Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 688

 

Б.Одонбямба, Л.Төмөрхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулын гаргасан 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 303 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Амарзаяагийн бичсэн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Б.Одонбямба, Л.Төмөрхуяг нарт холбогдох 201526010704 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Баян өндөр боргио овгийн Бадарчийн Одонбямба, 1973 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн 8 дугаар гудамжны 1 тоотод оршин суух, /регистрийн дугаар: НЮ73032791/,

Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 409 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2-д зааснаар 3 жил хорих ял,

Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 164 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 2 жил 9 сар 17 хоног хорих ял шийтгэгдсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 243 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, 2008 оны 1 дүгээр сарын 24-нд 1 жил 27 хоногийг тэнсэн суллагдсан,

 

2. Харагчууд овгийн Лхагвасүрэнгийн Төмөрхуяг, 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Улаангом хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Монголын үндэсний техникийн дээд сургуулийн барилгын инженерийн 2 дугаар дамжаанд оюутан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 65 дугаар байрны 53 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ОЭ84123174/,

 

1. Б.Одонбямба нь 2013 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэр “Загастайн даваа” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан шилэн аягыг зэвсгийн чанартай бусад зүйл болгон хэрэглэж Б.Пүрэвбаатарын баруун хацарыг зүсч бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

-Давтан үйлдлээр 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэр” ресторан бааранд хамтран амьдрагч Б.Буянхишигийг бусадтай хардан маргалдан пивоны шилийг зэвсгийн чанартай бусад зүйл болгон хэрэглэж ресторан баарны толь, зурагтыг хагалж эд зүйлсийг эвдэж устган догшин авирлаж танхайрсан,

-2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хос бэрс” төмрийн худалдааны төвийн хашаанд архи ууж согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Э.Оюун-Эрдэнэ, Б.Саранбаатар нарыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

-яллагдагч Л.Төмөрхуягтай бүлэглэн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хос бэрс” төмрийн худалдааны төвийн хашаанд архи ууж согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн М.Тогтохбаярыг хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

ганцаараа давтан үйлдлээр, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэн, бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч,

-2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Талын толгой” гэх газарт байрлах иргэн Ч.Түмэнжаргалын эзэмшлийн өвлийн байшингийн хаалгыг төмрөөр онгойлгон нэвтрэн орж угаалгын машин 1 ширхэг, Монгол гэрийн эсгий дээвэр 2, туурга 3 ширхэг, 40 литрийн бидон 3 ширхэг, хөнгөн цагаан бүрхээр 1 ширхэг, мужааны харуул 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж 1.955.000 төгрөгийн хохирол,

-2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд үйл ажиллагаа явуулдаг “Жей Эй Икс” ХХК-ийн хаалганы бэхэлгээг эвдэн орж дугуй задлагч, гагнуурын аппарат, гагнуурын хамелион баг, лед гэрэл 2 ширхэг, галын жоотуу, галын сүх тус бур 1 ширхэгийг хулгайлан Баатар-Эрдэнэд 3.310.000 төгрөгийн хохирол,

-2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Хөшөөт 2 дугаар багийн иргэн Хаянхярваагийн өвөлжөөний гаражаас туурга 4 ширхэг, дээвэр 2 ширхэгийг хулгайлан 620.000 төгрөгийн хохирол, А.Хаянхярваагийн гаражид байсан иргэн Л.Амартүвшингийн туурга 3 ширхэг, дээвэр 1 ширхэг, шалавч 1 ширхэг зэргийг хулгайлан 850.000 төгрөгийн хохирол,

-2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Хөшөөт 2 дугаар багийн иргэн Б.Баасандоржийн өвөлжөөний байшинд нэвтрэн жижиг хивс 1 ширхэг, эрэгтэй хүний сөдөн куртик 1 ширхэг, эмэгтэй хүний савхин дээл 1 ширхэг, өвлийн гутал 1 ширхэг зэргийг хулгайлан 800.000 төгрөгийн хохирол,

-2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг “Хиаман цех” гэх газарт Д.Батсүхийн хашааны нүхэн зоорины хаалганы төмөр хаалтыг хөрөөдөн нэвтрэн орж эсгий туурга 8 ширхэг, эсгий дээвэр 4 ширхэг, гэрийн шалавч 1 ширхэг, тавцантай цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг хулгайлан 1.840.000 төгрөгийн хохирол,

