Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 704

 

Г.Гэрэлт-Ундрамд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Л.Цэндсүрэн,

шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрамын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, О.Сайнгэрэл, О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Б.Батболор, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 76 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Л.Цэндсүрэнгийн бичсэн 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 19 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Г.Гэрэлт-Ундрамд холбогдох 2015 2603 1233 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Онхор овгийн Галбаатарын Гэрэлт-Ундрам, 1989 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 11 дүгээр байрны 40 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УК89080515/;

 

Г.Гэрэлт-Ундрам нь 2015 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 04 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” баарны автомашины зогсоол дээр, шалтгаангүйгээр хохирогч Д.Бат-Өлзийн толгойн тус газар нь гараараа цохиж, биед нь “зүүн дух яс, зүүн ухархайн дээд ханын хугарал, зүүн дух хэсгийн хатуу хальс дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралдалт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Г.Гэрэлт-Ундрамд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 76 дугаар тогтоолд: “Г.Гэрэлт-Ундрамд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан “Хэргийн талаар нотолбол зохих асуудлууд”-ыг бүрэн гүйцэд шалгаагүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзжээ.

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал”-ыг нотлох ажиллагааг дутуу хийсэн.

Тухайлбал: хохирогч Д.Бат-Өлзий мөрдөн байцаалтад “...Г.Гэрэлт-Ундрам миний нүүр рүү гараараа 5-6 удаа цохисон байх, хамгийн сүүлд хамар руу цохисон” /хх-9/ гэж,

шүүхийн хэлэлцүүлэгт “...миний толгойн тус газар 4-5 удаа цохиод байсан” /хх-133/ гэж тус тус мэдүүлж байгаа боловч, хавтаст хэрэгт хохирогчийн мэдүүлгийг давхар нотолсон баримт байхгүй.

Харин гэрч Б.Ганбат, шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрам нарын мэдүүлэгт “хохирогч Д.Бат-Өлзий нь Н.Ариунзулыг үүрч явахдаа “Минт” баарны гадна унахдаа машин мөргөсөн” талаар мэдүүлдэг ба хохирогч Д.Бат-Өлзий халтирч унаснаа үгүйсгэдэггүй, харин машин мөргөөгүй гараараа тулж унасан гэж зөрүүтэй мэдүүлж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч С.Чулуунсүх “...Д.Бат-Өлзийд учирсан гэмтэл нь уналтаас ч, цохилтоос аль алинаас нь үүсч болно. Нэг удаа хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу гараар цохиход үүсч болно” гэж мэдүүлснээс үзэхэд хохирогч Д.Бат-Өлзийд учирсан гэмтэл нь цохилтын улмаас үүссэн үү эсхүл уналтаас үүссэн үү гэдгийг тогтоох шаардлагатай байна.

Иймд “Минт” баарны болон ойролцоох газрын камерын бичлэг байгаа эсэх, түүнийг хуульд заасны дагуу бэхжүүлэх нь гэмт хэрэг гарсан байдлыг тогтооход ач холбогдолтой байна.

 

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалаар хийсэн 241 тоот шинжээчийн дүгнэлт /хх-24-25/-ийн тодорхойлох хэсэгт:

2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн толгойн компьютер томографийн шинжилгээнд: баруун нүдний ухайрхайн дээд хананаас дээш дух яс руу үргэлжилсэн хуучин шугаман хугаралттай гэж тэмдэглэгдсэн байхад дүгнэлтэд: Д.Бат-Өлзийгийн биед “духны зүүн хэсгээс ухархайн дээд хана руу үргэлжилсэн хугарал, духны зүүн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндий цус хуралт, зүүн зовхины цус хуралт гэмтлүүд учирсан” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч С.Чулуунсүх мэдүүлэхдээ “баруун нүдний ухархайн дээд хананаас дээш дух яс руу үргэлжилсэн хуучин шугаман хугаралттай" гэж С.Мөнхбаатар эмч андуурч бичсэн байх” гэж мэдүүлж байна. Эрүүл Мэндийн яамны дэргэдэх хяналтын зөвлөлөөр 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн толгойн компьютер томографийн шинжилгээ бичилтийн алдаатай эсэхийг хянуулах, хохирогч Д.Бат-Өлзийгийн биед “баруун нүдний ухайрхайн дээд хананаас дээш дух яс руу үргэлжилсэн хуучин шугаман хугарал” бүхий гэмтэл учирсан эсэх, учирсан бол хэзээ, ямар хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой болохыг тогтоох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг тогтооход ач холбогдолтой юм.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т заасан гэмт хэргийн сэдэлтийг тогтоогоогүй. Прокурорын яллах дүгнэлтэд ямар ч шалтаг шалтгаангүйгээр буюу танхайн сэдэлттэй гэжээ.

