Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 686

 

                       

МАГАДЛАЛ

2016.10.27                                         № 686                              Улаанбаатар хот

 

Д.Цэвээнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул даргалж, шүүгч Д.Гансүх, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор О.Багшбаяр,

          Ялтан Д.Цэвээний өмгөөлөгч Н.Цэцэгмаа,

          Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Батсуурь, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Цэвээний өмгөөлөгч Н.Цэцэгмаагийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Цэвээнд холбогдох эрүүгийн 2016 2501 1677 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Дорж овгийн Доржийн Цэвээн, 1968 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, шифрчин мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, цахлайн 2 дугаар гудамжны 5г тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЕЙ68072310/,

 

Д.Цэвээн нь 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аргуй” хүнсний дэлгүүрийн гадаа хохирогч Т.Ганхуягтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Д.Цэвээний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Цэвээнийг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Д.Цэвээнийг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Д.Цэвээнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээж, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн зүйлгүй, Д.Цэвээн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Цэвээнээс 3.264.700 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 886-А тоотод оршин суух /РД:ЦД72010110/ Т.Ганхуягт олгох, Т.Ганхуяг нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Ялтан Д.Цэвээний өмгөөлөгч Н.Цэцэгмаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            Анхан шатны шүүх 143 дугаар шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт: “Д.Цэвээн нь 2016 оны 4 дүгээр сарын 19-ний орой 22.30 минутын үед Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аргуй” хүнсний дэлгүүрийн үүдний зүүн талын довжоон дээр Т.Ганхуягийг дэлгүүртэй айлын хүргэн болсон юм уу гэж хэлснээс болж хоорондоо маргалдаж улмаар түүний баруун нүд орчимд нь нэг удаа гараараа цохисноос баруун нүдний алимны хүнд зэргийн доргилт, эвэрлэг болон солонгон бүрхүүлийн урагдал, болоргүйдэл, баруун нүдний хараагүйдэл гэмтэл бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь энэ шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд шинжээч Б.Долгормаа, хохирогч Т.Ганхуяг, гэрч Б.Мөнхцог, гэрч Л.Мөнхбаяр, шүүгдэгч Д.Цэвээн нарын мэдүүлэг зэрэг болно” гэж дүгнэжээ.

Тухайн үед хэрэг болсон гэх газар хохирогч Т.Ганхуяг, гэрч Б.Мөнхцог, гэрч Л.Мөнхбаяр, шүүгдэгч Д.Цэвээн нар л байсан. Эдгээр 4 хүнээс 2 нь буюу гэрч Б.Мөнхцог мэдүүлэхдээ “бид 3 бол хоорондоо маргалдаж муудалцаагүй. Харин Д.Цэвээн, Т.Ганхуяг нар хоорондоо маргалдаж муудалцаж Д.Цэвээн нь Т.Ганхуягийн нүд рүү цохисон юм шиг байна лээ. Би бол яг цохиж байгааг нь хараагүй, гэнэт Т.Ганхуяг орилоод байхаар нь харсан. Би Т.Ганхуягийг хэн, хаана цохисныг хараагүй” /хх-ийн 37-38/, мөн гэрч Л.Мөнхбаяр мэдүүлэхдээ “би тэр хоёрыг ёстой хараагүй, гэнэт л Т.Ганхуяг нүд рүү цохичихлоо нүд, нүд гээд орилоод байхыг нь харсан” /хх-ийн 39-40/ гэж тус тус мэдүүлжээ. Харин хохирогч Т.Ганхуяг нь 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хэсгийн байцаагчид өгсөн тайлбартаа “Д.Цэвээн баруун нүдэнд цохисон. Тухайн үед юугаар цохисныг нь мэдэхгүй байна. Үзүүртэй зүйлээр цохисон байх гэж би бодож байгаа юм” /хх-ийн 6-7/ гэж мэдүүлээд үүнээс хойш өгсөн 1 тайлбар 2 мэдүүлэгтээ гараараа цохисон, гараа атгаж байгаад цохисон гэх мэтээр мэдүүлжээ.

