Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 681

 

          Ө.Октябрь, Д.Наранбаатар нарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Д.Цолмон,

ялтан Ө.Октябрь, түүний өмгөөлөгч Л.Цэндоо, Л.Цогтжаргал,

            ялтан Д.Наранбаатар, түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал,  

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ө.Октябрь, түүний өмгөөлөгч Д.Цогтжаргал, Л.Цэндоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ө.Октябрь, Д.Наранбаатар нарт холбогдох 201525012614 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Чимгээ мэргэн овгийн Өлзийгийн Октябрь, 1969 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын 70 дугаар байрны 35 тоотод оршин суух,

-2009 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, /РД: НЬ69110762/;

  2. Наран овгийн Дүдлийнамжилын Наранбаатар, 1982 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хилийн албаны офицер, эрх зүйч мэргэжилтэй, Хилийн 0198 дугаар ангийн техникийн албаны дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн Халх гол сумын 1 дүгээр баг, 3-4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЖИ82080311/.

   Д.Наранбаатар нь байлдааны галт хэрэгсэл болох байлдааны зориулалттай ПС загварын 7,62x39 мм калибртай 700 ширхэг сумыг Дорнод аймгийн Халх гол сум, 1 дүгээр баг, Есөн-Эрдэнийн 2-2 тоот хашаанд байрлах амбаарт 2013 оны 6 дугаар сараас 2015 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд хууль бусаар хадгалсан, мөн өөрийн эзэмшлийн 33-35 ДОР улсын дугаартай “Porter” загварын тээврийн хэрэгслээр хууль бусаар авч явсан, Улаанбаатар хотын “Нарантуул” ОУХТ дээр Ө.Октябрьт 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хууль бусаар борлуулсан,

Ө.Октябрь нь давтан үйлдлээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” ОУХТ-ийн хойд талд байрлаж байсан контейнерт ПС загварын 7,62x39 мм калибртай “539 70” тэмдэглэгээтэй байлдааны зориулалттай 2 ширхэг сум, ПС загварын 7,62x39 мм калибртай “711 76” тэмдэглэгээтэй байлдааны зориулалттай 5 ширхэг сум, мөн ПС загварын 7,62x39 мм калибртай “711 87” тэмдэглэгээтэй байлдааны зориулалттай 2 ширхэг сум, ЛПС загварын 7,62x54 мм калибртай 60 83 тэмдэглэгээтэй байлдааны зориулалттай 20 ширхэг, нийт 29 сумыг 2009 оноос 2015 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд хууль бусаар хадгалсан,

мөн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр “Нарантуул” ОУХТ дээр Д.Наранбаатараас байлдааны галт хэрэгсэл болох ПС загварын 7,62x39 мм калибртай, “60 75" тэмдэглэгээтэй байлдааны зориулалттай 700 ширхэг сумыг худалдан авч, 28-85 УБД улсын дугаартай “Тоyota Allion” загварын тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан, үүнээс 360 ширхэг байлдааны зориулалттай сумыг хууль бусаар борлуулсан, эдгээр байлдааны зориулалттай сумнуудаас 369 сумыг 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 70 дугаар байрны өмнөх зогсоол дээр өөрийн эзэмшлийн 28-85 УБД улсын дугаартай “Тоyota Allion” загварын тээврийн хэрэгсэлд авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ө.Октябрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.2 дахь хэсэгт зааснаар, Д.Наранбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Наранбаатарыг байлдааны зориулалттай галт зэвсэг хууль бусаар борлуулсан, Ө.Октябрийг давтан үйлдлээр байлдааны зориулалттай галт зэвсэг хууль бусаар хадгалсан, борлуулсан, авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар Д.Наранбаатарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.2 дахь хэсэгт зааснаар Ө.Октябрийг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Д.Наранбаатарын цагдан хоригдсон 30 хоногийн хугацааг харгалзан 5.760.000 төгрөгийг хасч, 4.032.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солих болохыг тайлбарлаж, Ө.Октябрьт оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Ө.Октябриас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 28-85 УБД улсын дугаартайToyota Allion” загварын тээврийн хэрэгсэл буюу үнийн 9.000.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу 360 ширхэг сумны үнэ болох 432.000 төгрөгийг, Д.Наранбаатараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 33-35 ДОР улсын дугаартайPorter” загварын тээврийн хэрэгсэл буюу үнийн 4.500.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу 700 ширхэг сумны үнэ болох 700.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгож,  2016 оны 4 дүгээр сарын 8ы өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн 33-35 ДОР улсын дугаартайPorter” загварын тээврийн хэрэгсэл, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн 28-85 УБД улсын дугаартайToyota Allion” загварын тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөн байцаагчийн Дорнод аймгийн Халх гол сум, 1 дүгээр баг, Есөн-Эрдэнийн 2-2 тоот хашааг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Хил хамгаалах Ерөнхий газрын 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн б/146 дугаар Д.Наранбаатарын албан үүргээ биелүүлэх эрхийг түр түдгэлзүүлсэн” даргын тушаалыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн цүнхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ө.Октябрьт буцаан олгож, 7,62х54 мм калибртай, байлдааны зориулалттай 19 ширхэг сум, 7,62х39 мм калибртай, байлдааны зориулалттай 339 ширхэг сум, “539 70” гэсэн тэмдэглэгээтэй, 7,62х39 мм калибртай байлдааны зориулалттай сум 1 ширхэг, “711 76” гэсэн тэмдэглэгээтэй, 7,62х39 мм калибртай байлдааны зориулалттай сум 4 ширхэг, “711 87” гэсэн тэмдэглэгээтэй, 7,62х39 мм калибртай, байлдааны зориулалттай 1 ширхэг сум, 16х70 мм-ийн спорт сургалт, ан агнуурын зориулалттай сум 11 ширхэг, 16х70 мм-ийн спорт сургалт, ан агнуурын зориулалттай сум 12 ширхэг, 7х64 мм-ийн ан агнуурын зориулалттай сум 18 ширхэг, 5,6х16 мм-ийн ан агнуурын зориулалттай сум 449 ширхэг, 5,6х15 мм-ийн калибртай ан агнуурын зориулалттай сум 399 ширхэг, 12х70 мм-ийн ан агнуурын зориулалттай 69 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улаанбаатар хотын Цагдаагийн газарт шилжүүлж, Ө.Октябрийн цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Д.Наранбаатар нь 30 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, Ө.Октябрьт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ. 

