Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 672

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Г.Отгонболд, Ж.Буянбаатар нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Г.Отгонболдын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, С.Сүхболд, Б.Тэнгис,

шүүгдэгч Ж.Буянбаатарын өмгөөлөгч Ш.Бадмаараг, Г.Батбаяр, Г.Хандсүрэн,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Оюун, шүүгч А.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 22ы өдрийн 82 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 23 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 20832197 дугаартай Г.Отгонболд, Ж.Буянбаатар нарт холбогдох хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10ы өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овогт Гонгорын Отгонболд, 1985 оны 9 дүгээр сарын 17-нд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум, 4 дүгээр багийн 127-3-41 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ ял шийтгэлтэй:

- Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлсэн,

- Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар нийт 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

- Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 96А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар нийт 12 жил 1 сар хорих ялаар шийтгүүлснийг, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 592 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр өмнөх Дорноговь аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 43 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 18 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, Г.Отгонболдын биечлэн эдлэх хорих ялыг 6 жил 1 сарын хугацаагаар тогтоосон, ЕЙ85091719 регистртэй;

 

2. Шаваран овогт Жигжидийн Буянбаатар, 1985 оны 3 дугаар сарын 2-нд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум, 4 дүгээр баг, Баруун буянт ухаа 4-5 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлтэй:

- Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 113 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 93 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 7 дугаар сарын 8-ны өдөр эдлээгүй үлдсэн 7 сар 13 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлсэн,

- Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар нийт 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 26 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ЕС85030211 регистртэй;

Г.Отгонболд, Ж.Буянбаатар нар давтан үйлдлээр, бүлэглэж, шунахайн сэдэлтээр 2008 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Газарчин дээд сургуулийн орчимд байрлах иргэн Ж.Отгон-Эрдэнийн гэрээс 1,060,000 төгрөгийн эд зүйл хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан,

Г.Отгонболд, Ж.Буянбаатар нар бүлэглэж, үл ялих зүйлээр шалтаглан /таксины төлбөр тооцооноос болж/ танхайн сэдэлтээр, 2008 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 8 дугаар гудамжны баруун хэсэгт байрлах дулааны төмөр хоолойн дэргэд иргэн А.Мөнхтогтохын цээжний баруун 8, 9 дүгээр хавирганы түвшинд, цээжний зүүн 4, 5 дугаар хавирганы түвшинд, өвчүүний дунд хэсэгт, толгойн оройн хэсэг, толгойн оройн чихний ар хэсэгт тус тус хутгалж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Г.Отгонболдод холбогдох үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2, 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар

Ж.Буянбаатарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Отгонболд, Ж.Буянбаатар нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй.

Прокуророос Г.Отгонболд, Ж.Буянбаатар нарыг бүлэглэж, танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хохирогч А.Мөнхтогтохыг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нар гэмт хэргийг хэрхэн хамтран үйлдсэн, хэн нь ямар үйлдэл, оролцоотой болохыг нарийвчлан шалгаж тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу явуулсан байна. Өөрөөр хэлбэл уг гэмт хэрэг гарсан байдал, хэргийг хэн, хэрхэн үйлдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхэд ач холбогдолтой байж болох зарим зүйлүүдийг шалгаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.1.3-д заасан гэмт хэргийн талаар нотолбол зохих зүйлүүдийг тогтоогоогүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Отгонболд хүнийг санаатай алах гэмт хэргийг шүүгдэгч Ж.Буянбаатартай хамт үйлдсэн гэх мэдүүлэг нь ямар нотлох баримтаар нотлогдож байгаа, шүүгдэгч Ж.Буянбаатар нь уг хэрэгт хамтран оролцоогүй гэх мэдүүлгийг үгүйсгэсэн баримт хэргийн материалд авагдаагүй байна. Дээрх нөхцөл байдлыг шалгуулах талаар дүгнэсэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 64, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 143 дугаар тогтоолуудын заалтыг биелүүлээгүй хэргийг шүүхэд ирүүлжээ.