-2015 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын Уул гэх газарт байрлах иргэн Т.Хүрэлбаатарын өвөлжөөний байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч гэрийн эсгий туурга 13 ширхэг, дээвэр 1 ширхэг, үстэй дээл 1 ширхэг, эрэгтэй савхин куртик зэргийг тус тус хулгайлан 2.080.000 төгрөгийн хохирол,

-2015 оны 7 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Их булаг гэх газарт байх иргэн Д.Дашпунцагийн өвөлжөө дээрх амбаараас Монгол гэрийн эсгий туурга 8 ширхэг, эсгий дээвэр 2 ширхэг, эрдэнэт хивс 2 ширхэг, хулдаас 1 ширхэг зэргийг хулгайлан 1.200.000 төгрөгийн хохирол,

-2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар баг, Таван хумс гэх газар байрлах иргэн Ц.Мөнхсүхийн өвөлжөөний байшингаас бургасан хана 5 ширхэг, хивс 1 ширхэг, эсгий дээвэр 5 ширхэг, туурга 8 ширхэг зэргийг хулгайлан 2.700.000 төгрөгийн хохирол,

Батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Цогт зочид буудлын өрөөнд үйлчлүүлж байсан иргэн Ю.Баасанжавын халааснаас Хаан банкны виза картыг хулгайлан 1.560.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулан, энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 16.915.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан.

2. Д.Төмөрхуяг нь яллагдагч Б.Одонбямбатай бүлэглэн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хос бэрс” төмрийн худалдааны төвийн хашаанд архи ууж согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн М.Тогтохбаярыг хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Отгонбямбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5, 181.3 дахь хэсэгт зааснаар, Л.Төмөрхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: 1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 614 дүгээр захирамжид: 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагч Б.Одонбямбын үйлдлийн улмаас хохирогч М.Тогтохбаярын баруун дээд талын араа шүд нь хугарсан эсэх, шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлийн зэрэг өөрчлөгдөх эсэх зэргийг нягтлан шалгаж тогтоох шаардлагатай гэжээ.

Шүүхээс эрүүгийн хэргийг 2016 оны 614 дүгээр захирамжаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасны дараа: Хохирогч М.Тогтохбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ "...Одонбямба миний шүдийг хугалаагүй. Баруун талын дээд араа шүд гэдэг нь өмнө нь хийлгэсэн байсан хиймэл шүд. Уг хиймэл шүд нь тагнайд суулгадаг хэсгээрээ хугарчихсан байсан...одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй..." гэх мэдүүлэг болон анх мөрдөн байцаалтад өгсөн тайлбарт "миний шүд (хойд араа) унасан гэж, хохирогчоор өгсөн анхны мэдүүлэгт "...араа шүд унасан..." гэж өөр өөрөөр мэдүүлж, түүний мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй болсон байна. Өөрөөр хэлбэл "тухайн хүний өөрийн төрөлхийн араа шүд унасан" эсхүл "хиймэл шүд хугарсан" эсэх, зөрүүтэй мэдүүлгийг мөрдөн байцаалтаар бүрэн тогтоох, хэрэв тухайн хүний төрөлхийн шүд нь хугарсан бол гэмтлийн зэрэгт нөлөөлөх эсэх, шинжээчийн дүгнэлтэд өөрчлөлт орох эсэх талаарх шүүхийн захирамжид заасан заалтыг биелүүлээгүй.

Иргэний нэхэмжлэгч Л.Чимэддамбын мөрдөн байцаалтад өгсөн: "...миний хүнээс худалдаж авах гэж байсан ТОЗ-8 маркийн буу алдагдсан. Уг бууг би Төв аймгийн Баянцогт сумын харъяат Цогоо гэх хүнээс авах гэж байсан. Тэр буу миний эзэмшилд байж байгаад алга болсон болохоор би Цогоо гэх хүнтэй тааралдвал бууг нь төлж таарна. ...бууны хувьд хэдэн төгрөгөөр үнэлүүлэхээ мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг, түүний гэрчээр өгсөн "...Цогоо гэх хүнээс 400.000 төгрөгөөр худалдаж авна гээд тохиролцоод мөнгө өгөлгүй бууг нь авсан. ...Цогоо уг бууг миний буу байгаа юм гэж хэлж байсан. Цогоод нэг ч төгрөг өгөөгүй, бууг нь буцааж өгөх гэтэл авахгүй надад байж байг гэж хэлээд явсан. ...бууг нь хулгайд алдсан талаар Цогоотой тааралдаад хэлж байсан. Цогоог буу хадгалж бай гэхээр нь найдвартай газар гэж бодоод хүү Түмэнжаргалын өвөлжөөний байшинд хийгээд хадгалж байсан..." гэх мэдүүлэг зэргээс үзэхэд бууны үнийг хэн шаардах, нэхэмжлэх эрхтэй эсэх нь ойлгомжгүй байдал үүссэн, нөгөө талаас иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоогоогүй, мөн хохирлын хэмжээг тогтоох талаар заасан шүүхийн 2016 оны 614 дүгээр захирамжийн 6 дахь заалтыг биелүүлээгүй.

