Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 699

 

   Д.Урансүрэн, Ч.Оюун, Ө.Гандолгор нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуул, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор У.Дэндэвдорж,

ялтан Д.Урансүрэнгийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, П.Сарантуяа, Д.Мөнхтуяа,

шүүгдэгч Ч.Оюун, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх,

шүүгдэгч Ө.Гандолгорын өмгөөлөгч Ч.Энхтөвшин,

нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Оюун, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Урансүрэн, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, П.Сарантуяа, Д.Мөнхтуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, мөн шүүгдэгч Ч.Оюун, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, шүүгдэгч Ө.Гандолгорын өмгөөлөгч Ч.Энхтөвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Урансүрэн, Ч.Оюун, Ө.Гандолгор нарт холбогдох 2014260001737 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Эрчим овогт Дугаржавын Урансүрэн, 1959 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 39 дүгээр байрны 4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УЗ59011528/,

2. Булгадар овогт Чойнжуурын Оюун, 1963 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Увс аймаг Цагаанхайрхан суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн инженер, механик, нягтлан бодогч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 8, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 2 дугаар гудамжны 92 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: НЩ63031866/,

3. Амарсайхан овогт Өлзийбуянгийн Гандолгор, 1983 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 33 настай эмэгтэй, дээд боловсролтой, малын их эмч, нягтлан бодогч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 16 дугаар гудамжны 42 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЗП83020600/

1. Д.Урансүрэн нь давтан үйлдлээр Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын давуу байдлаа ашиглан П.Бямбасүрэнгийн хүсэлтийн дагуу 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр түүнийг Нийслэлийн мал эмнэлгийн газарт дээж авагч, хариу олгогч их эмчийн ажилд томилсныхоо төлөө 2011 оны 2 дугаар сар, 2012 оны 2 дугаар саруудад П.Бямбасүрэнгээс 170.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хонины мах хээл хахуульд авсан,

Ө.Гандолгорын хүсэлтийн дагуу 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр түүнийг Нийслэлийн мал эмнэлгийн газарт аж ахуй, кассын няравын ажилд томилсныхоо төлөө 2011 оны 4 дүгээр сард Ө.Гандолгороос 1.000.000 төгрөгийг Ч.Оюунаар дамжуулан хээл хахуульд авсан, 

2. Ч.Оюун нь Ө.Гандолгортой бүлэглэн Нийслэлийн мал эмнэлгийн газрын Санхүү аж ахуйн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан Нийслэлийн мал эмнэлгийн газрын урьдчилан сэргийлэх, үйлчилгээний орлогоос 2011 оны 6 дугаар сараас 12 дугаар сарын хооронд 12.050.253 төгрөг, 2012 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд 10.701.523 төгрөгийг завшиж, Нийслэлийн мал эмнэлгийн газарт нийт 22.751.776 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, 

3. Ө.Гандолгор нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын аж ахуйн, кассын няраваар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан Нийслэлийн мал эмнэлгийн газрын Санхүү аж ахуйн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Ч.Оюун нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын урьдчилан сэргийлэх, үйлчилгээний орлогоос 2011 оны 6 дугаар сараас 12 дугаар сарын хооронд 12.050.253 төгрөг, 2012 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд 10.701.523 төгрөгийг буюу нийт 22.751.776 төгрөгийг завшихад учрах саадыг арилгаж буюу хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Урансүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар, Ч.Оюуны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар, Ө.Гандолгорын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Урансүрэнг давтан үйлдлээр бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ч.Оюуныг байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ө.Гандолгорыг байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшихад учрах саадыг арилгаж буюу хамжигчаар оролцон их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Д.Урансүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Ч.Оюуныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Ө.Гандолгорыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ч.Оюун, Ө.Гандолгор нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Урансүрэнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, Ч.Оюун, Ө.Гандолгор, Д.Урансүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй, Ч.Оюун 6.050.000 төгрөг, Ө.Гандолгор 11.050.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, Д.Урансүрэн бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ч.Оюунаас 5.325.888 төгрөгийг, Ө.Гандолгороос 325.888 төгрөгийг тус тус гаргуулж, Нийслэлийн мал эмнэлгийн газарт олгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Д.Урансүрэнгээс 1.170.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Ч.Оюун, Ө.Гандолгор нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх, Д.Урансүрэнд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Д.Урансүрэн тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие анхан шатны шүүхийн 120 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул өөрийн хувийн байдал, надад өгсөн 1.000.000 төгрөг болон 2 хонины махны талаарх зохион байгуулалттай гүтгэлгийг яаж зохион байгуулсан, хэдэн хүний ашиг сонирхол байгааг дараах байдлаар тайлбарлалаа. Намайг буруутгах ажлыг зохион байгуулах нь даргын үүрэг гүйцэтгэгч А.Нарантуяа ажлаа өгөхгүй байх, М.Түмэннаст өөрийн хүүхдийг хувийн мал эмнэлэгт жилд дунджаар 50 орчим сая төгрөг авах ашиг сонирхол байсан.

