Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 666

 

 

Х.Баярсайханд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Мөнхтуул, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор В.Төгсбаяр,

хохирогч Х.Баярцэцэг,

ялтан Х.Баярсайханы өмгөөлөгч Т.Баярбат,

нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Х.Баярсайхан, түүний өмгөөлөгч Т.Баярбат нарын гаргасан давж заалдах гомдлоор Х.Баярсайханд холбогдох эрүүгийн 201626011237 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Хуучааны Баярсайхан, 1964 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1; Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн хороолол,  61/2 дугаар байр, 40Б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ШБ 64060913/,

Х.Баярсайхан нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Орчлон” хорооллын 41-58 тоотод төрсөн эгч Х.Баярцэцэгтэй гэр бүлийн хувийн таарамжгүй харьцаанаас буюу "хамаатнуудад муулсан" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Х.Баярцэцэгийн хөлөн тус газар сандлаар 5-6 удаа цохиж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Х.Баярсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Баярсайханыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Х.Баярсайханыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Х.Баярсайханд 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Х.Баярсайханд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хуванцар сандал 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Х.Баярсайханыг цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Х.Баярсайхан гаргасан давж заалдах гомдолдоо “...миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Би өөрийн үйлдсэн хэргийн гэм буруу зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Мөн хохирогч болох миний төрсөн эгч Х.Баярцэцэг надад одоо ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болсон. Би эгчээсээ уучлал гуйж бид бүрэн эвлэрсэн. Иймд надад оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэжээ.

Ялтан Х.Баярсайханы өмгөөлөгч Т.Баярбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өөрийн үйлчлүүлэгч Х.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой байтал хэрэглээгүй талаар гомдол гаргасан. X.Баярсайхан нь өөрийн төрсөн эгч X.Баярцэцэгтэй уг хэрэг маргаан гарснаас хойш эвлэрч, гэмт хэргээс учирсан хохирлыг бүрэн барагдуулж, уг хэргийн нийгмийн хор аюулыг арилгасан. Мөн тэрээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хувийн байдлын хувьд нийгэмд төлөвшиж чадсан зэрэг нөхцөл байдлууд байхад анхан шатны шүүх оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзалгүй биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд Х.Баярсайханд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү. Гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна …” гэв.

Хохирогч Х.Баярцэцэгээс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…би өөрийн төрсөн дүү Х.Баярсайханд гомдолгүй болсон. Дүү маань надаас уучлал гуйж, бид эвлэрсэн. Одоо миний хөл эдгэсэн. Хамгийн гол нь бидний төрсөн эх Г.Дэнсмаа нь одоо 86 настай, хэвтэрт байдаг. Эгч дүү бид бүгд эхийгээ ээлжээр асардаг. Нэг талаар эхийгээ бодож, нөгөө талаар дүүгээ өрөвдөж байна. Тийм учраас түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү…” гэв.

Прокурор В.Төгсбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…ялтны өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцахад энэ хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн бүрэлдэхүүний талаар бус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглээгүй гэдэг үндэслэлээр гомдол гаргажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэхэд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгийг үндэслэж шүүх шийдвэрлэдэг. Анхан шатны шүүхээс ялтан Х.Баярсайханд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзахгүйгээр биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Учир нь энэ хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт заасан нөхцөл байдалд тогтоогдоогүй гэж үзэж байна. Ялтан Х.Баярсайхан тухайн шүүх хуралдаанд үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн байдлаа харуулаагүй. Ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдолд ч мөн өөрийн үйлчлүүлэгчийнхээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаар дурдаагүй байна. Нөгөө талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэхэд гэм буруутай этгээдийн хувийн нөхцөл байдал гэдэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт хэрэг үйлдэхээс өмнө буюу дараах хандлагад шүүх дүгнэлт хийдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү…” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангасан байна.

Х.Баярсайхан нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Орчлон” хорооллын 41-58 тоотод төрсөн эгч Х.Баярцэцэгтэй гэр бүлийн таарамжгүй харьцаанаас буюу "хамаатнуудад муулсан" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Х.Баярцэцэгийн хөлөн тус газар сандлаар 5-6 удаа цохиж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Баярцэцэгийн: “…Чинзориг ээжийг салхилуулахаар гарсны дараа би дүү Х.Баярсайханд “чи битгий мөнгөний хэрүүл хийгээд бай, аавын 49 хоног нь өнгөрөг, түүний дараа энэ асуудлыг яръя” гэж хэлээд цаад өрөөнд ороод компьютер дээр суухад араас орж ирээд, намайг босоод ирэхээр газарт байсан хуванцар сандал авч миний дээрээс цохиод байсан. Тэгээд би хойшоо ухраад ор луу гарч баруун гар талаа дараад хэвттэл миний зүүн талаас сандлаар цохиж, зодохоор нь би “миний толгой руу битгий цохиоч, би гэртээ харья” гэж гуйтал “чамайг модон сандлаар зодоод мэдрэл муутай болгоод өгье” гээд байсан. Гэхдээ модон сандлаар зодоогүй. Тэгээд байж байтал манай эх, дүү хоёр орж ирээд намайг зодохоо больсон...” /хх-8-9/,

