Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 674

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Ганхуяг, Б.Эрдэнэбат нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Д.Агар,

Ялтан С.Ганхуягийн өмгөөлөгч Г.Батболд, 

Шүүгдэгч Б.Эрдэнэбатын өмгөөлөгч Ё.Энхбулган,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан С.Ганхуягийн өмгөөлөгч Ц.Гансүхын гаргасан давж заалдах гомдлоор болон прокурор Д.Агарын бичсэн улсын яллагчийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 6/34 тоот эсэргүүцлээр С.Ганхуяг, Б.Эрдэнэбат нарт холбогдох 201625010553 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Хул-Адуут овогт Самбуугийн Ганхуяг, 1969 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 4 дүгээр гудамжны 94 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 60 дугаар байрны 47 тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар: /Х369082577/,

 

2. Боржигон овогт Баасанжавын Эрдэнэбат, 1981 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 5 дугаар гудамжны 363 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: /МХ81042919/.

 

С.Ганхуяг нь 2016 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүлэг" караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Б.Эрдэнэбат, Л.Алтанчимэг нарын эрх чөлөөнд халдан, улмаар Б.Эрдэнэбатын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт,

 

Б.Эрдэнэбат нь 2016 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүлэг" караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн С.Ганхуягийн эрх чөлөөнд халдан, улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Ганхуяг, Б.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, С.Ганхуягийг догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Эрдэнэбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Эрдэнэбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, С.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганхуягт оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганхуягт оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж, С.Ганхуяг, Б.Эрдэнэбат нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Ганхуяг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Агарын бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... С.Ганхуяг, Б.Эрдэнэбат нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн болно. Хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцээд 25 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Эрдэнэбатад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар С.Ганхуягийг 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн. ... Эрүүгийн 201625010553 дугаартай хэргийн яллагдагч Б.Эрдэнэбат, С.Ганхуяг нарт мөрдөн байцаалтын шатанд тус тусад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон, ялладагчаар татсан ба прокурор тухайн зүйл хэсгээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн болно. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээгүй зүйл, хэсгээр ял оногдуулсан, мөн зүйлчлэлийг хөнгөрүүлж зүйлчилсэн талаар шийтгэх тогтоолд тусгасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан "шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна" гэх шаардлагагыг хангаагүй байна. Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 125 дугаар шийттэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Ялтан С.Ганхуягийн өмгөөлөгч Ц.Гансүх гаргасан давж заалдах гомдолдоо: “...Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн. Хавтаст  хэрэгт  авагдсан  бичгийн  нотлох  баримтаар  шүүгдэгч  Б.Эрдэнэбат  нь сэжигтнээр тооцогдсоноос хойш буюу 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр өмгөөлөгч Ё.Энхбулгантай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, 4 дүгээр сарын 10-наас эхлэн мөрдөн байцаалтын ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон байдаг. Тухайлбал: яллагдагчаар татах тогтоол /хх-112/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-112-113/,   мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-169/, сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол /хх-191/, яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл /хх-192/,   мөрдөн байцаалтын ажиллагааг  дуусгаж,   хэргийн   материалыг   байцаан   шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-195/, яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл /хх-203/, өмгөөлөгч Ё.Энхбулганы хүсэлт /хх-210, 211/. Харин шүүгдэгч С.Ганхуяг нь шүүх хурал зарласнаас хойш буюу 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр өмгөөлөгчтэй гэрээ байгуулж, хууль зүйн туслалцаа авч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Б.Эрдэнэбат өмгөөлөгчтэй, xapин С.Ганхуяг өмгөөлөгчгүй мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцож байсан гэсэн үг. Үүнд: Яллагдагчаар татах тогтоол /хх-110/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-110-111/, мөрдөн байцаалтын ажиллагааг  дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-168/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-196/. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн аль нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн яллагдагч шүүгдэгч заавал өмгөөлөгчтэй Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцоно” гэснийг зөрчсөн. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан мөрдөн байцаагч уг хэрэгт өмгөөлөгч оролцуулах явдлыг хангах үүргээ биелүүлээгүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр хэлж ярьсан боловч хэрэгсэж үзээгүй. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үнэлж дүгнэсэнд гомдолтой байна.

Мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн. Хавтаст хэргийн 62, 79-80 хуудсанд авагдсан шинжээчийн 1613, 400 тоот дүгнэлтээр: Ганхуягийн биед учирсан зүүн хацрын гэмтлийг хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, шинэ шарх болохыг тогтоосон байдаг. Шүүгдэгч, хохирогч С.Ганхуягийн өмгөөлөгчийн хувьд дээрх шарх нь ердийн хутга, цаасны хутга, шил гэх мэт зүйлийн үйлчлэлээр бий болсон гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Ө.Сарангэрэл үүнийг баталсан. Өөрөөр хэлбэл, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч Эрдэнэбатын өмгөөлөгчийн гипсэн хавтан дээр унах, дарах үед үүсэх боломжтой юу гэсэн тусгай мэдлэг шаардлагатай асуултанд “энэхүү гэмтэл нь зүсэгдсэн шарх, тиймээс хутга, иртэй төмөр, шилний хагархай зэргийн нэг удаагийн үйлчлэлээр л үүсэх боломжтой. Харин гипсэн хавтангийн үзүүр ирмэг дээр унах, дарах үед тасарсан, эсхүл няцарсан шарх үүсдэг, мөн зулгаралт бий болдог. Ганхуягийн зүүн хацар дээр зулгаралт байгаагүй” гэж маш тодорхой хариулсан. Мөн эрүүгийн 201625010553 дугаартай хэрэгт хэргийн газрын үзлэг хийгээгүй, гэмт хэрэг гарсан гэх газарт гипсэн хавтан байсан гэдгийг нотлох баримт авагдаагүй байдаг. Мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн тул 125 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

 

Ялтан С.Ганхуягийн өмгөөлөгч Г.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй байхад шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэргийн газрын үзлэгийг хийгээгүй байсан. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбатын өмгөөлөгч Ё.Энхбулган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Гансүх өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. С.Ганхуягийг өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэж давж заалдах гомдолдоо дурдсан байна. С.Ганхуягийг сэжигтнээр татах тогтоол хавтаст хэргийн 101-107 дугаар талд авагдсан бөгөөд түүнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35, 36 дугаар зүйлийг сануулж, байцаалт авсан. Хавтаст хэргийн 110-111 дүгээр талд авагдсан яллагдагчаар татаж байцаалт авсан тэмдэглэлд түүнээс “өмгөөлөгчгүй байцаалт өгөх үү” гэж асуухад “тийм” гэж хариулсан байдаг. С.Ганхуяг нь эрх зүйн дээд боловсролтой, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст жижүүрийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн гэж байгааг зөвшөөрөхгүй байна. Хэргийн газарт гипсэн хавтан байсан, байгаагүй гэж нилээд маргаан гарсан. Хэргийн газарт гипсэн хавтан байсан гэдэг нь гэрч Баттулгын “Хоёулаа давхаралдаад хажуугаараа унахдаа давхарлаж тавьсан байсан гипсэн хавтанг том биетэй бүдүүн залуу нь зүүн талын хацраараа мөргөж унасан. Би тэр үед очиж салгасан”, гэрч Оюунгэрэлийн “хутга мэс гаргаж ирсэн хүн байхгүй”, гэрч Галбадрахын “Хажуугаас нь нэг хүн чинь унаад нүүрээ ийм болгочихлоо” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна. С.Ганхуяг нь Б.Эрдэнэбатыг хутга мэс гаргасан гэж удаа дараа тогтворгүйгээр мэдүүлж байсан ч энэ гэрчүүдийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Хэргийг анх шүүхэд шилжүүлсний дараа Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 74 дүгээр шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй, хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна гэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Уг захирамжийг давж заалдах шатны шүүхийн 480 тоот магадлалаар хүчингүй болгож, хэргийг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж шийдвэрлэсэн. Эдгээр үндэслэлүүдээр Ц.Гансүх өмгөөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй. Прокурорын эсэргүүцлийг шүүх хуулийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Прокуророос “С.Ганхуягийг 2016 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүлэг" караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Б.Эрдэнэбат, Л.Алтанчимэг нарын эрх чөлөөнд халдан, улмаар Б.Эрдэнэбатын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Б.Эрдэнэбатыг 2016 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүлэг" караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн С.Ганхуягийн эрх чөлөөнд халдан, улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан” гэж тус тус үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Гэтэл анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, С.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт “С.Ганхуягийг бусадтай бүлэглэн догшин авирлаж танхайрсан” гэж дүгнээд тогтоох хэсэгт түүнийг гэм буруутайд тооцохдоо “догшин авирлан танхайрсан” гэж, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулжээ. 

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлээгүй зүйл, хэсгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг зөрчжээ.

 

Иймд прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Ганхуяг, Б.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар эцэслэн дүгнэлт хийгээгүй тул ялтан С.Ганхуягийн өмгөөлөгч Ц.Гансүхын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхив.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх нөхцөл нь гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан байхыг шаарддаг бөгөөд энэ нөхцөл хангагдаагүй байхад хэрэглэх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх тул анхан шатны шүүх цаашид анхаарвал зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Ганхуяг, Б.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол С.Ганхуяг, Б.Эрдэнэбат нарт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй  болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                         

ШҮҮГЧИД                                                        Д.ОЧМАНДАХ

           

  Т.ӨСӨХБАЯР