Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 56

 

З.Сүхээд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

               Прокурор Ц.Ариунжаргал

               Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх

               Шүүгдэгч З.Сүхээ

               Нарийн бичгийн дарга Б.Ренчиндорж нарыг оролцуулж,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 61а дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч З.Сүхээгийн гомдлоор З.Сүхээд холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

З.Сүхээ нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө 22 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар арван жилийн сургуулийн спорт зааланд иргэн Н.Сүхбаатарын эзэмшлийн “iphone 5s” маркийн гар утсыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 Өмнөговь аймгийн Прокурорын газраас З.Сүхээд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх: З.Сүхээг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Сүхээд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Сүхээг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, З.Сүхээ нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Сүхээд урьд авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Сүхээгээс 550.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Сүхбаатар /Өмнөговь аймгийн Даланзадгад сум 7 дугаар баг Оюутын 6-22 тоотод оршин суух, КЮ96112615 регистрийн дугаартай/-т олгож шийдвэрлэжээ.

            З.Сүхээ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Сүхээ миний бие нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 3 дугаар сургуулийн спорт зааланд Н.Сүхбаатарын гар утсыг хулгайлан авсан гэмт хэрэгт гүтгэгдээд байна. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс намайг гэм буруутайд тооцож 550.000 төгрөг төлөх шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Н.Сүхбаатарын гар утсыг би хулгайлаагүй учир энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнхөөс гаргасан тайлбартаа: З.Сүхээгийн давж заалдсан гомдлыг бүрэн дэмжиж байна. Тухайн үед болсон асуудал дээр хохирогч утсаа алга болгосон гэж ярьдаг. Яг хаанаа хэдийд алдсан талаар бол мэддэггүй. Утас тавьсан гэх газар трос чангалсан газраас 80 см-н зайтай байдаг. Гэтэл камерийн бичлэгт трос чангалж байгаагаас өөр хөдөлгөөн хийсэн зүйл байдаггүй. Иймд давж заалдсан гомдлыг хүлээн авч шийдэж өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч З.Сүхээ гаргасан тайлбартаа: Би 2015 оны 10 дугаар сарын 18-нд зааланд тоглосон нь үнэн. Тухайн үед зааланд гар утас байсныг би мэдэхгүй. Камерийн бичлэгт бүх зүйл харагдаж байгаа. Би гар утсыг аваагүй. Иймд хэргийн үнэн зөвийг олж өгнө үү гэв.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос гаргасан тайлбартаа:

З.Сүхээ нь шунахайн сэдэлтээр 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн нутагт байрлах 3 дугаар сургуулийн спорт зааланд хохирогч Н.Сүхбаатарын эзэмшлийн iphone-5s маркийн гар утсыг хулгайлан авч 550.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерийн бичлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүхин шийдвэр үндэслэлтэй тул шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.2-т зааснаар давж заалдах гомдолд дурдсан зүйлээр хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэв.

        З.Сүхээгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалбал:

         Анхан шатны шүүх З.Сүхээ нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн нутаг болох 3 дугаар 10-н жилийн сургуулийн спорт зааланд Н.Сүхбаатарын эзэмшлийн “I phone 5s” маркийн гар утсыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.Сүхбаатар, гэрч О.Гансувд, З.Батсайхан, Б.Бат-Эрдэнэ, Ч.Ундармаа, Ж.Жаргалсайхан нарын мэдүүлгүүд, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон гэж үзэн З.Сүхээг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр З.Сүхээд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

          З.Сүхээд холбогдох 201516000297 тоот хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих асуудлууд нотлогдсон төдийгүй анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 95.2-т заасан журамд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байна гэж үзлээ.

          Иймд З.Сүхээгийн “гар утсыг хулгайлан авсан гэмт хэрэгт гүтгэгдсэн, ...550.000 төгрөг төлөх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

          Анхан шатны шүүх З.Сүхээд холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 136 дугаар тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн магадлал зэргээр түүний үйлдсэн гэмт хэргийг нотлогдон тогтоогдсон гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т үл нийцсэн хууль зүйн үндэслэлгүй байна.

        Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтуудыг буруу хэрэглэж шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хоёр өөр байдлаар шийдвэрлэж алдаа гаргасныг тус тус зөвтгөхөөр тогтов.

         Иймд З.Сүхээгийн “Н.Сүхбаатарын гар утсыг би хулгайлаагүй учир энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэг, мөн хуулийн 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. З.Сүхээгийн “Н.Сүхбаатарын гар утсыг би хулгайлаагүй учир энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 61а дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ НЬ хэсэгт:

  А. 2 дугаар заалтын “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь” гэснийг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх” гэж,

Б. 8 дугаар заалтын “тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, З.Сүхээд авсан гадагш  явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй” гэснийг “тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч болон өмгөөлөгч гомдол гаргах, улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурдсугай.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        П.ДОЛГОРМАА

                       ШҮҮГЧИД                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                          Х.ГЭРЭЛМАА