Ч.Оюун нь 1.000.000 төгрөг өгсөн талаар гүтгэлэг хэлсний төлөө сар болгон 900 гаруй мянган төгрөгийн цалинтай ажилд томилогдсон. Мөн А.Нарантуяа нь шинээр орон тоо батлуулаагүй байж Бямбасүрэнг их эмчийн жинхэнэ орон тоон дээр авч, цалинг нь их эмчийн цалингаар тооцсон. Ө.Гандолгор, Ч.Оюун нар нь санхүү нягтлан бодох бүртгэлийн дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан ажлаа хийсэн бол өнөөдөр ийм асуудалд хүргэхгүй байсан бөгөөд удаа дараа дотоод хяналт хийж танилцуулах ажлыг гүйцэтгэж хийгээгүйн улмаас 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ажлаас чөлөөлөгдсөн. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр намайг ажилд эргүүлэн томилох шийдвэр гарсан. Гэтэл мал эмнэлгийн даргыг түр орлон гүйцэтгэгч А.Нарантуяа нь намайг ажилд оруулахгүй байх ажлыг зохион байгуулдаг байсан.

Миний биеийг буруутгах гэсэн зохион байгуулсан нотлох зарим баримтууд:

1. Гэрч А.Баттогтох мэдүүлэхдээ “...Тэгээд намайг Ч.Оюунаар дамжуулж ажилд орохдоо Д.Урансүрэн даргад 1 сая төгрөг өгч ажилд орсон гэж баримт бичээд өг хариуд нь хуучин ажиллаж байсан тооцооны ажил дээр чинь томилж өгнө гэж Нийслэлийн мал эмнэлгийн газарт гэсэн баримт бичүүлж авсан...” гэж 3 удаа мэдүүлсэн.

2. Ө.Гандолгор нь Нийслэлийн мал эмнэлгийн газарт гээд Ч.Оюунаар дамжуулан 1 сая төгрөг өгч ажилд орсон гэсэн баримтыг 2 шалтгаанаар бичсэн тухайгаа 2014 оны 12 дугаар сарын 2-ны анхан шатны шүүх хурал дээр өгсөн. Малын эмч М.Түмэннаст Урансүрэн даргад Ч.Оюунаар дамжуулан өгсөн гээд бичээд өгчих гээд бичүүлж аваад явсан гэж тодорхой мэдүүлсэн.

3. Ч.Оюун нь 2013 оны 7 дугаар сард Баянгол дүүргийн шүүх хуралд гэрчээр орсон. Ч.Оюун нь хариуцлагагүй ажилласан мөн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлаа хийж чадаагүйн улмаас түүнийг 2012 оны 9 дүгээр сарын 28-нд 143 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Гэтэл тушаалтай маргахгүй гэсэн атлаа Д.Урансүрэн бусдад тушаал гаргасан 5.700.000 төгрөгийг нэхэхгүй гэж анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан зэрэг зохион байгуулалттай ажиллагаа явуулдаг юм. Ч.Оюунд даргын түр орлон гүйцэтгэгч А.Нарантуяа гэгч жилд 10.000.000 гаруй төгрөгийн цалин олгож байгаа нь нотлогдоно.

- Ө.Гандолгор мэдүүлэг бүртээ Ч.Оюунтай уулзаж байсан, яаж мөнгөө өгсөн тухайгаа удаа дараа мэдүүлсэн.

- Д.Лхамноржингийн мэдүүлэгт 1 хонины мах, сүү зэргийг гэрт өгсөн гэсэн байсан. Харин Урансүрэн даргад өгөх үү гэж асуухаар нь Д.Урансүрэн даргад өгөх хэрэггүй. Харин 2 хөгшинд 5 литр сүү өгчихгүй юу гэж хэлсэн байдаг. П.Бямбасүрэн 2010 оны 11 дүгээр сард ажилд ороод 2011 оны 2 дугаар сард манайд хонины мах өгсөн гэдэг. Гэтэл 2015 оны 3 дугаар сард гэнэт 2 хонины махны талаар яригддаг юм. Байцаагч гэрт нь өгсөн гэж бичсэн байсныг би хүлээн зөвшөөрөөгүй учир гарын үсэг зураагүй дахин мэдүүлэг өгсөн мэдэхгүй гэдгээ хэлсэн. Одоо энэ талаар Бямбасүрэн бидний хооронд шан харамж нэхэж хэлж байгаагүй гэдгээ тодорхой хэлсэн.

- Миний нөхрийг П.Бямбасүрэн танихгүй бөгөөд 2011 оны 2 дугаар сард би ажлын газрын хүмүүсээ гэртээ ир гэж хэлж байгаагүй.

- П.Бямбасүрэн 2012 оны 2 дугаар сард хонины мах Батбаяр жолоочоор дүү Д.Сэлэнгэд өгчих гэж явуулсан гэдэг. Гэтэл 2 удаагийн шүүх хуралд П.Бямбасүрэн 2 дахь хонины махаа авсан эсэхийг асуухад үгүй би асуугаагүй гэж тодорхой хариулсаар байтал намайг буруутгах гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

- Д.Сэлэнгэ шүүх хуралдаанд гэрчээр оролцоод надад Бямбасүрэн 1 хонины мах өгөөгүй, мэдэхгүй гэж тодорхой хэлснийг шүүх үнэлэхгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

- Энэ хэргийг 2014 оны 2 дугаар сарын 24-нд Сонгинохайрхан Баянгол дүүргийн прокурор Бадмаа хэрэгсэхгүй болгосон байсан.

