Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 680

 

 

    Л.Төрболд, П.Хишиг-Эрдэнэ нарт

     холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Д.Цолмон,

            шүүгдэгч П.Хишиг-Эрдэнэ,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Л.Төрболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.Төрболд, П.Хишиг-Эрдэнэ нарт холбогдох 201625010642 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Цэвээнсүрэн овгийн Лхагважавын Төрболд, 1988 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн 15 дугаар баг, Мангиртын 7 дугаар хэсгийн 39 тоотод оршин суух,

-2006 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ТЕ88081976/;

2. Цоохор овгийн Пүрэвдагвын Хишиг-Эрдэнэ, 1964 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, хувиараа “Нарантуул” ОУХТ-д эмээл, хазаар худалдан борлуулах ажил эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Баруун Баян-Уул 11 дүгээр гудамжны 15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД: ЧГ64081361/;

Л.Төрболд нь 2016 оны 2 дугаар сарын 11-ний орой 20 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баян Монгол хорооллын 414 дүгээр байрны 77 тоотод оршин суух Б.Мөнхтулгад хутга тулгаж, гэрт нь ороод эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, “Toshiba" загварын зөөврийн компьютер, хулганы хамт, "Samsung core" загварын гар утас, 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зэс аяга, гоёлын хутга, биет 10.000 төгрөг, мөнгөн ээмэг бөгжний хослол, 1 ширхэг “Смирнов” архи зэрэг эд зүйл дээрэмдэж, нийт 1.640.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Макс хотхоны 31 дүгээр байрны 36 тоотын хажууд байрлах Н.Бүрэнбаатарын эзэмшлийн өрөөнөөс их гарын мөнгөн хэрэглэлтэй, жийжүү дөрөөтэй эмээл хулгайлж, бусдад 10.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

П.Хишиг-Эрдэнэ нь 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Нарантуул олон улсын худалдааны төв дээр шүүгдэгч Л.Төрболдын хулгайлсан эмээлийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авч борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Төрболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, П.Хишиг-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Төрболдыг  бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон, бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, П.Хишиг-Эрдэнийг хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авч борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар  Л.Төрболдоос эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар П.Хишиг-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Л.Төрболдод оногдуулсан 6 жилийн хорих ялд 4 жилийн хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, түүний эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Л.Төрболдын цагдан хоригдсон нийт 52 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Л.Төрболдоос 940.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Мөнхтулгад, 147.350 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.Жүгдэрт, 8.000.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Бүрэнбаатарт, П.Хишиг-Эрдэнээс 2.000.000 төгрөг гаргуулж Н.Бүрэнбаатарт тус тус олгохоор шийдвэрлэжээ.  

Ялтан Л.Төрболд тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч байсан, хохирогч нарын эд зүйлсийг олоход идэвхтэй дэмжлэг үзүүлсэн. Мөн үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлснээр ажил хийж, хохирогч нарын хохирлыг төлөх нөхцөл боломж бүрдэх юм. Би Дархан-Уул аймагт эх, хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эх Д.Энхчимэг нь 80 хувийн группэд байдаг, хүү Т.Төгсжаргал нь 3 дугаар ангид сурдаг. Ар гэрийн байдлыг харгалзан үзэж, миний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.   

Ялтан П.Хишиг-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай нөхөр тухайн эмээлийг худалдаж авахаасаа өмнө зургийг нь авсан. Л.Төрболд “миний аав хэвтэрт, үхлүүд байгаа” гэж надаас гуйгаад байхаар нь өрөвдөөд худалдаж авсан юм. Хэрвээ хулгайлсан эд зүйл гэдгийг нь мэдсэн байсан бол худалдаж авахгүй байсан. Анхан шатны шүүх надаас 2.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрч байна...” гэв.

 

Прокурор Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                                                    ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Л.Төрболд нь 2016 оны 2 дугаар сарын 11-ний орой 20 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баян Монгол хорооллын 414 дүгээр байрны 77 тоотод оршин суух Б.Мөнхтулгын эд хөрөнгийг авах зорилгоор хутга хэрэглэж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн гэрт нь орж, "Toshiba" загварын зөөврийн компьютерыг хулганы хамт, "Samsung core" загварын гар утас, 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зэс аяга, гоёлын хутга, биет 10.000 төгрөг, мөнгөн ээмэг бөгжний хослол, 1 ширхэг “Смирнов” нэртэй архи зэрэг эд зүйлийг нь дээрэмдэж, 1.640.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Макс хотхоны 31 дүгээр байрны 36 тоотын хажууд байрлах Н.Бүрэнбаатарын эзэмшлийн өрөөнөөс, их гарын мөнгөн хэрэглэлтэй, жийжүү дөрөөтэй эмээл хулгайлж, бусдад 10.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