Хохирогч Д.Бат-Өлзий “...Г.Гэрэлт-Ундрам “юу яриад байгаа юм” гээд намайг гэнэт цохиод эхэлсэн” гэж /хх-9/ мэдүүлж байхад шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрам “...Д.Бат-Өлзий нь Ариунзул эгчийг үүрч яваад машин мөргөж унасан. Би түүнд “эмэгтэй хүнийг ингэж авч явна гэж юу байх вэ гээд Ариунзул эгчийг авч явсан” гэж зөрүүтэй мэдүүлж байгаагаас үзэхэд гэмт хэрэг гарсан шалтгаан “Ариунзулыг унагааснаас үүссэн үү, эсхүл танхайн сэдэлтээс үү гэдгийг тогтоох ажиллагааг бүрэн хийгээгүй байна гэж үзээд түүнд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Г.Гэрэлт-Ундрамд урьд авсан батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч Л.Цэндсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Д.Бат-Өлзийд учирсан гэмтлийн талаар 2 удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан.

Тухайлбал, шинжээчийн 220 дугаартай дүгнэлтэд: “хохирогч Д.Бат-Өлзийгийн биед зүүн дух яс, зүүн ухархайн дээд ханын хугарал, зүүн дух хэсгийн хатуу хальс дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг, хугацаанд үүссэн байх боломжтой.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар “гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэж, хавтаст хэргийн материалаар давтан гаргасан 241 дугаартай шинжээч эмч нарын дүгнэлтэд: “Д.Бат-Өлзийд духны зүүн хэсгээс ухархайн дээд хана руу үргэлжилсэн хугарал, духны зүүн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралт, зүүн зовхины цус хуралт гэмтэл учирчээ. Дух ясны хэсгээс ухархайн дээд хана руу үргэлжилсэн хугарал, духны зүүн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралт, зүүн зовхины цус хуралт тогтоогдож байна. Эдгээр гэмтлүүд нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэл буюу нэг удаа гараар цохиход үүсч болно. Дух ясны хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэж, мөн хохирогч Д.Бат-Өлзий нь өөрийн зүүн нүдэн тус газар гэмтэл учирсан талаараа мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд байнга тогтвортой мэдүүлдэг бөгөөд үүнийг гэрч нарын мэдүүлэг давхар нотолсоор байхад баруун нүдний ухархайн дээд хананаас дээш дух яс руу үргэлжилсэн хуучин шугаман хугаралттай гэж дүгнэлтэд тусгаж өгсөн, мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхэнд баруун дух орчимд хавантай, арьсны хөхрөлттэй гэж андуурч тэмдэглэгдсэнийг хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөх мэтээр ойлгож буцаах үндэслэл болгож байгаа нь туйлын ойлгомжгүй байна.

- Хохирогч Д.Бат-Өлзий нь мөрдөн байцаалтын шатанд 3 удаагийн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ гэнэт л зодож цохиод эхэлсэн хэмээн тогтвортой мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, тодорхой сэдэлттэй буюу хувийн таарамжгүй харьцаа, эр эмийн хардлага, хохирогчийн зүй бус ажиллагаа зэрэг нөхцөл байдлын талаар огт дурдаагүй энэ талаар ч мөн гэрчүүд давхар баталж мэдүүлсээр байхад шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрамын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн огт үндэслэл нотолгоогүй мэдүүлгийг ишлэл болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтад тулгуурлалгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг буцаасан нь буруу гэж үзэж байна.

Шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрамын танхайн сэдэлтээр бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэмт үйлдэл нь хавтаст хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 76 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна…” гэв.

