Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 673

 

Л.Намсрай, Ц.Сувд-Эрдэнэ нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуул, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор Д.Дашмаа,                                          

          Шүүгдэгч Л.Намсрайгийн өмгөөлөгч М.Хувцагаан,

          Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 66 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч Улсын яллагч Ц.Алдархишигийн бичсэн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлээр 2015 2502 0210 дугаартай Л.Намсрай, Ц.Сувд-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Бичээч овгийн Лоохүүгийн Намсрай, 1961 оны 5 дугаар сарын 16-нд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, “Шинэ бичээч” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатны “Шинэ Өглөө” хотхоны 23Б байрны 50 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ТЯ61051631/,

 

2. Боржигон овгийн Цагааны Сувд-Эрдэнэ, 1964 оны 5 дугаар сарын 31-нд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатны “Шинэ Өглөө” хотхоны 23Б байрны 50 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ТЯ64053107/,

 

Ц.Сувд-Эрдэнэ нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа өөрийн нөхөр болох Л.Намсрайтай урьдчилан үгсэн тохиролцон, хууль ёсны орлогоосоо гадна Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тус дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эвт” ХХК-ийн байранд байрлах “Хадгаламж” банкны 11 дүгээр хороолол тооцооны төвд байрлах дансны чөлөөт үлдэгдэл дээр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон “Хадгаламж” банкны хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнд заагдсан жилийн 4.8 /сарын 0.4 хувь/ хувийн хүүнээс гадна сарын 0.1 хувийн хүүг хууль бусаар нэмж тооцуулан, Л.Намсрайн “Шинэ бичээч” ХХК-ийн “Хаан” банкны 10340004196 дугаартай дансаар 2011 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл 20 сарын хугацаанд 23 удаагийн гүйлгээгээр 98.973.254,94 төгрөгийн буюу онц их хэмжээний орлого олсон,

Л.Намсрай нь өөрийн эхнэр болох Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Сувд-Эрдэнэтэй урьдчилан үгсэн тохиролцон, хууль ёсны орлогоосоо гадна Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тус дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эвт” ХХК-ийн байранд байрлах “Хадгаламж” банкны 11 дүгээр хороолол тооцооны төвд байрлах дансны чөлөөт үлдэгдэл дээр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон “Хадгаламж” банкны хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнд заагдсан жилийн 4.8 /сарын 0.4 хувь/ хувийн хүүнээс гадна сарын 0.1 хувийн хүүг хууль бусаар нэмж тооцуулан, өөрийн “Шинэ бичээч” ХХК-ийн “Хаан” банкны 10340004196 дугаартай дансаар 2011 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл 20 сарын хугацаанд 23 удаагийн гүйлгээгээр 98.973.254,94 төгрөгийн буюу онц их хэмжээний орлого олсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Л.Намсрай, Ц.Сувд-Эрдэнэ нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлийн 2701.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Намсрай, Ц.Сувд-Эрдэнэ нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг дутуу явуулж, шаардлагатай зарим ажиллагааг хийгээгүйгээс шүүх энэ хэргийн талаар үндэслэл бүхий тогтоол гаргахад ач холбогдол бүхий асуудлууд буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд дутуу тогтоогдсоныг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ.

Тухайлбал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 295 дугаартай магадлалд заагдсан “...Ц.Сувд-Эрдэнэ, Л.Намсрай нарын 98.973.254,94 төгрөгийн орлого нь дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дансны тухайн цаг хугацааны үлдэгдлийн 0.1 хувийн хүүтэй тэнцэж байгаа эсэх...” зэрэг ажиллагааг бүрэн шалгаж тодруулаагүй байна.

Мөн тухай үеийн “Хадгаламж” банкны эрх бүхий албан тушаалтнууд банкинд их хэмжээний мөнгөн эх үүсвэр татахын тулд их хэмжээний мөнгөн үлдэгдэл дансанд нь байдаг, дансаар нь их хэмжээний мөнгө эргэлдэж байдаг байгууллагуудын дансыг, үүнд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дансны чөлөөт үлдэгдлийг өөрийн банкинд байршуулах ашиг сонирхол байсан эсэх, энэ ашиг сонирхлын үүднээс тухайн банкинд Нийгмийн даатгалын сангийн их хэмжээний мөнгө байршуулсан төрийн албан тушаалтнуудад шагнал урамшуулал өгсөн эсэх, Ц.Сувд-Эрдэнэ нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн хувьд тус дүүргийн Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг сар бүр “Хадгаламж” банкинд байршуулсны төлөө банкнаас бусдаар дамжуулан шагнал урамшил хэлбэрээр мөнгө авсан эсэх, энэ байдал нь албан тушаалын гэмт хэргийн чухам аль зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж буй зэргийг мөрдөн байцаалтаар нарийвчлан тодруулан шалгах шаардлагатай.