Тээврийн хэрэгслийн лавлагаагаар 15-85 УБР улсын дугаартай цагаан өнгийн "Делика" загварын автомашины эзэмшигч нь Б.Гүрсоронзон байна. Гэрч Д.Отгонмөнх мэдүүлэхдээ "...15-85 УБР улсын дугаартай цагаан өнгийн "Делика" загварын автомашиныг Гүрсоронзон гэдэг хүнээс 2014 оны 10 дугаар сард худалдан авч байсан. Одонбямбад 4 сая төгрөгөөр зарахаар болсон. 1.800.000 төгрөгийг бэлнээр авсан. Одонбямба одоо болтол үлдэгдэл мөнгөө өгөөгүй байгаа..." гэж мэдүүлжээ. Шүүхийн 2016 оны 614 дүгээр захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасны дараа мөрдөн байцаалтад: Иргэний нэхэмжлэгч Д.Отгонмөнхөөс "...2014 оны 10 сард Гүрсоронзон гэдэг хүнээс 15-85 УБР улсын дугаартай "Делика" загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 2.400.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...би уг машинаа 2015 оны 1 дүгээр сард Одонбямбад 4.000.000 төгрөгөөр зарсан. Тэгээд бэлэн 1.800.000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг 6 сарын дотор өгнө гэж тохироод ...одоог хүртэл үлдэгдэл мөнгөө өгөхгүй байгаа..." гэжээ. Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдод танилцуулсан тэмдэглэлд Д.Отгонмөнх "...Одонбямба гэх хүнд автомашинаа 4 сая төгрөгөөр зарсан, бэлэн 1.800.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгөө өгөөгүй байгаа учраас машинаа эргүүлэн авах хүсэлтэй байна. Би машинаа эргүүлж авна гэсэн бодолтой байсан учраас Одонбямбаас авсан 1.800.000 төгрөгнийхөө 1.000.000 төгрөгийг буцааж өгсөн." гэх хүсэлт гаргасан байна. Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2016 оны 03/4629 дугаар албан бичигт "...Болдын Гүрсоронзон нь...2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр...хилээр орж ирсэн тухай бүртгэл авагдсан байна." Иймд байцаан шийтгэх ажиллагаанд Б.Гүрсоронзонг зайлшгүй оролцуулж, дээрх автомашиныг Д.Отгонмөнхөд худалдсан эсэх, түүний эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн эсэхийг дахин шалгаж, тогтоох нь Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлд хамааралтай байна. Нөгөө талаар иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоох, гэм хорын хохирлыг хэн шаардах эрхтэй этгээдийг тодорхой болгоход чухал ач холбогдолтой байна.

2. Яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Үүнд: Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагч Б.Одонбямбыг "ганцаараа давтан үйлдлээр, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэн, бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан 16.915.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар" гэж тодорхойлсон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл яллагдагч Б.Одонбямбыг хэзээ, хаана, хэдэн удаагийн үйлдлээр, ямар гэмт хэрэг үйлдсэн гэж, мөн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гэх багаж хэрэгсэл, ашигласан гэх тээврийн хэрэгсэл зэрэг нь тодорхой бус, хэний орон байранд нэвтэрч хэнд, хэдий хэмжээний хохирол учирсан гэж яллаж байгаа үндэслэл нь тодорхой бус,

яллагдагч Б.Одонбямбын биеийн байцаалтад Хэнтий аймаг дахь сум дундын хэд дүгээр шүүхээр 2002 онд ял шийтгүүлсэн нь тодорхойгүй орхигдуулсан, Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 293 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгэгдсэн бол тухайн шийтгэх тогтоолын хуулбарыг хэрэгт хавсаргах,

яллагдагч Б.Одонбямбыг "Загастайн даваа" гэх газар согтууруулах ундаа хэрэглэн танхайрсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байна. Харин хэрэгт авагдсан хохирогч, сэжигтэн яллагдагч нарын мэдүүлгээр 2013 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр болсон гэх гэмт хэрэг нь Завхан аймгийн Улиастай сумын төв "Загсан нүд" гэх рестораны гадаа болсон гэжээ.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан "гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/-ыг нотлон тогтоогоогүй байна. Иймд гэмт хэрэг гарсан байдлыг зөв тогтоох.

