Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 669

 

 

 

 

Ц.Мөнхбатад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Ням-Эрдэнэ,

Ялтан Ц.Мөнхбат /Хорих 461 дүгээр ангиас цахимаар/,

Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа  даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын сарын 7-ны өдрийн 21А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201525010186 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овогт Цагаандайгийн Мөнхбат, 1984 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан хотын 18 дугаар багийн Малчины задгайд оршин суух, урьд

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 175 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял дээр  Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 94 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2. Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 175 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 cap 18 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 246 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

3. Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 343 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар 2 жил 4 capын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,

2013  оны 3 дугаар сарын 28-ны өдөр хорих ялаас хугацаа дуусч суллагдсан, /РД:ТИ84101311/,

1. Ц.Мөнхбат нь ялтай байх хугацаандаа, 4 удаагийн давтан үйлдлээр:

1.1. 2014 оны 12 дугаар сарын сүүлчээр Нарантуул захад өмд зардаг Н.Батцоожоос “өмд бөөндөж авна” гэж хэлээд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 43 байрны гаднаас машин дотор нь байсан 48 ширхэг өмд, “Samsung galaxy duos” загварын гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч 2.080.000 төгрөгийн,

1.2. 2014 оны 12 дугаар сарын 31-нээс 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 84 дүгээр байрны 38 тоотод оршин суух Д.Гүнцэцэгийн гэрээс 32 инчийн “Sony” загварын LCD зурагт, “Samsung” загварын 2 хаалгатай хөргөгч, будаа агшаагч, тоос сорогч, ус буцалгагч, ор зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч 3.120.000 төгрөгийн,

1.3. 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Буудай” зочид буудлын ресепшин М.Мөнхзулын виза картыг хулгайлан 467.000 төгрөгийн,

1.4. 2015 оны 2 дугаар сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Golden vill” хотхоны 1008 тоотод оршин суух О.Батхишигийн гэрт нэвтрэн орж “Samsung S-3” загварын гар утас 1 ширхэг, “Mini ipad” 1 ширхэг, “Nokia Е-8” загварын гар утас 1 ширхэг, хар өнгийн хэтэвч, виза карт, дунд гарын хөөрөг, хар өнгийн ширэн оосортой цаг, 100.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 705.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, хулгайн гэмт хэргийн улмаас бусдад нийт 6.372.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2. Урьд хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр:

2.1. 2014 оны 12 дугаар сард Нарантуул захын 20 дугаартай чингэлэгт барилгын цахилгаан тоног төхөөрөмж зардаг Б.Цэрэнтогтохоос барилгын материал авах нэрийдлээр хамт явж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 100 айлын барилгын материалын дэлгүүрийн орчим “гар утсаа өгөөч, яриад өгье” гэж хуурч мэхлэх аргаар “I phone 6 plus” загварын гар утсыг залилан авч 1.800.000 төгрөгийн,

2.2. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Жаргалаас “байгалийн зураг авдаг хүн хайж байна” гэж худал хэлэн иргэний үнэмлэхийг нь хуулбарлан авах гэж явахдаа “гар утасны цэнэг дууссан байна, гар утсаа өгчих” хэмээн хуурч мэхлэх аргаар “Samsung galaxy S-4” загварын гар утас, “Nikon” загварын зургийн аппаратны дуран зэрэг эд хөрөнгийг залилан авч 1.000.000 төгрөгийн,

2.3. 2014 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Б.Эрдэнэбилэгээс “АНУ-аас ирсэн иргэдэд гар утас авах гэсэн юм” гэж худал хэлж, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 84 дүгээр байрны 5 давхарын 37 тоотод дагуулан ирж “Grand 2”, “I phone 5” загварын гар утаснуудыг хуурч мэхлэх аргаар залилан авч 680.000 төгрөгийн,

2.4. 2014 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвийн гар утасны лангуунд суудаг Д.Баяртогтохоос “үзүүлэлт сайтай гар утаснууд авна” гэж хуурч мэхлэн дагуулан явж Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Урт цагааны урд ирээд “I phone 6”, “Samsung S-3” загварын гар утас 2 ширхэг зэрэг эд хөрөнгийг залилан мэхлэн авч 1.850.000 төгрөгийн,

2.5. 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Э.Батсууриас “гадаадын төлөөлөгч нарт жуулчилдаг төлөөлөгч байна, ажлын шугамаар Солонгос улсаас 5 хүн ирсэн байгаа, гар утас авах гэсэн юм” гэж хуурч мэхлэн гар утас авахаар тохирч, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кемпински” зочид буудлын гадна “Samsung noot 2”, “Samsung S-3” загварын гар утаснуудыг залилан мэхлэн авч 900.000 төгрөгийн,

2.6. 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Д.Мөнх-Эрдэнэд “таниас 3, 4 ширхэг үнэтэй утас авъя, Дарханд гадаад хүмүүстэй явж байгаад гар утсыг нь машин дотроосоо алдсан, тэр хүмүүс нь урт цагаан дээр хүлээж байгаа, очоод мөнгийг нь өгье” гэж “I phone 5-S” загварын гар утсыг нь залилан мэхлэн авч 650.000 төгрөгийн,

2.7. 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Өргөө” кино театрын урд байрлах гар утасны лангуунд ажилладаг Н.Амартүвшингээс “гадаадын хүмүүстэй явж байгаа юм. Хамт явж байсан гадаад хүмүүс гар утаснуудаа алдчихлаа, үнэтэй утас байвал сайн байна” гэж худал хэлж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ардын эрх сонины орчим дагуулан очиж “гар утсаа өгөөч, надад утас байхгүй, нэгж хийгээд нөгөө хүмүүстэйгээ холбоо барих гэсэн юм” гэж хэлэн түүний “LG 2” загварын цагаан өнгийн гар утсыг залилан мэхлэн авч, 300.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу бусдыг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлсэн гэмт үйлдлийн улмаас бусдад 7.180.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

