Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 703

 

Г.Төгсбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ганзориг,

шүүгдэгч Г.Төгсбаярын өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 97 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Ганзоригийн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцлээр Г.Төгсбаярт холбогдох 2016 2601 1326 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Халиугчин овгийн Ганбатын Төгсбаяр, 1992 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 18 дугаар гудамжны 703 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Орбитын 65 дугаар гудамжны 9 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: РЭ92122018/,

Г.Төгсбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ан Сан Ши” ХХК-ийн пабад “...эхнэр, нөхөр, дотны хүмүүс сууж байна, ширээн дээр суулгахгүй гэж хэллээ...” гэх ялимгүй зүйлээр шалтаглан А.Ганчимэг, П.Амарзаяа, П.Батсайхан нартай маргалдаж улмаар пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэн А.Ганчимэг, П.Амарзаяа, П.Батсайхан нар руу шидэн бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн А.Ганчимэгт хүч хэрэглэн цээжин тус газар нь өшиглөж биед нь “...цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл учруулан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Г.Төгсбаярын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Г.Төгсбаяр, хохирогч А.Ганчимэг, П.Амарзаяа нарын болон мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Г.Төгсбаярт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, дараах ажиллагааг хийх шаардлагатай гэж шүүх дүгнэжээ. Үүнд,

Мөрдөн байцаалтад хохирогч А.Ганчимэгээс шүүгдэгч Г.Төгсбаяр нь пивоны шилийг ямар зайнаас шидсэн, тэд пабаас гараад хэдий хэр хэмжээний зайтай явж байхад ард нь шил хагарсан, эсэх талаар тодорхой мэдүүлээгүй, хохирогч П.Амарзаяагаас “...бид нар зам дээр алхаж явтал араас 2 давхраас шил шидэж хагалсан. Шил бид гурваас 50 орчим метр зайд пабны харалдаа доош унасан...” гэж, хохирогч П.Батсайханаас “...пабаас гараад замын цаана 100 орчим метр явах үед пабны шатны онгорхой хэсгээр шил шидсэн...” гэж тус тус мэдүүлсэн.

Шүүх хуралдаанд хохирогч А.Ганчимэгээс “...пабын хаалгаар дөнгөж гараад, 2-3 алхаад эргэн эргэн харахад Г.Төгсбаяр дээрээс шил авч шидэхэд яг ард унасан, шил шидэхийг нь харсан...” гэж, хохирогч П.Амарзаягаас “...пабаас гараад 10 гаруй метр яваад гэрлийн шонгийн хажууд явж байхад ард нэг метрийн зайнд шил унаж хагарсан...” гэж тус тус мэдүүлсэн,

- мөрдөн байцаалтад гэрч Ц.Баярцэцэгээс “...бүдүүн залуу шатан дээрээс чанх доошоо ууж байсан пивоныхоо шилийг доош нь шидээд хагалчихсан. Нөгөө гурван хүн манай пабаас гадна зам дээр 100 орчим метр явж байсан...” гэж мэдүүлсэн ба хохирогч А.Ганчимэг, П.Амарзаяа нарын мэдүүлэг хоорондоо, гэрч Ц.Баярцэцэгийн мэдүүлэг хохирогч А.Ганчимэг, П.Амарзаяа нарын мэдүүлэгтэй, хохирогч П.Батсайханы мэдүүлэг А.Ганчимэг, П.Амарзаяа нарын мэдүүлэгтэй тус тус илтэд зөрүүтэй, шүүгдэгч Г.Төгсбаярын шидсэн пивоны шил хохирогч нарын ард, эсхүл тэдний явж байсан газраас хэдий хэмжээний зайд унасан эсэх, хаанаас, ямар хэмжээний зайнаас, яаж шидсэн эсэх, зам нь аль хэсэгт байрладаг эсэх нь тодорхой бус байна.