Мөн яллагдагч Б.Одонбямбыг "Шилэн аяга, пивоны шилийг зэвсгийн чанартай бусад зүйл болгон хэрэглэж" гэсэн нь ойлгомжгүй буюу шилэн аяга, пивоны шилийг зэвсгийн чанартай ямар зүйл болгон хэрэглэснийг тогтоох.

Яллах дүгнэлтэд "Жэй Эй Икс" ХХК-ийн хаалганы бэхэлгээг эвдэн орж эд зүйл хулгайлан Баатар-Эрдэнэд 3.310.000 төгрөгний хохирол учирсан гэж хохирол учирсан этгээдийг буруу бичсэн, мөн хавсралтад иргэний нэхэмжлэлийг хангах арга хэмжээний талаар заахдаа хохирогч Л.Баатар-Эрдэнэд хохирол нөхөн төлөгдөөгүй гэж дүгнэсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл иргэн Л.Баатар-Эрдэнэ нь хохирогч "Жэй Эй Икс" ХХК-д хуулийн зөвлөх ажилтай, тус компанийг төлөөлөн компанид учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй байх ба, харин гэм хорын хохирлыг хүлээн авах эрх бүхий этгээд биш байна.

Иргэн Д.Батсүхийн нүхэн зоорины хаалганы төмөр хаалтыг хөрөөдөн нэвтэрч орж эсгий туурга 8 ширхэг, эсгий дээвэр 4 ширхэг, гэрийн шалавч 1 ширхэг, тавцантай цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг хулгайлсан гэх бөгөөд хэргийн газрын үзлэгт хөрөөг байшингаас, бусад эд зүйлийг нүхэн зоориноос алдагдсан гэж гэрэл зургийн үзүүлэлт байхад нэг газраас хулгайлсан мэтээр яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн хаалгыг хөрөөдөн нэвтэрч байгаа үйлдэл нь буюу төмрийн хөрөөг тусгайлан бэлтгэсэн эсэх. Мөн хууль зүйн нэр томъёогоор яллах дүгнэлтийг үйлдэх.

Яллах дүгнэлтийн хавсралтад иргэний нэхэмжлэгч Д.Отгонмөнхөд 2.400.000 төгрөгийг төлөх төлбөртэй гэж байгаа нь ойлгомжгүй. Эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссоос делика маркийн цагаан өнгийн 15-85 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 4.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн, нөгөө талаас Д.Отгонмөнх нь Б.Одонбямбаас автомашины худалдсан төлбөрт хүлээн авсан гэх 1.800.000 төгрөгийн 1.000.000 төгрөгийг Б.Одонбямбад буцаан өгсөн, автомашинаа нэхэмжлэнэ гэх хүсэлт гаргасан байх ба эдгээрээс үзвэл гэм хорын хохиролд хэдэн төгрөг төлөгдөх эсэх нь тодорхой бус болжээ. Иймд автомашиныг буцаах, эсхүл хэдэн төгрөг төлөгдөх эсэхийг зөв тогтоох шаардлагатай.