Мөн мөрдөн байцаагч гэрчээр Д.Билэгбатыг байцаахдаа “...2008 оны 2 дугаар сарын 8-ны өдөр буюу 2008 оны цагаан сарын үеэр...” гэж асуулт асуух ба хариултыг мөн адил “...2008 оны 2 дугаар сарын 8-ны өдөр буюу 2008 оны цагаан сарын үеэр...” гэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144 дүгээр зүйлийн 144.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Гэрч Д.Билэгбатын дээрх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Ж.Буянбаатарыг хэдийгээр 2008 оны 2 дугаар сард буюу цагаан сарын үеэр траншейнд байсныг нотлох магадлалтай боловч 8 жилийн өмнөх байдлын талаар гэрч Д.Билэгбат нь “өдрийг нь онцлон хэлж” гэрчилсэн нь эргэлзээтэй байна.

Иймд дээрх нөхцөл байдал болон Улсын Дээд шүүхийн тогтоолын заалтьг биелүүлэх зайлшгүй шаардлагатай байх тул Ж.Буянбаатар, Г.Отгонболд нарт холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Отгонболд, Ж.Буянбаатар нарын бүлэглэж, танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хохирогч А.Мөнхтогтохыг санаатай алсан гэмт хэргийн нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, 2008 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 237 дугаар шинжээчийн дүгнэлт, гаргасан дүгнэлттэйгээ холбогдуулан шинжээч Н.Туяагийн өгсөн мэдүүлэг, 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн гарын мөрийн адилтгалын шинжилгээ хийсэн шинжээчийн 1341 дүгээр, 2014 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн гарын мөрийн адилтгалын шинжилгээ хийсэн шинжээчийн 2307 дугаар дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04/4287 дугаартай албан бичиг, шинжээч Б.Адилбаярын мэдүүлэг болон хохирогч, гэрч М.Энхзаяа, хохирогч А.Аюушцэрэн, гэрч Б.Чинчулуун, Ж.Отгон-Эрдэнэ, П.Ууганбаяр, А.Алтансүх нарын мэдүүлэг, шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт шинжээч Н.Туяа, Б.Адилбаяр, Г.Отгонболд нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Отгонболдын удаа дараа тогтвортойгоор өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэн нотлох баримтыг үнэлж дүгнэн үзээгүй ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна”, 284.3 дахь хэсэгт заасан “Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсэний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ”, 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх...”, 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасан “...тогтоолын тодорхойлох хэсэгт ...шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт, шүүхээс бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхойлно...”, 296.3 дахь хэсэгт заасан “...шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, ...яллах үндэслэл болж байсан нотлох баримтыг шүүх ямар учраас үгүйсгэж байгаа үндэслэлийг тодорхойлох ба шүүгдэгчийг гэм буруугүй болоход эргэлзээ төрүүлэх зүйлийг оруулж болохгүй” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Учир нь анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахдаа Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 64, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 143 дугаар тогтоолуудын заалтыг биелүүлээгүй гэж дүгнэхдээ нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар цуглуулан бэхжүүлж шалгасан нотлох баримтууд болох хохирогч А.Аюушцэрэн, гэрч М.Энхзаяа, Б.Батдэмбэрэл, Г.Эрдэнэбаяр, Д.Гантогтох, Б.Бадарч, С.Алтангэрэл, Г.Батбилэг нарын мэдүүлэг, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн гарын мөрийн адилтгалын шинжилгээ хийсэн шинжээчийн 4261 дүгээр, 2015 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн гарын мөрийн адилтгалын шинжилгээ хийсэн шинжээчийн 4715 дугаар дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04/4287 дугаартай албан бичиг, шинжээч Б.Адилбаярын мэдүүлэг, 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр яллагдагч Г.Отгонболдын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, туршилт хийсэн тэмдэглэл, холбогдох бичлэг зэрэгт үнэлж дүгнээгүй, дээрх нотлох баримтуудыг шүүх ямар учраас үгүйсгэж байгаа үндэслэлээ заагаагүй байна.

