийнхүү дуудахад нь О.Амарбаясгалан ирээгүйг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн  хууль журмын дагуу дуудсан зарлан дуудах хуудас, цахилгаан, түүнийг хүргүүлсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул  байнга оршин суух хаягтаа байсан О.Амарбаясгаланг “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн” гэж  үзэх үндэслэлгүй байна.

Хэрэгт дээр дурдсан баримтууд авагдаж, яллагдагч дуудсан цагт ирээгүй  тохиолдолд батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол,  оргодол эрэн сурвалжлах тухай баримт, мөрдөн байцаалт явуулах хугацааг сунгах тогтоол, гэрчийн мэдүүлэг нь яллагдагч  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн эсэхийг нотлох ач холбогдол бүхий баримт болох бөгөөд ийм  баримтгүй тохиолдолд эдгээр нь дангаараа Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг нотлохгүй.

Анхан шатны шүүхийн О.Амарбаясгаланг  “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн” гэсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул ялтны давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн О.Амарбаясгалангийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.1, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай.Үүнд:

а/ Шийтгэх тогтоолын 1 дэх заалтын “, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн, яллагдагч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн” гэсэн хэсэг,  3, 4 дэх  заалтыг тус тус хүчингүй болгосугай.

б/ Шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч О.Амарбаясгаланг эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

в/ Шийтгэх тогтоолын 5, 6, 7, 8, 9 дэх заалтын дугаарыг 3, 4, 5, 6, 7 болгон өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Ялтан О.Амарбаясгалангийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

4. Давж заалдах шатны шүүх хэргийг  хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАЯРХҮҮ

 ШҮҮГЧИД                                                   З.ХОСБАЯР

                                                                  Б.СОСОРБАРАМ