П.Хишиг-Эрдэнэ нь 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Нарантуул зах дээр Л.Төрболдын хулгайлсан эмээлийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авч борлуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Мөнхтулгын: “... 2016 оны 2 дугаар сарын 11-ний өдөр буюу шинийн 3-ны өдөр байсан, манай гэрийнхэн золголт хийхээр явсан. Би 20 цаг 30 минутын орчим гэртээ ганцаараа байж байтал гэрийн хаалга тогшсон. Манай гэрт хүмүүс ирж байгаа юм байх гэж бодоод онгойлготол гаднаас 25-30 орчим насны, хөх өнгийн куртиктэй, ажлын бээлий өмсөж, гартаа хутга барьсан залуу орж ирээд “доошоо суу” гэхээр нь би айгаад суусан. “Надад их хэмжээний мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь халаасанд байсан 10.000 төгрөгийн талаар хэлэхэд “надад дахиад өөр юм хэрэгтэй байна” гээд миний өмссөн подволкны мөрөн дээрээс нэг гараараа бариад нэг гартаа хутга тулгаад миний өрөө лүү орсон. Тэгээд ширээн дээр байсан миний нөүтбүүк, гар утас зэргийг харж байснаа том өрөө лүү миний араас түлхээд орсон. Буцаж манай өрөө лүү ороод “нөүтбүүк чинь ямар үзүүлэлттэй юм” гэж асууснаа “цүнхэндээ хий” гэхээр нь өөрийн үүрдэг хар өнгийн үүргэвчинд хийхэд “наадахыг чинь дагалдах юу байна, бүгдийг нь хий” гэхээр нь би хулгана хэрэглэдэггүй гэхэд “тэр суурин компьютерт залгасан байгаа хулганыг хийчих” гэсэн... Том өрөө лүү ороод ханын шүүгээнд байсан мөнгөн аяга, зэс аяга, цаг, ээмэг бөгжний хослол зэргийг цүнхэнд хийлгүүлсэн. Мөн ууцан дээр тавьсан байсан хутгыг авч өөрийнхөө барьж байсан хутгыг үлдээсэн. Үүдэнд өлгөөтэй байсан шар бор өнгийн хүрмийг харснаа “энэ чинийх үү” гэхээр нь “тийм” гэтэл “энийг чинь авна аа” гэж хэлсэн. Би өөрийнхөө өрөөнд байсан богино өмдний халааснаас арав орчим мянган төгрөгийг өгсөн. Тэр залуу “гар утсыг чинь авна” гэхээр нь “симээ авчих уу” гэхэд “тэг” гэсэн. Би сим картаа аваад гар утсаа түүнд өгсөн. Түүний дараа намайг угаалгын өрөөнд дагуулж ороод гар хүлэх зүйл хайж байснаа суултуурны хажууд байсан паарнаас эхлээд бие угаадаг саарал өнгийн давуугаар миний гарыг хүлээд дараа нь улаан өнгийн порлонтой зүйлээр давхарлаж паартай хүлсэн. Тэгээд нөгөө өрөөнд юм түжигнүүлж байснаа хутганы саванд байсан цэнхэр өнгийн цахилгааны лентийг авчирч давхарлаж хүлсэн. Тэгээд миний ам руу нойлийн цаас чихээд гаднаас нь лентээр ороосон. “Гэрийн чинь түлхүүр байгаа юу” гэж асуухаар нь толгой сэгсэрсэн. Тэгээд хаалга хаасан. Удалгүй гэрийн хаалга онгойсноо гаднаас цоожилж байгаа нь сонсогдсон...” /хх 38-39/,

хохирогч Н.Бүрэнбаатарын: “...Би 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр аав Наранцэцэгээс өвлөж авсан их гарын мөнгөн хэрэглэлтэй, жийжүү дөрөөтэй эмээлийн ганзага, олом, жирэмийг нь янзлах гээд гэрээсээ гаргаж, хажуу талд тусдаа хаалгатай харанхуй өрөөнд оруулж тавьсан. Тэгээд 2 дугаар сарын 25-ны өдөр харанхуй өрөөний хаалгыг онгойлгосон чинь миний эмээл алдагдсан байсан... Түүнээс хойш 3 дугаар сарын 31-ний өдөр дээд айлын залуу над руу залгаад “энэ хавиар нэг залуу харанхуй өрөөнд түлхүүр тааруулах гээд байна” гэхээр нь гараад очиход 9 дүгээр давхарт 25-30 орчим насны залуу зогсож байхаар нь цагдаа дуудсан. Би түүнээс “чи эмээл хулгайлсан уу” гэж асуухад “тийм, Нарантуул зах дээр 260.000 төгрөгөөр зарчихсан” гэж хэлсэн. Би “Нарантуул” зах дээр миний эмээлийг худалдаж авсан ченж дээр очоод “зарсан үнээр нь авъя, надад эрхэм зүйл байгаа юм” гэхэд “эмээлийг зарчихсан, хэнд зарснаа мэдэхгүй байна, гөлөм нь дэвстэйгээ байна” гэхээр нь гөлөм, дэвс хоёроо буцааж авсан...” /хх 41-42/,

иргэний нэхэмжлэгч Ж.Жүгдэрийн: “...2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр “Завъяа тагш” барьцаат зээлийн газарт Төрболд гэх залуу гурван ширхэг мөнгөн аяга авчираад 126.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Уг гурван аяганы хоёрынх нь хажууд “гал голомт найзуудаас нь дурсгав” гэсэн бичигтэй байсан...” /хх 44/,