 

Шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрамын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Улсын яллагч зарим зүйлийг өөртөө ашигтайгаар тайлбарлаж байна. Машин мөргөж унасан гэх асуудал мөрдөн байцаалтын шатнаас эхэлж яригдсан. Гэрч Б.Ганбат “Хүн үүрч яваад унахдаа машин мөргөж байхыг нь харсан” гэж мэдүүлсэн. Уг мэдүүлгийг орхигдуулж, сүүлд ярьсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Эхний удаагийн анхан шатны шүүх хуралдаанд Б.Ганбатыг шүүх хуралдаанд оролцуулахаар дуудахад гадаад улс руу явсан байсан учир олдоогүй. Харин 2 дахь удаагийн анхан шатны шүүх хуралдаанд “Энэ хүнийг үүрч явах үедээ Д.Бат-Өлзий унаж машин мөргөхийг би харсан” гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлэг нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтэй таардаг. Прокурор энэ талаар эсэргүүцэлдээ бичээгүй байгаа нь хүлээн зөвшөөрч байгаа хэрэг гэж ойлгогдохоор байна. Өөрөөр хэлбэл, эргэлзээтэй нөхцөл байдал үүссэнийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоо гэсэн анхан шатны шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн эхний заалтыг прокурор зөвшөөрч байгаа юм шиг байна.

Шинжээчийн 220, 241 тоот дүгнэлтүүдэд Д.Бат-Өлзийгийн зүүн нүдний ухархайн дээд хананаас дух яс руу чиглэсэн цуурал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн. Үүнд эргэлзээтэй байгаа нэг зүйл нь яг үүнтэй адил хуулбарласан юм шиг “баруун нүдний ухархайн дээд хананаас дух руу чиглэсэн хуучин шугаман хугаралтай” гэсэн 2 онош зэрэг гарсан байдаг. Компьютер томографийн зураг авдаг Мөнхбаатар эмч “баруун талдаа ийм гэмтэл байгааг анхаараарай” гэж хэлээд оношлогоондоо тусгасан. Энэ нь бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан. Анхан шатны шүүх яг адил хоёр гэмтэл хоёр нүдэнд байгаа юм байна, үүнийг тодруул гэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч “Мөнхбаатар эмч андуурсан юм байлгүй. Ийм байх ёсгүй” гэж хэлсэн. Андуурах эрхгүй, шинжээч эмч хүн ийм зүйл ярьж байгаа нь эргэлзээтэй байдал үүсгэсэн. Д.Бат-Өлзийн баруун нүд хавантай, хөхрөлттэй гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхэнд тэмдэглэсэн. Баруун, зүүн талын гэмтэл гэдэг дээр эргэлзээтэй байдал үүссэн тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.

 Хэргийн сэдэлттэй холбогдуулан хэлэх зүйл байхгүй. Г.Гэрэлт-Ундрам “Д.Бат-Өлзий тэр эмэгтэйг авч явж чадахгүй байсан учир би авч явна гэхэд намайг тохойлдсон. Би зөрүүлээд цохисон” гэдэг. Хэргийн сэдэлтийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоох боломжтой. Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэв.

 

Шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрамын өмгөөлөгч О.Сайнгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа хэргийн материалд үндэслэн дүгнэлт гаргасан. Хүний биед үзлэг хийж дүг гаргадаг болохоос хэргийн материалд үндэслэн дүгнэлт гаргадаггүй. Өөрөөр хэлбэл, шинжээч эмч нар дүгнэлт гаргахдаа заавал биед нь гэмтэл учирсан хүнийг дуудаж авч ирж үзлэг хийсний эцэст дүгнэлт гаргадаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдбол зохих зүйлсийг анхан шатны шүүхийн тогтоолд заасан учир тогтоолыг биелүүлэх нь зүйтэй. Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэв.

 

Шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрамын өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, О.Сайнгэрэл нарын тайлбарыг дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй…” гэв.