Түүнчлэн гэрчээр Д.Билэгбатыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144 дүгээр зүйлийн 144.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь гэрчийн мэдүүлэг өөрөө эргэлзээтэй байна гэж дүгнэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буруу тайлбарлан шүүх дүгнэлтээ хийсэн. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144 дүгээр зүйлийн 144.7 дахь хэсэгт “Байцаагдаж байгаа этгээд тоо болон санахад төвөгтэй бусад зүйлийн талаар мэдүүлэг өгөх бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн зөвшөөрснөөр баримт бичиг, ...ашиглаж болох ба тэдгээрийг тэмдэглэлд тусгах...” гэж заасны дагуу гэрч Д.Билэгбатыг 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр буюу хэрэг гарснаас хойш 7 жил 4 сарын дараагаар гэрчийн мэдүүлэг авахдаа 2008 оны 2 дугаар сарын 8-ны өдөр буюу цагаан сарын үеэр түүнийг хаана хэнтэй байсан талаар тодотгон асууж байгаа нь хөтөлж болон тулгаж асууж байгаа хэлбэр биш юм.

Гэрч Д.Билэгбат “...Би 2008 оны 2 дугаар сарын 8-ны өдөр ба 2008 оны цагаан сараар дээр хэлсэнчлэн намайг траншейнд Солонгоо гэж хүүхний хамт байхад уг залуу хүрч ирээд надтай мэнд усаа мэдэлцэж өдөржингөө хамт суусан юм...” /3-р хх-ийн 145 тал/ гэж мэдүүлдэг боловч Ж.Буянбаатарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шинэчилсэн удаа дараагийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...2008 оны 2 дугаар сарын 8-ны өглөө буюу шинийн нэгний өглөө Отгонболд бид хоёр айлуудаар хэсье гэж ярилцаад тэндээсээ Энхтайвны гүүрэн доогуур алхаад замдаа тааралдсан ...ганц хоёр айлаар андуурсан болж орсон. Нэг айл руу ортол тэр айлд хүн байхгүй, идээ засчихсан байхаар нь ширээн дээр нь байсан архи, хоёр таваг бууз, ойр зуурын салат болон идэх юмнаас нь авсан. Мөн ...нэрмэл архи аваад нэг хар хөгжим байсныг Отгонболд авсан...” /2-р хх-ийн 59 тал/, “...Г.Отгонболд бид 2 “Космос”-т 1 хоночихоод маргаашнаас нь “Сансар” зочид буудалдаа 2 хоночихоод маргааш өглөө нь буюу шинийн 1-ний өдөр гэр хорооллын айлуудаар хэсэж явж байгаад тэгээд орой нь 17 цагийн үед Г.Отгонболд аавтайгаа золгочихоод ирье гээд явсан юм. Би “Сансар” буудлаас гарсан өдрөө сайн санаж байгаа учир нь 2008 оны цагаан сарын яг битүүний өдөр байсан юм...” /2-р хх-ийн 60 тал/, яллагдагч Г.Отгонболдын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...тэгэхээр нь бид хоёр уг хоёр гэрийн зүүн талынх нь гэрийн цоожийг эвдэж гэрт ороход цагаан cap болж байсан болохоор ширээн дээрээ идээ будаа засчихсан тэгэхээр нь бид 2 уг айлын хөргөгчинд байсан 4-5 ширхэг ундаа савтай нэрмэл архи байсныг мөн ширээн дээр нь байсан 1 шил архийг авсан. Тэр үед Буянбаатар уг айлын ширээн дээр нь тавиатай байсан үхрийн өвчүүг авч цагаан шуудайнд хийж байсан. Тэгээд бид хоёр уг айлаас гараад буудаллаж байсан буудалдаа ирчихээд нөгөө айлаас авсан архиа хувааж уучихаад унтаад өгсөн...” гэх мэдүүлгүүдээр тухайн өдөр буюу 2008 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Цагаан сарын шинийн нэгний өдөр Ж.Буянбаатар нь Д.Билэгбаттай өдөржин байсан гэх мэдүүлэг нь няцаагддаг ба түүний мэдүүлгийг шүүх эргэлзээтэй гэж дүгнэн шүүгдэгч Ж.Буянбаатарын гэм буруугийн асуудлыг эргэлзээтэй болгон шүүхийн тогтоолд тодорхойлсон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Улмаар анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гэрч Д.Билэгбатыг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа гэрч ирээгүй бол түүний оролцоогүйгээр хэрэг хэлэлцэж болох эсэхийг талуудаас асуусан төдийхнөөр хязгаарлан хэргийн зарим нотлох баримтыг буюу гэрч Д.Билэгбатын мэдүүлгийг эргэлзээтэй гэж шүүхийн дүгнэлт хийж шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж байгаа нь ойлгомжгүй байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн нягталж үзэн дүгнээгүй байж шүүгдэгч нар гэмт хэргийг хэрхэн хамтран үйлдсэн, хэн нь ямар үйлдэл, оролцоотой болохыг нарийвчлан шалгаж тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явуулсан гэж дүгнэсэн нь мөн ойлгомжгүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасан “Сэжигтэн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт заасан “Яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэснийг ноцтой зөрчиж хэргийг яллагдагч, шүүгдэгч нараар нотлуулахыг шаардаж байна гэж ойлгогдохоор байна. Учир нь иргэн А.Мөнхтогтохыг санаатай алсан гэмт хэргийн тухайд энэ хэрэгт яллагдаж байгаа Г.Отгонболд, Ж.Буянбаатар нар нь хохирогчийн хамтаар 3-уулаа байсан бөгөөд хэргийн жинхэнэ байдлын талаар өөр өөрөөр эсрэг мэдүүлдэг. Хэдийгээр өөрийн гэм бурууг нотлох, үнэн зөвөөр мэдүүлэх үүрэггүй ч Г.Отгонболдын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт удаа дараа тогтвортойгоор өгсөн мэдүүлэгт “...таксины жолооч Мөнхтогтохыг Буянбаатар алсан...” гэж мэдүүлсэн мэдүүлгийн эх сурвалжийг бүрэн тодорхой байдлаар нарийвчлан хэлж мэдүүлсэн. Тухайлбал:

Г.Отгонболдын 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “...Тухайн үед уг машинд жолоочоос гадна ямар нэг хүн байгаагүй тэгээд уг машинд суухдаа би машины урд талд нь харин Ж.Буянбаатар болохоор арын суудал дээр суугаад би жолоочид аавынх руугаа зам заагаад явсан. Тэгээд Өргөөгөөс хойшоо шинээр тавигдсан байсан Энхбаярын замаар өгсөөд төмөр гүүр дөнгөж гараад явж байтал Ж.Буянбаатар жолоочтой ахаа 2000 төгрөг өгчихье гэтэл нөгөө ах та хоёр тийм л байсан юм бол яах гэж машин барьсан юм гээд хоорондоо маргалдаад байсан тэгж байтал нөгөө жолоочийн араас Ж.Буянбаатар түүний хүзүү хавьдаа нь цохиод авах шиг болсон. Тэгтэл нөгөө ах чинь машинаа тоормозлон зогсооход нь Ж.Буянбаатар машинаас бууж жолоочийн талаар ирж хаалгыг онгойлгоод цээж руу нь 2-3 удаа цохиод авсан тухайн үед тэр эхний цохилтонд эвгүй дуугарсанаа чимээгүй болчихсон... Тэгээд Ж.Буянбаатар уг машиныг бариад доошоо уруудаж байгаад их хол явалгүй зогсоод талийгаачийг нэг харанхуй гудамжинд аваачиж хаячихаад буцаад ...Ж.Буянбаатар уг машиныг бариад Бөхийн өргөөний урд талын байрнуудын тэнд зогсохоор нь би шууд машинаас буугаад буудал руугаа алхсан...” /2-р хх-ийн 127-128 тал/ гэсэн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар тогтоогддог. Энэ нь:

1. “Төмөр гүүр дөнгөж гараад явж байтал Ж.Буянбаатар талийгаачийн араас хүзүү хавьцаа нь цохих үед Мөнхтогтох нь машинаа тоормозлон зогссон” энэ нь 2008 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хэргийн газарт хийсэн үзлэгийн “Мөнхтогтох тухайн үед жолоодож явсан гэх “Аксент” загварын суудлын автомашины хойд талын дохионы гэрлийн тагны хагархайнууд байсан гэх газар нь Баянгол дүүргийн 10 хороо, Зүүн нарангийн 20 дугаар гудамжны урд талд байрлах ...төмөр хашлага бүхий бетонон гүүрэн дээр байрлах цементэн хучилттай засмал зам байх ба ...суудлын автомашины хойд талын гэрэл дохионы улаан өнгөтэй 5 см өргөнтэй 13 см урттай улаан пивор тагны хагархай түүнээс баруун зүгт 80 см зайд цагаан хосолсон 4 см өргөнтэй, 15 см урттай дохионы улаан өнгийн пивор тагны 2 хэсгийг эмх цэгцгүй тараах тавьсан... засмал зам дээр автомашины хойд талын гэрэл дохионы улаан өнгийн тагны хагархайнууд 4x1,5 м талбайг хамарсан газарт эмх цэгцгүй тараасан байдалтай байв” гэсэн тэмдэглэл, талийгаачийн тухайн үед жолоодож явсан гэх “Аксент” загварын суудлын автомашинд 2008 оны 2 дугаар сарын 13-ны өдөр үзлэг хийсэн “...Машины 4 хаалгыг татаж үзэхэд онгойхгүй түгжээтэй, баруун хойд талын гэрлийн улаан өнгийн гадаргуу нь хагарсан, түүний харалдаа доод талын хүрээ 44.5 см хэмжээтэйгээр гэсэн хэлбэртэйгээр хагарч цуурсан байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2008 оны 2 дугаар сарны 9-ний өдөр цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, 2008 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 237 тоот шинжээчийн дүгнэлтэнд дурдагдсан талийгаачийн биед “...Толгойн орой хэсэгт 1x0.3 см зах ирмэг тэгш өнгөц зүсэгдсэн шархтай. Баруун чихний доор 0.5x0.3 см орчиндоо улаан хүрэн өнгийн цус хуралт бүхий зүсэгдсэн өнгөц шархтай...” гэсэн үзлэгийн явцын тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгахад Г.Отгонболдын хэлж, заасан газар нь амь хохирогч А.Мөнхтогтохын цогцсыг олсон газартай тохирч байгаа байдал, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна.

2. “Ж.Буянбаатар машинаас бууж жолоочийн талаар ирж хаалгыг онгойлгоод цээж рүү нь 2-3 удаа цохиод авсан тухайн үед тэр эхний цохилтонд эвгүй дуугарсанаа чимээгүй болчихсон” гэх мэдүүлэг нь 2008 оны 2 дугаар сарын 9-ний өдөр цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, 2008 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2008 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 237 дугаар шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Н.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун зүүн ховдлын хатгагдсан шарх гэмтэл нь шууд үхэлд хүргэсэн. Энэ нь 8, 9-р хавирганы түвшин дэх цээжний хөндий рүү нэвтэрч зүрхийг гэмтээсэн шарх юм. 4, 5-р хавирганы түвшин дэх гэмтэл нь үхэлд шууд хүргээгүй... Хажуу тал болон эгц урдаас доороос дээш, баруунаас зүүн чиглэлтэй үүссэн шарх гэмтэл учирсан байна... Үхэлд хүргэсэн гэмтлийг авсан тохиолдолд ямар нэг үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. Үхэлд хүргэсэн гэмтлийг авсан даруйдаа нас барна. Орилж хашгирах боломжгүй шууд газар дээрээ нас барна...” гэсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мэдүүлгийг шалгаж, туршилт хийсэн тэмдэглэл, явц байдлын талаарх бичлэгүүдээр Г.Отгонболдын хэлж, дүрслэн үзүүлж буй байдал, хэрэг учрал болсон газрын байршил зэргийг шууд заан олж мэдүүлж байгаа нь хохирогч А.Мөнхтогтохын биед учирсан гэмтлүүд таарч байгаа байдал зэргээр тогтоогдож байна.