Яллах дүгнэлтийн хавсралтад яллагдагч Б.Одонбямба, Л.Төмөрхуяг нарыг хохирогч М.Тогтохбаярт тус бүр 132.000 төгрөгийн хохирол учруулсан хохирол нөхөн төлөгдөөгүй гэх, мөн хохирогч Э.Оюун-Эрдэнэд 230.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй гэх ба мөрдөн байцаалтад хохирогч М.Тогтохбаяраас өгсөн мэдүүлэгт "гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй" гэж, мөн хохирогч Э.Оюун-Эрдэнээс "надад гомдол санал алга, нэхэмжлэх зүйлгүй гэж тус тус мэдүүлсэн байх бөгөөд эдгээр нь дээрх байдалтай зөрүүтэй байх тул зөрүүг арилгах гэх үндэслэлүүдээр Б.Одонбямба, Л.Төмөрхуяг нарт нарт холбогдох эрүүгийн 201526010704 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор М.Амарзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийн зарим заалтууд үндэслэлгүй тул прокурорын эсэргүүцэл гаргасан. Шүүхээс эрүүгийн хэргийг 2016 оны 614 дүгзэр захирамжаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасны дараа: Хохирогч М.Тогтохбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ "...Б.Одонбямба миний шүдийг хугалаагүй. Баруун дээд талын араа шүд гэдэг нь өмнө нь хийлгэсэн байсан хиймэл шүд. Уг хиймэл шүд нь тагнайд суулгадаг хэсгээрээ хугарчихсан байсан.... одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй..." гэх мэдүүлэг болон анх мөрдөн байцаалтад өгсөн тайлбарт "...миний шүд хойд араа унасан" гэж, хохирогчоор өгсөн мэдүүлэгт “... араа шүд унасан ... гэж өөр өөр мэдүүлж, түүний мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй болсон байна. Өөрөөр хэлбэл “тухайн хүний өөрийн төрөлхийн араа шүд унасан” эсхүл “хиймэл шүд хугарсан” эсэх, зөрүүтэй мэдүүлгийг мөрдөн байцаалтаар бүрэн тогтоох, хэрэв тухайн хүний төрөлхийн шүд хугарсан бол гэмтлийн зэрэгт нөлөөлөх эсэх, шинжээчийн дүгнэлтэд өөрчлөлт орох эсэх талаарх шүүхийн захирамжид заасан заалтыг биелүүлээгүй байна гэжээ. Эрүүгийн хэрэгт хэв журмын ажилтан, цагдаагийн ахлах ахлагч Дарханбаатарын 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр М.Тогтохбаяраас авсан тайлбарт “...тэр намайг зодоод салсны дараа миний хойд араа унасан...” гэж, Мөрдөн байцаагч, цагдаагийн дэд ахлагч Д.Хосбаярын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр М.Тогтохбаяраас авсан тайлбарт “...нэг хойд шүд буюу араа шүд унасан....” гэж, Мөрдөн байцаагч, цагдаагийн дэд ахлагч Д.Хосбаярын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр М.Тогтохбаяр хохирогчоор өгсөн мэдүүлэгт “нэг араа шүд унасан, гэртээ эмчлэгдэж байсан” гэж, Мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батболдын 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр буюу нэмэлт мөрдөн байцаалтад буцаасны дараа М.Тогтохбаяр хохирогчоор дахин мэдүүлэхдээ “2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр та хохирогчоор мэдүүлэг өгөхдөө ...мөн баруун дээд талын араа шүдийг хиймлээр хийлгэсэн. Тэр шүдийг Б.Одонбямба нь намайг зодож байхдаа хугалсан гэж тус тус мэдүүлсэн байна. Хохирогч М.Тогтохбаяр “Б.Одонбямба миний шүдийг хугалаагүй, баруун дээд талын араа шүд гэдэг нь өмнө нь хийлгэсэн байсан хиймэл шүд. Уг хиймэл шүд нь тагнайд суулгадаг хэсгээрээ хугарчихсан байсан. Түүнээс биш эрүүл шүдийг цохиж хугалаагүй. Угаасаа миний хиймэл шүд хугарсан байсан учраас би шүүх эмнэлгийн эмчид үзүүлж байхдаа хэлээгүй юм. Хиймэл шүдний мөнгөнд 200 гаруй мянган төгрөг өгсөн. Би шүдээ хийлгэсэн...” гэж тодорхой мэдүүлсэн мэдүүлгүүдээр хохирогч нь хиймэл шүдтэй байсан нь тогтоогдог. Хохирогч М.Тогтохбаярын Б.Одонбямбад зодуулсаны улмаас түүний хиймэл шүд нь хугарч энэ тухайгаа мөрдөн байцаалтанд удаа дараа тогтвортой мэдүүлсээр байхад хиймэл шүд хугарсан эсэх асуудлаар шинжээчийн дүгнэлт дахин гаргах үндэслэлгүй. Хиймэл шүд нь унаж хугарсны улмаас гаргасан зардлаа мөрдөн байцаалтын шатанд нэхэмжилж хохирол төлбөрөө Б.Одонбямбаас гаргуулан авч одоо гомдол санал нь барагдсан байна.