Ялтан Ө.Октябрь тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, өөрийн эзэмшлийн автомашиныг улсын орлого болгохоор давхар шийтгүүлсэн. Би 2009-2015 оны 10 дугаар сар хүртэл 29 ширхэг сум хадгалж байгаагүй. Тус оны 10 дугаар сарын сүүлээр өглөө ажилдаа явах гэж байтал утсаар над руу залгаж, сум авахыг санал болгосон. Тухайн үед сум авсан хүнээ эрүүгийн хариуцлагад татуулахгүйн тулд 2009 оноос хойш хадгалсан гэж худал мэдүүлэг өгсөн. Байрны гадаа хураалгасан сумнуудыг би машиндаа хадгалж байгаагүй. Үүргэвчинд хийж үүрээд машин дээрээ ирж машинаа асаасан. Гэтэл 3-4 залуу ирээд шалгаж эхэлсэн. Тухайн үед айж сандраад сумнуудыг хэн, хаана тавьсныг анзаараагүй. Арын суудал дээр тавьчихсан зургийг нь авч байсан. Мөрдөн байцаагч хэргийг шүүх рүү шилжүүлэхийн өмнө 29 сумыг гэнэт санаад “цаг алга, та өмгөөлөгчгүй байцаалт өгчих” гэж хэлэхэд би “авсан хүнээ танина, олдох байх” гэж мэдүүлэг өгсөн. Харин прокурор дээр ирээд миний өгсөн мэдүүлгийг уншаад “энэ худалдаж авсан хүнийг чинь хайх гэж хугацаа шаардана, та өмнө сум хадгалсан гээд мэдүүлэг өгсөн шүү дээ” гэж хэлсэн. Би 4 хүүхэд өсгөж, өрх толгойлж амьдардаг. Мөрдөн байцаалтын шатанд надаас хураагдсан сумнуудыг шалгаж байхад давтан үйлдлээр хураагдсан гэх 29 ширхэг сумыг шалгаагүй атлаа прокурорын шатанд 29 сумыг санасан байдаг. Ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, гэмшиж байгаа бөгөөд надад оногдуулсан хорих ял хүндэдсэн гэж үзэж байна...” гэв.   

 

Ялтан Ө.Октябрийн өмгөөлөгч Л.Цэндоо тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ө.Октябрь нь 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдаж ялтай байдал нь өршөөгдөж байгаа учир давтан гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй юм. Ө.Октябрь нь 2009 оноос 2015 оны 10 дугаар сар хүртэл сум хадгалж байгаагүй. Дорнод аймгийн гэх хүн 2015 оны 10 дугаар сард утсаар холбогдож сум авах уу гэхэд нь Ботаникийн цэцэрлэгт очиж уг сумыг худалдаж авсан. Ө.Октябрийн гар утсанд ирсэн дуудлагыг шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэв дээрх нөхцөл байдал тогтоогдвол хэргийн зүйлчлэл тохирохгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчлөх үндэслэлтэй. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж, болсон хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоолгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэв.