3. 2015 оны 3 дугаар сарын 1-ний орой 20 цаг 30 минутын орчим Ш.Жигжидсүрэнтэй “гар утас авна” гэж яриад Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 38а байрны гадна машин дотор нь сууж байгаад гар утсыг нь авах зорилгоор амь биед аюултайгаар довтолж, нүүр рүү нь газ /зэвсгийн чанартай зүйл хэрэглэн/ цацаж, хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдэж, бусдад нийт 13.552.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Мөнхбатад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Мөнхбат нь ялтай байхдаа давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан, бусдын амь насанд аюултай хүч хэрэглэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 10 дугаар зүйлийн 10.10, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Ц.Мөнхбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан  хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ц.Mөнхбатыг эд хөрөнгө хураахгүйгээр түүнийг 6 жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25  жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль.”-ийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Ц.Мөнхбатын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн  хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хорих ялыг өршөөн хасаж үлдэх 4 жилийн  хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ц.Мөнхбатын эдлэх 4 /дөрвөн/  жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ц.Мөнхбатын цагдан хоригдсон 503 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Мөнхбатаас  нийт 13.852.000 төгрөг гаргуулж үүнээс хохирогч Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зурагтын ажилчдын 43-61 тоотод оршин суух, /РД:ИХ69080819/, Нямба овогтой Батцоожид 2.080.000  төгрөг, хохирогч Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 84 дүгээр байрны 38 тоотод оршин суух, /РД:УС88031021/, Давгадорж овогтой Гүнцэцэгт  3.120.000 төгрөг, хохирогч Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 9-241-Б тоотод оршин суух, /РД:ОМ77031802/, Мягмаржав овогтой Мөнхзулд 467.000 төгрөг, хохирогч Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 85-1008 тоотод оршин суух /РД:ЦБ63032315/, Очирбат овогтой  Батхишигт 705.000 төгрөг, хохирогч Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 8-240-б тоотод оршин суух, /РД:МЛ82201511/, Баярбат овогтой Цэрэнтогтоход 1.800.000 төгрөг, хохирогч Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2-352 тоотод оршин суух, /РД:ШЗ73110271/, Баясгалан овогтой Жаргалд 1.000.000 төгрөг, хохирогч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18-а-78 тоотод оршин суух, /РД:ДЕ74121614/, Базар овогтой Эрдэнэбилэгт 980.000 төгрөг, хохирогч Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Голын 2-2 тоотод оршин суух, /РД:ИЦ79052892/, Доржсүрэнхор овогтой Баяртогтоход 1.850.000 төгрөг, хохирогч Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12б-204 тоотод оршин суух, /РД:ДЮ70050314/, Эрдэнэ-Очир овогтой Батсуурьт 900.000 төгрөг, хохирогч Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Нөхөрлөлийн 4-48 тоотод оршин суух,  /РД:ХЕ80052811/, Дэчинлхүндэв овогтой  Мөнх-Эрдэнэд 650.000 төгрөг, хохирогч Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 49-32 тоотод оршин суух, Ням овогтой Амартүвшинд 300.000 төгрөг гаргуулж тус тус олгохоор, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Ш.Жигжидсүрэнд төлөх төлбөргүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардал үгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авсанаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мөнхбатад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Ялтан Ц.Мөнхбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 4 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайн хэрэг болох үед буюу 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хохирогч Ш.Жигжидсүрэнгийн машинд гар утсыг нь үзээд буцааж өгөхөд тэрээр гар утсаа цүнхэндээ буцааж хийсэн. Намайг гар утсыг нь үзэхээс өмнө Ш.Жигжидсүрэн “задалсан утас, шинэ утас хоёр өөр үнэтэй байдаг юм, авна гэвэл задална” гэж байсан. Би утсыг нь авч чадаагүй ч түүний шинэ утсыг задалсан үйлдэлдээ зөрүү мөнгө өгч байж явах боломж үлдсэн бөгөөд хохирогч хаалгаа бага зэрэг онгойлгосон байхыг нь хараад намайг барьж авах гэж байна гэж бодон өөрийгөө хамгаалах зорилгоор биедээ авч явсан газаа түүн рүү цацаад зугтаая гэж бодсон. Энэ шийдвэр маш болчимгүй зүйл байсны дээр гэмт хэргийн аюулын шинж чанар, учирч болох эрсдлийг тооцоолж чадаагүй юм. Би машин дотор газ цацвал өөрөө хамт өртөх байх гэж бодоод машинаас буухдаа хохирогч руу газаа цацаад буухад тэрээр мөн машинаас буусан. Би тухайн үед намайг барих гэж байна гэж бодоод эсрэг зүг рүү гүйсэн. Гүйж явахдаа эргэж харахад хохирогч “Баагий” гэж орилоод цүнхээ бариад орц руугаа гүйж байсан. Энэ үйлдлийг надтай хамт явсан найз маань харсан. 2015 оны 3 дугаар сарын 2-нд хорооллын “Алтан төгрөг” дэлгүүрт гар утас зардаг залуугаас гар утас авна гэж хуурч мэхлэн орцонд нь үлдээгээд өөрөө зугтаасан.

2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаагч Батдорж хорих ангид ирж байцаалт авсан. Тэрээр “хоёулаа эр хүмүүс шиг ярилцъя, өөр хэрэг байвал одоо хэл” гэхээр нь 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн хэргийн талаар нуулгүй ярьсан. Тухайн үед мөрдөн байцаагчид би дээрэмдэх санаа зорилго байхгүй, хохирогчоос гар утсыг нь залилж авах гэж байгаад газ цацаж зугтаасан гэж хэлсэн. 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаагч Батдорж уг дээрмийн гэмт хэргийн эзэн холбогдогч олдохгүй гэх шалтгаанаар хэргийг түдгэлзүүлэх саналаа прокурор Солонгод гаргасан бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Ш.Жигжидсүрэнд 5 хүний зураг үзүүлэн таньж олох ажиллагаа хийж, намайг олж тогтоосон мэтээр хавтаст хэрэгт оруулсан байсан. 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанд прокурор Х.Ням-Эрдэнэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан “завдалт” гэж үзэн 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар яллах дүгнэлтдээ дурдсан. Өмгөөлөгч Ганбат “чи завдалтаа хүлээн зөвшөөрвөл уг хэргийг чинь өршөөлд хамааруулах боломжтой, хүлээн зөвшөөрчих” гэхээр нь би татгалзаж дээрэмдэх санаа зорилгогүйгээр газ цацсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харин шүүх хуралдаанаар “завдалт” гэснийг өөрчилж, төгссөн үйлдэл гэж үзэн хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр батлан даалтад гарсан бөгөөд прокурор Х.Ням-Эрдэнэ мөрдөн байцаагчтайгаа уулз” гэсэн бөгөөд гарах гэтэл автобусны мөнгө байгаа юу гэж асуугаад байхгүй гэхэд хэтэвчнээсээ 4500 төгрөг гаргаж өгөхөөр нь маш их сандарч бас баярлан хүний итгэлийг алдахгүй дахин хэзээ ч гэмт хэрэг хийхгүй гэж өөртөө амласан юм. Цагдан хоригдож байх хугацаандаа гэр бүл, найз нөхдөөсөө тусгарлагдаж байснаа ойлгож, бусдын батлан даалтад байх хугацаандаа хувиараа ажил хийн мөрдөн байцаалт, шүүхийн шатанд дуудсан цагт нь ирж бүртгүүлж байсан. Энэ хугацаанд Дархан уул аймагт байх эхдээ “дахин гэмт хэрэгт холбогдохгүй, уг хэрэг Өршөөлийн тухай хуульд хамаарагдаж суллагдах байх” гэж хэлж байсан. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ш.Жигжидсүрэнг шүүх хуралдаанд оролцож, хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж өгөхийг гуйж ярьсан ба уг ярианы бичлэгийг файлаар хуулбарлан авсан. Мөн бусдын батлан даалтад байх хугацаандаа нэгэн бүсгүйтэй танилцаж хайр сэтгэлээ илчилсэн ч гэмт хэрэгт холбогдсон тухайгаа хэлж амжилгүй шүүхээс 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Би шүүх хуралдааны дараа найз Цогтсайханд гар утсаа өгөхдөө “найз бүсгүйд маань намайг гадаад явсан гэж хэлээрэй” гэж захисан бөгөөд түүндээ эргэж очиж сайн сайхан амьдрах ганц зорилго тавьж өнөөдрийг хүрсэн.