- 2015 оны 9 дүгээр сард Нийслэлийн прокурор Мөнгөншагай гэрчүүдийн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтыг үндэслэн Д.Урансүрэн, Ө.Гандолгор, П.Бямбасүрэн бид нарын авлига өгсөн, авсан хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Иймд Ч.Оюунд А.Нарантуяагийн гарын үсгээр хэдэн төгрөгийн цалин шилжүүлсэн баримтыг тухайн сангаас гаргуулах, Түмэннастын ажлын байрны тодорхойлолт, “ТУДА” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ болон өөрчлөлтүүдийн хамт газраас гаргуулах, 2012 оны 6 дугаар сард гаргасан миний гарын үсэгтэй ашиг сонирхлын зөрчлийн хууль хэрэгжүүлэх тухай тушаал, П.Дэмбэрэлнямыг 2011 оны 11 дүгээр сард орлон түр гэж гаргасан тушаал, М.Түмэннастын хөрөнгө оруулалтын мэдүүлгийн баримтуудыг шалгуулах хүсэлтэй байна.

  • .Бямбасүрэн нь Нийслэлийн мал эмнэлгийн газарт гэж хаяглаж баримт бичиж өгсөн. Тодорхойлолтоо бичихдээ гарын үсэг зурсан байснаа дахин 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэж бичээд хар өнгийн үзгэн балаар гарын үсэг зурсан байдаг. П.Бямбасүрэнгийн 2011 оны 5 дугаар сараас 2014 оны 3 дугаар сарын 20-ны хүртэлх цалингийн баримт, 2014 оны 3 дугаар сарын 20-ноос 2016 он хүртэл цалингийн баримтуудаас сар бүрээр нь Нийслэлийн мал эмнэлгийн газраас гаргуулна. А.Баттогтох нь өр төлбөрөө төлөөд ажлаасаа гарсан тул үнэнийг хэлсэн гэж бодож байна.

- П.Бямбасүрэн нь 2014 оны 3 дугаар сарын 20 их эмчийн орон тоо дээр ажиллаж цалингаа нэмэгдүүлж намайг гүжир гүтгэлгийн хамжигчаар оролцож байгаа хүмүүс юм. Иймд та бүхэн үнэн зөвийг олж, намайг цагаатгаж өгнө үү...” гэжээ.

Ялтан Д.Урансүрэнгийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Д.Мөнхтуяа, П.Сарантуяа, нар тус шүүхэд хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Д.Урансүрэнгийн “Ч.Оюунаар дамжуулан 1.000.000 төгрөгийн хээл хахуульд авсан” гэх үйлдлийн талаар шүүх дүгнэхдээ Ч.Оюун ... зуучилсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн... хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолоор нотлогдсон гэж үзсэн. Ч.Оюун нь ямар ч тохиолдолд би 1.000.000 төгрөг дамжуулаагүй гэж хэлэхгүй нь тодорхой бөгөөд байгууллагын хөрөнгийг завшсан үйлдлээ өөрийн талд ашигтайгаар шийдвэрлүүлэх сонирхол давамгайлсан байсан гэдгийг шүүх анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэр Ч.Оюуны дамжуулж өгсөн гэм буруутай мэт худал мэдүүлж байгаа Ч.Оюуны мэдүүлгийг шүүх хэтрүүлэн үнэлж, Д.Урансүрэнд ял халдаах үндэслэл болгосон нь Ч.Оюуны талаарх доорх нөхцөл байдлуудтай харьцуулж үзээгүй гэж үзэж байна.

1. Д.Урансүрэн нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байхдаа Ч.Оюунд олон үүрэг даалгавруудыг өгч байсан боловч огт биелүүлээгүйн улмаас 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Ч.Оюуныг ажлаас халсан.

2. Үүний дараа байгууллагын дотоод хяналт шалгалтаар 2011 онд тушаавал зохих 12.100.000 төгрөг, 2012 онд 10.700.000 төгрөгийг Ч.Оюун дутагдуулсныг илрүүлсэн бөгөөд үүнийг “Координат”, “Апкар” аудитын дүгнэлт, мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, шинжээчийн дүгнэлт давхар баталсан.

3. Ч.Оюун нь байгууллагад учруулсан бүх хохирол дутагдлын шалтгааныг дарга Д.Урансүрэнд өгсөн гэж мэдүүлдэг. Энэ нь нярав Ө.Гандолгорын “Д.Урансүрэн кассын орлого бэлэн мөнгөнөөс надаас нэг ч төгрөг авч байгаагүй. Мөнгө өг гэж хэлж байгаагүй. Ч.Оюун нягтлан Урансүрэн дарга аваад ир гэсэн гээд авдаг байсан. Даргад өгдөг үгүйг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлгээр няцаагддаг.

4. Д.Урансүрэнг Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байх үед Ч.Оюун нь дээрх дутагдлаас 5.000.000 төгрөгийг Ө.Гандолгороор дамжуулж төлж барагдуулсан бөгөөд мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би Гандолгорт зээлдүүлсэн юм” гэж худал мэдүүлдэг.

5. Хэрэгт авагдсан Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабораторийн захирлын 2008 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар Ч.Оюун нь мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас халагдсан бөгөөд тэрээр мэдүүлэгтээ “хотын төв рүү ажилтай болох санаатай ажлаас гарсан” гэж худал мэдүүлдэг.