Д.Цэвээн нь 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн тайлбартаа “дэлгүүр лүү орох замд гурвуулаа надаас тамхи өгчих гэхээр нь би 1 ширхэг тамхитай гарч ирсэн, ороод авчих гэж хэлээд маргалдсан. Гэтэл Хуягаа намайг барьж авах гээд 2 гараараа сарвайхаар нь би түлхсэн, тэгтэл Хуягаа эргээд над руу гараараа савахад нь би доошоо бултаад дээшээ болоход Хуягаатай миний толгойн орой хэсэг мөргөлдсөн. Чи намайг цохичихлоо гээд дахиад над руу дайраад би бултахад Мөөгий намайг бариад авсан” /хх-ийн 10-11/, мөн 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр өгсөн тайлбартаа “тэр 3 надаас тамхи өгчих гэхээр нь ороод авчих гэж хэлэхэд Т.Ганхуяг босч ирээд чи их юм болж дээ гээд намайг түлхээд байхаар нь би зөрүүлж түлхээд хойшоо болгоход Т.Ганхуяг баруун гараараа над руу саваад байхаар нь би доошоо тонгойгоод бултсан. Тэгээд би дээшээ өндийх гэж байхад миний толгойны орой хэсэгт Т.Ганхуяг бас тонгойж байгаад толгойгоороо мөргөлдсөн юм шиг байна лээ. Т.Ганхуяг тэгээд надад “чи намайг цохичих шиг боллоо” гээд надтай маргалдаад байхаар нь би боль гээд хойшоо эргэхэд Л.Мөнхбаяртай тулаад зогссон” /хх-ийн 12-13/ гэжээ. Үүнээс хойш Д.Цэвээн нь хохирогчоор өгсөн мэдүүлэг болон сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ дээрх мэдүүлгээ тогтвортой өгсөн байна.

Дээрх мэдүүлгүүдээс дүгнэхэд Д.Цэвээн нь хохирогч Т.Ганхуягийн нүд рүү гараараа цохиж санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэхэд туйлын эргэлзээтэй байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр “хохирогч Т.Ганхуягийн биед учирсан гэмтлийг хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэж дүгнэсэн байна. Д.Цэвээн нь доошоо тонгойж бултаад өндийх үедээ Т.Ганхуягтай мөргөлдсөнөөс түүний нүдийг гэмтээсэн байх магадлалтай гэж үзэж байна. Түүнчлэн тухайн гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд Д.Цэвээний биед дагзны хуйханд нь зөөлөн эдийн няцрал, тархи доргилт зэрэг гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн 6396 тоот дүгнэлтээр тогтоогдож, улмаар Д.Цэвээнийг Л.Мөнхбаяр, Д.Мөнхцог нар бүлэглэн зодож уг гэмтлийг учруулсан хэмээн мөрдөн байцаалтын шатанд тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгон шалгаад прокурорын 437 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “нотлогдоогүй” үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тэгвэл Д.Цэвээний толгойд учирсан тус гэмтэл нь хэний үйлдлээс хэрхэн учирсан бэ гэдэг нь шийдвэрлэгдээгүй үлдсэн байна. Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд Д.Цэвээний удаа дараа мэдүүлснээр Д.Цэвээнийг доошоо бултаж тонгойгоод дээшээ өндийх үед хохирогч Т.Ганхуяг тонгойж мөргөлдсөнөөс түүний нүдэнд хүнд гэмтэл, харин Д.Цэвээний толгойд хөнгөн гэмтэл тус тус учирсан байх боломжтой байна. Өөрөөр хэлбэл, Д.Цэвээн хохирогчийн нүдэн тус газарт гараараа цохиж санаатайгаар хүнд гэмтэл учруулсан нь хангалттай нотлох баримтаар нотлогдохгүй байх ба харин Д.Цэвээн нь доошоо бултаж тонгойгоод дээшээ өндийх үедээ хохирогчтой мөргөлдсөнөөр түүний нүдэнд хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал түүний сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн гэм буруугүйд тооцох суурь зарчмыг баримтлан Д.Цэвээнд ял шийтгэл оноосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн  96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг болгон зөвтгөн зүйлчилж, ялыг хөнгөрүүлж, хорих ялыг тэнсэж өгнө үү. Мөн хохирогч Т.Ганхуягт учирсан гэм хорын хохиролд 3.280.000 төгрөгийг бэлнээр төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Д.Цэвээн нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд гэмт хэрэгт холбогдсон. Өөрийн асрамжид 11, 14 насны 2 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. Мөрдөн байцаалтын шатанд 2 хүүхдийнх нь асрамжийг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг аваагүйгээр одоогоор харж хандах хүнгүй хоёулханаа хашаандаа амьдарч байгаа. Хохирогч Т.Ганхуяг болон түүнтэй хамт явсан хүмүүс архидан согтуурч, хэл амаар доромжилж өдөөн хоргоож, гэмт хэрэг гарах нөхцөлийг анх үүсгэсэн зэргийг анхааран үзэж түүнд төр энэрэнгүй ёсоор хандана гэдэгт итгэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад эмчилгээний зардлын талаар хохирогч Т.Ганхуяг өөрөө нэхэмжлэл гаргаагүй байдаг...” гэв.