Мөн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд гэрч Ц.Баярцэцэгээр пивоны шил хагарсан газрыг заалгахад паб руу ордог хаалганы харалдаа заасныг тэмдэглэв гэсэн байх ба бэхжүүлсэн гэрэл зурагт пивоны шил хаанаас, хаана унасан эсэх, хохирогч нар хаана нь явж байсан эсэхийг тодруулан тэмдэглэсэн тэмдэглэлгээ байхгүй, нөгөө талаас хохирогч П.Амарзаяа нь пивоны шил унасан гэх газар тус гэрэл зурагт ороогүй. Энэ зураг дээр байгаа газраас бид цааш явж байхад ард пивоны шил унасан гэж мэдүүлэх бөгөөд хэрэгт цугларсан баримтууд хоорондоо илтэд зөрүүтэй, аль баримт нь үнэн зөв эсэх нь ойлгомжгүй, тодорхой бус нөхцөл байдлыг үүсгэсэн.

Иймд хохирогч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах, хэрэг учрал болсон гэх газрын доторх болон гаднах нөхцөл байдлыг гэрэл зургаар бэхжүүлэх, хохирогч нарын явж байсан гэх зам нь хаана байрлалтай эсэхийг гэрэл зургаар харуулах, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 153, 131 дүгээр зүйлд зааснаар мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг гэрч, хохирогч, шүүгдэгч нарыг оролцуулж хийх, аюулгүй байдлыг хангаж туршилт хийх замаар шүүгдэгч Г.Төгсбаярын пивоны шилийг гэмт хэрэг болсон гэх “Ан Сан Ши” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг пабын хаанаас шидсэн, яаж шидсэн, шил хохирогч нарын явж байсан газрын хаана, ямар хэмжээний зайнд унасан эсэхийг зайлшгүй тогтоох шаардлагатай ба эдгээр нь шүүгдэгчийн пивоны шил шидсэн санаа, зорилгыг тогтооход чухал байх ба мөн эрүүгийн хэргийн зүйлчлэлд шууд хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөхөөр байна.

Нөгөө талаас дээрх ажиллагааг хийсний эцэст П.Амарзаяа, П.Батсайхан нар нь тус хэргийн хохирогч мөн, эсэхийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна.

Мөн шүүх хуралдаанд улсын яллагчаас хохирогч П.Амарзаяа, П.Батсайхан нарын амар тайван байдал алдагдаж сэтгэл санаагаараа хохирсон гэсэн үндэслэлээр тэднийг байцаан шийтгэх ажиллагаанд хохирогчоор тогтоож оролцуулсан гэж тайлбарласан тул дээрх хохирогч нар нь сэтгэл санаагаар хэрхэн, яаж хохирсныг тогтоох.

2. Мөрдөн байцаалтад гэрчээр тогтоогдсон П.Өлзийсайхан нь мэдүүлэхдээ “...ах Батсайхан утсаар яриад “Нарангийн голын пабын гадаа ирээд ав” гэхээр нь 00 цагийн үед очиход пабаас гараад ирэхээр нь аваад гэртээ харьсан. Надад харсан үзсэн зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн, харин шүүх хуралдаанд хохирогч П.Амарзаяагаас “П.Өлзийсайхан биднийг пабад байхад ирж, Өлзийсайхан бид гурвын хамт пабаас гарсан. Бид дөрвийг явж байхад ард пивоны шил унасан” гэж мэдүүлэх бөгөөд тус гэрчээс пивоны шил хэрхэн, хаана унасан эсэх, хэрэг үйл явдлын талаар байцаалт авч тодруулах, мөн гэрч П.Өлзийсайхан мөрдөн байцаалтад худал мэдүүлэг өгсөн эсэхийг шалгах шаардлагатай. гэж шийдвэрлэжээ.