Дээр дурдсан нөхцөл байдлыг тогтоох нь хэргийн зүйчлэл, шүүгдэгч нарын гэм бурууг бодитой тогтооход ач холбогдолтой...” гэжээ.

 

Улсын яллагч Ц.Алдархишиг бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичсэн.

1. Шүүхийн тогтоолд “...нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 295 дугаартай магадлалд заагдсан “...Ц.Сувд-Эрдэнэ, Л.Намсрай нарын 98.973.254,94 төгрөгийн орлого нь дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дансны тухайн цаг хугацааны үлдэгдлийн 0.1 хувийн хүүтэй тэнцэж байгаа эсэх...” гэсэн ажиллагааг бүрэн шалгаж тодруулаагүй байна гэж үзсэн байна.

Энэ нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрч Ж.Уянгийн “...Би 2009 оноос 2012 оны 3 дугаар сарын дунд үе хүртэл “Хадгаламж” банкны 11 дүгээр хороолол тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байсан. ...11 дүгээр хороолол тооцооны төвийн захирал Ч.Анхбаяр 2011 онд захирлаар томилогдож ирсэн, Ч.Анхбаяр захирлын шууд удирдлагад ажиллаж байсан. ...тухайн үед миний теллерийн хувийн дугаар 1508 байсан. Тухайн банкинд ажиллаж байгаа тохиолдолд теллерийн хувийн дугаар өөрчлөгдөхгүй. ... “Шинэ бичээч” ХХК-ийн 10340004196 дугаартай дансны хуулгаас харахад 1508 гэсэн теллерийн хувийн дугаартай, миний бие уг дугаар бүхий дансанд 2011 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 3.334.337,59 төгрөгийн орлого, 2011 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 2.668.806,15 төгрөгийн орлого, 2011 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 2.328.638,46 төгрөгийн орлого, мөн тус өдөр 635.715,74 төгрөгийн орлого, 2011 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 2.282.441,37 төгрөгийн орлого, 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2.207.208,2 төгрөгийн орлого, 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 4.217.350,99 төгрөгийн орлого, 2012 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 3.455.420,56 төгрөгийн орлого, 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 2.924.734,69 төгрөгийн орлого, 2012 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 5.634.774,13 төгрөгийн орлого, мөн тус өдөр 104.046,56 төгрөгийн орлого зэрэг нийт 11 удаагийн гүйлгээгээр 9 сарын хугацаанд 29.793.474,44 төгрөгийг шилжүүлсэн байна. Гэрээний дагуу “ажлын хөлс олгов” гэсэн гүйлгээний утгаар “Шинэ бичээч” ХХК-ийн данс руу дээрх орлогын гүйлгээнүүдийг би хийж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх 10-11/.

Мөн гэрч М.Цогзолмаагийн “...Би 2012 оны 4 дүгээр сард ахлах теллерээр шилжин очиж одоог хүртэл энэ албан тушаал дээр ажиллаж байна. Дунд нь 2013 оны 7 дугаар сард “Төрийн банк” гэдэг нэртэй болсон. ...намайг 11 дүгээр хороолол тооцооны төвд шилжиж очиход Ч.Анхбаяр тус тооцооны төвийн захирал байсан, ...Миний теллерийн хувийн дугаар 3956 ... “Шинэ бичээч” ХХК-ийн 10340004196 дугаартай дансанд 2012 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 5.753.327,52 төгрөгийн орлого, 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 3.866.539,53 төгрөгийн орлого, 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 7.573.938,56 төгрөгийн орлого, 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 7.115.979,97 төгрөгийн орлого, 2012 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 6.562.221,01 төгрөгийн орлого, 2012 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 8.131.509,56 төгрөгийн орлого, 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 4.455.268,48 төгрөгийн орлого, 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 3.633.423,5 төгрөгийн орлого, 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 6.807.366,66 төгрөгийн орлого, 2013 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр 9.182.327,99 төгрөгийн орлого, 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 6.083.505,72 төгрөгийн орлого зэрэг нийт 11 удаагийн гүйлгээгээр 11 сарын хугацаанд 69.165.408,15 төгрөгийг шилжүүлсэн байна. Гэрээний дагуу “ажлын хөлс 0.1 хувиар олгов” гэсэн гүйлгээний утгаар “Шинэ бичээч” ХХК-ийн данс руу дээрх орлогын гүйлгээнүүдийг би хийж байсан.