3. “Ж.Буянбаатар уг машиныг бариад доошоо уруудаж байгаад их хол явалгүй зогсоод талийгаачийг нэг харанхуй гудамжинд аваачиж хаячихаад буцаад ...Ж.Буянбаатар уг машиныг бариад Бөхийн өргөөний урд талын байрнуудын тэнд зогссон” гэсэн мэдүүлэг нь хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2008 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /талийгаачийн цогцос олдсон газарт үзлэг хийсэн тэмдэглэл/, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2008 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /Мөнхтогтох тухайн үед жолоодож явсан гэх “Аксент” загварын суудлын автомашин олдсон газар болон машинд үзлэг хийсэн тэмдэглэл/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд Г.Отгонболд нь “таксины жолоочийг би алаагүй, гэмт хэргийг Ж.Буянбаатар үйлдсэн” гэж мэдүүлдэг мөртлөө хэрэг болсон цаг хугацаа, хэрхэн яаж үйлдэгдсэн гэдгийг тухайн үеийн үйл явдлуудтай холбон мэдүүлж байгаа нь хэргийн үйл баримттай тохирч байгаагийн зэрэгцээ хавтаст хэрэгт авагдсан хохирогч А.Мөнхтогтохын 2008 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд унаж явсан түүний эзэмшлийн УБВ 26-44 дугаартай “Аксент” загварын автомашинд үзлэг хийх явцад илэрч бэхжүүлэгдсэн “2008-6283-БГД” бүртгэлийн дугаараар 1-6 гэж дугаарласан 6 ширхэг гарын мөрөнд гарын мөрийн адилтгалын шинжилгээгээр “2” гэж дугаарласан гарын мөр гарын хээний нэгдсэн санд “MN004000000416”, “MN005110001134”, “MN000710012436”, “2511873” дугааруудаар 4 удаа бүртгэгдсэн Гонгор овогтой Отгонболдын зүүн гарын алга хэсгийн хээтэй тохирч байна” гэсэн 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн гарын мөрийн адилтгалын шинжилгээ хийсэн шинжээчийн 1341 дүгээр дүгнэлт, 2014 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн гарын мөрийн адилтгалын шинжилгээ хийсэн шинжээчийн 2307 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04/4287 дугаартай албан бичиг, шинжээч Д.Адилбаярын мөрдөн байцаалтын болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэргээр давхар нотлогдож байна.

Улмаар Г.Отгонболд нь Ж.Буянбаатарын хамтаар бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн талаараа Тахир соёот дахь хорих ангид ял эдэлж байхдаа Ж.Буянбаатартай утсаар холбогдон хоорондоо ярьдаг байсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Г.Эрдэнэбаяр, Б.Батдэмбэрэл нарын мэдүүлэг, Г.Отгонболдын ярьсан гэх утасны дугаараас Ж.Буянбаатарын хэрэглэж байсан дугаар руу залгасан талаарх лавлагаа зэрэг шууд бус нотлох баримтуудаар нотлогддог ба Г.Отгонболдын “Ж.Буянбаатарын таксины жолооч А.Мөнхтогтохыг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн” талаар мэдүүлж байгаа дээрх мэдүүлгийг үгүйсгэн няцааж байгаа нотлох баримт хэрэгт байхгүй. Ж.Буянбаатар нь хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдээгүй, Г.Отгонболд өөрийг нь гүтгэж байгаа талаар мэдүүлдэг боловч өөрийн гэм буруугүй талаараа марган өгч байгаа мэдүүлгийнхээ эх сурвалжийг бүрэн зааж нотлох ажиллагааг хийлгэж чадаагүй ба Г.Отгонболд нь Ж.Буянбаатарыг энэ гэмт хэрэгт гүтгэх ямар нэгэн өс хонзонтой санаа зорилготой байдал, түүнчлэн Г.Отгонболдыг эрүүдэн шүүж, мэдүүлэг авсан нөхцөл байдал хэрэгт байгаа нотлох баримтуудаар тогтоогдоогүй.

