Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 690

 

 

 

 

 

 

 

 

 

     П.Ганхуягт холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Д.Очмандах, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор У.Дэндэвдорж,

шүүгдэгч П.Ганхуяг, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр, Д.Батсүх,

нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батсуурь даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 266 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор У.Дэндэвдоржийн бичсэн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн П.Ганхуягт холбогдох 201501000077 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Харчин овгийн Пунцагдоржийн Ганхуяг, 1968 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 9-3-27 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одонтой. /регистрийн дугаар: ШЖ68102970/

 

П.Ганхуяг нь Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/164 дүгээр тушаалаар байгуулагдсан “Мал, аж ахуйн чиглэлээр худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг хүлээн авах ажлын хэсэгт” ороогүй атлаа 2013 онд Худалдан авах ажиллагааны газраас зарласан Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамны сайдын багц-2 буюу ногоон тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт шалгарсан “Нью фоос” ХХК-иас тендерийн техникийн тодорхойлолтод заагдсан тоног төхөөрөмжийг хүлээн авалгүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн тендерийн техникийн шаардлага хангахгүй тоног төхөөрөмжийг хүлээн авч, акт үйлдэн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, улмаар Ц.Лхагвасайханаас өөрийн “ХААН” банкны 5014109564 тоот дансаар 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг хээл хахуульд авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас П.Ганхуягийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “П.Ганхуягт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3, 80.1.6 дахь заалтуудыг хангаагүй байна. Үүнд:

1. П.Ганхуяг нь Ц.Лхагвасайханаас 2 удаа дансаар нийт 15,000,000 төгрөг зээлдэж аваад 10,000,000 төгрөгийг өгсөн. 5,000,000 төгрөгийг өгөөгүй гэж байх тул мэдүүлгийн зөрүүг арилгаж, уг мөнгийг зээлсэн, хахуульд өгсний аль нь болохыг Ц.Лхагвасайханаас тодруулж асуух,

2. П.Ганхуяг тухайн хэргийн тусгай субъект мөн эсэхийг тогтоох, хэргийн субъектив талын шинж, шалтгаант холбоог нарийвчлан шалгах,

3. Ц.Лхагвасайхан П.Ганхуягийн дансанд 2 удаа мөнгө шилжүүлэхдээ Б.Энх-Уранаас зээл гэж яагаад шилжүүлсэн болон Б.Энх-Уран гэж хүн хэн болохыг тогтоох, энэ талаар Ц.Лхагвасайхан, П.Ганхуяг нараас тодруулах,

4. Ц.Лхагвасайханд холбогдох хэргийг 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Нийслэлийн прокурорын 17 дугаар тогтоолоор яллагдагчийн хүсэлтээр “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь заалтыг зөрчсөн байна” гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, П.Ганхуягт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор У.Дэндэвдорж бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт зааснаар П.Ганхуяг, Ц.Лхагвасайхан нар нь өөрсдийн эсрэг мэдүүлэг өгөх, өөрийн гэм буруу болон хэргийг бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй учир яллагдагч нарын мэдүүлгийг зөрүүг арилгах, Ц.Лхагвсайханаас асууж тодруулах ажиллагааг шүүх хуралдаанд тэдгээрийн мэдүүлгийг сонсох, асуулт тавих байдлаар нөхөн гүйцэтгэх боломжтой.

Ц.Лхагвасайхан нь мөрдөн байцаалтын шатанд Урнаа буюу Энх-Уран нь надаас 15,000,000 зээлсэн, П.Ганхуяг гэдэг хүнд мөнгө зээлээгүй, Хүнс хөдөө аж ахуйн яамны мэргэжилтэн П.Ганхуяг бид нарын хооронд ямар нэгэн өр, авлага, зээл байхгүй талаараа тодорхой мэдүүлсэн байх тул Ц.Лхагвасайханаас П.Ганхуягт мөнгө зээлсэн үү эсвэл хээл хахуульд мөнгө өгсөн эсэх талаар дахин байцаах шаардлагагүй гэж үзэж байна.