...тус Нийгмийн даатгалын хэлтсийн дансны cap бүрийн чөлөөт үлдэгдэлд 0,1 хувийн хүүг томьёогоор тооцож “Шинэ бичээч” ХХК-ийн дансанд шилжүүлдэг байсан. “Шинэ бичээч” ХХК-ийн данс руу cap бүр мөнгө шилжүүлж байх талаар Ч.Анхбаяр захирал надад зөвшөөрлийн бичиг харуулдаг байсан, үүний дагуу би гүйлгээг хийж байсан. ...Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээ авч байгаа бүх дансны чөлөөт үлдэгдэл дээр 0.1 хувийн хүү бодож “Шинэ бичээч” ХХК-ийн данс руу захирал Ч.Анхбаярын зөвшөөрлийн дагуу хийдэг байсан” гэх мэдүүлэг /2-р хх 12- 13, 5-р хх 94/ өгсөн байдаг ба энэ нь тухайн салбарын захирал Ч.Анхбаярын зөвшөөрлөөр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээ авч байгаа бүх дансны чөлөөт үлдэгдэл дээр 0.1 хувийн хүү бодож “Шинэ бичээч” ХХК-д мөнгө шилжүүлдэг байсан хоёр ахлах теллерийн дээрх мэдүүлгүүд нь “Шинэ бичээч” ХХК-ийн “Хаан банк” дахь 10340004196 дугаартай дансны хуулгаар 2011 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд 20 сарын хугацаанд 22 удаагийн гүйлгээгээр нийт 98.9 сая төгрөгийг “Хадгаламж” банкнаас “Шинэ бичээч” ХХК шилжүүлэн авч байсан болох нь давхар нотлогддог.

Үүнээс гадна хэрэгт авагдсан Авлигатай тэмцэх газрын 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 06/6954 тоот, үүний дагуу ажлын хэсэг байгуулах тухай Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/127 тушаал, улсын байцаагчдийн дүгнэлтээр /5-р хх 19-33/ Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээ авч байгаа бүх дансны чөлөөт үлдэгдэл дээр 2011 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд 0.1 хувийн хүү тооцож үзэхэд 98.9 сая төгрөг байна гэх улсын байцаагч нарын дүгнэлт гарсан болно.

Дээрх ажлын хэгсийн бүрэлдэхүүнд орж ажилласан гэрч Н.Батчимэгийн “...би ажлын хэсгийн гишүүнээр ажилласан, бид уг дүгнэлтийг гаргахдаа Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн архиваас 2011 оны 5 дугаар сараас 2013 оны 2 дугаар cap хүртэлх “Хадгаламж” банкны харилцах дансны санхүүгийн баримт, тус газраас авсан баримтыг үндэслэн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2011 онд төвлөрсөн данс, тэтгэврийн даатгалын сангийн харилцах данс гэсэн 3 харилцах дансаар, 2012, 2013 онд эдгээр 3 данс дээр нэмэгдэж Ажилгүйдлийн даатгалын сангийн харилцах данс шинээр нэмэгдсэн байсан. Ингээд тус хэлтэс нь 2011, 2012, 2013 онуудад “Хадгаламж” банктай хамтран ажиллах гэрээгээр хамтран ажиллаж байсан. Уг гэрээний дагуу дансны хүүг боддог журмаар өдөр бүрийн үлдэгдлийг нэг бүрчлэн тооцож, хүүгийн тооцооллыг гаргахад Нийгмийн даатгалын зохих данс cap бүрийн сүүлийн өдөр 0.4 хувийн хүү үнэн зөвөөр тооцогдож орсон нь тооцооллоор батлагдаж байсан. Харин бид тухайн цаг хугацаанд 0.1 хувийн хүүд хэд оногдох вэ гэсэн тооцооллыг хийсэн бөгөөд тооцооллыг гаргахад 98.9 сая төгрөг болж байсан...” гэх мэдүүлэг /хх 109-110/ болон энэ талаараа ч мөн анхан шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрчээр оролцож мэдүүлэхдээ “...0.1 хувийн хүүгээр бодож үзэхэд 98.9 сая төгрөг болж байсан” талаараа мэдүүлсэн байдаг.