 Ялтан Ө.Октябрийн өмгөөлөгч Л.Цогтжаргал тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Хууль буруу хэрэглэсэн талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Ө.Октябрийг давтан үйлдлээр байлдааны зориулалттай галт зэвсэг хууль бусаар хадгалсан, борлуулсан, авч явсан...” гэжээ. Бодит байдал дээр Ө.Октябрь нь айж сандарсандаа “2009 онд шүүхээр ороод дахиж ял авч болохгүй гээд цааш нь хийсэн байсан сумаа аваад борлуулсан...” гэсэн өөрийнх нь худал мэдүүлгээс болж үйлдэл нь давтагдсан мэт болж хүнд зүйл ангиар шийтгүүлэхэд хүрээд байна. Үнэхээр 2009 оноос хойш сум хадгалж байсан бол мөрдөн байцаагч өөр бусад нотлох баримтаар тогтоох ёстой байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, ялгүй болсон, ялгүйд тооцогдсон этгээд гэмт хэрэг шинээр үйлдсэн нь давтан гэмт хэрэг болохгүй” гэж заасныг шүүх ойлгомжгүйгээр хэрэглэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан боловч 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа талаар зөв дүгнэсэн атлаа шалгагдаж нотлогдоогүй яллагдагчийн мэдүүлгийг үндэслэн давтан гэж хүндрүүлж зүйлчилсэн нь үндэслэлгүй байна. Мөн шийтгэх тогтоолын 6 дахь заалтад  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж бичсэн байх ба хуульд “ашигласан” гэж үг байхгүй болохыг анхаарна уу. Улсын Дээд шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийг нэг мөр ойлгож хэрэглэх тухай” 01 дүгээр тогтоолын 7-д тодорхой тайлбарласан байдаг. Тухайн өдөр Ө.Октябрь нь машиндаа бараагаа хийж “Нарантуул” зах руу ажил руу явах гэж байсан болохоос гэмт хэргийн улмаас авч явсан эд зүйлээ тээвэрлэж, гэмт үйлдлээ түргэсгээгүй, машиндаа нууж хадгалаагүй юм.

Хэргийн зүйлчлэлийн талаар: Ө.Октябрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй, буруу гэж үзэж байгаа ба харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь байлдааны галт хэрэгсэл гэдгийг буруу ойлгосноос байлдааны сум гэсэн тодотголтой дээрх зүйл ангийг буруу ойлгож, хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ангийн зориулалттай зарагддаг, иргэдийн хэрэгцээнд байдаг манай улсад зөвшөөрөгдсөн скиз, сайга, вепр гэх мэт маш олон орос буунд ашиглагддаг орос улсад үйлдвэрлэгдсэн 7,62х39, 7.62х54 мм-ийн сумнууд нь тусгай зөвшөөрөлтэйгөөр “Их ав” галт зэвсгийн дэлгүүрт ан агнуурын зориулалттай зарагддаг ба зах дээр наймаа хийдэг хүмүүс ашиг орлогоо бодон тэрхүү гар дээрээс зарахыг хориглосон тусгай зөвшөөрөлтэй зарагддаг сумыг бусдаас авч гар дамжуулан зарсан, тэр сумыг хэрэглэдэг ангийн буутай хүмүүс хямд олдоцтойг нь бодон зах дээрээс сум худалдан авдаг аж байдал Монгол Улсад түгээмэл байдаг. Байлдааны гэх сумаар бууддаг буу иргэдийн хэрэгцээнд байгаа тохиолдолд дээрх сумнууд зарагдсаар байх нь ойлгомжтой юм. Ангийн буунд хэрэглэгддэг ангийн зориулалттай зарж байгаа сумыг нь ганц ган зүрхэвчтэй байлдааны сум гэсэн үгээр буруу ойлгож, зүйлчилж таарахгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ган зүрхэвчтэй ч бай тугалган хошуутай ч байсан байлдааны, ангийн гээд байгаа сум үйлчлэх хүчин чадал, зарчим нь яг адилхан байдаг. Гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд  ч тохирохгүй байна. Нэг зүйл анги нь төрлийн шинжээрээ хэлбэрийн бүрэлдэхүүнтэй нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг байхад нөгөөх нь материаллаг бүрэлдэхүүнтэй өмчийн эсрэг эдийн засгийн гэмт хэрэгт хамаарч байна. Улсын Дээд шүүх, Ханнс Зайделийн сангаас 2010 онд гаргасан Эрүүгийн хуулийн тайлбарын 415 дахь талд “Төрийн захиргааны төв байгууллагаас улс орны хэмжээнд журамлаж хяналт тавьж байвал зохих ... галт зэвсэг... тэсэрч дэлбэрэх бодис худалдах... гэх мэт үйлдвэрлэл үйлчилгээ худалдаа явуулах тусгай зөвшөөрлийг олгодог байна. Хэрэв тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хуулиар тогтоосон нөхцөл журмыг зөрчиж, хориглосон буюу хязгаарласан үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа явуулсныг дур мэдэн эрхэлсэн гэж үзнэ” гэж тодорхой тайлбарласан байна. Ангийн буунд хэрэглэгдээд байгаа ангийн зориулалтаар борлуулдаг сумыг байлдааны болон ангийнхаар нь ялгаж, онц ялгаагүй нэг төрлийн барааг тодорхойлж чадахгүй эндүүрснээс болж миний үйлчлүүлэгч буруу зүйл ангиар ял шийтгүүлж хохирч байх тул шийтгэх тогтоолын Ө.Октябрьт холбогдох хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, зүйлчлэлийг дахин нягталж өгнө үү...” гэв.   