Уг гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын үйлдэл нь “... албан тушаалын албан үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр... хээл хахууль авсан” үйлдлээр илрэх бөгөөд Д.Урансүрэн нь 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Мал эмнэлгийн газрын аж ахуй, кассын няраваар Ө.Гандолгорыг ажилд томилохдоо уг ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байсан тул зохих ёсоор хуулийн дагуу ажилд авсан. Ажилтныг авах эсэх асуудлыг Нийслэлийн Мал эмнэлгийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын дагуу Зөвлөлийн хурлаар, зөвлөлийн гишүүд хамтын зарчмаар хэлэлцэж шийдвэрлэдэг. Д.Урансүрэн нь дангаар шийдвэрлэж, эрх мэдлээ хэтрүүлээгүй. Мөн Ч.Оюуны мэдүүлгээс Ө.Гандолгорыг дарга Д.Урансүрэн нь сонгоогүй гэдэг нь харагддаг.

Ө.Гандолгор, гэрч Б.Баттунгалаг, Б.Сэндэръяа нарын мэдүүлгүүдээр Д.Урансүрэн нь Ө.Гандолгорыг ажилд авахын тулд түүнээс хээл хахууль авахаар урьдчилан амлах буюу амлахгүйгээр аль ч тохиолдолд түүнтэй харилцан тохиролцоогүй болох нь нотлогдоно. “Ч.Оюун Д.Урансүрэн даргад өгнө гээд ажилд орохын өмнө надаас 1.000.000 төгрөг авч няраваар ажилд оруулсан гэж хэлж байсан” гэж Ө.Гандолгороос ам дамжин ярьсан зүйлийн талаар мэдүүлсэн гэрч Б.Оюунцэцэгийн мэдүүлгийг өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй байхад шүүхээс гэм буруутайд тооцсон. Гэтэл Ө.Гандолгор нь “1.000.000 төгрөгийг Ч.Оюунд л өгсөн, Ч.Оюун нь Д.Урансүрэнд дамжуулж өгсөн эсэхийг мэдэхгүй” гэж шүүх хуралдаан дээр мэдүүлсэн нь бодит байдалтай нийцсэнгүй.

            Шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд Ө.Гандолгор нь Д.Урансүрэн даргатай нэг ч удаа уулзаж байгаагүй гэж мэдүүлдэг. Үүнээс үзэхэд Ч.Оюун нь 1.000.000 төгрөгийг өөртөө авч ашигласан нь харагдах бөгөөд үүнийгээ Д.Урансүрэнд өгсөн гэж итгүүлэхийн тулд түүнийг Ө.Гандолгортой уулзуулж байсан гэж худал мэдүүлдэг.  П.Бямбасүрэнг 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Мал эмнэлгийн газарт дээж авагч, хариу олгогч их эмчийн ажилд томилсон тушаал, П.Бямбасүрэнгийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэргийн обьектив, субьектив талын бүрэлдэхүүнгүй гэдэг нь харагдана.

            П.Бямбасүрэнгийн мэдүүлэгт дурдагдсан Д.Эрдэнэ-Очир, М.Батбаяр, Жавхлан нарыг гэрчээр асуугаагүй. Гэрч Д.Сэлэнгээгийн мэдүүлгийг Д.Урансүрэнгийн төрсөн дүү гэдэг үндэслэлээр үнэлээгүй нь хэт нэг талыг барьж нотлох баримтыг үнэлсэн гэж үзэхэд хүргэж байна. П.Бямбасүрэнг сэжигтнээр байцаахдаа Лхамноржингоор дамжуулж 2 хонины мах өгсөн үү гэж тулгах аргаар байцаасан. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт зааснаар нотлох чадвараа алдсан.

            Нийслэлийн Засаг даргын 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Б/56 тушаалаар Д.Урансүрэнг Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Ардчилсан намын гишүүн А.Нарантуяаг даргын үр орлон гүйцэтгэгчээр томилсон. Харин шүүхээс Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, Д.Урансүрэнг Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын албан тушаалд эргүүлэн тогтоосон. Гэтэл энэ шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, А.Нарантуяа нь Д.Урансүрэнд 16 төрлийн үйлдэлд холбогдуулан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хээл хахууль авсан гэх гомдлыг Авлигатай тэмцэх газар гаргасан. Энэ 16 үйлдлийн нэг нь ч тогтоогдоогүй бөгөөд “А.Баттогтохоос шан харамж нэхэж шаардан ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ч.Оюунаар дамжуулан 1.000.000 төгрөг авч тооцооны нягтлангаар ажилд авсан” гэх гомдол байдаг ба А.Баттогтох нь “Би Ч.Оюунаар дамжуулан 1.000.000 төгрөгийг Д.Урансүрэнд өгөөгүй” гэж удаа дараа үнэнээ мэдүүлсэн. Мөн Нийслэлийн Мал эмнэлгийн газрын орлогч дарга Түмэннаст нь Ө.Гандолгорыг эмнэлэгт хэвтэж байхад нь 1.000.000 төгрөгийг Ч.Оюунаар дамжуулан Д.Урансүрэнд өгсөн гэж бичүүлж авсан бөгөөд Ө.Гандолгор нь “Би Ч.Оюун нь Д.Урансүрэн даргад өгсөн эсэхийг мэдэхгүй тул ингэж бичиж болохгүй” гэж хэлж байсан талаараа шүүх хуралдаан дээр мэдүүлсэн. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 120 дугаар шийтгэх тогтоол нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, нотолбол зохих асуудлыг бүрэн тогтоогоогүй тул хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