2. Тухайн үеийн “Хадгаламж” банкны эрх бүхий албан тушаалтнууд банкинд их хэмжээний мөнгөн үүсвэр татахын тулд их хэмжээний мөнгөн үлдэгдэл дансанд нь байдаг, дансаар нь их хэмжээний мөнгө эргэлдэж байдаг байгууллагуудын дансыг, үүнд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дансны чөлөөт үлдэгдлийг өөрийн банкны дансанд байршуулах ашиг сонирхол байсан эсэх, энэ ашиг сонирхлын үүднээс тухайн банкинд Нийгмийн даатгалын сангийн их хэмжээний мөнгө байршуулсан төрийн албан тушаалтнуудад шагнал урамшуулал өгсөн эсэх, Ц.Сувд-Эрдэнэ нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ерөнхий нягтлан бодогчийн хувьд тус дүүргийн Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг cap бүр “Хадгаламж” банкинд байршуулсны төлөө банкнаас бусдаар дамжуулан шагнал урамшил хэлбэрээр мөнгө авсан эсэх, энэ байдал нь албан тушаалын гэмт хэргийн чухам аль зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж буй зэргийг мөрдөн байцаалтаар нарийвчлан тодруулан шалгах шаардлагатай гэж үзсэн байна.

Энэ хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдсан “Хадгаламж” банкны 11 дүгээр хороолол тооцооны төвийн захирал Ч.Анхбаярын “...Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн удирдлагуудтай уулзсан. Тэгээд тус хэлтсээс “Шинэ бичээч” ХХК-ийн санал болгоод ерөнхий нягтлан бодогч Ц.Сувд-Эрдэнэ надтай ирж уулзаад тус компанийн гэрчилгээ, дүрэм зэргийг авчирч өгч байсан. Би уг баримт бичгийг Батхуяг захирал руу хүргүүлсэн. Батухягаас цахим хэлбэрээр гэрээ ирснийг хэвлэж аваад Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн. Уг гэрээг хүлээн зөвшөөрч байгаа талаараа Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогч Ц.Сувд-Эрдэнэ хариу өгсөн. Ингээд “Шинэ бичээч” ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээний төсөл “Хадгаламж” банкны төвөөс цахим хэлбэрээр э-майлээр ирсэн “Шинэ бичээч” ХХК-тай хамтран ажиллах гэрээг би хэвлэж аваад Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогч Ц.Сувд-Эрдэнэтэй утсаар ярьж “ийм гэрээ ирлээ, энэ гэрээг танд хүргүүлэх үү” гэж асуугаад Ц.Сувд-Эрдэнэ рүү хүргүүлж байсан” гэх мэдүүлэг /2-р хх 55-58, 5 хх 115-116/.

Яллагдагч Ц.Сувд-Эрдэнийн “... “Хадгаламж” банкны 11 дүгээр хороолол тооцооны төвийн захирал Ч.Анхбаяр “та нар манай банкинд арай илүү хэмжээний дансны үлдэгдэл тогтвортой хэмжээнд байлгаж өгөөч гэж хүссэн ба тэр үлдэгдэл мөнгөнөөс 0.1 хувийн мөнгө бодож өгье” гэсэн санал тавьсан. Банкнаас 0.1 хувийн хүү авахдаа аж ахуйн нэгж болон данстай байх хэрэгтэй гэхээр нь нөхөр Л.Намсрайгийн компанийн дансыг нээсэн...” гэх мэдүүлэг /2-р хх 45-50, 67-70/ хэрэгт авагдсан байдаг.