Мөн хохирогч Ш.Жигжидсүрэнгийн мэдүүлгүүд нь зөрүүтэй байна гэж үзэж байна. Учир нь мөрдөн байцаалтын шатанд “...гар утсыг аваад цүнхэндээ хийх хооронд нүүр лүү тойрог маягаар шингэн цацахаар нь амаа дараад хаалгаа онгойлгоод унасан. Нөгөө залуу машинаас буугаад тойрч ирж яваа харагдсан. Тэр үед орцноос хүмүүс гарч ирж таарсан бөгөөд тэр залуу зугтаасан гэх мэдүүлгийн төгсгөлд нь “утас үзэж байгаад нүүр лүү нь газ цацаад гар утас авах гэж булаалцалдаж байгаад цүнхний оосор тасарч жолооч талын хаалгаа түлхээд гадагш гарахад нөгөө залуу буугаад зугтаасан байсан гэх хоёр өөр мэдүүлсэн байдаг. 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд “над руу газ цацаад түлхэхэд би унасан. ...намайг дээрэмдэх байсан бол автомашины арын суудалд сууж байхдаа дээрэмдэх байсан байх...” гэж мэдүүлсэн. Хэдийгээр миний бие эд зүйлийг нь авах зорилгогүйгээр газ цацсан бөгөөд дээрмийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Хохирогч Ш.Жигжидсүрэнг шүүх хуралдаанд оролцуулан гэмт хэргээ үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл шудрага шийдвэр гарсангүй. Найз Цогтсайханд хадгалуулж буй хохирогчтой ярьсан ярианы бичлэгийг нотлох баримтаар үнэлж өгнө үү. Мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч Батдорж нь хэргийн үнэн зөвийг ололгүй зөвхөн буруутгах талыг барьж ажиллагаа хийсэнд гомдолтой байгаа бөгөөд миний ар гэр, эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзнэ үү...” гэв.

Прокурор Х.Ням-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн мэдүүлгүүд зөрүүтэй байсан” гэж давж заалдах гомдол гаргасан байна. Хохирогч Ш.Жигжидсүрэнгийн мэдүүлэгт зөрүү гараагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд зүйлийг авч чадсан эсэхээс үл хамааран хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, довтлох үйлдэл хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог. Ц.Мөнхбат хохирогч руу газ цацахад орцноос хоёр хүн гарч ирсэн тул үйлдлээ зогсоогоод гар утсыг нь авч чадалгүйгээр зугтсан...” гэв.    

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзэн шийдвэрлэлээ.

Хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан байх ба шүүхээс ялтны гэм бурууд дүгнэлт өгөх бүрэн боломжтой, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

1. Ц.Мөнхбат нь урьд нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байх хугацаандаа, бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг 4 удаагийн давтан үйлдлээр:

1.1. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Нарантуул захад өмд зардаг Н.Батцоожоос “өмд бөөндөж авна” гэж хэлээд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 43 байрны гаднаас машин дотор нь байсан 48 ширхэг өмд, “Samsung galaxy duos” загварын гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч 2.080.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Н.Батцоожийн “...2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Нарантуул зах дээр бараагаа гаргаад зогсож байтал ...нэг залуу ирээд “өмд бөөндөж авъя, хоёулаа манай цайны газар луу ороод ярилцъя” гэхээр нь цайны газар луу орсон. Тэгээд надад хүмүүнлэгийн газар нийлүүлэх бараа материал гэсэн нэртэй бичиг үзүүлээд 48 ширхэг өмд авсан. Захаас түүний авсан барааг өөрийнхөө машинд ачаад хорооллын “Гурван билэг” их дэлгүүр орсон. Тэр залуу “Гурван билэг” их дэлгүүр лүү ороод 5-6 минут болоод гарч ирээд, “манайхан хуралтай байна, таны иргэний үнэмлэхний хуулбар хэрэгтэй байна.” гэж хэлсэн. Би тухайн үедээ иргэний үнэмлэхээ авч яваагүй учраас Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байранд очиж иргэний үнэмлэхээ авахаар очсон. Нөгөө залууг машиндаа үлдээгээд гэрлүүгээ үнэмлэхээ авахаар орсон. Гэрлүүгээ орохдоо машиныхаа түлхүүрийг авалгүй зоолттой орхиод гарсан байсан. Үнэмлэхээ аваад гараад ирэхэд нөгөө залуу миний машиныг унаад явсан байсан. Машинд 48 ширхэг жинсэн өмд, бэлэн 300.000 төгрөг, гар утас, бичиг баримт зэрэг байсан...” /1-р хх-243-246/,

Ц.Мөнхбат өгсөн тайлбартаа: “...тэр залууг гэр лүүгээ орохоос нь өмнө “утасгүй байна, утсаар чинь яриад өгье” гэж хэлээд “Samsung” загварын гар утсыг нь аваад үлдсэн. Түүнийг гэртээ орохоор нь машиныг нь унаад Баянхошуу руу өгсдөг шинэ замын баруун талд цоожилж үлдээгээд худалдаж авах гэж байсан жинсэн өмднүүдийг гар утастай нь аваад өмднүүдийг Хархорин зах болон бусад газруудаар тарааж зарсан…” /1-р хх-241-242/ гэх мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-67-69/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-70-73/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-247, 3-р хх-139/ зэрэг нотлох баримтуудаар,