Хэрэгт Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Ганхуягийг албан тушаалтан, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаас хээл хахууль авсан гэж буруутгасан бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолт, ажилд томилогдсон тушаал, үр дүнгийн гэрээ, шагнал урамшуулал авч байсан тодорхойлолт зэрэг хувийн байдлыг нь тогтоосон нотлох баримтуудыг хавсаргасан. П.Ганхуяг нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан төрийн захиргааны албан тушаалтан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлд хамаарах субьект мөн болох нь нотлох баримтаар нотлогдсон. П.Ганхуяг, Ц.Лхагвасайхан нар нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, өөрсдийн хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх үүднээс Эрүүгийн хуульд заасан бусдаас хээл хахууль авах, өгөх гэмт хэргийг хүсэж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон.

Мөрдөн байцаалтын явцад П.Ганхуяг нь Урнаа буюу Б.Энх-Уран гэх эмэгтэйтэй Герман улсад туршлага судалж байхдаа танилцсан талаар мэдүүлсэн. Харин Ц.Лхагвасайхан нь уг эмэгтэйтэй эх Цацаагаар нь дамжуулан танилцсан ба Швед улсад олон жил ажиллаж амьдарсан хүмүүс, найз нөхдийн холбоотой, 24 орчим насны хүн байдаг талаар тодорхой мэдүүлсэн. Уг мэдүүлгийн дагуу Б.Энх-Уран гэгчийг олж тогтоох зорилгоор шаардлагатай ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн. Тухайлбал Улсын бүртгэлийн ерөнхий газраас Энх-Уран гэх нэртэй иргэдийн зурагтай лавлагааг авч П.Ганхуяг, Ц.Лхагвасайхан нараас тэдгээрийн таних Энх-Уран байгаа талаар лавлахад байхгүй хэмээн мэдүүлсэн. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас лавлахад, Энх-Уран гэх нэртэй иргэд нь 2013 оноос хойш Монгол улсын хилээр нэвтэрсэн талаар мэдээлэл бүртгэгдээгүй байсан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан лавлагааны дагуу яллагдагч нарын мэдүүлсэн Б.Энх-Уран гэгч байж болох 24 настай Эрдэнэбатын Энх-Уран гэгчийг олж тогтоон гэрчээр байцаахад П.Ганхуяг, Ц.Лхагвасайхан нарыг огт танихгүй талаар мэдүүлсэн.

П.Ганхуяг нь шүүхийн шат болон мөрдөн байцаалтад “Б.Энх-Уран гэж хүн огт байхгүй. Ц.Лхагвасайханаас 15,000,000 төгрөг зээлж дүү Нямбаатарт өгсөн” гэж мэдүүлснээс дүгнэн үзэхэд П.Ганхуяг, Ц.Лхагвасайхан нарын мэдүүлсэн Б.Энх-Уран гэх хүн байхгүй, П.Ганхуяг нь тийм хүнээс мөнгө зээлж авсан болох нь тогтоогдоогүй.

Прокуророос 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Ц.Лхагвасайханд холбогдох хэргийг түүний гаргасан хүсэлтийн дагуу 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно” гэж заасан тул Ц.Лхагвасайханы үйлдсэн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд хамаарахгүй гэж үзсэн болно. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт заасны дагуу Ц.Лхагвасайханы хэргийг тус хуулийн шаардлага хангасан тохиолдолд мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгох боломжтой ба мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасны дагуу тэрээр өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж прокурорын байгууллагад бичгээр хүсэлт гаргасан болно.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 266 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв.

 

Шүүгдэгч П.Ганхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч нарын тайлбарт нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгч П.Ганхуягийн өмгөөлөгч Д.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй учраас улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг дараах байдлаар үгүйсгэж байна.

