Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 673

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Б.Ганбатад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор У.Солонго,

ялтан Б.Ганбат, түүний өмгөөлөгч Л.Батаа,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 50А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Ганбатын гаргасан давж заалдах гомдлоор Б.Ганбатад холбогдох 201301030805 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигин овогт Баасангийн Ганбат, 1973 оны 3 дугаар сарын 22-нд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 20 дугаар гудамжны 14 тоотод оршин суух бүртгэлтэй,

1. 1998 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2. 2000 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 16 хоногийн ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн,

3. 2000 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

4. 2003 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар,

5. 2003 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, өмнөх 2003 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сар хорих ялын эдлээгүй үлдсэн 4 жил 1 сар хорих ялаас 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жил хорих шийтгүүлж, 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

6. 2009 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: ВМ73032217/;

 

Б.Ганбат нь 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 10-05 тоотод оршин суух иргэн Т.Азжаргалын эзэмшлийн байшингийн жижиг өрөөний цонхоор нэвтэрч зургийн аппарат, “Тошиба” загварын зөөврийн компьютер, гар цүнх, хос мөнгөн ээмэг, дунд гарын мөнгөн аяга, гоо сайхны бүтээгдэхүүнүүд, 2 ширхэг флаш, 20,000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж нийт 1,670,000 төгрөгийн хохирол,

2013 оны 10 дугаар сарын 18-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 9-02 тоотод оршин суух иргэн Ч.Урантуяагийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч 32 инчийн “Шарп” загварын зурагт, 19 инчийн зөөврийн компьютер хулгайлж нийт 1,350,000 төгрөгийн хохирол,

2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 14-04 тоотод оршин суух иргэн О.Ёндонсамбуугийн эзэмшлийн өвлийн сууцны цонхоор нэвтэрч монетан бөгж 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн цаг 1 ширхэг, намар авсан шинэ савхин куртик 1 ширхэг хэрэглээд нэг жил болж байгаа “Acer” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бөгж 2 ширхэг, гоёлын бөгж 1 ширхэг зэргийг хулгайлж нийт 1,280,000 төгрөгийн хохирол,

2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 3-12 тоотод оршин суух иргэн Д.Мөнхтөгсийн өвлийн сууцны хаалгыг эвдэн нэвтэрч 36 инчийн “Тошиба” загварын зурагт, 21 инчийн “Монел” загварын зурагт, “Acer” загварын компьютерийн процессор, тэмээний ноосон хөнжил, солонгос хөнжил, эсгий гудас зэрэг эд зүйлсийг хулгайлж нийт 760,000 төгрөгийн хохирол,

2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 13-28 тоотод оршин суух иргэн Г.Баттогтохын байшингийн хаалганы цоожийг хөшин нэвтэрч 32 инчийн “Шарп” загварын хавтгай дэлгэцтэй хар өнгийн зурагт 1 ширхэг, марк тодорхой бус хар өнгийн суурин иж бүрдэл компьютер 1 ширхэг, бэлэн 360,000 төгрөг хулгайлж нийт 970,000 төгрөгийн хохирол,

2015 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 9-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 8-62 тоотод оршин суух иргэн Б.Бат-Эрдэнийн байшингийн вакум цонхоор нэвтэрч 43 инчийн “Самсунг” загварын зурагт хулгайлж нийт 660,000 төгрөгийн хохирол,

2015 оны 7 дугаар сарын 24-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар
хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болзоо” зочид буудлын баруун талын зогсоол
дээрээс иргэн Ц.Тайвантөрийн эзэмшлийн 55-76 УНК улсын дугаартай “Toyota Gaia” загварын автомашиныг хулгайлж, 10,395,000 төгрөгийн хохирол буюу энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 13,415,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол давтан үйлдлээр учруулсан,