1.2. 2014 оны 12 дугаар сарын 31-нээс 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 84 дүгээр байрны 38 тоотод оршин суух Д.Гүнцэцэгийн гэрээс 32 инчийн “Sony” загварын LCD зурагт, “Samsung” загварын 2 хаалгатай хөргөгч, будаа агшаагч, тоос сорогч, ус буцалгагч, ор зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч 3.120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Д.Гүнцэцэгийн “...2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээсээ буузны жигнүүр аваад явахад гэрийн бүх эд зүйлс байсан. Харин 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр гэртээ ирэхэд хөргөгч, зурагт, ус буцалгагч, будаа агшаагч, тоос сорогч зэрэг эд зүйлс алга болсон байсан. Шинэ байранд анх орсон учир алдсан эд зүйлс бүгд шинээр авч тавьсан. Солонгос улсад үйлдвэрлэсэн хөл, толгой нь бор өнгийн орыг 450.000 төгрөгөөр авсан...” /1-р хх-60-62, 3-р хх-136/,

Ц.Мөнхбатын сэжигтнээр өгсөн “...85 дугаар байрны орцонд хонох гээд ороход 40 билүү 41 тоотын хаалганд 5 давхарын 8 айлын түлхүүр зоолттой байсан. Түлхүүрийг нь аваад маргааш нь 5 давхарын баруун гар талын эхний айлд түлхүүр хийж  эргүүлэхэд онгойхоор нь ороод 32 инчийн хавтгай дэлгэцтэй “Sharp” брендийн зурагт хананд өлгөөтэй байсныг аваад Урт цагааны телевизор засварын газар мөнгөний хэрэг болоод гэж хэлээд 150.000 төгрөгөөр зарсан. 2 хоногийн дараа зурагт, хөргөгч авна гэсэн зарын дагуу залгаад хаягаа хэлээд хүлээж байтал 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүмүүс орж ирээд ор, хөргөгч, тоос сорогч, ус буцалгагч, будаа агшаагч зэргийг 370.000 төгрөгөөр зарахаар тохиролцоод зурагт авсан айлаас дээрх зүйлсийг авч өгсөн...” /2-р хх-41-43/ гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-63/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-67-69/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-70-73, 79-80/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-76-77/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн В/133 дугаар, 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн В/148 дугаар шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-145, 153/ зэрэг нотлох баримтуудаар,

1.3. 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Буудай” зочид буудлын ресепшин М.Мөнхзулын виза картыг хулгайлан 467.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч М.Мөнхзулын “...2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буудай” зочид буудалд ажлаа хийж байхдаа текен дээр байсан виза картаа алдаж 467.000 төгрөгийг картнаас уншуулсан байсан. Тухайн өдөр буудалд хоносон Мөнхбат гэгч залууг үйлчлэгчтэй хамт “Home plaza” дэлгүүр дотор байрлах ATM-ээс “мөнгө аваад ирээч” гээд пин кодоо хэлж өгч явуулсан юм. Тэд яваад удалгүй мөнгө авчирч өгөөд Мөнхбат гэгч залуу миний картыг текен дээр тавьчихаад буцаагаад аваад гарсан камерийн бичлэг байсан...” /1-р хх-140-142, 3-р хх-137/,

Ц.Мөнхбатын сэжигтнээр өгсөн: “...2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Буудай” зочид буудалд ганцаараа орсон. Ресепшин М.Мөнхзул 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өглөө “АТМ-с мөнгө авах хэрэгтэй байна, яваад ирээч” гэж гуйхаар нь дараагийнх нь ээлжний ресепшинтэй хамт “Hone plaza” дэлгүүрийн үүдэнд байх АТМ-с 90.000 төгрөг авсан. Тэгээд 90.000 төгрөгийг нь өгөхөд дахиад 150.000 төгрөг хэрэг болчлоо, дахиад яваад өгөөч гэхээр нь ...“Hone plaza” дэлгүүрийн АТМ-с 150.000 төгрөг аваад өгөлгүй цааш таксидан Кино үйлдвэрийн АТМ-с 350.000 төгрөг аваад дахиж “Буудай” зочид буудалд очоогүй...” /2-р хх-41-43/ гэх мэдүүлгүүдээр,

1.4. 2015 оны 2 дугаар сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Golden vill” хотхоны 1008 тоотод оршин суух О.Батхишигийн гэрт нэвтрэн орж “Samsung S-3” загварын гар утас 1 ширхэг, “Mini ipad” 1 ширхэг, “Nokia Е-8” загварын гар утас 1 ширхэг, хар өнгийн хэтэвч, виза карт, дунд гарын хөөрөг, хар өнгийн ширэн оосортой цаг, 100.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 705.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Т.Батхишигийн “...2015 оны 2 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө унтаж байхад гэрт хулгай орж,  “Samsung” загварын S-3 гар утас 1 ширхэг,  “mini ipad” 1 ширхэг, “Nokia Е-8” загварын гар утас 1 ширхэг, 100.000 орчим төгрөгтэй хар өнгийн голоороо нугалардаг хэтэвч 1 ширхэг, иргэний үнэмлэх, виза карт, дунд гарын хөөрөг 1 ширхэг, бугуйн  цаг 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан. Цагаан сар болж байсан учир цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй...” /1-р хх-37-38/,

Ц.Мөнхбатын мэдүүгийг газар дээр нь шалгахад өгсөн: “...түлхүүр тааруулж ороод жижиг саарал өнгийн хөөрөг, “ipad”, “Samsung” загварын гар утас, “Nokia Е-8” загварын гар утас 1 ширхэг, 100.000 төгрөг зэргийг аваад гарсан...” /1-р хх-67-69/ гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-39, 40/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-67-69/ зэрэг нотлох баримтуудаар,

2. Урьд хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байх хугацаандаа, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар олж авсан гэмт хэргийг 7 удаагийн үйлдлээр:

2.1. 2015 оны 2 дугаар сард Нарантуул захын 20 дугаартай чингэлэгт барилгын цахилгаан тоног төхөөрөмж зардаг Б.Цэрэнтогтохоос барилгын материал авах нэрийдлээр хамт явж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 100 айлын барилгын материалын дэлгүүрийн орчим “гар утсаа өгөөч, яриад өгье” гэж хуурч мэхлэх аргаар “I phone 6 plus” загварын гар утсыг залилан авч 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Б.Цэрэнтогтохын “...2015 оны 2 дугаар сард байх одоо cap өдрийг нь санахгүй байна. Өглөө 11 цагийн үед Нарантуул захын 20 дугаар чингэлэг дээр шар царайтай казак маягийн намхан залуу ирээд сүмийн болон улсын байгууллагад ажилладаг Дарханд байшин барих гэж байгаа, цахилгаан бараа авна гэж хэлээд явсан. 13 цагийн үед дахин ирээд 1.800.000 төгрөгийн бараа авахаар болоод уг барааг ачихаар тохирч портер хөлслөөд бараагаа аваад хороолол руу офисс дээр нь уулзахаар болсон. ...та өөрийнхөө шаардах хуудас дээр авах бараагаа бич гэхээр нь тэгье гээд бичиж байтал та гар утсаа өгч байгаач хүнтэй утсаар яръя гэхээр нь анхаарал алдаж “I phone 6 plus” загварын утсаа өгөөд эргээд харахад алга болсон. Түүний орсон газар луу ороход цаашаа нэвт хаалгатай ямар ч камергүй байсан. Тэгээд гар утсаа залилуулснаа мэдсэн...” /2-р хх-12-14/,

Ц.Мөнхбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...бусдыг залилсан гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.” /4-р хх-136/ гэх мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-67-69/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-70-73/, эд зүйлийн үнэлгээ /2-р хх-15/ зэрэг нотлох баримтуудаар,

2.2. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Жаргалаас “байгалийн зураг авдаг хүн хайж байна” хэмээн иргэний үнэмлэхийг нь хуулбарлах гэж явахдаа “гар утасны цэнэг дууссан байна, гар утсаа өгчих” гэж хуурч мэхлэх аргаар “Samsung galaxy S-4” загварын гар утас, “Nikon” загварын зургийн аппаратны дуран зэрэг эд хөрөнгийг залилан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Б.Жаргалын “...2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийгөө Мөнхжаргал гэж танилцуулсан. Би олон улсын компанид менежер хийдэг гэж хэлээд хөдөө явдаг зурагчин хэрэгтэй байна, өндөр цалинтай, ажлын хэрэгсэл сайтай байх ёстой гээд намайг дагаад америк дарга руу яваач таныг танилцуулж аппратыг чинь харуулна гэж хэлэхээр нь ажлаа хаагаад гэртээ орж хувцасаа сольж өмсөөд уг хүний зургийг авсан юм. ...манайхаас гарч 13 дугаар хорооллын автобусны буудал дээр буухад тэр залуу намайг иргэний үнэмлэхний хуулбар хэрэгтэй гэсэн. Намайг явахад тэр залуу “миний утасны цэнэг дууссан, та утсаа өгчих” гэхээр нь би утсаа өгөөд иргэний үнэмлэхнийхээ хуулбарыг аваад буцаад ирэхэд тэр байхгүй байсан. Явахдаа миний цүнхнээс зургийн аппратны дуран аваад явсан байсан...” /2-р хх-8-10/,

Ц.Мөнхбатын “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол орж замын урд байрлах үйлчилгээний төвийн 3 давхарт гарч уг залууг иргэний үнэмлэхээ хуулбарлах хэрэгтэй гэж хэлээд түүний гар утсыг гуйж аваад худал дугаар луу залгаад ярих зуураа түүний цүнхнээс зургийн аппаратны линзийг нь хулгайлж аваад шууд гарч гар утсыг нь Хүнсний 4 дүгээр дэлгүүрт байх ломбарданд 160.000 төгрөгөөр зургийн аппаратны линзийг Их дэлгүүрийн баруун талд байх “Нико” гэх дэлгүүрт 150.000 төгрөгөөр худалдсан...” /2-р хх-54-55/ гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /2-р хх-39/ зэрэг нотлох баримтуудаар,

2.3. 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Б.Эрдэнэбилэгээс “АНУ-аас ирсэн иргэдэд гар утас авах гэсэн юм” гэж худал хэлж, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 84 дүгээр байрны 5 давхарын 37 тоотод дагуулан ирж “Grand 2”, “I phone 5” загварын гар утаснуудыг хуурч мэхлэх аргаар залилан авч 680.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Б.Эрдэнэбилэгийн “...2015 оны 2 дугаар сарын 4-ний өдөр ажил дээрээ байж байтал үл таних залуу орж ирээд “Би утас авах гэсэн юм, манай сүмд АНУ-аас хүмүүс ирсэн. 5 ширхэг гар утас авна” гэж хэлсэн. Тэгээд өөрийн лангуун дээр байсан 4 ширхэг гар утсыг аваад “Тэди” төв дээр суудаг найзынхаа лангуун дээр очсон. Манай найз 5 ширхэг гар утас авсан. Бид “Тэди” төвөөс такси бариад “Натур” төвийн ард талын 84 дүгээр байрны 5 давхарын 35 тоотод очоод нөгөө хүн хаалгыг онгойлгож ороод, “та 2 энд сууж бай” гэж хэлээд өөрөө ванны өрөөг онгойлгож хараад гараад явсан. Удалгүй буцаж орж ирээд нөгөө Америкууд хоолоо идэж байна. Одоо удахгүй ороод ирнэ гэсэн. Тэгээд байрны талаар ярьсан. Энэ байр дээрээсээ ус алддаг муу байр, та харах уу гэхээр нь өрөөнүүдийг нь үзэж байхад нөгөө залуу гараад явсан байсан. Бид ороод ирэх байх гэж бодоод сууж байгаад утсаа үзэхэд миний “Grand 2” загварын гар утас, найзын маань “I phone 5” загварын гар утсыг “Тэди” төв дээр байхад авна гээд халаасандаа хийсэн байсан тэр чигтээ аваад явсан байсан...” /1-р хх-196-199/,

Ц.Мөнхбатын сэжигтнээр өгсөн: “...Бүрд худалдааны төв рүү очоод гадаад хүнд утас зарах гэсэн юм гэж хэлээд утас зардаг хүнийг дагуулан “Тэди” худалдааны төв дээр очиж бас утас зардаг хүнийг дагуулан тэдэнтэй хамт Натур худалдааны төвийн урд байх 85 дугаар байр луу явсан. Тэгээд 34 тоот хаалгыг онгойлгож ороод тэдэнд мэдэгдэлгүйгээр  “Grand 2”, “I phone 5” 2 ширхэг утсыг аваад гарсан...” /2-р хх-41-43/ гэх мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-183-184/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-67-69/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-70-73, 185-190/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-195/ зэрэг нотлох баримтуудаар,