гэрч Г.Бадамлянхуа: “…тэр өдрөөс хойш нилээд олон хоногийн дараа бид нар ээж дээр ирэхэд Баяртуяа бид нарт Баярцэцэгийг зодуулсан талаар хэлсэн. Түүнээс нилээд хэд хоногийн дараа Баярцэцэг өөрөө над руу залгаад зодуулсан талаараа хэлсэн…” /хх-12/,

гэрч Д.Баасансүрэнгийн: “…зодсон гэж сонссон. Өнөөдөр очиж харахад Х.Баярцэцэг 2 хөл нь гипстэй, биеийн хэсгүүд нь хөхөрсөн байдалтай байсан…” /хх-15/,

гэрч Б.Чинзоригийн: “…би тэр өдөр эмээ дээрээ ирээд цай уучихаад эмээг гадаа салхилуулахаар гарсан. Тэр хооронд тэр хоёр маргалдаж, зодолдсон асуудал болсон юм шиг байна лээ. Би тэр талаар сүүлд л мэдсэн” /хх-17/,

гэрч Д.Оюунчимэгийн: “…би яг юу болсон талаар мэдэхгүй, байгаагүй учраас орой нь уулзахад Цэцэгээ эгчтэй муудалцаад хэдэн үг хэлээд хэдэн удаа цохиод авчихлаа л гэж байсан. Х.Баярсайхан нь “уураа барьж дийлсэнгүй, олон жилийн бухимдал гарчихлаа” гэж байсан…” /хх-19/,

гэрч Ч.Төртогтохын: “…2016 оны 4 дүгээр сарын 29-ний 16 цагийн үед Х.Баярцэцэг над руу залгаад “чи намайг буудал дээрээс ирээд тосоод аваадхаач” гэсэн. Тэгээд би Нисэхийн байрны буудал дээрээс очиж авсан. Очиход буудлын сандал дээр сууж байсан. Тэгээд би түшээд гэр лүүгээ явсан…” /хх-21/,

ялтан Х.Баярсайханы сэжигтнээр өгсөн “...манай эгч Х.Баярцэцэг надтай хэрүүл хийгээд "Чи намайг хамаатнуудад мууллаа" гэх утгатай юм яриад байсан. Тэгээд цаад талын өрөөнд ороод сандал дээр суухаар нь би сандалтай нь түлхээд унагаагаад сууж байсан сандлыг нь аваад дээрээс нь 5-6 удаа цохьсон. Би гэхдээ дээрээс нь цохихдоо нүүр лүү нь болон толгой руу нь цохиогүй. Манай эгч 2 жилийн өмнө машинд мөргүүлж, 2 хөлөө гэмтээж байсан. Би хөл рүү нь цохиогүй. Тэгсэн чинь манай эгч “би буруугаа ойлголоо эгч нь буруу амьдарч байсан байна эгчийгээ битгий зодооч” гэсэн. Тэгээд бид хоёр ярилцаад, би өөрийнх нь болохгүй байгаа талаар ярьж өгсөн. Х.Баярцэцэг эгч буруугаа хүлээгээд “эгчийгээ уучлаарай” гэж байсан. Ингээд байж байтал манай дүүгийн хүүхэд ээжийг аваад ороод ирсэн. Тэгээд Баярцэцэг эгч Чинзоригоор гаргуулаад гэр лүүгээ явсан. Явахдаа зүгээр босоод явж байсан ч хэд хоногийн дараа намайг цагдаад өгсөн байсан...” /хх-35/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Х.Баярцэцэгийн биед баруун хөлийн тавхай 4, 5, зүүн хөлийн тавхай 4 дүгээр хурууны угийн шивнүүрт далд хугарал, баруун бугалга, тохой, шуу, сарвуу, зүүн бугалга, шуу, баруун, зүүн гуя, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл бусдад зодуулснаас үүсэх боломжтой. Дээрх  гэмтэл  нь  хэрэг болсон  гэх  нэг  цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” /хх-24/ гэх 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №6249 тоот дүгнэлт, шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-27/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Х.Баярсайханд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, мөрдөн байцаалтын болон шүүхийн  хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

            Шүүхээс Х.Баярсайханд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ, ял эдлэх дэглэм нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, ялтны хувийн байдал, гэм бурууд тохирсон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ. 

Х.Баярсайхан нь анх удаа, хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа ойлгож гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, төрсөн эх нь өндөр настай, байнга бусдын асаргаанд байдаг, хохирогч Х.Баярцэцэгийн: “…өөрийн төрсөн дүү Х.Баярсайханд одоо гомдол саналгүй болж, бид эвлэрсэн тул хорих ялыг нь тэнсэж, хянан харгалзаж өгнө үү…” гэх тайлбар зэрэг ялтны хувийн болон ар гэрийн нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой байна.  

Иймд ялтан Х.Баярсайхан болон түүний өмгөөлөгч Т.Баярбат нараас гаргасан “…оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгөхийг…” хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авч, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан  Х.Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай…” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан Х.Баярсайхан нь 43 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, нэн даруй сулласугай.

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХТУУЛ

                                                                                                Д.ОЮУНЧУЛУУН