2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн орчим иргэн Ц.Тайвантөрийн эзэмшлийн 55-76 УНК улсын дугаартай “Toyota Gaia” загварын автомашиныг хулгайлан унаж яваад Сонгинохайрхан дүүргийн нутаг Зүүн салааны хуучин эцсийн замд иргэн Д.Отгонтөгсийн унаж явсан 17-43 УНД улсын дугаартай, “Subaru Impreza” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргаж 712,800 төгрөгийн хохирол учруулан, ослын газрыг санаатайгаар орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Ганбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.Ганбатад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Боржигин овогт Баасангийн Ганбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учруулж үйлдсэн, Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Ганбатыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар Б.Ганбатыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Ганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг нийт 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Ганбатын эдлэх 4 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Б.Ганбатад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Ганбатын урьдчилан цагдан хоригдсон 322 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Ганбатаас нийт 7,402,800 төгрөг, үүнээс Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-лаа 2-23 тоотод оршин суух Дашнямын Отгонтөгс /РД:УХ66100816/-т 712,800 төгрөгийг, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 9-2а тоотод оршин суух Чулуунбаатарын Урантуяа /РД:УД93031301/-д 1,350,000 төгрөгийг, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 10-5 тоотод оршин суух Түмэнбаярын Азжаргал /РД:ТЗ83092115/-д 1,670,000 төгрөгийг, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян улаан 14-04 тоотод оршин суух Отгонбаярын Ёндонсамбуу /РД:АЮ92110132/-д 1,280,000 төгрөгийг, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 3-12 тоотод оршин суух Дөрвөнчулууны Мөнхтөгс /РД:ВЮ74050666/-т 760,000 төгрөгийг, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 13-28 тоотод оршин суух Ганбатын Баттогтох /РД:ТЯ90101712/-т 970,000 төгрөгийг, Сонгинохайрхан 9 дүгээр хороо, Зүүн салааны 8-62 тоотод оршин суух Батсүхийн Бат-Эрдэнэ /РД:ЙГ85011119/-д 660,000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “CD”-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

 

Ялтан Б.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн хийгээгүй 6 удаагийн үйлдэлд яллагдаж байгаад гомдолтой байна. Хохирогч Тайвантөрийн машиныг хулгайлсан болон авто ослын хэргээ хүлээж байгаа. Хохирогч Урантуяа, Азжаргал, Ёндонсамбуу нарын гэрээс хулгай хийгээгүй. Хохирогч Урантуяагийнд хоёр удаагийн хулгайн үйлдэл орсон байдаг. Гэтэл алга болсон эд зүйлс нь нэг удаагийн үйлдлээр авсан болгосон. Нэг айлынх нь хулгайн хэргийг Нийслэлийн эрүүгийн цагдаагийн газраас илрүүлээд хэргийн газарт очиж үзлэг хийсэн талаар хохирогч нь хэлдэг боловч шалгаагүй. Одоо тэр айлын нэрийг мэдэхгүй байна, харвал танина. Урантуяагийн гэрт 2 удаагийн хулгай үйлдэл орсон байхад нэг удаагийн үйлдлээр авсан болгож, мөрдөн байцаагчийг загнаж байгаад өөрөө гарын үсэг зурсаныг ойлгохгүй байна. Надад холбогдох хэргийг дахин шалгаж, миний эрх ашгийг хамгаалж өгнө үү...” гэв.

 

Ялтан Б.Ганбатын өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна...” гэв.

 

Прокурор У.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад Б.Ганбат гэмт хэрэг үйлдсэн газруудаа зааж өгч, гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

Б.Ганбат нь:

2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 10-05 тоотод оршин суух иргэн Т.Азжаргалын эзэмшлийн байшингийн жижиг өрөөний цонхоор нэвтэрч зургийн аппарат, “Тошиба” загварын зөөврийн компьютер, гар цүнх, хос мөнгөн ээмэг, дунд гарын мөнгөн аяга, гоо сайхны бүтээгдэхүүнүүд, 2 ширхэг флаш, 20,000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж нийт 1,670,000 төгрөгийн хохирол, 2013 оны 10 дугаар сарын 18-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 9-02 тоотод оршин суух иргэн Ч.Урантуяагийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч 32 инчийн “Шарп” загварын зурагт, 19 инчийн зөөврийн компьютер хулгайлж нийт 1,350,000 төгрөгийн хохирол, 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 14-04 тоотод оршин суух иргэн О.Ёндонсамбуугийн эзэмшлийн өвлийн сууцны цонхоор нэвтэрч монетан бөгж 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн цаг 1 ширхэг, намар авсан шинэ савхин куртик 1 ширхэг хэрэглээд нэг жил болж байгаа “Acer” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бөгж 2 ширхэг, гоёлын бөгж 1 ширхэг зэргийг хулгайлж нийт 1,280,000 төгрөгийн хохирол, 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 3-12 тоотод оршин суух иргэн Д.Мөнхтөгсийн өвлийн сууцны хаалгыг эвдэн нэвтэрч 36 инчийн “Тошиба” загварын зурагт, 21 инчийн “Монел” загварын зурагт, “Acer” загварын компьютерийн процессор, тэмээний ноосон хөнжил, солонгос хөнжил, эсгий гудас зэрэг эд зүйлсийг хулгайлж нийт 760,000 төгрөгийн хохирол, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 13-28 тоотод оршин суух иргэн Г.Баттогтохын байшингийн хаалганы цоожийг хөшин нэвтэрч 32 инчийн “Шарп” загварын хавтгай дэлгэцтэй хар өнгийн зурагт 1 ширхэг, марк тодорхой бус хар өнгийн суурин иж бүрдэл компьютер 1 ширхэг, бэлэн 360,000 төгрөг хулгайлж нийт 970,000 төгрөгийн хохирол, 2015 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 9-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 8-62 тоотод оршин суух иргэн Б.Бат-Эрдэнийн байшингийн вакум цонхоор нэвтэрч 43 инчийн “Самсунг” загварын зурагт хулгайлж нийт 660,000 төгрөгийн хохирол, 2015 оны 7 дугаар сарын 24-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болзоо” зочид буудлын баруун талын зогсоол дээрээс иргэн Ц.Тайвантөрийн эзэмшлийн 55-76 УНК улсын дугаартай “Toyota Gaia” загварын автомашиныг хулгайлж, 10,395,000 төгрөгийн хохирол буюу энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 13,415,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол давтан үйлдлээр учруулсан,

2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн орчим иргэн Ц.Тайвантөрийн эзэмшлийн 55-76 УНК улсын дугаартай “Toyota Gaia” загварын автомашиныг хулгайлан унаж яваад Сонгинохайрхан дүүргийн нутаг Зүүн салааны хуучин эцсийн замд иргэн Д.Отгонтөгсийн унаж явсан 17-43 УНД улсын дугаартай “Subaru Impreza” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчиж, бусдад 712,800 төгрөгийн хохирол учруулсан зам тээврийн осол гаргаад ослын газрыг санаатайгаар орхиж зугтаасан болох нь:

 

хохирогч Ц.Тайвантөрийн “...2015 оны 7 дугаар сарын 24-ний шөнө 01 цагийн үед найз Гансүхтэй хамт 13 дугаар хорооллоос 21 дүгээр хорооллын “Болзоо” зочид буудлын баруун зогсоол дээр “Тоёота Гаяа” загварын 55-76 УНК улсын дугаартай автомашинаа тавиад 5 номерын өрөө рүү ороод байж байснаа Гансүх машинаас цамцаа авна гээд машины түлхүүр аваад гарсан. Тэгээд буцаад орж ирээд бид нар юм ярьж байгаад шөнийн 04 цагийн үед унтсан. Тэгсэн Гансүх найз охиноо гэрт нь хүргэж өгчихөөд буцаж миний унтаж байсан “Болзоо” зочид буудалд ирснээ намайг сэрээж машин байхгүй болсныг хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би машинаа 2001 онд 13,500,000 төгрөгөөр авч байсан. Харин 350,000 төгрөгөөр автомашинаа засуулмаар байна. Миний автомашины засварын мөнгө 350,000 төгрөгийг төлөх юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй...” /1-р хх-ийн 31 тал/,

иргэний нэхэмжлэгч Д.Отгонтөгсийн “...2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчим Зүүн салаанаас 2 хүүхэдтэй эхнэр, нөхөр 2 суусан. Тэгээд Зүүн салаанаас хүмүүсээ аваад явж байсан чинь 55-76 УНК улсын дугаартай “Тоёота Гаяа” загварын мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл баруун урд талаас гарч ирээд миний 17-43 УНД улсын дугаартай “Субару Имприза” загварын цагаан өнгийн автомашины баруун талын урд хэсгийг мөргөсөн. Би буугаад очсон чинь 170-175 орчим см өндөртэй, богино үстэй, ягаан өнгийн сорочкатай, хар эрээн өнгийн брюктай эрэгтэй хүн бууж ирсэн. Би машиных нь түлхүүрийг булааж аваад чи яагаад миний машиныг мөргөдөг юм бэ, цагдаа дуудна гэхэд танд би машинаа өгье цагдаад дуудаад хэрэггүй гээд байхаар нь нөгөө машиныг нь хараад хажууд нь зогсож байсан чинь нөгөө залуу машинд маань орж ирээд суучихсан, асаах гээд байж байхаар нь цамцнаас нь татаж буулгаад цагдаа дуудсан. Миний машины урд буфер засах шаардлагатай, 100,000 төгрөг, баруун урд талын крыло солих шаардлагатай 120,000 төгрөг, баруун урд шанаа засах шаардлагатай 50,000 төгрөг, агаар шүүгчийн гэр засах 15,000 төгрөг, 300 гр будаг, лак 37,800 төгрөг, эд анги солих бусад зардал 90,000 төгрөг, үнэлгээний комисс дуудахад 28,000 төгрөг, нийт 740,000 төгрөг нэхэмжилж байна...” /1-р хх-ийн 33, 184 тал/,

