Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 0016

 

                                  Н.Пүрэвсүрэнд холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 132/2016/0083/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

Прокурор                                                  Г.Эсэн

           Ялтан                                                        Н.Пүрэвсүрэн

           Ялтны өмгөөлөгч                                     П.Ган-Очир

            Нарийн бичгийн дарга                            Э.Цэнгүүн нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолтой Н.Пүрэвсүрэнд холбогдох 201606000142 дугаартай эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгч П.Ган-Очирын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

             Монгол Улсын иргэн, Аривжих овогт Ням-Осорын Пүрэвсүрэн, 1962 оны 11 дугээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай 2 дугаар багт оршин суух хаягтай, Хүнс хөдөө аж ахуйн яамны тэргүүний ажилтан, ял шийтгэлгүй, ГН62110110 регистрийн дугаартай.

Н.Пүрэвсүрэн нь 2016 оны 03 дугаар сарын 15-17-ны өдрийн хооронд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Урт" гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 7 ширхэг шинэс мод бэлтгэн тээвэрлэж, 1.710.720 төгрөгийн хохирлыг байгаль орчинд учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор:

Аривжих овгийн Ням-Осорын Пүрэвсүрэнг ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасныг баримтлан Н.Пүрэвсүрэнг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Пүрэвсүрэнд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

Шүүгдэгч Н.Пүрэвсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг журамлан хэрэгт битүүмжлэгдэж ирсэн МТЗ-50 маркийн улсын дугааргүй, улаан өнгийн трактор, 4 метрийн урттай, 47 ширхэг, нойтон шинэс мод зэргийг хурааж улсын орлого болгох,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн, шар өнгийн цахилгаан хөрөө нэг ширхэгийг улсын орлого болгох,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Пүрэвсүрэнгээс 4.842.880 /дөрвөн сая найман зуун дөчин хоёр мянга найман зуун ная/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга П.Даваажамцад олгох,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Пүрэвсүрэнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харъяа Цагдан хорих байранд цагдан хорихоор шийдвэрлэжээ.

     Ялтны өмгөөлөгч П.Ган-Очир давж заалдах гомдолдoo: “...шүүгдэгчийн зүгээс өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч төлбөр тооцоог хийсэн ба эхний төлбөрт 2 сая төгрөг төлсөн, дахин төлбөрт харилцан тохиролцож мал өгөх ёстой байсан. Харин анхан шатны шүүхийн шатанд хохирогчийн төлөөлөгч биечлэн ирээгүй. Учир нь шүүгдэгч Н.Пүрэвсүрэн нь ойгоос мод бэлтгэсэн буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч хохирлыг барагдуулж бүхий л мал хөрөнгөө зарж борлуулсан. Гэвч хохирогч байгууллагын зүгээс ямар нэгэн тодорхой асуудалд хандаагүй. Харин өнөөдрийн байдлаар Н.Пүрэвсүрэн нь экологи эдийн засгийн төлбөрт 3.132.160 төрөг бэлэн мөнгөөр төлсөн болно. Иймд Н.Пүрэвсүрэнд авсан хорих ялыг өөрчилж өгнө үү. Шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдал муу байна. Тухайлбал ходоодны хурц архаг өвчтэй байдаг. Эмнэлгийн хяналтанд байж эмчлүүлдэг. Одоо мөрдөн хорих байранд бие нь муу байна” гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна…” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Аривжих овогт Ням-Осорын Пүрэвсүрэн нь 2016 оны 03 дугаар сард Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай 2 дугаар багийн нутаг Урт гэх газраас зохих зөвшөөрөлгүй 9.9 м3 хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 1.710.720 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Б.Ганбат, Б.Батпүрэв, Д.Батбаатар нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзлээ.

Харин шийтгэх тогтоолд дурьдсан “...шууд хохирлыг төлж, шууд бус хохирлоос 289.280 төгрөгийг төлсөн болох нь ... нотлогдож байх тул шүүгдэгч Н.Пүрэвсүрэнгээс 4.842.880 төгрөгийн шууд бус хохирлыг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна” гэх дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, өөрөөр хэлбэл шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д заасанчлан ойн санд учирсан хохирлыг экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу нөхөн төлбөр 5.132.160 төгрөгийг Н.Пүрэвсүрэнгээр төлүүлэхээр тогтоожээ.

Мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөгийг төлсөн /Баасансүрэн гэх нэрээр/ талаарх мөнгөн шилжүүлгийн баримт /хх 93/ хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд Н.Пүрэвсүрэн нь төлөх ёстой нөхөн төлбөрөөс үлдэх 3.132.160 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлж,  баримтыг нь давж заалдах гомдолдоо хавсарган ирүүлсэн байна.

Н.Пүрэвсүрэн нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, мөн хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд түүний өмгөөлөгч П.Ган-Очирын гаргасан “...хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:           

1.Ялтны өмгөөлөгч П.Ган-Очирын давж заалдах гомдлыг хүлээн авч, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай.

а/  Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож,

б/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Н.Пүрэвсүрэнд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан, түүнд хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай” гэсэн заалт нэмсүгэй.

 2.  Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 3.  Н.Пүрэвсүрэн нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 4. Н.Пүрэвсүрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 5. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ё.БЯМБАЦЭРЭН

                 ШҮҮГЧИД                          С.ЦЭЦЭГМАА        

                                                              С.УРАНЧИМЭГ