Ялтан Д.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэгт холбогдоод хууль мэдэхгүй учраас янз бүрийн мэдүүлэг өгсөн. Өөр надад нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

Ялтан Д.Наранбаатарын өмгөөлөгч Т.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Наранбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсгээр зүйлчлээд ял шийтгэл оногдуулсанд маргах зүйлгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийг 49.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэсэн заалттай. Д.Наранбаатар тухайн үед шийтгүүлсэн зүйл ангидаа хамаарах тэр сумыг заставаас олж авсан гэдэг нь нотлогддог. Сумыг олсныхоо дараа 3 жил орчим хадгалаад Дорнод аймгаас Улаанбаатар хотод Удирдлагын академид сурах зорилгоор ирэхдээ өөрийнхөө автомашинтай ирсэн. Сумаа зараад мөнгө болгочихвол хэрэгтэй юм байна гээд Ө.Октябрьд худалдсан. Тэгэхээр Дорнод аймгаас Улаанбаатар луу зөөж, тээвэрлэх асуудал яригдана. Гэтэл гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл гэдэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ, өөрийнхөө гэмт үйлдлийг хялбарчлах зорилгоор тээврийн хэрэгслийг ашигласан тохиолдолд гэж ойлгож байгаа. Дорнод аймгаас Улаанбаатар хот руу сургуульд сурах гэж ирсэн бөгөөд энэ нь гэмт үйлдлийг хялбарчилсан зүйл биш юм. Ийм нөхцөл байдал байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг хэрэглэсэн нь буруу тул шийтгэх тогтоолыг зөвтгөж өгнө үү...” гэв.