гэрч Д.Сүрэнхорлоогийн “...3 номерын өрөөний цонхны хаалт эвдлээд вакум цонх онгорхой болсон байхаар нь өрөөнүүдээ шалгаад үзтэл нэг цэнхэр цамцтай бараан хар өнгийн өмдтэй, богино үстэй, 170-175 орчим өндөртэй эрэгтэй хүн зочид буудлын коридороор алхаад 03 цаг 35 минутын орчим гараад явж байсан. Уг хүн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгэхээр нь өрөөнүүдээ шалгатал 4 номерын өрөө онгорхой, хүмүүс нь унтаж байсан болохоор нь гайгүй байх гэж бодоод жижүүрийн байрандаа очоод ажлаа хийсэн. 05 цаг 10 минутын орчим 4 номерын өрөөний 2 залуу ирээд миний өмдөнд байсан машины түлхүүр байхгүй, машин маань алга камераа шүүгээд өгөөч гээд сандарсан байдалтай ирсэн. Тэгээд камер шүүгээд байж байтал нэг эрэгтэй нь цагдаад дуудлага өгсөн...” /1-р хх-ийн 35-36, 222 тал/

гэрч Б.Алтан-Эрдэнийн “...Би Ганбат гэж хүнийг танихгүй, урьд өмнө 3 удаа манай зочид буудлын цонхоор орж ирж байгаад баригдаж байсан хүн байна. 2015 оны 5 дугаар сарын эхээр 5 номерын өрөөний цонхоор орж үйлчлүүлэгчийн гар утсыг хулгайлаад гарч яваад баригдаж байсан. Тэгээд гуйгаад байхаар нь зүгээр тавиад явуулж байсан. Дараа нь 6 дугаар сарын эхээр бас 3 номерын өрөөний цонхоор ороод хаалгаар нь гарч явсан. 2015 оны 6 дугаар сарын дундуур бас өрөөний цонхоор орж ирээд хаалгаар гараад явсан. Тэрнээс хойш машин хулгайлсан өдөр л нэг удаа харсан. Манайд хулгайн гэмт хэрэг анх удаа гарч байна. 2015 оны 7 дугаар сарын 25-ны өглөө ирээд камерын бичлэг үзээд хулгай гарсныг мэдсэн...” /1-р хх-ийн 34, 223 тал/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7-14 тал/,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 180-182 тал/,

хохирогч Ц.Тайвантөрийн автомашиныг 10,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1-р хх-ийн 159 тал/,

хохирогч Ц.Тайвантөрийн автомашины эвдрэл, хохирлыг 395,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 161 тал/,

иргэний нэхэмжлэгч Д.Отгонтөгсийн автомашины эвдрэл, хохирлыг 712,800 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 185 тал/,

Ц.Тайвантөрд 350,000 төгрөгийн хохирол Б.Ганбатаас төлсөн баримт /1-р хх-ийн 169 тал/,

Б.Ганбатын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 20-23 тал/,

2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 428 дугаар “...“Тоёота Гаяа” загварын 55-76 УНХ дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Б.Ганбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. “С.Имприза” загварын 17-43 УНД дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Д.Отгонтөгс нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалт зөрчөөгүй байна...” /1-р хх-ийн 200 тал/ гэх Шинжээчийн дүгнэлт,

 