гэрч Ж.Бямбаагийн: “...Бид нар золголт хийхээр явсан, хүү Мөнхтулга гэртээ үлдсэн. 23 цагийн үед Мөнхтулга гэртээ дээрэмдүүлсэн байна гэж дүү Баярмагнай хэлсэн. Бид нар шууд гэртээ очиход Мөнхтулга хаалганы цаанаас “цоожилчихсон, онгойлго” гэсэн. Би өөртөө байсан түлхүүрээр гэрийн хаалга онгойлгоход Мөнхтулга айсан байдалтай гэрийн зарим эд зүйл ундуй, сундуй байсан. Мөнхтулга намайг ариун цэврийн өрөөнд цоожилсон гэж хэлж байсан...” /хх 47/,

гэрч Г.Оюунбатын: “... Орой 23 цагийн үед Мөнхтулга над руу “Аав руу залгаад Манай гэрийг дээрэмдчихлээ, аавыг ир” гэж хэлээд өгөөч гэж Фэйсбүүк мессенжерээр утасны дугаар өгсөн. Аав нь утсаа авахгүй байсан ба энэ талаараа хариу бичихэд “Тэгвэл агаад хэл” гээд нэг дугаар өгөхөөр нь Ганаа гэдэг ах руу нь залгаж, дээрэмдүүлсэн талаар гэрийнхэнд нь анх мэдэгдсэн...” /хх 49/,

гэрч А.Батмөнхийн: “...Би Бүрэнбаатар ахын багшилдаг үндэсний бөхийн дамжаанд бэлтгэл хийж, хааяа гэрээр нь орж, ойр зуур тусалдаг. Тэдний гэрт их гарын Батноров хийцтэй, жийжүү дөрөөтэй, улаан дэвстэй эмээл байдаг байсан. Эмээлийн хэрэглэлийн хувьд цэвэр мөнгө байсан...” /хх 54/,

П.Хишиг-Эрдэнийн сэжигтнээр өгсөн: “...2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Нарантуул олон улсын худалдааны төв дээр нөхөр Олзбатын хамт бараагаа гаргаж байтал эмээл барьчихсан нэг залуу ирснээ “эмээл худалдаж авах уу” гэсэн. Манай нөхөр үзээд байхаар нь би “наадах чинь хулгайн юм биш биз дээ, дараа нь лай болно” гээд авахгүй гэж хэлсэн. Тэгэхэд нөгөө залуу “аав өвчтэй байгаа, би хөдөөнөөс очиж энэ эмээлийг авлаа” гээд намайг хоргоогоод байхаар нь 260.000 төгрөгөөр эмээлийг нь худалдаж авсан...” /хх 110/,

Д.Олзбатын сэжигтнээр өгсөн: “... Өглөө 11 цагийн орчим эмээл барьсан нэг залуу ирээд энэ эмээлийг зарчихмаар байна гэхээр нь би “ наадах чинь хулгайн юм байвал яах юм, чамд үзүүлэх юм байна уу” гэхэд “энэ эмээл миний эмээл, аавын бие тааруу байна гээд өөрийнхөө иргэний бүртгэлийн лавлагааг үзүүлсэн. Тэгэхээр нь авахгүй ээ гээд явуулсан. Гэтэл удалгүй буцаж ирээд “аавын бие муу байна, мөнгө хэрэгтэй болоод” гээд уйлан дуугараад гуйгаад байсан. Би хэдэд зарах юм гэхэд 300.000 төгрөгөөр зарна гэхээр нь авахгүй гэж хэлэхэд хажуугаас эхнэр Хишиг-Эрдэнэ “за яахав өвчтэй зовлонтой юм бол 260.000 төгрөгөөр авчихгүй юу” гэхэд тэр залуу зөвшөөрсөн...” /хх 115/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...9 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь Гарын хээний нэгдсэн санд 2667 ... дугааруудаар бүртгэгдсэн Лхагважавын Төрболдын зүүн гарын дунд хурууны хээтэй тохирно...” /хх 60/ гэх 1334 дүгээр дүгнэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 25/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 36/ зэрэг хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

            Л.Төрболд, П.Хишиг-Эрдэнэ нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хэргийг зөв зүйлчилж, хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

            Анхан шатны шүүх П.Хишиг-Эрдэнийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлтэйгээс гадна хохирогч Н.Бүрэнбаатарын алдагдсан эмээлийн хохирлыг П.Хишиг-Эрдэнээр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэл бүхий болжээ.     

            Шүүхээс Л.Төрболдын үйлдсэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар зэвсэг хэрэглэн довтолсон, бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, ялтны хувийн байдал, гэм бурууд нь тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

            Иймд ялтан Л.Төрболдын “...хорих ял эдлэх дэглэм хөнгөрүүлэх...” тухай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

            Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад ялтан Л.Төрболдын цагдан хоригдсон анхны хугацааг буруу бичсэнийг зөвтгөх нь зүйтэй.