Ялтан Д.Урансүрэнгийн өмгөөлөгч П.Сарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Д.Урансүрэнгийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүх нь сонирхлын зөрчилтэй хүмүүсийн мэдүүлгээр Д.Урансүрэнд ял оногдуулсан. Ө.Гандолгорын мэдүүлэгт 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр намайг эмнэлэг дээр байж байхад Түмэннаст ирээд Ч.Оюунд 1.000.000 төгрөг өгсөн юм байна. Тэрийг Ч.Оюунаар дамжуулж Д.Урансүрэнд өгүүлсэн гээд хэлчих гэхээр нь Ө.Гандолгор “за” гэж хэлдэг. Ө.Гандолгорт албан тушаал цалин амласан. Түмэннастын хүү Нямсүрэн нь хувьдаа мал эмнэлэгтэй бөгөөд аль болох хүүгийнхээ эмнэлэгт ашиг оруулах сонирхолтой байсан. Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрт “Туда” гэх компани Мал эмнэлгийн газраас мөнгө гаргуулан авахаар заасан байгаа. Тухайн мөнгийг Д.Урансүрэн улсын төсөвт орсон тул өгөх боломжгүй байна гэж хэлэхээр шүүхэд хандсан байдаг. Түмэннаст хүүгийнхээ хувийн эмнэлгийг ажиллуулахын тулд Д.Урансүрэнг зайлуулах сонирхолтой байсан тул Нарантуяатай хуйвалдсан. Бямбасүрэн хоёр хонины мах авсан гэж хэлээгүй байхдаа хэдэн төгрөгийн цалин авсан, хоёр мах авсан гэж хэлснийхээ дараа хэдэн төгрөгийн цалин авсан бэ гэдэг нь төрийн сангийн тодорхойлолтоор нотлогдоно. Дээрх үндэслэлийг анхан шатны шүүх хангаагүй, мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй. Бямбасүрэнгээс хоёр удаа мах авсан гэх өдөр нь яллах дүгнэлтэд байдаггүй. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хэрвээ гэмт хэрэг болсон бол он, сар, өдөр маш тодорхой байх ёстой гэж заасан. Д.Урансүрэн ажлаасаа гарсны дараа Нарантуяа, Түмэннаст гэх хүмүүстэй ойр байх сонирхол байгаа тул Бямбасүрэн нь худал мэдүүлэг өгсөн. Анхан шатны шүүх маш олон нотлох баримтад үнэлэлт өгөөгүй. Нийслэлийн мал эмнэлгийн газрын Захиргааны зөвлөлийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хурлыг Д.Урансүрэн даргалсан. Дээрх хурал дээр энэ хүмүүсийн мөнгө авсан талаар ярьдаг. Ажлаасаа халагдсан хүн нь Д.Урансүрэнтэй эсрэг сонирхолтой байх нь тодорхой. Яагаад 1.000.000 төгрөгийг Ч.Оюунд шилжүүлээд байдаг юм бэ. Хэргийг нь хэрэгсэхгүй болгосон Баттогтох гэдэг хүний мөнгийг хүртэл Оюун дамжуулж өгдөг. Шүүх бүрэлдэхүүн нотлох баримтуудын огноог анхаарч үзэхийг хүсч байна. Шүүхээс Д.Урансүрэнг ажилд эргүүлэн томилсон тухай шийдвэр гарсан. Д.Урансүрэнг ажилд оруулахгүй байх хугацаа хэрэгтэй болсон тул Нарантуяа нь Д.Урансүрэнд холбогдуулан Авлигатай тэмцэх газарт 2014 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр өргөдөл гаргасан. Бямбасүрэн, Ө.Гандолгор нар хэдэн төгрөгийн цалин авч байсныг шалгуулах хүсэлтэй байна. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудад үнэлэлт хийсэн бол Д.Урансүрэнг цагаатгах ёстой. Д.Урансүрэнд ямар ч буруу байхгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Ялтан Д.Урансүрэнгийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Д.Урансүрэнг давтан үйлдлээр буюу бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ө.Гандолгорыг ажилд ороход Баттунгалаг гэдэг хүн Ч.Оюунтай танилцуулсан. Ч.Оюуныг гэрчээр байцаасан тэмдэглэлд “...анкетыг нь бөглүүлээд Д.Урансүрэнд танилцуулахдаа Ө.Гандолгор гэх хүн хос мэргэжилтэй юм байна, манай байгууллагад хэрэгтэй...” гэсэн байх бөгөөд захиргааны зөвлөл, Д.Урансүрэнд Ө.Гандолгорыг санал болгосон. Захиргааны зөвлөлд Ч.Оюун гэх хүн Ө.Гандолгорыг санал болгосны үндсэн дээр ажилд томилсон. Тэгэхээр ажилд томилсон тушаал гаргасан Д.Урансүрэнг Ө.Гандолгороос 1.000.000 төгрөг авсан гэж шүүх дүгнэсэн нь буруу юм. 1.000.000 төгрөг нь Ө.Гандолгороос Ч.Оюун гэх хүний гарт очсон. Ч.Оюуны гараас Д.Урансүрэнд очсон гэдэг нь ямар ч баримтаар нотлогддоггүй. Гэтэл улсын яллагч болон анхан шатны шүүх хахуулийн гэмт хэрэг нүднээс далд явагддаг гэж үзээд Д.Урансүрэнг буруутгасан. Хээл хахууль авах, өгөх нь хэдийгээр нүднээс далд явагддаг ч гэсэн давхар нотлогдсон байхыг шаарддаг. Мөн хамт ажилладаг Б.Оюунцэцэгийн мэдүүлгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна. 1.000.000 төгрөг авсан гэх хэрэг нь нотлогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох боломжтой. Анхан шатны шүүх Д.Урансүрэн нь хоёр хонины махыг давтан үйлдлээр авсан гэж үздэг. Мөрдөн байцаалтын шатанд хоёр хонины махыг авахад хамт байсан Сэлэнгэ гэх хүнийг гэрчээр асуусан боловч Д.Урансүрэнгийн төрсөн дүү гэдэг үндэслэлээр мэдүүлгийг үнэлээгүй. Жолооч Батбаяр гэж хүнээс хонины мах авахуулсан гэх үйлдлийг асууж тодруулаагүй. Хэрвээ энэ хүнээс байцаалт авсан бол нэг хонины махны асуудал нотлогдох боломжтой байсан. Ийм учраас хэргийн бодит байдлыг нотолж чадаагүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Гэхдээ Д.Урансүрэнд холбогдох хэргийн нотлох баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байгаа учраас Д.Урансүрэнгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Ялтан Д.Урансүрэнгийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоолд Д.Урансүрэнг хээл хахууль авсаныг нотлох нэг ч баримт байдаггүй. Ч.Оюун нь Д.Урансүрэнд мөнгө өгсөн нь нотлогдсон гэх байдлаар энэ хэрэгт хандсан. Д.Урансүрэн нь Ч.Оюуныг ажлаас нь халсан. Д.Урансүрэн Ч.Оюуны дутагдлыг илрүүлсэн. Ч.Оюун бол байгууллагад учруулсан бүх хохирлыг Д.Урансүрэн рүү чихдэг. Мөрдөн байцаалтын шатанд Ч.Оюуны өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй байдаг. Ө.Гандолгор болон Д.Урансүрэн нар өмнө нь уулзаж байгаагүй. Анхан шатны шүүхийн тогтоолд Д.Урансүрэнг буруутгасан Батболд, Сүндэръяа нарын мэдүүлэг дурдагдсан байна. Гэтэл Батболд, Сүндэръяа нарын мэдүүлгүүд хээл хахууль авах гээд байгаа хүн нь Ч.Оюун гэдгийг нотолдог. Мөн Оюунцэцэг гэх хүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн. Гэтэл Оюунцэцэг нь Ө.Гандолгороос ам дамжиж сонссон зүйлийн талаар мэдүүлэг өгдөг. Шүүх Оюунцэцэгийн 1.000.000 төгрөгийг Ч.Оюунд өгсөн гэж хэлсэн мэдүүлгээр Д.Урансүрэнг гэм буруутайд тооцдог. Бямбасүрэн хоёр хонины мах Урансүрэнд өгсөн гэдэг нь гүтлэгийн шинжтэй бөгөөд үүнийг нотолсон баримт хэрэгт байдаггүй. Шүүх Сэлэнгийг гэрчээр байцаах шаардлагатай гээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаадаг. Анхан шатны шүүх Сэлэнгийн мэдүүлгийг гэр бүлийн гишүүн учраас үнэлэхгүй гэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд Ч.Оюун, Ө.Гандолгор нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл хэрэгсэхгүй болгосон тогтоолыг Д.Урансүрэн болон түүний өмгөөлөгч нарт танилцуулаагүй. Хэрэгсэхгүй болгосон тогтоол нотлох баримт болно гэж дүгнэж байгаа нь хэт нэг талын барьсан гэж үзэхэд хүрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.      