хохирогч Т.Азжаргалын “...2013 оны 3 дугаар сарын 22-ны өглөө гэрээс гараад оройн 17 цаг 30 минутын үед эхнэр хүүхдийн хамт гэртээ ирээд байшингийн хаалгыг онгойлгоод гэрт ортол байшингийн доторх байдал эмх замбараагүй, байшингийн жижиг өрөөний вакум цонх онгорхой байсан. Тэгээд цагдаа дуудсан. Хамгийн сүүлд гэрээс өдрийн 12 цагийн үед манай дүү гарсан байсан. Манай хашаанд өөр айл байхгүй. Манай гэрээс зургийн аппарат, нөүтбүүк, арьсан гар цүнх, эмэгтэй хүний хос мөнгөн ээмэг, дунд гарын мөнгөн аяга, орифлеймийн гоо сайхны хэрэгслүүд, 2 ширхэг флаш, бэлэн 20,000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан...” /2-р хх-ийн 81-82 тал/ гэх мэдүүлэг,

хохирогч Т.Азжаргалын хулгайд алдсан эд зүйлийг 1,670,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 91 тал/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 71-75 тал/,

Б.Ганбатын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 224-232 тал/,

 

хохирогч Ч.Урантуяагийн “...2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэн том өрөөний ханан пийшингийн хажууд байсан “Асеr” загварын зөөврийн компьютер, 19-ний өдөр өвлийн сууцны жижиг өрөөний цонхыг хагалж нэвтрэн 32 инчийн “Шарп” загварын хар өнгийн ЛСД зурагт алдагдсан. Манай гэрт 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр цагдаагийн ажилтнууд хулгайчийн мэдүүлгийг шалгаж байна гэж ирсэн ба Ганбат гэх хүн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр манай хашаан дотор ороод би энэ цонхыг хагалж орсон гэж мөрдөн байцаагч, дэслэгч Мягмаржавд хэлээд байсан. Ганбат хэлэхдээ энэ айлаас зурагт хулгайлсан гэж байсан, гомдолтой байна...” /2-р хх-ийн 56, 202-203 тал/,

гэрч Д.Батдэлгэрийн “...Ганбат хулгайлсан эд зүйлээ явуулын хүмүүст зарсан одоо олдохгүй гэж хэлж байсан. Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 9-02 тоотод орохдоо вакум цонхыг нь хагалж орсон дараагийн айл болох Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 10-05 тоотод байрлах өвлийн сууцны вакум цонхоор орсон гэж хөндлөнгийн гэрч, мөрдөн байцаагч нарын дэргэд хэлж байсан...” /2-р хх-ийн 215-216 тал/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Ч.Урантуяагийн хулгайд алдсан эд зүйлийг 1,350,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 60 тал/,

Б.Ганбатын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 224-232 тал/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 46-52 тал/,

 

хохирогч О.Ёндонсамбуугийн “...2014 оны 2 дугаар сарын 14-ний өглөө гэрээсээ 12.30 цагийн үед хичээлдээ яваад 18.30 цагийн үед гэртээ ирэхэд зүүн хойд талын цонхоор хулгай орсон байдалтай гэр доторх эд зүйл эмх цэгцгүй байсан. Манай гэрээс ээжийн монетан бөгж 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн цаг 1 ширхэг, намар авсан шинэ савхин куртик 1 ширхэг, хэрэглээд нэг жил болж байгаа “Асег” загварын зөөврийн компьютер 1 ширхэг тус тус алга болсон байсан. Мөн ээжийн ээмэг зүүлтээ хадгалдаг саванд мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бөгж 2 ширхэг, гоёлын бөгж 1 ширхэг байсан гэж ээж хэлж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” /2-р хх-ийн 206, 3-р хх-ийн 49 тал / гэх мэдүүлэг,

хохирогч О.Ёндонсамбуугийн хулгайд алдсан эд зүйлийг 1,280,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /3-р хх-ийн 55 тал/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 41-43 тал/,

Б.Ганбатын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 217-231 тал/

 

хохирогч Д.Мөнхтөгсийн “...2014 оны 4 дүгээр сарын 7-ны өглөө 7 цагийн үед би 2 хүүхдийнхээ хамтаар гэрээс гараад байшингийнхаа хаалгыг цоожлоод түлхүүрээ аваад явсан. Манай нөхөр тухайн өдөр хөдөө явсан байсан. 18 цаг өнгөрч байхад гэртээ иртэл манай хашааны үүдэнд нэг хүний гутлын мөр байсан. Би гэртээ ороод хаалгаа нээх гээд дөхтөл байшингийн цоож байхгүй байшингийн хаалга хаалттай байсан. Татаад үзтэл байшингийн хаалга нь онгойж байсан. Гэртээ яваад ортол байшин доторх эд зүйлс тал, тал тийшээ тарчихсан байдалтай байсан. Манай хашаанд нохой байхгүй, гомдолтой 760,000 төгрөг нэхэмжилж байна...” /2-р хх-ийн 204-205, 3-р хх-ийн 18 тал/ гэх мэдүүлэг,