Г.Отгонболд, Ж.Буянбаатар нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн дүүрэн хийгдсэн, хэргийг шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүний шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэсний дагуу шүүх хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 82 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Буянбаатарын өмгөөлөгч Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоол нь Улсын Дээд шүүхийн тогтоолд үндэслэн үнэн зөв, бодит байдалтай нийцэж гарсан. Шүүх Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийг нягтлан үзэх үүрэгтэй. Уг хэрэгт шалгавал зохих зүйлсийг шалгаагүй. Алтангэрэлийг сэжигтнээр татан шалгах зүйтэй...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Буянбаатарын өмгөөлөгч Ш.Бадмаараг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүхийн заалтыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхээр шинэчлэн хэлэлцэхэд заавал биелүүлнэ” гэж заасан. Улсын Дээд шүүхийн тогтоолоор Ж.Буянбаатарын гэм бурууг тогтоож байгаа нотлох баримтууд хангалтгүй, хэрэг хэдийд гарсан, хэн үйлдсэн зэргийг тогтоо гэсэн. Анхан шатны шүүх дээд шатны шүүхийн эрхийн актыг заавал биелүүлэх ёстой учраас уг хэргийг хэлэлцээд мөрдөн байцаалтад буцаасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан цагдан хорих хугацааг хэтрүүлж, Ж.Буянбаатарын эрх зүйн байдлыг дордуулж байна...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Буянбаатарын өмгөөлөгч Г.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан...” гэв.

 

Шүүгдэгч Г.Отгонболдын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоолыг зөвшөөрөхгүй байна. Прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. Г.Отгонболд нь Ж.Буянбаатартай хамт хулгай хийсэн, хүн амины хэргийг үйлдсэн гэж мэдүүлдэг. Г.Отгонболд 4 жил гаруй хоригдож, биеийн байдал муу байгаа тул батлан даалтад гаргаж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Г.Отгонболдын өмгөөлөгч С.Сүхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчийн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуульд зааснаар хэргийг хөдөлбөргүй нотлохыг шаарддаг. Мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай хийгдсэн. Нэгэнт нотлох баримтууд эргэлзээтэй гэдэг үндэслэлээр Улсын Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа учраас нотлогдохгүй байгаа зүйлийг нотлох гэж ажиллах шаардлагагүй. Эргэлзээтэй байгаа бол холбогдогч нарт ашигтайгаар шийдвэрлэх хуулийн зарчмыг баримталж хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй...” гэв.

 

Шүүгдэгч Г.Отгонболдын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн, нотлогдохгүй гэж үзсэн. Г.Отгонболд уг гэмт хэргийг Ж.Буянбаатар үйлдсэн гэж мэдүүлдэг. Түүний мэдүүлэгт үндэслэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, зөвтгөн шийдвэрлэх боломжтой. Хэрэгт байгаа нотлох баримтанд дүгнэлт хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах боломжтой гэж үзэж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзээд,

2015 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 64 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоол, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 143 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолд тус тус заасан шалган тогтоовол зохих асуудлуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан бүхий л арга, хэрэгслийг ашиглан бүрэн гүйцэд хийх шаардлагатай,

 анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд Г.Отгонболд, Ж.Буянбаатар нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 82 дугаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн улсын яллагч Н.Мөнхцэцэгийн 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 23 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧИД                                                        Т.ӨСӨХБАЯР

 

                                                                                                  Д.ОЧМАНДАХ