Ялтан Ч.Оюун тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, шалгавал зохих зүйлийг шалгаагүй, хэргийн бодит байдлыг шалгаж тогтоогоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Нийслэлийн Мал эмнэлгийн газар нь 2011, 2012 онуудад нийт 33.701.523 төгрөгөөр хохироогүй болох нь уг байгууллагын санхүүгийн жилийн тайлан блансад тусгагдсанаар нотлогдсон. Үүнд ач холбогдол өгөлгүй, хуйвалдаанаар үйлдэгдсэн хуурамч актуудыг үндэслэн нэг ч төгрөг хувьдаа завшаагүй миний биеийг сэтгэл санаа болон эд хөрөнгийн хохиролд оруулж байна. Нийслэлийн Мал эмнэлгийн газартай холбоотой хуурамч баримт, бичгүүд үйлдэгдсэнийг шалгахгүйгээр энэ хэргийн үйл явцыг тогтоох боломжгүй гэдгийг шүүхээс даалгадаг боловч шалгахгүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Мал эмнэлгийн газрын санхүүгийн баримтад огт шинжилгээ хийгээгүй болох нь 2012 оны 2 дугаар сард 920.000 төгрөгийн залруулан бичилтийг хийж холбогдох баримтыг хавсаргасныг тооцоонд огт тусгаагүй байгаагаар, мөн няравын тайланг шалгаж хүлээж авсан миний гарын үсэг бүхий тайлангууд уг шалгасан гэх материалд зарим нь байгаад зарим сард нь байхгүй байгаагаар нотлогдож байгаа юм. Иймд ямар баримтад шалгалт хийгээд 22.701.523 төгрөгийн зөрчил илрүүлээд байгааг, 2011 оны “В энд С” аудитын компанийн дүгнэлт, мөн 2011, 2012 онуудад Мониторингийн газраас шалгалт хийгдсэн дүгнэлтийг Нийслэлийн Мал эмнэлгийн газраас гаргуулж, бодит үнэнийг тогтоолгож өгөхийг хүсэж байна. 2011 болон 2012 онуудад аль алинд дансанд тушаавал зохих дүн дансанд тушаасан дүнгийн зөрүү, кассын машины бичилтийн зөрүү гэж дутагдал үүсгээд байдаг. Гэтэл тушаавал зохих дүнг тодорхойлоод байгаа кассын няравын тайлан, дээж авагч, хариу олгогч, их эмчийн тайлан нь зөв эсэхийг ямар баримтаар нотолж байгаа нь тодорхойгүй, мөн тушаасан дүнг тогтоогоод байгаа дансны хуулга, нягтлан бодох бүртгэлийн журнал зэрэг нь баримтаар нотлогдоогүй байгаа нь энэ хэрэг зохиомол болохыг илтгэж байна... Надад нэг хувь ч баримт байхгүй. Д.Урансүрэн даргын хувийн ашиг сонирхлыг бүрэн биелүүлээгүйгээс болж ажлаас халагдсан. Ажлаас үндэслэлгүй халагдсан шалтгаанаа зөвтгөхийг зорьж, хуурамч бичиг баримт бүрдүүлэх ажиллагаа явагдсан. А.Нарантуяа нь холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгч шалгуулахгүй, бодит үнэнийг хуулийн байгууллагаар тогтоолгохгүй байна. Би нэг ч төгрөг завшаагүй, намайг ажил хийж байх хугацаанд мөнгө дутаж байгаагүй. Иймд бүлэглэн хуурамч бичиг баримт үйлдэж, намайг хохироож буй Д.Урансүрэн, П.Дэмбэрэлням, А.Нарантуяа, Лонжид, Б.Наранчимэг, Н.Жавхлан, Ө.Гандолгор нарын үйлдлийг тогтоож өгөхийг хүсэж байна...” гэв.