хохирогч Д.Мөнхтөгсийн хулгайд алдсан эд зүйлийг 760,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /3-р хх-ийн 27 тал/,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 8-12 тал/,

Б.Ганбатын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 217-231 тал/

 

хохирогч Г.Баттогтохын “...Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 13-28 тоотод би өөрийн эцэг Ганбат, дүү Гэрэлцэцэг нарын хамт амьдардаг. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 14 цагаас 17 цагийн хооронд манай гэрт хулгай орж 32 инчийн “Шарп” загварын хавтгай дэлгэцтэй хар өнгийн зурагт 1 ширхэг, марк тодорхой бус хар өнгийн суурин иж бүрдэл компьютер 1 ширхэг, бэлэн 360,000 төгрөг алдагдсан. Мөн хар өнгийн иштэй жижиг хэмжээтэй хутга алдагдсан нийт 970,000 төгрөг нэхэмжилж байна...” /2-р хх-ийн 210, 3-р хх-ийн 115 тал/ гэх мэдүүлэг,

хохирогч Г.Баттогтохын хулгайд алдсан эд зүйлийг 970,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /3-р хх-ийн 131 тал/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 108-113 тал/,

Б.Ганбатын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 217-231 тал/,

 

хохирогч Б.Бат-Эрдэнийн “...2015 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хөдөө таван толгойд байх хадам аав Чулуунбаатарынд эхнэр хүүхдүүдийнхээ хамт амралтын өдрүүдээр очиж байж байгаад 2015 оны 3 дугаар сарын 9-ний өглөө 09 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд ирээд гэртээ ороод том өрөөндөө оролгүй гал тогооныхоо өрөөнд галаа түлэхээр байж байсан чинь манай 3 настай охин Мөнхчимэг аав байхгүй гээд байхаар нь очоод юу байхгүй гэж гээд очоод харсан чинь том өрөөнд байсан 43 инчийн зурагт алдагдсан байсан. Тэрнээс өөр алдагдсан эд зүйл байхгүй. Манай өвлийн сууцны үүдний өрөөний цонхоор орсон байсан. 660,000 төгрөг нэхэмжилж байна...” /2-р хх-ийн 208, 3-р хх-ийн 86 тал/ гэх мэдүүлэг,

хохирогч Б.Бат-Эрдэнийн хулгайд алдсан эд зүйлийг 660,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /3-р хх-ийн 84 тал/,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 71-74 тал/,