Прокурор Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гарсан. Ө.Октябрь давж заалдах гомдолдоо давтан үйлдлээр гэж зүйлчилсэнд гомдолтой байна гэсэн. 2015 оны 11 дүгээр сард Ө.Октябрийн автомашинд үзлэг хийсэн ба 369 ширхэг сум гарч ирсэн. Үүнийг шалгах явцад 700 ширхэг сумыг Д.Наранбаатараас аваад, түүнийгээ борлуулаад, үлдсэнийг нь хадгалж авч явж байхдаа баригдсан. Мөн 29 ширхэг сум байсан. Ө.Октябрийн мэдүүлгийн дагуу хуучин ажиллаж байсан контейнерт үзлэг хийсэн. Ө.Октябрь сумнуудыг хадгалж байсан эх сурвалжаа өөрөө мэдүүлдэг. Урьд байсан 29 ширхэг сум дээр сүүлд хүнээс дахин сум авч борлуулсныг давтан үйлдэл гэж үзсэн. Дорнод аймгийн жолоочоос сум худалдаж авсан гэж мэдүүлдэг хэдий ч эх сурвалжаа тодорхой заадаггүй. Хэргийг мөрдөн байцаалтад буцааснаар зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэг болгох боломжгүй. Яагаад гэвэл 2015 оны 11 дүгээр сард Д.Наранбаатараас сум авсан, түүний өмнө өөр хүнээс худалдаж аваад баригдах өдөр хүртлээ хадгалсан нь хадгалах, авч явах үйлдэлд орно. Хавтаст хэрэгт Ө.Октябрь 2009 оноос хойш сумнууд хадгалсан гэдэг үйлдлээ өөрийнхөө эх сурвалжаар мэдүүлдэг.. Зөвхөн Ө.Октябрийн мэдүүлгээр хэргийг шийдвэрлээгүй. Түүний гэрт үзлэг, нэгжлэг хийхэд сум гарч ирээгүй. Харин Ө.Октябрь өөрөө “автомашиндаа хадгалаад авч явсан” гэж мэдүүлдэг. Автомашинд байсан 700 ширхэг сумнаас зараад үлдсэн энэ гэж үзүүлдэг. Өмгөөлөгчийн хэлж байгаагаар “Ө.Октябрь гэрээсээ үүргэвчтэй зүйл барьж гарахад нь барьсан гэдэг. Үүнийг гүйцэтгэх ажиллагааны шугамаар тогтоосон. Ямар гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзэх вэ гэдгийг хуульд нарийвчлан зааж, мөн энэ талаар Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан. Энэ тогтоолд байлдааны зориулалттай галт зэвсэг, сум орохоор заагдсан.  Ө.Октябриас хураагдсан сумыг тусгай мэргэжил шаардсан шинжээчээр шинжлүүлсэн. Шинжээчийн 5620 дугаартай дүгнэлтэд бүх хураагдсан сумуудыг нарийн ялгаж заагласан. Үүнээс байлдааны зориулалттай 396 ширхэг сум нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.2 дахь хэсэгт хамаарагдана. Бусад ан агнуурын зориулалттай сум нь хураагдаад энэ хэрэгт ороогүй байгаа. Зөвхөн ганц шинжээчийн дүгнэлтэд үндэслээгүй. Мөн мэргэжлийн цэргийн байгууллагын хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан. Байлдааны зориулалттай галт зэвсэг, хэрэгсэл, сум зэргийг худалдаж болон ашиглах ямар ч боломж байхгүй. Тусгай субъект бүхий байгууллагууд авдаг. Эдгээр байлдааны хэрэгслийг хувь хүн оруулахыг хуулиар хориглосон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                                               ХЯНАВАЛ:

Ө.Октябрь, Д.Наранбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй болох нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас тогтоогдов. Учир нь;

Цагдаагийн байгууллага хойшлуулшгүй ажиллагаагаар Ө.Октябрийн автомашинаас байлдааны зориулалттай сумнаас гадна ангийн, спорт-сургалтын зориулалттай сумнуудыг хураан авч, энэ тухай шинжээчийн дүгнэлт гарч тухайн сумнуудыг аль нь байлдааны, аль нь спорт сургалт, ан агнуурынх болохыг тогтоосон байтал эдгээр ан агнуур, спорт сургалтын зориулалт бүхий сумнуудыг хэрхэн шийдвэрлэх талаар прокурор үндэслэл бүхий дүгнэлт өгөхгүйгээр яллах дүгнэлтийн хавсралтаар шүүхэд шилжүүлсэн, шүүх мөн ямар нэгэн үнэлэлт дүгнэлт хийлгүй шууд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалтаар Улаанбаатар хотын Цагдаагийн газарт шилжүүлсэн нь ойлгомжгүй байна.

2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хууль /Төрийн мэдээлэл 2015 оны №31/-иар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийг “Ангийн, спорт-сургалтын, харуул хамгаалалтын галт зэвсэг, сумыг хууль бусаар удаа дараа борлуулсан, байлдааны зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан, авч явсан, борлуулсан бол...” гэж өөрчлөн найруулсан бөгөөд Ө.Октябрийн үйлдлээс харахад Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл байхгүй байхад ямар учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн бүрэлдэхүүний нэг шинж болж байгаа ангийн, спорт-сургалтын сумыг орхигдуулан яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх зөвтгүүлэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.   

Иймд ялтан Ө.Октябрьт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу ял сонсгохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй.

 

Түүнчлэн шүүх хэргийг шийдвэрлэхдээ Д.Наранбаатарын үйлдлүүдээс “хууль бусаар хадгалсан, авч явсан” обьектив талын зарим шинжийг хэрэгсэхгүй болгоогүй атлаа зөвхөн “борлуулсан” гэж гэм буруутайд тооцсон, нэмэгдэл ял хэрэглэхдээ “...тээврийн хэрэгсэл буюу үнийн ... төгрөгийг улсын орлого болгосугай” гэж өгүүлбэр зүйн илтэд алдаатай, хоёрдмол утгатай байдлаар тогтоол гаргаж байгаа явдлыг цаашид анхаарвал зохино.