Ялтан Ө.Оюуны өмгөөлөгч З.Хүрэлсүх тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулж, гүйцэд биш хийсэн гэж үзэж байна.

1. Ч.Оюуныг бусадтай бүлэглэн 22.701.523 төгрөгийг хувьдаа завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн нь буруу болсон. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын 2012, 2013 онуудын жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцэлд завшиж дутагдуулсан 22.701.523 төгрөгийн орлого огт тусгагдаагүй байхад тухайн байгууллагад учирсан хохирол гэж үзсэнийг зөвшөөрөхгүй. Гэмт хэргийг 2011-2012 онд 21 сарын туршид байнга үйлдсэн мэтээр прокурор дүгнэсэн. Гэтэл хэрэгт авагдсан аудитын дүгнэлтийг хавсралтаар үзвэл зарим саруудад тушаавал зохих орлогоос давсан дүнгээр тушаагдсан байгааг анхаарч дүгнэсэнгүй.  

2. Д.Урансүрэн нь тушаал, удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг баримтыг удаа дараа зориуд хуурамчаар үйлдэж, Ч.Оюуныг санхүүгийн үйл ажиллагааны дутагдлын гол буруутан мэт харагдуулах зорилгод ашигласан тухай үйлчлүүлэгчийн гомдлыг мухарлаж шалгаагүй.

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний хэлтсийн 1 шинжээч дангаар шинжилгээ явуулж, дүгнэлт гаргасныг шийтгэх тогтоолын үндэслэл болгосныг зөвшөөрөхгүй. Мөрдөн байцаагч шинжээчийн мэдэлд 1 хавтас хэргийг шилжүүлсэн байх бөгөөд одоо цугларсан 3 хавтас хэрэгт шинжилгээ явуулахдаа ашигласан санхүүгийн анхан шатны баримтууд байхгүй байна. Бусад нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй байхад шинжээчийг байцаасан тэмдэглэлээр нотлогдсон мэтээр дүгнэснийг зөвшөөрөхгүй.

4. 2012 оны төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлж ажилласан нь баримтаар тогтоогдож байна. Иймээс 2011 болон 2012 онуудад Нийслэлийн Мал эмнэлгийн газрын шинжилгээний орлого дутсан эсэх, хэрэв дутаагүй бол давсан орлогоос дутсан эсэхийг нарийвчлан тогтоох ёстой. Тодруулбал тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиар төсвийн шууд захирагч нь давсан орлогыг захиран зарцуулах эрхгүй, зөвхөн улсын төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй байсан. Мөрдөн байцаалтаар энэ асуудлыг шалгаж, хохирогчоор тогтоогдвол зохих этгээдийг зөв тогтоох нь ач холбогдолтой.

Д.Урансүрэн нь сар бүрийн төсвийн гүйцэтгэлийн мэдээ, харилцах дансны хуулга, кассын тайлан, санхүүгийн тайлан тэнцэл зэрэг санхүүгийн үйл ажиллагааны бүхий л мэдээлэлтэй танилцаж, тайлагнаж байсан атлаа орлогын дутагдлыг 2 жил дарааллан мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Ч.Оюуныг ажлаас халснаас хойш 3 сарын хугацаанд маш олон тушаал гарган, санхүүгийн зөрчлийг илрүүлсэн тухай мэдүүлэг нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Ялтан Ө.Гандолгорын өмгөөлөгч Ч.Энхтөвшин тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Ө.Гандолгорыг гэм буруутайд тооцсоныг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд “итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэдгийг аж ахуйн нэгж, байгууллага иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль бус гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно” гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт зааснаар ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэжээ. Иймд Ө.Гандолгортой эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй байгаа нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх, итгэмжлэн хариуцсан этгээд бүхий Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан хуулийн субьект болохгүй байна.