2. Иргэний нэхэмжлэгч Л.Чимэддамба 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ "асуулт:.. танай хүү Түмэнжаргалын гэрээс алдагдсан гэх ТОЗ-8 маркийн буу хэний эзэмшлийн ямар учиртай буу юм бэ? Уг бууны галт зэвсгийн гэрчилгээ нь байгаа юу? Хариулт: Уг бууг би 2015 оны 6 сарын үед байх хүүгийн гэрт хулгай орохоос өмнөхөн мал махны ченж хийдэг Цогоо гэх хүнээс 400.000 төгрөгөөр худалдаж авна гээд тохиролцоод мөнгөө өгөлгүйгээр бууг нь авч шалгаж үзсэн. Тэгээд бууг шалгаж үзэхэд байгаа онохгүй байхаар нь эргүүлээд Цогоо гэх хүнтэй уулзаж чиний буу чинь байгаа онохгүй байна, буугаа буцааж ав гэж хэлсэн. Тэгтэл тэр надад хандаж таньд байж байг гээд явсан. Тухайн үед Цогоо нь Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөл гэх газар буюу баруун аймаг руу явдаг зам дагуу байрлах цайны газруудад махны ченж хийгээд байж байсан. Тэр бууг миний буу байгаа юмаа гэж хэлж байсан. Би Цогоод нэг ч төгрөг өгөөгүй, бууг нь буцааж өгөх гэхэд авахгүй надад байж байг гэж хэлээд явсан юм. Би Цогоогийн бүтэн нэрийг мэдэхгүй, Цогоотой тааралдаад бууг нь хулгайд алдсан талаар хэлэхэд “за яахав дээ” гэж хэлээд л өнгөрсөн. Би түүнээс галт зэвсгийн гэрчилгээ байгаа юу, хаана байгаа вэ гэдэг талаар асуугаагүй. Би Цогоогийн утасны дугаарыг аваагүй, хаана гэр орон нь байдгийг нь ч хэлж мэдэхгүй байна...", “...Одоо тэр буу миний эзэмшилд байж байгаад алга болсон болохоор би Цогоод төлнө. Миний эзэмшлийнх учир иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон байгааг хүлээн зөвшөөрч байна. Хэдэн төгрөгөөр үнэлүүлэхээ мэдэхгүй учраас эд зүйлийн үнэлгээ хийлгүүлэхгүй..." гэсэн мэдүүлэг тус тус авагдсан авагдсан байхад хохирлын хэмжээг тогтоох талаар заасан шүүхийн заалтыг биелүүлээгүй байна гэж буцаасан нь үндэслэлгүй байна.

3. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондовын 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 192 дугаар шүүхийн тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаахдаа улсын яллагчийн үйлдсэн яллах дүгнэлт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй. Яллах дүгнэлт нь нийт 10 хуудас бөгөөд үүний 7 хуудас нь тэмдэглэх болон тогтоох хэсэгт давтан бичигдсэн "яллагдагч нарын үйлдсэн гэх гэмт хэрэг" байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.3 дахь хэсэгт " “Тогтоох” хэсэгт яллагдагчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэгт тохирох...." гэж заасан бөгөөд дээрх байдлаас үзэхэд Яллах дүгнэлтийн тогтоох хэсэг ямар бүтэцтэй, юу юу тусгагдсан байхыг тус хэсэгт нэг бүрчлэн хуульчилж өгсөн. Яллах дүгнэлтийн "Тогтоох" хэсэгт яллагдагчийн үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл хэсгээр хэрвээ хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хэрэг бол ямар ямар шинжүүдээр зүйлчлэгдэхийг тусгасан байхыг хэлж байгаа. Яллагдагчийн үйлдсэн хэргийн товч агуулгыг Яллах дүгнэлтийн Тэмдэглэх хэсэгт тодорхойлон бичсэн байгаа тул Тогтоох хэсэгт дахин хуулж бичиж байгаа нь дээрх хуулийн шаардлагыг зөрчих, тэмдэглэх, тогтоох хэсгийн ялгаа зааг мэдэгдэхгүй байдалд хүргэж байгаа болно..." гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасаныг тус дүүргийн прокурорын газраас хүлээн авч цаашид яллах дүгнэлтийг шүүгчийн заасан заалтанд нийцүүлж бичиж байх нь хууль зүйн үндэслэлтэй юм гэсэн үүрэг чиглэл өгсөний дагуу хяналтын прокурор М.Амарзаяа би Б.Одонбямба нарт холбогдох олон үйлдэл холбогдолтой хэргийн яллах дүгнэлтийн Тогтоох хэсэгт “...яллагдагч нарын үйлдсэн хэргүүдийг ганцаараа болон давтан үйлдлээр, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэн, бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан 16.915.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар... яллагдана” гэж тэмдэглэх хэсгийг шууд хуулбарлахгүйгээр тодорхойлж өгсөн. Б.Одонбямбын үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт үйлдэл тус бүрээр нь нэн тодорхой бичээд харин тогтоох хэсэгт яллагдагчийн үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл хэсгээр хүндрүүлэх бүрэлдэхүүнийг дурьдаж эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл хэсгээр зүйлчлэгдэн яллагдах талаар тусгаж өгсөн байхад яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Яллагдагч Б.Одонбямбын биеийн байцаалтанд Хэнтий аймаг дахь сум дундын хэддүгээр шүүхээр 2002 онд ял шийтгүүлсэн нь тодорхойгүй орхигдуулсан, Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 293 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгэгдсэн бол тухайн шийтгэх тогтоолын хуулбарыг хэрэгт хавсаргах гэжээ. Яллах дүгнэлтийн биеийн байцаалтын хэсэгт Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн 164 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 9 cap 17 хоног хорих ял шийтгэгдсэн гэж тодорхой бичсэн, мөн Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 243 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгэгдсэн талаар дурдсан ба 243 дугаар шийтгэх тогтоолыг 293 гэж дугаарыг зөрүүлж техникийн алдаа гаргасан байна. Гэхдээ таслан шийдвэрлэх тогтоолуудын хуулбар 2 дугаар хавтаст хэргийн 68-70 дугаар хуудаст авагдсан тул энэ зөрчлийг шүүх хуралдаанаар хэлэлцээд зөвтгөх боломжтой байсан.