Улсын яллагч А.Ганзориг бичсэн эсэргүүцэл болон тус шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн тогтоолд хэргийн үйл баримтад бүрэн гүйцэд дүгнэлт хийлгүй нэмэлт ажиллагаанд буцаасныг эс зөвшөөрч улсын яллагчийн эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Шүүгдэгч Г.Төгсбаяр нь танхайрах явцдаа пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогч А.Ганчимэг, П.Амарзаяа, П.Батсайхан нар руу шидсэн болох нь,

Хохирогч А.Ганчимэгийн “...Амарзаяа бид хоёр Батсайханыг аваад пабаас гараад гудамжинд алхаж байтал пабын хоёр давхрын цонхоор нөгөө залуу архины шил шидсэн...” гэх мэдүүлэг /хх-12-13/,

Харин шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч А.Ганчимэг нь “...пабын хаалгаар дөнгөж гараад, 2-3 алхаад эргэн харахад Г.Төгсбаяр дээрээс шил авч шидэхэд яг ард унасан, шил шидэхийг нь харсан...” гэж мэдүүлсэн,

Хохирогч П.Амарзаяагийн “...Ганчимэг бид хоёр 00 ороод буцаж гарч иртэл манай нөхөр Батсайхантай барьцалдаад авчихсан байхаар нь нөхрөө аваад пабаас гарч явтал араас, 2 давхраас шил шидэж хагалсан...” гэх мэдүүлэг /хх-69/,

Харин шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч П.Амарзаяагийн “...пабаас гараад 10 гаруй метр яваад гэрлийн шонгийн хажууд явж байхад ард 1 метрийн зайнд шил унаж хагарсан...” гэж мэдүүлсэн,

Гэрч Ц.Баярцэцэгийн “...шатан дээрээс чанх доошоо бүдүүн залуу ууж байсан пивоны шилийг доош нь шидээд хагалсан...” гэх мэдүүлэг /хх-65-66/,

Яллагдагч Г.Төгсбаярын “...Батсайханы авгай, Ганчимэг хоёр нөхрөө аваад гарсан хойноос би пабын үүдэнд шил хагалж анхаарлыг нь татаж зогсоосон тэр үед энэ гурав 50-100 метрийн цаана явж байсан...” гэх мэдүүлэг /хх-77-78/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тайлбарт:  “Хэрэглэсэн” гэдэг нь уг зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйлээрээ хохирогчид гэмтэл учруулсан буюу учруулахыг оролдсон, нийгмийн хэв журам бүдүүлгээр зөрчсөн үйлдэлдээ сүр хүч оруулж бусдыг сүрдүүлсэн үйлдэл байж болно гэж заасан,

Шүүгдэгч Г.Төгсбаяр нь танхайрах явцдаа пивоны шил шидэж бусдын анхаарлыг татаж байгаа үйлдэл нь өөрөө “нийгмийн хэв журам бүдүүлгээр зөрчсөн үйлдэлдээ сүр хүч оруулж бусдыг сүрдүүлсэн үйлдэл” гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Улсын Дээд шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 3 дугаартай тогтоол буюу албан ёсны тайлбараар:

- Зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйлийг танхайрах явцдаа хэрэглэсний улмаас хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учирсан эсэхээс үл хамааран хэргийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилнэ гэж заасан байна.

Иймд шүүгдэгч Г.Төгсбаярын үргэлжилсэн үйлдлээр танхайрах явцдаа пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэж А.Ганчимэг, П.Амарзаяа, П.Батсайхан нар руу шидэж, хохирогч нарт гэмтэл учирсан эсэхээс үл хамааран хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шүүх хуралдааны 97 дугаартай шүүхийн тогтоолоор “...шүүгдэгч Г.Төгсбаярын пивоны шилийг гэмт хэрэг болсон гэх “Ан Сан Ши” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг пабны хаанаас шидсэн, яаж шидсэн, шил хохирогч нарын явж байсан газрын хаана, ямар хэмжээний зайнд унасан эсэхийг зайлшгүй тогтоох шаардлагатай ба эдгээр нь шүүгдэгчийн пивоны шил шидсэн санаа, зорилгыг тогтооход чухал байх ба мөн эрүүгийн хэргийн зүйлчлэлд шууд хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөхөөр байна...” гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, анхан шатны шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч нар оролцсон бөгөөд хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.Төгсбаяр нь пивоны шилийг хохирогч нарын анхаарлыг татах зорилгоор шидсэн болох нь хангалттай тогтоогдсон бөгөөд пивоны шил шидсэн асуудал дээр маргадаггүй юм.