2.4. 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвийн гар утасны лангуунд суудаг Д.Баяртогтохоос “үзүүлэлт сайтай гар утаснууд авна” гэж хуурч мэхлэн дагуулан явж Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Урт цагааны урд ирээд “I phone 6”, “Samsung S-3” загварын гар утас 2 ширхэг зэрэг эд зүйлсийг залилан мэхлэн авч 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Д.Баяртогтохын “...Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” үйлчилгээний төвд гар утас, түүний дагалдах хэрэгслийг худалдаалдаг. ...20-30 орчим насны дэлдэн чихтэй, шар царайтай, туранхайдуу эрэгтэй хүн ганцаараа ирээд өөрийгөө ТV-9 телевизд ажилладаг, цагаан сарын баярыг тохиолдуулан 6 хүн шагнах гэж байгаа юм. “үзүүлэлт сайтай гар утас байна уу, ...ажил дээр очоод нягтлангаас мөнгө аваад өгчихнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууд “I hpone 6” загварын гар утас 1, “Евро S-3” загварын гар утас 5 ширхэгийг гаргаж өгөөд түүнтэй хамт явсан. Тэгээд нөгөө залуу дахиад эхнэртэйгээ яриад “Тэди” төв дээр байна гэж хэлсэн. Тэр залуу за хоёулаа шууд ажил руу явъя гээд нөгөө такситайгаа явсан ба замдаа ам цангаад байна, ус аваад ирье гээд машинаас буусан. Тэгээд эргэж орж ирээгүй. Би тэр залуугийн цүнхийг үзэхэд гар утаснуудаас “I phone 6” загварын гар утас 1, “Евро S-3” загварын гар утас 2 ширхэг, нийт 3 ширхэг гар утас алга болсон байсан...” /1-р хх-12-14/,

Ц.Мөнхбатын сэжигтнээр өгсөн: “...Драгон худалдааны төв дотор байрлах гар утасны лангуун дээр утас зардаг 30-35 насны залуутай өөрийгөө TV-9 телевизд ажилладаг гэж танилцаад “хэдэн утас аваад манай ажил дээр очих боломж байна уу” гэж асуухад “боломжтой” гэсэн. ...гар утсаа аваад түүнийг дагуулан Урт цагаан луу явсан. ...дэлгүүрээс ундаа аваад ирье гээд буухдаа I phone 6, Samsung S3 загварын гар утаснуудыг авч буугаад зугтаасан...” /2-р хх-48-49/ гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-15/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-67-69/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-70-73/ зэрэг нотлох баримтуудаар,

2.5. 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Э.Батсууриас “гадаадын төлөөлөгч нарт жуулчилдаг төлөөлөгч хүн байна, ажлын шугамаар Солонгос улсаас 5 хүн ирсэн байгаа, гар утас авах гэсэн юм” гэж хуурч мэхлэн, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кемпински” зочид буудлын гаднаас “Samsung noot 2”, “Samsung S-3” загварын гар утаснуудыг залилан мэхлэн авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Э.Батсуурийн “...2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн орчим нэг залуу орж  ирээд өөрийгөө “гадаадын төлөөлөгч нарт жуулчилдаг төлөөлөгч хүн байна ажлын шугамаар солонгосоос 5 хүн ирсэн байгаа, гар утас авах гэсэн юм. Та 5 ширхэг  утас зараач” гэсэн. Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “Кемпински” зочид буудалд байрлаж байгаа солонгос хүмүүс нөт 2, S-4 загварын гар утас авъя гэж байна цуг буудал дээр нь очъё та утсаа авчих гэж хэлсэн. Тэгээд 7 ширхэг гар утас аваад миний машинтай уг буудал руу явсан. Буудлын гадна очоод миний “Samsung galaxy S-3” загварын гар утсанд сим картаа хийж байсан өөрийнхөө дугаараас утас зарах гэж байгаа хүнтэйгээ яриад дуудаад байх шиг байсан. Нөгөө хүмүүс нь гарч ирэхгүй 20 минут орчим болсон би машинаасаа гараад машинаа арчиж байхад нөгөө залуу “буудал руу ороод нөгөө хүмүүсээ дуудаад ирье” гэж хэлээд явсан би машиндаа ороод утаснуудаа үзэхэд “Samsung galaxy S3” загварын гар утас 1 ширхэг, “Samsung galaxy S-4” загварын гар утас 2 ширхэг утаснуудыг аваад явсан байсан…” /1-р хх-171-174, 3-р хх-135/,

Ц.Мөнхбатын яллагдагчаар өгсөн: “...Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн ойролцоо байх гар утасны дэлгүүрт ороход 40 орчим насны залуу байхаар нь “гадаадын иргэнд хэдэн утас авч өгөх гэсэн юм, хүргэж өгөөд мөнгөө авах боломжтой юу” гэхэд зөвшөөрч 5-6 ширхэг гар утас аваад түүнтэй хамт “Кенпински” зочид буудлын хойд талд зогссон. “Мөнгө аваад ирье” гэхэд тэрээр машинаасаа буугаад хойд талын багаажаа цэвэрлэх хооронд “Samsung galaxy S-4” загварын гар утас 2 ширхэг, “Samsung galaxy S-3” загварын гар утас 1 ширхэгийг аваад явсан...” /2-р хх-54-55/ гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /3-р хх-151/ зэрэг нотлох баримтуудаар,

