Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 685

 

 

 

 

 

 

Я.Баярбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул даргалж, шүүгч Д.Гансүх, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Прокурор Б.Отгончимэг,

          Ялтан Я.Баярбаатарын өмгөөлөгч Э.Ганбат,

          Хохирогч С.Гантулгын өмгөөлөгч Г.Хандсүрэн,

          Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

         

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Я.Баярбаатар, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Я.Баярбаатарт холбогдох эрүүгийн 2016 2601 0660 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Моломдагва овгийн Янжингийн Баярбаатар, 1974 оны 7 дугаар сарын 9-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны яргайтын 33 дугаар гудамжны 593 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 26 дугаар байрны 293 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ШЖ74070913/,

 

Я.Баярбаатар нь 2016 оны 2 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны 4 дүгээр орцны гадаа “эхнэр Х.Баасансүрэнг зодсон байна” гэсэн шалтгааны улмаас тус орцны жижүүрээр ажиллаж байсан С.Гантулгын цээжин тус газарт өшиглөх зэргээр зодож бие махбодид нь зүүн 6 дугаар хавирга ясны хугарал, зүүн уушигны бүрэн бус авчилт, цээжний зүүн хөндийд хий хуралдалт, арьсан доорх хий хуралдалт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Я.Баярбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Я.Баярбаатар нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Я.Баярбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Я.Баярбаатарын цагдан хоригдсон 12 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Я.Баярбаатар нь бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

           

            Ялтан Я.Баярбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие хохирогч С.Гантулгын биед хүнд гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна. Гэхдээ уг гэмтлийг учруулахдаа шууд санаа зорилго агуулаагүй. Түүнийг барьж авч ярилцах гэх үед бид 2 орцны үүдэнд байсан модон сандал руу давхралдаж унахад цээжний зүүн хэсгээр сандлын урд үзүүр хэсэгт сандлын үзүүр ирмэгт мөргөлдөж учирсан байх үндэстэй юм. Шүүх 1 хавирганы хугарал бүхий гэмтлийг өшиглөж учруулсан нь гэж үзсэн нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хохирогч С.Гантулга нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ давхралдаж сандлын үзүүрт унасан тухайгаа хэлсэн. Мөн шинжээч эмч Ганболд “хязгаарлагдмал гадаргуутай, цээжний гадаргуугаас бага зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хугарна. Сандлын өнцөг, булан дээр унахгүй бол өөр байдлаар унахад үүсэхгүй” гэсэн. Шинжээч эмч Мөнхбат “сандал дээр давхралдаж хүчтэй унахад үүсэх боломжтой” гэж мэдүүлсэн. Хэргийн газрын нөхөн үзлэгээр сандалд үзлэг хийж, үзүүр буланд унахад нэг хавирга хугарч болох, үгүй эсэхийг туршилт хийж нягтлан шалгаагүй болно.  Миний бие С.Гантулгын биед учирсан гэмтлийн эмчилгээний болон бусад зардлыг бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт ял шийтгүүлсэн. Иймд хэргийг үнэн зөв, үндэслэлтэй нягтлан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

            Ялтан Я.Баярбаатарын өмгөөлөгч Э.Ганбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

            1. Я.Баярбаатарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд биш хийгдсэн гэж үзэж байна. Хохирогч С.Гантулга мөрдөн байцаалтын шатанд “орцны гаднах сандлын түшлэг дээр дараад унагаасан” гэж мэдүүлсэн байхад хэргийн газрын нөхөн үзлэг хийхдээ уг сандалд үзлэг хийж түүний бүтэц, урт, өндөр гэх мэт гэмтэл учруулах боломж байгаа, үгүй эсэхийг тогтооход ач холбогдол бүхий зүйлийг бэхжүүлж аваагүй, зөвхөн Фото зураг л авсан. Мөн хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэлд үг, үсэг, тоо дарсан байх боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу засвар хийгээгүй тул тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй болсон.

            2. Дээрх зөрчилтэй холбоотойгоор давхарлаж унасан гэх сандлын талаар унахад нэг л хавирга хугарч болох байсан эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй болсон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргахад хүргэсэн. Яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх бүх талыг бодитой шалгаж үнэлэх заалт зөрчигдсөн. Шүүгдэгч, хохирогч хоёрын мэдүүлгийг газар дээр нь шалгах, орцны өмнөх сандалд үзлэг хийх ажиллагаа заавал хийсний эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг нотлоогүй гэж үзэж байна.

            3. Шүүх ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл, хохирогч, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг оновчтой оногдуулаагүй гэж үзэж байна. Я.Баярбаатар хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, анх удаа хорих ял шийтгэгдэх гэмт хэрэгт холбогдсон зэрэг нь ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгааг анхаарч үзнэ үү...” гэв.

           

Хохирогч С.Гантулгын өмгөөлөгч Г.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтан Я.Баярбаатар нь сайн дурын үндсэн дээр гэм хорын хохиролд хохирогч С.Гантулгад 2.000.000 төгрөг өгсөн. Үүнээс үзэхэд Я.Баярбаатар нь гэм буруугаа хүлээж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн гэж ойлгож байна. Миний үйлчлүүлэгч С.Гантулга нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлдэг. Иймд давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэхэд хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс татгалзах зүйлгүй...” гэв.

 

Прокурор Б.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт зааснаар ялтан Я.Баярбаатар, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...”, 284.2 “...Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ...”, “...Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Я.Баярбаатарт холбогдох хэргийн Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл хөтөлсөн хүний нэр, мөн хурлаас гарсан шүүхийн тогтоолд дурдагдсан шүүх хуралдааны нарийн бичгийн даргын нэр өөр хоорондоо зөрүүтэй байгаа нь шийтгэх тогтоол хуулийн шаардлагыг хангаагүйгээс гадна шүүх хуралдааны тэмдэглэл нь нотлох баримтын эх сурвалж байх чадвар алдагдсан байна гэж үзлээ.

 

Мөн хохирогч С.Ганхуягийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт зааснаар өмгөөлүүлэх эрхээр заавал хангах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэе.

 

Анхан шатны шүүх нь шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаараа шийтгэх тогтоолдоо тодорхой тусган тодорхойлж, дүгнэлт өгч байвал хуульд нийцнэ гэж үзлээ. 

 

Дээрх байдлын улмаас давж заалдах шатны шүүх ялтан Я.Баярбаатар, түүний  өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцээгүй болохыг дурдаж байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Я.Баярбаатарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Я.Баярбаатарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Я.Баярбаатарт урьд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.МӨНХТУУЛ

 

                        ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

 

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