1. Хээл хахууль авах гэмт хэргийн нөгөө талд хээл хахууль өгсөн этгээд заавал шалгагдаж тогтоогдох ёстой. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгийн нотлох баримтаар Ц.Лхагвасайхан нь хээл хахууль өгөөгүй гэж мэдүүлэг өгдөг ба тэрээр хээл хахууль өгсөн гэдгийг мэдүүлгээрээ нотолсон баримт хэрэгт байхгүй. Прокурорын хяналтын шатанд байхдаа хүсэлт бичиж өгсөн. Үүнийг хээл хахууль өгсөн гэж шалгагдаж байсан хүний хувьд энэ үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлага хангасан нотлох баримт гэж үзэх боломжгүй. Тийм учраас Ц.Лхагвасайханаас зээл, хээл хахууль өгөөд байгаа юм уу гэдэг асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу нотлох баримт байдлаар бэхжүүлж авах зайлшгүй шаардлага байсан. Урьд нь энэ асуудлаар бид нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөх хүсэлтийг шүүхэд гаргасан. Хээл хахууль өгсөн хүнийг хэргээс тусгаарласан нь П.Ганхуягт холбогдох хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж байна гэсэн хүсэлтийг ч мөн өгч байсан. Тийм учраас энэ талаар гаргасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна.

2. П.Ганхуяг нь энэ хэргийн тусгай субъект мөн үү гэсэн байгаа. Гэтэл улсын яллагч эсэргүүцэлдээ төрийн захиргааны байгууллагын албан тушаалынх нь хувьд П.Ганхуягийг субъект мөн гэж тайлбарлаад байна. Яг энэ үйлдэл буюу тоног төхөөрөмжийг хүлээж авах ажлын хэсгийн хувьд, тоног төхөөрөмжийг авах эрх бүхий этгээдийн хувьд П.Ганхуяг субъект болж чадах уу, үгүй юу гэдэг асуудал зайлшгүй тодорхойлогдох шаардлагатай. Гэтэл үүнийг ерөнхий агуулгаар нь тайлбарлаад төрийн захиргааны албан тушаалтан гэдгээр нь авч үзвэл өрөөсгөл ойлголт болно. Харин тусгайлан авч үзэж тоног төхөөрөмжийг хүлээж авах эрх бүхий этгээд мөн эсэхийг тодорхойлсноороо хээл хахууль өгөгчийн ямар эрх ашиг, ямар хийгдэх ёсгүй үйлдэл хийгдсэн бэ гэдэг асуудлыг зайлшгүй тодруулж байж энэ хэргийг шийдэх шаардлагатай гэж үзэж байна. Улсын яллагчийн хувьд П.Ганхуяг акт үйлдсэн гээд байдаг. Тоног төхөөрөмжийг хүлээж авсан акт гэдэг нь гэрээний гүйцэтгэлийг дүгнэж байгаа баримт бичиг юм. Үүнийг үйлдэнэ гэдэг агуулга нь тэр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрх бүхий этгээдүүдийн гарын үсэг зурагдсанаар энэ акт үйлдэгдсэн гэж үзэх учиртай. Гэтэл энэ актын төслийг бэлтгэсний хувьд П.Ганхуягийг актыг үйлдсэн гэж яллах нь буруу. Тийм учраас энд субъектив талын шинж, шалтгаант холбоог нарийвчлан тогтоох гэдэг шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа зайлшгүй хийгдэх ёстой. П.Ганхуяг актын төслийг бэлтгэснээ үгүйсгээгүй. Харин хэн гарын үсэг зурж актыг баталгаажуулах вэ гэдэгт хэрэгт шалгагдаад тодорхой этгээдүүд хариуцлага хүлээгээд хуулийн дагуу шийдэгдсэн асуудал байгаа. Тийм учраас улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна.

3. П.Ганхуяг “Энх-Уран гэж хүн байхгүй” гэж мэдүүлэг өгсөн. Тэгвэл Ц.Лхагвасайхан гэж хүн үүнд ямар байр суурьтай байгааг зайлшгүй асууж тодруулах шаардлагатай.