Мөн яллагдагч Б.Одонбямбыг "шилэн аяга, пивоны шилийг зэвсгийн чанартай бусад зүйл болгон хэрэглэж" гэсэн нь ойлгомжгүй буюу шилэн аяга, пивоны шилийг зэвсгийн чанартай ямар зүйл хэрэглэснийг тогтоох гэжээ. Б.Одонбямбын “...шилэн аягыг зэвсгийн чанартай бусад зүйл болгон хэрэглэж танхайрсан” гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн. Улсын дээд шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 3 дугаар тогтоолд дурьдсан “зэвсгийн чанартай бусад зүйл гэдэгт ахуйн болон аж ахуйн зориулалт бүхий, эсхүл хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулж болох эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж тодорхойлсноор шилэн аягыг өөрийн үйлдэлдээ хүч оруулахаар зэвсгийн чанартай хэрэглэж хохирогчийн нүүрийг зүсч гэмтэл учруулсан байхад зэвсгийн чанартай ямар зүйл болгон хэрэглэснийг тогтоох гэсэн нь ойлгомжгүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд "Жэй Эй Икс" ХХК-иас 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 16/14 дугаартай албан бичгээр Б.Одонбямбад холбогдох эрүүгийн хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр манай байгууллагыг төлөөлж хуулийн зөвлөх Л.Баатар-Эрдэнэ нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, дээрх хэргийн хохиролтой холбогдсон асуудлаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож, байцаан шийтгэх ажиллагааны бүрэн эрхийг эдэлнэ гэсний дагуу Л.Баатар-Эрдэнийг тус компанид учирсан хохирлыг нэхэмжлэх, гэм хорын хохирлыг хүлээн авах эрх бүхий этгээд мөн гэж байцаан шийтгэх ажиллагааны хохирогч, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож байцаан шийтгэх ажиллагаа явуулсан байхад шүүх Л.Баатар-Эрдэнийг гэм хорын хохирлыг хүлээн авах эрх бүхий этгээд биш байна гэж байгаа нь ойлгомжгүй ба гэм хорын хохирлыг Л.Баатар-Эрдэнэ нь хувьдаа авч завшина гэж болоогүй нөхцөл байдлыг шүүх болох мэтээр төсөөлж дүгнэж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.