2.  Ө.Гандолгорыг Нийслэлийн Мал эмнэлгийн газрын аж ахуйн кассын нярваар авч ажиллаж байхдаа 2011 оны 6 дугаар сараас 12 дугаар сарын хооронд 12.050.253 төгрөг, 2012 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд 10.701.523 төгрөг буюу нийт 22.751.776 төгрөгийн хохирол учруулж ерөнхий нябо Ч.Оюунд завшихад учрах саадыг арилгаж буюу хамжигчаар оролцсон гэснийг зөвшөөрөхгүй ба дээрх 22.751.776 төгрөгийг Ө.Гандолгор өөртөө авч завшаагүй болох нь гэрч Б.Оюунцэцэгийн мэдүүлэг, мөн хар дэвтэрт мөнгө өгсөн талаар бичсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байгаа ба Ч.Оюун мөнгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байхад тэнцүү хувааж хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга бус байна гэж үзэж байна.

Иймд Ө.Гандолгор нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй, дээрх мөнгийг хувьдаа авч завшаагүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор У.Дэндэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Урансүрэнг прокуророос 2 удаагийн үйлдлээр хээл хахууль авсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Бямбасүрэн нь 2 хонины махыг нэгийг нь өөрөө аваачиж өгсөн, нөгөөг нь дүүгээрээ өгүүлсэн гэдгээ мэдүүлсэн. Гэрч Сэлэнгэ нь тухайн зүйл болоогүй гэсэн асуудал ярьдаг. Бямбасүрэн гэдэг хүн бол өөрийн ашиг сонирхлын үүднээс үнэн учраа хэлж мэдүүлээд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан. Д.Урансүрэн нь хонины махыг аваагүй гэж мэдүүлдэг. Ө.Гандолгор нь ажилд орохын тулд 1.000.000 төгрөг өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 1.000.000 төгрөгийг Ч.Оюунд өгсөн бөгөөд Ч.Оюун нь Д.Урансүрэнд өгсөн гэж мэдүүлдэг. Мөнгө өгсөн хүнийг ажилд томилсон тушаал нь гарсан. Үүнээс өөр байдлаар нотлох аргагүй. Ч.Оюуны өмгөөлөгч шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж байна. Шинжээчийн дүгнэлтээс гадна аудитын байгууллагуудын дүгнэлт, Нийслэлийн аудитын байгууллагын дүгнэлт, актууд гарсан. Дээрх дүгнэлтүүд гарсаар байтал хохирол учруулаагүй гэх байдлаар ярьж байна. Шинжээчийг хоёр удаа байцаасан. Шинжээчийн дүгнэлтийг Ч.Оюуны хүлээн зөвшөөрсөн талаарх мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан. Ө.Гандолгор, Ч.Оюун нарын үйлдлийн талаар ямар нэгэн эргэлзээ байхгүй тул хохирлыг барагдуулах нь зүйтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна...” гэв.  

ХЯНАВАЛ:

            Д.Урансүрэн, Ч.Оюун, Ө.Гандолгор нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн мал эмнэлгийн газраас Ч.Амартүвшинг хохирогчоор оролцуулахаар /хх 193/ томилж, мөрдөн байцаалтын шатанд түүнийг хохирогчийн төлөөлөгчөөр тогтоож, байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулж иржээ.

Гэтэл шүүхийн шатанд Нийслэлийн мал эмнэлгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 144 дүгээр албан бичгээр хохирогч байгууллагыг төлөөлж Э.Мягмарсайханыг шүүх хуралдаанд оролцуулахаар томилсон бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийг хохирогчоор тогтоохдоо мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан байхад шүүх Э.Мягмарсайханыг хохирогчийн төлөөлөгчөөр тогтоох тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гаргаагүй атлаа шүүх хуралдаанд оролцуулсан нь ойлгомжгүй байна.  

 Иймд гэмт хэргийн улмаас хохирсон Нийслэлийн мал эмнэлгийн газраас ирүүлсэн албан бичгийн дагуу зохих этгээдийг хохирогчийн төлөөлөгчөөр тогтоож, эрх үүргийг тайлбарлан өгч, хэргийн материалтай танилцуулах зэрэг эрхийг нь сайтар хангаж, шүүх хуралдаанд оролцуулах замаар хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн шүүхийн шийтгэх тогтоолд Д.Урансүрэн нь Ө.Гандолгороос 1 сая төгрөгийг Ч.Оюунаар дамжуулан хээл хахуульд авсан, Ч.Оюун, Ө.Гандолгор нарын 22.751.776 төгрөгийн хохирлын талаарх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль баримтыг нь үнэлж, алийг нь хэрхэн яаж няцааж байгаа талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байгааг дурдах нь зүйтэй. 

Хэргийг дээрх үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасантай холбогдуулан ялтан Д.Урансүрэн, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, П.Сарантуяа, Д.Мөнхтуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, мөн шүүгдэгч Ч.Оюун, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, шүүгдэгч Ө.Гандолгорын өмгөөлөгч Ч.Энхтөвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцээгүй болно.