2.6. 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Д.Мөнх-Эрдэнэд “таниас 3, 4 ширхэг үнэтэй утас авъя, Дарханд гадаад хүмүүстэй явж байгаад гар утсыг нь машин дотроосоо алдсан, тэр хүмүүс нь урт цагаан дээр хүлээж байгаа, очоод мөнгийг нь өгье” гэж “I phone 5S” загварын гар утсыг нь залилан авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Д.Мөнх-Эрдэнийн “...2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ажил дээрээ гар утас зараад сууж байтал шар царайтай цүнх үүрсэн 165 см орчим өндөртэй залуу орж ирээд таниас 3,4 ширхэг үнэтэй утас авъя Дарханд гадаад хүмүүстэй явж байгаад гар утсыг нь машин дотроосоо алдсан. Хүмүүс нь урт цагаан дээр хүлээж байгаа очоод мөнгийг нь өгье гэхээр нь итгээд “I phone 5” загварын гар утас 2 ширхэг, “note -2” загварын гар утас 1 ширхэг, “Samsung galaxy S 3” загварын шинэ гар утаснуудыг аваад өөрийнхөө машинаар нөгөө залуутай хамт явсан. Урт цагаан дээр ирээд миний “I phone 5” загварын гар утсанд өөрийнхөө сим картыг хийгээд 650.000 төгрөгөөр авахаар болж дэлгүүр орж тамхи, ундаа авахаар буухаар нь араас нь хараад байсан чинь буцаж ирээд утсаар ярьж байгаад ундаа аваад ирье гээд урт цагаан луу ороод эргэж гарч ирээгүй алга болсон...” /1-р хх-42-44/,

Ц.Мөнхбатын яллагдагчаар өгсөн: “...Урт цагаан дээр очоод “хүнээс мөнгийг нь аваад өгье” гэхэд зөвшөөрч тэр залуугийн машинтай хамт явсан. Очоод нэг утсанд нь сим картаа хийж шалгаж үзээд ярьж байгаад “Хөм” ХХК-ийн хаалгаар ороод нөгөө хаалгаар нь хойшоо гараад явсан...” /2-р хх-54-55/ гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-45/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-67-69/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-70-73/,

2.7. 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Өргөө” кино театрын урд байрлах гар утасны лангуунд ажилладаг Н.Амартүвшингээс “гадаадын хүмүүстэй явж байгаа юм. Хамт явж байсан гадаад хүмүүс гар утаснуудаа алдчихлаа, үнэтэй утас байвал сайн байна” гэж худал хэлж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ардын эрх сонины орчим дагуулан очиж “гар утсаа өгөөч, надад утас байхгүй, нэгж хийгээд нөгөө хүмүүстэйгээ холбоо барих гэсэн юм” гэж хэлэн түүний “LG 2” загварын цагаан өнгийн гар утсыг залилан авч, 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Н.Амартүвшингийн “...2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр шар царайтай залуу орж ирээд “би Дарханаас ирсэн, гадаадын хүмүүстэй явж байгаа юм. Хамт явж байсан гадаад хүмүүс гар утаснуудаа алдчихлаа, үнэтэй утас авна, хамт очоод мөнгийг нь авчихвал сайн байна” гэхээр нь “ямар утас авах вэ” гэхэд үнэтэй утас хэрэгтэй гэхээр нь итгээд “note -2” загварын утас болон 5-6 ширхэг үнэтэй утсаа аваад түүнтэй таксигаар Ардын эрхийн сонины орчим буугаад “надад утсаа өгөөч, нэгж хийгээд нөгөө хүмүүстэйгээ холбоо барих гэсэн юм” гэхээр нь “LG 2” загварын гар утсаа өгөхөд байрны доод талын жижиг хүнсний дэлгүүр орсон. Би хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь араас нь ороход уг дэлгүүрт байгаагүй. Хэзээ, яаж гарч явсныг анзаарч харалгүй алдсан байсан...” /1-р хх-47-49/,

Ц.Мөнхбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...бусдыг залилсан гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.” /4-р хх-136/ гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /2-р хх-45/ зэрэг нотлох баримтуудаар,

3. 2015 оны 3 дугаар сарын 1-ний орой 20 цаг 30 минутын орчим Ш.Жигжидсүрэнтэй “гар утас авна” гэж яриад Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 38а байрны гадна машин дотор нь сууж байгаад гар утсыг нь авах зорилгоор амь биед аюултайгаар довтолж, нүүр рүү нь газ /зэвсгийн чанартай зүйл хэрэглэн/ цацаж, хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Ш.Жигжидсүрэнгийн “...2015 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 13 цагийн үед “I Phone 6” загварын гар утас 2 ширхэгийг худалдахаар Фэйсбүүк хаяган дээрээ байрлуулсан. 17 цаг 45 минутын үед 95164695 гэсэн дугаарын утаснаас нэг хүн ярьж гар утас үзье, танай байрны гадаа ирсэн байна, гараад ирэх үү гэхээр нь за гэж хэлээд гарч үзүүлсэн. Уг хүн “сүмд явдаг юм, сүмийн 4 солонгос хүнд утас авч өгнө. Мөн өөртөө гар утас авна, 5 гар утас авах гэсэн юм. Орой 20 цагт 11 дүгээр хорооллын 9 давхарт хүрээд ир” гэхээр нь “та нар ирээд ав” гэж хэлэхэд хоёр залуу зөвшөөрөөд явсан. Орой 20 цагийн үед залгаад бид хоёр ирчихлээ утсаа аваад гараад ир гэхээр нь 1 утас аваад та хоёр 5 давхарт гараад ир гэсэн чинь 5 давхарт гарч ирээд утсыг үзээд за болж байна, Солонгосчууд ирж яваа, чи гар утаснуудаа аваад гараад ир, бид хоёр 4-5 хүнийг дээш нь яаж гаргах вэ гэхээр нь гэртээ орж 5 гар утсаа цүнхэнд хийгээд байрны орцны үүдэнд гарч ирсэн. Тэгээд нэг залуу нь машинд чинь сууж үзье, даараад байна гэхээр нь машинд оруулсан. Тэр залуу нэгэнт утас авах юм чинь задлаад үзээд буцаагаад хайрцагт нь хийгээд миний хажууд тавихаар нь би утсыг аваад цүнхэндээ хийх хооронд нүүр лүү тойрог маягаар шингэн цацахаар нь амаа дараад хаалгаа онгойлгоод унахад нөгөө залуу машинаас буугаад тойрч ирж яваа харагдсан. Тэр үед орцноос хүмүүс гарч ирж таарсан ба нөгөө залуу зугтаасан. Миний нүд улайж юм харж чадахгүй байсан, нүүр, хамар халуу оргиод хорсоод байсан. Эхнэр цагдаа дуудсан. Миний гар утсыг авах гээд нүд рүү шингэн зүйл цацсан. Би гар утсаа алдаагүй...” /1-р хх-29-34/,