 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн давж заалдсан гомдол, эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 76 дугаар тогтоолд дурдсан үндэслэлүүдээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Хохирогч Д.Бат-Өлзий нь Г.Гэрэлт-Ундрамд зодуулж, гэмтсэн талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа тогтвортой мэдүүлэг /хх-5, 9-10, 11/ өгсөн ба гэрч Э.Тунгалагтамир, Д.Сундарь нарын мэдүүлэг /хх-15, 17-18/ дээрх мэдүүлгийг давхар нотолсон, гэрч Н.Ариунзул, Б.Ганбат нарын мэдүүлэг /хх-12, 13/ нь хохирогчийн мэдүүлгийг үгүйсгээгүй, шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрамын найз Б.Ганбат зодооныг хараагүй гэж анх мэдүүлсэн зэргээс үзэхэд хохирогч Д.Бат-Өлзий, гэрч Б.Ганбат нарын мэдүүлгүүдэд ноцтой зөрүү гараагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар тэднийг нүүрэлдүүлэн байцаах хуулийн үндэслэл тогтоогдоогүй байх ба мэдүүлгийн зөрүүтэй байдал тогтоогдохгүй байна гэж үзэв. Гэрч Б.Ганбат нь мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар хараагүй, үзээгүй гэж мэдүүлдэг ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэхдээ өмнөх мэдүүлгээ өөрчилснийг анхан шатны шүүх үнэлж “үнэн зөв” гэж үзсэн нь үндэслэл муутай байна.  

Мөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ба шүүгдэгчийн энэхүү эрхээ эдэлж өгсөн мэдүүлгийг хохирогчийн мэдүүлэгтэй харьцуулан үзэж Д.Бат-Өлзийд учирсан гэмтлийг хохирогч өөрөө газар унаснаас болон бусдад цохиулсны алинаас нь үүссэн болохыг тогтоолгох ажиллагаа хийлгэхээр заасан нь үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн “Минт” баарны болон ойролцоох газрын камерын бичлэгийг хуульд заасны дагуу бэхжүүлэх нь хэрэгт ач холбогдолтой хэдий ч хэрэгт анхнаасаа камерын бичлэг авагдаагүй, бичлэг нь цаг хугацааны явцад устсан эсхүл ач холбогдлоо алдсан байхыг үгүйсгэхгүй юм.   

2. Хохирогч Д.Бат-Өлзийгийн биед “зүүн дух яс, зүүн ухархайн дээд ханын хугарал, зүүн дух хэсгийн хатуу хальс дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралдалт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт…” бүхий хүнд гэмтэл учирсан талаар 220, 241 тоот шинжээчийн хоёр удаагийн дүгнэлт гарсан, эдгээр дүгнэлтүүд хоорондоо зөрүүгүй байх ба хохирогч, яллагдагч нар давтан дүгнэлт гаргуулах талаар хүсэлт гаргаагүй, 241 тоот шинжээчийн дүгнэлтийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт эргэлзээтэй байдал үүсээгүй ба шинжээч эмч С.Чулуунсүхийн мэдүүлэгт тулгуурлан хохирогч Д.Бат-Өлзийд учирсан гэмтлийн шинж байдал, хэзээ, ямар хүчний үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох, хууль зүйн дүгнэлт өгөх бүрэн боломжтой тул Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хяналтын зөвлөлөөр томографийн шинжилгээг бичилтийн алдаатай эсэхийг хянуулах, түүнчлэн дахин шинжээч томилох зэрэг ажиллагаа хийх шаардлагагүй байна. Харин хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ шинжээч эмч нарыг оролцуулан асуулт асууж мэдүүлэг авах аргаар дээрх эргэлзээтэй гэж үзсэн асуудлуудаа тодруулах боломжтой юм.  

3. Гэрч Н.Ариунзул болон хохирогч Д.Бат-Өлзий, шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрам нарын мэдүүлгүүдээс үзэхэд Н.Ариунзул, Г.Гэрэлт-Ундрам нар урьд өмнө бие биеэ таньдаггүй ба тэдний хооронд эр, эмийн болон хардалт гэх зэрэг хувийн сэдэлт тогтоогдоогүй бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаагаар гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг хангалттай шалгаж тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 346 дугаартай магадлалаар Г.Гэрэлт-Ундрамд холбогдох 2015 2603 1233 дугаартай эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болохыг анхан шатны шүүх анхаараагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд зааснаар байцаан шийтгэх ажиллагаанд оролцвол зохих оролцогч нарыг бүрэн оролцуулан шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, мөрдөн байцаалтад буцаасан энэхүү тогтоолд дурдсан үндэслэлүүдийг тодруулан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95 дугаар зүйлд зааснаар хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгч бүхэлд нь шинжлэн судлах замаар хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн тогтоолыг хүчингүй болгон, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.