Мөн Ц.Лхагвасайханы хэрэг нь хэрэгсэхгүй болсон учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрхийнхээ дагуу энэ хүн үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй болчихоод байна. Бид энэ хүнийг шүүх хуралдаанд дуудах гэхээр шүүх хуралдаанд ямар статусаар оруулах вэ гэдэг нь ойлгомжгүй байгаа учраас зайлшгүй энэ 2 хүний үйлдлийг шүүхэд хамт ирүүлж байж нэг мөр шийдвэрлэх шаардлагатай.

4. Ц.Лхагвасайханд мэдүүлгийн хэлбэрээр энэ хүнээс үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн баримт байхгүй. Зүгээр алга дарам цаас дээр 2 өгүүлбэр бичсэн хүсэлтээр асуудлыг шийдвэрлэж байгаа нь буруу. Мөн хохирлын тооцоо яг хэд байх ёстой, хэд гэдэг тоог тэр хүн хүлээн зөвшөөрч өршөөлд хамрагдах гээд байна вэ гэдэг асуудал нь тодорхойгүй. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч П.Ганхуягийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорт хандаж ажлын хэсэгт ороогүй хүн яаж тоног төхөөрөмжийг хүлээж авах юм бэ гэдэг зүйл хэлэхээр “Гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсэн гэж буруутгаж байгаа” гэж ярьсан зүйлээсээ буцсан. Яллах дүгнэлт бол хуулийн дагуу шалгагдсан, үндэслэлтэй байх ёстой. Гэтэл шүүх дээр ирээд энэ нь мөн, энэ нь биш юм байна гээд эргэж буцах ёсгүй. Ажлын хэсэгт ороогүй хүн яаж хүлээж авах юм бэ. Өмнөх шүүх хуралдаан дээр энэ талаар олон удаа ярьсан. Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэгт орсон хүмүүс тоног төхөөрөмжийг хүлээж авсан. Тэр хүмүүс дунд П.Ганхуяг алга. Энэ нь Авлигын гэмт хэргийн шинж болох тусгайлсан субъект байх шинжийг хангахгүй байна гэдэг асуудлыг тавьсан. Гэтэл тэр асуудлыг ерөнхийлөөд төрийн албан хаагч ийм байж болохгүй гэдэг зүйл ярьдаг. Үүнээс харахад төрийн албан хаагч ямар нэг хүнээс зээл авч болохгүй юм байна. 2 дахь шүүх хуралдаанд ажлын хэсгийн бүх гишүүд бид буруутай байна, шалгах ёстой байсан ч шалгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдах хүсэлтээ гаргаад хамрагдсан байдаг. П.Ганхуяг нь Хүнс хөдөө аж ахуйн яамны Малын тэжээлийн үйлдвэрлэл, хангамж хариуцсан эрхэлсэн түшмэл гэдэг албан тушаалтан. Нэгэнт малын тэжээлийн тоног төхөөрөмж яам хүлээж авч байгаа бол ажлын хэсэг хүлээж авна. Ажлын хэсэгт орсон хүмүүс хүлээж аваад П.Ганхуягт хүлээлгэж өгсөн. Ажлын хэсгийн дарга нь П.