 

Прокурор О.Багшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Цэвээний өмгөөлөгч Н.Цэцэгмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

                                                                                                                              

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...”, мөн зүйлийн 284.2 дахь хэсэгт заасан “...Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хавтаст хэргийн 10-13 дугаар талд ялтан Д.Цэвээн нь “...С.Ганхуяг баруун зүүн гараараа над руу саваад байхаар нь би доошоо тонгойгоод бултсан. Тэгээд би дээшээ өндийх гэж байхад миний толгойны орой хэсэгт С.Ганхуяг бас тонгойж байгаад толгойгоороо мөргөлдсөн...”, хэргийн 20-21 дүгээр талд хохирогч С.Ганхуяг нь “...Д.Цэвээн уурлаад бид 2 муудалцахад миний баруун нүд рүү баруун гараа атгаж байгаад 1 удаа цохисон...” гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Дээрх мэдүүлгүүдээс дүгнэхэд ялтан, хохирогч нарын хооронд үүссэн маргаан, бие биенийгээ цохиж, зодсон асуудал нь орон зайн нөхцөл байдал, биенийгээ цохисон хүчний үйлчлэл зэрэг нь өөр хоорондоо зөрүүтэй, гэрч болон сэжигтэн, яллагдагч, хохирогчийн өгсөн мэдүүлгүүд нь бодит үнэнтэй нийцэж байгаа эсэхэд давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Учир нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5509 шинжээчийн дүгнэлтээр “...С.Ганхуягийн биед баруун нүдний алимны хүнд зэргийн доргилт, эвэрлэг болон солонгон бүрхүүлийн урагдал, болоргүйдэл, баруун нүдний хараагүйдэл гэмтэл тогтоодлоо, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” /хх-44-45/ гэж,

2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6396 тоот шинжээчийн дүгнэлтээр “...Д.Цэвээний биед дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” /хх-47-48/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-41, 42/ зэргээр хохирогч С.Ганхуяг, ялтан Д.Цэвээн нарын биед гэмтэл учирсан үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч хохирогч С.Ганхуягт учирсан гэмтэл нь ялтан Д.Цэвээний цохилтоос үүссэн гэмтэл эсэх, маргалдах явцад мөргөлдсөнөөс үүссэн гэмтэл эсэх,

мөн ялтан Д.Цэвээнд учирсан гэмтэл нь цохилтоос үүссэн гэмтэл эсэх, эсхүл мөргөлдсөнөөс учирсан гэмтэл эсэх нь тодорхойгүй, шүүх хуралдаанаар энэ талаар нарийн шалгаж тодруулаагүй байх тул хэргийг анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцдаа хохирогч, шүүгдэгч нарыг мэтгэлцүүлэх зарчмыг ханган, түүнчлэн шаардлагатай гэрчийг оролцуулах, гэмтлийн талаарх дүгнэлт гаргасан  шинжээч нарыг бүрэн оролцуулж, гэмтэл хэрхэн учирсан талаарх байдлыг тодруулсны эцэст хэргийг нэг мөр шийдвэрлэвэл хуульд нийцэхээр байна.

 

Дээрх байдлын улмаас давж заалдах шатны шүүх ялтан Д.Цэвээний өмгөөлөгч Н.Цэцэгмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Цэвээнд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Цэвээнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

 

          2. Хэрэг шүүхэд очтол Д.Цэвээнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

          3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.МӨНХТУУЛ

 

                        ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

 

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