Б.Ганбатын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 217-231 тал/,

Б.Ганбатын яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн “...Миний үйлдсэн хэрэг гэвэл хулгайн 7 үйлдэл, тээврийн хэрэгсэлтэй холбоотой 1 үйлдэл байгаа. Би 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болзоо” нэртэй зочид буудлын баруун талын автомашины зогсоол дээрээс жижиг суудлын тээврийн хэрэгсэл хулгайлсан. Би уг тээврийн хэрэгсэлийн түлхүүрийг авахдаа 3 номерын өрөөний цонхоор ороод хажуу талд нь байрлах 4 номерын өрөөний хаалгаар орж тээврийн хэрэгсэлийн түлхүүрийг авсан. 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болзоо” нэртэй зочид буудлын автомашины зогсоол дээрээс хулгайлсан жижиг суудлын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны замд явж байгаад Отгонтөгс гэх хүний жижиг суудлын тээврийн хэрэгсэлтэй мөргөсөн. Би Отгонтөгс гэх жолоочид өөрийн хулгайлсан тээврийн хэрэгслийнхээ түлхүүрийг өгөөд гэртээ харих гээд яваад өгсөн. Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. 2013 оны 10 дугаар сард байх шиг санагдаж байна Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын гудамж, Зүүн салааны нэгдүгээр автобусны буудлаас зүүн хойшоо яваад нэг нэрийг нь мэдэхгүй гудамжинд байрлах улаан өнгийн төмрийн дааман хаалгатай, 4 тал хашаа байсан. Би хашааны хаалгаар ганцаараа явж ороод нэг давхар өвлийн сууцны баруун талын цонхны шилийг хагалж дотогш орж 32 инчийн шарп маркийн эл си ди зурагт хулгайлсан. Уг тоот айлаас хулгайлсан зурагтаа засмал зам руу очоод жижиг тээврийн хэрэгслийг гараа өргөн зогсоогоод Хархорин зах руу очиж нэг явуулын эрэгтэй хүнд 80,000 төгрөгөөр худалдсан. Миний хулгайлсан зурагтыг худалдаж авсан хүнийг одоо харвал танихгүй, хаана юу хийдэг талаар нь огт мэдэхгүй. Би тэр айлаас ганцхан зурагт хулгайлсан өөр ямар нэгэн эд зүйл хулгайлаагүй. Би хулгай хийсэн айлынхаа цонхоор 14 цагийн орчимд орсон намайг гудамжинд явж байсан чинь эзэнгүй болохоор нь хулгай хийсэн юм. 2013 оны 3 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын гудамж Зүүн салааны нэгдүгээр автобусны буудал шиг санагдаж байна тэрнээс зүүн гар тийш эргээд дээшээ явахаар блокон хашаатай төмөр дааман хаалгатай айл байсан. Би уг айлын хашааны хаалгаар нь ганцаараа ороод улаан өнгийн тоосгон нэг давхар өвлийн сууцны жижиг өрөөөний цонхоор 15 цагийн орчимд орж марк нэрийг нь мэдэхгүй нэг ширхэг зургийн аппарат, нэрийг нь мэдэхгүй нэг ширхэг зөөврийн компьютер, мөнгөн ээмэг, нэг ширхэг мөнгөн аяга, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайлсан. Хулгайлсан эд зүйлээ таксигаар авч яваад Хархорин захын баруун талд нэрийг нь мэдэхгүй эмэгтэй хүнд хулгайлсан бүх эд зүйлээ бүгдийг нь 350,000 төгрөгөөр худалдсан одоо тэр хүнийг хаана байгаа талаар мэдэхгүй байна. 2014 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын гудамжинд ойролцоо байрлах ногоон өнгийн төмрөн дааман хаалгатай 4 тал хашааны хаалгаар нь ороод улаан өнгийн нэг давхар өвлийн сууцны зүүн талын вакум цонхыг 15 цагийн орчимд түлхэн орж зөөврийн компьютер нэг ширхэг, монетан бөгж, хувцас зэрэг эд  зүйл хулгайлаад гэрээс нь гарсан. Би уг хулгайн үйлдлээ ганцаараа үйлдсэн. Би хулгайн зүйл болох монетан эд зүйл, зөөврийн компьютерийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 21 хороололын автобусны буудлын ойролцоо явж байгаад худалдсан. Би хулгайлсан хувцсаа өөрөө өмсөж байгаад хэдэн сарын дараа согтууруулах ундааны зүйл хэрэглэж яваад хаячихсан. Тухайн үед юу юу хулгайлсанаа сайн санахгүй байна ямар ч байсан зөөврийн компьютер, монетан бөгж, хувцас зэрэг эд зүйл хулгайлсанаа санаж байна. Би одоо очвол хулгай хийсэн газраа олж чадна. 2014 оны 4 дүгээр сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны гудамжинд байрлах цэнхэр өнгийн төмрөн дааман хаалгатай, модон материалтай хашааны хаалгаар ороод цэнхэр өнгийн шавран нэг давхар өвлийн сууцны хаалганы цоожийг 17 цагийн орчимд эвдэн ганцаараа орж нэрийг нь мэдэхгүй эл си ди зурагт нэг ширхэг, нэрийг нь мэдэхгүй суурин компьютерийн процессор нэг ширхэг, хөнжил, бас нэг нэрийг нь мэдэхгүй хөнжил зэрэг эд зүйлсийг зөөж гаргасан. Би эд зүйлийг нь хашааны хаалганы ойролцоо бөөгнүүлж байгаад хашаанаас гараад урагшаа засмал зам руу очоод такси бариад буцаад хулгай хийсэн айлынхаа хашаанд буцаж очоод эд зүйлээ таксинд хийгээд явсан. Хулгайн эд зүйлээ Саппоро орж нэг цахилгаан бараа авдаг эрэгтэй хүнд зурагт, процессороо зараад, тэмээний ноосон хөнжилөө архины мөнгөнөөс зарсан. Миний хулгайлсан эд зүйлийг худалдаж авсан хүнийг одоо харвал танин гэхдээ хаана юу хийж байгаа талаар нь мэдэхгүй байна. 2015 оны 1 дүгээр сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баруун баян уул гэх гудамжинд байрлах цэнхэр өнгийн дааман төмөр хаалгатай хашааны хаалгаар ганцаараа орсон. Хашаан дотор ороход улаан өнгийн нэг давхар тоосгон байшингийн хаалганы цоожийг эвдэн орж нэрийг нь мэдэхгүй 32 ичнийн эл си ди зурагт, нэрийг нь мэдэхгүй суурин компьютер, бэлэн мөнгө ойролцоогоор 300,000 төгрөг, нэг ширхэг хутга байсан байх гэж бодож байна. Нэрийг нь мэдэхгүй 32 ичнийн эл си ди зурагтыг 80,000 төгрөгөөр, нэрийг нь мэдэхгүй суурин компьютерийг 70,000 төгрөгөөр нэг танихгүй эрэгтэй хүнд Хархорин захын ойролцоо явж байгаад худалдсан харин хутгыг нь Хархорин захын ойролцоо байдаг далан руу хаячихсан. 2015 оны 3 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны гудамжинд байрлах саарал өнгийн төмрөн дааман хаалгатай хашааны хаалгаар ганцаараа орсон. Хашаан дотор ороход монгол гэр, улаан тоосгон нэг давхар өвлийн сууцны вакум цонхыг түлхэж орон нэрийг нь мэдэхгүй эл си ди зурагт хулгайлаад гэрээс нь гарсан. Тэр айлын хажуу талын монгол гэрт хүн байхгүй байсан. Хулгайлсан зурагтаа такси бариад хашааныхан хаалганы хажууд зогсоож байгаад хулгайлсан зурагтаа машинд ачаад Баянзүрх дүүргийн ойролцоо явж байгаад нэрийг нь мэдэхгүй танихгүй хүнд зурагтаа 150,000 төгрөгөөр худалдсан. Одоо тэр хүн хаана юу хийж байгаа талаар мэдэхгүй байна. Надад нийт хулгайн гэмт хэргийн 7 үйлдэл байгаа өөр ямар нэгэн хулгайн үйлдэл байхгүй. Би Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 9-2 тоотод байрлах өвлийн сууцны цонхыг хагалж орон эд зүйл хулгайлсан... Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 10-05 тоотод байрлах өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орж эд зүйл хулгайлсан…” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 237-238 тал/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Б.Ганбатад холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Б.Ганбатын 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 24-ний хугацаанд нийт 7 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтрэн орж, бусдын нийт 13,415,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг хулгайлж, давтан үйлдлээр үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг ...давтан, ...орон байр агуулах саванд нэвтэрч үйлдсэн, ...үлэмж хэмжээний хохирол учруулсан...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг,