Түүнчлэн шүүгдэгч Г.Төгсбаяр нь пивоны шил шидсэний дараа хохирогч нарын араас гүйж очин “...эхнэр, нөхөр, дотны хүмүүс сууж байна, ширээн дээр суулгахгүй гэж хэллээ...” гэх ялимгүй зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн А.Ганчимэгт хүч хэрэглэн цээжин тус газарт нь өшиглөж бие махбодид нь “...цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үргэлжлүүлэн үйлдсэн. Үүнээс үзэхэд шүүгдэгч нь пивоны шилийг хохирогч нарын араас шидэхдээ пабны хаанаас шидсэн, яаж шидсэн, шил хохирогч нарын явж байсан газрын хаана, ямар хэмжээний зайнд унасан зэрэг нь шүүгдэгчийн пивоны шил шидсэн санаа, зорилгыг тогтооход огт ач холбогдолгүй ба пивоны шилийг шидэж, өөрийн үйлдэлдээ сүр хүчийг оруулан араас нь нэхэж очин үргэлжилсэн үйлдлээр иргэн А.Ганчимэгийг зодож танхайран гэмт хэрэг үйлдсэн юм. Иймд хохирогч, гэрч нарын мэдүүлэг дэх шил шидэж хагарсан зай нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзэж байх бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ноцтой зөрүүтэй баримт биш юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Төгсбаяр нь танхайрах явцдаа пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэсэн нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн тохиолдолд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахгүйгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246. 1, 246. 2 дахь хэсэгт зааснаар сонсгосон ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх эрхтэй ба хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад үндэслэлгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан гэж үзэж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 97 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

Шүүгдэгч Г.Төгсбаярын өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн тотоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Улсын яллагч “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, хэргийг шийдвэрлэх боломжтой” гэж байгаатай санал нэг байна” гэв.

ХЯНАВАЛ:

Г.Төгсбаярт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн анхан шатны шүүхийн тогтоолын дүгнэлт нь “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.

Прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан авч үзвэл Г.Төгсбаярт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд хийгдсэн ба шүүхийн тогтоолд тэмдэглэсэн ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байх тул шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтууд болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж тус шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хэрэгт авагдсан хохирогч А.Ганчимэг, П.Амарзаяа, П.Батсайхан, гэрч Ц.Баярцэцэг, П.Өлзийсайхан нараас мөрдөн байцаалтын шатанд хууль сануулан авсан мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч Г.Төгсбаярын пабны цонхоор шидсэн пивоны шил паб болон хохирогч нарын явж байсан газраас ямар зайд хагарсан талаар хохирогч А.Ганчимэг, П.Амарзаяа нарын мэдүүлэг хоорондоо, гэрч Ц.Баярцэцэгийн мэдүүлэг хохирогч А.Ганчимэг, П.Амарзаяа нарын мэдүүлэгтэй, хохирогч П.Батсайханы мэдүүлэг А.Ганчимэг, П.Амарзаяа нарын мэдүүлгүүд зөрүүтэй, хэргийн газрын үзлэгт яллагдагч, хохирогч нарыг байлцуулаагүй, зөвхөн гэрч Ц.Баярцэцэгийг байлцуулан явуулсан байх боловч тэдгээр гэрч, хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулан, тэднийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар нүүрэлдүүлэн байцаах зэргээр мэдүүлгийн зөрүүг гаргах, тэдний мэдүүлгийг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ц.Баярцэцэгийн мэдүүлэг бусад нотлох баримттай харьцуулан дүгнэлт хийх зэргээр шүүх тэдний хэн алиных нь энэ талаарх мэдүүлэг үнэн зөв эсэхэд хууль зүйн дүгнэлт өгч хэргийн үйл баримтыг тогтоох боломжтой байна.

Иймд шүүх яллах дүгнэлтийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой үнэлж, түүнийг үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэргийн зүйлчлэлийг зөв сонгон шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх…”-ээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Г.Төгсбаярт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.