Ганхуягт “чи хариуцсан мэргэжилтний хувьд очиж тоног төхөөрөмжийг ажлын хэсгээс хүлээж ав” гэдэг. Тэр хүлээж ав гэдэг үг нь тоног төхөөрөмж хүлээлцэх актад тодорхой бичигдсэн. Ажлын хэсэг хүлээж аваад хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэж өглөө гэсэн байдаг. Ажлын хэсэг хүлээж авсан тоног төхөөрөмжийг энэ хүн хүлээж авахгүй гэж хэлэх эрх байхгүй. Хэрвээ хүлээж авахгүй гэвэл албаны үүргээ зөрчсөн асуудал яригдана. Олон хүн оролцсон ажлыг хийж байгаа тохиолдолд тодорхой нэг хүн хариуцаад хийх үүрэгтэй байдаг. Нарийн бичгийн дарга тэмдэглэл гаргадаг. Гэтэл нарийн бичгийн дарга нь ажлын хэсгийн тоног төхөөрөмж хүлээж авсан актыг бичээгүй учраас хариуцсан мэргэжилтэн нь актаа бичээд өгсөн. Хүлээн авч байгаа ажлын хэсгийн гишүүд тэр акт дээр буруу зүйл байвал “би ийм зүйл яриагүй, протокол чинь буруу байна. Би өөрөө бичнэ, эсхүл би гарын үсэг зурахгүй” гэх эрх нь байгаа. Гэтэл нэг ч үг хэлэхгүй, миний хэлсэн юм зөв байна гээд гарын үсэг зурсан байхад П.Ганхуягийг хуурамч акт үйлдсэн, үүнийхээ төлөө хээл хахууль авсан байна гэж буруутгаж болохгүй. Энэ асуудлаас харахад энэ гэмт хэргийн субъектив талын шинж, сэдэл, санаа, шалтгаант холбоо байхгүй байна. Авлигын гэмт хэрэгт хохирол байх ёстой гэдэг шаардлага тавьдаг нь үнэн. Гэхдээ авлига авсан субъект нь хариуцлага хүлээсэн, шууд тусгайлсан субъект байх ёстой гэдгийг тогтоох ёстой. Үүнийг тогтоогоогүй. Мөн өмнөх шүүх хуралдаанд бид залилан мэхлэх гэмт хэргийг шинж байгаа юм биш үү гэхээр зөвхөн мөнгө авсан, өгсөн гэдэг асуудлыг хөөгөөд энэ хүртэл явж байгаа юм. Ийм байхад нэмэлт мөрдөн байцаалтад буцаахгүй яах юм вэ. Ажлын хэсэгт ороогүй хүн цалин авдаг дансаа өгөөд зээл авсан. Үүнийг хээл хахууль авсан гэж ойлгож болохгүй. Ц.Лхагвасайхан “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдахдаа яагаад ганц зүйл бичиж өгсөн юм бэ. 500,000,000 төгрөгийн өрөнд унахаас айгаад тийм бичиг өгсөн гэж үзэж байна. Гэмт хэргийг шалгаж байгаа бол Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар шалгах ёстой. Гэтэл өөрөө сайн дураараа нэг өгүүлбэр бичиж өгөхөд нь түүнд нь үндэслээд хэргийг хэрэгсэхгүй болгож болохгүй. Тийм учраас 266 дугаартай шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            П.Ганхуягт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн тогтоохын зэрэгцээ, зөвхөн улсын яллагчийн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд шалгаагүй байна. Үүнд:

 

1. Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамны захиалгаар Худалдан авах ажиллагааны газраас зарласан Ногоон тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт Ц.Лхагвасайхан нь “Нью фоос” ХХК-ийг төлөөлөх эрхгүй атлаа тус компанийн нэрээр оролцож шалгарсан байна. Ц.Лхагвасайхан нь тендерийн материалдаа БНСАУ-ын “Bokyung Greenhouses” компанийн ногоон тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг санал болгосон боловч БНХАУ-д хийгдсэн, үйлдвэрлэгч нь тодорхойгүй тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн. Уг тоног төхөөрөмжүүдийг захиалагчид хүлээлгэн өгөхдөө Хятад улсад үйлдвэрлэсэн байдлыг нуухын тулд хяналтын самбарыг Англи хэл дээр бичигдсэн заавар бүхий наалтаар далдалж, Хятад бичгүүдийг дарж будсан хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Ц.Лхагвасайханы үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байж болзошгүй байна. Энэ үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 527 дугаар шүүгчийн захирамжийн заалтыг огт биелүүлээгүй.

 

Нөгөө талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 267 дугаар зүйлд заасан албан тушаалтны нэр барих гэмт хэрэг нь залилан мэхлэх шинжгүй байх хуулийн шаардлагын дагуу зохих ажиллагаа хийгээгүй атал Ц.Лхагвасайханыг энэ зүйлд зааснаар ял сонсгож, өршөөлд хамруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймээс Ногоон тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэх, тендерт оролцсон Ц.Лхагвасайхан буюу “Нью фоос” ХХК-ийн үйл ажиллагаа хууль, тогтоомжид нийцсэн эсэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12, 15, 16 дугаар зүйлүүдэд заасан санхүүгийн чадавх, туршлагыг хангаж байсан эсэхийг тогтоон, Ц.Лхагвасайханы үйлдэлд хээл хахууль өгөх гэмт хэргээс гадна залилан мэхлэх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах бүх ажиллагааг хийх нь зүйтэй.

2. Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирлыг бүрэн бодитой тогтоож, хэн, хичнээн хэмжээгээр хариуцах ёстойг тодорхойлж, иргэний хариуцагчаар татан, хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хийгдээгүй байна.

 

Дээрх асуудлуудыг нэг мөр шалгахгүйгээр Ц.Лхагвасайханыг өршөөлд хамруулах боломжгүй байхад түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 267 дугаар зүйлийн 267.1, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /6-р хх-56, 57-58/ 

 

Ц.Лхагвасайханы прокурорт гаргасан хүсэлт нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэхэд учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл ямар гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа нь ойлгомжгүйн дээр гэмт хэргийн улмаас учирсан хичнээн төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь тодорхой бус байхад үүнийг тодруулалгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон нь “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.    

 

Тус хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлага хүлээхээс, ялтныг ял эдлэхээс чөлөөлөх асуудлыг зохицуулснаас бус ялаас бусад арга хэмжээ хэрэглэхийг хориглоогүй учир гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг тогтоож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай.

 

Шинжээчийн №01/02/034/01 дугаар дүгнэлт /5-р хх-148-150/-ийг Таримал ургамлын үрийн хяналтын улсын байцаагчийн мэргэшсэн чиглэл, мэдлэг ур чадварын хүрээнд гарсан эсэхэд эргэлзэж байгаа талаар өмгөөлөгч Б.Баясгалангийн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн энэ асуудлыг шинжээчээс тодруулж, хэрэв шаардлагатай бол дахин шинжилгээ хийх нь зүйтэй.

 

            Харин П.Ганхуяг нь хээл хахууль авах гэмт хэргийн субъектийн шаардлагыг хангаж байгаа эсэх, субъектив талын шинж, шалтгаант холбоог дахин шалгах, “мөнгө зээлсэн үү, эсхүл хээл хахууль өгсөн үү” гэдэг асуудлыг П.Ганхуяг, Ц.Лхагвасайхан нараас дахин асууж, тодруулах ажиллагааг хийх шаардлагагүй. “Энх-Уран” гэгч нь зохиомол нэр гэдгийг П.Ганхуяг мэдүүлснээс гадна Улсын бүртгэлийн лавлагаа, зээлийн гэрээ, түүнд зурагдсан гарын үсэг хуурамч болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр давхар батлагдсан учраас энэ хүн байдаг эсэхийг шалгах үндэслэлгүй байх тул шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1, 2, 3 дахь заалтуудыг эс зөвшөөрсөн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээж авсан болно.

 

Иймд шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1, 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгож, үүнтэй холбоотой улсын яллагчийн эсэргүүцлийн холбогдох хэсгийг хүлээн авч, шүүгчийн захирамжийн 4 дэх заалт болон тус шүүх хуралдаанаас гарсан магадлалд нэмж заасан асуудлуудыг шалгуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

                       

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 266 дугаар шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1, 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлээс шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1, 2, 3 дахь заалтуудын талаар бичсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      Д.ОЮУНЧУЛУУН

 

ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

 

М.ПҮРЭВСҮРЭН