Яллах дүгнэлтийн хавсралтад яллагдагч Б.Одонбямба, Л.Төмөрхуяг нарыг хохирогч М.Тогтохбаярт тус бүр 132.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирол нөхөн төлөгдөөгүй гэх, мөн хохирогч Э.Оюун-Эрдэнэд 230.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй гэх ба мөрдөн байцаалтад хохирогч М.Тогтохбаяраас өгсөн мэдүүлэгт " гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй" гэж, мөн хохирогч Э.Оюун-Эрдэнээс "надад гомдол санал алга, нэхэмжлэх зүйлгүй" гэж тус тус мэдүүлсэн байх бөгөөд эдгээр нь дээрх байдалтай зөрүүтэй байх тул зөрүүг арилгах гэжээ. Хэргийн материалын 3 дугаар хавтаст хэргийн 18 дугаар хуудсанд 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Э.Оюун-Эрдэнэ Бриллианс клиникт толгойн компьютер томографкт үзүүлэхэд 100.000 төгрөг, аарцагны компьютер томографкт үзүүлэхэд 130.000 төгрөг төлсөн баримт, хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч М.Тогтохбаяр Бриллианс клиникт толгойн компьютер томографкт үзүүлэхэд 100.000 төгрөг, Гэмтэл согог судлалын төвд 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр үзүүлж эхо, рентгэн зураг харалтад 32.000 төгрөг төлсөн баримт хавтаст хэргийн 16 дугаар хуудаст 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Б.Саранбаатар Бриллианс клиникт толгойн компьютер томографкт үзүүлэхэд 100.000 төгрөг, Гэмтэл согог судлалын төвд 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр үзүүлж эхо, рентгэн зураг харалтад 32.000 төгрөг төлсөн баримт зэрэг хохирлын баримт хэрэгт тус тус авагдсан байхад эдгээр нь дээрх байдалтай зөрүүтэй байх тул зөрүүг арилгах гэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ноцтой зөрүү гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь хохирлын баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд хохирогч нар гаргаж өгсөн боловч тухайн хэрэгт 3 жил мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж хэргийн шийдвэрлэлт удсанаас хохирогч нар одоо мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа асуудал дээр зөрүүтэй гэж үзэж байгаа нь буруу, шүүхийн хэлэлцүүлгийн үед бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 303 дугаартай шүүгчийн захирамжийн зарим заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 303 дугаар шүүгчийн захирамжийн үндэслэл хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй байна.

Шүүгч захирамжаараа нийт 11 үндэслэл зааж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байх бөгөөд дээрх үндэслэлүүдээс прокурор 8 үндэслэлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх буюу шүүх дүгнэлт хийж хянан шийдвэрлэх боломжтой учир захирамжийн тодорхойлох хэсгийн зарим заалтыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэнийг хүлээн авах нь зүйтэй байна.

Тухайлбал, хохирогч М.Тогтохбаярын хиймэл шүд хугарсан эсэх, энэ нь гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтэд нөлөөлөх эсэх, иргэний нэхэмжлэгч Л.Чимэддамбын алдагдсан гэх ТОЗ-8 загварын буу, иргэний нэхэмжлэгч Д.Отгонмөнхийн эзэмшлийн гэх “Делика” загварын 15-85УБР улсын дугаартай автомашины эзэмшигчид буцаан олгох, хурааж улсын орлогод оруулах, гэмт хэргүүдийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, яллагдагчийн хувийн байдал зэргийг дахин шалгах шаардлагагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор, байцаан шийтгэх ажиллагаанд оролцвол зохих оролцогч нарыг бүрэн оролцуулан шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, мөрдөн байцаалтад буцаасан энэхүү захирамжид дурдсан үндэслэлүүдийг тодруулан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95 дугаар зүйлд зааснаар хууль зүйн үнэлэлт дүгнэлтийг өгч бүхэлд нь шинжлэн судлах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 303 дугаартай захирамжийн “яллах дүгнэлт хууль ёсны байх шаардлагыг хангаж бичигдээгүй” талаар гаргасан заалтаас бусад заалтуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж гараагүй. Тухайлбал хохирогч Э.Оюун-Эрдэнэ, Б.Саранбаатар нарыг хохироосон талаарх үйлдлийг орхигдуулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлүүдийг дэлгэрэнгүй бичихгүйгээр хэт товчилж дүгнэсэн байх бөгөөд энэ талаар гаргасан шүүгчийн захирамжийн үндэслэлийг прокурор хүлээн зөвшөөрч байх тул “яллах дүгнэлтийг хуулийн шаардлага хангасан байдлаар дахин үйлдүүлэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгч захирамж гаргахдаа үүрэг болгосон заалтуудыг нэг бүрчлэн дугаарлаагүйгээс прокурорын эсэргүүцлийн аль хэсгийг хүлээн авч, шүүгчийн захирамжийн хэд дэх заалтыг хэрэгсэхгүй болгож буйг тогтоох хэсэгт заахад хүндрэлтэй буйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Прокурор М.Амарзаяагийн бичсэн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 303 дугаар шүүгчийн захирамжийн “яллах дүгнэлт хууль ёсны байх шаардлагыг хангаж бичих” талаар заалтуудыг хэвээр үлдээж, бусад заалтыг хүчингүй болгож, яллагдагч Б.Одонбямба, Л.Төмөрхуяг нарт холбогдох хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

2. Б.Одонбямба, Л.Төмөрхуяг нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧИД                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                             Ц.ОЧ