Үүнээс үзэхэд “Хадгаламж” банкны ажилтнууд өндөр дүнтэй дансны үлдэгдэлтэй харилцагч байгууллага болох Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн мөнгийг өөрийн банкиндаа бага хувийн хүүтэйгээр байршуулах, үүнээсээ өндөр хүүтэй зээл гаргаж ашиг олох зорилгоор тус хэлтсийн тухайн банкны дансанд байршиж байгаа мөнгөн дүнг нэмэгдүүлэх үүднээс Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогч Ц.Сувд-Эрдэнэд их хэмжээний дансны үлдэгдэл тогтвортой хэмжээнд байлгаж өгвөл тухайн данснуудын чөлөөт үлдэгдэл мөнгөнөөс 0.1 хувийн мөнгө бодож өгөхөөр санал тавьсан байх ба уг саналыг Ц.Сувд-Эрдэнэ хүлээн аваад өөрийн нөхөр болох Л.Намсрайн “Шинэ бичээч” компанийн дансаар мөнгийг шилжүүлэн авч байсан болно.

Иймд яллагдагч Ц.Сувд-Эрдэнэ нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ерөнхий нягтлан бодогч буюу хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг нийтийн албан тушаалтан ба өөрийн нөхөр болох “Шинэ бичээч” компанийн захирал Л.Намсрайтай энэ гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон хууль ёсны орлогоосоо гадна 98.9 сая төгрөг буюу онц их хэмжээгээр орлого олсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул тэдний гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорин наймдугаар бүлэг болох “Албан тушаалын гэмт хэрэг”-ийн бүлэгт хамаарах хууль “Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр орлого олж хууль бусаар хөрөнгөжих” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлийн 2701.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийг зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн.

Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны явцад дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байхад энэ талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр хэргийг мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

 

Прокурор Д.Дашмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн эсэргүүцэлд шүүхийн тогтоолыг зөвшөөрөхгүй байгаа бүх үндэслэлүүдийг дурдаж бичсэн байна. Шүүхийн тогтоолын 1 дэх заалтын тухайд тухайн цаг хугацааны үлдэгдэл 0.1 хувьтай тэнцэж байгаа эсэх нь мөрдөн байцаалтын явцад хийгдсэн ажиллагаагаар хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Тухайн үеийн дансны үлдэгдэлд хүү бодож 0.1 хувийн хүүг шилжүүлж байсан талаар тухайн үед банкинд ажиллаж байсан теллерүүд гэрчээр мэдүүлсэн. Санхүүгийн баримтууд болоод байгууллагуудаас хураан авсан баримтуудад үндэслэн санхүүгийн шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Эдгээр дүгнэлтүүд тухайн цаг үед хэрэглэгдэж байсан тооцооллын аргаар гарсан болохыг дүгнэлт гаргасан шинжээч нар мэдүүлсэн. Нийтдээ 98.9 сая төгрөг “Шинэ бичээч” ХХК-ийн дансанд орсон болох нь тогтоогдсон. Иймд энэ талаар нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх шаардлагагүй. “Шинэ бичээч” ХХК болон Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Сувд-Эрдэнэ нараар дамжуулж “Хадгаламж” банк өөрийн банкинд тогтвортой их хэмжээний мөнгө байршуулж, үлдэгдлээс 0.1 хувийн хүү бодож урамшуулал олгохоор гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээний үндсэн дээр “Шинэ бичээч” ХХК-ийн дансанд мөнгө шилжиж орж байсан нь тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд албан тушаалтнуудад шагнал урамшуулал өгсөн, эрх бүхий албан тушаалтнууд шан харамж авч байсан байдал тогтоогдоогүй учраас нэмж шалгах шаардлага байхгүй. Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

 