2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн орчим бусдаас хулгайлсан автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчиж иргэн Д.Отгонтөгсийн жолоодож явсан автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргаад ослын газрыг санаатайгаар орхиж зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлд заасан “...Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тус тус бүрэн агуулсан байх тул ялтан Б.Ганбатын “...гэмт хэрэг үйлдээгүй...” талаарх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Д.Ганбат нь энэ гэмт хэргүүддээ шийтгүүлэхээс урьд шүүхээр 6 удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан байх ба хамгийн сүүлд 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр /1-р хх-ийн 81 тал/ ялын хугацаа дуусан суллагдаж, 2012 оны 5 дугаар сарын 10-ний өдрөөс урьд үйлдсэн гэмт хэргийнх нь ялтай байдал нь тоологдож эхэлжээ. Д.Ганбатын уг ялтай байдал нь 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг ...хэрэгсэхгүй болгоно...” гэж зааснаар хэрэгсэхгүй болгосон байх тул анхан шатны шүүхийн Д.Ганбатын үйлдсэн “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, уг зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулж, хуульд заасан дэглэмд түүнд оногдуулсан ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

            Мөн анхан шатны шүүхийн хохирогч нарт учирсан хохирлыг эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон хэмжээгээр Д.Ганбатаас гаргуулан хохирогч нарт олгохоор тогтоосон нь үндэслэл бүхий байна.

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 50А дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧИД                                                         Т.ӨСӨХБАЯР

 

                                                                                                    Д.ОЧМАНДАХ