Гэрч З.Цогтбаярын “...Мөнхбатад надад мөнгөний хэрэг байна, надаас авсан мөнгөө өг гэхэд “би хүнээс юм аваад өөр хүнд зараад дундаас нь мөнгө гаргаж авна. Тэгээд чамд мөнгийг чинь өгье” гээд намайг дагуулаад Сансарын шатахуун түгээх станцын ойролцоо байх байрны гадаа очсон. Тэнд очоод нэг хүнтэй уулзсан. Тэр хүн нь машиндаа суусан. Мөнхбат хажууд нь ороод суусан. Би машинд суугаагүй гадаа үлдсэн. Тэд нэлээд удаан ярилцсан бөгөөд би Мөнхбатын талын хаалгыг онгойлгоод “яасан бэ” гэхэд “явж бай, маргааш холбогдож байгаад уулзъя” гэхээр нь эгчийнх рүүгээ явахаар тэдний машинаас 70-80 метрийн зайтай явж байтал “тас” гэх чимээ гарсан. Цонх хагарч байгаа юм байх даа гээд эргээд хартал Мөнхбат миний хойноос гүйгээд ирж байсан, нөгөө хүн нь машинаас буугаад байрныхаа орц руу гүйгээд орж байсан. ...Мөнхбат тэр хүнээс юу авах гэж байсныг мэдээгүй...” /3-р хх-10-11/,

Ц.Мөнхбатын яллагдагчаар өгсөн: “...Би Ш.Жигжидсүрэн гэх хүнээс гар утас хууран мэхлэх аргаар залилж авах бодолтой байсан. Тэр үед хохирогчийн машинд жолоочийн эсрэг талд суухад тэрээр өвөр дээрээ гар утсаа тавиад суусан. Би “I phone 5” загварын гар утсыг нь хайрцагнаас нь задалж үзээд буцаагаад хайрцаганд нь хийсэн. Гар утсыг нь залилж авах боломжгүй болохоор нь машинаас нь буухдаа машины хаалга хаагдах үед газ цацахад хохирогч жолооч талын хаалгаа онгойлгосон. ...жолоочийг машинаас буугаад орилохоор нь баригдахгүйн тулд зугтаасан. Хэрэг болох үед найз З.Цогтбаяртай хамт явсан. З.Цогтбаяр машинаас буугаад хол зогсож байсан...” /2-р хх-249/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба түүнд үнэлэлт, дүгнэлт өгөх боломжтой, хэргийг шийдвэрлэхэд цугларсан  нотлох баримтуудаар Ц.Мөнхбат нь 4 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, 7 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авсан, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултай аргаар буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж довтолсон гэмт хэргүүдийг тус тус үйлдэж бусдад нийт  13.552.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, зүйлчлэл зөв, шүүхээс түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулжээ.

Анхан шатны шүүхээс Ц.Мөнхбатад оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн хэргийн хэр хэмжээ, нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон, мөрдөн байцаалтын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Ялтан Ц.Мөнхбатын “...би дээрмийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилгогүй байсан гэдгээ мэдүүлсээр байхад хэт нэг талыг барьж ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. ...Хохирогчтой ярьсан ярианы бичлэгийг нотлох баримтаар үнэлж өгнө үү...” гэх агуулгатай гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Учир нь ялтан Ц.Мөнхбат нь хохирогч Ш.Жигжидсүрэнгээс гар утсыг нь авах зорилгоор “газ”-ыг зэвсгийн чанартай хэрэглэн нүүр лүү нь цацах үед хохирогч автомашинаас зугтан гарч, учирч болзошгүй бусад аюулаас урьдчилан сэргийлж чадсан байх бөгөөд  хохирогчийн эд хөрөнгийг өөрийн мэдэлд оруулсан эсэхээс үл хамааран довтолгоо хийснээр уг гэмт хэрэг төгссөнд тооцно.

Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж нь халдлагад өртөж байгаа этгээд рүү шууд чиглэж довтолгоо хийсэн байдаг бөгөөд уг гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн буюу довтолгоо хийснээр төгс үйлдэгдсэнд тооцдог онцлогтой.

Мөн ялтан Ц.Мөнхбат нь хохирогч Ш.Жигжидсүрэнтэй ярьсан ярианы бичлэгийг нотлох баримтаар үнэлүүлэхийг хүссэн байх боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт байгаа материалыг үндэслэн хянана.” гэж заасан байх тул дээрх гомдлыг хүлээн авах боломжгүй юм. 

 Иймд анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүхээс хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, ялтны гэм бурууд нийцсэн дүгнэлт хийсэн байх тул ялтан Ц.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 10 дугаар зүйлийн 10.10, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Ц.Мөнхбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Ц.Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, үлдсэн 4 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүх хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, харин хуульд байхгүй заалт хэрэглэсэн байна. Үүнд:

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “…Ц.Мөнхбатыг ялтай байхдаа давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан, бусдын амь насанд аюултай хүч хэрэглэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай…” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заагаагүй буюу “хууль бусаар” гэсэн заалтыг гэм буруугийн хэлбэрт оруулж бичсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан урьд нь хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байхдаа бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж олж авсан гэмт хэргийг давтан үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэн довтолсон гэх үйлдлүүдийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг алдагдалгүйгээр хуульд заасан үг хэллэгээр бичилгүй ойлгомжгүй дүгнэсэн нь хуульд үл нийцэж байх тул эдгээр заалтыг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой бөгөөд ялтны эрх зүйн байдлыг дордуулахгүй болно.

Харин хохирогч Б.Цэрэнтогтох “...2015 оны 2 дугаар сард ...гар утсаа өгөөд эргээд харахад алга болсон байсан...” /2-р хх-12-14/ гэж мэдүүлсэн байхад “...2014 оны 12 дугаар сард…” гэж,

хохирогч Э.Батсуурь “...2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн орчим нэг залуу орж ирээд ...гар утас авах гэсэн юм...” /1-р хх-171-174, 3-р хх-135/ гэж мэдүүлсэн байхад “...2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр…” гэж яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдсэн хугацааг тус тус буруу бичсэн алдаа гаргасныг засах боломжтой ба ялтан, хохирогч нар энэ талаар маргахгүй байгааг тэмдэглэж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын сарын 7-ны өдрийн 21А дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “Ц.Мөнхбат нь ялтай байхдаа давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан, бусдын амь насанд аюултай хүч хэрэглэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосусгай...” гэснийг, “...урьд нь хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байхдаа бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэн олж авсан гэмт хэргийг давтан үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан болон орон байранд нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэн довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай...” гэж өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, ялтан Ц.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.МӨНХТУУЛ

                        ШҮҮГЧИД                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                    Н.БАТСАЙХАН