Шүүгдэгч Л.Намсрайгийн өмгөөлөгч М.Хувцагаан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 295 дугаар магадлалын заалтууд үндсэндээ хангагдаагүй. Магадлалын 1 дэх заалтад “Нийгмийн даатгалын хэлтэс болон “Хадгаламж” банкны хамтран ажиллах гэрээний дагуу олгож байсан гэх 0.1 хувийн хүү нь Нийгмийн даатгалын хэлтсийн дансны үлдэгдэлд олгосон хүү юу эсвэл өөр нэг байгууллага Нийгмийн даатгалын хэлтэс, “Хадгаламж” банк хоёрыг зуучилсны хөлс үү гэдгийг санхүүгийн баримтаар нотлох шаардлагатай” гэж заасан. Мөрдөн байцаалтын шатанд энэ хэргийг буцаасны дараа хэд хэдэн гэрчийг асуусан бөгөөд гэрч Нармандах /5-р хх 38/ “Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тухайн цаг үеийн банкин дахь мөнгөний үлдэгдэлтэй ойролцоо дүн гарсан” гэж  мэдүүлсэн. “Ойролцоо” гэдгийг нотлох баримтын хэмжээнд яаж үнэлэх ёстой вэ гэдэг нь таамаг төдий байна. Мөн гэрч Уянга “цаг хугацаа их өнгөрсөн учраас санахгүй байна” гэж мэдүүлсэн. Гэрч Цогзолмаагаас ”таны бодож олгосон мөнгө Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн мөнгө юм биш үү” гэж асуухад “би энэ талаар мэдэхгүй” гэж хариулсан.  Эдгээрээс харахад давж заалдах шатны шүүхийн магадлалын 1 дэх заалт биелээгүй байна. “Хадгаламж” банкны тооцооны салбар болон Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн төлөөлөгч нар тус бүрдээ тайлан гаргах нь дээрх нөхцөл байдлыг тогтоох нь шүүгдэгч нарын гэм буруу, хэргийн зүйлчлэл болон, гэм бурууг тогтооход ач холбогдолтой” гэж заасан заалт мөн хангагдаагүй. 98.9 сая төгрөг “Шинэ бичээч” ХХК-ийн дансанд шилжиж орсон. Энэ мөнгийг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс чөлөөт үлдэгдлээс олгож байна уу, эсвэл банк өөрөөсөө өгч байна уу гэдгийг тогтоох ёстой байсан. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс “Хадгаламж” банктай хийсэн хамтран ажиллах гэрээнд заасан. Сар тутам 0.4 хувь, жилд 4.8 хувийн хүү бодогдож орсон, ямар ч хохирол байхгүй. Ийм байхад Нийгмийн даатгалын хэлтсийн чөлөөт үлдэгдлээс 0.1 хувийн олгосон гэж байгаа нь бодит байдалтай тохирч байна уу, үгүй юу. Энэ мөнгийг Л.Намсрай, Ц.Сувд-Эрдэнэ хоёр өөрсдийн дураар очоод авчихаагүй. Сүхбаатар дүүргийн “Хадгаламж” банкны тооцооны төвийн захирал Ч.Анхбаяр “их хэмжээний эх үүсвэр гаргах шаардлагатай байсан учир тухайн үед гэрээ хийж мөнгө татсан байдаг. Л.Намсрай, Ц.Сувд-Эрдэнэ хоёр хууль бусаар мөнгө авч байгаа бол өгч байгаа хүмүүс нь бас хууль бусаар мөнгө өгч байгаа юм уу гэдэг асуудал бүрэн гүйцэд шалгаагүй. Хэрэв Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс хүү бодож аваад байгаа бол 104.9 сая төгрөг гарахаар байдаг. Гэсэн хэрнээ 98.9 сая төгрөгийг олгож шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний эх сурвалжийг тогтоох ёстой. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох хэрэгтэй. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй, шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна. Өөрөөр хэлбэл Л.Намсрай, Ц.Сувд-Эрдэнэ нарт холбогдох хэргийг урьд мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг биелүүлээгүй хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн нь буруу гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Л.Намсрай, Ц.Сувд-Эрдэнэ нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хянаад мөрдөн байцаалтаар  шалгаж тодруулах шаардлагатай ажиллагааг нэрлэн заасан байхад зөвхөн гэрч, яллагдагч нарыг дахин байцааж хэргийг шүүхэд шилжүүлсэн байдлыг магадлалын заалт биелэгдсэн гэж үзэх боломжгүй.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-80.1.3, 80.1.5 дах хэсгүүдэд заасан нотолбол зохих асуудлаас гадна хэрэгт чухал ач холбогдол бүхий баримт бичиг, эд мөрийн баримтыг шаардан гаргуулах, зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийлгээгүй орхигдуулж мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийжээ.

           

            Иймд Л.Намсрай, Ц.Сувд-Эрдэнэ нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийгдсэн, хэргийн бүрдэл хангагдаагүй бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

           

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 66 дугаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, Улсын яллагч Ц.Алдархишигийн бичсэн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг Нийслэлийн прокурорын газарт очтол Л.Намсрай, Ц.Сувд-Эрдэнэ нарт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.ДАВААСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                              Д.МӨНХТУУЛ

 

                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